Ардын хувьсгалын 100 жил, Зэвсэгт хүчний 100 жилийн ой - Монгол цэргийн өдрийг тохиолдуулан ТЕГ-ын Тусгай архив, Монголын үндэсний музей, Стратеги академи хамтран 3 дугаар сарын 18-ны өдрөөс 4 дүгээр сарын 20-ны өдрүүдэд “БНМАУ-ын Ерөнхий сайд, шалгарсан баатар, маршал Х.Чойбалсан” нийтэд нээлттэй үзэсгэлэнг Монголын үндэсний музейд гаргах гэж байна.
Энэ онд маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 126 жилийн ой тохиож буй бөгөөд энэхүү үзэсгэлэнд өмнө нь нийтэд төдий л дэлгэн үзүүлж байгаагүй ховор сонин эд зүйлс, баримт, гэрэл зургийг дэлгэн толилуулах аж.
БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан 1895 онд эдүгээн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг Хэрлэн цагаан талбай хэмээх газар мэндэлсэн. Тэрээр 1921 оны ардын хувьсгалын анхны долоогийн нэг бөгөөд 1921-1924 онд Бүх цэргийн дэд жанжин, 1924-1928 онд Бүх цэргийн жанжин, 1928-1930 онд Гадаад явдлын яамны сайд, Мал, тариалангийн яамны сайд, 1934-1936 онд Ерөнхий сайдын жинхэнэ орлогч, 1936-1940 онд ДЯЯ, ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжин, 1939-1952 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, 1939-1949 онд ГЯЯ-ны сайдын үүргийг хавсран гүйцэтгэж байсан. 1936 онд “Маршал” цол хүртсэн юм.
НИЙТЭЛСЭН: 2021-03-16 өдөр 20:14:0 цаг
ҮЗСЭН: 86259
Хуваалцах