Одоогоор манай улсад “Covid-19” вирусын халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч эрсдэл өндөр хэвээр байна.
БНХАУ-аас бусад оронд тархалт нэмэгдэж байна. Тухайлбал, Сүүлийн 7 хоногийн хугацаанд Ливан, Оман, Израйль, Афганистан, Грек, Дани, Австри, Эстони, Румын, Умард Македон, Гүрж, Пакистан, Норвеги, Испани, Бразил, Алжир, Швейцарь, Хорват, Бахрейн, Кувейт, Нидерланд, Сан Марино, Нигериа, Литва гэсэн 24 улсад шинээр илрээд байна.
Ингэснээр 02 дугаар сарын 28-ны 12:00 цагийн байдлаар дэлхийн 51 улс (олон улсын 1 усан онгоц)-ад нийт 83.379 тохиолдол бүртгэгдэж, 2858 хүн нас бараад байна.
Хятад, Европын эрдэмтдийн хийсэн судалгаагаар шинэ төрлийн коронавирус нь ХДХВ-тэй ижил төстэй мутацид орсны улмаас “SARS”-ын вирустай харьцуулбал хүний эсэд нэвтрэх чадвар 100-аас 1000 дахин их байна гэсэн байна. Энэхүү судалгааны дүнд тулгуурлан вирустай хэрхэн тэмцэх, вирус юунаас үүдэлтэйг олж илрүүлэхэд чухал нөлөөтэй аж.
Улс орнуудад тархаад буй вирусын халдварын хувийг авч үзэхэд:
БНСУ-д шинэ төрлийн коронавирусын халдварын тохиолдол хурдацтай нэмэгдэж өнөөдрийн 12 цагийн байдлаар 2022 хүн халдвар авч, 13 нас бараад байна. Солонгосын Халдварт өвчин судлалын төвөөс мэдээлснээр нийт халдвар авсан хүний 2.1 хувь буюу 33 тохиолдол нь ойрын хугацаанд гадаад улсад зорчих үедээ халдвар авсан, эсвэл халдвар авсан хүнтэй харилцаанд орсон бол 46 хувь нь Дэгү хот дахь христийн сүмтэй холбоотой байна.
“COVID-19” вирусын тархалт эдийн засагт хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа ч Солонгосын Төв банк бодлогын хүүгээ 1.25 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргав. Түүнчлэн хөрөнгийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Төв банкнаас олгох тусгай зээлийн хэмжээг 5 их наяд вон (4.1 тэрбум ам.доллар)-оос 30 их наяд вон болгон нэмэгдүүлэв. Төв банк эдийн засгийн өсөлтийг 2.3 хувь хэмээн таамаглаж байснаа 2.1 болгон буулгажээ.
БНСУ-ын хувьд Хятадын Хубэй мужаас ирэх зорчигчдыг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан бөгөөд одоогоор Хятадын бусад мужид ийм төрлийн хориг тавих төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн. Харин Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг хилийн хориг тавихыг шаардсан өргөдөлд 700 мянга гаруй хүн гарын үсэг зураад байна.
Нөхцөл байдалтай холбоотойгоор БНСУ-ын Үндэсний ассамблей хөл хориог санаатайгаар зөрчсөн иргэнийг 1 жил хүртэл хорих, эсвэл 10 сая воноор торгох, эрүүл мэндийн шинжилгээ заавал өгөх тухай хууль баталсан байна.
Тайвань вирусын тархалтын эсрэг авах арга хэмжээнд 2 тэрбум ам.долларыг зарцуулахаар бэлтгээд байна. “Вирусын халдвар олон улсад өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед Тайвань хамгаалалтаа нэмэгдүүлэх шаардлагатай байна” хэмээн Ерөнхийлөгч Цай Ин-Вен мэдэгдсэн бол 02 дугаар сарын 27-ны өдөр болсон Засгийн газрын хуралдаанаар аюулгүй байдлын дээд зэрэгт шилжиж, онц байдал зарлах болсныг Ерөнхий сайд Су Цэн-Чан мэдэгдлээ.
Тайваньд одоогоор 32 тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас бараад байгаа. Энэ 7 хоногт тус улс Засгийн газраас хөл хорио тогтоож, гэртээ байхыг шаардсан шийдвэрийг биелүүлээгүй иргэнийг 2 сая тайвань доллараар торгох, эсвэл 2 жил хүртэл хорих арга хэмжээ авах шийдвэр гаргаад байна.
Японы Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд К.Като энэ сарын 22-ны өдөр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагынхаа үеэр халдвар авсан хүмүүст “Avigan” гэх вирусын гаралтай ханиадны эмийг ашиглах нь үр дүнтэй байж болох талаар судалгаа хийж эхлээд байгаагаа мэдэгдсэн байна. Хэрэв энэ эм үр дүн үзүүлбэл эмнэлгийн байгууллагуудад ашиглах санхүүжилтийг Засгийн газраас яаралтай шийдвэрлэх болно гэв.
Түүнчлэн Японы Засгийн газраас коронавирусыг эмчлэх, халдварыг тогтоох оношлуурыг хөгжүүлэхэд 10.3 тэрбум иен төсөвлөөд байна. Эдгээр ажлын хүрээнд Японы “Tosoh” корпораци 50 минутын дотор коронавирусын халдвартай эсэхийг тогтоох боломжтой “reagent” оношлуурыг зохион бүтээснээ зарлажээ. Харин уг вирусын халдварын тархалт огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор амны хаалт, гар ариутгах бодис болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомстол бодитоор үүсээд байна.
Японд 40 настай эмэгтэйг эрүүл болсон гэж үзэн эмнэлгээс гаргасан ч дахин коронавирусаар өвчилсөн нь тогтоогдсон. Иймд тус улсын ЭМЯ эмнэлгээс гаргахаас өмнө дахин 2 удаа шинжилгээ авч баталгаажуулах шаардлагатай талаар мэдэгдэв. Мөн тус улсын Ерөнхий сайд Шинзо Абе бага, дунд, ахлах сургуулийн хичээлийг 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хаах болсныг мэдэгдэв.
Саудын Араб шашны мөргөлд оролцох зорилготой гадаад улсын иргэдэд виз олгохыг зогсоох шийдвэр гаргалаа. Өнгөрсөн жилд шашны мөргөлд оролцохоор 7.2 сая хүн тус улсад ирж байжээ.
Ираны Эрүүл мэндийн Дэд сайд болон Парламентын гишүүн коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон. Тус улсад коронавирусын халдварын тохиолдол 28-ны өдрийн 12 цагийн байдлаар 245 бүртгэгдэн, 26 хүн нас бараад байгаа бөгөөд албаны хүмүүс бодит тоо үүнээс харьцангуй их гэж үзэж байна.
БНХАУ-аас гадна хамгийн их нас баралт бүртгэгдэж, бүс нутгийн хамгийн эрсдэлтэй улс болов.
Итали Улсад халдвар авсан хүний тоо 655-д хүрч, 17 хүн амь насаа алдаад байна. Мөн 11 хотод хөл хорио тогтоогоод байгаа ч тус улстай холбоотой шинэ тохиолдлууд Испани, Австри, Хорват, Щвейцарь, Франц зэрэг улсад бүртгэгдсээр байна.
Бразил Улсад бүртгэгдсэн өвчний анхны тохиолдол жуулчид ихээр ирдэг багт наадмын амралтын үетэй давхцав. Энэ сарын 21-26 хооронд зохион байгуулагдсан багт наадам 7 сая орчим (гадаадын 2 сая жуулчин, дотоодын 5 сая орчим иргэн) хүн оролцсон байна. Тус улсын үнэт цаасны индекс 7 хувиар унаад байна.
Европын орнуудад бүртгэгдээд байгаа тохиолдлын 60 хувь нь Умард Италид 02 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд зорчсон иргэдтэй холбоотой байна.
БНХАУ-ын эдийн засгийн бууралт, Германы үйлдвэрлэлийн салбарын сааралт, “Covid-19” вирусээс үүдэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээний тасалдал зэрэг нь Евро бүсийн 2020 оны эдийн засгийн өсөлтийг сааруулах хүчин зүйлс болж байна.
АНУ-д шинэ коронавирусын халдвар нэмэгдэж 60 хүн өвчлөөд байна. Иймд тус улсын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс халдварын эсрэг вакцин гаргаж авах зорилгоор сармагчин дээр туршилт явуулжээ. Туршилтыг 2 төрлийн аргаар 6 өдрийн турш явуулахад халдвар авахаас өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор уг вакциныг хэрэглэх нь уушги болон амьсгалын замын эрхтэнүүдийн үйл ажиллагааг бага гэмтээдэг болохыг тогтоосон байна.
АНУ-ын Төрийн департаментаас Итали, Монгол, Иран Улсад зорчихгүй байх зөвлөмж гаргаад байна.
АНУ-ын Калифорниа мужид гадаад улсад зорчоогүй, бусад батлагдсан тохиолдлуудтай харилцаанд ороогүй 1 хүн халдвар авсан нь батлагдаж тус улсын Халдварт өвчин судлалын төвөөс дотоодын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнийг зарлав. Ерөнхийлөгч Д.Трамп Дэд ерөнхийлөгч Майк Пенсийг уг өвчний эсрэг авах арга хэмжээг удирдах үүргийн 02 дугаар сарын 27-ны өдөр өгөв.
Мөн Д.Трамп АНУ-ын хөрөнгийн зах зээлийн уналтыг намжаах зорилгоор мэдэгдэл хийх үедээ нөхцөл байдал хэрхэхээс шалтгаалан өөр улсаас ирэх зорчигчдод хориг тавьж магадгүй гэж мэдэгдэв.
АНУ-ын Эрүүл мэндийн хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс “COVID-19” вирусын тархалт БНСУ-д нэмэгдэж буйтай холбогдуулан зайлшгүй тохиолдлоос бусад нөхцөлд БНСУ руу зорчихгүй байхыг зөвлөн анхааруулгын 3 дугаар түвшин рүү шилжүүлжээ.
Түүнчлэн Цагаан ордоноос болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авахад Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны төсвийг 1.8 тэрбум ам.доллараар нэмж зузаатгах хүсэлтийг Конгресст гаргасан байна.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулж АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан ээлжит хээрийн сургуулийг хойшлуулах талаар зөвлөлдөж байгаа гэж Батлан хамгаалахын сайд Марк Эспер мэдэгдэв.
Казахстан Улсад коронавирусын халдвар бүртгэгдээгүй байгаа бөгөөд бусад улсаас ирэх жуулчид болон өөрийн иргэдийг шинжилгээнд хамруулж, өвчний тархалт ихтэй газраас ирсэн зорчигчдыг 14 хоног тусгаарлах арга хэмжээ авч байна. Тус улсад амны хаалт хомсдолтой байгаа ч иргэд амны хаалт зүүх, гар ариутгах зэрэг анхан шатны урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй байна.
БНХАУ-тай хиллэж буй “Хоргос” чөлөөт бүсийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаасан ч БНХАУ руу хийх байгалийн хийн экспорт хэвийн үргэлжилж байна. Мөн 3 дугаар сарын 01-нээс БНКазУ-БНИУ-ын чиглэлийн бүх нислэгийг зогсоож, БНСУ-ын нислэгийн тоог 2 дахин багасгахаар шийдвэрлэсэн.
БНХАУ-д 02 дугаар сарын 28-ны өдрийн 12:00 цагийн байдлаар 78.832 хүн халдвар авсан болох нь тогтоогдож 2.788 хүн амь насаа алдаад байна. Мөн 36165 хүн эдгэрч эмнэлгийн хяналтаас гарсан байна.
Гэсэн хэдий ч эдгэрсэн гэж үзсэн өвчтөнүүдэд дахин шинжилгээ хийхэд цөөнгүй хүний хариу “эерэг” гарч байгаа аж. Тухайлбал, Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн эмнэлгээс эдгэрсэн гэж гарсан өвчтөнүүдийн 14 орчим хувиас вирус дахин илэрсэн байна. Энэ нь эдгэрсэн гэх хүмүүс вирус тарааж байж болзошгүйг харуулж байна. Гэхдээ эдгээр өвчтөнүүд халдвартай хэвээр байх эсэх талаар тодорхой дүгнэлт гаргаагүй байгаа хэмээн Гуандун мужийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирлын орлогч Сүн Ти мэдэгдэв.
БНХАУ-ын Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт үзүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, банкуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулахаас гадна “Covid-19” вируст өртсөн бүс нутгуудын жижиг, дунд бизнес эрхлэгч болон иргэдийн зээлийн хүүг бууруулах, зээлээ эргэн төлөх хугацааг хойшлуулах зэрэг төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч үйлдвэрлэлийн сүлжээнд тасалдал үүссэн нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг бууруулах эрсдэлтэй байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний томоохон хэрэглэгч БНХАУ-ын эдийн засагт эрсдэл нэмэгдэхийн хэрээр уул уурхайн салбарт илүү хүнд цохилт болохоор байна. Тухайлбал, “Rio Tinto” компанийн хувьцааны ханш 5, “BHP Group”-ийнх 4, “Fortescue Metals”-ийнх 7 орчим хувиар тус тус буураад байна.
Мөн 02 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хуралдаанаар жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн хүүг бууруулах, халдварын улмаас зээлээ төлж чадаагүй иргэдийн зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулах, торгууль ногдуулахгүй байх шийдвэр гаргаад байна. Тус хуралдаанаар жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээлийн дэмжлэг үзүүлэхээр 500 тэрбум юанийг төсөвлөв. Мөн хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн зээлийн хүүг 0.25 нэгжээр бууруулж 2.5% болгожээ.
БНХАУ-ын Засгийн газар “бага эрсдэлтэй” газар орны Цагаачлалын албыг виз болон паспортын үйлчилгээг сэргээх, “дунд эрсдэлтэй” газарт нөхцөл байдалтайгаа уялдуулан үйлчилгээг сэргээж болох зөвлөмж өгсөн байна.
Хубэй мужийн Чаньжян хот (1 сая орчим оршин суугчтай)-ын дарга вирусын халдвар авсан байж болзошгүй хүний талаар мэдээлэл өгч, шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдсон нөхцөлд 10 мянган юань /1425 ам.доллар/-ийн урамшуулал олгоно хэмээн мэдэгдэв.
Тус улсын Цинхуа болон Бээжингийн их сургуулиудын албан ёсны цахим хуудсанд 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хичээлийг байршуулж эхлээд байгаа бол жижиг сургуулиуд “ВиЧат” аппликейшныг ашиглан оюутнуудад хичээлүүдийг хүргэж байна.
ОХУ-ын Хорио цээрийн албаны мэдээлснээр тус улсад коронавирусын халдвар шинээр бүртгэгдээгүй (өмнө нь 2 тохиолдол илэрч, эдгэрсэн). Гэвч ОХУ-ын Засгийн газраас коронавирусын халдварыг онц аюултай өвчний жагсаалтад оруулж хүн ам олноор цуглардаг хоолны газар, худалдааны төвүүдэд халдваргүйжүүлэлт хийх шийдвэр гаргаад байна.
БНХАУ-тай хиллэдэг мужуудад онц байдал зарласан бөгөөд БНХАУ-ын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг түр хориглож, тус улстай хиллэдэг ихэнх хилийн боомтуудаа хаагаад байна. Коронавирусын дэгдэлт ОХУ-ын эдийн засагт багагүй нөлөө үзүүлж байна.
Түүнчлэн 02 дугаар сарын 28-ны өдрөөс Ираны иргэдэд виз олгохыг түр зогсоож, 03 дугаар сарын 01-ний өдрөөс БНСУ руу хийх бүх нислэгийг цуцлах шийдвэр гаргалаа. Итали Улсад өвчний тархалт нэмэгдэж байгаа ч тус улс нь Европын холбооны гишүүн орон тул дээр дурдсан хязгаарлалтыг шууд хийхэд хүндрэлтэй байгаа аж.
“Covid-19”-ийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ОХУ-ын Засгийн газрын дэргэд байгуулагдсан Шуурхай удирдлагын штабаас 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гаргасан бүх төрлийн хязгаарлах шийдвэрийг 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
ОХУ-ын Воронеж мужид Итали Улсаас ирсэн эмэгтэйг коронавирусын халдвар авсан байж болзошгүй хэмээн хөл хорионд оруулж, ойрын харилцаатай байсан хүмүүсийг нь эмнэлгийн хяналтад авсан байна. Мөн Итали Улсад вирусын тархалт нэмэгдэж байгаа тул “Москва-Ницца” чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоов.
Тувагийн БНУ-д коронавирусын тархалтын талаар цахим орчинд худал мэдээлэл тараасан, амны хаалт, ариутгалын бодисын үнийг нэмсэн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах талаар Засгийн газрын шийдвэр гараад байна.