92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМЫН ДУНД СУРГУУЛИЙГ НАХЯ-НЫ НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ САЙД, УАХЕГ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ ВАНДАНГИЙН ШАНЖМЯТАВЫН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын дунд сургуулийн хамт олон, хошууч генерал Вандангийн Шанжмятавын үр хүүхдүүд, Дорноговь аймгийн тагнуулын хэлтсийн саналыг үндэслэн Дорноговь аймгийн ИТХ-ын 2019 оны 36 дугаар тогтоолоор тус аймгийн Эрдэнэ сумын дунд сургуулийг хошууч генерал Вандангийн Шанжмятавын нэрэмжит болголоо.

Хошууч генерал Вандангийн Шанжмятав нь 1972-1975 онд НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УАХЕГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд тэрээр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрж өсч, ажил амьдралын гараагаа энэ сургуулиас эхлүүлсэн түүхтэй ажээ.

Нэрэмжит болгосон үйл явдалд зориулсан ёслолын арга хэмжээ 2019.10.12-ны өдөр болсон бөгөөд арга хэмжээнд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын удирдлага, сургуулийн захиргаа, ТЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Энхсүх, Дорноговь аймгийн тагнуулын хэлтэс, Замын-Үүд дэх тагнуулын газрын хамт олон, хошууч генерал Вандангийн Шанжмятав агсны үр хүүхдүүд, хилийн цэргийн анги, сумын ард иргэд, багш сурагчид оролцлоо.

Цаашид хошууч генерал Вандангийн Шанжмятавын үр хүүхдүүд тус сургуулийн үйл ажиллагаа, тэргүүний багш, сурагчдыг дэмжих олон ажил арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа илэрхийлсэн байна.   

Арга хэмжээний үеэр тус сургуулийн байранд хошууч генерал Вандангийн Шанжмятавын амьдрал, үйл ажиллагааг харуулсан зурагт булан байгуулсан нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт ажил үйлсээ зориулсан далд фронтын алдартнуудын алдар гавьяаг мөнхжүүлэх, ирээдүй хойч үедээ эх оронч, үндэсний үзэл төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болсон байна.

Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол.

 

НИЙТЭЛСЭН: 2019-10-16 өдөр 17:48:4 цаг           ҮЗСЭН: 1336