92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫГ ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР

        Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоож хамгаална гэснийг үндэслэл болгон 1995 онд Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг тус тус баталж Монгол Улсад төрийн нууцыг хамгаалах эрх зүйн үндсийг тавьжээ.

        Төрийн нууцын хадгалалт хамгаалалтын нөхцөл байдалд үндэслэн Монгол Улсад төрийн нууц хамгаалах тогтолцоо, эрх зүйн зохицуулалт, техник, технологийн түвшин, хүний нөөцийн асуудал нь цаг үеийн шаардлага хангахгүй болсон бөгөөд нийгмийн хэрэгцээ, шаардлагыг хангах эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагыг харгалзан 2016 онд Төрийн болон албаны нууцын тухай хуулийг УИХ-аас шинээр баталж, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдүүлж эхлээд байна.

        Төрийн болон албаны нууцын асуудлыг шинэ зарчим, хандлагаар авч үзэж Төрийн нууцын тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг нэгтгэн төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллүүд, байгууллага, албан тушаалтны бүрэн эрхийг тодорхой хуульчлах, мэдээллийг нууцлах, ил болгох оновчтой зохицуулалтыг бий болгох, иргэний мэдээлэл авах эрхийг хангах, төрийн болон албаны нууцыг хамгаалах олон талт арга хэмжээг бүрэн тусгах, нууц хамгаалалтад тавих хяналт, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг боловсронгуй болгох зорилгоор Төрийн болон албаны нууцын тухай хуулийг боловсруулсан бөгөөд дараах зарчмын шинжтэй шинэ зохицуулалтууд туссан:

  1. Төрийн болон албаны нууцын тухай ойлголтыг тодорхой хуульчилж, холбогдох нэр томьёоны тодорхойлолт, нууцлах зарчмыг тусгаж, тус хуулиар төрийн болон албаны нууцыг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулахаар заасан.
  2. Төрийн болон албаны нууцыг хамгаалах байгууллага, албан тушаалтан, иргэний нийтлэг үүрэг, нууцад хамаарах мэдээллийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаар шинээр зохицуулалт оруулсан.
  3. Төрийн болон албаны нууцыг хамгаалах талаарх төрийн байгууллага, албан тушаалтны бүрэн эрхийг нарийвчлан тусгасан.
  4. Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиуд дахь төрийн нууцын хүрээ, жагсаалтыг нэгтгэн төрийн нууцад хамааруулах мэдээллийн жагсаалтыг тодорхой тусгав. Хуульд төрийн нууцын жагсаалтын хүрээнд салбар, байгууллагын хэмжээнд хамаарах төрийн нууцын дэлгэрэнгүй жагсаалтыг Засгийн газар тогтоох, албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг эрхэлсэн сайд болон байгууллагын дарга баталж байхаар тусгав.
  5. Нууцлах хугацаа нь дуусгавар болсон, эсхүл нууцлах шаардлагагүй болсон мэдээ, баримт сэлтийг ил болгох ажиллагаа шат дамжлага ихтэй, ил болгох шийдвэрийг зөвхөн Улсын Их Хурал гаргадаг эрх зүйн зохицуулалтыг нягтлан үзэж, нууцлах хугацаа дуусахын өмнө үргэлжлүүлэн нууцлах, эсхүл ил болгох асуудлыг байгууллага, албан тушаалтан тагнуулын байгууллагын саналыг авсны үндсэн дээр шийдвэрлэж байхаар заасан.
  6. Мэдээллийг нууцлах хугацааг олон улсын жишигт нийцүүлэн нууцын зэрэглэлээс хамааран харилцан адилгүй байх, нууцлах дээд хугацаа 30 жил, шаардлагатай бол хугацааг үргэлжлүүлэн сунгах боломжтой байхаар зохицуулсан.
  7. Төрийн нууцтай танилцах албан тушаалтан, иргэнд тусгай шаардлага тавьж, тэдгээрийг судалж шалгахад онцгой ач холбогд өгч анхаардаг гадаадын орнуудын нийтлэг жишгийн дагуу албан тушаалтан, иргэнд төрийн нууцтай танилцах эрх олгох, шалгах, олгохоос татгалзах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох үндэслэлүүдийг тодорхой тусгасан.
  8. Төрийн болон албаны нууцтай танилцсан албан тушаалтан, иргэн, нууц хамгаалах ажилтны үүрэг, эрх зүйн баталгааг тодорхой заасан.
  9. Төрийн нууцыг хамгаалах өнөөгийн тогтолцоог шинэчилж, нууц тээгчийг бүтээх, ашиглах, хадгалах, шилжүүлэх тээвэрлэх, бүртгэх, түүнчлэн төрийн нууцыг ашиглан ажил явуулах, төрийн болон албаны нууцыг хамгаалах техник криптографийн асуудал, мэдээлэл хамгаалах хэрэгслийг шалгаж баталгаажуулахтай холбоотой харилцааг тус тус хуульд заасан тусгай журмаар нарийвчлан зохицуулж байхаар тусгасан.

        Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Монгол Улсын хэмжээнд төрийн нууцад хамааруулах 60 төрлийн мэдээллийн хүрээг тогтоож, Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт”-аар төрийн болон албаны нууц төвлөрсөн нийт 33 салбар, байгууллагын үйл ажиллагаанд хамаарах нууц мэдээллийг нарийвчлан тодорхойлж нэг бүрчлэн зааж өгсөн.

        Ингэснээр төрийн болон албаны нууцын хүрээ, нууцлах мэдээлэл, түүний төрөл, агуулга, хариуцан хамгаалах субъектийг тодорхой болгосон зэрэг олон талын ач холбогдолтой зохицуулалт энэ хуулиар бий болсон.

 

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

НИЙТЭЛСЭН: 2019-09-26 өдөр 18:59:1 цаг           ҮЗСЭН: 1804