Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Эрдэнэ дайчин засаг, хошой чин ван М.Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “Монголын 1911 оны үндэсний хувьсгал ба хошой чин ван М.Ханддорж” эрдэм шинжилгээний хурал 2019 оны 9 дүгээр сарын 13-нд Гадаад харилцааны яаманд болж өндөрлөв.
Энэхүү хурлыг Гадаад харилцааны яам, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Архивын ерөнхий газар, Булган аймгийн Засаг даргын тамгын газраас хамтран зохион байгуулж, хуралд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Шинжлэх Ухааны академийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, академич С.Чулуун, академич Ж.Болдбаатар, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Урангуа, О.Батсайхан зэрэг хорь шахам эрдэмтэн судлаачид чин ван М.Ханддоржийн амьдрал, үйл ажиллагаа, түүний ураг удам, Дайчин вангийн хүрээний талаар олон сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлэв.
ТЕГ-ын Тусгай архивын ахлах судлаач На.Батболд энэхүү хуралд чин ван М.Ханддоржийн угсааг 1915 онд залгамжилсан Эрдэнэ дайчин вангийн хошууны сүүлчийн засаг ноён Ханддоржийн Жамбалдоржийн хувь заяаны талаар илтгэл хэлэлцүүлэв.