92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

          Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулах, түүний хэрэгжилтийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгуулагдлаа.

         Энэ удаагийн ээлжит хурлаар 2019 оны эхний хагас жилд Монгол Улсын  мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний тайланг хэлэлцэв. Тайланг Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун танилцуулж, өнгөрсөн хугацаанд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, эрх зүй, салбарын бодлого, үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх, мэдээлэл солилцох, эрсдэлийг бууруулах болон сургалт, мэдээллийн чиглэлээр Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагуудаас хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудыг тодотгов.

          Тайланг хэлэлцүүлж, гишүүдийн санал, байр суурийг нэгтгэсний дараагаар хурлаар цаашид мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний талаар зөвлөмж гаргахаар шийдвэрлэв.

         Үндэсний зөвлөлийн энэ удаагийн ээлжит хурал нь Ази-Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагын 22 дахь удаагийн уулзалт болон Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын жилийн уулзалт, хурлын өмнө зохион байгуулж буйгаар онцлогтой юм. Учир нь Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагаас бүрдсэн төлөөлөл тус уулзалтад оролцоно.

         Дашрамд дурдахад “Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн үнэлгээний баг 2017 онд Монгол Улсад ажиллаж, манай улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үнэлж, тус тогтолцоон дахь сул тал, дутагдлыг илрүүлж холбогдох зөвлөмжийг хүргүүлсэн. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 327 дугаар тогтоолоор “Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө” батлагдаж, өнөөдрийг хүртлэх хугацаанд Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагуудаас мэдээлэл солилцоо, хамтын ажиллагаа, хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд олон чухал ажлуудыг хэрэгжүүлээд байгаа бөгөөд түүнийг энэхүү уулзалт, хурлаар танилцуулж тайлангаа хамгаалах юм.

        Хурлын төгсгөлд Үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийн зүгээс байгууллагуудын төлөөлөлд Монгол Улсын тайланг хамгаалах зөвлөмж, чиглэл өгч амжилт хүсэв.

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-08-16 өдөр 13:34:2 цаг           ҮЗСЭН: 11