Мэдээллийн аюулгүй байдлын “MNSEC 2015” өдөрлөг 2015 оны 9 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Өдөрлөгийн үеэр гадаад, дотоодын аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүд цахим орчинд мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар үнэгүй сургалт явуулав. Ингэхдээ файервол, аудит, криптограф, хортой кодны шинжилгээ, Unix системийн аюулгүй байдал зэрэг сэдвээр тавьсан илтгэлүүдээ онол бус практик дээр тулгуурлан бэлтгэсэн гэдгээрээ илүү чухал, ач холбогдолтой болсон гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Мөн энэ үеэр ёс зүйт хакеруудын “Харуул занги-2015” тэмцээнийг зохион байгуулж, шилдэг хакерчдыг тодруулав. Гурав дахь жилдээ зохион байгуулагдсан уг тэмцээнд нийт 120 гаруй баг оролцсоноос гуравдугаар шатанд 10 баг шалгарч, шилдгээр “Алангир” баг тодорлоо. Удаах байруудад Oxff, Overflow багийнхан шалгарсан бол зохион байгуулагчдын нэг ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын газар нэрэмжит шагналаа дөрөвдүгээр байрт шалгарсан G_C багийнханд гардуулсан юм.
Өдөрлөгийн зохион байгуулагчид цаашид “Харуул занги”-ийг олон улсын тэмцээн болгох зорилт тавин ажиллаж байгаа юм байна.