Олон улсын болон Монгол Улсын хэмжээнд жил бүрийн 10 дугаар сарын 1-нд “Ахмадын өдөр”-ийг тэмдэглэж, ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлдэг билээ. Энэ өдрийг тохиолдуулан Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд ч уламжлал ёсоор ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.
Энэ үеэр Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал С.Эрдэнэ байгууллагын зүгээс ахмадуудынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарч байдгийг дурдаад Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан ахмад ажилтан Л.Тогоохүүг “Тагнуулын хүндэт ажилтан” цол тэмдгээр шагнав. Мөн нэр бүхий ахмадуудад нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж, урамшуулал олголоо.
Уулзалтын төгсгөлд ахмадууд “Ахмадын хороо”-ноос Архив бүртгэлийн хэлтэстэй хамтран бэлтгэсэн “Эх орны аюулгүй байдлын манаанд” хөрөг нэвтрүүлгийг үзсэн сонирхсон юм.