ТЕГ-ын ОНХА-наас “Нийгмийн толь” сонинд албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт “Танай сонины 2010.07.09-ний өдрийн 155 дугаарт “Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд улс эх орны эрх ашгийг уландаа гишгэж дууслаа” гарчигтай гарсан нийтлэлд “ … тагнуулын байгууллагыг хар бизнесийн хэрэгсэл болгож, сүр хүчийг нь хууль бусаар ашиг орлого олох, бусдыг хилсдүүлэх, эд материалыг нь дээрэмдэхийн тулд ажиллаж байна … “ гэх зэргээр Тагнуулын байгууллагаас төр, иргэнийхээ аюулгүй байдлыг хангахаар явуулж буй үйл ажиллагааг үгүйсгэн доромжилж, 2008.07.01-ний олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр 5 иргэн амь нас эрсэдсэн эмгэнэлт явдлын бурууг Тагнуулын ерөнхий газрын удирдлагатай шууд холбон, нэр бүхий албан тушаалтнуудыг нууц задлах, албан тушаалаа ашиглах, авилга хээл хахуулийн гэмт хэрэг үйлдсэн мэтээр баримт нотолгоогүйгээр гүтгэсэн нь зөвхөн хувь хүний төдийгүй, байгууллага, нийт албан хаагчдын нэр хүндийг гутаах, олон нийтэд Тагнуулын Ерөнхий Газрын талаар сөрөг, ташаа ойлголт төрүүлэх, тус байгууллагын үйл ажиллагаанд саад болох хор уршгийг дагуулж байна.
Иймд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ”, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-ын “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотлож чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэсэн заалтуудыг үндэслэн сонинд нийтэлсэн зүйлийнхээ хууль ёсны нотолгоог гаргах, эсвэл залруулан, уучлал гуйхыг шаардаж байна. Мөн Тагнуулын байгууллага, үүргээ шударгаар биелүүлж байгаа төрийн тусгай албан хаагчдын нэр хүндийг гутаах, үйл ажиллагааг нь мушгин гуйвуулах, саад учруулахад чиглэгдсэн аливаа оролдлогыг цаашид хийхгүй байхыг анхааруулж байна” гэжээ.
Мөн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд байгууллага, албан тушаалтнуудынхаа нэр хүндийг сэргээлгэхээр шүүхэд хандах эрх нээлттэй үлдэж байгааг мэдэгдсэн байна.