92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Тагнуулын ерөнхий газар танилцуулга-мэдээлэл гаргалаа.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн төрийн бүх шатны байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх зорилтыг хэрэгжүүлэхээр тус байгууллагаас тодорхой ажлууд зохиож байгаа бөгөөд хэдийгээр тагнуулын байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ нууц байдаг боловч энэ удаа Тагнуулын ерөнхий газрын танилцуулга, 2008-2009 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаарх зарим мэдээллийг бэлтгэн гаргасан тухай тус газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Танилцуулгад манай улсын аюулгүй байдлын орчныг дүгнэхдээ, хил залгаа хоёр хөрш улстай тогтоосон найрамдал, хамтын ажиллагаа нь Монгол Улсын аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл, үүний зэрэгцээ гадаад бодлогодоо олон тулгууртай болох гуравдагч хөршийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь үлэмж чухал гэж үзжээ.

Мөн дэлхий дахиныг хамарсан санхүү-эдийн засгийн хямралын хурц үе өнгөрсөн боловч үр дагавар нь ойрын жилүүдэд олон орны хүн амын амьжиргаанд сөргөөр нөлөөлсөөр байх төлөвтэй гэж дүгнэсэн байна.

Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцох нь Монгол Улс  аюулгүй байдлаа улс төрийн аргаар хангах чухал хэрэгсэл гэж үзэж, эдгээр бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд тагнуулын байгууллага өөрийн хувь нэмрийг урьдын адил оруулахаа мэдэгдсэн байна. 2004 оноос тагнуулын байгууллагын нийт 22 албан хаагч Ирак,  Афганистан, Сьерра Леонд Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүнд орж  үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 2010 онд Чад дахь энхийг сахиулах ажиллагаанд тус байгууллагын 30 албан хаагч оролцохоор бэлтгэл хангаж байгаа. Тагнуулын байгууллагаас цөмийн тархалт, байгаль орчны бохирдлоос сэрэмжлэх нь бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд гэж тодорхойлжээ.

Мөн цэргийн хэрэгт зарцуулж буй зардлын хэмжээгээрээ дэлхийд БНХАУ 2 дугаар байранд, ОХУ 9 дүгээр байранд байгаа, Монгол Улсын хил залгаа хөрш орны бүс нутгуудад ДОХ-ын тархалт их байгааг анхааруулжээ.

Мэдээлэлд гадаадын тусгай албад Монгол Улсын эсрэг тагнан турших үйл ажиллагаа явуулах нь мэдэгдэхүйц идэвхжиж, манай улс төр, гадаад болон батлан хамгаалах бодлого, өндөр, дээд албан тушаалтны талаар мэдээлэл олохыг илт эрмэлзэх болсныг тэмдэглээд, гадаадын тусгай албаны даалгавар биелүүлж байсан нь тогтоогдсон гадаадын дөрвөн иргэнийг 2008-2009 онд Монгол Улсаас гаргасан, ТЕГ-т хуулиар харъяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд 3.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий алт, бусад үнэт зүйлсийг хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлж, улсын орлого болгосон, хүн наймаалах үйл ажиллагаа явуулж байсан, зохион байгуулалттай 3 бүлгийн үйл ажиллагааг таслан зогсоосон, Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг зөрчиж, бусдыг хууль бусаар тагнан иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан хоёр үйлдлийг таслан зогсоосон зэрэг ажлынхаа зарим үр дүнгийн талаар мэдээлжээ.
   
Төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн нийт 369 цахим хуудас гадаадын хакеруудын халдлагад өртсөнөөс 98 нь сэргээгдэх боломжгүй болсон, хууль бусаар олсон 224-398 сая ам.долларыг зөвхөн 2002-2006 онд Монгол Улсаас гадагш гаргасан тооцоог холбогдох байгууллагууд хийсэн, манай улсын хүн амын 4 орчим хувь нь гадаад улс орнуудад ажиллаж, амьдрах болсон зэрэгтэй холбогдуулан мөнгө угаах гэмт хэргээс сэргийлэх, кибер террортой тэмцэх чадавхи бүрдүүлэх, гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын ашиг сонирхолыг хамгаалах явдал үндэсний аюулгүй байдлыг хангахад тулгамдсан асуудлууд гэж дүгнэсэн байна.

НИЙТЭЛСЭН: 2010-01-18 өдөр 09:10:2 цаг           ҮЗСЭН: 1461