92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН АСУУДЛААР СУДАЛГАА ЯВУУЛАВ.

Үндэсний тагнуулын Академийн Судалгаа, эрдэм шинжилгээний төвөөс “Үндэсний аюулгүй байдал ба гадаад бодлого” сэдвээр  социологийн судалгааг  Улаанбаатар хот  болон 20 аймгийн  4500 иргэнээс  20 асуултад хариулт авах хэлбэрээр саяхан  явуулжээ. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогын асуудлаар сүүлийн жилүүдэд анх удаа явуулж байгаа судалгаа юм.
  Судалгааны дүнгээс үзвэл   Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болох гадаад хүчин зүйлийг том гүрнүүдийн нөлөө, нэг улсаас хараат байдалд орох гэж санал асуулгад оролцогчдын 70%, даяаршил гэж 20 гаруй хувь нь үзжээ. Энэ нь том гүрнүүдийн нөлөө манай улсад нэмэгдэж байна гэж нийгмийн нэлээд хэсэг үзэж байгааг харуулав. Санал асуулгад оролцогчдын 90 орчим хувь нь  Монгол Улсад хүнсний аюулгүй байдал баталгаагүй, 80 орчим хувь нь   иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдал зохих хэмжээнд хангагдаагүй гэж тус тус  үзжээ. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал баталгаа муутай гэж  61.1%, хангагдаагүй гэж 26.5  хувь нь хариулсан байна. Экологийн аюулгүй байдал маш хүнд байдалд орсон гэж   21.3%, муудаж байна гэж  59.9 хувь нь үзсэн байна.
  Гадаадын тусгай албадын үйл ажиллагаа манай улсад маш идэвхтэй явагдаж байгаа гэж 13%, улам нэмэгдэж байгаа гэж 24.7%, байнга явагддаг гэж 16.8%, мэдэхгүй гэж 45.5 хувь нь үзжээ. Үүнээс манай иргэдийн тал хувь нь гадаадын тусгай албадын үйл ажиллагааны талаар ойлголт муутай байгаа нь харагдаж байна.  Гадны шашны урсгалууд манай улсын аюулгүй байдалд нөлөө ихтэй гэж 35.2%, зохих нөлөөтэй гэж 42.8 хувь нь хариулжээ.  Монголын ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг хэт намчирхах гэж судалгаанд оролцогчдын 31.3%, баян хоосны ялгаа гэж 17%, шударга бус байдал гэж 33.6 хувь нь үзжээ.
  Үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэний оролцоо чухал гэж 74.3 хувь нь хариулжээ. Энэ нь улс орныхоо аюулгүй байдлыг хангахад иргэний үүрэг нэн чухал гэдгийг хүмүүс  сайн ойлгож буйн илрэл юм. Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогыг маш зөв гэж 15%, зөв гэж 43.8%, шүүмжлэлтэй ханддаг гэж 36.2 хувь нь дүгнэсэн байна. Эндээс иргэдийн 60 орчим хувь нь олон тулгуурт бодлогын ач холбогдолыг ойлгож, дэмжиж байгаа нь харагдаж байна. Монгол Улсад гадаадаас учирч болох аюул заналыг судалгаанд оролцогчдын 12 хувь нь терроризм, 20.6 хувь нь шашны нөлөө, 43.9 хувь нь хүний наймаа гэж үзсэн байна.
  Монгол Улс Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагад даруй элсэх шаардлагатай гэж 14.5%, ажиглагч хэвээрээ байх гэж 32.3%, шаардлагагүй гэж 15.4%, мэдэхгүй гэж 37.8 хувь нь хариулсан байна. Эндээс иргэд Монгол Улс Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагад элсэхийг дэмжихгүй байх хандлага давамгайлж байгааг харж болох юм.  Манай улсад   Хятадын нөлөө хамгийн их байна  гэж 61.5 хувь нь үзсэн байна. Гадаадын зээл тусламж авах асуудалд тооцоо судалгаатай хандах шаардлагатай гэж судалгаанд оролцогчдын 61.3 хувь, аль болох авахгүй байх нь зөв гэж 31.1 хувь нь үзсэн байна. Үүнээс үзвэл гадаадын зээл тусламжаас аль болохоор татгалзах нь зүйтэй гэсэн бодол иргэдийн дунд давамгайлж байна. Монгол Улсын иргэд олноороо гадаадад чөлөөтэй гарах нь зөв гэж 27.7%, хязгаарлах шаардлагатай гэж 32.3%, Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэж 31.9 хувь нь хариулжээ. Эндээс Монгол Улсын иргэд гадаадад чөлөөтэй гарах асуудлыг иргэдийн 60 гаруй хувь нь дэмжихгүй байгааг харж болно.
  Гадаадад буй манай иргэдийн аюулгүй байдал ямар ч баталгаа байхгүй гэж судалгаанд оролцогчдын 56.7%, гадаадад буй Дипломат төлөөлөгчийн газар анхаардаг гэж 15.2%, тагнуулын байгууллага анхаарах ёстой гэж 15.5%, мэдэхгүй гэж 12.5 хувь нь хариулсан байна. Эндээс гадаадад буй манай иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар холбогдох байгууллагууд анхаарах шаардлагатай гэж иргэд үзэж байгаа нь харагдаж байна. ОХУ, Монгол Улсын иргэд харилцан визгүй зорчих асуудлыг маш зөв гэж судалгаанд оролцогчдын 28.1%, зөв гэж 37%, буруу гэж 22%, мэдэхгүй гэж 12.8 хувь нь үзжээ. Санал асуулгад оролцогчдын 60 гаруй хувь нь ОХУ, Монгол Улсын иргэд харилцан визгүй зорчих асуудлыг дэмжсэн байна. БНХАУ-ын иргэд манай улсад визтэй зорчдог хэвээр байх нь зөв гэж судалгаанд оролцогчдын 72.2 хувь үзсэн байна.  Гадаадад ажиллах хүч гаргах нь зөв гэж 18.8%, буруу гэж 18.9%, зохион байгуулалттай байх ёстой гэж  57.5% нь үзсэн бол  мэдэхгүй гэсэн хариултыг дөнгөж  4 хувь нь  сонгожээ. Эндээс иргэдийн 70 орчим хувь нь гадаад ажиллах хүчийг тодорхой бодлого, хяналттайгаар гаргах нь зөв гэж үздэг нь харагдаж байна.

НИЙТЭЛСЭН: 2009-12-03 өдөр 15:10:3 цаг           ҮЗСЭН: 1437