92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТЕГ-ын ОНХА-ны дарга А.Батбилэгтэй ярилцлаа.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Тагнуулын ажилтны сахилгын дүрэм”-ийг баталлаа.  Шинээр батлагдсан сахилгын дүрэм өмнөх дүрмээс юугаараа шинэлэг болсон бэ?

     Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Тагнуулын байгууллагын эрх зүйн орчинг боловсронгуй болгох” зорилтын хүрээнд “Тагнуулын ажилтны сахилгын дүрэм”-ийг шинэчлэн батлуулсан юм. Ингэснээр тагнуулын ажилтанд тавигдах шаардлага, сахилгын шалгуур улам нэмэгдэж тэр хэмжээгээр тагнуулын ажилтны хариуцлага нэмэгдэх юм.

     Тухайлбал ямар зүйлүүдийг нэмсэн талаараа тодруулахгүй юу?

     Нэгдүгээрт: Сахилгын шинэ дүрмээр тагнуулын ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахтай холбогдсон харилцааг зохицуулах юм,
     Хоёрдугаарт: Тагнуулын ажилтны дагаж мөрдөх сахилгын үндсэн зарчим, шаардлагыг тусгай албаны ажил үүргийн онцлогтой холбон шинээр тодорхойлсон.
    Гуравдугаарт: Тагнуулын ажилтны сахилга хариуцлагыг өндөрсгөх, үүрэг гүйцэтгэх чадвар, албаны бэлэн байдлыг хангуулах зорилгоор сахилгын шийтгэл ногдуулахад хүндрүүлэх нөхцөл, сахилгын ноцтой зөрчил, сахилгын зөрчлийг хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй байх тохиолдлыг тус тус нэмсэн. Ингэснээр сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тагнуулын албанаас халах үндэслэл болохоор заасан. Тагнуулын албанаас халагдсан нь тухайн хүнийг тагнуулын албанд буцаан авахад татгалзах үндэслэл болох заалт шинээр нэмэгдсэн.
     1999 онд батлагдсан дүрмийг нууцын зэрэглэлтэй баталсан нь түүнийг хэрэглэх, сахилга биелүүлэх, сахилгын зөрчлийг шалгах, дүрмийн зохицуулалттай холбоотой маргааныг шийдвэрлэхэд хүндрэл учруулж байсныг харгалзан шинэ дүрмээ илээр батлуулсан.

    Тагнуулын ажилтны дагаж мөрдөх зарчим, шаардлагыг тусгай албаны ажил үүргийн онцлогтой холбон шинээр тодорхойлсон гэлээ. Эдгээрт ямар шалгуур, зарчим багтаж байгаа вэ?

    Хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх,  нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмын дагуу удирдах албан тушаалтны хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тушаал, шийдвэрийг ёсчлон биелүүлэх, албаны үйл ажиллагаандаа нууцлалыг хангах,  тагнуулын ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчихгүй байх,  үндэсний аюулгүй байдал, байгууллагын эрх ашгийг тэргүүн ээлжид тавих гэсэн зарчмуудыг тагнуулын ажилтан баримтлан ажиллана.
    Түүнчлэн албаны онцлогийг харгалзан тагнуулын ажилтанд тавигдах сахилгын шаардлагыг эх оронч үндэсний үзэлтэй, өргөсөн тангарагтаа үнэнч байх, ажил үүргийн дагуу мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгалах, Тагнуулын байгууллагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, бусад хууль  тогтоомж болон тагнуулын байгууллагын дотоод дүрэм, журмаар тогтоосон үүргээ чанд сахин биелүүлэх зэрэг нийт 13 шаардлага тавигдаж байгаа. 

    Сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тагнуулын албанаас халах үндэслэл болохоор заасан гэж хэллээ. Сахилгын ноцтой зөрчилд ямар асуудал хамаарах вэ?
 
    Тусгай албаны ажил үүргийг онцлогоос шалтгаалж  тагнуулын ажилтанд өндөр сахилга, хариуцлага тавигддаг гэж дээр хэлсэн. Зан харилцааны хувьд төдийгүй бие бялдар, сэтгэл зүйн хувьд хат сууж, төлөвшсөн байх шаардлагатай. Мөн манай албаны нэг онцлог бол “нууц хадгалах” асуудал байдаг. Энэ бүхнийг харгалзаж сахилгын ноцтой зөрчлийг тодорхойлсон. Манай байгууллагад тагнуулын ажилтан ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг магадлан шалгаж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Ёс зүйн хороо ажилладаг бөгөөд ажилтныг ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлаар ёс зүйн хорооны дүгнэлт гарсан, ажилтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд нь гаргаж өгөөгүй, худал мэдүүлсэн зэрэг нь сахилгын ноцтой зөрчил болно, сахилгын ноцтой зөрчил гаргавал тагнуулын албанаас хална. Тагнуулын албанаас халагдсан бол тухай хүнийг дахин тагнуулын албанд авахгүй.
    Төрийн албанд хаа саагүй түгээмэл байгаа нэг дутагдал болох аль нэг даргын үед зөрчил гаргаж ажлаасаа халагдаад дараа нь хэсэг хугацаа өнгөрсний дараа би хэлмэгдсэн намайг ажилд аваач тэр дарга надад дургүй учраас ажлаас үндэслэлгүй халсан байсан гэх мэтээр шалтаглан буцаж орох арга хайдаг. Төрийн алба тэр тусмаа тусгай албаны албан хаагч бол өндөр ёс суртахуунтай, хариуцлага өндөртэй, чадварлаг, мэргэшсэн байх шаардлагатай. Ийм асуудал гарахаас сэргийлж тагнуулын албанд орох шалгуурыг чангатгаж байгаа нэг хэлбэр гэж ойлгож болно.

    Энэ дүрэм ямар хүрээнд үйлчлэх вэ? Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд дагаж мөрдөх үү?

     Тагнуулын байгууллагын тогтолцоонд хамаарах Тагнуулын ерөнхий газар, Цэргийн тагнуулын газар, Хилийн тагнуулын алба, тэдгээрийн салбар нэгжид ажиллаж байгаа тагнуулын ажилтнууд бүгд дагаж мөрдөнө. Тагнуулын ажилтан гэдэг утгаар тэдэнд тавигдах шаардлагыг илүү өндөрсгөж зарим зохицуулалтын хувьд  “Цэргийн сахилгын дүрэм”-ийн холбогдох зүйлээс чанга байхаар заасан.
Түүнчлэн Цэргийн тагнуулын газар, Хилийн тагнуулын албаны   тагнуулын ажилтнууд Тагнуулын байгууллагын тухай хуулийн 18.2-д заасан тагнуулын ажилтны тангараг өргөх болсонтой уялдаж Ерөнхийлөгчийн баталсан “Тагнуулын ажилтны тангараг өргөх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа.
    
     Энэ дүрэм батлагдснаар цаашид тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ?


    Сахилгын дүрмийг шинэчлэн баталснаар тагнуулын байгууллагад ажилд орох болон гарах босго өндөрсөж цаашид тагнуулын байгууллагын үйл ажиллагаа удирдлага, зохион байгуулалтын хувьд  төдийгүй тагнуулын ажилтны ажлын хариуцлага сайжирна гэж үзэж байна.
   
    Ярилцлага өгсөн танд баярлалаа.

    Баярлалаа.

                                                                                                     Өдрийн сонин 2009.09.07  Даваа гариг №216  (3293)
НИЙТЭЛСЭН: 2009-09-07 өдөр 10:10:2 цаг           ҮЗСЭН: 1554