92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Шинэ үеийн тагнуулын байгууллага
Тагнуулын байгууллагын 87 жилийн ойд

 


Шинэ үеийн тагнуулын байгууллага

    Монгол Улсын Засгийн Газрын 2004 оны 63 дугаар тогтоолоор жил бүрийн 7 дугаар сарын 18-ны өдрийг “тагнуулчдын өдөр” болгон тэмдэглэхээр тогтож, шинэ үеийн Тагнуулын байгууллага түүхт 87 жилийнхээ ойтой золгож байна.
    Тус газар байгуулагдсан үеэсээ хойш өнөөг хүртэл эх орноосоо урвах, тагнуул хийх, төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах, төрийн нууц задруулах, зэвсэгт үймээн дэгдээх, хууль бусаар улсын хил нэвтрэх зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох үүргийг гол зорилгоо болгож ирсэн билээ.
Тагнуулын байгууллагын үйл ажиллагаа нь нууц, далд арга, хэрэгслээр явагддаг тул хэн ч дуулж мэддэггүй нь энэ байгууллагын ажлын онцлог юм. Тиймээс ч үйл ажиллагааг нь “Үйлс нь далд гавьяа нь мөнх”, ажилтнуудыг нь “Далд фронтын дайчид” хэмээн нэрлэдэг.
    1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын ялалтын дараа улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах тусгай албыг байгуулах чухал зорилт тавигдсан байна. Иймд Д.Сүхбаатараас Цэргийн Явдлын Яаманд Цэргийн тагнуулын албыг санаачлан байгуулж, өөрөө биечлэн удирдаж байснаас гадна Богд хаант Монгол Улсын тагнуулын ажлын өв уламжлал дээр тулгуурлан Дотоодыг хамгаалах газрыг байгуулах бэлтгэл ажлыг 1922 оны 4 дүгээр сараас эхэлж, Бүх Цэргийн Зөвлөлийн шийдвэрээр Бүх цэргийн морин бригадын 1 дүгээр хорооны дарга Д.Балдандорж, бага дарга К.К.Баторун нарыг Зөвлөлт Орос Улсад 15 хоногийн хугацаагаар явуулж, ЗОУ-ын тусгай албаны тогтолцоо, эрх үүрэг, туршлагыг судлуулан 5 дугаар сарын 1-нд ДХГ-ыг байгуулах бэлтгэл ажлыг хангах товчоог БЦЗ-ийн Тэргүүлэгчдийн нууц тушаалаар байгуулж, дүрэм, бүтэц, орон тоо, төсвийг боловсруулахыг Д.Балдандоржид даалгажээ. Уг товчоо 1922 оны 6 дугаар сарын 28-нд ДХГ-ын дүрмийн төслийг БЦЗ-ийн хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөгдөн “Дотоодыг Хамгаалах Газар” нэртэйгээр байгуулахаар тогтсоныг Ардын Засгийн газрын мөн оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 28 дугаар хурлын тогтоолоор ёсоор болгон баталжээ.
ДХГ-ыг байгуулах бэлтгэл ажлыг хангаж гүйцсэний үндсэн дээр БЦЗ-ийн шийдвэрээр 7 дугаар сарын 16-нд эдүгээгийн ТЕГ-ын эх суурь болох ДХГ-ыг БЗЦ-ийн харъяанд 3 тасаг бүхий 1 хэлтсийн бүтэц тогтолцоо, 14 ажилтантайгаар байгуулж, БЦЗ-ийн 1922 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хурлаас тус газарт тамга олгохоор шийдвэрлэсэн байна.
    Дотоодыг хамгаалах газрыг байгуулахаас өмнө улс төрийн тагнуулын зарим ажил, үүргийг Цэргийн тагнуулын хэлтэс, хотын комендант, Засгийн газрын төлөөний түшмэл, хязгаарын сайдуудаас тус тусын чиглэлээр эрхлэн гүйцэтгэж байжээ.
1924 онд ДХГ-ыг Засгийн газрын харъяанд шилжүүлж, 1926 онд “Гадаад хэлтэс”-ийг байгуулж, тагнуулын эрх, үүргийг нь өргөтгөн бэхжүүлснээр ардчилсан төрт ёст Монгол Улсад нэгдмэл удирдлага, тогтолцоо бүхий  тагнуулын байгууллага хэлбэршлээ бүрэн олж тогтсон билээ.
Сайд нарын Зөвлөлийн 1933 оны 21 дүгээр хурлаар тус газрын дүрмийг шинэчлэн баталж, “Дотоодыг хамгаалах ерөнхий газар” гэж нэрлэн СнЗ-ийн дэргэд яам эрхтэй байж, тус зөвлөлд шууд захирагдах ба газрын даргыг Улсын Бага Хурлаас сонгох, орлогч дарга нарыг мөнхүү хурлаас томилох, албан хаагчид нь цэргийн байх, мөрдөн байцаалтын ажилд нь прокуророос хяналт тавихаар болгов.
1932 онд тус газарт цагдан сэргийлэх байгууллагыг харъяалуулж, улсын хилийн хамгаалалтыг 1933 оноос хариуцуулав. Түүнчлэн тус газрыг 1936 онд Дотоод Явдлын Яам болгож, Улсыг аюулаас сахиж хамгаалах хэргийг удирдах ерөнхий газар, Хил хязгаарын ба Дотоодын цэргийн хэргийг удирдах газар, Улсын цагдан сэргийлэх газар, Засан хүмүүжүүлэх үйлдвэр лагерь хийгээд гяндангуудыг удирдах газар, захиргаа аж ахуйн хэрэг эрхлэх газар, Санхүүгийн хэрэг эрхлэх газартай болгожээ. Ийнхүү эдгээр байгууллагуудыг нэгэн удирдлагад төвлөрүүлснээр нийгмийн аюулгүй байдлыг сахиулах байгууллагуудын нэгдсэн систем бүрэлдэн тогтсон байна.
1930-аад оны сүүл үед тагнуулын байгууллагын ажлын амжилт, үйл ажиллагааны үр дүн удаан үргэлжилж чадсангүй, иргэдийг үй олноор баривчлах, хорих зэргээр их хэлмэгдүүлэлтийн ажлыг эхлүүлжээ. Энэ нь, юуны өмнө, Монголын төр засгийн эрхийг гартаа авсан зүүнтний алдаатай бодлого, ДЯЯ-д ажиллаж байсан Зөвлөлтийн Аюулаас хамгаалах байгууллагын сургагч, зөвлөхийн оролцоо, эрх мэдэл ихсэж, тус газрын ажлыг өөрсдийн арга барилаар явуулж ирсэнтэй шууд холбоотой юм.
1930-1940-өөд онд Гоминданы болон Японы цэрэг, зэвсгийн байдал, манай улсын эсрэг ухуулга сурталчилгаа, дээрэм тонуул, тагнуулын ажил эрхэлдэг хүмүүс, байгууллага, түүнчлэн дүрвэн гарсан иргэдийг буцаан авчруулах зэрэг ажлаар хилийн цаана гарч эрэлхэг зориг, итгэл үнэмшил, авхаалж самбааны хүчээр амь өрссөн хүнд бэрхшээлийг даван туулж эх орныхоо энхийн үйлсийн төлөө далд фронтод тулалдаж явсан ахмад тагнуулч Б.Дүгэр, Б.Сахаан, Б.Уртнасан, Б.Чилхаа нарын байгуулсан гавъяа тагнуулын байгууллагын түүхэнд мөнхрөн үлдсэн юм.
1945 оны чөлөөлөх дайны өмнө гүйцэтгэх ажлын нөхцөл байдлыг судлах арга хэмжээ авсан бөгөөд Сүхбаатар, Дорноговь аймгийн чиглэлээр хилийн цаана судалгаа хийх 2 группийг гаргаж, 8 дугаар сараас Улаанцав, Батхаалга, Шилийн гол, Баруун сөнөд, Долнуур, Манжуур, Хайлаарын чиглэлд тусгай хэсгүүдийг гаргаж, цэрэг армийн давшилтын аюулгүй байдлыг хангах, дайсагнасан бүлэглэлийг устгах, нуугдан үлдсэн урвагчдыг олж илрүүлэх, ард олны санаа бодлыг судлах, ухуулга сурталчилгаа явуулах зэрэг ажлыг хийж иржээ. Дайны үед УАХБ-ын гол үүрэг зорилгын нэг нь давшиж байгаа цэргийн ангиудын аюулгүй байдлыг хангах, цэргийн удирдлагыг мэдээллээр хангах, арми-ар талын холбоог найдвартай байлгах явдал байв.
1955 онд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 161 дүгээр тогтоолоор Цэрэг, ДЯЯ-ыг нэгтгэж, Цэрэг ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яам болгов.
1950-аад онд “хүйтэн дайн”-ы уур амьсгал газар авсантай холбогдуулан 1959 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны хамтарсан хурлын 170/160 дугаар нууц тогтоолын дагуу мөн оны 6 дугаар сарын 23-ны өдөр МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 9 дүгээр хурлын тогтоолоор Ц ба НАХХЭЯ-ыг Ардын Цэргийн Хэргийг Эрхлэх Яам, Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам болгон хуваасан байна. Мөн тогтоолоор НАХЯ-ыг бүтцийн хувьд Улсыг аюулаас хамгаалах газар /УАХГ/, Улсын цагдан сэргийлэх газар /УЦСГ/, Засан хүмүүжүүлэх ерөнхий хэлтэс, Хамгаалах тусгай батальон, хилийн байцаан өнгөрүүлэх ангиудтай байхаар тогтоожээ. Энэ бүтэц, зохион байгуулалтаар 1990 он хүртэл ажиллажээ.
1990 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн нууц 191 дүгээр тогтоолоор Нийгмийг аюулаас хамгаалах яамыг татан буулгаж, Х ба ДЦУГ, УАХЕГ-ыг нэгтгэн Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар болгон өөрчлөн байгуулсан байна.
1992 онд “Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах тухай” хуулийг батлуулснаар УАХБ-ын үйл ажиллагааг 1922 оноос хойш анх удаа хуульчилан тогтоосон төдийгүй тус байгууллагыг шинэ нөхцөлд нийцүүлэн өөрчлөн шинэчлэх, боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм. Энэ үеэс гадаад, сөрөх тагнуулын байгууллага зөвхөн төрийн хууль тогтоох дээд байгууллагаас баталж гаргасан хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн үндэс, таатай нөхцөл бий болжээ.
    Засгийн газрын 1993 оны 12 дугаар сарын 20-ны н/57 дугаар тогтоолоор УАБХЕГ-ын бүрэлдэхүүнээс хилийн цэргийг гаргаж, 1994 онд УАБХЕГ-ыг Тагнуулын төв газар болгож, 1996 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 290 дугаар тогтоолоор тус газрыг татан буулгаж, 2000 онд мөн газрыг Тагнуулын ерөнхий газар болгожээ.
    Эдүгээ Тагнуулын ерөнхий газар нь Тагнуулын байгууллагын тухай болон Гүйцэтгэх ажлын тухай хуулиудыг удирдлага болгон үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулж, үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах, төр, засгийн удирдлагыг төрийн бодлого боловсруулахад шаардагдах мэдээллээр хангах үүргээ  зохих түвшинд хэрэгжүүлж байна.
    Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсанаар тус байгууллагын үндсэн чиг үүрэгт нийцүүлэн эрх зүйн орчин, зохион байгуулалтыг төгөлдөржүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, гүйцэтгэх ажлын болон холбооны техникийн шинэчлэлийг   мэдээлэл, харилцааны технологийн хөгжилтэй уялдуулан боловсронгуй болгох, гүнзгийрүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр дэс дараатай арга хэмжээг авч байна.
    Өнгөрсөн 2008 оны сүүлээр Тагнуулын байгууллагын талаарх иргэдийн ойлголт, саналыг тандах зорилгоор явуулсан социологийн судалгаанд оролцогчдын дийлэнх олонх нь үндэсний аюулгүй байдлыг хангахад Тагнуулын байгууллага голлох үүрэгтэйг хүлээн зөвшөөрч, бараг тал хувь нь тус байгууллагыг үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгаа, олон нийтэд аль болох нээлттэй байх хэрэгтэй гэсэн нь иргэдээс манай ажилд өгсөн дүгнэлт юм.  
    Тус газрын удирдлага үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн ба төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэдтэй хуулийн хүрээнд, боломжтой хэлбэрээр хамтран ажиллах, олон нийтэд аль болох нээлттэй байхад анхаарч, ТББ болон хэвлэлийн төлөөлөгчидтэй уулзалт хийх, Тагнуулын байгууллагын “Нээлттэй хаалганы өдөр”ийг орон нутагт зохиох зэргээр тодорхой ажлуудыг хийж  байна.
    Тагнуулын байгууллага нь цаашид төр, иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, ажлын арга барилаа боловсронгуй болгох, аль болох нээлттэй ажиллахыг тэргүүлэх чиглэл болгоно.
 

 

               ТЕГ-ын Олон нийттэй харилцах алба
НИЙТЭЛСЭН: 2009-08-31 өдөр 13:10:1 цаг           ҮЗСЭН: 1765