92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Тагнуулын байгууллагаа улстөржүүлэхгүй ...
Монгол улсын үндэсний аюулгүй байдлын сахин хамгаалагч Тагнуулын ерөнхий газар хэмээх нууцлаг байгууллагын дарга Р.Болдыг энэ удаагийнхаа дугаарын “Зочин” булангийн хойморт урилаа. Тэрээр Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, ТЕГ-ын дэд дарга гээд төрийн өндөр албан тушаалд тасралтгүй 33 жил ажилласан, “Төрийн албыг улс төржүүлэхгүй, түмэн олноо амгалан байлгахыг хүсдэг. Даанч дээр дооргүй, хөгшин залуугүй, гэрт гадаагүй улстөржих болсноос ажил явуулахад хэцүү байна”  гэж  шуудхан хэлдэг тун ч  энгийн хүн байлаа.

Тагнуулын байгууллагад өөрчлөлт хийж, ажлын арга барилыг шинэчлэх    цаг болсон  гэж та хэлсэн байна билээ. Шинэчлэлийг хаанаас эхлэх вэ?

Монголын тагнуулын байгууллага төр, засгаас авсан арга хэмжээний дүнд 2000 оноос хойш харьцангуй бэхжсээр ирсэн. Хамгийн гол нь тагнуулын байгууллага түр зуурын бэрхшээлтэй учирсан,  хүнд хэцүү үед сэтгэл хоёрдолгүй ажиллаж, улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалахаар ажилд орсон ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэл, хөдөлмөрийг үнэлэх ёстой. Миний хувьд, аливаа шинэ зорилтыг хуучин аргаар хийж болохгүй, шинэ зорилгыг шинэ аргаар хийнэ, шинэлэг арга барилаар ажиллахын тулд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй гэсэн шаардлагыг л тагнуулын байгууллагын хамт олонд тавьж байгаа.
Энэ ажлыг хүлээн авсан жил хагасын хугацаанд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэв. Таныхаар ажил урагшлахад юу саад болж байна даа?
Хийсэн ажлаа яривал сайрхсан хэрэг болдог. Цаашид хийх зүйл их байна. Эрх зүйн орчинг боловсронгуй болгож, тагнуулын байгууллагын тухай болоод бусад хэд хэдэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Мөн төрийн нууцын тухай хуулийг шинэчлэн боловсруулж батлуулах, тагнуулын байгууллагад техник технологийн шинэчлэлт хийх, хүний нөөцийг чанаржуулах, давтан сургалтын шинэлэг тогтолцоог бий болгох, удирдлагын дараагийн үеийг бэлтгэх, орон нутаг дахь албадаа бэхжүүлэх гээд тоочвол олон зүйл бий.
Төр засгаас тагнуулын байгууллагын ажлыг сайжруулах талд юу хийх шаардлагатай вэ?
 Хамгийн гол нь тагнуулын байгууллагаа улс төржүүлэхгүй, бие даасан байдлыг эрх зүйн болон удирдлагын хувьд ч хангаж, “улс төрийн ажиллагаанд” уруу татаж оролцуулахгүй” байвал боллоо.
Өнгөрсөн оны 7 дугаар сарын 1-ний үйл явдлын шалтгаан нөхцлийн талаар та ямар бодолтой явдаг вэ? Үймээний үеэр танай ажилтнуудыг  хүн буудсан гэх мэдээлэл хэвлэлээр гарсан?
Энэ бол огт үндэслэлгүй таамаглал байна. 7 дугаар сарын 1-ний  хэрэг явдлын шалтгаан нөхцлийг би хувьдаа одоо ч гэсэн бодсоор байна. Тайлах ёстой зарим оньсого ч бий.
Тагнуулын ерөнхий газар  иргэд, төрийн томоохон албан тушаалтнуудын утсыг чагнаж, араас нь нууцаар тагнадаг гэх шүүмжлэл гардаг. Энэ үнэнд нийцэх үү?
Монголын тагнуулын байгууллага иргэдээ, төрийн том ч, жижиг ч албан хаагчдыг тагнах ямар ч шаардлага байхгүй. Иймд энэ бол үнэнд нийцэхгүй гэж л шууд  хэлнэ. Бусдыг тагнадаг, чагнадаг гэсэн хардлага нь зарим хүмүүсийн сэтгэл зүйд үлдсэн тоталитари нийгмийн үлдэгдэл, үр дагавар юм л даа. Нөгөө талаас хүний эрхтэй холбоотой маш эмзэг асуудал болохоор хүмүүс энэ талаас нь санаа зовж харддаг байх. Гэхдээ өнөөдрийн тагнуулын байгууллага бол иргэдийнхээ эрхийг хамгаалдаг болсон гэдгийг хэлэх ёстой.
Төрийн нууцыг хадгалж, хамгаалах асуудлыг танай байгууллага хариуцан алдагдаж үрэгдсэн тохиолдолд шалгадаг. Гэтэл танай ажилтнуудын нууц утасны жагсаалт Хятад хүнд байгаа тухай мэдээлэл хэвлэлээр гарсан. Мэдээлэл алдагдах явдал гардаг уу?
Төрийн нууц хадгалж, хамгаалах нь төрийн ямар ч албан хаагчийн үүрэг байдаг. Нууцлал задалсан, үрэгдүүлсэн аливаа асуудлыг бид шалгаж, нягтлах үүрэгтэй. Энэ ажлаа улам сайжруулах шаардлага нэмэгдсээр байна гэдгийг л хэлэх байна.
Төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний ажилтай холбоотой  мэдээллийг гаднын ямар нэг дарамт шахалтгүй  шалгаж чаддаг уу ?
Тагнуулын байгууллагын ажлын үндсэн зарчим бол хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах явдал. Гэхдээ үндэсний аюулгүй байдлыг хамгаалах ашиг сонирхлын үүднээс хэнийг ч хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд  шалгана.
Гаднын тагнуулууд Монголд ажилладаг ч илрүүлж чаддаггүй гэх үнэн  худал нь мэдэгдэхгүй яриа их гардаг. Хяналт тавьж чаддаг биз дээ?
Тагнуулын байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн үүрэг нь гадаадын тусгай алба, түүний төлөөний этгээдийг илрүүлэх явдал. Энэ ажлыг идэвхижүүлж байгаа. Зарим үр дүнг бид 2009 оны эцсээр олон нийтэд анх удаа мэдээлэх бодолтой байна.
Бусад орны тагнуулын байгууллагаас манайх юугаараа давуу, юугаараа дутуу байна вэ ?
Уг нь  их оновчтой асуулт. Харамсалтай нь тагнуулын ажилтан ер нь бусдаас ийм байдлаар давуу гэж хэзээ ч хэлдэггүй ёстой юм шүү дээ. Харин дутуу талаа бусдаас олж харах үүрэгтэй.
Таныг ТЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан 1996, даргаар томилогдсон 2008 онд УИХ-ын сонгуулиуд болж өнгөрсөн. Эдгээр сонгуулийн үеийн улс төрийн нөхцөл байдлын ялгаа юу байна?
Улс төрийн экстремизм Монголд нэгэнт орж ирсэн байна. Гүтгэн доромжлох явдал хэрээс хэтэрч, харамсалтай нь бусдыг заналхийлэх явдал нэмэгдсэн байна. Бас үндэслэлгүй хардлага сэрдлэг ч газар авчээ.
ХМХ-ээр танай байгууллагын талаар мэдээлэл цөөнгүй гардаг. Ташаа мэдээллийн эх сурвалжийг олохоор шалгадаг уу?
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр харамсалтай нь тагнуулын байгууллагын талаар гол төлөв ташаа мэдээлэл их гарах юм. Миний хувийн байр суурь бол хариуцлага тооцох үндэслэл байсан ч хэрэггүй болов уу. Учир нь,энэ бол тагнуулын байгууллагын жинхэнэ үүрэг, зорилгыг мэддэггүй иргэдийн ерөнхий боловсролтой холбоотой. Нөгөө талаас бид олон нийттэй харилцах талаар хангалтгүй ажиллаж байгаатай ч холбоотой.
Тагнуулын ерөнхий газар ажилтнуудаа ямар шалгуураар сонгож авдаг вэ? Итгэл дааж чаддаг гэж итгэлтэй хэлж чадах уу? Ажлын хариуцлага алдсан ажилтнуудад ямар хариуцлага тооцдог бол?
Шалгуурыг чангатгах бодлого чиглэл барьж байгаа. Гадаад хэлний мэдлэг, элдэв атгаг бодолгүйгээр шударга ажиллах шинж, ёс зүйн төлөвшил, гүйцэтгэх чанар, эрүүл мэнд зэргийг илүү харгалздаг.
Тагнуулын ажилтнуудын нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна, тэдний ахуй хангамж ямар байдаг бол. Ар гэртээ санаа зовохгүй ажлаа хийж чаддаг уу?
Тагнуулын ажилтнуудын сэтгэлийг зовоосон хамгийн эмзэг асуудал бол өнөөдөр энэ болж байна. Төрийн тусгай албан хаагчдын нийгмийн баталгааг төр хариуцах ёстой гээд зүгээр сууж  болохгүй. Хэрэндээ л таарсан  ажлууд дотроо богино хугацаанд хийж л байна гэх үү дээ. Бялдаршуулах танхим нээж , цайны тохилог газартай болсон. Уламжлал, шинэчлэлээ хослуулах зорилгоор музейгээ шинэчлэн байгуулж буй. Ажилтнуудын ажиллах нөхцлийг сайжруулах,техник хэрэгслээр хангах арга хэмжээнүүдийг дэс дараатай авч байгаа. Хилийн дүүрэгт ажилладаг тагнуулын ажилтнуудынхаа цалинг нэмлээ. Цаашид ажилтнуудад зориулсан орон сууц, мөн тагнуулын байгууллагын албаны шинэ байр барих асуудлыг судалж, зураг төсөл зохиох асуудлыг шийдвэрлээд ажиллаж байна. Зөвхөн 2008 онд гэхэд л Дархан, Завханд тагнуулын албаны шинэ байрууд барьж ашиглалтанд орууллаа.
Монголын тагнуулчид гадаад оронд мэргэшил дээшлүүлэн, сүүлийн үеийн техник технологийг ашиглаж чадаж байгаа юу?
Манай тагнуулын байгууллагын ажилтнууд гадаадын олон оронд мэргэшил дээшлүүлэх болсон. Мэдээлэл технологийн дэвшлийг ашиглах эхний  оролдлогууд хийсэн. Одоо ч энэ чиглэлд ажиллаж байгаа. Хамгийн гол нь энэ чиглэлийн сайн мэргэжилтнийг байгууллагадаа татан ажиллуулах нь чухал.Энэ бол өрсөлдөөнтэй үйл явц.
Иргэдийн дунд тагнуулын байгууллагын ажлын үр дүнг дүгнэсэн судалгаа явуулж үзсэн үү?
Тагнуулын байгууллагын ажил, анхаарах асуудлын талаар 2008 оны намар бид нийслэл, хөдөө, орон нутаг дахь иргэдийн дунд социологийн судалгаа явуулсан. Үндэсний аюулгүй байдлыг хангахад тагнуулын байгууллага голлох үүрэгтэй гэж оролцогчдын 70 гаруй хувь нь дүгнэсэн. Харин 92 хувь нь тагнуулын байгууллагыг бэхжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Судалгаанд оролцогчдын 50 илүү хувь нь байгууллага үүргээ хангалттай биелүүлж чаддаггүй, олны  дунд нэр хүнд сайнгүй  гэж хариулсан байгаа юм.
Тагнуулын ерөнхий газар гэсэн хар бичиг бүхий хувцас өмссөн залуус охидын биеийг хүчээр үнэлүүлж байсан гэмт хэрэгтнүүдийг баривчилж байгаа дүрс бичлэг телевизээр гарсан. Энэ мэтээр хийж байгаа ажлаа олон нийтэд харуулж, гэмт хэргээс ард түмнээ урьдчилан сэргийлэх боломжтой юу?
Уг нь тийм баймаар гэж бодогдож магад. Гэвч нууцлал бол тагнуулын байгууллагын оршин тогтнох үндэс учраас тэр болгон ил дэлгэх боломжгүй.
Таны удирддаг байгууллага нууцлалыг хангах ёстой ч иргэдийн туслалцаа дэмжлэгийг авах ёстой. Тиймээс олон нийтэд ил тод байх ёстой гэвэл ?
Энэ маш чухал асуудал. Иргэд, олон нийтийн зүгээс тагнуулын байгууллагад үлэмж итгэл хүлээлгэдэг нь мэдрэгдэж, ажиглагдаж байдаг. Энэ итгэлийг яаж дааж ажиллах вэ гэдэг тагнуулын ажилтны өдрийн бодол, шөнийн зүүд байх ёстой. Үнэндээ манай тагнуулын байгууллага олон нийттэй харилцах туршлагагүй, сэтгэлгээ нь түгжигдмэл байгааг нуух зүйлгүй. Үүний хамт сонор сэрэмж, нууцлал бол тагнуулын байгууллагын ажлын үндэс. Ажлын ийм онцлог сэтгэл зүйн зарим бэрхшээлийг гэтлэн бид ажлаа олон түмэнд аль болох таниулах чиглэлээр ажиллаж байгаа.
Та Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн.  ҮАБЗ-ийг бэхжүүлэх ямар ажил хийв?
ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар 1997-2003 онд ажилласан үе бол хамгийн сонирхолтой, өрнөлттэй онууд байсан. Ерөнхийлөгч Н.Багабандийн удирдлаган доор хамтран ажилласан дурсгалтай үе гэж хэлж болно. Энэ үед ҮАБЗ-ийн ажлын албыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас салган хуулиар бие даалган байгуулсан. Тийм ч шаардлага байсан. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг боловсруулж, Ерөнхийлөгчөөр өргөн бариулж батлуулсан. Энэ бүхэн нь ҮАБЗ-ийг бэхжүүлсэн гэж боддог. ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлтэй нягт харилцаа тогтоосноор Ерөнхийлөгч Путины Монголд 2000 онд айлчлах суурийг тавьсан. Цэргийн номлолд өөрчлөлт оруулж , орон нутгийн хамгаалалт, энхийг сахиулах ажиллагааны үндсийг тавьснаар батлан хамгаалах тогтолцоонд зарчмын өөрчлөлт оруулсан. Энхийг сахиулах ажиллагаанд оролцох анхны чигийг өгч, 1999 оноос энэ ажил эхэлсэн. Ингэснээр Монголын цэргийн албан хаагчид анх удаа Казакстанд болсон энхийг сахиулах ажиллагаанд оролцсон.
Өнөөдөр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал ямар түвшинд байна. Гаднын хараат болсон, сөрөг хүчин зүйлс их гэдэгтэй санал нийлэх үү?
Ерөнхий сайд  С.Баяр албан тушаалдаа орсоны дараахан УИХ-ын чуулганыг нээж үгэндээ “Үндэсний аюулгүй байдлын мэлмий бүдгэрч, хараа суларч” гэж дүгнэсэнтэй санал нэг байгаа. Бодлогын шийдвэрүүд, дэвшүүлсэн томоохон зорилтууд манайд хангалттай бий. Ганцхан хэрэгжүүлэх л дутаж байна. Ер нь дээр дооргүй, хөгшин залуугүй, гэрт гадаагүй хэт улстөржихөөс салмаар байна. Төрийн ажил хийлгэхгүй яршигтай гэж. Энэ л аюулыг арилгах хэрэгтэй байна даа.
Ерөнхий сайд С.Баяр та хоёр Стратеги судлалын хүрээлэнг санаачилж байгуулсан. Хүрээлэн байгуулсаны зорилго нь?
Үндэсний  аюулгүй байдлын бодлого, шийдвэр шинжлэх ухааны үндэслэлтэй байх учиртай.Энэ чиглэлээр судалгаа зөвлөмж  гаргаж, олон нийтэд хүргэх гэсэн зорилгоор байгуулсан юм. Нэг ёсны үлгэр жишээ think-tank бий болгохыг бодсон юм. Одоо хүрээлэн ҮАБЗ-ийн харьяанд ажиллаж байгаа шүү дээ.
Таныг АНУ-ын Элчин сайдаар  ажиллаж байх үед АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш манай оронд айлчлал хийсэн. Энэ айлчлалыг зохион байгуулахад таныг хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн гэх юм билээ?
Ерөнхийлөгч Бушийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд хийсэн гадаад айлчлалуудаас хамгийн шаардлагагүй нь Монголд хийсэн айлчлал байсан гэж шүүмжлэгчид нь саяхан бичсэн байна билээ. Ерөнхийлөгч Бушийг Монголд айлчлуулах саналыг Элчин сайдын хувьд анхлан тавьж, лобби хийсний дүнд хэрэгжүүлсэн. Үүгээрээ ч бахархаж байдаг. Айлчлах шийдвэр 2007 оны 8 дугаар 30-нд гарсаныг Цагаан ордоноос надад “Таны төрсөн өдрийн бэлэг шүү” хэмээн тоглоомоор мэдэгдэж байсныг мартдаггүй юм. Ямар ч байсан АНУ-ын Ерөнхийлөгч Монголд анх удаа айлчилсан нь түүхэн баримт болсон. Буш Америкийн бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгч. Одоо Америкийн ардчилсан намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгч ч  Монголд айлчлах цаг ирнэ. Ач холбогдлыг үнэлэх аргагүй ч ач холбогдол нь үүнд л орших биз.
Монгол Америкийн харилцааны талаар ном бичиж докторын зэрэг хамгаалсан гэж сонссон юм байна?
АНУ-ын архивт байгаа Монголын холбогдолтой материалуудыг анх удаа судалгааны эргэлтэнд оруулсан санаатай юм. Гол санаа нь  гадаад бодлогын гуравдагч хөрштэй байхыг чухалчилсан. Монголчууд ч эртнээс аюулгүй байдлаа ийм байдлаар баталгаажуулах гэсэн бодолтой байсан. Энэ бодлыг хэрэгжүүлэхэд ямар их саад бэрхшээл тулгарсаныг харуулахыг зорьсон. Өнөөдрийн ажилд бага ч болов сургамж, зөвлөмж болоосой гэж бодсон  юм.
Таны аав 1939,1945 оны дайнд оролцож явсан хурандаа генерал С.Равдан гэдэг ахмад дайчин хүн байсан. Энэ жил Халх голын ялалтын 70 жилийн ой тохиож байна. Аавыгаа дурсаж юу хэлэх вэ?
“Халх  голын байлдааны цэрэг –дипломатын түүх” гэсэн номоо чадвал их ойгоор гаргах санаатай. Гэвч амжих эсэхээ мэдэхгүй байна. Энэ ном аавынхаа дурсгалд зориулсан бүтээл болох юм аа.

Танд баярлалаа.
ТЕГ-ын дарга Р.Болдын “Peari” сэтгүүлийн 2009 оны зургадугаар сарын дугаарт өгсөн ярилцлага.
НИЙТЭЛСЭН: 2009-08-31 өдөр 11:10:4 цаг           ҮЗСЭН: 1784