92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТЕГ-ЫН ДЭД ДАРГА, ХУРАНДАА Г.АЛТАНСҮХТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА
Сүүлийн үед иргэдийн гар утасны яриаг тагнуулын байгууллагаас хянадаг болох гэнэ гэсэн яриа гадуур тараад байна. УИХ дээр ч энэ чиглэлээр Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж эхэллээ. Ямар учраас иргэдийн утсан харилцаанд хяналт тавих шаардлага бий болоод байгаа талаар тайлбар өгөөч?
     Харилцаа холбооны тухай хуульд оруулахаар УИХ-аар хэлэлцэгдэж байгаа нэмэлт заалт нь үндэсний аюулгүй байдлыг хангах болон ноцтой гэмт хэргийг илрүүлэх асуудлаар төрийн эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах үүргийг үүрэн телефоны оператор компаниудад оногдуулах асуудал юм. Юуны өмнө, сүүлийн үеийн техник технологийн хөгжил мэдээллийн технологи, тэр дундаа утсан харилцааны технологид эрс өөрчлөлт авчирч, гар утасны яриаг дундаас нь сонсох, хяналт тавих боломж технологийн хувьд хэдийн бий болсон байна. Дэлхийн бараг бүх улс оронд энэ боломжийг зөвхөн төрийн эрх бүхий байгууллагад хуулиар олгож, технологийн дэвшил ашиглаж, хууль бусаар харилцаа холбооны сүлжээнд  нэвтрэх явдалд хяналт тавьж, иргэдийнхээ аюулгүй байдал, харилцаа холбооны нууцлалыг хангадаг. Манайд эрх зүйн зохицуулалт бүрэн хийгдээгүйгээс энэ асуудалд төрөөс хяналт тавих боломж хязгаарлагдмал байгаа юм. Нөгөө талаар, үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөнд ноцтой хохирол учруулж болзошгүй хүнд ноцтой гэмт хэргийг илрүүлэх явцдаа Тагнуулын байгууллага сэжигтэй этгээдийн харилцаа холбооны сүлжээнд нэвтрэх боломжийг эрх зүйн үүднээс баталгаажуулах шаардлага зүй ёсоор гарч байна. Тагнуулын байгууллагын тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуулиудаар тагнуулын байгууллагад ийм эрх олгогдсон хэдий ч Харилцаа холбооны тухай хуульд энэ асуудлыг орхигдуулсан. Хуульд оруулах нэмэлт бол энэ асуудлыг л зохицуулах заалт байгаа юм.
Тагнуулын байгууллагаас иргэдийн гар утасны яриаг хянах замаар Үндсэн хуулиар олгогдсон иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдах, хэн нэгнийг хуулиас гадуур мөрдөж мөшгөх зорилго агуулаагүй, тийм эрх зүйн боломж, шаардлага ч байхгүй гэдгийг хэлмээр байна.
Харилцаа холбооны хуульд энэхүү нэмэлт орсноор иргэдийн эрхийг хязгаарлах биш, харин төрөөс иргэдийн эрхийн баталгааг хангахад чухал алхам болно

Ер нь гар утасны ярианы нууцлал хэр зэрэг баталгаатай бол?
   Технологийн хувьд гар утасны яриаг дундаас нь сонсох боломж хэдийн бий болсон гэдгийг дээр хэлсэн. Энэ чиглэлийн мэргэжилтнүүд ч өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэгдсэн гэдгийг үгүйсгэх аргагүй. Иргэдийн утсан харилцааны сүлжээнд хууль бусаар халдаж, яриаг дундаас нь хэн нэг этгээд сонсож байгааг мэдэх техникийн боломж нь тагнуулын байгууллагад одоогоор байхгүй байна.  Ийм нөхцөлд иргэдийн харилцаа холбооны нууцлал баталгаатай хангагдаж байгаа гэж  хэлэхэд хэцүү юм.  Энэ хууль батлагдвал төрөөс иргэдийн ярианд хууль бусаар нэвтрэх үйлдэлд хяналт тавих, энэ чиглэлээр үүрэн телефоны операторуудтай хамтран ажиллах боломжтой болох юм.   

Үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор шаардлагатай тохиолдолд харилцаа холбооны сүлжээнд нэвтрэх гэдгээ дэлгэрүүлж тайлбарлахгүй юу?
     Аль ч улс үндэсний аюулгүй байдлаа хангах, гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор харилцаа холбооны сүлжээнд нэвтрэх эрх зүйн боломжийг үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагадаа хуулиар олгосон байдаг. Манайд ч хуулийн ийм зохицуулалт байгаа гэдгийг дээр хэлсэн. Энэ нь иргэдийн харилцаа холбоог бүхэлд нь Тагнуулын байгууллага хянана гэсэн үг биш юм. Тийм шаардлага, зав, хүч боломж ч байхгүй. Энд зөвхөн төрийн эсрэг буюу онц ноцтой, зохион байгуулалттай гэмт хэргийг илрүүлэх шаардлагатай тохиолдлын тухай л ярьж байгаа юм. Ийм төрлийн ноцтой гэмт хэргийг цаг тухайд нь илрүүлж таслан зогсоох нь чухамдаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ юм. Төрийн эсрэг, онц ноцтой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох талаар төрийн хараа хяналтыг сайжруулж, сонор соргог байлгахад дургүйцэж, эсэргүүцэх хүн гарахгүй биз ээ.

Ийм зорилгоор харилцаа холбооны сүлжээнд хяналт тавихад хүний эрх зөрчигдөхгүй байх баталгаа байгаа юу?
     Тагнуулын байгууллага нь  гүйцэтгэх ажлыг хуульд заасны дагуу прокурорын хяналтан дор зохион явуулдаг. Шаардлагатай тохиолдолд прокурорын зөвшөөрлөөр харилцаа холбооны сүлжээнд нэвтрэх эрхийг 1999 онд  хуульчилсан. Энэ бол шинээр олгогдож байгаа эрх биш. Ингэхлээр утсан харилцаанд нэвтрэх зөвшөөрлийг зөвхөн прокурор олгох тул хэн дуртай албан тушаалтан дур мэдэн хянаад, чагнаад байх боломжгүй юм.
Тагнуулын байгууллага иргэдийнхээ эсрэг тагнан турших үйл ажиллагаа явуулдаг байгууллага биш, харин иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, түүгээр дамжуулан үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн тусгай байгууллага.
Тагнуулын байгууллагын зүгээс явуулж байгаа аливаа үйл ажиллагаа нь эцсийн дүндээ улс орны аюулгүй байдал, язгуур ашиг сонирхол, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалахад чиглэгддэг гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна.

 

Өдрийн сонин 2009.06.10, дугаар 142
НИЙТЭЛСЭН: 2009-06-18 өдөр 10:10:1 цаг           ҮЗСЭН: 1480