92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Эрдэм шинжилгээний бага хурал болов

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын санаачлагаар “Улс төрийн хэлмэгдэлт – цэргийн албан хаагч” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2008.11.18-нд БХЯ-ны хурлын танхимд болов. Бага хуралд Монгол Улсын Их хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Н.Энхболд, ТЕГ-ын дарга Р.Болд, БХЯ-ны стратеги, удирдлага, төлөвлөлтийн газрын газрын дарга, бригадын генерал Сосорбарам нар оролцож, үг хэлэв. УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Н.Энхболд бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монгол оронд улс төрийн хэлмэгдүүлэлт гарч эхэлснээс хойш 70 гаруй жил өнгөрч байна. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд цэрэг, арми, АХБ-ын ажилтнууд энэхүү аймшигт үйл явдалд өртсөнтэй холбогдуулан энэ чухал асуудлаар өнөөдөр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байна.
 
Улс төрийн хэлмэгдүүлэлтийн улмаас манай нийгэмд учирсан хор хохирол, үүсч бий болсон шалтгаан нөхцөл, хэлмэгдэгсдийг цагаатгах, нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэхийн ач холбогдол, үр дүн, сургамж, дүгнэлт, улс төрийн аливаа шалтгаанаар түүнийг гаргуулахгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаар иргэдэд өргөн дэлгэр ойлголт өгөхөд эрдэм шинжилгээний бага хурлын зорилго, ач холбогдол оршиж байна” гэдгийг тэмдэглэв. ТЕГ-ын дарга Р.Болд хурлын нээлт дээр хэлсэн үгэндээ “ДЯЯ нь тухайн үед хэлмэгдүүлэлтийг хэрэгжүүлэх гол зэвсэг болж байсан, цэргийн албан хаагчдыг хэлмэгдүүлэхэд голлон оролцсон нь үнэн. Үүнийхээ төлөө ДЯЯ-ны залгамж үүрэг гүйцэтгэж байгаа одоогийн ТЕГ-ын нэрийн өмнөөс нийт цэргийн албан хаагчиддаа уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу. Үүний зэрэгцээ, тусгай алба нь тухайн үеийнхээ улс төрийн бодлого хэрэгжүүлэх гол хэрэгсэл байдаг билээ. 
 
Харин өнөөдрийн ардчилсан тогтолцоонд тусгай алба хэлмэгдүүлэлтийг гаргах, түүнийг хэрэгжүүлэх ямар нэгэн нөхцөл бүрдүүлэхгүй, ийм хэрэгсэл биш гэдгийг батлан хэлэх байна. Өнөөдрийн ТЕГ нь өмнөх ДЯЯ-тай харьцуулашгүй, зүйрлэшгүй, цоо шинэ байгууллага болсон гэдгийг Та бүхэнд хэлэх байна” гэв. Хуралд оролцогсод “МАХЦ-ийн хэлмэгдлийн асуудал түүх бичлэгт”, “УАХБ-ын ажилтнууд хэлмэгдүүлэлтэд өртсөн нь”, “Хилчид улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн нь”, “Манай иргэдийг ЗХУ-д хэлмэгдүүлсэн нь” зэрэг нийт 12 илтгэлийг хэлэлцэв. Бага хуралд урилгаар оролцсон хүмүүс эрдэмтэн судлаачид, илтгэгчдээс сонирхсон асуултаа асууж, үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны зарим гишүүн улс төрийн хэлмэгдлийг хийсэн буруутныг тогтоох нь зүйтэй гэж үзэж байв. 
 
Мөн ЦАУЗБУК-ын дэргэд улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар судалгаа, шинжилгээний ажил эрхэлдэг нэгж байгуулж, өнгөрсөн хугацаанд гарсан зохиол бүтэлийг нэгтгэн үнэлэлт, дүгнэлт гаргах нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлсэн байна. “Бусдын гар хөл болж хэлмэгдүүлэлтэд голлох үүрэг гүйцэтгэсэн ДЯЯ-ын залгамж халаагийнхаа хувьд ТЕГ-ын нэрийн өмнөөс цэргийн албан хаагчдаас уучлал гуйж байна. Гэхдээ одоогийн ТЕГ тэр үеийн ДЯЯ-наас огт өөр, хэлмэгдүүлэлт дахин хэзээ ч гарахгүй гэдгийг батлан хэлэх байна” гэв.

НИЙТЭЛСЭН: 2009-02-12 өдөр 15:10:5 цаг           ҮЗСЭН: 1565