92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
СОЦИОЛОГИЙН СУДАЛГАА ЯВУУЛАВ

ТЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Дээд сургуулийн Судалгаа, эрдэм шинжилгээний төвөөс “Тагнуулын байгууллагын талаар иргэдийн ойлголт, санал” сэдвээр социологийн судалгааг ШУТИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Нийгмийн ажлын профессорын багийн дэргэдэх сургалт, судалгааны “Диагноз” төвийн ажилтнуудын мэргэжил, арга зүйн дэмжлэгтэйгээр 2008 оны 9-р сарын сүүл, 10-р сарын эхээр Улаанбаатар хот болон Дорнод, Сэлэнгэ, Өмнөговь, Ховд аймгуудын иргэдийн дунд явуулав.

 

Судалгааг санал асуулгын нийт 1600 хуудас /Улаанбаатар хотод 600 хуудас, дурдсан аймаг тус бүрт 250/-ыг нийгмийн бүх бүлгийн төлөөлөл болохуйц хүмүүсийн дунд тарааж, шууд бөглүүлэх хэлбэрээр зохион байгуулж, саналыг авсан бөгөөд саналыг Нийгмийн судалгааны боловсруулалтын SPSS-11.5 программаар боловсруулсан байна.

 

Санал асуулгын байдлаас дүгнэж үзвэл, манай иргэд үндэсний аюулгүй байдлыг хангахад Тагнуулын байгууллага голлох үүрэгтэй /санал асуулгад оролцогчдын 70 гаруй хувь/ тул цаашид үйл ажиллагааг нь боловсронгуй болгон бэхжүүлэх шаардлагатай /92 хувь/ гэж ойлгож байгаа нь харагдлаа. Тагнуулын байгууллагын үйл ажиллагаа ард түмний дэмжлэгт тулгуурлах учиртайг олон хүн ойлгож, олон нийттэй байнга харилцаж, хамтран ажиллах /46 орчим хувь/, тэдэнд өгөх мэдээллээ нэмэгдүүлэх, байгууллагаа сурталчлах /25 орчим хувь/ шаардлагатай байгааг илэрхийлсэн байна.

 

Иргэд Тагнуулын байгууллагын үйл ажиллагаа нь улс төрөөс хамааралтай /35 хувь/ хэвээр байгаагийн зэрэгцээ үүргээ хангалттай биелүүлж чадахгүй /50 гаруй хувь/, нэр хүнд нь олон нийтийн дунд сайнгүй буюу дундаас доош байна /54 хувь/ гэж дүгнэжээ.

 

Тус байгууллагын үйл ажиллагааны тухай ямар ч мэдээлэл, хаанаас ч авдаггүй гэж нэлээд олон хүн зориуд тэмдэглэжээ. Иймээс ч иргэд тус байгууллагын гүйцэтгэх үүргийн талаар цэгцтэй ойлголт муутай, тус байгууллагын үйл ажиллагааг сайжруулахын тулд яг юу хийх шаардлагатайг мэдэхгүй байна гэсэн дүгнэлт хийж болохоор байна.

 

Улс төрийн тогтворгүй байдал, төрийн цэгцтэй бодлого байхгүй зэрэг нь тус байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болж байна гэж иргэд үзжээ.

Судалгааны дүнгээс үндэслэн тус байгууллагын олон нийттэй харилцах нэгжийн үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар Тагнуулын байгууллагын түүхэн замнал, өнөөгийн байдлыг олон нийтэд зохистой хэлбэрээр ойлгуулах ажлыг зохион байгуулах, ТЕГ-ын үйл ажиллагааны талаар иргэдийн дунд нарийвчилсан асуудлуудаар судалгаа явуулж, тэдний санал бодлыг бодлого, шийдвэртээ тусгахад анхаарч ажиллах шаардлагатай байна гэж үзнэ.

НИЙТЭЛСЭН: 2009-01-13 өдөр 10:10:1 цаг           ҮЗСЭН: 2284