92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа И.Пүрэвцогттой хийсэн ярилцлага

ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга,  хурандаа И.Пүрэвцогттой хийсэн ярилцлага

    Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар тогтоосноос хойш компани, хувь хүмүүс олборлосон алтаа хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэсэн оролдлогыг ТЕГ, цагдаа, гаалийнхан илрүүлж, таслан зогсоосон талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нэг бус удаа гарсан. Ийм төрлийн хэрэг дээр дурдсан татвар тогтоосноос шалтгаалан нэмэгдсэн үү?
    Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг 2006 оны зургадугаар сард тогтоосноос хойш ийм хэрэг ихсэх хандлага ажиглагдаж байгаа, үүнээс өмнө алтыг бага хэмжээгээр хууль бусаар хил давуулах хэрэг жилд нэг, хоёр удаа л гардаг  байсан.
     Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу манай байгууллага л гэхэд 2006-2008 онд  хууль бусаар улсын хилээр гаргах гэсэн  нийт  154 кг алтыг хурааж, улсын орлого болгосон. 2009 он гараад 8.3 кг алт хил давуулах гэсэн оролдлогыг илрүүлж, одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 
    Ингэснээр 2006 оны зургадугаар сараас хойш одоог хүртэл нийт 3 тэрбум 625 сая 97 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний алтыг улсын орлого болгож,   төсөв бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр орууллаа. Үүнээс цагдаа, гаалийн байгууллагын илрүүлсэн 56,3 кг алтыг шалгаж шийдвэрлүүлснээ хэлэх хэрэгтэй.   
    Улсын хилээр хууль бусаар алт гаргаж байгаа гэмт үйлдлийг танай  болон бусад хууль хяналтын байгууллагынхан бүрэн илрүүлж чадаж байгаа бол уу?
Бүрэн илрүүлж байна гэж баталж хэлэх аргагүй. 2006 он хүртэл жилд 20 орчим тн алт олборлож байсан, харин 2006-2008 онд энэ тоо 7-8 тн хүртэл буурсан, бидний илрүүлсэн алтны хэмжээг дээр дурдсан, үлдсэн алт хууль бусаар гаргасан гэсэн үг. Энд би зөвхөн манайхаар шалгагдсан хэргүүдийн тоо, баримтыг дурдаж байгаа шүү дээ. Түүнээс цагдаа, гаалийн байгууллага илрүүлж, түүгээрээ шалгаж шийдвэрлэсэн хэргийн талаар хэлж мэдэхгүй шүү дээ.
    Жаран найман хувийн татварыг цуцалснаар энэ төрлийн гэмт хэргийн  тоо  багасах болов уу, Та хуульчийн хувьд юу гэж бодож байгаа бол?
    Татварын өмнөх үе, дараах үеийг харьцуулаад багасах магадлалтай гэж бодож байна. Саяхан болж өнгөрсөн “Алтны санхүүжилт”-ийн зөвлөлгөөнд оролцогчид ч татварыг тэглэснээр алт олборлолт нэмэгдэж, хууль бусаар хил давуулан худалдах нь хумигдана гэж үзэж байгаа юм билээ.
    Ярилцлага өгсөн Танд баярлалаа.

НИЙТЭЛСЭН: 2009-04-03 өдөр 10:10:1 цаг           ҮЗСЭН: 1508