Пакистаны баруун хойд хэсгийн Хангу хотын Шийтийн сүм /мечет/-д мотоциклтой амиа золиослогч халдлага үйлдсэний улмаас 27 хүн алагдаж, 55 орчим хүн шархдажээ. Уг халдлагын бай нь Шийтийн сүмийн мөргөлчид байсан ба дэлбэрэлтэд зэргэлдээх Суннитийн сүмийн мөргөлчид ч өртсөн байна. Дэлбэрэлтэд ойролцоох хэд хэдэн дэлгүүр нурж сүйдэн үйлчлүүлэгчид нь ч хохирол амсчээ. Шархдагсдыг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний ихэнхийн биеийн байдал хүнд байгаагаас амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж ч болзошгүй гэнэ. Одоогоор халдлагын хариуцлагыг аль ч алан хядах бүлэглэл хүлээгээгүй байна.