МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
EN
MN
Зөвлөмж, сэрэмжлүүлэг
Эд зүйл хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх

Улсын хилээр эд зүйл хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн гаралтанд нөлөөлж буй гол хүчин зүйлс нь манай иргэдийн танилын хүрээ, харилцаа холбоогоо ашиглан хууль бус үйлдлийг зохион байгуулдаг,  гэмт хэрэгт хамтран оролцдог, хил, гааль болон хяналт шалгалтын бусад байгууллагын албан хаагчид үүрэгт ажилдаа хайхрамжгүй ханддаг, хувийн ашиг сонирхлын үүднээс мэдээллийг бусдад задруулдаг зэрэг шалтгаанаас дээрх гэмт хэрэг үйлдэгдэх боломж, нөхцөл бүрдэж байна. 

Энэ оны эхний хагас жилийн байдлаар ТЕГ, ЦЕГ хамтран ажиллаж 2 удаагийн хууль бус үйлдлийг илрүүлэн таслан зогсоож, үүний үр дүнд улсын төсөвт  нийт 15 кг 290 гр алт, нийт 1 тэрбум 160 орчим сая төгрөг орох боломжтой болсон байна.

Эд зуйл хууль бусаар Монгол Улсын хил нэвтруулэх гэмт хэргийн нөхцөл байдал:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт "Тагнуулын байгууллага өөрсдөө илрүүлсэн Эрүүгийн хуулийн 175 /Эд зүйл хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх/ дугаар зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна" гэж заасан байдаг.

Тагнуулын ерөнхий газар нь эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг тэр дундаа алт хууль бусаар нэвтрүүлж буй асуудалд онцгой анхааран ажиллаж байна.

Нэг: Эрхзүйн орчин: ЭХ-ийн 175 дугаар зүйл.  Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх:

175.1. Хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг бага бус хэмжээгээр, ховор амьтан.түүнчлэн их хэмжээний валют, валютын үнэт зүйл, эрдэнэс, эрдэс, түүнчлэн байгалийн төрцийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

175.2 Энэ гэмт хэргийг давтан буюу бүлэглэж, эсхүл албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны болон ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн ба паленталогийн олдвор, эд өлгийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

175.3. Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, түүнчлэн онц их хэмжээтэйгээр үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрдэнэсийн сангийн тухай 1994 оны 11 сарын 17-ны өдрийн хууль 3 дугаар зүйл.  Хуулийн нэр томьёоны тодорхойлолт:

1. "Эрдэнэс" гэж түүхий эд, хайлш, химийн нэгдэл, бүтээгдэхүүн, түүх соёлын дурсгалт зүйл зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ.

2."Үнэт металл" гэж алт, мөнгө, платина болон түүний бүлэгт багтдаг палладий, иридий, родий, рутений, осмийг хэлнэ.

3."Үнэт чулуу” гэж доржпалам, бадмаараг, маргад, индриал болон сувдыг хэлнэ.

4."Эрдэнэсийн сан" гэж төрийн нэрийн өмнөөс Монгол банк эрхлэн хуримтлуулж, хадгалж, хамгаалж, хэрэглэж байгаа эрдэнэсийн хуримтлалыг хэлнэ

5."Байгалийн төрц" гэж 400.0 граммаас дээш жинтэй эсхүл 3.0 2.0 сантиметрээс дээш хэмжээтэй, түүнээс бага боловч онцгой чамин дүрс хэлбэртэй байгалийн тогтоц, дүрс хэлбэрээрээ олдсон үнэт метаалл, үнэт чулууг хэлнэ.  

6. "Эрдэнийн чулуу" гэж олон улсад хэвшсэн ангилалд хамрагдах үнэт, хагас үнэт чулууг хэлнэ.

"Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1998 оны 1 сарын 8-ны өдрийн 5-р тогтоол,

"Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон лицензтэй нэвтрүүлэх барааны кодолсон жагсаалт, журам батлах тухай Монгол Улсын Засгийн Газрын 2001 оны 3 сарын 14-ны өдрийн 54-р тогтоол 

Хоёр: Эд зүйл хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх г эмт хэргийг үйлдэж буй аргууд:

Эд зүйл хууль бусаар хил нэврүүлэх гэмт хэрэг үйлдэхдээ дараах аргуудыг өргөн хэрэглэдэг. Үүнд:

1. Эд зүйлийг хил гаалийн үзлэгээс нууж, хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэргээр хуурч мэхлэх,

2. Хил гаалийн боомтгүй газраар эд зүйлийг хилийн тор давуулж хаях, хилийн торын хоёр талаас солилцох,

З. Эд зүйлийг хилээр нэвтрүүлэхдээ нэр төрөл, гадаад дүрсийг өөрчлөх зэргээр хил гаалийн ажилтнуудыг төөрөгдүүлэх

4. Эд зүйлийг хилээр нууж гарахдаа рентген туяанд илрэхгүй цахилгааны хар лент, тугалган цаас, скочоор боож, вагон, авто машины эд ангиудын завсар, нуувчинд хийх зэрэг аргыг хэрэглэх,                                                     

5. Металл эд зүйлийг төрөл бүрийн нуувч ашиглахаас гадна бие, эд эрхтэндээ /улаан хоолой, шулуун гэдэс г.м/ нуух.

Анхаарах асуудлууд:

1. Иргэд Монгол Улсын хилээр нэвтрэхдээ бусдын захиас илгээмжийг ямар эд зүйл байгаа талаар асууж мэдэлгүй тээвэрлэхгүй байх,

2.Тээвэрлэх тохиолдолд сэжигтэй гэж үзвэл хил нэвтрэхийн өмнө мэргэжлийн байгууллагад хандан шалгуулж байх,

З. Сэжиг бүхий эзэнгүй эд зүйлсийг хил орчмоос олж авахгүй байх. Олсон тохиолдолд өөртөө хадгалахгүй зохих албан тушаалтанд хүлээлгэн өгөх,

4. Мөнгө, эд зүйл амлаж хилээр эд зүйл гаргуулахаар тавьж буй санал хүсэлтийг хүлээн авахгүй байх.

Иргэн Танд дээрх гэмт хэрэг үйлдэгдэж байж болзошгүй сэжигтэй үйлдлийн талаар мэдээ, мэдээлэл байгаа бол та яг одоо Тагнуулын ерөнхий газрын 51263017; 51264017, иргэдээс мэдээлэл хүлээн авах 1-800-1280 зэрэг утас болон pro@gia.gov.mnэлектрон шуудан, буланд мэдээллээ үлдээнэ үү.

Бид таны нууцлал, аюулгүй байдлыг чанд сахина. 
Бидэнтэй хамтран ажиллаж буй танд баярлалаа.