МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
EN
MN
Зөвлөмж, сэрэмжлүүлэг
БНХАУ-Д ЗОРЧИХ ИРГЭДЭД АНХААРУУЛАХ ЗӨВЛӨМЖ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот нь манай иргэдийн биеэ үнэлэх, хүний наймааны хохирогч болох, энэ төрлийн гэмт хэргийн дамжин өнгөрөх гол зам суваг болохын зэрэгцээ эргээд Хятадаас хар тамхи, мансууруулах бодис, ДОХ болон бусад БЗХӨ-ний урсгал манай улсад орж ирэх таатай хөрсийг бүрдүүлж байна.

Сүүлийн үед Эрээн хотод биеэ үнэлэгч Монгол иргэдийн барьцаанд тавьсан үндэсний гадаад паспортыг хятад иргэд бусдад дамлан зарах, насанд хүрээгүй болон тайчих бааранд ажилладаг охидыг хуурамч бичиг баримтаар Хятад руу гаргах, зохиомол өрөнд оруулан дарамталж, хүчээр биеийг нь үнэлүүлдэг явдал газар авч байна.

2014-2017 онд БНХАУ-д манай улсын 23 иргэн хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн, хилээр гаргахыг завдсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд дээрх иргэд нь бүгд биеэ үнэлэгчид байсан нь тогтоогдсон. Эдгээр эмэгтэйчүүдийг биеэ үнэлэх явцдаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхийг шаарддаг, зарим тохиолдолд хүчээр хэрэглүүлдэг байна.

Иймд иргэдийн зүгээс БНХАУ-д зорчихдоо бусдаас ачаа авахгүй байх, үндэсний энгийн гадаад паспорт, хил орчмын үнэмлэхээ барьцаанд тавихгүй байх, хамт яваа насанд хүрээгүй охид,  эмэгтэйчүүдийг авч явахдаа сонор сэрэмжтэй байх, тэднийг танихгүй этгээдтэй танилцах, харилцаа тогтооход анхаарал болгоомжтой хандахыг сэрэмжлүүлж байна.