МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
EN
MN
Зөвлөмж, сэрэмжлүүлэг
Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хууль, эрх зүйн орчин, гадаад, дотоод нөхцөл байдал:

Монгол Улс нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх хууль эрх зүйн орчин, хууль сахиулах байгууллагуудын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр мэдэгдэхүйц өөрчлөлт, шинэчлэлтийг өнгөрсөн хугацаанд хийсэн байна.

Хууль, эрх зүйн талаас:
•Монгол Улсын Эрүүгийн хуулинд мөнгө угаах гэмт хэргийг илүү өргөн хүрээнд тодорхойлсон
•Хуулийн этгээд уг гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсон.

Мэргэжлийн болон хууль сахиулах байгууллагууд нь мөнгө угаах, терроризмтай тэмцэх үйл ажиллагааны үр дүнтэй байдлаа олон улсын өмнө амжилттайгаар үнэлүүлсэн.

Үүний үр дүнд олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ Монгол улсыг хяналтаасаа гаргах шийдвэрийг 2014 оны 6-р сарын 27-ны өдөр гаргасан билээ.

Ингэснээр манай улсын хувьд эдийн засгийн гадаад харилцаанд ороход сөргөөр нөлөөлөх томоохон хүчин зүйл үгүй болж буй юм.

Мөнгө угаах гэмт хэрэг гэж юу вэ?
Мөнгө угаах гэдэг бол хамгийн энгийн үгээр тайлбарлахад гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө,  хөрөнгийг цаашид эрсдэлгүйгээр ашиглах зорилгоор ямар нэгэн аргаар хууль ёсны эргэлтэнд оруулж нуун далдалж ашиглах боломжтой болгож буй үйл явц юм.

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дүгээр зүйлийг 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр дараах байдлаар өөрчлөн найруулсан:

1661 дүгээр зүйл. Мөнгө угаах
1661.1. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуух, далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эсхүл эд хөрөнгийн эрхийг нуусан, далдалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

1661.2. Энэ гэмт хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан, эсхүл албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

1661.3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Мөнгө угаах гэмт хэргийн нийгмийн хор аюул юу вэ?
•Үлэмж хэмжээний эд хөрөнгө эдийн засгийн үндэслэлгүй улс дамнан шилжих нь зарим улс орон, тэр ч бүү хэл бүс нутгийн санхүү, эдийн засаг, нийгэм, улс төрийн нөхцөл байдалд асар их хор уршигтай
•Хууль ёсны эргэлтэнд орж угаагдсан мөнгө зохион байгуулалттай гэмт явдал, авлига, терроризмын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж үржил шимтэй хөрс нь болдог.
•Шударга, чөлөөт өрсөлдөөний зарчим зөрчигддөг
•Санхүүгийн байгууллагын хүчин чадлыг доройтуулдаг
•Улсын төсөвт орох орлого буурч, татвараа шударгаар төлөгч иргэдийг хохироодог
   
Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцаа өргөжин тэлж буй өнөө үед мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдэх эрсдлийг бууруулах, түүнийг газар авахуулахгүй таслан зогсоох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Аливаа гэмт хэрэгтэй тэмцэхэд шударга иргэдийн сонор соргог байдал, туслалцаа нь хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд нэн чухал байдаг билээ.
       
Иргэн Танд дээрх гэмт хэрэг үйлдэгдэж байж болзошгүй сэжигтэй үйлдлийн талаар мэдээ, мэдээлэл байгаа бол та яг одоо Тагнуулын ерөнхий газрын 51263017; 51264017, иргэдээс мэдээлэл хүлээн авах 1-800-1280 зэрэг утас болон pro@gia.gov.mn электрон шуудан, буланд мэдээллээ үлдээнэ үү.

Бид таны нууцлал, аюулгүй байдлыг чанд сахина.
Бидэнтэй хамтран ажиллаж буй танд баярлалаа.