МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
Цаг үеийн мэдээлэл
Уншсан: 98
2018-05-15
ТЕРРОРИЗМООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ИЛ АЖИЛЛАГАА

Ерөнхий зүйл

Хууль сахиулах байгууллага өөрийн хариуцсан харъяаллын гэмт хэрэгтэй тэмцэхдээ тухайн гэмт хэргийг гарахаас урьдчилан сэргийлэхээс эхлүүлэн үйлдэгдсэн үед нь таслан зогсоож шүүн шийдвэрлэх хүртэл цогц байдлаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой.

Тухайлбал тагнуулын байгууллага терроризмтой тэмцэх үүргийг хуульд заасны дагуу гэмт хэрэг гарахаас өмнө болон хойно нь өөрийн хууль ёсны үйл ажиллагааг далд болон ил аргаар хэрэгжүүлдэг. Тагнуулын ил ажиллагаа нь ихэвчлэн гэмт хэрэг үйлдэгдэхээс саармагжуулах, сэрэмжлүүлэх зорилготой үйлдэгддэг бөгөөд үүнийг захиргааны арга хэлбэрээр хэрэгжүүлэхэд эл үйлдэл нь албан ёсных болохоос гадна нийтийн хүртээл, соён гэгээрүүлэх зэрэг өргөн хүрээний ач холбогдолтой юм.

Ялангуяа тухайн гэмт хэргийн хүрээнд хамтран ажиллах төрийн байгууллагуудын харилцан ажиллагаа, ойлголцолыг бэхжүүлэхэд чухал үр дүн үзүүлнэ. Байгууллага хоорондын хамтын ажиллагааг харилцан мэдээлэл солилцохоос гадна шууд утгаараа гар нийлэмжтэй, ойлгомжтой ажиллах талаар энэ эссьед тайлбарлах болно.

Эрх зүйн орчин

Терроризмын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн байгууллагаас авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны цогц нь:

  • Онц байдлын тухай
  • Батлан хамгаалах тухай
  • Цэргийн албаны тухай
  • Цагдаагийн албаны тухай
  • Дотоодын цэргийн тухай
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай
  • Терроризмтой тэмцэх тухай
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тухай

зэрэг эрх зүйн актуудад тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд хамаарагдах байгууллагын харилцан ажиллагааны талаар зааж өгсөнөөр илэрхийлэгдэж байна.

Байгууллага бүрийн хуулийн тодорхой зүйлд бусад байгууллагатай “...хамтран ажиллах”, “...харилцан ажиллах”, “...дэмжлэг үзүүлэх”, “...нэгдсэн төлөвлөгөө боловсруулах” зэрэг заалтууд орсон байдаг. Түүнчлэн байгууллага хоорондын хамтарсан журам, заавар, стандарт, нэгдсэн төлөвлөгөө зэрэг үйл ажиллагааны бичиг баримтууд нь хэд хэдэн байгууллагын харилцан ажиллагааны эрх зүйн орчинг бүрдүүлж байдаг.

Зохион байгуулалт

Террорист халдлагаас урьдчилан сэргийлэхэд гүйцэтгэх ажиллагаа явуулах  талаар энэ удаа ярихгүй. Харин урьдчилан сэргийлэх ил ажиллагааны талаар  дэлгэрүүлэн тайлбарлах болно.

Байгууллага болон хуулийн этгээд нь аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийтлэг үүргийг хуулиар хүлээдэг бөгөөд эдгээр байгууллагад хууль хэрэгжүүлэхэд мэргэжлийн зөвөлгөө, мэдээлэл, сургалтыг тухайн харъяаллын гэмт хэргийг хариуцсан тагнуулын байгууллага үүрэг хүлээх ёстой.

Террорист халдлагаас урьдчилан сэргийлэх гүйцэтгэх ажиллагааг өөрийн хүч  хэрэгслээр явуулахын зэрэгцээ нэгэнт гарсан гэмт хэргийг мөрдөн шалгах үе шатыг тагнуулын байгууллагын хариуцсан нэгж ямагт өөрийн үйл ажиллагааны төвд байлгах үүрэгтэй.

Үүний тулд тагнуулын байгууллагын терроризмын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг хүлээсэн нэгжээс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл зэрэг төрийн байгууллагуудыг нэгтгэсэн нэгжүүдтэй хамтран захиргааны болон сурталчилгааны соён гэгээрүүлэх цогц ажлыг төлөвлөх ёстой. Уг төлөвлөгөө нь байгууллагуудтай хамтран боловсруулсан ил, хүртээмжтэй байна.

Хэдийгээр урьдчилан сэргийлэх агуулгаар, гэмт хэрэг гарсны дараа хэрэгжүүлэх үе шатны ажиллагааг ярьж байгаа боловч энэ нь гэмт хэргийг үр дүнтэй таслан зогсоох, гэмт хэрэгтнийг мөрдөн баривчлах, гэмт хэргийн хор уршгийг арилгах ажиллагаануудыг түргэн шуурхай хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой ажиллагаа юм.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хуулийн дагуу зохион байгуулах, ялангуяа шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зэрэг захиргааны цогц арга хэмжээг терроризмын гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд тагнуулын байгууллага хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн.

Халдлагаас сэргийлэх ажлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг захиргаатай болон цагдаа, эмнэлэг, онцгой, дотоодын цэрэг, эмзэг дэд бүтцийн байгууллага, зарим дээд боловсролын байгууллага зэрэг томоохон тоглогчидтой уг гэмт хэргийн асуудлыг албан ёсоор “эзэнжүүлэх” талаар ажиллана.

Удирдлага

Терроризмын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх цогц ажлыг төрийн байгууллагуудын оролцоог харилцан уялдаатай зохион байгуулахдаа тагнуулын байгууллагаас тусгай арга хэмжээ хэлбэрээр хэрэгжүүлнэ. Тагнуулын байгууллагаас хууль хэрэгжүүлэх үүднээс зохион байгуулж буй төлөвлөгөөт ажиллагааг аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга, байгууллагын удирдлага дэмжиж хамтран ажиллана.

Терроризмын гэмт хэрэгтэй тэмцэх ажлын жилийн төлөвлөгөөнд тусгайлан оруулсан урьдчилан сэргийлэх ил арга хэмжээний заалтыг “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл”-ийн ажлын төлөвлөгөөнд ч багтааж хэрэгжүүлэх боломжтойгоор оруулна. Дээрх зөвлөлийн ажлын төлөвлөгөөний заалтыг гишүүн байгууллага заавал хэрэгжүүлэх ёстой тул аливаа ил арга хэмжээг тагнуулын байгууллагын бодлого, стратегитай сайтар уялдуулсан байна.

Тагнуулын байгууллагын холбогдох нэгж, тухайлбал терроризмын тодорхой чиглэл хариуцсан ажилтан өөрийн чиглэлд илээр хэрэгжүүлэх ажиллагаа, арга хэмжээг төлөвлөгөөнд оруулсны дагуу зохион байгуулалт, удирдлагыг зонхилон гүйцэтгэнэ.

Энэ зохион байгуулалт нь гэмт хэрэг гарахаас өмнө болон дараа нь мөрдөн шалгах үе шатыг ч бүрэн хамрах ёстой. Өөрөөр хэлбэл, сургалт-дадлага, хамтын ажиллагааны төлөвлөгөөний тодотгол, мөрдөх, шүүн таслах ажиллагааны удирдлага гэсэн хүрээгээр урьдчилсан ажиллагаа хэрэгжинэ гэсэн үг.

Харилцан ажиллагаа

Терроризмын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх цогц ажиллагаан дахь төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг зохион байгуулахдаа хамтарсан ажлын хэсгүүдийн боловсруулж, батлуулсан “Харилцан ажиллагааны төлөвлөгөө”, “Хамтран ажиллах санамж бичиг”, “Нэгдсэн удирдлагын дүрэм”, “Нэгдсэн ажиллагааны тактик”, “Хүч хэрэгсэл дайчлах журам”, “Нөхөн төлбөр, зардал тооцох заавар” зэрэг удирдлагын баримт бичгийг мөрдлөг болгох учиртай.

Аливаа харилцан ажиллагаа урьдаас сайтар бэлтгэж, нягтарсан бодлого, удирдамж, сургалт, дадлагаар жигдэрдэг учраас терроризмын гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хуулийн дагуу зохион байгуулах, ялангуяа шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, мөрдөн шалгах цогц арга хэмжээг удирдан хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн тагнуулын байгууллага, ялангуяа хариуцсан нэгж бүх хариуцлагыг үүрч энэхүү “жигдрэлт”-ийн ажиллагааг зохион байгуулна.

Хариуцсан нэгжийн томилгоот албан хаагчийн хамтын ажиллагаатай байгууллагын төлөөлөлтэй байгууллага хоорондын харилцан ажиллагааны төлөвлөгөөг хэрхэн боловсруулсан, үр дүнтэй сургалт, дадлага зохион байгуулсны дараагаар явуулах дүн-шинжилгээг хэрхэн хэрэгжүүлснээс урьдчилан сэргийлэх ажлын чанар тодорхойлогдож, хожимын хүндрэлтэй нөхцөл байдлын амжилттай даван туулах болно.

Байгууллага хоорондын харилцан ажиллагааны төлөвлөгөөнд тухайн байгууллагын ажиллагаа хариуцсан албан хаагч өөрийн байгууллагаа төлөөлж тайван цагт тагнуулын байгууллагатай хэрхэн ажиллах, өөрийн байгууллага дээрээ ямар ажил зохион байгуулах, гэмт хэрэг гарсан үед харъяаллын мөрдөн байцаагчтай хэрхэн харилцан ажиллах талаар нарийвчлан төлөвлөнө.

Байгууллагуудын харилцан ажиллагааны үндсэн тулгуур нь Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны нэгдсэн шуурхай штаб байх тул байгууллагын төлөөлөл албан хаагчдын хоорондын бүхий л ажиллагаа үүгээр зохицуулагдана.

Сургалт, дасгал

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад соён гэгээрүүлэх, сурталчлах, байгууллагуудын холбогдох албан хаагчдын хамтарсан ажиллагааг “нийлэмжтэй болгох” сургалт, дадлагыг тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай.

Байгууллага хоорондын харилцан ажиллагааны төлөвлөгөөнд терроризмын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, мөрдөн шалгах гэсэн чиглэлд нэгдсэн удирдлагын дор сургалт, дадлага, төлөвлөх гэсэн агуулга бүхий ажлуудыг тусгана.

Терроризмын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх сургалт нь олон улсын болон дотоодын терроризмын хувьсал өөрчлөлт, манай улсад үзүүлж болох нөлөөлөл, болзошгүй халдлагын талаар мэдээллийг шууд хамааралтай байгууллагын албан хаагчдад мэдээлэх хэлбэрээр тогтмол хэрэгжинэ.

Сургалтыг тагнуулын байгууллагаас гадна бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэхийг Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл /ТТАЗЗ/-тэй хамтарсан дадлага /нийслэл, аймаг, улсын хэмжээний/ хэрэгжүүлж болно.

Соён гэгээрүүлэх, сурталчлах зорилго бүхий сургалт, дадлагаас дутахааргүй урьдчилан сэргийлэх нэгэн чиглэл бол гэмт хэргийг таслан зогсоох үеийн байгууллагын нэгдсэн удирдлагын дор харилцан ажиллагааны бэлтгэл ажил байдаг. Үүнийг хэн, хэн юу хийх вэ гэхээс илүүтэйгээр хэнд, хэрхэн удирдагдах ёстой вэ гэдэг ойлголтыг тодорхой болгох үе шат юм.

Таслан зогсоох үеийн байгууллагын харилцан ажиллагааны бэлтгэл сургалт нь гэмт хэрэг гарсан үед тагнуул, цагдаа, прокурор, эрүүл мэнд, онцгой байдал, зэвсэгт хүчин, шилжилт хөдөлгөөний байгууллагууд шуурхай цугларах, хэргийн газрын үзлэг, мөрдөн шалгах ажиллагааг цаг алдалгүй, хурдан түргэн, зохион байгуулалттай хэрэгжүүлж эхлэхийн тулд тайван цагт гүйцэлдүүлж байх ёстой зайлшгүй ажиллагаа юм.

Мөрдөн шалгах ажиллагааны үеийн байгууллагуудын харилцан уялдаа, зохицуулалтын сургалт, дадлагыг мөн л тагнуулын байгууллагын холбогдох нэгжийн удирдлагаар тогтмол хэрэгжүүлнэ. Мөрдөн байцаагчтай хамтарсан дадлага, цагдаагийн жижүүрийн бүлэгтэй хамтарсан сургалт, шүүх шинжилгээний байгууллагатай хамтарсан дадлага зэрэг шаарлагатай оролцоо бүхий байгууллагатай арга хэмжээг хэрэгжүүлж хэвшүүлэх нь гэмт хэргийн нөхцөл байдалд үр дүнтэй ажиллах нөхцөлийн урьтал болно.

Дадлага бол сургалтыг баталгаажуулах үндсэн арга зам байдаг тул нэгжийн, байгууллагын, байгууллага хоорондын, нэгдсэн удирдлагын болон засгийн газрын  түвшний дадлагыг тагнуулын байгууллагын зохион байгуулалтын дор хэрэгжүүлж хэвших шаардлагатай. Ийм дадлагаар байгууллагууд хоорондоо байгуулсан аливаа санамж бичиг, харилцан ажиллагааны дүрэм, зааварт тодотгол хийх боломжтой болно.

Дэмжлэг, хангалт

Аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх сургалт, дадлага нь түүнд оролцох бие бүрэлдэхүүний идэвхтэй, бүрэн оролцоогоор хэмжигдэнэ. Өөрөөр хэлбэл, шуурхай нөхцөл байдалд хамтран ажиллах албан хаагчдыг олноор оролцуулахгүй бол зохион байгуулж буй ажлын ач холбогдол үгүй болох юм. Иймээс бусад байгууллагатай өөрийн байгууллага, нэгжийг төлөөлөн ажиллах албан хаагчийг хоёроос доошгүй тоогоор нөөцлөн сургах нь зүйтэй.

Улсын хэмжээний сургалт, дадлагыг зохион байгуулахад тухайн тэргүүлэх байгууллага дангаараа шаардлагатай техник хэрэгсэлээр хангаж чадахгүй. Гэмт хэрэг гарч олон байгууллагыг татан оролцуулахдаа ч уг хангалтыг хийхэд хэцүү. Ийм учраас сургалт, дадлагаар байгууллагууд өөрсдийн шаардлагатай техник хэрэгсэлийг бэлэн байлгах, үүнийгээ шуурхай ажиллагаанд оногдуулан бүртгэлжүүлэх нь зүйтэй байдаг. Жишээлбэл Өмнөд Солонгосын цагдаагийнхан олон байгууллага дайчлагдсан ажиллагааны гар станц, холбооны хангалтын дангаараа хариуцдаг байна.

Шаардлагатай техник хэрэгсэлийн зардлаас гадна хоол, ус, эмнэлэг, шатахуун, тээвэр, байрны зардал ч ихээхэн зохицуулалт шаарддаг. Тухайлбал сургалтын газар нь алс зайтай байвал олон тооны албан хаагчдыг тээвэрлэх ажлын зардал, хүйтний улиралд явагдах хээрийн сургуульд байр, галлагаа гэх мэт асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.

Харъяаллын гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн үүрэгтэй байгууллага нь төсвөөс олгосон санхүүгээр урьдчилан сэргийлэх ажилд оролцож буй бусад байгууллагын төсвийн бус зардлыг “даадаг” байх хэрэгтэй.

 Дүгнэлт

Тагнуулын байгууллагын харъяаллын гэмт хэрэгтэй тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх ажлыг ил арга хэмжээний буюу захиргааны ажлын хэлбэрээр төлөвлөж хэрэгжүүлэх нь нийтлэг ач холбогдлын хувьд урьдчилан сэргийлэх далд арга хэмжээнээс илүү өндөр байх боломжтой. Захиргааны шугамаар албан ёсоор хэрэгжүүлж байгаа ажиллагаанд төрийн болон хуулийн этгээдийг татан оролцуулахад ч чирэгдэл багатай байх болно.

Дээрх гэмт хэрэгтэй тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх захиргааны ажлыг хэрэгжүүлэхдээ, тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажлын онцлог, зарим дүрэм, журамтай зөрчилдөхгүйн тулд “Тагнуулын байгууллагын тухай хууль”-ийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх үүднээс сөрөх тагнуулын ажлаас салгаж хэрэгжүүлэх нь хамтран ажиллах бусад байгууллагад ойлгомжтой, хялбар байна.

                                                                                                                                  Б.Эрдэнэбаяр