МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
EN
MN
Цаг үеийн мэдээлэл
Уншсан: 147
2018-05-09
ДЭЛХИЙН II ДАЙНЫ ҮЕД БНМАУ-ААС ЗХУ-Д ҮЗҮҮЛЖ БАЙСАН ТУСЛАМЖИЙН АСУУДАЛ

1941 оны 6 дугаар сарын 22-ны үүрээр Гитлерийн Герман улс Зөвлөлт-Германы хооронд байгуулсан 1939 оны гэрээг зөрчиж, ЗХУ-д гэнэт халдан довтлоход ЗХУ-ыг “өмгөөлөгч, түшиг” хэмээн үздэг БНМАУ-ын хувьд нэгэн адил дайны нөхцөлд буй хэмээн үзэж, МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид, УБХТ, АСнЗ-ийн хамтарсан яаралтай хуралдаан болж, “...Фашист түрэмгийлэгчдийн үйлдлийг эрс жигшин эсэргүүцэж байгаа”-гаа илэрхийлээд, “БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд  харилцан туслалцах тухай протокол”-оор хүлээсэн үүргээ биелүүлж, ЗХУ-д бүх бололцоогоор туслах шийдвэр гаргав.

1941 оны 6 дугаар сарын 23-нд Улаанбаатарт өргөн олон нийтийн цуглаан болж, Зөвлөлтийн арми, ард түмэнд туслах хөдөлгөөн үүсч, 1941 оны 9 дүгээр сард Зөвлөлтийн Улаан армид туслах ажлыг эрхлэх “Бэлэглэлийн төв комисс” байгуулж, түүний салбарыг бүх аймаг, хот, сум, үйлдвэр, албан газруудад ажиллуулах болжээ.

Дайны жилүүдэд БНМАУ-д Зөвлөлтөд туслах өргөн хөдөлгөөн өрнөж, “Бүхнийг фронтод”, “Бүгдийг ялалтын төлөө” хэмээх уриан дор орон даяар дэлгэрч, хэдүй дэлхийн дайнд шууд оролцоогүй боловч, Зөвлөлтийн фронтын гүн ар тал болж байв.

1941 оны 7 дугаар сарын эхээр Улаанбаатарын аж үйлдвэрийн ба төв цахилгаан комбинатын хэдэн зуун ажилчин норм төлөвлөгөөгөө 400-аас доошгүй хувиар биелүүлэх, оныхоо ээлжийн амралтыг эдлэхгүй ажиллах, зарим нь өдөр бүр илүү цагаар цалин хөлсгүй ажиллах зэрэг санаачлага гаргаж байв.

1941 оны 11 дүгээр сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны бүгд хурал тус улсын улс төр, эдийн засаг, соёл, батлан хамгаалах бүх ажлыг дайны үеийн байдалд захируулан зохион байгуулах тухай шийдвэр гаргажээ. 1942 оны 1 дүгээр сард хуралдсан БНМАУ-ын XXY бага хурлаас “Манай улсын өмнө зогсож буй улс төр, эдийн засгийн зорилтуудыг биелүүлэх бүх ажил нь улс орныг батлан хамгаалах явдлыг бүхий л аргаар бэхжүүлэх ба фронтод туслах явдалд захирагдсан байвал зохино” гэж тогтоожээ.

МАХН-ын Төв Хорооны бүгд хурал, БНМАУ-ын XXY бага хурлын шийдвэр нь дайны үе дэх тус улсын дотоод, гадаад бодлого, үйл ажиллагааны гол чиг болсон юм.

Нам, засаг юуны өмнө тус улсын эдийн засгийн үндсэн салбар-мал аж ахуйг хөгжүүлэх ”...явдал бол Монголын улс ардын аж ахуйд ихээхэн ач холбогдолтойгоос гадна юуны урьд фронтод туслалцах бололцоог нэмэгдүүлнэ” гэж үзэж байв.

МАХН-ын Төв Хороо, СнЗ-ийн 1943 оны 9 дүгээр сарын 28-ны хавсарсан 65/77 дугаар хурлаас “Германы фашист нарын түрэмгийлэн эзлэгчдээс хохирлыг хүлээсэн Зөвлөлт Холбоот Улсын районууд, ард түмэнд тусламжийг үзүүлэх тухай” тогтоол гаргав. Уг тогтоолд: “Зөвлөлтийн чөлөөлөгдсөн нутгийн хамтралуудын зүтгэх хүчний хэрэгцээнд зориулан сайн дураар морьд бэлэглэх-“ийг уриалж, ийнхүү тусалсан малчдыг Улаан армид морьд бэлэглэсэнтэй адил үзэж, урамшуулахыг заасан байна.

Мал аж ахуйн тухай асуудлыг Намын Төв Хорооны 1943 оны 2, 12 дугаар сарын бүгд хурлууд, 1945 оны 1 дүгээр сарын бүгд хурал, улсын XXYI, XXYII бага хурлаар тусгайлан хэлэлцэн, чухал шийдвэр гаргав.

1943 оны 12 дугаар сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны бүгд хурал мал аж ахуйг хөгжүүлэх тухай хэлэлцээд, Намын Төв Хороонд мал аж ахуйн хэргийг эрхэлсэн нарийн бичгийн даргатай болгох, аймгийн төв хороодын I нарийн бичгийн дарга нарт мал аж ахуйн асуудлыг шууд хариуцуулж, бусад ажлыг эрхлэх II нарийн бичгийн даргын орон тоог бий болгох, Мал тариалангийн яам, түүний орон нутгийн байгууллагуудын ажлыг мал аж ахуйг хөгжүүлэх чигт бүрэн хандуулан өөрчилж сайжруулах, мал аж ахуйн арга ажиллагааг өргөн сурталчлах, ард олноос гаргасан саналыг харгалзан бэлтгэлийн журам, албан татварын хуулийг хянан үзэх, зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзжээ.

Дайны жилүүдэд малын ашиг шимийг дүүрэн ашиглах талаар шинэ том алхам хийж, мал аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүн голлосон ЗХУ-д гаргах экспортын нийт хэмжээ 2,5 дахин өссөний дотор малыг 2 гаруй дахин, ноосыг бараг 2 дахин нэмэгдүүлжээ.

Мөн үед мал аж ахуйн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, орон нутгийн нөөц баялгийг ашиглах, газар тариаланг хөгжүүлэх үндсэн дээр хүнсний үйлдвэр түргэн хөгжив. Улсын хүнсний үйлдвэрийн тоо 1940-1945 онд 17,6 дахин нэмэгдэж, нийт бүтээгдэхүүн нь 28 дахин өсчээ. Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Завхан, Хэнтий, Ховд, Дорнод зэрэг арав гаруй аймагт хүнсний үйлдвэрийн комбинат байгуулагдаж, талх, нарийн боов, хиам болон бусад төрлийн бүтээгдэхүүн гаргах болсон байна. 1945 онд хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 41,2 хувийг эзлэх болжээ.

Гар үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдэж, чанар нь сайжирчээ. Зөвхөн 1942 онд орон нутгийн түүхий эдийг ашиглан боловсруулах 13 артель байгуулагдав. Гар үйлдвэрлэлийн хоршооллын нийт бүтээгдэхүүн 1940-1945 онд 45 хувиар өсөж, үндсэн хөрөнгө нь нэмэгджээ.

Дайны жилүүдэд нийт үйлдвэрийн ажилчин, албан хаагчдын тоо өсчээ. 1940 онд аж үйлдвэрийн ажилчин, албан хаагчид 33,1 мянга байснаа 1944 онд 45,5 мянгад хүрсний дотор үйлдвэрийн ажилчид 14,8 мянгаас 22 мянгад хүрчээ.

Дайны жилүүдэд ЗХУ-аас тус улсад авчирч байсан барааг 2 дахин, түүний дотор автомашин тоног хэрэгсэл, нефтийн бүтээгдэхүүн, төмөр эдлэл зэргийг 2- 4,5 дахин багасгажээ. 1941 онд Зөвлөлтөөс 2,4 сая рублийн үнэтэй сэлбэг хэрэгсэл авчирч байсан бол 1942 онд 75 мянган рублийнхийг авчээ. Түүнчлэн чихэр, тамхи, хөвөн, цаасан бараа, бэлэн хувцас гэх мэт өргөн хэрэгцээний импортыг үлэмж багасгасан байна.       

Дайны үед орон нутгийн нөхцөл бололцоо, малын ашиг шимийг бүрэн дүүрэн ашиглах замаар өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлж, дотооддоо хийж чадах зүйлийг Зөвлөлтөөс авахыг аль болохоор багасгахыг заажээ. Бэлэглэлийн комисст хөрөнгө нийлүүлэх хөдөлгөөн бүх Монгол улс, бүх аймаг, сум, баг бүх хүмүүсийг хамарчээ.

Бэлэглэлийн анхны цуваа 1941 оны 11 дүгээр сард, II цувааг 1942 оны 2 дугаар сард хүргэж өгч, 137 вагонд мах 155 тн, ангийн мах 10 тн, тос 40 тн, архи 10 торх, дах 2718, тамхи 220000 хайрцаг, нэхий хантааз 4102, нэхий дээл 1300, богино нэхий дээл 16300, бээлий 21000 хос, задгай эсгий 4500, суран бүс 17000, эсгий гутал 18000 хос, үстэй хантааз 19000, ботинк 2000 хос зэрэг нийт 7.200.000 төгрөгийн бараа хүргүүлсэн бол 1942 оны 12 дугаар сард 236 вагонаас бүрдсэн галт тэрэгний 4 цуваа бэлгийг хүргэж өгөхөд нэхий дээл, эсгий гутал, хантааз тус бүр 30000 ширхэг, хүнс 660 тн, 27000 зээрийн мах зэрэг олон нэр төрлийн бэлгийг хүргүүлжээ. 

1942 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Улаан армид зориулан бэлэглэсэн бие төгрөг 7,2 сая байсан бол 1943 онд 8,3 сая төгрөг болон нэмэгджээ.

Дэлхийн II дайны үед монголын ард түмнээс хувийн бэлэг бэлтгэж, фронтод явуулж байсан бөгөөд мөнгөн дүнгээрээ 1.913.705 төгрөг болж байв. Хувийн бэлгийг өөрсдөө бэлтгэхээс гадна фабрик, завод, гар үйлдвэрийн хоршоолол, сангийн аж ахуй, сургууль, албан газруудад нэгдсэн журмаар бэлтгэн савлаж, Улаанбаатар хот, аймгийн төв, бусад суурин газарт зохих үнээр нь худалддаг байжээ. Мөн албан байгууллагууд “Бүхнийг фронтод” уриатайгаар бэлэглэлийн ажил зохион байгуулж байсан бөгөөд тухайлбал ДЯЯ-наас тус яамны орлогч сайд Б.Дордог даргатай бэлэглэлийн ажил хариуцсан яамны төв комисс болон газар, хэлтсүүдийн дэргэд салбар комиссуудыг байгуулан ажиллаж, Зөвлөлтийн Улаан армид туслах I, II, III ээлжийн бэлэглэлийн ажилд тус яамны төв, орон нутгийн салбар, нэгжээс 3241 хүн оролцож, бие төгрөг 405 мянга /1942 онд 80 мянга, 1943 онд 227 мянга, 1944 онд 98 мянга/, 40 орчим нэр төрлийн бараа болох цэргийн үстэй дээл 10 мянга, чонын арьсан бээлий 5000, нисгэгчийн нохойн арьсан гутал 1000, 73 тооны бод, бог мал зэргийг хүргүүлжээ.

1942 онд СнЗ-өөс ангийн мах бэлтгэж бэлгийн зүйлд нийлүүлэх тухай гаргасан шийдвэрийн дагуу “Ангийн төв комисс” байгуулан, хөдөө орон нутагт туршлагатай анчдыг сайн дураар нэгтгэн зээр, зэрлэг гахай агнах ажлыг зохион явуулжээ. 1943 онд АСнЗ-ийн тогтоолоор гахай агнах тоо толгойг 200-гаар тогтоож байжээ.

1942 оны 1 дүгээр сард хуралдсан БНМАУ-ын XXY бага хурлаас “Хувьсгалт Монгол улс” нэртэй танкийн цуваа байгуулж, Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх ажил зохион явуулахыг СнЗ-д даалгажээ. Энэхүү шийдвэрийн дагуу тус улсын Засгийн газар 2,5 сая гаруй төгрөг нэмэрлэжээ.

Монголын ард түмний бэлгийн гурав дахь ээлжийг ЗХУ-д очсон маршал Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид “Хувьсгалт Монгол улс” танкийн цувааг 1943 оны 1 дүгээр сарын 12-нд Москвагаас холгүй орших танкийн 112 дугаар бригадын бүрэлдэхүүнд баяр ёслолын байдалтай хүлээлгэн өгчээ. Эл  цуваа нь тус бүрийн цамхаг дээрээ оросоор “Хувьсгалт Монгол улс”, дээд захаар нь “МАХН-ын Төв Хорооноос”, “БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдээс”, “БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс”, “Д.Сүхбаатар”, “Х.Чойбалсан”, “Хатанбаатар Магсаржав”, “Г.Бумцэнд”, “Монголын малчдаас”, “Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн гишүүдээс” гэх мэтчилэн тус цувааг байгуулахад хөрөнгө нийлүүлсэн нийгмийн бүх давхраа, албан ба олон нийтийн байгууллага, 18 аймгийн нэр бичээстэй Т-34 болон Т-70 маркийн 53 шинэ танкнаас бүрэлдсэн байна.

1943 оны 3 дугаар сард болсон БНМАУ-ын XXYI бага хурал Улаан армид туслах талаар гүйцэтгэсэн ажлыг сайшаагаад “Монгол ард” хэмээх нисэх онгоцны эскадриль байгуулах шинэ шийдвэр дэвшүүлжээ. Монголын ард түмэн уг эскадриль байгуулахад шаардагдах хөрөнгийг 4 сар хагасын хугацаанд хуримтлуулсан байна. 1943 оны 9 дүгээр  сарын 25-нд Смоленск мужийн төмөр замын Вязовая өртөөний ойролцоох хээрийн аэродром дээр бөөрөн дээрээ “Монгол ард” гэсэн үсгийг тод цагаан будгаар бичсэн “Ла-5” хэмээх байлдааны 12 нисэх онгоцоос бүрдсэн “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг гардуулжээ.

1943 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн  МАХН-ын Төв Хороо, СнЗ-ийн хамтарсан 65/77 дугаар хурлаас дайны нөхцөлд тохируулан дотоодын махны хэрэгцээнд малын мах хэрэглэх явдлыг хорогдуулж, зээр агнах явдлыг зохион байгуулах тухай тогтоол гаргажээ.   

Дайны жилүүдэд төв, орон нутгийн нам, улсын байгууллага морьд худалдан авах ажлыг “Сайн морьдоо улсдаа худалдъя” гэдэг  уриан дор чухал кампани болгон зохион байгуулж, монголын ард түмнээс Улаан армид 413 мянган морьдыг худалдаж, 32538 сайн морьдыг үнэгүй бэлэглжээ.

Морьд худалдан авах ажилтай холбогдуулан нам, төрийн удирдах байгууллагаас удаа дараа шийдвэрүүд гаргаж байв. Тухайлбал: 1943 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн АСнЗ, Төв Хорооны Тэргүүлэгчдийн хамтарсан 7/11 дүгээр хурлаас “Улаан цэрэгт морь бэлэглэх тухай Төв Хороо ба Засгийн газрын төлөөлөгч нарыг томилох тухай” тогтоол гаргаж, аймаг бүрт морь худалдан авах ажилд дадлага, туршлагатай төлөөлөгч нарыг томилж, ажиллуулахыг Ерөнхий сайдын орлогч Ламжавт даалгасан бол 1943 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн АСнЗ-ийн 8 дугаар хурлын тогтоолоор 1942 онд явагдсан морь бэлэглэл дээр сайн ажилласан аймаг сумд, хүмүүсийг шагнасан, 1943 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн СнЗ, Төв Хорооны Тэргүүлэгчдийн хамтарсан 69/81 дүгээр хурлаас “ЗХУ-д гэрээ ёсоор худалдах морьдыг худалдан авах ажлыг үргэлжлүүлэн зохиох тухай” тогтоол гаргаж, мөн оны морь худалдан авах төлөвлөгөөн дээр нэмэн бэлтгэх морьдын төлөвлөгөөг 75.000 толгойгоор тогтоож, аймаг тус бүрт хуваарилалтыг хийж, худалдан авах ажлыг Хоршоодын холбоо ба түүний орон нутгийн байгууллагуудад даалгасан, 1943 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн СнЗ-ийн 72 дугаар хурлын тогтоолд Төв комиссоос худалдан авсан морь нэг бүрт 29 төгрөгөөр бодож, Хоршоодын холбоонд төлөхөөр тогтоосон зэрэг тогтоолуудыг гаргаж байжээ.

Мөн БНМАУ-д ажиллаж байсан Зөвлөлтийн иргэдийн талаар нам, төрөөс анхаарч байсан бөгөөд дайнд явсан дайчдын ар гэрт нь тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж байв. Тухайлбал: БНМАУ-д байнга сууж байгаад фронтод дайчлагдсан Зөвлөлтийн харьяат нарын гэр бүлд 1942, 1944 онд улсаас сар бүр 20-100 хүртэл төгрөгийн тэтгэвэр олгох журам тогтоосон бол 1943 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн АСнЗ-ийн гишүүдийн хуралдсан 9 дүгээр хурлын тогтоолоор улаан цэрэгт татагдсан Зөвлөлтийн харъяат нарын ар гэрийн ажилчдын хүүхдэд цэцэрлэг байгуулахаар баталжээ. МАХН-ын Төв Хороо, СнЗ-ийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаас Улаан армийн дарга, байлдагчдын ар гэрийн хүмүүс, ялангуяа өнчрөгсдөд тусламжийн бэлэг илгээх ажил зохиохыг “Бэлэглэлийн төв комисс”-т даалгажээ.

1943 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн БНМАУ-ын СнЗ, МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн 65/77 дугаар хамтарсан хурлаас “Хувьсгал Монгол Улс хэмээх танкийн бригад ба Монгол ард хэмээх нисэх онгоцны эскадрилийн дарга, байлдагчдад бэлэг явуулах тухай” тогтоол гарч, бэлэглэлийн бүх зардлыг монголын ард түмний хөрөнгөөр гүйцэлдүүлэх тухай Улсын 26 дугаар бага хурлын тогтоолыг баримталж, бэлэглэлийн ажлыг олон түмний дунд зохион байгуулахыг Бэлэглэлийн төв комисс болон аймаг, хотын намын хороо, захиргаанд даалгаж, явуулах хувцас, идэш уушны зүйлийг 11 дүгээр сарын 25-ны дотор үйлдвэрлэн бэлэн болгохыг Үйлдвэр, барилгын яамны сайд Гомбожав, Гар үйлдвэрийн дээд зөвлөлийн дарга Базарсад, Идэш тэжээлийн яамны сайд Доржготов нарт даалгажээ.

“Хувьсгалт Монгол улс” хэмээх 112 дугаар танкийн бригад нь Курскийн цүлхэнд болсон алдарт тулалдаанд оролцсон бөгөөд гарамгай гавъяа байгуулсан учир “гвардийн” гэдэг хүндэт цол хүртэж, “Гвардийн танкийн 44-р бригад” гэж нэрлэгдэх болжээ. Дараа нь тус бригад 1944 оны 1 дүгээр сард Бердичев хотыг дайран эзлэх үед баатарлаг тулалдааны учир Бердичев хотын нэрэмжит болгожээ. Эл бригад тасралтгүй ялалт байгуулсаар Берлиний чигт хийсэн ерөнхий давшилтад оролцож, германы цэргийн эсэргүүцлийг няцаан, 4 дүгээр сарын 25-нд Берлинд орж тус хотыг чөлөөлөхөд оролцжээ.

Бердичевийн нэрэмжит “Хувьсгалт Монгол улс” гвардийн танкийн 44-р бригад Москвагийн дэргэдээс бүтэн 4 жил шахам аян дайны урт замыг туулж, гарамгай гавъяа байгуулжээ.

Дэлхийн II дайны жилүүдэд Зөвлөлтийн ард түмэнд туслах олон хэлбэрийн ажил зохион байгуулж өрнүүлсний үр дүнд 32 мянган агт морьд бэлэглэж, 8 удаагийн цуваа нийтдээ 400 сая илүү төгрөгийн үнэ бүхий мал, эд материалын зүйл ба биетээр 300 орчим кг алтыг зөвлөлтийн ард түмэнд өгч тусалжээ.

Улаан армид тусламжийн хөрөнгө хуримтлуулах, түүнийг тээвэрлэх ажлыг сайн зохион байгуулсан нам, улс, олон нийтийн байгууллага, үйлдвэр, худалдаа, тээврийн зэрэг газрын удирдах ажилтан, энэ ажилд идэвхтэй оролцсон хөдөлмөрчдийн нийт 521 хүнийг төрийн дээд шагнал-одон медалиар шагнасан юм.

Хэдийгээр дайны хүнд үе байсан боловч ЗХУ манай орны аж үйлдвэрийн салбарт урьдын адил тусламж үзүүлсээр байв. ЗХУ-ын тусламжтайгаар барьж эхэлсэн Мах комбинатын барилга байгууламж 1945 онд үндсэндээ дууссаны дээр 4400 тонн ноос угаах хүчин чадалтай ноос угаах фабрик, суран эдлэл, тоноглолын фабрик, болсон гөлтгөнө, дээврийн ваар, алебастрын цехүүд, Налайхад нүүрсний шинэ уурхай, Дорнод аймгийн Зүү булгийн нүүрсний уурхай, шүдэнзний үйлдвэр зэрэг шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулж, Улаанбаатарын булигаарын завод, шохой тоосгоны үйлдвэр, Ерөөгийн модны заводыг өргөтгөжээ. Чоно голын өнгөт металлын уурхай, хүдэр ялгах фабрик барих, нефть болон өнгөт металлын орд хайх ажил үргэлжлэн явагджээ.

Дайны үеийн байдлыг харгалзан авто тээврийг гагцхүү цэргийн ба улсын онц чухал тээвэрт ашиглах болов. Үүнтэй холбогдуулан албан газруудын мэдэлд байсан холын тээвэрт хэрэглэгддэггүй ачааны автомашинуудыг сэлбэг хэрэглэлийн нь хамт СнЗ-ийн мэдэлд шилжүүлж, хотын дотор машинаар аар саар ачаа тээвэрлэх, автомашины шатахуун, тослох материалыг хувь хүнд худалдахыг зогсоож, автомашинд зарцуулах шатахууны сар улирлын нормыг эрс хорогдуулжээ.

Дайны жилүүдэд автомашины тоо бараг нэмэгдээгүй боловч авто тээвэр улсын нийт ачаа тээврийн 30 хувийг биелүүлж, нийслэл хот, аймгуудын хоорондын шуудан харилцаа, хүн тээвэрлэлтэд гол үүрэг гүйцэтгэсээр байв. ЗХУ-аас Улаанбаатар, Алтанбулаг, Сүхбаатар-Наушка, Цагаан нуураас Зөвлөлтийн хил хүртэлх засмал зам барьж, манай улсад шилжүүлсэн нь ачаа тээвэрлэлтийн эргэлтийг түргэтгэхэд тус дөхөм болжээ.

Дайны жилүүдэд улсын зарлагын төсвийн 30-50 орчим хувь нь улсыг батлан хамгаалах хэрэгт зориулагдаж байв. Цэргийн зардалд 1941-1945 онд улсын төсвөөс 487 сая төгрөг зарцуулсан бөгөөд энэ нь УААА-д зарцуулснаас даруй 3 дахин их байв. Тухайлбал: 1943 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн АСнЗ-ийн 17 дугаар хурлын тогтоолоор МАХЦ-ийн мөн оны төсвийг 68 сая төгрөгөөр баталжээ. 1944 онд улсын төсвийн орлогыг 225.700.000 төгрөгөөр, зарлагыг 224.535.000 төгрөгөөр баталжээ.

Дайны дараа Зөвлөлтийн Засгийн газар дэлхийн II дайны жилүүдэд үзүүлсэн Монголын ард түмний тусламжийг “Тус хоёр орны ах дүүгийн найрамдлын мөн чанарыг илтгэн харуулсан түүхэн ач холбогдолтой, ядрах цагт нөхрийн чанар танигдав” гэж өндөр үнэлсэн билээ.

1936 оны 3 сарын 12-нд байгуулагдсан бөгөөд БНМАУ-ын Бага хурлын дарга А.Амар, БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд Гадаад яамны сайд  П.Гэндэн, ЗХУ-ын  бүрэн эрхт төлөөлөгч В.Х.Таиров нар Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан. Дөрвөн зүйлтэй энэхүү гэрээнд хоёр улсын хооронд 1934 оны 11 дүгээр сарын 27-нд  хийсэн  аман хэлэлцээг  албан ёсоор баталгаажуулж буйг дурдаад,  “...хоёр улсын  нутаг дэвсгэрт гуравдахь улсын зүгээс довтлох заналхийлэл учирвал  үүссэн нөхцөл  байдлыг даруй хэлэлцэж, хамгаалах арга хэмжээг авах;  бие биедээ харилцан тусламж, түүний дотор цэргийн тусламж үзүүлэх;  дээр  дурдсан  үүргүүдийг биелүүлэхийн тулд  нөгөө этгээдийн  газар нутагт байгаа нэгэн этгээдийн  цэргийг  уул үүргээ гүйцэтгэсний  дараагаар 1925 онд зөвлөлтийн цэргийг БНМАУ-ын нутгаас татсаны  адилаар гаргах үүргийг хоёр улс өөртөө авна” гэж заажээ. Гэрээг 10 жилийн хугацаатай байгуулсан байна. 1936 оны 4 дүгээр сарын 7-нд “Известия” сонин  Зөвлөлт-Монголын гэрээний тухай томоохон өгүүлэл нийтэлж, ЗСБНХУ, БНМАУ-ын хооронд Харилцан туслалцах протокол байгуулагдсаныг зарлажээ.