МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
EN
MN
Түүхэн баримт мэдээ, судалгааны бүтээл
ХИЛ ХЯЗГААРЫН ОВОО ТЭМДГИЙГ ТОДОРХОЙ БОЛГОХ ТУХАЙ ДОТООДЫГ ХАМГААЛАХ ГАЗРЫН БИЧИГ /1930 он/

                        Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дотоодыг Хамгаалах Газар

20 он 1 сар 7 өдөр                            Дугаар 9.                                         Улаанбаатар хот.

Зохих газрын зөвшөөрөлгүй сэм намаар хил хязгаарыг нэвтрэгчдийг зогсоох ба хилийн овоо тэмдгийг тодорхой болгон нарийн чандаар сэргийлэх зэргээр гүйцэтгүүлье хэмээн явуулсан бичиг.

Ханхэнтий уулын аймаг дахь ангид:

Эдүгээ Баянтүмэн ангиас мэдүүлсэн 316 тоотод энэ өнгөрсөн арван сарын сүүлээр Улз хошууны Баянтүмэн сумын ард Ёндон орос Байбил /Павел/ гэгч этгээд нар Монголын нутаг болох хилийн наанаас мод аваад нааш явж ахуйд Холбоот улсын хилийн цагдаа цэрэг хойноос ирж, уналга морийг буудан алж, биесийг ачлага шар үхрийн хамт баривчлан авч харьяат газар эгүүлэн аваачив хэмээсэн тухай хэргийг Улзаас төлөөний түшмэлд 1817 тоотоор учрыг тодорхойлон мэдүүлсэн хирд мөн төлөөний түшмэлийн газраас манай анги зэрэг газруудад 214 тоотоор мэдэгдэн ирсэн тухайд мөнхүү төлөөний түшмэл ба Улзын хошууны эрх баригчид хамтран хэлэлцэж төлөөний түшмэл Дамбийдоржийн бие орчуулагчийн хамт Улз хошууны Улсын бага хурлын гишүүн Дагва-Осорыг нэмэн томилж, комисс болгон одуулсан авч тухай хэргийг бүрэн гүйцдээр нэгэн тийш болгон таслан тогтоосонгүй ирсэн эл хэргийн үеэр мөн нэгэн орос СССР-ийн хилд тэдний цэрэгт алагдсан хэмээх зүйл үзэгдэхээс өөр тийм хэргийн учир чингэж алагдсан сэдэв баримтгүй бас ч одоо үед болвол Улз, Ононгийн нутгийн хойд зах хил болвол СССР улстай зэргэлдээ зах нийлсэн учир завсрын зальт үл бүтэх этгээд нар ил далдаар хоёр улсын хил хязгаарыг хулгайлан сэлгүүцэж худалдаа наймаа хийх буюу мал зэргийг нааш цааш нэвтрүүлэх явдал ер тасралтгүй явж эдүгээ хүрснээс:

Нэгд. Зах хязгаараар суулгасан цэрэг, харуулууд нь энэ мэтийн хэрэг чирэгдэлд холбогдон оролцож, өгүүлэл будлиан үүсгэх төлөвтэй болжээ.

Хоёрт. Гэмгүй суусан зарим этгээд нар аж ахуйн хэргээр өөрсдийн орон нутгаас өвс бордоо, мод зэргийг ачих тээх явдлаас энэ мэтчилэн баригдах хоригдох, уналга ачлагын мал хөрөнгийг бус газар хураагдаж буй.

Гуравт. Тэр газруудын ойр нутаглан суугаа ард нарын төвлөн захирах орон нутгийн захиргааны газруудын хянах сэргийлэх захирах баримтлах явдал хөсөр орхигдсоноос ийм болж буй бас зарим мэдээ шүүмжлэл зэргээс үзэхүл нутгийн ардын хэлэлцэн буй нь СССР улсын хязгаараар суугаа цэргүүд болвол манай монголын нутгийг эзлэн авах, хүн амьтны хөрөнгө малын хамтаар булаан түрэмгийлэхэд хүрч байна. Ийм болоход их хэцүү юм гэх зэргээр холбоот улсын нэр сүрийг гутаах, хоорондын харилцаа холбооны явдлыг холдуулах зэргийн үл нийлэлцэх жижиг байдал үлэмжхэн үзэгдэх болсон. Үүнд манай ангиас санавал Онон ба Улз хоёр хошууны хойд тал СССР улсын нутгийн урд тал эл хоёр газрын хил хязгаарын зургаас тасран гарч ирсэн болох учир ах дүү төрөл садан гэх нэрийдлээр нааш цааш сэлгүүцэн хил зөвшөөрөлгүй явж нэвтрэх явдал хэзээ ямагт тасралтгүй болох нь хэдийгээр зах хязгаарыг харсан цэрэг цагдаа байвч бас мэдэгдэхгүй нуугдан явсаар гэм үргэлжлэн буйн дээр мөн эл хил дагуу оросын ажилчин ардууд хэсэг хэсгээр монголын нутагт орон байшин барьж удтал оршин суусан нь бас хойш урагш элдэв зүйлийн юм нэвтрүүлэх зэргээр мөн л хэрэг төвөг үүсгэдэг бололтой тул эл бүхий л байдлуудыг эрхлэх газартайгаа хэрхэхийг хэлэлцэн гүйцэтгэхээр эндэх төлөөний түшмэлийн бие Улаанбаатар одов. Иймд тус ангиас энэхүү учрыг товч дурдаж харьяат газар яаран мэдүүлснийг байцаан толилж түүгээр эрхлэх газрыг эртхэн шилжүүлэн явуулж энэ мэтийн үл бүтэх явдал ажил гаргадаг гэмийг үндсээр үгүй болгох явдлыг нэн даруй гүйцэтгэлэлтэй хэмээн хүсдэг учрыг хамтад гаргасугай хэмээн ирсэн. Үүнийг эрхлэх Гадаад, Дотоод явдлын яамуудад явуулаад хянан үзэж эл найрамдал бүхий хоёр улсын нутгийн хил хязгаар дагуу оршин сууж орон байшин барих буюу ажил үйлдвэр хийх ба ах дүү, ураг садан гэх мэтийн нэрийдлээр зохих газрын зөвшөөрөлгүй хил хязгаарыг нааш цааш сэм намаар нэвтрэгчдийг бүрмөсөн зогсоож жич хил хязгаарын овоо тэмдгийн зураг маягийг нарийн тодорхойгоор үйлдэж хоёр улсын холбоо найрамдлыг улмаар зузаатган хүндэтгэж дахин энэ мэтийн балар будлианд хүргүүлэхгүй болгон дуусгаж тухайд хариу ирүүлэх ажааму хэмээхээс гадна энэ учрыг Баянтүмэн дэх ангид хойш явуулаад харьяа хил хязгаарыг улам нарийн чандаар сэргийлэн хамгаалж дахин иймд хүргүүлэхгүй болгосугай. Үүнийг нэгэнтээгүүр Ханхэнтий уулын аймаг дахь ангид явуулаад нэгэн адил гүйцэтгүүлье.

Эл хэргийн байдлыг тус ангиас зохих дээд газар нэвтэлгэн мэдээлсээр байсан нь урьдахтай нийлүүлэн хянаж Онон хошууны даргад албан захидлаар явуулахын дээр тус газраас тэндэх хошуунд суулгах төлөөлөгчийг нэн даруйханаа явуулж цагдаж сэргийлэх явдлыг чанаржуулан гүйцэтгэхийг шаламгайлая. /Жамсранжав/

Хөрвүүлсэн: Б.Энхбаяр