МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
Түүхэн баримт мэдээ, судалгааны бүтээл
ХЯЗГААРЫН БА ГҮЙЦЭТГЭХ СУРГУУЛЬ БАЙГУУЛАГДСАН НЬ

1930-аад оны үед олон улсын болон манай улсын гадаад, дотоод нөхцөл байдал түгшүүртэй болж байсан үе. Япончууд цэрэг зэвсгийн хүчээр Зүүн хойд Хятадын Манжуур, Өвөрмонголын нутгийг эзлэн авч, улмаар ЗХУ, БНМАУ-ын эсрэг түрэмгий дайн явуулах талбар баазаа болгосон юм. БНМАУ нь Монгол Алтайн Таванбогдоос Тарваган тахын уул хүртэл 4000 шахам км газраар Гоминьданы Хятад, Японы эзэмшлийн Манж, Өвөрмонголтой хил залгаж байсан бөгөөд 1930-аад оноос Япончууд тус улсын зүүн хязгаараар өдөөн хатгах, тагнан турших ажлаа улам идэвхжүүлэн цэргийн хүчээр халдан довтлохоор шууд бэлтгэж байлаа. Түүнчлэн тус улсын баруун хязгаарын зарим газраар хасагийн дээрэмчид халдан довтолж манай хилийн ойролцоо нутаглаж байсан ардуудын мал хөрөнгийг дээрэмдэн хүний амийг бусниулах явдал удаа дараа гаргаж тухай бүр хилчдэд цохигдож байв.

МАХН, Ардын Засгийн газраас улсын хилийг батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхийн хамт тус улсын хязгаарыг соргогоор хамгаалах асуудлыг ихээхэн анхаарч, хилийн отряд, заставуудыг нэмэн байгуулж, түүний хүчин чадлыг бэхжүүлэх чухал арга хэмжээнүүдийг дэс дараатай авч байсны нэг нь хязгаарын цэргийн офицер, УАХБ-ын гүйцэтгэх ажилтныг бэлтгэж боловсон хүчнээр хангах асуудал байлаа.

БНМАУ-ын СнЗ-ийн 1933 оны 8 дугаар нууц тогтоолыг үндэслэн ДХГ-ын даргын 1933 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 450 дугаар тушаалаар 1934 оны 7 дугаар сард Хязгаарын ба гүйцэтгэх ажилтныг бэлтгэх сургуулийг Улаанбаатар хотын ойролцоо Их наран хэмээх газар /одоогийн Орбит станц байгаа газар/ анх байгуулсан юм. Анхны сургууль нь 60 гаруй сурагчтай, 3 салаатай байгуулагдсан бөгөөд захирал нь хурандаа Галсан, улс төрийн туслах нь Чойжилжав, жагсаал ангийн туслах нь Артаасэд, сургагч Кошёк, аж ахуйн дарга нь Баярхүү, ерөнхий эрдмийн багш Гомбо, орчуулагч Давжеев /1940-өөд оны үед намын шинэ хүчний дээд сургуулийн захирал байсан/, эх зохиогч, мөнгөний нярав Цэрэндорж, 1 дүгээр салааны даргаар эхлээд Балдан, дараа нь Банзрагч, 2 дугаар салааны даргаар Дэндэв, 3 дугаар салааны даргаар Магсаржав нар ажиллаж байв.

Тус сургуулийн анхны сурагчдын бүрэлдэхүүний байдлыг үзэхэд тэр үеийн шаардлагыг үндэслэн, Хилийн цэргийн офицер, УАХБ-ын ажилтан, нам улс олон нийтийн байгууллагад ажиллаж байсан цэрэг, улс төр, ерөнхий боловсролын анхны мэдлэг, бэлтгэлтэй хүмүүс нэлээд орсон байдаг. Жишээ болгож заримыг нь дурдахад: хилийн отряд, заставт дарга, улс төрийн ажилтнаар ажиллаж байгаад ирсэн Довдой, Борын Цэвэгжав, Бөө, Дамдиндорж, Цэдэндамба, Маналжав, мөн УАХБ-ын харьяа байгууллагад ажиллаж байсан Санжмятавын Намсрайжав, Мятавын Бадамбазар, Гомбодорж, орон нутгийн засаг захиргаа, соёл гэгээрлийн байгууллагад хариуцлагатай ажил хийж байсан Гүржав, Далхжав, Жадамба, Төмөр, Лувсандамба гэх мэтийн нөхдийг нэрлэж болно.

 

 

 

 

 

 

 

 

Тус сургуулийн сургалтын хугацаа богино байсан боловч үзэх хичээлийн сэдэв нь их өргөн хүрээтэй байлаа. Хичээлийн сэдэв нь:

  1. Цэргийн эрдмийн хичээл /галт зэвсэг, буудлага, жагсаал, хими, тактик, морин сургууль, биеийн тамир/,
  2. Улс төрийн хичээл /нам ба улсын түүх, нам засгийн цаг үеийн бодлого/,
  3. Ерөнхий эрдмийн хичээл /төрөлх хэл бичиг, тоо бодлого, газар зүй, байгаль, хими, физик/,
  4. Хууль цааз, хилийн алба, гүйцэтгэх ажлын тусгай хичээл,
  5. Авто машины жолооны ба галын аюулаас сэргийлэх асуудал зэрэг хичээл заагдаж байв.

Боловсон хүчний шаардлагаас үндэслэн тус сургуулийн багш нараас гадна НТХ-ны нарийн бичгийн дарга Лувсандорж, Шүүх яамны хэлтсийн дарга Гүрсэд, Улсын бага хурлын даргын нарийн бичгийн дарга Өөлдийн Чимэд, Багшийн сургуулийн багш Буддарь, Намын сургуулийн багш Цэвэгжав, ДХГ-ын хэлтсийн дарга Тогоо, Самдан, Насантогтох, Галиндэв, Рэнцэн, Мандал, Зөвлөлтийн мэргэжилтэн Кичиков, Алексеев, Кошёк нар хичээл зааж байлаа.

Сургууль нь 1934 оны намар Их Нарангийн зуслангаас Улаанбаатар хотод ирж тэр үед хятад иргэдийн хороолол байсан хятадын 9 гудамжны 4 дүгээр гудамжны нэгэн хашаанд байрласан юм. Энэ хашаан дотор хятад маягийн хэд хэдэн дан шавар байшин байсан бөгөөд түүнд сурагчид байрлаж мөн гал тогоо, хичээлийн анги танхимууд ч бас байрлаж байв. Тус сургууль нь 1935 оны 7 дугаар сард анхныхаа төгсөлтийг хийсэн бөгөөд бүх шалгагдсан сурагчдаас 15 хүн онц, сайн дүн үзүүлсэн юм. Төгссөний дараа ДХГ-ын даргын тушаал гарч, сургуулиа амжилттай төгссөнийг тэмдэглэж баяр хүргэсэн байдаг. Төгсөгчдөд машинаар цохисон үнэмлэх олгосон юм.

Тус сургуулийн 2 дугаар салааны сурагч байсан Хорлоогийн Санжмятавын дурдатгалаас.

Н.Батболд