МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
EN
MN
Түүхэн баримт мэдээ, судалгааны бүтээл
ЗӨВЛӨЛИЙН ЗАСАГТ ОРОС УЛСААС МОНГОЛД СУУГАА ТӨЛӨӨЛӨГЧ БА МОНГОЛ АРДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ТЭРГҮҮН САЙД ЦЭРЭНДОРЖ НАРЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ПРОТОКОЛ

1922 оны апрел /4/ сарын 26 ба май /5/ сарын 8-ны өдөр Зөвлөлийн засагт Орос улсаас Монгол газар суугаа төлөөлөгч Охтин.

Монгол Ардын Засгийн газрын Гадаад хэргийн яамны тэргүүн сайд Цэрэндорж нарын хэлэлцсэний протокол хэмээх тэмдэглэл бичиг.

Орчуулагч түшмэл: Монгол Ардын Засгийн Газрын Гадаад хэргийн яамнаас бататган Зөвлөлийн засагт Орос улсын төлөөлөгчийн газраас тогтоов.

Хэлэлцсэн хэргүүд нь:

  1. Монгол нутагт хэсэг газар хэмжээлэн өгч, тавдугаар морьт дивиз цэргийн агтаа адгуулан суулгах тухай.
  2. Урьд Орос улсын Засгийн газрын болох ба түүний мэдэлд асан орон сав мөн урьд Оросын өөрөө захирах газар ба улсын санд хураагдсан худалдааны буюу эд боловсруулах газар хийгээд алив хоршооны орон сав, ардын хувьсгалт цэргийн эрхт оргон зайлсан буюу Зөвлөлийн засагт Орос улс ба Монгол хоёр улсын дайсанд тусламж үзүүлэгсдийн орон сав мөн Оросын харьяат нарын болох эдүгээ эзэнгүй гэр орон ба хөрөнгийн тухай.

Нэгдүгээр зүйл. Хэлэлцээд Монгол Ардын Засгийн газрын Гадаад хэргийн яамны тэргүүн сайд Цэрэндоржийн зохиосон гэрээ бичгийн эхийг бага залруулан зөвшөөрөн хүлээв. Үүнд: 5 дугаар морьт дивиз, цэрэг Монгол газар сууж агт адгуулахын тухай 1922 он май сарын дөрөвний өдөр гарын үсэг зурж баталсан тусгай гэрээ бичгийг үзсүгэй.

Хоёрдугаар зүйл. Хэлэлцэхэд: Зөвлөлийн засагт Орос улсаас Монгол газар суугаа төлөөлөгчөөс Монгол Ардын Засгийн газрын Гадаад хэргийн яамны тэргүүн сайдад энэ он апрел сарын 23-ны өдөр илгээсэн 907 дугаар тоот бичгийн доторх учир гол болгон басч эгүнийг... зүйл дараалан хэлэлцээд хоёр этгээдийн зөвлөн тогтоосон нь:

Нэгдүгээр зүйл. Урьд хуучин Орос улсын Засгийн газрын болох ба түүний хогшлын яамдуудын мэдэлд байсан Гадаад Монголын хязгаар дотор буй бүх орон сав ба хөрөнгийг одоо тус улсын хуучин

засгийг шинэхэн залгамжилсан Зөвлөлийн засагт Бүгд найрамдах Орос улсын өөрийн хөрөнгө болохыг зөвшөөрөн хүлээв.

Хоёрдугаар зүйл. Урьд Оросын өөрийн захирах газрууд болох Нийслэл хүрээ хийгээд бусад олон газар буй бүх орон сав ба хөрөнгө гадаад улсуудын харъяат нарын Монголын хуулиар үл захирагдах эрхийг устгаснаас хойш Оросын хуучин засгийн шинэхэн залгамжилсан Зөвлөлийн засагт Орос улсын өөрийн хөрөнгө болохыг зөвшөөрөн хүлээв.

Гуравдугаар зүйл. Зөвлөлийн засагт Орос улсаас Монгол газар суугаа төлөөлөгчөөс Монгол Ардын Засгийн газрын Гадаад хэргийн яамны тэргүүн сайд танаа энэ оны апрель сарын 23-нд илгээсэн 907 дугаар тоот бичгийн гуравдугаар зүйлд: уул Орос газар улсын санд хураасан бүхэн болон хоршооны хөрөнгө ба орон савын тухай дурьдсан хэргийн учир хоёр этгээд сайнаар хянаж дараа хэлэлцэн нэг тийш болгохоор тогтов.

Дөрөвдүгээр зүйл. Ардын засгийн газрын цэргүүд Монгол газрыг эзлэхэд оргон зайлсан хүмүүсийн хөдлөх ба хөдлөхгүй хөрөнгө цөм Монгол Ардын Засгийн газрын өөрийн хөрөнгө болвоос зохимой.

Тавдугаар зүйл. Зөвлөлийн засагт Орос ба Монгол хоёр улсын дайсны явдалд хөрөнгө мөнгө буюу биеэр явж хүчин тусалсан хүмүүсийн хөрөнгийг Монгол Ардын Засгийн газрын өөрийн хөрөнгө болгомой.

Тусгай тэмдэглэх нь: Дөрөвдүгээр ба тавдугаар зүйлүүдийн ёсоор гүйцэтгэн шийдэж үүнд хэрэв бусад олон улсуудын харьяат нарыг нэгэн адил үзэх аваас сайхь дурьдагдсан зүйлүүдийн ёсоор нийдлэн шийдэж болмой.

Зургаадугаар зүйл. Цагаантанд алагдсан буюу үхсэн хүмүүсийн хөрөнгийг залгамжлан авах эрх бүхий хүмүүст эгүүлэн олговоос зохих тул хэрэв тэдгээр залгамжлах хүмүүс Монгол газар байхгүй ахул Зөвлөлийн засагт Орос улсын төлөөлөгчөөр дамжуулан тус өмчийн тухай Орос газар бичгээр олонд ухуулан зарлаваас зохимой.

Тэрхүү өмчийг залгамжлан эзэн суух хүмүүсийг олдохын инар Монгол Ардын Засгийн газраас данслан хурааж түр өөрийн мэдэлд авч баймой.

Хэрэв тусгай бичиг гаргаж зарласан өдрөөс хууль ёсоор тогтоосон хугацааны дотор үлдсэн өмчинд эзэн суух эрх бүхий хүмүүсээс тус хөрөнгийг эзэн болж залгамжлах эрхээ илэрхийлэн эс мэдэгдвээс тэрхүү хөрөнгийг Монгол Ардын Засгийн газрын өөрийн хөрөнгө болгон хурааваас зохимой.

Долдугаар зүйл. Дөрөвдүгээр, тавдугаар, зургаадугаар зүйлүүдэд дурдагдсан хөрөнгийг Монгол Ардын Засгийн газрын өөрийн хөрөнгө болгон шилжүүлэхэд 1921 он ноябрь сарын тавны өдөр

Зөвлөлийн засагт Орос улс ба Монгол Ардын Засгийн газрын хэлэлцэж тогтоосон гэрээ бичигт нэмж тогтоосон протоколын доторх дүрмийг баримталмой.

Наймдугаар зүйл. Энэхүү протоколд гарын үсэг зурж баталснаас хойш зөвлөн хэлэлцэж нэг тийш болсон бүх хэргүүдийг хоёр этгээдээс гүйцэтгэн шийдэхэд нэг адил энэхүү хэлэлцэн тогтоосон гэрээ бичгийг баримталваас зохихоос гадна дөрөвдүгээр, тавдугаар ба зургаадугаар зүйлүүдэд дурьдсан хэргүүдийг хоёр этгээдээс комисс томилон гаргаж, мөн Оросын харьяат нарын тухай байдлыг магадлан тодорхойлмой.

Зөвлөлийн засагт Орос улсын Гадаад хэргийн яамнаас Монгол газар суугаа төлөөлөгч Охтин.

Монгол Ардын Засгийн газрын Гадаад хэргийн яамны тэргүүн сайд Цэрэндорж

 

1922 оны май сарын гучин нэгний өдөр.

Олноо өргөгдсөн 12 дугаар оны дөрвөн сарын шинийн 5-ны өдөр.

Нийслэл хүрээ.

 

Хөрвүүлсэн: Д.Наранцэцэг