МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
Түүхэн баримт мэдээ, судалгааны бүтээл
НИЙГМИЙГ АЮУЛААС ХАМГААЛАХ ЯАМНЫ МУЗЕЙ

1978 оны 3 дугаар сард НТХ-ны 145 дугаар тогтоол гарч, Хилийн цэргийн музей байгуулах ажлыг НАХЯ-нд үүрэг болгосон юм. Үүний дагуу надад 1978 онд НАХЯ-ны музей байгуулах бэлтгэл ажил ханга гэснээр би тус яамны музейн анхны ажилтан болж билээ.

1979 оны 3 дугаар сард миний хүсэлтийг сайд хүлээн авч, музей байгуулах бэлтгэл ажлыг хангах тасгийг шинээр байгуулж, даргаар хурандаа Ж.Жамъян гуайг томилж, Б.Болд, С.Базар нарын гарын уртай залуусыг энэ ажилд татан оруулснаар бид музейн үзмэр цуглуулах, уран бүтээл хийх зэргээр зав чөлөөгүй ажиллаж байлаа. Музейд юу шаардлагатай байгаа бүх зүйлээр хангахыг бусад албадад үүрэг болгоод, өглөө 9 цагт сайд дээр албадын дарга нар цуглаж, нэгдүгээрт музейд, тэгээд дараа нь бусад албадад шаардлагатай зүйлүүдийг ярилцаж, дор дор нь хариуг нь өгч, маш шуурхай ажиллуулж байлаа.

Музей байгуулах ажлын хүрээнд 8 дугаар сард Халх голын ялалтын 70 жилийн ойгоор П.Чогдон баатартай хамт тулалдаан болсон газраар явж, дурсамж яриаг нь тус яамны ажилтан, ахмад С.Гэндэндарам хамт бичлэг хийж явсан. Үүний дараа Ховд аймаг явж, Монгол Улсын Баатар Э.Шийлэгтэй биечлэн уулзаж, бас Монгол Улсын Баатар Бадамын төрсөн дүү Б.Цэдэвтэй уулзан баатрын талаар асууж, сураглан тодруулж, бичлэг хийж, баримт материал цуглуулж, музейд тавихаар авчирсан билээ.

Музей барих барилгын газрыг авч, улмаар улаан шугам татуулах, бүх холбогдох газруудаас зөвшөөрөл авах ажлыг гүйцэтгэж байсан ба суурийн фундамент ухах ажлыг тус яамны гадаадад сурдаг оюутнуудаар зуны амралтаар нь хийлгэх 15 хоногийн ажилтай нь зохицуулж, ажлыг нь нормчлон тогтоож, байнга эргэж тойрч, гүйцэтгэлд нь хяналт тавьж, гарын үсэг өгсний дараа оюутнууд тэтгэлгээ авдаг байв. Барилгыг 1982 оны 12 дугаар сарын 24-нд хүлээн авч, дотоод заслын ажлыг музейн дотоод интерьерийн ажилтай зэрэг гүйцэтгэж, хугацаанд нь өгөхийн тулд өдөр шөнөгүй шуурхай ажиллаж байв. С.Лувсангомбо сайд өглөө бүр ажлын цаг эхлэхээс өмнө 6-7 цагийн үед ирж, ажлын явцыг биечлэн шалгаж, үүрэг даалгавар өгч байсны хүчинд бид музейгээ хугацаанд нь дуусгаж, 1983 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нээлтээ хийж билээ.

Музейн дотоод интерьерийн ажлыг хурандаа Жамъянгийн удирдлаган дор ахмад Б.Гантулга миний бие, бага дэслэгч С.Базар, дэслэгч Б.Болд, ахлагч Б.Төмөрбаатар, ахлагч С.Март, ахмад А.Дамбадаржаа, гагнуурчин, ахлагч Ц.Ганбат, цэрэг жолооч Я.Хүрэлбаатар болон мөн бидэнд туслуулахаар өгсөн 10- аад цэрэг бид хэд хийж гүйцэтгэсэн бөгөөд манай музей нь жинхэнэ музейн зориулалтаар үзмэр дизайн нь хийгдсэн Монгол Улсад анх удаа өөрсдийн хүчээр босгосон музей байсан юм. Музейн барилгыг хүлээн авч, дотоод интерьерийн зургийг дахин хийж, мөн ажлын зургийг нарийн хэмжээгээр хийх самбар болон холбогдох материалуудыг Социализмын материал техникийн төв бараа бааз нэртэй газруудаас цуглуулж аваад дан өөрсдийн хүчээр хөрөөдөх, гагнуур хийх, хэдэн мянган шрупийг шрупдэх, нүх цоолох, бүх самбарыг одончуу материалаар бүрэх, самбаруудыг хананаас хөндий байрлуулах, төмөр карказыг бэхлэх зэргээр бүх ажлыг гар аргаар хийж гүйцэтгэсэн билээ.

Манай залуучууд 1 дүгээр сараас 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл өдөр шөнөгүй ажиллаж музейг ашиглалтад хүлээлгэж өгч билээ.

Музейн барилгын архитектор нь Төрийн шагналт уран барилгач Лувсандорж байв. Музейн барилгыг Хилийн цэргийн 0119 дүгээр ангийн барилгачин дайчид, хошууч Лувсанноров, ахмад Дорждагва нарын удирдлагаар хугацаанд нь чанар үзэмж сайтай барьж, ашиглалтад өгсөн билээ.

Тухайн үед музей байгуулах туршлага байхгүй бидний хэдэн залуучууд өөрсдийн бор зүрх сэтгэлээрээ НАХЯ-ны музейг байгуулж, үргэлжлүүлэн НАХЯ-ны харъяа байгууллагуудын түүхэн замналыг сурталчлах ажлуудыг зохион байгуулж, албан газрууд, 10 жилийн сургууль, их дээд сургуулийн оюутнуудад лекц яриа хийх, түүхийн хичээл явуулах боломжоор ханган ажиллаж байгаад 1997 онд татан буугдсан билээ. Татан буугдсан гол шалтгаан нь Төрийн Өмчийн Хорооноос төрийн өмчийн барилга гэдгээр дуудлага худалдаанд оруулан Монгол төрийн түүхийн нэгэн хэсэг болох соёл, түүх, эрдэм шинжилгээний байгууллагыг устгасан билээ.

 

Дурсамж бичсэн:

НАХЯ-ны Музейн захирал асан,

Б.Гантулга