МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
Түүхэн баримт мэдээ, судалгааны бүтээл
ДЭ ВАН ДЭМЧИГДОНРОВЫН БНМАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАРТ БИЧСЭН ЗАХИДАЛ

Өвөрмонголын Дэмчигдонров би бээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд, Маршал жанжин Чойбалсан нөхөр эхлэн Засгийн ордны олон сайд нар танаа шууд сонордуулах нь:

Өвөрмонгол болвоос урд, одоогийн хооронд Хятадын их хятадчилах зорилтын дор дарлагдан эзлэгдэж ирсэн ба фашист японы дор арваад жил эзэрхэг нухлагдлыг амсаж байтал ертөнцийн хоёрдугаар байлдаан гэгээн гэрэлтэйгээр төгсөж, дэлхий нийгмийн дайсан махчингуудын дарлагдлыг тэсвэрлэсээр ирсэн ба тус тусдаа гар өргөн буумагц манай Монголын ард түмэн нь эдүгээ манай шинэ улс лавтайяа эх орны минь ариутган арилгаж бидний удаан хүлээснийг дийлж эрх чөлөөг олгон биелүүлж цаашид Монгол үндэстэн цөмөөр хамтран нэгдэж улс үндэстэн нь улмаар мандан хөгжих гэрэлт замдаа алхам дэвшиж орох буюу гэж эргэлзэн хүссэн боловч цагийн хувьсгалт ба орчин тойрны бараагаар жинхэнэ эрх чөлөөгөө олж чадсангүйгээр үл барам мөн ч хуучин хэвээр Хятадын хайлуулан сөнөөгч хорт засгийн эрхэн дор хамагдаж, Монгол ард түмэн нь бас ч гал усны хатуу бэрх зовлон зүдгүүрийг нийгэмдээ давхар давхар эдэлсээр энэ өдөр хүрч ирэв. Үүнээ Монголын хичнээн тооны халуун цустнууд нь өтгөс ба залуусын ялгалгүй Монгол угсаатны үндсэн зогсолт дахь бүрэн эрх чөлөөг олохоор хангалт болгож, Хятадын төв оронд Монголын маш өндөр зэргийн өөртөө засах эрхийн биелвээс зохистой зүйлүүдийг хичнээн удаа гуйлт тавин шаардуулсан боловч ер өчүүхэн төдий хангалтыг олгож өгсөн зүйлгүй байсаар билээ.

Энэ удаа Дэмчигдонров миний бие цагийн тохиолыг тааруулан амжиж 3 жилийн цагийн хязгаарлалаас мултран гарч, Алшаа хошуунаа хүрч ирээд олноор чуулалдаад Хятадын төв орныг хуучин түүний хамааралдаанд багтаж байсан Засгийн ордон гэж бидний зүйг хүчитгэе хэмээн түүнээс үндэстний өөртөө засах зөвшөөрөл эрснээ харин маньд сүвэгчлэн бэлтгэх хурал байгуулж хэзээ өөртөө засах нөхцөл хэмжээ бүрэлдсэн хойно дахин хянан тогтооё хэмээснийг анхааран хүсэж байна.

Ард олны саналыг голчлон дагаж монгол ард түмний удаан жилийн хятадын эзэрхийлэн дарлахаас салан ангижирсугай хэмээсний тэргүүн нэгэн алхмыг бүтээн биелүүлэхээр Монголын өөртөө засах Засгийн ордон одоо нэгэнт зохион байгуулсан тул бид нарын хүсэх нь:

Манай яс махны тасархай ураг садны холбогдолтой Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн ордны сайд мэргэд та нар уудам саруул бодолдоо нарийвчлан тольдож бид нарын өдөр ирэхүй алагдан хорогдож байгаа хөөрхий олон Монгол ардыг хэрхэн шунахай хятадуудын дарлан мөлжихөөс авран гаргаж, өөрийн хувьсгалыг өөрөө хийсүгэй хэмээсэн ажил явуулгын дээр халуун хавсарлагаа хангаж өгөн хайрт сэтгэлдээ онилон зөвшөөрвөөс одоо бидний чухал завшаан хишиг хэмээн баясалцан талархахаа илтгэхээс гадна аливаа нарийнийг томилогдон хүрсэн миний тус биеийн төлөөлөгч Лувсанноровтой хэлэлцэн зааварлаж түүнийг даруй түргэн буцаан илгээж, манай ажлын амжилттайгаар урагшлахад дөхөм тус болгомуу хэмээн машид хүсэн бариулахын ялдамд жич миний гэргий, хүүхэд хотлоор сайх жил маш аюултай түгшүүр зовлонг амсахаар байсныг харин улсын өршөөл ба та бүхний гүн харгалзлалаар хамгаалагдан эх орон нутагтаа амар цэнгэлтэйгээр аж төрөн чадсан ба бас тэд нарыг сурган хүмүүжүүлж хожим өдрийн улс үндэстэндээ зүтгэн чармайхын нэмэр чадварыг олгон хайрласан ач тусыг Дэмчигдонров миний бие даанч баярлан марташгүйгээр сүсэлж талархан бүхийгээ дагалдуулан мэдүүлж үүний тул эрхэм та бүхний амгалан сайныг айлтган бариулав.

Дэмчигдонров ёслов.

Богд Чингисийн 744 он /1949 оны 8 дугаар сарын 24/

Бүх Монгол үндэстэн бүгдээр нэгдэн мандтугай.

Хөрвүүлсэн: С.Цэрэндэжид