МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
EN
MN
Ном, уран зохиол
Х.Чойбалсан ба Дотоод Явдлын Яам

Ш.Агваан “Х.Чойбалсан ба Дотоод явдлын яам” товхимолд 1937-1939 онд Монгол оронд үй олон хүнийг улс төрийн хилс хэрэгт холбогдуулан баривчилж хэлмэгдүүлсэн учир шалтгааныг тодруулахдаа тэдгээр хүмүүсийн өдүүлсэн төрийн эсрэг ямар нэг хэргийн талаар ямар ч мэдээ материал монголын ДЯЯ-д байгаагүйг тогтоосноороо ач холбогдолтой юм. Дэлгэрэнгүйг Ш.Агваан “Х.Чойбалсан ба Дотоод явдлын яам” номноос үзнэ үү.

Маршал Х.Чойбалсан

Х.ЧОЙБАЛСАН БА ДОТООД ЯВДЛЫН ЯАМ

Өмнөх үг 

    Уншигч Танд толилуулж буй энэхүү өчүүхэн товхимолд 1937-1939 онд тус оронд үй олон хүнийг улс төрийн хилс хэрэгт холбогдуулан баривчилж хэлмэгдүүлсэн хүнд гэмт хэрэг гарсны учир шалтгааныг архивын баримт материалаас олж үзэхийг оролдох явцад уншсан зүйлдээ тулгуурлан болсон явдлын үнэн учрыг зөвөөр ойлгоход ялимгүй ч болов тус болж юуны магад хэмээн хичээнгүйлэн оролдлоо. 

    1937-1939 оны хууль ёсыг зөрчсөн ноцтой балмад ажиллагааны талаар олон хүн хүн /түүхч, сэтгүүлч, судлаач, хуульч/ цөөнгүй бичсэний дотор үйл явдлын зарим нэг баримтыг бусад үйл явдлаас харилцан шүтэлцээ, авцалдаагүй авч үзсэнээс хоорондоо зөрчилтэй бичигдсэн баримт сэлт багагүй бичигдсэн нь бий. 

    Энд Х.Чойбалсан болон Дотоод Явдлын Яамны тухайн үеийн үйл ажиллагааны үнэн байдлыг олон түмэнд илүү дутуугүй ил тодоор гаргаж тавьснаар түүхэн үнэнийг зөвөөр үнэлж олйгоход зориулан олж уншсан баримт сэлтийг дурьдсан бүлгээ. 

    Х.Чойбалсан түүний хамт ажиллагсдын гэмт явдлыг цагаатгах юм уу хөнгөвчлөх эсхүл хамаг бурууг хүчээр чангаруулан тулгах явдлаас аль болохоор зайлсхийж гагцхүү үнэн баримтыг уншигч танд хүргэн толилуулахыг хичээсэн билээ. 

    Х.Чойбалсан төрийн зүтгэлтний хувь монголын түүхэнд эзлэх байр суурийг судалж дүгнэх нь түүх судлаачид хийж буй ажил бөгөөд энд зөвхөн ДЯЯ-ны сайдаар ажилласан үедээ хууль ёсыг зөрчсөн завхралтай холбогдох үеийг авч үзэж байна. 

    Энд бичсэн зүйлд эрхэм мэргэн уншигчдаас алдаж оносныг шүүн тунгааж цаашид судлаачдын ажил үйлсэд тус болох мэргэн бодол санаагаа илэрхийлж тусална гэдэгт гүнээ итгэж байна. 

ЗАВХРАЛ ХЭЗЭЭ ЭХЭЛСЭН БЭ 

    Аливаа улс гүрний төрийн мехнизмд ямараар нэрлэвч нийгмийн байгууллаас үл хамааран улс орны тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, өөрийн үндэсний эрх ашгийг хамгаалахын тул улс орны гадна ба дотоодод төр, засгийн оршин тогтноход хор аюул учруулж болох ямар ба анги, бүлэг, хүчийг урьдчилан мэдэж, илрүүлэн сэрэмжлэх, өтр засагтаа туслах байгууллагатай явж ирсэн нь улс бүхэнд байсан, одооч байгаа билээ. 

    Монголд ардын хувьсгал ялж шинэ тулгар Ардын төр, тогтоод, цаашдаа улс орныг төвхнүүлэхэд шаардлагдах байгууллагыг байгуулсны дотор цэргийн зөвлөлийн мэдэлд Дотоодыг хамгаалах газрын үндсийг тавьж эхэлсэн түүхтэй. 

    Энэ байгууллага оршин тогтнож ирсэн бүх үедээ төр, ард, түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ирснийг бүхэлд нь үгүйсгэж болохгүй нь мэдээж. 

    Харамсалтай нь тус байгууллагын үйл аижллагаа үргэлж зөв шударга явж чадаагүйг түүх харуулсан . Харин ДЯЯ-ны Улсыг аюуулаас хамгаалах байгууллагын ажилд хуувь ёсыг зөрчиж, хүний эрхийг эвдэж хэлмэгдүүлснийг авч үзэхдээ бүх талаас нь нарийн тунгааж, түүэнд чухамхүү үнэн мөнөөр тогтоох нь чухал юм. Иймээс ДЯЯ-ны УАХБ-ын түүхэнд гарсан алдаа, завхралын талаар орон цаг, эзэн шалтгаантай авч үзэх учиртай. Тухайлбал зарим тохиолдолд ДЯЯ-ны УАХБ-ын түүхэнд гарсан алдаа завхрал бүрийг гагцхүү Х.Чойбалсангийн буруугаас болсон мэт нэг талыг барьсан хандлага хааяа үзэгддэг нь үнэн байдалд нийцэхгүй юм. Х.Чойбалсан болон ДЯЯ-ны үйл ажилд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө хар цагааныг байвал зрхих хэмжээнд нь зөвөөр ялган салгаж үзсэнээр болсон явдлын бурууг булж, нүгэлийг далдлах гэсэн хэрэг биш. Түүхэн баримтыг гуйвалт, хазайлтаас хамгаалах хэрэгтэй гэж үзсэний илрэл буюу. 

    1925 онд МАХН-ын ТХ-ны гишүүн ерөнхий сайд Б.Цэрэндоржийн оруулсан саналаар Дотоодыг хамгаалах газрын зарим ажилтан нар ДХГ-ын ажлын чиглэл журмыг гуйвуулж албаны нэр сүрийг ашиглан элдэвүл зохилдох танхай дүрсгүй явдлуудыг гаргаж, учир бүдүүлгээр хүнийг барьж хорих зэрэг байдлууд гарснаар ДХГ-ын дарга К.Баторун, хэлтсийн дарга Сандуйжав бусад хэдэн хүнийг албанаас халж ДХГ-ын даргаар Н.Насанбат, комиссарт Н.Хаянхярваа нарыг томилохын хамт боловсон хүчнээр бэхжүүлэхийн тул ардын хувьсгалын партизан Г.Бумцэнд, С.Жамсран зэрэг нөхдийг шилжүүлэн энэ байгууллагыг цэвэр ариун байлгахад нэг удаагийн арга хэмжээ авч байв. 

    Хувьсгалт арга хэмжээг цаашид гүнзгийрүүлэн хэрэгжүүлэх түүхэн үед нам, төрийн удирдлагын дотор үзэл бодлын талаар хагарал гарч хоорондоо тэмцэлдэх үзэгдэл нэг бус удаа гарч улс хоорондоо тэмцэлдэх үзэгдэл нэг бус удаа гарч улс орны хөгжлийн тулгамдсан асуудлыг ашигтайгаар шийдэхийн оронд нэг бүлэг нь нөгөөгөө дарж цохиход харийн туршлагыг хуулбарлан хэрэглэж ДХГ-ын хүч хэрэгслийг ашигладаг байснаар үндэсний сэхээтэн боловсон хүчнийг мохоож байсан баримт цөөнгүй. 

    Нэг үе “баруунтан ” гэгчийг бий болгон Ц.Дамбадорж, Н.Жадамба нарын зэрэг зэрэг сэхээтнүүдийг “ дарж ” улс төрийн тавцангаас зайлуулаад “зүүнтэн” нам, төрийн удирдах байр эзэлж Зөвлөлт Холбоот Улсын дотооддоо явуулсан бодлогыг механикаар тулган коминтернийг ашиглан түүний нэрийг барьж Монгол орны байдалд нийцэхгүй элдэв “довтолгоон”, “кампани ” явуулж үнэдсэний соёл, түүхийн уламжлалыг сүйтгэх, ард түмэн, сүсэгтний эрхийг хавчин хязгаарлах, өмч хөрөнгийг хураах, феодал хэмээн хавтгайруулах устгах зэрэг алдаатай бодлого явуулж “феодалыг устгах”, “лам нарыг устгах” тухай тогтоол шийдвэр гаргасныг биелүүлэхэд аанай л дХГ гүйцэтгэгч нь болж олон хүний эрх сонирхолд хор хүргэсэн. 

    1933-1934 онд Ж.Лхүмбийн “япон тагнуулын” хэрэгт 2140 хүний нэр илрүүлэн үүнээс 534 хүнийг баривчлан байцааж, түүнээс 317 хүнийг Ж.Лхүмбийн Төв, Дорнод, Хэнтийн бүлэгт хамруулан нэр заан шийтгэж бусдыг нь тэр бүлэгт оруулаагүй боловч “Япон тагнуулын хэрэг” гэгчдээ тойруу замаар хамруулан яллаад зогссонгүй, 1936 онд Егүзерийн хийд, Дорнодын лам Жамъянтив болон Өлгийн хийдийн лам нарын “япон тагнуулын” хэрэг гэгч зохиомол хэрүүдийг бий болгон үргэлжлүүлэн баривчилж мөрдөх, яллах явдал гарсаар байв. 

    Эдгэр хэрэг явдалд ДХГ оролцон үүрэг гүйцэтгэсэн боловч 1936 оны 2 дугаар сард Х.Чойбалсан ДЯЯ-ны удирдлагад дөнгөж ирээд байсны дээр үүнээс өмнөх үед ажил байдал, ахуйн хувь зарим талаар доголдож, дээр доор орох, гутаж гуних явдал тохиолдож явсан үе байв. Ийм учраас Х.Чойбалсангийн хууль завхруулсан гол алдаа завхралыг ДЯЯ байгуулж сайдаар нь Х.Чойбалсан ажилласан үе буюу 1936 оны 11 сараас 1940 оны 6 сар хүртэлх үеийг түүний нэртэй холбож авч үзэх хэрэгтэй болов уу. Гахдээ Х.Чойбалсан ДЯЯ-ны сайдаас өөрчлөгдсөн ч төрийн толгойд байж ДЯЯ-ыг шууд гартаа барьж дангаар захирч байсан нь түүнээөс хойших үед гарсан алдаа завхрал ба Х.Чойбалсантай холбоотой гэдгийг үгүйсгэж болохгүй юм.     

    ДХГ-ын үйл ажиллагаанд хууль ёсыг зөрчиж алдаа завхрал гарч түүнийг засч залруулахаар нам, засаг шийдэж Х.Чойбалсанд итгэл найдвар өгч ДЯЯ-ны сайдаар томилжээ. Гэвч хууль ёсыг зөрчих ажлыг улам даамжруулах ард түмнээ хардан сэрдэж “хувьсгалын эсэргүү, японы тагнуул” гэдэг нэрээр бөөнөөр нь барьж шинэ маягийн эрүү шүүлт тулган хүчээр хилс хэрэг хүлээлгэн алан хядаж, хорьж шийтгэж байсан тэр үеийн гунигт аймшигт үйл явдал Х.Чойбалсангийн нэртэй салшгүй холбоотой юмэ. Энэ бяцхан товхимолд Х.Чойбалсангийн тэр үеийн үйл ажиллагааг бодит үнэнээр нь гаргахад туслахзорилгоор таны мэргэн оюунд толилуулахыг хүссэн билээ. 

ДОТООД ЯВДЛЫН ЯАМ БАЙГУУЛЖ Х.ЧОЙБАЛСАНГ САЙДААР ТОМИЛСОН НЬ 

    МАХН -ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн 1936 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар ДХГ-ын ажлын тухай авч хэлэлцээд ДХГ-ыг ДЯЯ болгон байгуулж сайдаар нь Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд партизан Х.Чойбалсанг хавсруулан томилох тэр үеийн гадаад, дотоод байдал, ангийн хүчний харьцаа ДХГ-аас явуулж ирсэн тэмцэл, арга барилтай холбогдсон хэд хэдэн онцлог байдал байсныг товч тэмдэглэхэд: 

    Гадаад байдлын хувьд Японы эзэрхэг түрэмгий нэр Герман, Италийн фашитстуудтай нэгдэн гурвын эвсэл байгуулан дэлхийн алс дорно зүгт эзлэн түрэмгийлэх дээрмийн бодлогоо хэрэгжүүлэх ажил явууллага илтэд болж Манжуур, Хятадын зүүн хойд хэсгийг эзлэн авч улмаар БНМАУ-ын хилд зэвсэгт халдлага удаа дараа хийж Монголыг эзлэн улмаар цэрэг дайны талбар болгон Зөвлөлт Холбоот Улсын эсрэг дайны ажиллагаа үргэлжлүүлэх стратегийн бодлогоо биелүүлж эхэлсэн үе байв. 

    Японы харгис түрэмгийчүүд энэ бодлогоо биелүүлэхийн тулд БНМАУ-ын эсрэг цэргийн хүчээр сүрдүүлэх, улс төрийн талаар шахан хавчих /Манж-Монголын хэлэлцээ/, тагнуулчдаа нэвтрүүлэх, ялангуяа манай орны дотоод дахь цагааны оргодол, хар, шар феодалын зарим хэсэг нь нам, засгийн хувьсгалт арга хэмжээг элдэв хэлбэрээр эсэргүүцэх явдал гарсаар байсан нь Японы тагнуулын газрын үйл ажиллагаатай хялбархан холбогдох манай тусгаар тогтнолд хор хохирол учруулж болох байлаа. 

    Энэ нь улс орныг батлан хамгаалах тодорхой арга хэмжээ авах улс үндэсний бат бэх оршин тогтноход УАХБ-ын тагнуул, сөрөх тагнуулын ажлыг идэвхжүүлэх нь зүй ёсоор шаардагдаж байжээ. 

    Манай орны дотоод байдлын хувьд ард түмэн хувьсгалт нам, засгаа нягт хүрээлэн ардын хувьсгалаар байлдан олсон эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалан цашдын сайн сайхны төлөө өөдрөг сэтгэл санаа, нэгдсэн эрмэлзэлтэй байсан боловч нэлээд хэсгийн дотор нам засгийн бодлогод эргэлзэх, эсэргүүцэх, зарим хэсэг нь гадаад дотоодын харгис хүчинтэй ойртох, иэндээс ус дэмжлэг олохын тулд тэдэнд ашиглагдах явдал байжээ. МАХН-аас барууны хэлбэрэл, зүүний нугалааг засах, цаашдаа хар, шар феодалыг ангийн хувьд устгах, гадаадын худалдаачин-миөнгө хүүлэгчдийг шахан зайлуулах, дамын худалдаатай тэмцэх, шашин-лам нарын эсрэг авчан арга хэмжээ нь ардуудын нэлээд хэсгийн эрх ашиг, санаа сэтгэлд нийцэхгүй учраас дотоодод зөрчил тэмцэл багагүй байв. 

    МАХН-ын 8-р их хурлаас хар, шар феодалыг бүрмөсөн устгах тухай гаргасан шийдвэр “Дээд лам нарын тухай” Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн тогтоол / 1931 он/, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын “феодалыг цаашид хэрхэн устгах тухай” тогтоол /1932 он/ зэрэг арга хэмжээ сүсэгтэн ард түмний санаа сэтгэл, эрх ашигт үбрэн нийцээгүй учир хил хязгаараас дүрвэн нүүх, зэвсэгт бослого гаргах, цуурхал тараах, нам төрийн бодлогыг эсэргүүцэх явдал гарсаар ирсэнийг илрүүлж, зохих арга хэмжээ авахдаа Д.Намсрай даргатай ДХГ алдаа дутагдал гаргаж хувьсгалт хуулийн зарчмыг алдаж хилсдүүлсэн явдал гарч байсан нь Ж.лХмүбэ, Ц.Жигжиджав нарын толгойлсон “Япон тагнуулын” хэрэг, лам Жамъянтивийн зэрэг нэлээд хэрэг дээр тодорхой болж нам, төрийн удирдах ажилтан, сэхээтэн, лам хувраг, ардуудыг цаазлан хохироож, цөллөгөнд явуулж үр хүүхдийг өнчрүүлж айл өрхийг сарниулан ард иргэдийн зарим хэсгийг айж эмээх, дургүйцэх байдалд хүргэсэн үед ДЯЯ байгуулагдсан байна. 

    Энэ талаар МАХН-ынТөв хорооны тэргүүлэгчдийн 1936 оны 1 дүгээр сарын 20-нд хуралдсан 43, мөн 1936 оны 2 дугаар сарын 26-нд хуралдсан 49 дүгээр хурлууд болон мөн оны 3 дугаар сард хуралдсан П бүгд хурал дээр ДХГ-ын үйл ажиллагаанд хувьсгалт хуулийг завхруулж гэмгүй хүмүүсийг хилсдүүлэн шийтгэж байсан алдаа дутагдлуудыг Намын Төв хорооны гишүүд ба тэргүүлэгчид илрүүлэн шүүмжилсэн байна. Үүнд: 

    Д.Лувсаншараваас- /Намын Төв Хорооны тэргүүлэгч, Төв Хорооны нарийн бичгийн дарга/ “… Дотоодыг хамгаалах бол ямар нэгэн хэргийг үүсэж гарахын өмнө боловсруулж мэдсэн бөгөөд ямар нэгэн хорт хэргийг өдүүлэхгүй байвад зохих амой. Гэтэл хамгаалах нь хэзээ хэрэг гарсан хойно мэдэж боловсруулдаг амой. Жишээлбэл комбинатыг шатаасан, 22 /1932 /оны хувьсгалын эсэргүү хөдөлгөөнийг урьдаас мэдээгүй байсан ба одоо ч гарч буй олон зүйлийн элдэв цуурхлуудыг огт мэдээгүй байна”. 

    А.Амараас - /Намын Төв Хорооны тэргүүлэгч бөгөөд Улсын Бага Хурлын дарга/ “Аливаа нэгэн их бага хэргүүдийг алиныг ч эрхбиш мөрдөн байцаахдаа хянан шалгах ажлыг чанартай бөгөөд баримттайгаар явуулах чухал 2-3 жилийн дотор хамгаалахын ажилд үл тохирох ажлууд гарч байсан, хуулийг зөрчих ба хуулийн завхруулагчдыг зөвөөр илрүүлэх нь чухал болно. … Шүүх яам, Дотоодыг хамгаалах гэх мэтийн зарим газрууд хоорондоо зөрүүтэй байдаг төдийгүй хариуцлагатай ажилчид, ардуудад ч дотоодыг хамгаалах ямраар үзэгдэж буй нь тодорхой байна. Бид нар олон нийтийн өргөн хяналтын дор өөрийн ажлын дутагдлыг илрүүлэх нь чухал болох учир энэ асуудлуудыг засаж болох байсан …” 

    Д.Яндагаас -/Намын Төв Хорооны тэргүүлэгч бөгөөд Монгол тээхийн дарга/ “... Миний бие хэдэн жил нам улсад нэлээд хүнд хариуцлагатай ажлыг хийж буй бөгөөд энэ завсар Д.Намсрай, Б.Аюуш /ДХГ-ын дарга орлогчид/ нараас таны доод аппаратын дотор тийм эсэргүү этгээд чингэж машин техник, багаж зэвсгийг эвдэх, сүйтгэх гэж буй гэх буюу ямар нэгэн үл зохилдох байдлын тухай надад нэг ч удаа мэдэгдэж: хэлж байсангүй болой. Тэр ч байтугай эсэргүү Лхүмбийн хэргийг ер мэдсэнгүй. Зөвхөн Лхүмбийг баривчлагдсанаас хойш би олж мэдсэн байсан. Хойшид ямар нэгэн ажлыг явуулахдаа бид нар хамтын хүчээр олонхийн саналыг баримтлан ажиллах нь нэн чухал. Ер нь дотоодыг хамгаалах бол нэг хүний /Гэндэн/ хамгаалах биш, Монгол улсын хамгаалж түүнийг хорлож дайсагнах этгээдийг илрүүлэх газар байвад зохино. Бид нар хамгаалахын ажлыг сайжруулахын хамт түүний алдар хүндийг дээшлүүлэх хэрэгтэй. Тэнцэхгүй эмтгээд байвад халах хэрэгтэй” гэжээ. 

    Д.дашчираваас -/Намын Төв Хорооны Тэргүүлэгч, цэргийн улс төрийн газрын дарга/ “ДХГ бол нам, засгийн бодлогыг зөвөөр биелүүлэх, түүнийг хамгаалж гүйцэтгэх үүрэгтэй газар болой. 

    Гэтэл өөрийн оршвол зохих, эзэлбэл зохих суурин дээр явж чадаагүй болно. Жишээ нь “… гадаадын эзэрхэг нарын тагнуулууд ба дотоодын хувьсгалын эсэргүү нартай хувьсгалын ёсоор тэмцэх ба түүнээс сэрэмжлэн хамгаалж, тэдний элдвээр оролдож өдөөхийг хичээж буй хорт оролдлогуудыг урьдаас мэдэж боловсруулан байх явдал нь ихээхэн дутагдалтай болно. Тэр төдийгүй өөрийн эзэлбэл зохих улс төрийн ерөнхий журмаас хайзайж гуйвсан элдэв янз бүрийн зохимжгүй байдлуудыг гаргадаг байна. 

    Нам засаг ба хувьсгалд эсэргүү тийм хэргүүдийг илрүллж гаргах явдал туйлын сулаарүл барам харин хар, шар феодалуудтай эсэргүүцэн тэмцэх явдлаас айж ухардаг бөгөөд … Харин тэд нарын оронд Монгол улсын төлөөнөө санаа зовж явсан ард албан хаагчдыг баривчилж шоронд суулгадаг байна. … ДХ-ынг гол ажил нь аж ахуйн газрууд ба царгийн газрын тухай ихээхэн материал гаргадаг … зармиыг хянаж үзвэл огт худал зүйл байдаг. … дХГ нь цэргийн ойр байгаа сүм хийдийн лам нарын дотор ямар ч ажлыг хийгээгүй атлаа цэргийн зүгт ажлаа чиглүүлдэг нь ихээхэн сонирхолтой байдаг. .. ба нэг жишээг хэлэхэд: Дорнод аймгийн толгой лам нэг байна. Гэтэл ард ба цэргүүд Дорнодын шоронгоор дүүрэн хоригдож байна ” гэжээ. 

    П бүгд хурал дээр Г.дэмид, Д.Яндаг, Буянтогтох, Д.Дашчирав, Д.Ширнэн, А.Амар нараас ДХГ-ын талаар оршиж буй алдаа дутагдлыг ерөнхий сайд байсан П.Гэндэн, ДХГ-ын Д.Намсрай, Б.Аюуш нарын арга браилтай холбож шүүмжилсний дотор А.Амараас хэлэхдээ: “… н.Гэндэн алив нэг хууль дүрэм тогтоох, батлах явдалд хянах болгоомжлохыг үл хайхрах ба түүнчлэн хууль дүрмийг зөвөөр хэрэглэж буй эсэхийг хянадаггүй бөгөөд улсын дотор ямар нэг их бага хэрэг үүсэхэд түүний тухай огт санаа зовохгүй буюу хянах, болгоомжлохыг бодохгүй байдаг. Ямар нэг хилс гомдолтой хэрэг явдал гаравч мөн хайхарч үздэггүй. Хэрэг ял гэгч бол жинхэнэ хийж үйлдсэн дээрээс бүтэж гардгаас биш хэн нэгэн хүн санааны дураар зохиомол хэрэг ба зохиомол аргаар хийж явуулдаг тийм ёс хаана ч байж хэрхэвч үл болно. Ялангуяа бүдүүлэг нүүдлийн байдалтай бөгөөд гэмт хэргээс биеэ хамгаалах мэдлэг боловсрол нээгдэж чадаагүй манай монгол орноо тийм үнэнгүй зохиомол хэрэг явлад байж хэрхэвч үл болох амой. 

    Гэтэл хүний ёс ба хүний үнэр чанаргүй, хууль ёсыг завхруулагч зарим ажилчдаас тэр мэт хилс ташаа хэргийг зохиомолоор хийх буюу хянах болгоммжлах явдлыг хэрэгсэхгүйгээр хий хоосон хрэл яриа зэргээр хэтэрхий их хэрэг болгон өндөрсгөж хилс ташаа хэрэг явдалд холбох явдал ... байгаа мэт бөгөөд би энэ мэтийн зохисгүй байдлыг зогсоох тухай зориуд нөхөр Гэндэнд хэлж хил гужирт сүйтгэх явдлыг арилгаж үнэн шударга замд оруулах тухай удаа дараа ярьсан боловч огт хэрэгсэхгүй байсан. 

    Нөхөр Намсрайн эрхэлсэн ажил дээр их л гайхмаар эргэлзээтэй бөгөөд гужир гүдүү, хилс ташаа хэргүүд үзэгдсээр ирсэн. Ийм явдал ба хөдөөгийн ажилтчндын дотор боловч ихээхнээр үзэгдэх сонсогдох болсон ба улсын дотор гомдол гаргачдын өргөдөл мэдүүлэг ч ямагт олширч эргэлзмээр татгалзмаар хэрэг явдал хэзээд гарсаар байх болсон тул миний бие нөхөр Гэндэнд энэ тухай бас л хэлж эрхбиш нэг арга хэмжээ авбал зохихыг удаа дараа сануулж хэлсэнд ор төдий л хайхарч үзэхгүй өнгөрүүлдэг ба бусад зарим удирдагчидтай ярихад нэг адил жигшиж үзэх бөгөөд ... н.Намсрайд энэ мэтийн хилс гужир явдлуудыг засаж арилгах тухай хэлэхэд харин уурсан үүгээр түүгээр давхиж албанаасаа чөлөөлнө гэх хүртэл өгүүлэл гаргаж харин засах байтугай улам үргэлжлүүлэн явуулсаар иржээ. Түүгээр үл барам ямар нэгэн этгээдээс мэдүүлсэн бага хурлын тэргүүлэгчид авч хянах гэхэд ч н. Намсрай итгэж үзүүлэхгүй байдалтай байсан буюу хэрэгтэн ялтнаас бага хуралд гомдол мэдүүлэв хэмээн бас нэмж хэрэг ял оногдуулах жишээтэй байсан. 

    Нөхөр Намсрай ба түүнийг дагалдагч зарим этгээд нь өөрийн ажил дээр нам ба засгийн бусад удирдагч нөхөд лүгээ зөвлөх буюу заавар авах явдлыг огт хайхрахгүй гагцхүү Гэндэн лугаа зөвлөж түүний заавраар ажлаа явуулж байсан улсын дотор Гэндэнгээс өөр удирдагч байхгүй буюу байлгахгүй хэмээн бодож байсан мэт ба бас Намсрай нар ба тэднийг дагалдагч хэсэг этгээдүүдийн явуулж байсан зарим ажиллагаа нь хууль ёс ба хүний зүйд хэтэрхий харшилсан жигшүүртэй явдлууд ч байна. 

    Одоо дотоодыг хамгаалах газрыг Дотоод Яам болгон өөрчилж түүний сайдаар тулйн итгэл хзндтэй нөхөр Чойбалсангаар толгойлуулан тавьсан явдал нь дХГ /ДЯЯ/ -ын нэр сүр ба алдар хүндийг улам дээшлүүлэх хийгээд өөрийн зохистой шударга үнэнч зам зорилгыг тодотгон илрүүлэх ба бас ч тус улс орон ба ардын эрх чөлөөт байдалд ил далдуур эсэргүүлцэгч гадаад, долтоодын дайснуудыг илрүүлэн гаргах явдалд эрчимтэй ажиллаж өөрийн улс орон ба өөрийн ард түмний эрх чөлөөнд харшлах дайсан этгээдүүдийг илрүүлж улс, ард түмний амгалан тайван байдлыг батлан хамгаалж сахихн үүрэг зорилгоо биелүүлэх хэрэгтэй юм. Өөрийн ажил хэргийг зөв ба төвшин үнэнч замаар явуулах нь чухал болой” гэж шүүмжилжээ.     

    Х.Чойбалсанг шинээр байгуулах ДЯЯ-ны сайдаар томилох тухай Г.Дэмид санал гаргаж бусад тэргүүлэгчид зөвшөөрч санал өгөхөд Х.Чойбалсан хэлэхдээ: 

    “Дотоодыг хамгаалахын нэр нь одоо хүндтэй байна. Энэ бол дотоодыг хамгаалахын чухал болохыг ард бүхэн ойлгосноос болж байгаа биш. Харин гагцхүү түүнээс айх болгоммжлох байдлаас хүндэтгэж байна. Иймээс дотоодыг хамгаалах нь ардаас салж тасарсан бөгөөд ажлаа явуулахдаа их төлөв тушаалын хүчээр ба мөнгөөр түрж явуулдаг болжээ. Тийм газар ийм яриа цуурхал гарч байна гэсэн мэдээ материалыгдотоодыг хамгаалахгазраас гаргасныг ер үзсэнгүй. Харин аймгийн намын байгууллагуудаас Төв хороонд нарийн бичгийн дарга нарт ирүүлсэн захидлаас үзээд зохих арга хэмжээ авсан байна. 

    Нөхөр Авушаас Төв хорооны зарим тэргүүлэгчдийн нэрийг гаргаж хэлж байсан нь Төв хорооны зарим тэргүүлэгчдийн нөхөрлөж байгаа нөхөр ба түүний явж байгаа байдлыг ажиглавал ихээхэн сэжиглэлтэй зүйл буй тул энэ тухай анхаарлаа тавьж буй хэмээн хэлсэн. Түүнчлэн Намын Төв Хорооны тэргүүлэгчдийг харах тагнах явдал сүүлийн үед үргэлжилсэн бөгөөд одоогоор харсан тагнасан хүнгүй, айл нэг ч үгүй байна, Намын Төв Хорооны тэргүүлэгчид нь тийнхүү хардуулж тагнахгадахаар нам засгийн бодлогод хортой зүйлийг гаргаж буй зүйлгүй болов уу хэмээн санана. Ийм аюул үргэлж нэг хүний тагнуултай явах нь үнэхээрийн гомдмоор санагдана. Ийм зохилдохгүй зүйлүүд нь аргагүй нөхөр Намсрай, Аюуш нарт ногдох бөгөөд түүнгчлэн дотоодыг хамгаалахын ажилчдын дотор ийм зүйлийг хүчтэйгээр явуулдаг хүн ч буй болов уу. Ийм битүү хэргүүдээс ард бүхэн айдаг болжээ. Нөхөр Аюуш юуны өмнө баривчлах, хорих шийтгэх, буудах үгийг хэлдэг, Аюушийн тэр амнаас болж ард бүхэн айдаг болой. 

    Нөхдөөс Дотоод Яамны сайдад Чойбалсан дэд сайдад Өлзийбат нар гэж байна. Өлзийбатын тухай бол туйлын зөвшөөрнө. Харин Чойбалсан гэсэн тухайд татагалзана. Уяир нь нэгд бие муу, хоёрт засгийн газрын ажилтай хавсрахад биеийн байдал гүйцэхгүй, гуравт Дотоод яамны эрхэлбэл зохих ажлыг огт мэдэхгүй, дөрөвт нас идэр залуу биш, бичиг үсэг огт мэдэхгүй. Ийм шалтгаануудаас эрх биш өөр өөрчилж залуу шинэ хүчнээс томилохыг гуйна. Гэвч намын даалгаврыг гүйцэтгэгч гишүүн мөн тул намаас заавал Дотоод Яамны сайдаар очуулахыг даалгаваас хүлээхээс өөр үгүй болой ” гэжээ. 

    Х.Чойбалсангийн энэ үгнээс үзвэл ДХГ-ын алдаа завхрал, ажлын арга барилыг шүүмжилснээрээ түүнийг засч, ажлын арга бароилыг нь өөрчлөх найдавр төрж болох байсныг харгалзан үзсэн байж болох юм. 

    Улсын бага хурал, Сайд нарын Зөвлөлийн хамтарсан 1936 оны 2 сарын 27-ны хурлаас Х.Чойбалсанг ДЯЯ-ны сайдаар томилжээ. Төв хорооны хурал дээд Төв Хорооны тэргүүлэгч бөгөөд засгийн газрын ерөнхий сайд П.Гэндэн ДЯЯ-ны сайдыг /энэ удаа/ батлахгүй хойшлуулах санал гаргасан боловч олонхийн саналаар Чойбалсанг баталжээ. 

    П.Гэндэнээс, Х.Чойбалсанг ДЯЯ-ны сайдаар томилоход ямар шүү аюул гарч болохыг төсөөлж байсан байж болохын дээр энэ хоёр удирдах зүтгэлтний хоорондын харьцааны байдал шалтгаалсан байж болох юм. 

    Төв Хорооны Тэргүүлэгчдийн 43, Төв Хорооны П бүгд /1936 он/ хурлын хэлэлцсэн асуудал, шүүмжлэлээс үзэхэд: 

    ДХГ /дарга Д.Намсрай/-ын үйл ажиллагаанд нам төрийн хяналт, хамтын удирздлагын заарчмаар тавигдсангүй, тухайн үедээ нөлөө бүхий нэг хүний гарт /П.Гэндэнгийн/ төвлөрснөөс хувьсгалт хууль ёс зөрчигдөн 1933-1936 он хүртэл хэд хэдэн хилс хэрэгт гэмгүй ариун шударга удирдах зүтгэлтэн, албан хаагчид, ард иргэд, лам нарыг хууль ёсноос гадуу баривчлан мөрдөж ял тулган заримыг цаазлах, хорих цөллөгт явуулж байсныг илрүүлсэн явдал шинээр байгуулагдсан ДЯЯ-ны ажил дээр ноцтой дүгнэлт хийж үндсэн өөрчлөлт хийх болсныг илрүүлэн заажээ. 

    ДЯЯ улс орны тусгаар тогтнол, эх орон ард түмний аюулгүй байдлыг хамгаалах, ялангуяа японы эзэрхэг түрэмгий нарын халдлага илэрхий тулгамдсан үе УАХБ-ын тагнуул, эсэргүүцэн тагнах ажлыг зөв чиглэлээр, идэвхтэй явуулах зам чиглэлийг заасан байна. 

    ДХГ-ын зарим ажилтан, ард түмнийг айлган сүрдүүлэх, хэрцгий, бүдүүлэг арга барилтай байгааг зааж ДЯЯ ажлаа намын хамтын удирдлага, нам ба хуулийн хяналтын дор, хөдөлмөрчин олонтой холбоогоо бэхжүүлэхийн чухлыг заасан бөгөөд энэ талаар Х.Чойбалсан ч зөв зүйтэй үг хэлж байжээ. 

    Эдгээр заалтаас хийсэн дүгнэлтийг шинээр байгуулагдсан ДЯЯ-ны цаашдын үйл ажиллагаанд сайд Х.Чойбалсангийн удирдсан 4 жил хагасын байдлаар тодорхой авч үзэх нь УАХБ-ын үйл ажиллагааны зөв бурууг хар цагаанаар нь ялгаж зөв ойгоход тус нэмэр болой болов уу. 

    ДЯЯ-ны сайдаар Х.Чойбалсанг томилох болсон тухайд нам, төрийн удирдагчид улс орныхоо хувь заяаны талаар үзэл бодол, үйл ажиллагааны эв нэгдэл бат нягт байгаагүй үед гаднын хүч илтэд нөлөөлсөн байж болох байна. 

    1935 оны эцэс 1936 оны эхээр манай засгийн газрын ерөнхий сайд П.Гэндэн, Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин Г.Дэмид, дХГ-ын дарга Д.Намсрай нарын Москвад аваачиж Сталин, Ворошилов, Молотов нар уулзаж Монголын гадаад, дотоод байдал, улс орны хөгжлийн асуудлаар ярилцахдаа Японы түрэмгий хүч Монголын хилд тулж ирээд цэргийн хүчээр халдан довтлох аюул тулгарсан нөхцөл байдлыг ашиглан өөрийн бодлогыг тулган хүлээлгэх шаардлага тавихын хамт урьд удаа тавьсан зүйлээ биелүүлсэнгүй гэж зэмлэсэн байдлаас дээрх удирдагчдыг улс төрийн тавцангаас холдуулах бодлого хэзээнээ бэлтгэгдсэн гэхэд болохоор байв. 

    Эдгээр нөхдийг буцаж ирээд асар удаагүй ерөнхий сайд П.Гэндэн ДХГ-ын дарга Д.Намсрай нарын ажлаас нь халж оронд нь тавих хүнээ ч бас бодолцсон байжээ гэхэд болох байна. 

    Х.Чойбалсан ДЯЯ-ыг хүлээж аваад өмнөх шүүмжилсэн санаа бодлоо ажилд тусгасангүй, энэ яамны ажил үйлс нь урьдын арга барилаар үргэлжилснийг түүхэн баримт харуулж байна. 

    Х.Чойбалсан ДЯЯ-ны сайд болоод удирдлага зохион байгуулалтын талаар авсан арга хэмжээ 

    1933 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн хурлаар батлагдсан ДХГ-ын дүрмийг өөрчлөн засварлаж шинэ дүрмийг 1936 оны 5 дугаар сард дахин батлуулахдаа ДЯЯ-ны ажилд прокурорын хяналт тавих эрхийг хязгаарлах, ДЯЯ-ны эрх мэдлийг өргөтгөх, албан тушаалтай ба иргэдийн эрхийг хамгаалах боломжийг хаах чиглэлтэй зарим заалт оруулсан нь хууль зөрчигдөх нэгэн боломжийг олгожээ. 

Жишээлбэл: 

    1933 оны дүрмийн 6 дугаар зүйлд “байцаан шийтгэх хэмжээнүүдийг гүйцэтгэхийн талаар ДХЕГ-уудын /байгууллагуудын/ ажлыг хянах явдлыг прокуроруудаас прокурорын дүрмийн ёсоор гүйцэтгэнэ” гэсэн ач холбогдол бүхий заалтыг хасаж ДЯЯ-ны 1936 оны дүрэмд “хувьсгалын зарчим ёсыг сахин хамгаалж хангах” гэсэн ёс тйдий ерөнхий үгээр бүрхэгдүүлжээ. 

1933 оны дүрмийн 10 дугаар зүйлийн тайлбар: 

    Улсын дээд эрхийг баригчдыг дайчлах, нэгжих явдлыг сайд нарын зөвлөл буюу Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн газар лугаа харилцан гүйцэтгэнэ. 

    “П.Цэргийн дунд, ахлах, дээд тушаалын дарга нарыг барих, нэгжих явдлыг Цэргийн яамны сайд лугаа харилцан гүйцэтгэнэ. Мөн бага дарга цэргүүдийг баривчлах яюлыг тус тусын ангийн дарга нарт мэдэгдэн гүйцэтгэнэ’ гэсэн заалтыг 1936 оны дүрмэд оруулаагүй орхисон нь хүний эрхийг хамгаалсан заалтыг хасаад ДЯЯ хүнийг барих эрх мэдлээ өргөжүүлсэн зүйл болжээ. 

    –ДЯЯ-ны сайд Х.Чойбалсан 1937 оны 1-р сарн 7-нд баталж ДЯЯ-наас мөрдөн байцаалтыг явуулах тухай зааврыг гаргажээ. 

    Энэ зааварт “хэрэв уг хэргийн дотор бичиг баримт буюу, гэрчийн мэдүүлэг хийгээд бусад гэрчлэх баримтууд үгүй ахул мэдээллэлийг гэрчийн мэдүүлэг болгон ёсчилж гүйцэтгэхэд болох авч энэ ажлыг хийхдээ хамгийн сүүлд, ядарсан цагт хийхээс бус юм бүрд хийж болохгүй …” гэжээ. 

    – 1937 оны эхэнд Х.Чойбалсангийн баталсан “ДЯ-ны аппаратын үүрэг зорилтын тухай сануулга заавар” гэх баримт бичиг гарчээ. Энд дурдахдаа: “… мөрдөн байцаалтын хэргийг хэрхэн эхлэх ба түүнийг хэрхэн дуусгах вэ гэвэл дор дурдсан зүйлийг баримталбал зохих. Үүнд: Хэнээс тэр хэргшийг боловсруулсан бол тэр нь уг хэргийн мөрдөн байцаалтыг явуулах ёстой бөгөөд энэ тухай ер илэрхий тул онц тодорхойлох хэрэггүй. Учир нь хэргийг боловсруулсан ажилчин болбол тэр хэргийн байдлыг тодорхой мэдэхээс болой…” гэжээ. 

    “Манай байцаагч нарын үндсэн зорилго бол хэрэгтэн, этгээд нарыг гартаа авч эзэрхэн ажиллах нь чухал бөгөөд манай зарим байцаагч нараас хэрэгтэн этгээд нартай удирдахгүй харин хэрэгтэн этгээд нарт удирдуулж суудаг байна. Иймд хэрэгтнийг байцаахдаа туйлын хатуу чанга байх хэрэгтэй. Тамхи татуулах зэргийн зүйлийг хэрхэвч үл зөвшөөрнө … хэрэг хүлээхгүй хатуу чанга байх хэрэгтэй. Тамхи татуулах зэргийн зүйлийг хэрхэвч үл зөвшөөрнө .. хэрэг хүлээхгүй хатуу этгээд тохиолдох ахул аливаа рага хэрэглэж ажиллах хэрэгтэй. Хэргийг хүлээлгэх явдал нь түүний өдүүлсэн хэргийг бүрэн мэдэж ахрилцаа холбоог бүрмөсөн үндсээр нь устгаж чадна. Байцаагчаас өөрийн асуултаас өөр хариуг авахгүй, гагцхүү тэр асуултын хариуг тодорхой авч хэргийг хүлээлгэх хэрэгтэй. Хэрэгтнийг байцаахдаа нүүр тулгаж байцаах ажлыг заавал хэрэглэж байвал зохино” гэсэн заалтууд нь хэрэг дээрээ мөрдөн байцаалтыг “элдэв аргаар” тулган шахах, өдөөн хатгах аргад чиглүүлсэн ноцтой баримт бичгүүд гэж үзнэ. 

    –1937 оны 1 дүгээр сарын 30-нд “лам нарын тоо бүртгэлийн тухай”ДЯЯ-ны сайдын тушаал гарчээ. 

    Энэ тушаалд: “Манай улсын гол үндсэн зорилго болболфеодалын үндсийг үндсээр нь устгах зорилготой бөгөөд энэ нь даруй лам нарын суртал ба лам нар лугаа тэмцэх зорилт мөн бөлгөө. Лам нар нь хэдийчинээ түргэнээр бут цохигдон дарагдах аваас төдийчинээн түргэн ба богино хугацааны дотор бид нар өөрийн улс орн.ы эдийн засаг, эрдэм соёлыг хөгжүүлэх ба өөрийн үндэсний тусгаар тогтносон улс орныг бататгаж чадах төдийгүй, лам нар бол дотоодын нэлээд ихээхэн аюул бүхий дайсан мөн болох тул японы цэргийн этгээд нараас тэдгээрийг ашиглахыг эрмэлзэж байна. Үүнд: Ламын ёс ба лам нар лугаа тэмцэх явдал бол шинж чанарын талаар туйлын нарийн бөгөөд энэ нь бүх улсын ба намын аппаратаас явуулах улс төр, эдийн засгийн ба бид нарын нууц тагнуулын ба гүйцэтгэх ажлуудыг нэгэн дор цогцолсон зүйл мөн амой” гэж тэмдэглээд: Лам нарын тоо бүртгэл сулыг заагаад 3 хүснэгт гаргаж бүх хүрээ, хийд, сүм дуган, тэдгээрийн түүх, лам нарын бүрэлдэхүүн, хөрөнгө, орлогын байдал зэргийг багтаасан тодорхой судалгаа хийхээр заасан юм. 1 дүгээр хүснэгтэд сүм хийдийн байдлыг судлах 2 дугаар хүснэгтэд бүх лам нарыг бүртгэх, 3 дугаар хүснэгтэд лам нарын нэмэгдэл, хасагдлыг бүртгэж жилд 2 удаа төвд судалгаа өгч байх. Энэ тушаалыг үл биелүүлэх, нэр төдий гүйцэтгэх аваас туйлын хатуу арга хэмжээ авахыг сануулан заажээ. Энэхүү бүртгэл судалгаа нь зХУ-д 1929 онд Бүх Оросын Төвийн Гүйэтгэх Хороо, Сайд нарын Зөвлөлийн хавсарсан тогтоолоор сүм хийдийг бүртгэх журам тогтоосны адил бөгөөд 1937-1938 онд манай орны сүм хийд, лам нарын эсрэг тэмцэх бэлтгэл аижл болсон гэж үзэж болох юм. 

    Х.Чойбалсан ДЯЯ-ны сайд болоод 10 сар болоход ДЯЯ-ны ажилд өөрчлөлт хийсэн зүйл нь ДХГ-аас Яамны зохион байгуулалтад орж орон тоо, зохион байгуулалтаа өргөтгөн эрх мэдэл нэмэгдсэн, зарим баримт бичгүүд боловсруулан гаргаж боловсон хүчнийг Зөвлөлтөд явуулах сургах зэрэг арга хэмжээ аваад 1937 оны 1-р сард Яамныхаа төв хөдөөгийн удирдах ажилтны анхны зөвлөгөөн хийжээ. 

    Зөвлөгөөнийг нээхдээ Маршал Х.Чойбалсангаас “Зөвлөгөөнийг яам болоод хийх гэтэл бусад аижл их байснаас хойшлогдож ирсэн’ гэж хэлээд зөвлөгөөнд орлогч сайд нар, бүх газар хэлтсийн дарга нар илтгэл хийсэн боловч эдгээр нь тус тусын байгууллагын ажлыг тайлагнах байдалтай болжээ. 

    Зөвлөгөөний илтгэлийг ДЯЯ-ны зөвлөх Чопяк хийж зөвлөгөөний дүнгийн талаар маршалын тушаал гаргасан юм. 

    Маршал Чойбалсан сайдын хувьд зөвлөгөөнийг удирдаж байгаа харагдавч зөвлөгөөний гол илтгэгч Чопяк Монголын ДЯЯ-ны аппарат, ажилтан нарын ойрын зорилт юунд чиглэхийг илтгэхдээ тодорхойлж тэр л заалтыг маршал тушаал болгон гаргасан байна. 

    Энд Чопякийн илтгэлд заасныг маршал тушаалдаа тусгасан зарим жишээ дурдвал: 

    Илтгэлд “энэ хуралд сууж байсан /байгаа гэхийг буриад орчуулгаар хэлжээ/ ажилтан нараас өөрийн илтгэлийн дотор 05 тоот тушаалыг гүйцэтгэх талаар ямар арга хэмжээ авсныг нэг ч хүнээс тодорхойлсонгүй. Үүнд энэхүү байлдааны ба гүйцэтгэх тушаалыг биелүүлсэнгүй дарга нар юу бодож суугаа юм бол доо. Би хувьд улсын маршал өрлөг жанжин Чойбалсан өөрийн тушаалыг гүйцэтгүүлэх талаар зохих арга хэмжээ авч чадмой хэмээн үзнэ” гэснийг Маршалын 14 тоот тушаалд: “тус яамнаас гаргасан тушаал зааврууд байлдааны чанартай тушаал, заавруудхэмээхийг сайтар мэдэх хэрэгтэй бөгөөд үнэндээ байлдааны тушаалыг гүйцэтгээгүй этгээдийг шууд ялын дээд хэмжээгээр буудах хүртэл шийтгэхээр тус улсын шүүх цаазны бичигт заасан байх учир хэрэв тус яамны байлдааны чанартай тушаалуудыг завхруулсан ажилчид гарах аваас тэд нарыг буудан алах хүртэл арга хэмжээ авч тушаалуудыг гүйцэтгүүлж чадмой” гэжээ. 

    Чопякийн илтгэлд: Маршалаас манай бүхий л байгууллагуудыг боловсронгуй сургагч ажилчдаар /ажилтан/ хангаж орон тоог дүүргэж үндэсний шинэ хүчнийг сургаж бэлтгэх ажилд түргэвчлэх явдлыг гүйцэтгэх биелүүлж чадсан байна. … Иймд тэдгээр сургагч нарт ажил хийхэд нь дөхөм болгож тэ.дний дадлага болон мэдээллийг / мэдлэгийг / ажил дээр ашиглаж манай ажлыг зөв зүйтэйгээр зохион байгуулж хөгжүүлэх явдлууд цөм та бүхнээс болж /шалтгаалан/ гүйцэтгэгдэх ба та нарт холбогдох болно. 

    Эдүгээд хүрч иртэл энэхүү зүйл дээр дутуу ойлголтууд гарч байсан бөгөөд сургагч нарын зөвлөгөөн тусламжийг хүлээж ашиглах ба тэдгээр тусламжуудыг хэрэг дээр нь ашилах явдал дутагдалтай байсан болой. Эл бүхий байдлууд нь энэ 27 дугаарт /1937 он / ба цаашдаа манай ажлыг гүйцэд чанаржуулах, улсын юмыг зүгээр идэж байна хэмээх явдлыг огт гаргахгүйгээр байх явдлыг биелүүлэхэд дөхөм болж өгөх хэрэг бүлэг” гэсэн бол, 14 тоот тушаалд “Үндэсний боловсон мэргэжилтэн чекист ажилчдыг богино хугацааны дотор бэлтгэн гаргахын тул төв ба орон нутгуудыг боловсон сургагч нараар хангасан байна. Гэтэл зарим удирдах ажилчдаас одоо хүртэл өөрийн сургагч нарын зөвлөгөө тусламжийг ажил дээр нь ашиглаж чадаагүйгээр үл барам харин дарга нар нь өөрийн сургагчид найдаж жинхэнэ үндсэн ажлаас холдох явдал гарсан байна. Иймд эл байдлыг даруй өөрчилж сургагч нартайгаа туйлын халуун найрамдалтайгаар зөвлөлдөн ажиллавал зохино” гэжээ. 

    Энэчлэн зөвлөх Чопякийн илтгэлийн заалтыг заавал биелүүлэх захиргааны хүчинтэй болгохын тул Маршалын тушаалд илтгэлийн гол санааг тусган оруулсан байна. Үүгээр уг зөвлөгөөнийг Чопяк удирдан бэлтгэсэн болох нь тодорхой. 

    Маршал зөвлөгөөний төгсгөлд хэлсэн үгэндээ: 

    “Яамны ерөнхий зөвлөх Чопяк та бүхний ажилд ихээхэн авлага болох зүйлийг ярьсан” гэж тэмдэглээд баяр хүргэжээ. 

    Зөвлөгөөний хэлэлцсэн асуудал туахйн үед Монголын ДЯЯ-ны ажлын зарим чухал хэсгийг гүйцэд авч үзээгүй атлаа феодал, лам, хувьсгалын эсэргүүг устгах барьж байцаах талыг гол болгон тавьснаараа олон хүнийг барьж байцаах чиглэлийг заасан зөвлөгөөн болжээ. 

    Х.Чойбалсан төгсгөлийн үгэндээ: Феодал, лам нарыг “фашистын хань нөхөд ” гэж нэрлээд “лам нарыг бүрмөсөн устгахыг ” зорьж ажиллах, сургагч нартай зөрж маргах, уг зөвлөгөөнийг биелүүлээгүй зарим хүнийг баримтаар гаргаж зэмлээд 14 тоот тушаалаад дурдсанаар манай тушаалыг биелүүлээгүй хүнийг буудан алах тухай айлган сүрдүүлсэн үг хэлж дуусгажээ. 

    Х.Чойбалсан ДХГ-ын орлогч дарга Б.Аюуш хүнийг буудна, ална гэх зэргээр айлган сүрдүүлдгийг Төв Хорооны хурал дээр шүүмжилж байсан атлаа одоо, өөрөө үг яриа, төдийгүй дагаж мөрдөн ёстой тушаалдаа, оруулан албан ёсны заалт болгожээ. 

    Чухамдаа ДЯЯ-ны тушаалыг биелүүлээгүй бол буудан алж болногэсэн заалт аль ч хуулинд байгаагүй, байх ч учиргүй юм. 

    Харин 1936 он Шүүх цаазны бичгийн 160 дугаар зүйлд: “цэргийн хүн дайсанд туслах зорилгоор байлдааны тушаалыг үл биелүүлэх буюу ухарвал буудан ална” гэсэн заалтыг энд хийсвэрээр авч үзсэн бололтой. 

    Зөвлөгөөнөөс хойш 1937 оны эхний хагаст лам нар, сүм, хийдийг бүртгэж судлах лам Жамъянтив, егүзэрийн хийд, Өлгийн хийдийн лам нарын хэрэг гэгчид лам нарыг холбогдуулан өвөр монголд ирээд байсан Ванчин Богдтой холбоо тогтоож японы тагнуулд ажиллаж байсан гэдэг бүдүүвч байцаалтаар хавтгайруулан барих, байцаах бүдүүлэг аргад шилжсэнээр чухам тэр үед монголд ажиллаж байсан японы жинхэнэ тагнуулчдыг илрүүлж олох ажлыг бүрхэгдүүлж унагасан байна. Япон улс ази, дорно дахинд явуулах бодлогодоо хятад, солонгос монголыг эзлэх зорилгоо ил зарлаад байсан болохоор эдгээр оронд тагнуулыг идэвхтэй явуулж байсан гэдэг баримттай. 

Чойбалсан төр, засагтай заргалдсан нь 

    Улсын 15 жилийн ойг тохиолдуулан хувьсгалын эсэргүү группийн /Лхүмбийн хэргийг хэлж байна/ хэрэгт шийтгэгдсэн ялтнуудад өршөөл үзүүлсэн асуудлыг Х.Чойбалсан, Д.Лувсаншарав нар эсэргүүцэж 1936 оны 8 дугаар сарын 1-нд Төв Хорооны Тэргүүлэгчдын 16-р хурлаар Д.Лувсаншарав илтгэл тавьж хэлэлцээд гаргасан тогтоолд: 

    “Хувьсгалын эсэргүү группийн хэрэгт /Лхүмбийн хэргийг хэлж байна/ шийтгэгдэж зохих ялаа эдэлж буй этгээдүүдийг бага хурлын дарга ба ерөнхий сайдаас түүгээр тогтоол гаргаж тэд нарыг ард нийтийн дунд суллан тавьсан ба эл тогтоолыг Төв Хорооны Тэргүүлэгчдийн зөвшөөрөлгүйгээр ажил хэрэг дээр биелүүлэн гүйцэтгэсэн” гэж тэмдэглээд тогтоохдоо: 

    Нөхөр Догсом, Амар нараас тийм том, улс төрийн чанар холбогдол бүхий асуудлуудыг зүй нь урьдаар ТХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар хянан хэлэлцүүлж тусгай тогтоол гаргасны дараагаар ажил хэрэг дээр уул тогтоолын дотор дурдсан зүйлүүдийг багтааж гүйцэтгэх ёстой байснаас гадна үүний урьд тус намаас энэхүү эсэргүү группийн хэргийн тухай асуудал болбоос нэгэнт бүрмөсөн таслагдаж өнгөрсөн хэрэг болох тул түүнийг дахин эргэж ярих нь ашиг тусгүй хэрэг хэмээн үзсэн болой. 

    Ялтан хэрэгтэнд өршөөлийг үзүүлэхдээ эсэргүү группийн хэрэгт оролцсон ялтан этгээдийн өдүүлсэн хэрэг хийгээд тэд нарын аюултай эсэхийг ба улс төрийн хор хөнөөл юу болохыг илрүүлэн боловсруулж гаргасангүйгээр хавтгайруулан суллаж тавьсан явдал болбоос улс төрийн талаар таарахгүй хортой бөгөөд буруу явдал мөн хэмээн үзнэ. 

    Гэвч ялтан хэрэгтэнд өршөөл үзүүлэх комиссын гаргасан тогтоолын ёсоор суллаж тавьсан этгээдүүдийг дахин баривчлах аваас улсын удирдагч нарын нэр алдыг хүндгүй болгох нөхцөлийг төрүүлэх улс төрийн ашиг тусгүй хэрэг болно. Учир иймийн тул эдгээр суллаж тавьсан этгээдүүдийн дотрооос зарим аюултай нь хойноос үргэлжлүүлэн хяналт тавих явдлыг дотоод яаманд даалгасугай. 

    Үүнээс хойш энэ мэт том улс төрийн асуудлыг Төв хорооны тэргүүлэгчдийн зөвшөөрөлгүйгээр явуулж үл болохыг нийт тэргүүлэгчдээс анхааралтай байваас зохино” гэжээ. Энэ хуралд Х.Чойбалсан хэлэхдээ: “Нөхөр Амараас хоригдон буй эсэргүү группийн ялтангуудын дотор өдий төдий этгээдүүд гомдол гаргасан явдал бий. Иймд хилс ташаа болсон хоригдлуудыг чанагш шалгаж хянаад цөмийг суллах хэрэгтэй. Энэ тухай бага хурлаас тогтоол гарсан гэхэд нь Чойбалсан би Амарт асуудал тавьсан нь энэ группийн ялтанг хилс ташааг шалгахын тулд дахин нягтлан байцаах хэрэг болж байна уу. Хэрхэн шалгах юм бэ. Гэсэнд нөхөр Амараас уурлан Улсын бага хурал, засгийн газраас хоригдол ялтан хэрэгтнийг аль газар мэдэгдэлгүйгээр өөрсдөө мэдээд суллаж болохгүй яасан юм бэ. Ер нь та нар нөхөр Догсом бид хоёрыг тоглоомоор сонгогдсон бага хурлын дарга, ерөнхий сайд гэж үзэж: байна уу. Бид нар тоглоомын дарга сайдууд биш ээ хэмээн надтай маргалдаан болоход нөхөр Лувсаншараваас хориглон зогсоосон зүйл бий.Нөхөр Амараас эсэргүү группийн хэргийг Дотоод яамаар хянуулсан гэж байна. Энэ их ялгавартай хэрэг болой. Учир нь нөхөр Амараас ялтан хэрэгтэнд 15 жилийн ойгоор өршөөл үзүүлэхээр томилогдсон комиссын гишүүн нөхөр Лосолд хуучин таслагдан эсэргүү группийн хуучин хэргийг хэн хэн хэрхэн юу хийсэн этгээд билээ хэмээн асуухгүй, гагцхүү энэ эсэргүү группийн хэрэгтэнд шинэ хэрэг буй эсэхийг асуусанд миний орлогч дэд сайд Лосолоос эд нарт шинэ хэрэг байхгүй гэж хариулж хэлсэн ба ерөөс энэ группийн хэрэгтнийг суллах эсэхийг ер асуусангүй болхыг нөхөр Лосолоос надад илтгэсэн юм. Тэрхүү ялтан нарт өршөөл үзүүлсэн улсын бага хурал ба засгийн газраас гаргасан тогтоол гэдгийг би өнөө болтол ер олж үзээгүй. Үүгээр үзвэл тэрхүү тогтоол гэдэг нь туйлын нууц юм байгаа биз хэмээн бодно” 

    А.Амараас “Миний бие ийм айхавтар хүтэй нэгэн доор албан ажил хийж буй хэмээн ер бодсонгүй явсан билээ. Гэтэл нөхөр Чойбалсангийн одоо хэлж буй байдал болон нөхөр Лувсаншараваас гаргасан энэхүү группийн хэргийн тухай санал дээр хэлэхэд энэ тухай би П бүгд хурлаас эхлэн энэ хэргийн ялтан хэрэгтнийг суллахыг ярьсаар ирсэн. Гэтэл хоёр нөхдөөс ямар ч зүйлийг ярихгүй байгаад энэ өдөр болоход бөгсөнд үлдэх цохих гэснийг нь ер мэдээгүй явжээ. Харин энэ хэргийг та нарт хэлсэнгүй биш хэлсээр ярьсаар ирсэн билээ. Харин ийм хэргийг суллахдаа төв хороонд оруулсангүй хэмээн яримаар байна. Энэ тухай намын П бүгд хурал дээр нөхдөөс ихээхэн байснгы хэрхэх билээ. 

    Суллагдагсдын дотор аюултай этгээд буй ахул дахин баривчлахгүй юм уу. Би эрхийг олгоё. Энэ тухай Чойбалсанд даалгаж гүйцэтгүүлье. 

    Нөхөр Чойбалсан, Лувсаншарав нарын хоёр нөхдөд сануулах нь би бол хэдэн алдаа алдахыг нэгээр зогссонд баярлаж байна. Харин хойшид энэ мэт хэргийг тогтоохоос өмнө сануулга өгч байна уу. Харин хойно хоцорч бөгсөнд үлдэхгүй байхыг хоёр нөхдөд гуйна” гэжээ. 

    Иймэрхүү маргаан үүсч хэлэлцээд төр засгийн шийдвэрийг буруу болгон тогтоосон нь эдгээр удирдагчдийн байр суурь ямар байсан, тэдний эв нэгдэлгүйг харуулж байжээ. 

Х.Чойбалсан шүүх прокурортой заргалдсан нь 

    Х.Чойбалсан /ДЯЯ-ны сайд/ Ч.Чойдогсүрэн /Улсын прокурор/ Г.Цэрэндорж /дээд шүүхийн дарга/ нарын гарын үсэг зурж хамтран гаргасан 18 тоот тушаалд /1937-1-18/ ДЯЯ-ны ажилд хуулийн хяналт нэвтрүүлэх, хувьсгалт хууль ёс завхрахаас урьдчилан сэргийлэх чиглэлтэй заалтууд орсон бөгөөд хэрэв түүнийг ажил дээр баримталж биелүүлсэн бол хууль завхруулсан алдааг таслан зогсоож боломж байж болох байжээ. Уг тушаалд: 

    Улсын байцаан шийтгэх хуулийн 3 дугаар зүйлд заасан ёсоор хэрэгтнийг дайчлан баривчлах, хэргийг дуусгахад пркурорын хяналт оролцоотой ажиллах талаар Сэлэнгэ, Өвөрхангай, Завхан, Дорнод зэрэг аймгийн ангиудад үзэгдсэн ба зохих прокурорууд анхаараагүй байсныг зааж 6 зүйлийг зааж тушаасны дотор: 

    Хэрэгтэн этгээдийг барихын өмнө харъяат прокурорт мэдэгдэх, хил нэвтэрч ирсэн ба гарахыг завдан буй тагнуул зэргийг баривчлах хэрэг тохиолдвол баривчласны дараа 24 цагаас хэтрүүлэхгүйгээр мэдэгдэн хорих, тогтоолыг хүргүүлэн хянуулах, прокурор очиж танилцах буюу байцаагч амаар илтгэх зэргээр харилцан хүчийг нэгтгэж прокуроруудын заавар тусламжийг байцаалтад байгаа хэрэг тутамд хууль ёсоор хүлээж байх явдлыг хатуу журам болгон явуулсугай. 

    Төв, орон нутгийн прокурорууд ДЯЯ-ны харъяа бүхийлэн хорих газруудыг ямар нэгэн цагуудаар урьдахь журмын ёсоор эргэн үзэх хийгээд хэрэгтнийг байцаахад биеэр суулцах ба асуултыг гаргах байцаалтыг явуулах эрх бүхий болно. 

    Хэрэгтнийг баривчлахдаа хэрэглэж явсан зүйл, эд мөрийн баримт болох юу байсан зэргийг нэгжсэн акт тогтоолыг хууль ёсоор хэрэг тутамд тодорхойлон гаргах битүүмжлэх хөрөнгө буюу хураан хадгалах эд зүйд тодорхой акт данс зохиож нарийн чандаар хадгалан хариуцуулах, эдгээр актуудыг байцаан шийтгэх хуулийн 9-р зүйлд зааасан ёсоор зохигчдын гарын үсэг зуруулж эмхтгэн байцаалт дуусмагц бүх хэргийн материалын хамт прокурорт шилжүүлж хянахад баримт болгож байвал зохино. 

    Мөрдөн байцаах ба таслан шийтгэх хийгээд баривчлан дайчлах эрх бүхий газрууд буюу хүмүүсээс ямар нэг хэрэгтэн этгээдийн хэрэглэж явсан эд өлгийн зүйлс ба эд мөрийн баримт болох зүйлүүд, мөн битүүмжилсэн ба хадгалсан хөрөнгө зэргээс авч хэрэглэх буюу үрэгдүүлэн сүйтгэж үл болох бөгөөд хэрэв зөрчсөн хэн нэг этгээдийг шүүх цаазны бичгийн ёсоор цээрлүүлэн шийтгэж уг зүйлийг төлүүлэх хуультайн дээр эл битүүмжлэгдсэн ба хадгалагдан бүхий зүйлс нь гагцхүү шүүх таслах газруудын таслан шийтгэсэн тогтоолд заасан ёсоор гүйцэтгэгдэхээс гадна мөрдөн байцаах газруудаас хуулийн 28 дугаар зүйлийн ёсоор зогсоосон буюу түдгэлзүүлсэн хэрэг дээр уг битүүмжилсэн хөрөнгө буюу хураан хадгалсан зүйлийг зохих прокурорын шийдвэр ёсоор гүйцэтгэж байх журамтай болохыг таниулсугай. 

    Сэлэнгэ, Дорнод зэрэг зарим аймгийн прокурорууд аймаг доорх мөрдөн байцаах ба барьж дайчлах эрх бүхий газруудын мөрдөн байцаалтын хэрэгт бүрэн дүүрэн орж нэгэнт хуулиар даалгагдсан үүрэг хариуцлагыг хангаж чадаагүй болох нь байцаан шийтгэх хууль ба ДЯЯ ба Улсын Прокуророос гаргасан зааврыг хэрэг дээр биелүүлж чадаагүйг тэмдэглэж үүнээс урагш бүхий л мөрдөн байцаалтын хэргийг хувьсгалт ёсонд нийцүүлэн үнэн зөвөөр явуулах тухайн хууль зааврыг хатуугаар журамлан биелүүлэх явдлыг олон аймаг, хотын прокурорууд ба ДЯЯ-ны анги, хэлтсүүд цагдан сэргийлэх газруудаас /байгууллагууд/ хоорондын санал хүчийг нэгтгэн зангидаж ямар ч гажуудал, завхралгүйгээр биелүүлбэл зохихыг даалган тушаасугай. 

    Байцаан шийтгэх хууль ба мөнхүү хуулийн биелүүлэх тухай гаргасан заавруудыг төв, орон нутгийн прокурор хийгээд ДЯЯ-ны анги хэлтсүүд ба цагдан сэргийлэх газруудаас хэрхэн харилцаатайгаар биелүүлэн буй зэрэг биелэлтийн явдлыг энэхүү тушаалыг баримтлан нийтэд шалган хянаж байх явдлыг улсын прокурор ба ДЯЯ –наас эрхлэн гүйцэтгэж байвал зохино гэж заажээ. 

    Ажил хэргийн их ач холбогдолтой энэ тушаал гарах болсон явдал тухай нөхцөл байдлаас улсын прокурор, дээд шүүхийн удирдлага /Ч.Чойдогсүрэн, Г.Цэрэндорж/ хувьсгалт хууль ёс зөрчигдөж байгаа баримт ДЯЯ-ны ажилд багагүй байгааг сайн мэдэж байсан учир түүнийг засаж залруулах талаар хийсэн чухал алхам болжээ. 

    Харин ДЯЯ-ны сайд Х.Чойбалсан НТХ-ны тэрүүлэгч, Сайд нарын Зөвлөлийн 1 дүгээр орлогч нөлөө бүхий зүтгэлтэн болохын зэрэгцээ хууль зүйн боловсролгүйг нь мэдэх учраас: 

а/ Энэ тушаалыг прокурор шүүхийн удирдлага санаачлан төлөвлөсөн: 

б/ энэ тушаалыг гаргах явцаар байцаан шийтгэх хуулийн Х.Чойбалсанд ойлгуулж улмаар ДЯЯ-ны ажилчдын доор нөлөө үзүүлэх зорилт тавьсан нь байцаан шийтгэх хууль /БШХ/ -д заасан заалтыг давтан бичээд мөн тушаалын 4 дүгээр зүйлийг “таниулсугай” гэж төгсгөж байгаа нь хэрэг дээр Х.Чойбалсанд чиглэгдсэн шинжтэй бөгөөд тушаалын дотор хоёр аймгийн прокурорыг БШХ ба зааврыг биелүүлээгүй гэж зөвхөн тэмдэглээд харин ДЯЯ-ны ажил дээр гарч байгаа хууль зөрчсөн завхал зөрчлийн талаар огт дурдаагүй нь Х.Чойбалсангийн нөлөө, зан авираас болгоомжлон эв зүйг олж зохицуулах агуулгаар энэ тушаал гарсан гэж үзнэ. 

    Энэ тушаалыг биелүүлэх талаар ажил зохиосон бол зохих үр дүнгээ өгөх байжээ. 

    Гэтэл дээрх тушаал гараад 5-хан сар өнгөрсний дараа Х.Чойбалсан шүүх, прокурорын эсрэг гаргаж тавьсан нэг заргыг үзэхэд Х.Чойбалсан тушаалд гарын үсэг зурснаас өөр чухам утга санааг ойлгож хууль ба тушаалаа биелүүлэх ямар ч алхам хийгээгүйгээр үл барам хийх ч ойлголт төрсөнгүй. 

    ДЯЯ-ны сайд Х.Чойбалсан МАХН-ын Төв хороонд 1937 оны 5 дугаар сарын 31-нд өргөдөл бичсэний дотор “Манай улсын зарим байгууллага ба зарим ажилчдаас тус ДЯЯ-ны ажилчдыг хууль зөрчиж ард түмэнд хортой хэрэг өдүүлсэн ялтан хэрэгтнүүдээс ч дороор үзэж ялтан хэрэгтнүүдийн үг хэлийг илүүгээр үнэлж үздэг явдал гарсаар байх бөгөөд … тийнхүү хувьсгалын эсэргүү хэрэгтэн ялтнаас дор үзэж итгэмж хүндийг бууруулахыг оролдох буюу хувьсгалын журмын гадур хардаж сэжмноэж байсан явдал үнэхээрийн жигтэй юм. 

    … Ер нь ДЯЯ-ны ажилчдын үгээс худал хуурмаг хиймэл зохиомол зүйлүүдийг гаргаж байсан нь нэг ч үгүй бөгөөд түүнийг санагч буюу өгүүлэгч этгээд нь дэмий л биеэ чилээхээс өөргүй болой… Гэтэл шүүх прокурор зэргийн зарим газруудаас манай ажилд туслахын оронд харин саад тотгор учруулсаар байна. 

Энэ тухай зарим нэгэн баримтыг дурдвал: 

Гэлэгсэнгийн тухай хэрэг  Калбасаны заводын тухай хэрэг  7 дугаар дивизийн Аръяасүрэн, Даваажаргал нарын хэрэг  Улаан Пүрэвийн тухай хэрэг  Туйпууны заводын хэрэг  Сүм хийдийн дэргэд суух төлөөлөгч Гомбын хэрэг  Заг сумын сургуулийн багш Феодорын хэрэг 

    Үүгээр барахгүй манай удирдах нөхдийн дунд ч билээ үл зохилдох явдлуудыг гаргадаг явдал цөөнгүй. Жишээлбэл чухал нууц зүйлүүдийг эхнэр хүүхэд болон хэн хамаагүй этгээдийн өмнө илчлэн задруулж дэлгэрүүлэх… явдал үзэгдэнэ. Шүүх прокурорын байгууллага бол дайсны өмнөөс далайх нударгаа ДЯЯ-ны зүгт чиглүүлсэн төдийгүй феодалыг эсэргүүцэх хувьсгалын үндсэн чиглэлт ба намын тогтоол, бодлогоос ангид ажилладаг… иймийн тул эл асуултыг Намын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүний хувиар Төв Хорооны тэргүүлэгчид та нарын өмнө тавьж буй хэмээхийг дахин давтан тэмдэглэхээс гадна хэрэв энэ хэвээр ийм хавчилга саадтай байдлын дотор үргэлжлэн ажиллаж байсугай хэмээх ахуул даруй намайг уул ажлуудаас халж ДЯЯ-ны талын ажил ба засгийн газрын ажлаас цөм нэгэн адил чөлөө өгвөл зохихыг тэргүүлэгч гишүүний хувиар илэрхийлнэ. 

    Жич дээр тэмдэглэсэн үл зохилдох зүйлүүдтэй хэмээн үзэх ахул ер ч миний бие ажил хийж үл чадах учрыг хамтад гаргасугай, Тэргүүлэгч гишүүн Чойбалсан ” гэжээ. Өргөдлийг ДЯЯ-ны тусгай хэлтсийн дарга Насантогтох санаачлан бичсэн нь тогтоогдсон юм. 

    Х.Чойбалсангийн энэ өргөдлийг НТХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэхэд Х.Чойбалсан ярихдаа: 

    “… Би ямар учраас энэ өргөдлийг оруулсан тухайгаа хэлье. Намайг ДЯЯ-нд очсон цагаас эхлэн миний ажилд та нөхдөөс тусалж байсан зүйл бага. Харин амаар ярих ба тогтоол гаргахдаа ДЯ-ны нэр алдыг дээшлүүлэх ба ажлын дутагдлыг арилгах талаар их л ярьж бичдэг боловч жинхэнэ хэрэг дээр биеэр тусалсан нь цөөн … ДЯ-ны гүйцэтгэлтэй ажлг бататгахын оронд харин манай ажилд саад тотгорыг учруулж байсан учраас хойш зарим нөхдөөс ямар учраас надтай зөвлөсөнгүй оруулсан билээ хэмээх явдал гарсан. Би өөрийн ажил дээр тохиолдсон элдэв саад тотгоруудыг нөхдөд бүрнээ ярьсан. Ялангуяа нөхөр Лувсаншаравт хэдэн хоногийн өмнө ярьсан. Бас Амарт тодорхой ярьсан. Гэтэл энэ нөхдөөс энэ асуудлыг тэгж тасалъя гэсэн шийдвэр санал огт өгсөнгүйд өөрийн өргөдөл саналыг бичиж ирсэн учир ийм болой” гээд өмнө дурдсан 7 хэрэг дээр тэрүеийн өөрийн ойлголтоор үнэн баттай хэрэг гэж нотлохын хамт аж үйлдвэрийн комбинатын дотор бас дахин хорлон сүйтгэх, галданшатаах гэсэн … Мэрсээ, Дү-минтай нараар толгойлуулсан баргууд байсан. Үүнд хэд хэдэн хүнийг барьсан хэрэг нь илэрч буй. Баргын дотор японы этгээдтэй харилцаатай байна гэсэн хэрэг илэрсэн. 

    Үүнийг цааш чангалан явуулъя. Гэвч прокурорын зүгээс энэ мэтээр хардаж сэжиглэн ажилд саад тотгор хийж үргэлжлүүлэн явуулахад бэрхшээлтэй болсныг товч тэмдэглэн хэлнэ. 

    ДЯ-ны гүйцэтгэсэн ажил ба түүний ажилчдыг хардаж сэжиглэх ажлуудыг үүгээр бүрмөсөн тасалбар болгож зогсоох. Хэрэв дахин ийм өгүүлэл яриа гарах ахул намын гишүүн бол намын талаар, ардз ажилчид бол захиргааны талаар тйлын хатуу арга хэмжээ өгөх тухай эрс хатуу тэмдэглэж өгөх буй заа. Чойдогсүрэн /прокурор/ -гээс н.Амарт Улаан Пүрэвийн зэрэг хэргүүдийг ярихад н.Амараас ДЯ-нд Чойбалсан ба бусад ажилчдаас юмыг өсгөх явдал байна. Түүнийг хянаж үзээрэй хэмээн хэлж байжээ. Бас Чойдогсүрэнгээс над /Чойбалсанд/ танай ажилчид ялтын үеийн зулгаах, нүүр амыг хатгах, зодох, удаан цагаар зогсоосон…зэрэг явдал байна гэж хэрэгтний амыг баримтлан хэлсэн. Энэ мэтээр ялтан хэрэгтний үгийг баримтлан ДЯ-ыг хардаж сэжиглэх явдлыг гаргасан нь намын шугамаас гажиж гарсан баримт мөн ” гэжээ. 

    Энэ Чойбалсангийн ярьсан зүйлүүд нь хууль зүйн үүднээс үндэсгүй бөгөөд барга Норовсамбуу нарын зэрэг хэдэн хүнийг хатуу ширүүн байцааж зохиомол худал мэдүүлэг гаргуулснаа хэрэг “илрүүлсэн” гэж сүр бадруулсан байна. 

    Прокурорын хяналт ДЯЯ-ны мөрдөн байцаалт ба баривчлах ажиллагаанд бага зэрэг орсон төдийгөөр ДЯЯ-ны ажилд байгаа зохиомолхэрэг, хууль зөрчсөн жигшүүрт бузар ажиллагаа нь илрэх болоход ДЯЯ-нд ажилласан хугацаандаа удаа дараа “ЛХүмбийн хэрэг”, “Егүзэр хийдийн хэрэг ” гэх мэт бас бус хэргүүдийг “илрүүлсэн” гэж нэр хүнд олж гавьяа шагнал хүлээсэн Б.Лосол, Н.Насантогтох, С.Галиндэв, С.Базарханд, Ж.Баясгалан, Т.Шаравжамц гэх мэтийн хүмүүс өөрсдийн хуувь зөрчсөн, бузар булай ажиллагааг илрэхээс айж сандран Х.Чойбалсанг өмнөө барьж ийм хэмжээний зарга үүсгэсэн байна. 

    Х.Чойбалсан шалгаж үнэн мөнийг олж тунгаахыг сонирхсонгүй өөрийн толгойлсон ДЯЯ-ын их ажил хийж байгаа гэж магтуулахын тулд ичгүүр, сонжуургүйгээр алдаа дутагдал, завхралыг нууц өмгөөлснөөр барахгүй намын өмнө үнэрхэж, тунисан, хэрэг дээр өөрийн хэлж ярьдаг хувьсгалч үг, тавхан сарын өмнө үсэг зурсан тушаалаа ажил хэрэг дээрээ эсэргүүцэж байхад Төв Хорооны тэргүүлэгчид Д.Лувсаншарав, Д.Догсом, Д.Лосол, С.Довчин, Х.Чойбалсангийн өргөдлийн утга санааг дэмжиж Х.Чойбалсан болон ДЯЯ-ны алдаа завхралыг хамгаалж, улсын прокурор, шүүхийн зүгээс /Ч.Чойдогсүрэн, Г.Цэрэндорж/ хувьсгалт хууль ёсыг хамгаалах, ДЯЯ-ны мөрдөн байцаах ажилд БШХ ба Прокурорын дүрмээр заагдсан хуулийн хяналтыг нэвтрүүлэх гэсэн зөв шударга, ажил хэрэгч санааг ул үндэстэй авч үзээгүйгээр Х.Чойбалсанг дэмжиж тогтоол гаргасан байна.. Харин А.Амараас шүүх, прокурор ДЯЯ-ны хооронд зөрөх тэмцэлдэх явдал байдаг . Гэвч прокуророос хуулиар олгогдсон эрхийн ёсоор ДЯЯ-ны мөрдөн байцаалтад хяналт тавих хэрэгтэй. Тавихдаа эв зүйг олж зохицон ажиллах хэрэгтэй гэжээ. 

    Тус хуралд Г.Дэмид, ДЯЯ элдэв эсэргүү бичиг наасан эзнийг олоогүй, цэргийн машин техник, нисэх онгоцонд хорлолын шинж чанартай ажил гарахад гэмт эзнийг олоогүй байдаг гэж ДЯЯ-ны үндсэн үүрэгт ажлын талаар гарч буй гол дутагдлыг шүүмжлэн хэлсэн байна. 

    Улсын прокурор Ч.Чойдогсүрэн тэргүүлэгчдийн хуралд : “… Манай прокуророос ДЯ-ны мөрдөн байцаалтад оролцсоноос ийм байдал гарч иржээ. Прокурорын үүрэг нь мөрдөн байцаалтыг удирдах, хянах үүргийг хуулиар олгогдож нийтээр зарлагдсан билээ. ДЯ-ны мөрдөн байцаалтад санал зөвлөгөө өгөхөд тохирохгүй болж донгодуулж байсныг Чойбалсан мэднэ. ДХ-д Намсрайг байхад прокуророос харилцаж чадахгүй байсан. Харин маршал Чойбалсан ДЯ-ыг толгойлох болсонд баярлан н.Чойбалсанг түшиж ДЯ-ны мөрдөн байцаалтын хэрэгт оролцон явсан болой. … хэрэгтэй этгээд ба ардаас ирсэн гомдлыг үзэхэд ДЯ-ны ажилчдаас ялтны /хэрэгтэн/ үсийг зулгаасан, галаар төөнөсөн, зодсон гэх зэрэг өргөдөл ирснийг Чойбалсанд хэлсэнд Чойбалсангаас түүнийг үнэмшиж болохгүй гэсэн … Бид ДЯ-ны ажлыг сулруулах ба түүний ажилд саадыг учруулах хэмээн бодох зүйлогт үгүй бөгөөд … хойшид ажил дээр нь оролцож болох эсэх тухай тодорхой тогтоолыг энэ хурлаас гаргаж өгөхийг найдаад … ” гэх зэргээр ярьжээ. 

    Намын Төв Хорооны Тэргүүлэгчдээс гаргасан тогтоолд: “н.Чойбалсан ДЯ-ыг толгойлсноос хойш ДЯ-ны талаар явуулж ирсэн бүх ажлыг улс төрийн журам нь зөв гэж үзнэ Чойбалсангаас шүүх, прокурорын талаар тодорхойлсон өргөдөл баримтуудыг тэргүүлэгчдийн хурлаас зөвшөөрнө. Шүүх яам ба Прозурорын зүгээс улс төрийн талаар зөв биш зохисгүй үг яриануудыг гаргаж байсны улмаас ДЯ-ны аппаратын идэвх нь суларч гомдоход хүрч байсан бөгөөд ийм зохисгүй байдал цааш хэвээр үргэлжлэх ахул ДЯ-ны алдар хүндийг гутааж дайсан этгээдэд ашиглагдах байсан гэж тэргүүлэгчдийн хурлаас буруушаан тэмдэглэнэ. ДЯ-ны зарим ажилчид хууль бус хэрэг явуулж буй хэмээн сэжиглэн тааварлаж элдэв итгэж үзэхгүй байх аваас ДЯ-ны нэр алдрыг гутааж түүнээс хувьсгалын эсэргүү нар лугаа тэмцэх тэмцлийг сулруулах тул үүнээс хойш энэ мэтийн зохисгүй үг яриануудыг үндсээг дуусгавал зохино. Шүүх прокурорууд н.Чойбалсангийн өргөдлийн дотор дурдсан дутагдлуудыг засаж залруулах тухай зохих арга хэмжээ авч гүйцэтгэсүгэй” гэж заан тогтоол гаргажээ. Энэ хурлаас “Прокуророос ДЯ-ны мөрдөн байцаалтад хяналт тавьж цааш оролцож ажиллаж болох эсэхийг тогтоон зааж өгнө үү” гэсэн прокурорын хүсэлтэнд ямар нэг заалт өгсөн эсэх нь тодорхойгүй боловч ДЯ-ны мөрдөн байцаалтын ажилд прокурорын хяналтыг оруулах тухай заагаагүй. “ДЯ-ны ажлыг итгэхгүй, хардан сэжиглэж үг яриа гарган дайсанд ашиглагдаж болно” гэсэн утга санаагаар прокурорын ажиллагааг буруушаасан нь харамсалтай. 

    Х.Чойбалсан гаргасан өргөдөлдөө зөв зүйтэй гэсэн үнэлэлт авч прокурор, шүүхэд няцаалт өгүүлж чадсаны дараа 1937 оны 6-р сарын 17-нд ДЯ-ны төвийн хэлтэс, тасгийн дарга нарыг хуралдуулан хэлсэн үгэндээ: Манай ажил гэмгүй сайн зүгээр явагдаж буй. Энэ нь та нарын хүч анхаарал, санаачлага тавьсаны ач бүлгээ. 

    Гэтэл ноднингоос эхлэн саад тотгор гарсан ард түмний дотор ямар ч яриагүй. ДЯЯ ард түмний төлөө ажиллаж буйг ойлгосон. Харин албан хаагчид хардаж сэжиглэх төдийгүй, хуучин яриа өндийж байсан. Энэ нь улсын туслах прокурор, шүүх зэрэг газруудаас гарсан байна. Эд нараас манай ажлыг үнэлэхгүй, хардаж сэжиглэх явдал үлэмжхэн. Ийм явдал ганц биш ялангуяа 27 онд /1937 он/ ихээхэн өгүүлэл гарсан боловч миний бие тусгай арга хэмжээ авахад хүрсэн учраас Намын Төв Хороонд илтгэл оруулсан бүлгээ. 

    / Чойбалсан Төв Хороонд оруулсан өргөдлөө уншуулжээ./ Чойбалсан цааш нь “Үүний дотор зүйлчилсэн 7 хэрэг дээр би бичсэн биш үүнээс цааш өөр зүйлүүд үлэмж байсан. Энэ 7 зүйлийн хэрэг ямар хэрэг байсан бол хэмээн та нар гайхахгүй биз. Ерөнхий сайд Амараас ДЯ-ны ажилчдыг өмгөөлөн бусдыг гадуурчилдаг. Юмыг өсгөж, ДЯ-ны ажилчдаас хэлснийг үнэлдэг хэмээн хэлсэн учир би бага зөрөлдөж байсан юм. Мөн ялтан хэрэгтний үгийг баримтлан хуулиас гадуур ажилладаг гэсэн учраас би илтгэлийг оруулсан. Түүнийг үндэслэн Төв Хорооноос тогтоолыг уншуулжээ. ” Тогтоолыг уншуулжээ. 

    Чойбалсан үргэлжлэн хэлсэн нь “Та нар юм бүхэнд айдаг.Хожим хэрэгт орж болзошгүй хэмээн ухрах үзэгдэл олон буй.Жишээ нь нөхөр Мандал / тасгийн дарга/ Адьяасүрэн / 7 дугаар дивизийн санхүүгийн дарга/ прокурорт хэргээ буцмагц царай нь хувирсан. 

    Ялтныг байцаахдаа та нар сайтар хатуу чанга байцаах хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол байцаагдаж байгаа ялтан чинь та нарын толгой дээр гарна шүү. Та нарын төлөө миний бие нам засгийн өмнө хариуцах бөгөөд эрхбиш та нарыг хамгаалж алив зүйл дээр .. та нар зоригтой, зүрхтэй бөгөөд өөрийн үндсэн журмын ёсоор хатуу ажиллах хэрэгтэй” гэх зэргээр зоригжуулан уриалж хэлээд маргааш нь /1937.6.18/ төвийн гүйцэтгэх ажилчдын хурал хийлгэж хэлсэн үгэндээ: “ Манай зарим ажилчдаас шантрах үзэгдэл байна. Зориуд нэг зүйлийг тэмдэглэнэ. Ялтанг байцаахдаа айдаг, асуухдаа бэлтгэж асуудаггүй учраас ялтан хэрэгтэн үнэнийг хэлдэггүй, сайтар нягталдаггүй. Зарим нь наадам /тоглоом/ мэт байцаадаг. Ахлах жинхэнэ, туслах төлөөлөгч нарт цөмд нь ийм гэм бий. Сүүлд би хэрэгт орж магадгүй хэмээн юуны өмнө хаяагаа манах явдал гардаг. Та нар зориг хатуужилтай ажиллахгүй, дарга юу гэх бол гэсээр байгаад цагийг нөхцөөнө. ” гэх зэргээр ярьсаны дараа засан хүмүүжүүлэх газрын гүйцэтгэх газрын дарга Батмөнхөөс “Туйпуун заводын хэргээс одоог хүртэл үнэн хэргийн үндэс болох баримт илрээгүй нь миний буруу болой. Харин би урьд нь тэдгээрийг гүнзгий байцаавал гүжир хэрэгт өөрөө холбогдож магадгүй хэмээн байж байсан бөгөөд өчигдөр, өнөөдөрөөс бага зэрэг урамшилтай зүйл гарч цааш байцааж буйг илэрхийлье”, тасгийн дарга Хаймчигаас “Маршал жанжны илтгэл зүйтэй. Харин мөрдөн байцаалтын ажлын тухай сануулсан нь зүйтэй. Зарим нөхдөөс айдаг, зовдог үзэгдэл бий. Бас хэрэгтнийг удаашруулан 2-3 сар дуусгахгүй байдаг зүйл бий. Иймд богино хугацаанд гүйцэтгүүлэх нь чухал” гэх зэргээр үүрэг авч зоригжсон нь хүмүүст сайд Чойбалсангийн үг сургамж шууд нөлөөлсөн нь маргаангүй. 

    Иймэрхүү шүүх, прокурорын удирдах нөхдөд няцаалт өгснөөр ДЯЯ-ны зарим ажилтнуудын хууль бус ажиллагаа даамжран хууль ёс зөрчигдөн, ард иргэдийн эрхэнд үндэсгүйгээр халдах явдал хэрэг дээрээ ямар ч хамгаалалтгүй болсон гэхээс өөрөөр хэлж болохгүй байна. 

    Түүгээрч үл барам Х.Чойбалсангийн хууль бус ажиллагаанд хориг тавих гэсэн хуулийн байгууллагын удирдах нөхдийн саналыг МАХН-ын Төв Хороо хүлээж аваагүй мөртлөө 1939 онд хуралдсан Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаас алдаа завхралыг засах тухай тогтоолдоо ДЯЯ-ны ажилд хуулийн хяналт нэвтрүүлээгүй гэж зэмлэн намын талаар шийтгэсэн төдийгүй 1937-1939 онд эдгээр хуульчид цөм хэлмэгдсэн явдал тун ч харамсалтай. 

    Х.Чойбалсан төр, засаг, хуулийн төв байгууллагын эсрэг зарга маргаан гаргаж байхад Намын Төв Хорооны удирдлага дүгнэлт хийж А.Амар, Д.Догсом, Г.Дэмид, Г.Цэрэндорж, Ч.Чойдогсүрэн бусад нөхдийн оролцоотойгоор буруушааж няцаалт өгсөн бол 1937 оны аймшигт завхралыг урьдчилан зайлуулах боломж гарч болох ч байсан болов уу гэх сэтгэгдэл төрнө. 

    Монголын ДХГ –ДЯЯ-нд ажиллаж байсан зөвлөлтийн зөвлөх сургагч нарын ажил үйлсээс 

    Монголд ардын хувьсгал ялж шинээр байгуулагдсан ардын төрийн механизм бүрэлдэн тогтоход зөвлөлтийн төрийн аль нэг аппаратын хэлбэр загвар, ажлын арга барилыг тусган авах нь тухайн цаг үедээ зүй ёсны ач холбогдолтой байсан нь маргаангүй. Ийм учраас УАХБ үүсч байгуулагдахаасаа эхлэн зөвлөлтийн нөхдийн оролцоо туслалцаатай явж ирсэн билээ. 

Түүхэн баримтаас 

    1922 оны 7 дугаар сард ДХГ-ын цэргийн зөвлөлийн /дарга нь зөвлөлтийн иргэн Элбэгдорж Ринчено/ харъяанд 11 хүнтэй байгуулахад, тэдгээрийн 5 нь зөвлөлтийн хүмүүс /үүний дотор нууц хэлтсийн дарга нь Баторун К /ажиллах болсон ба удахгүй дарга Д.Балдандорж, хэлтсийн дарга К.Баторун нарыг зөвлөлтөд түр курс хийлгэж ирээд К.Баторуныг даргаар томилсон аж. 

    К.Баторун тэргүүтэй ДХГ-ын ажилтан нар хууль ёсноос гадуур ажилласны учир 1925 онд тэднийг өөрчилснийг дээр өгүүлсэн. ДХГ өргөжих дутам сургагч, мэргэжилтэн нарын тоо нэмэгдсээр байв. Намын Төв Хорооны тэргүүлэгчдийн 1931 оны 10-р сарын 10-ны тогтоолд: “Хил хязгаарын аймгийн ДХГ /анги/ орон тооны сургагч нарыг суулгасугай’ гэсэн удирдамж байсан нь хилийн хамгаалалтыг сайжруулах арга хэмжээний нэг хэсэг болжээ. 

    Зөвлөлтийн ДЯЯ-ны нөхөд ажиллах үедээ манай улс орны аюулгүй байдлыг хамгаалахад үр дүнтэй туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ, зөвлөлтийн ДЯЯ-ны ажлын арга барилыг монголын нөхцөл байдлыг үл харгалзан хавтгайд нь хуулбарлах байдлаар нэвтрүүлсэн нь хэрэг дээр зөвлөлтөд явагдсан алдаатай, хууль ёсонд харш ажиллагаа нэг адил нэвтэрч ирсэн. 

    ДХГ-ын 1934 оны 9-р сард гарсан 368 тоот тушаалд Дорнод аймгийн хэлтсийн сургагч Фельдман, Давжаев / хожим нь манайд намын сургуулийн захирал байсан / Ленсэн зарим монгол ажилтан хэрэгтнийг байцаахдаа зодож жанчих зэргээр харгис хэрцгий арга хэрэглэсэн учир тэднийг донгодон шийтгэж байжээ. 

    Энэ нь ДХГ байгуулагдахад зөвлөлтийн сургагч, мэргэжилтэн ажиллаж тэр тусмаа хэрэгтнийг доромжлон жанчих явдал К.Баторунаас эхлэн Дорнод хэлтэст гарч байсан нь хууль зөрчсөн эдгээр баримт ДЯЯ байгуулагдах буюу Х.Чойбалсан энэ байгууллагыг удирдахаас өмнө нэвтэрч ирсэн арга барил гэж үзэж болно. 

Х.Чойбалсан зөвлөлтийн нөхөдтэй хамтран ажилласан нь 

    ДЯЯ-ны боловсон хүчний хэлтсийн 1937 оны мэдээгээр ДЯЯ-ны төв хөдөөгийн бүх ажилчид 274 хүн байсны 71 нь буюу 25,9 хувь нь зөвлөлтийн зөвлөх, сургагч, орчуулагч, боловсронгуй төлөөлөгч гэхчлэн хүмүүс байсан нь Х.Чойбалсанг сайд байх үед улам олширч ДЯЯ-ны харъяа байгууллага нэгж бүхэн ёс мэт заавал сургагчтай байж бас сургагчийн олонх нь машин уналгатай байх, цалин хангамж өндөр, гэр бүлийн хүмүүст нь ажил олгож цалинжуулах явдлыг Чойбалсан өөрийн тушаалаар гүйцэтгэж байв. 

    Чойбалсан сайд байсан 4 жил хагасын дотор сургагч мэргэжилтэнтэй холбогдсон 200 шахам тушаал гаргаж өндөр цалин хангамж, гавьяа шагнал олгож байжээ. 

    Жишээлбэл: 1936 онд ЭХЯ-ны сайд байгаад орлогч сайдаар ирсэн Д.Өлзийбат 425 цалинтай байхад аймгийн анги хэлтсийн сургагч 440 төгрөг авч дэргэд нь хамт ажиллаж байсан монгол дарга 220 төгрөг авдаг байх мэт үлэмж зөрүүтэй байв. 

    ДЯЯ-ны сайд орлогчоос эхлээд газар, хэлтэс, тасаг , отряд ямар л нэгж бол цөм сургагчтай байлаа. Складын, гараашийн, санхүүгийн, гал командын сургагч гэх зэрэг ямар нэг алба бүхэн сургагчтай байснаар үл барам яамны 9 цэвэрлэгчийн 7 нь түүний дотор ахлах цэвэрлэгчид нь орос хүнийг томилж цөм монголчуудаас 2 дахин их цалин авч байсан жишээтэй юм. 

УАХБ-д зөвлөх, сургагч нар газар, хэлтэс, тасаг бүхэнд байсан болохоор бүх ажлыг гардан удирдаж сайд, орлогч сайд, дарга гэх ч нь зөвлөхийн юу хэлснийг дамжуулах, тушаал, бичиг, утас шифр явуулсан ч үзүүлэн хянуулж санал зөвлөгөөг яг биелүүлдэг байснаар тэдний өмнө гүйцэтгэгч нь болж хувирснаар өөрсдөө бие даан шийдэж байсан асуудал тун бага байжээ. 

Зарим зөвлөхүүд 

    М.Ф.Чибисов 1932-35 онд ДХГ-ын зөвлөх байхдаа Дорнодын /цагаан/ буриад нарын дотор, Дорнодод суугаа өөрийн ажилтан нараар дамжуулан, тагнуулын ажлыг өргөн зохиож байсны дээр эцэстээ Ж.Лхүмбийн толгойлсон гэх зохиомол хэргийг бий болгож 300 гаруй хүнийг 1933-34 онд барьж шийтгэж Ж.Лхүмбэ, Ц.Жигжиджав тэргүүтэй олон хүнийг япон тагнуул, хувьсгалын эсэргүү гэдэг нэрээр бүртгэн ирээдүйд Гэндэн-Дэмидийн хэрэг гэгчийн суурийг тавьсан хүн. 

    М.Ф.Чибисов ДХГ-ын орлогч, намн шударга гишүүн Ц.Гиваапилийг Ж.Лхүмбийн хэрэг худал гэгч худал болохыг мэдэж, үнэн мөнийг олохоор тэмцэж байсан явдалд дургүйцэн эмнэлэг ба гэрт саатуулж байгаад зөвлөлтөд /амруулах/ нэрээр цөлж ажлаас зайлуулаад түүнийг хожим нь баривчлахын тулд японы тагнуул гэсэн бүртгэлд баттай оруулжээ. 

    М.Ф.Чибисовын хашаанд ямар ч санаа бодлогогүй орсон нэг ядуу ардыг буудан алсан хэрэг байсныг дарагдуулан өнгөрсөн тухай Ц.Гиваапил өчсөн байдаг. Ц.Гиваапилийн үнэнч шударга байдлаар үзэхэд үндэстэй гэмээр. 

    М.Чибисов П.Гэндэн, Д.Намсрай нарт нөлөөлж ДХГ-ын ажлыг өөрийн санаа зоригоор явуулдгаар үл барам Ж.Лхүмбэ нарын хэргийг таслан шийтгэх комисс биеэр оролцож дээд хэмжээ оноосон хүн. 

Энэ явдалдаа тагнуул илрүүлсэн хэмээн одон тэмдгээр шагнагдаж байжээ. 

    Чопяк /1935-1937 онд ажилласан/ 1935 онд Д.Намсрайд Ежовын захидалдаа ирж Чибисовынхаа ажлыг үргэлжлүүлэн “баруун”, ”зүүний” үлдэгдэл, феодал лам нарыг устгах талаар их ажил хийж ДХГ-ыг ДЯЯ болгох 1937 оны аймшигт үйл явдлыг бүх талаар бэлтгэж газар дээр нь зохион байгуулсан хүн. 

    Сүм хийд лам нарыг бүртгэх тухай маршалын тушаал гаргаж 3 хүснэгт судалгаа хийх, ДЯЯ-ны тагнуул, эсэргүүцэн тагнах ажлын заавар . 

    Мөрдөн байцаалт явуулах заавар гэдэг 3 бичиг баримт боловсруулж үүндээ ДЯЯ-ны бүх ажлыг алдаа завхрал хийх заалтыг шууд чиглүүлэн заажээ. 

    1937 оны 1-р сард хийсэн төв хөдөөгийн хэлтэс анги отрядын дарга нарын зөвлөгөөнд илтгэл тавьж өөрийн оролцож боловсруулсан баримт бичигт байгаа заалтыг хэрэгжүүлэхийг ДЯЯ-ны нийт аппаратын зорилт болгон тавьж мөн маршалын хэлэх үгийг бэлтгэн өгч бүх санаа бодлоо нэг чигт хандуулж чаджээ. 

    Ингээд зөвлөгөөний дүнгийн тушаалд өөрийнхөө илтгэлд орсон санааг ДЯЯ-ны тушаал болгон заавал биелүүлэх эрхийн акт болгожээ. 

    Эдгээр ажлыг бэлтгээд жанжин Г.Дэмид, 1937 оны 7 дугаар сард Ворошиловын урилгаар гэж анх явахад Чопяк Г.Дэмидийн хамт Алтанбулагт очжээ. Г.Дэмид амь үрэгдсэний дараа зөвлөлтийн ДЯЯ-ны орлогч сайд Фриновский ирж “хуйвалдаан” хэрэг гэгчийн бүртгэлүүд хийж манай талд өгсөн: Түүний хийхэд оролцсон Чопяк биечлэн оролцсон хүний нэг гэж үздэг. 

    1937 оны 9-р сарын 10-наас эхлэн дайчлан баривчлах ажлыг явуулахад Чопяк гардан оролцож шууд зөвлөгөө өгч “тусалж” байсан нь тодорхой. 

    Анхны 14 хүний хэргийг 1937 оны 10-р сарын 16-18-нд таслан шийтгэж цаазаар авахад газар дээр нь очилцож үүний дараагаар Төв Хорооны бүгд хурал болж дуусмагц 1937 оны 10-р сарын 24-ний маршалын тушаалаар тус яамны “хүндэт чекистийн” тэмдгээр шагнагдан буцжээ. Энэ тушаалд: нөхөр Чопякийн бие тус зөвлөхөөр 2 жил хагас ажиллахдаа ДЯЯ-ыг монгол улсын ард түмний дайсан этгээдүүдийг ямар хайр найргүйгээр илэрүүлэн утсгаж монголын хувьсгалыг халхлагч /хамгаалагч/ үнэнч найдвар бүхий байгууллага болгон чаджээ. 

    ... Намын ба улсын хийгээд аж ахуйн болон хувьсгалт цэргийн зэрэг газруудын удирдлагад шургалан орсон японы тагнуулчид нарыг үндсээр нь устгах явдлыг хүчтэйгээр илрүүлэх явдлыг анх эхэлж явуулсан... ялангуяа миний биед үнэн шударга тусламж зөвлөгөөнийг тасралтгүй үзүүлсээр ирсний дээр ... гавьяа зүтгэлийг тэмдэглэж ДЯЯ-ны монголын чекистийн хзндэт тэмдгээр шагнал болгон хадгалуулсугай” гэж үнэлжээ. 

    -Голубчик, 1937 онд Чопякийн дараа ирж хэдхэн сар ажиллаад 1938 оны 4 дүгээр сард маршалын тушаалаар Америк суудлын машинаар шагнуулж, 1938 оны 8 дугаар сард болсон ДЯЯ-ны төв, хөдөөгийн байгууллагын дарга нарын зөвлөгөөний гол илтгэлийг маршалд бэлтгэж тавиулсан нь 5 бүлэгтэй яамны ажлын олон талг хамарсан бөгөөд 1937 оноос эхэлсэн завхралыг цааш улам өргөжүүлэхэд түлхсэн ялангуяа монголд шинэ эргэлтийн бодлогоор ардын мал өсөж байсан үед, монголын үндэсний хөрөнгөтний ангийг дайсагнах анги болгох, эсэргүү нарын төрөл саданг бас хамруулах зэргээр ДЯЯ-ны тэмцвэл зохих этгээд гэгчийг маш их өргөжүүлжээ. 

    Кичков гэгч эсэргүүцэн тагнах хэлтсийн сургагч, яамны орлогч зөвлөх Н.Насантогтохыг орлогч сайд болоход хамт ажиллаж 1938 онд завхралыг гүнзгийрүүлэхэд яамны ерөнхий зөвлөхийг орлож маршал Х.Чойбалсанг эзгүйд хамаг их завхрал хийснийг 1939 оны зөвлөгөөнд нэлээд хүн, түүний дотор сургагч нар ч шүүмжилжээ. 

    Кичков ДЯЯ-ны дэргэдэх шашны хэрэг эрхлэх газрын зөвлөх хавсран ажиллаж сүм хийд, лам нарын таваарх завхралд гүнзгий оролцсон хүн. 

    В.Г.Скоков ДЯЯ-ны УАХг-ын зөвлөхөөр 1939 оны 6 дугаар сард ирсэн. Шинээр орлогч сайд болсон Б.Жамбалдоржтой хамт ажиллаж байхдаа яамны байфшинд хүнийг зодох тусгай өрөө бэлтгүүлж, Төв Хорооны нарийн бичгийн дарга байсан Б.Баасанжав, Эвлэлийн Төв Хорооны нарийн бичгийн дарга байсан Ж.Сэнгэдорж нарыг өөрөө зодож байсан зэрэг хууль завхруулж байжээ. 

    Ер нь зөвлөлтийн тагнуул, эсэргүүцэн тагнах байгууллага Х.Чойбалсангийн үед манай оронд өргөн эрх мэдэлтэй ажиллаж байжээ. Эдгээр байгуллага зарим хүнийг баривчлан Чита, Млсъюап аюаачтг рловж байцаар кэошээо ажтддаж байсан баримт бий. 

    Зөвлөтийн ДЯЯ-ны нөхдийн үзүүлсэн туслалцаа хамтын ажиллагааны үр дүнг зарим хүмүүсийн буруу арга барилаас ялгавартай ойлгох ёстой. 

    Зөвлөлтийн хүний оролцоог дан ганц муу талаас нь авч үзвэл үнэнд бас нийцэхгүй. 

    Эдгээр нөхөд Монгол орны аюулгүй амгалан тайван байдал, улсын хил хамгаалахын төлөө амь бие хайргүй зүтгэж алтан амиа алдсан нь цөөнгүй. 

    Монголд томилолтоор ажилласан тэдгээр нөхөд өөрийн удирдлагын /Ежов, Ягод, Берья/ тушаал заавар, эх орныхоо төр засгийн систзмд захирагдан тухайн үед үүргээ гүйцэтгэж явсан хүмүүс гэдгийг бид мэдэх учраас өнгөрсөн түүхэн зурвас үеийн алдааг Монгол-Зөвлөлтийн ард түмний язгуур эрх ашиг, өнөөгийн бодит амьдралтай холбож үл болохыг эрхэм уншигч бэлхнээ мэдэх учиртай. 

Их аюулын өмнөхөн 

    ДЯЯ байгуулагдаад жи гаруйн дотор гаргасан хэд хэдэн баримт бичигт “Хувьсгалын эсэргүү” феодал, лам нарыг устгах, мөрдөн байцаалтыг чангалж хэргийг “элдэв аргаар” заавар хүлээлгэх, хүнийг төр, хуулийн байгууллагаас зөвшөөрөл авахгүй баривчлах, нэгжих, прокурорын хяналтаас мултрах, ДЯЯ-ны сайдын тушаалыг биелүүлээгүй ажилтныг буудан алах ял оноох, сургагч зөвлөхийн заавар удирдамжийг биелүүлэхийг зааж хурал зөвлөгөөнөөр хэлэлцэн яамны бүх багууллагад тулган шаардсан явдал, ойртож байгаа аюул буюу 1937 оны 9 дүгээр сард эхэлсэн төр, засаг, олон нийт, цэргийн зүтгэлтэй, лам хуврагуудыг олноор нь дайчлан баривчлахад хэрэг дээр сэтгэл зүйн талаар бэлтгэсэн арга хэмжээ болжээ. 

    Ийм үед 1937 оны 7 дугаар сард МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүн, ерөнхий сайдын 2 дугаар орлогч, Цэргийн Явдлын Яамны сайд, бүх цэргийн жанжин, улсын маршал орлогч жанжин Г.Дэмидийг ЗХУ-ын маршал К.Ворошиловын урилгаар цэргийн маневрт оролцуулахаар урьсан ёсоор явах тухай Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн явуулаад Г.Дэмидийг Алтанбулаг хүрэхэд араас нь дуудаж буцаан илрүүлжээ. 

    Жанжин Г.дэмид буцаж ирээд сар шахам болоод явах болсон нь утга учи бүрхэг бөгөөд тайлж гаргах нэгэн зангилаа байна гэж: үздэг. 

    Жанжин Г.Дэмид буцаж Улаанбаатарт ирээд саатаж байх хооронд болсон зарим явдал нэн гайхалтай. 

    1937 оны 8 дугаар сарын 10-ны өдөр: 

    -Монголд удаа жил ажилласан эрдэмтэн Жамсрангийн Цэвээнийг Ленинград хотод, 

    Монголын ерөнхий сайд байгаад халагдаж Зөвлөлт улсын нутаг Крымын хойгт гэрийн харгалзаанд байсан П.Гэндэн 

    Цэргийн 3 дугаар газрын тагнуулчин ардын хувьсгалын партикан барга Ц.Өлзийт Улаанбаатарт тус тус нэг зэрэг баривчилжээ. 

    Нэг нэгнээс олон мянган километр зайтай сууж байсан энэ гурван хүнийг нэг өдөр баривчилсан нь уг хэргийг зохион байгуулагчид газар орчны хол ойрыг үл харгалзан хаана ч хүрч юу ч хийж чадах хүч бололцоотой гэгчийг харуулсаны баримт гэлтэй. 

    Зөвлөлт Холбоот Улсын иргэн Лениград дахь дорно дахин ы судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Жамсрангийн Цэвээнийг баривчлах буюу баривчлуулах явдал Монголын ДЯЯ-нд /Х.Чойбалсанд/ сачий хүрэхгүй хэргээ. 

    Ж.Цэвээнийг барьсны маргааш 1937 оны 8 дугаар сарын 11-нд мөн Ленинград эрдэм шинжилгээний ажилтай байсан Мэргэн гүн хэмээх Мөнх-Очирын Гомбожавыг, 1937 оны 8 дугаар сарын 19-нд Цэргийн 3 дугаар газрын дарга Б.Очирбатыг Улаанбаатарт тус тус барьсан санамсаргүй явдал огт бишээ. 

Энэ баривчлалт нь юуны урьд: 

    Японоос бүх монголын үндэстнийг нэгтгэх зорилготой “Дагуурын засгийн газар” гэгч тоглоомын захиргаа байгуулж байсныг Ж.Цэвээн монгол угсаатныг нэгтгэсэн хүчирхэг улс байгуулах томъёололтой холбож үндсэрхэг үзэлтэн Японы тагнуул болгох 

    Цэргийн 3 дугаар газар цаг үеийн шаагдлагаар Хятад, Өвөрмонголын нутагт тагнуулын ажил зохиож энэ ажилд Ц.Өлзий амь үл хайрлан зориг баатлагаар олон удаа явж байсан бас жанжин Г.Дэмидтэй партизан цэргийн үеийн дотно танил, Ц.Өлзийг удирдаж байсан дарга Б.Очирбат нараас Г.Дэмидийн талаар “тагнуулын холбоотой” болгож мэдүлэг гаргуулах 

    Монголын нам, төрийн албанд зүтгэж байхдаа коминтерн ба ЗХУ-ын бодлогыг зарим талаар эсэргүүцэж Монголын бие даасан байдлын төлөө санаа хүчээ зориулдаг учир хавчигдан харь холын нутагт цөлөгдөн гэрийн харгалзаанд зовж байсан П.Гэндэн золиосонд гаргаж албадан шахах замаар Г.Дэмидийн нэрийг хэрэгт холбогдуулах зорилт тавьсан гэж таамаглах бололцоог, болсон үйл явдлын дараалал, харилцан уялдаа олгож байна. 

    Монголын ДЯЯ байгуулж жил гаруй хугацаанд “’Японы тагнуулд цохилт өгөх сэтгэл зүйн бэлтгэлийг зөвлөх Чопяк удирдаж хийсний эцэст “хэрэгтнийг ” яллахад хэрэгтэй материаллаг тал буюу баримт бүрдүүлэх ажлаа богино хугацаанд бий болгож авсны дараа жанжин Г.Дэмидийг К.Ворошиловын сарын өмнөх урилгаар явуулах болжээ. 

    Г.Дэмидийг дагалдах хүмүүсийн хамт 19327 оны 8 дугаар сарын 19-нд Улаанбаатараас гараад 22 –ны өдөр Зөвлөлтийн нутагт дорнод сибирийн төмөр замын Тайга станцын ойролцоо “консерв идэж хордсон” гэдгээр талийгаач болсныг зарласан гунигт мэдээ монголын ард түмний уй гашууг төрүүлж сэрдхийлгэв. 

    Ийнхүү гэнэт тохиолдсон явдлын талаар жич судалж арай танилцуулбал учир шалтгааныг ойлгоход дөхөм болох учиртай билээ. 

    Жанжны талийгаач болсны нөгөөдөр 1937 оны 8 дугаар сарын 24-нд ЗХУ-ын Батлан хамгаалах яамны орлогч сайд Смирнов, ДЯЯ-ны орлогч сайд Фриновский, ЗХУ-аас Монголд суух шинэ элчин сайд Миронов нарын 3 хүний бүрэлдэхүүнтэй засгийн газрын төлөөлөгчид ирсэн бөгөөд энэ төлөөлөгчид Японоос БНМАУ-ыг эзлэх төлөвлөгөө гардуулсан гэдгийг ерөнхий сайд А.Амар 1937 оны 10 дугаар сарын бүгд хуралд тэмдэглэн хэлсэн байдаг. 

    Дээрх төлөөлөгчийн гишүүн ДЯЯ-ны орлогч сайд Фриновский 1937 оны 8 дугаар сарын 28-наас өдөр лөж орос хэл дээр машиндсан “Хуйвалдаан ” гэгч хэргийн 115 хүний бүртгэлийг ДЯЯ-ны сайд Х.Чойбалсанд гардуулжээ. 

    Энэ бүрртгэлд 1934 онд баривчлагдсан “Ж.Лхүмбийн хэрэг ” гэгчид оролцосн гэж мэдүүлгээр нэр гарсан 67 хүн байгаагийн дотор Мархайн Цэвээний мэдүүлгээр 25, хэрэгтэн орос Заплавнойн мэдүүлгээр 11, Мильковын мэдүүлгээр 5 хүний нэрийг гаргахдаа Цэргийн яамны дээд сайд Л.Дарьзав, дХГ-ын дарга байсан Ц.Гиваапил нарын зэрэг сэхээтэн, албан хаагчдын нэрийг оруулжээ. Хоёр хэрэгтэн орос яллагдсан баримт олдоогүй. 

    Хэдхэн хоногийн өмнө барьж байцаасан Ц.Өлзийн мэдүүлгээр гаргасан 5 хүнийг оруулснаар үзэхэд /хуйвадаан/ нэртэй “тагнуулын хэрэг” гэгч нь бүр 1934 оноос эхэлсэн мөртлөө эхэлсэн мөртлөө сүүлийн өдрүүд тухайлж Г.Дэмидийн өнгөрсний дараа нөхөн гүйцээсэн бүртгэл болох нь тодорхой байна. 

    Фриновский Улаанбаатарт байхдаа П.Гэндэнгээс Зөвлөлтийн ДЯЯ-ны удирдлагад захиа бичиж өөрийн хэргийг “хүлээсэн” мэдүүлгийн хуулбар гэх ямар ч хуулийн баримт болох үндэсгүй зүйлийг 1937 оны 8 дугаар сарын 30-нд бас өгчээ.     

    Иймэрхүү байдлаар харь газраас бичиж бэлтгэсэн нэрийн бүртгэлээр Гэндэн, Дэмидийн удирдсан “хувьсгалын эсэргүү, япон тагнуулын” хэрэг гэгч бүрджээ. 

    Үүнтэй холбогдуулан ДХГ-ын дарга Д.Намсрай, зөвлөх М.Чибисов нарын 1934 оны 12 лугаар сарын 31-ний өдрийн ярианаас авч үзье. 

    М.Чибисов “… эсэргүү нарын үлдэгдлийн тухай хэлэхэд /Ж.Лхүмбийн хэргийг хэлжээ/ тэд нар тусгай жагсаалтад буй этгээд /нэр/ бөгөөд их бага оролцсон, том жижиг этгээдүүд яваа тул эд нарыг харах, сэргийлэх явдал чухал … эдгээр этгээдүүдээс Г.Дэмидтэй очиж уулздаг нь муу хэрэг бөгөөд ер нөхрийн харилцаа тасрахгүй байвал муу хэмээн бодно” гэсэн бол мөнД.Намсрай элчин сайд Сокольниковоос хэлэхдээ: “н.Чибисовтой /дХГ-ын зөвлөх/ ярилцаж байсан зүйл бол одоогийн засгийн газрын гишүүдийн дотроос бус ихээхэн хариуцлагатай том ажилтан нараас хэнийг ч татаж барьж байцаах явдал бол маньд тус бага бөгөөд хэрэв эд нарын тухай мэдүүлэг буй аваас ДХГ үлдээн хадгалж байцаалтыг өргөтгөхгүйгээр сэжиглэл бүхий этгээдүүздийг хариуцлагатай ажлаас нь халж тэд нарыг барих байцаах асуултыг тогтоохгүй байваас энэ нь улс төрийн талаар дээр хэмээн зөвлөж байсан бөгөөд мөн бид нар ч ингжэж үзнэ. Одоо үед маньд улс төрийн талаар ашиггүй. Харин хоёр жил өнгөрсний дараа, 22 онд /1932 онд/ Монголын нам, засгийн ерөнхий удирдагч нар Япон лугаа нууц гэрээг байгуулсан хэмээхийг илрүүлэн нийтэлбээс зүйтэй байна ” гэх зэргээр ярилцсан нь 1937 оны 9 дүгээр сард гэндэн Дэмидийн удирдсан “япон тагнуулын хэрэг” гэгч болон гарч ирсэнтэй утга санаа яг тохирсныг огт санамсаргүй тохиолдол гэхийн аргагүй юм. 

Баривчилгаа /1937 оны 9 дүгээр сарын 10/ 

    Улс орны түүхэнд аймшигт хар мөрийг үлдээсэн дайчлан баривчлах харгис хэрцгий явдал энэ өдөр эхэлж төр, олон нийт цэргийн зүтгэлтэн олон арван хүнийг нэгэн зэрэг хоморголон баривчилжээ. 

    Энд зориуд онцлон тэмдэглэх нэгэн зүйл бол эдгээр хүмүүсийн өдүүлсэн төрийн эсрэг ямар нэг хэргийн талаар ямар ч мэдээ материал Монголын ДЯЯ-нд байгаагүй юм гэдгийг архивын тоостой шарласан хуудас олныг эргүүлж үзсэний хувьд иргэний хариуцлагатайгаар үнэн мөнийг уншигч түмэндээ толилуулах нь бидний ёс суртахууны үүрэг гэж үзнэ. 

    Энэ баривчлалт дээр өгүүлсэн Фриновскийн авч ирж Х.Чойбалсанд өгөөд Х.Чойбалсангийн нарийн бичгийн дарга орчуулж, Чойбалсангийн баталсан баривчлах хуудсаар ДЯЯ-ны орлогч сайд Б.Лосол тэрүүтэй цөөн тооны удирдах хүний тушаалаар гүйцэтгэгджээ. 

    ДЯЯ олон хүнийг дайчлан баривчилсан нь өдий төдий айл гэрт өнчрөл бэлэвсрэл үлдээж, ард олны дотор айх гайхах зэрэгцэж, олон яам газар байгууллага удирдах хүнгүй болж боловсон хүчний дотор маргаашдаа итгэхэд ч хэцүү байдал бий болов. 

    Дайчилгаа эхэлсний маргааш 1937 оны 9 дүгээр сарын 11-нд ДЯЯ-ны сайд маршал Х.Чойбалсан ДЯЯ-ны төвийн ажилтан нарын цуглаанд хэлсэн үгэндээ: “Манайд японы эсэргүү тагнуулын хэрэг баригдаад байна. Гэндэн нарын удирдлагатай бүлгэм, эсэргүү Лхүмбийн хэргийг үргэлжүүлж ирсэн. Лхүмбийн дараа Гэндэн уламжлан явуулж байна…Гэндэнгийн зорилго нь хаант бүх Монгол угсаатан нэгдэн японы колони болгох … Холбоот улсаас монголыг салгаж Японд барьж өгөх гэсэн зорилготой байна … олон хариуцлагатай ажилчид элссэн том хэрэг байна. Энэ өдөр толгойг олж авсан. Энэ нь та нарын чадал хүчин мөн. Толгой Гэндэн, Мэнд,Намсрай, Аюуш. Энэ бүлгэмийн хэргийг нэлээд хянаж боловсруулсан. /энэ худлаа/ 

    Туйлдаан хүрсэн тул нам, засгаас баривчлахыг даалгасан. Өнгөрсөн шөн баривчилсан. Элссэн толгойлогчид олон байна … Намын Төв Хорооны Тэргүүлэгч Мэнд, Яндаг, Элээ энэ гурав толгойлон орсон. Бага Хурлын тэргүүлэгч Ламжав, Ширнэн, сайд нарын зөвлөлийн гишүүн Мэнд, Өлзийбат, Баттөмөр, Чойдогсүрэн, дэд сайд Гомбожав, Бага хурлын гишүүн 10-аас доошгүй, … эд нэр газар бүр аижллаж байна. 

    Улсын худалдааны дарга Равдан, хотын хоршооны магсар, цэргийн дотор Дарьзав, Мальж, Гончигшарав, Дашзэвэг, Адъяа, Нямхүү, Гомбо нарын зэрэг 20 гаруй хүмүүс энд тэнд хязгаарт дивизийн дарга нар байна гэх зэргээр яриад цааш нь “мөрдөн байцаалтын тухай байцаахдаа эрс хатуу тавьж байцаах хэрэгтэй. Гэндэнгийн мэдүүлгийн баримттай зүлйээс байцаахад болно. Байцаалтыг хатуу чанга асуух хэрэгтэй. Амсуухдаа эхэндээ сайн сүүлдээ сулардгийг эрс тавих, нэр дурдсан этгээдүүдийг хянах хэрэгтэй. Сайн өдөр, өдөр шөнөгүй ажиллах, хоол ундыг зөвхөн ажиллаж байгаа нөхдийг дүүрэн хангах хэрэгтэй. Энэ оройноос эхлэн байцаалтад орох хэрэгтэй. 25 хоногоос хэтрүүлэхгүй зориуд дуусгахыг тушаал болгож хэлье. Хайрлах явдал хэрэггүй. Хайр найргүйгээр илрүүлэх хэрэгтэй. Эдний гол бодлого нь японы колони. Хүчтэй ажиллахыг даалгана” гэж үүрэг тушаал өгснөөр байцаалтын ажил эхэлжээ. 

    Маршалын энэ удаагийн үг нь Фриновскийн авчирсан бүртгэл бичигдсэн, Гэндэнгийн “мэдүүлэг” гэгчид дардсан утга санаагаар голлоод байцаалтын талаар “хатуу”,”хайр найргүй ” байх тухай шаардсан нь урьдах гаргасан заавар санамжийнхаа утга санааг давтсан байна. Хэргийн мөрдөн байцаалтыг 25 хоногт багтааж дуусгахаар шаардсан хууль зүйн үүднээс буруу байв. 

    Урьд барьж байцааж байсан зарим феодал, лам нар бусад хэрэгтнүүд дээр Гэндэн-Дэмидийн хань хамаатан гэх олон хүн нэмэгдсэн явдал, тэр үед мөрдөн байцаах аппаратгүй байсан. ДЯЯ-ны байгууллагуудын бүх ажилтан нар цөм байцааж байсан нь байцаалтын ажил хууль зүйн дагуу явагдах аргагүйд хүрчээ. 

ДЯЯ-ны мөрдөн байцаалтын завхрал 

    ДЯЯ-ны мөрдөн байцаалтын ажилд дагаж мөрдвөл зохих хууль зүйн үндсийг БНМАУ-ын Бага Хурлаас 1935 онд батлан гаргасан “ БНМАУ-ын аливаа эрүүгийн гэмт хэргийг хэрхэн байцаах ба шийтгэх тухай “ хуульд заасныг зарим гол зүйлээр нь авч үзэхэд : 

    3 дугаар зүйл. Аливаа эрүүгийн байцаах эрх бүхий газруудын бүхий л мөрдөн байцаалтын ажлыг зохих хууль хамгаалагч прокуроруудаас шууд энрхлэн удирдах бөгөөд үүний тухай тэдгээрээс зааварласан зүйлийг журамлан дагаж гүйцэтгэвэл зохино. 

    12 дугаар зүйл. Аливаа доромжлох, зодох зэрэг харгис аргыг хэрэглэж хэрхэвч үл болох бөгөөд хэрэв зөрчсөн байывал тэдгээр этгээд эрүүгийн хариуцлага хүлээнэ. 

    394 дүгээр зүйл. Улсын Бага Хурлын гишүүд, тусгай газрын дарга тэргүүлэгчид, аймаг хотын захиргааны дарга, тэдгээрийн нэгэн адил эрх бүхий хүмүүсээс гэмт хэрэг үйлдвэл Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид ба Сайд нарын Зөвлөлөөс олгосон зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэнэ. 73 дугаар зүйл. Шүүх яамны сайд, Улсын прокурор, Дээд шүүхийн дарга нараас аливаа эрүү, иргэний хэргүүдийг шүүх таслах ба мөрдөн байцаах газрууд хийгээд сум хороодын захирггаадаас зориуд татан авч хянах эрхтэй болно “ гэж заасан байжээ. 

    Гэтэл ДЯЯ-ны мөрдөн байцаах үйл ажиллагаанд эдгээр заалтыг ягштал баримтлаагүй нь хувьсгалт хууль ёс зөрчигдөн, мөрдөн байцаалтад завхрал гарахад хүргэсэн гэж үзэх үндэстэй. 

    Үүний зэрэгцээгээр ДЯЯ байгуулагдаж 1936 оны Ү сарын 15-нд Сайд нарын Зөвлөлийн хурлаар шинэ дүрэм батлуулахдаа ДХЕГ-ын 1933 оны дүрэмд “ Аливаа эрүүгийн гэмт хэргийг хэрхэн байцаах ба шийтгэх тухай “ хуулийг тусгасан зарим заалтыг хассан ба өөрчилсөн явдал хууль зөрчигдөхөд шалтгаан байж болохыг дээр дурьдсан. 

    “ ДЯЯ-ны сайдын тушаалыг биелүүлээгүй хүнийг буудан алах “ тухай урьд нь зөвлөлгөөнөөр ярьж, тушаалаар баталсан болохоор энэ тушаалыг эсэргүүцэж үг хэлэхээс айхын зэрэгцээгээ, баригдаж байгаа хүмүүс “ эсэргүү, тагнуул “-ын хэрэгтэй эсэхийг мэдэхгүйн харгаагаар тэр үеийн ДЯЯ-ны ажилчид үнэн хэрэгтээ албадан захирах дарамтад баригдан тушаалыг сохроор биелүүлэгчид болж хувирсан байна. 

    1937 оны IX сарын 10-нд эхэлсэн дайчлан баривчлалт өдөр хоног тутамд өргөжин тэлж нийслэлээс аймагт, аймгаас суманд, төрийн яамдаас харъяа байгууллага салбарт, сайд тушаалтнаас жирийн ардыг хүртэл бүх орныг хамарсан өргөн дайчилгаа болж хувирав. 

    Баригдагсдыг байцаах явцад хэрэгтний мэдүүлгээр Их хүрээний ензон хамба Ц.Лувсанхаймчиг, дэд хамба Б.Дамдин нарыг П.Гэндэн, Г.Дэмидийн “ эсэргүү тагнуулын “ хэрэгтэй холбоотой болгон олон жилийн өмнөөс Сталинчууд лам нарыг устгахгүй бол тусламж үзүүлэхгүй гэх буюу лам нартай тэмцэх ажлыг сулруулвал танай засаг тогтнож чадахгүй гэж тулган шаардсаар ирсэн алсын удирдамж, МАХН-ын Төв Хороо “ лам нарыг бүрмөсөн устгах тухай “ гаргасан тогтоолыг биелүүлэх “ аятай “ шалтаг гарч лам нарыг дайчлан баривчлах ажил хэмжээ хязгааргүй өргөжив. 

Ингэж өргөжих нь тухайн үеийн мөрдөн байцаалтын аргатай холбоотой. 

    Тэр үеийн мөрдөн байцаалт нь үнэн хэрэгтээ хууль зүйн үүднээс чухам мөрдөн байцаалт болж чадсангүй, хуулийн нэрийг барьж гэмгүй олон хүнийг хилсээр гүьгэн гүжирдэх балмад бүдүүлэг дайралт болж хувирсан гэж хэлэхээр байна. Яагаад гэвэл : Нэг талаас / жирийн үгээр хэлэхэд / яллагдагчийн өдүүлсэн хэргийн талаар мөрдөн байцаагч өөрийн мэдэлд байгаа нотлох баримт болох материалыг байцаалтын явцад яллах ба цагаатгах талыг шүүн тунгааж, хэрэгтний эрхийг хүний нь хувьд хүндэтгэн прокурорын хяналтын дор зөвөөр шийдвэрлэн шүүхийн шатанд бэлтгэх, нөгөө талаас хэрэгт холбогдсон хүн өөрийн эрхээ хамгаалж, гэм буруугүй гэдгээ нотлох боломжийг олгож хоёр талаас гаргасан нотолгооны аль үнэн нь хэргийг шийдвэрлэх үндэс болох учиртай хэм хэмжээ нь аль эртнээс тогтсон хэвшил билээ. 

    Харамсалтай нь энэ арга барилыг орхигдуулан тусгай бэлтгэсэн хэлхэн гүжир асуултаар тулган байцаах бүдүүлэг арга дэлгэрч : Чи хэнд элсэгдсэн бэ? Хэнийг элсүүлсэн бэ? Гэдэг заавал хариу авах шахалт хийж хууль бус мэдүүлэг гаргуулж байжээ. 

Албадсан ийм мэдүүлэг гаргуулахын тулд : 

Бие эрхтэнд нь халдан зодож жанчих 

өлсгөх, цангаах, халууцуулах, дааруулах 

будна, ална, ялыг хүндрүүлнэ гэж сүрдүүлэх 

удаан цагаар зогсоох, өндөр сандал дээр суулгах 

мөстэй хүйтэн өрөөнд хорих 

олон цаг хоногоор амралтгүй жижүүрлэн байцаах 

ийм, тийм хэрэг хийсэн гэж хөтлөн байцаах 

худал мэдүүлэг гаргасан хэрэгтэнтэй нүүрэлдүүлж тулгах 

хэргээ шалав хүлээвэл хоол унд өгнө, өршөөл уучлал үзүүлнэ хэмээн мэхлэхийг оролдох зэрэг эсэн бусын балмад аргаар тарчилган зовоох, тамалах явдал өргөн дэлгэрч байсан нь 1937 оны эхэнд Чопякийн бэлтгэж Чойбалсангийн нэрээр тушаал заавар болж гарсан “ . . . хэргийг хүлээхгүй хатуу этгээд тохиолдох ахул аливаа арга хэрэглэж ажиллах хэрэгтэй . . . байцаагч өөрийн өөрийн асуултаас өөр хариуг авахгүй, гагцхүү тэр асуултын хариуг тодорхой авч хэргийг хүлээлгэх хэрэгтэй . . . “ гэсэн заалт яваандаа тодорхой ажил дээр нөлөөлсөн нь энэ ажээ. “ Хатуу этгээд тохиолдох ахул аливаа арга хэрэглэх хэрэгтэй “ гэдэг өгүүлбэрт хичнээн нүгэлтэй хар санаа агуулагдаж ямар уршигтай гай тарьсныг өгүүлж баршгүй. Ийм аргаар гүжир шахалтанд орсон хүн аргагүй байдлын улмаас хэд хэдэн хүний нэрийг гаргах, зарим нь хэдэн арвыг ч нэрлэх болж улам олон хүнийг хамарсан байна. 

    Мэдүүлгээр нэр гарсны үнэн мөнийг шалгах, нотлох ямар ч ажил хийдэггүй шууд барина. Тэр нь бас хэдийг нэрлэж бариулна. Энэ мэтээр өргөжиж олон тооны “ эсэргүү нар “ буй болжээ. 

    Энэ нь хэрэгтэн өөрөө хэргээ хүлээж мэдүүлэхээс илүү нотлох баримт байхгүй гэсэн зөвлөлтийн эрдэмтэн, академич Вышинскийн “ онол “ биелэлээ олсон хэрэг. 

    Харин хүн бүрийн мэдүүлгийг нэг ижлээр авч үзэх нь үнэн байдалд бүрэн нийцээгүй юм. 

    Мэдүүлэгтээ гагцхүү үнэн мөнийг барьж ямар ч хавчилт шахалтаас няцахгүй байсаар хүнд ял хүлээх, хохирох, өөртөө болон өөр бусдыг хилс хэрэгт холбохгүй эр зоригтой чин шударгыг баримталсаар хэлмэгдсэн хүн олон байсан. 

    Бас зарим нь зовж зүдрэх үедээ аргагүйн эрхэнд худал мэдүүлэг гаргахын хамт бас атгаг муу санаа хавчуулж өс хонзонгоор бусдыг хэрэгт холбож мэдүүлдэг ч байжээ. 

    Зарим хүн айж балмагдсан, арга барахдаа байцаагчийн ямар мэдүүлэг гаргах санаатайг ажиглан түүнд тааруулж “ хэрэг хүлээгээд “ амьд мээнд үлдэх, нар салхинд гарах хүслийн үүднээс эх захгүй, элдэв бусын худал мэдүүлэг гаргасан ч олон байдаг. Гэвч зовж, зүдэрч тарчлан шаналсан хөөрхий иргэдийг хожмын бид зэмэлэх гэсэн санаа ердөө ч байхгүй. 

    ДЯЯ, 1937 онд олон хүнийг баривчлан байцаахдаа мөрдөн байцаах байгууллага салбаргүй байснаас хэрэгтнийг барьсан хүн эсхүл өөр нэг ажилтан дарга сургагчийн заавраар нөгөө л хэдэн асуултаа тавьж суудаг бол зарим үед хүч дутагдсанаас аж ахуйн ажилтан, гааль, байцаан өнгөрүүлэхийн ажилтан, галын байцаагч тэр ч байтугай орон нутгийн засаг захиргааны байгууллагын зарим ажилтныг ч татан оролцуулж байжээ. Эдгээр хүмүүс хуулийн ямар ч мэдлэг, бэлтгэлгүй зөвхөн “ эсэргүүг “ илрүүлэх гэдэг бүдэг багцаагаар тулган шаардахаас цаашгүй, гартаа барьсан ямар ч нотлох баримтгүй хүмүүс учир энэ байцаалт хууль ёсоор явагдах үндэс байсангүй.. Иймээс байцаалтын хууль ёсны зарчмыг гажуудуулж хэрэгтнийг хөтлөн байцаах, тулган шаардах, мэдүүлэгт нэмэр хачир оруулах, зохион бичих зэрэг балмад бүдүүлэг ажиллагаа гарсан нь завхралыг улам даамжруулжээ. 

    1937-1940 оны үед олон хүнийг хоморголон барьсан учраас хэрэгтнийг хорих байрын хүрэлцээгүй болж олон хүнийг бөөнөөр хорьж эрүүл ахуйн нөхцөл доройтож өвчлөх, үхэх, тахир дутуу болох явдал багагүй гарсан. 

    Мөрдөн байцаалтын завхрал нь олон хүнийыг хилс хэргээр яллаж нөхөшгүй хохирол учруулахын зэрэгцээ тэр үед манай оронд гадаадын харгис гүрний тагнуул төлөөлөгчид үнэхээр ажиллаж байсан баримт байгаа билээ. 1930-1940 онд олон хүнийг барьж байцаахдаа хилс хэргийг хүлээлгэх арга нь голлоод чухамдаа тагнуулчийг тагнуул дүрээр илрүүлэх байцаалт шалгалт явагдаагүйгээрээр их завхралын дунд жинхэнэ тагнуулчдыг бүрхэгдүүлсэн ноцтой алдаа гарсныг тэмдэглэхгүй өнгөрч үл болно. 

“ 14-ийн хэрэг “-ийг таслан шийтгэсэн нь : 

    1937 оны 9 дүгээр сарын 10-нд баривчилсан далаад хүнээс эхний ээлжинд 14 хүний хэргийг 1937 оны 10 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд улсын төв театрт олны өмнө улсын дээд шүүх, яллагч өмгөөлөгчтэйгээр тасалсан. 

    Уг нь хэдэн хоногийн өмнө байгуулсан Улсын Бага Хурлын тэргүүлэгчид, Ардын Сайд нарын ерөнхий сайд, түүний 1 дүгээр орлогч нарын хаматарсан хурлаар байгуулсан онц бүрэн эрхт комисс таслах байсан боловч энэ хэргийг олны өмнө илээр “ ардчилсан “ байдал үзүүлж таслан шийтгэх нь олны санаа сэтгэлд нөлөөлөх тусгай бодлогоор хийгдсэн үзэгдэл байв. Чойбалсангаас Ежовт бичсэн захидалд " . . . одоо урваж тэрсэлсэн 15 хүний хэргийг олны өмнө таслан шийтгэхээр нэгэнт бэлтгэсэн бөгөөд эл таслан шийтгэх хурлаас ажилчин олон түмэн ардууд бидний удирдагч нар биднийг хааш хөтлөн явж байсан вэ хэмээхийг тодорхой танин мэдэж чадах болмой . . . “ гэжээ. 

    Таслан шийтгэх хурлыг дээд шүүхийн дарга Даншийцоодол даргалж, өмгөөлөгчөөр Г.Цэрэндорж, Б.Лосол, А.Цагаан, Г.Дамба, улсын яллагчаар прокурор С.Пунцагдорж, С.Довин, өмгөөлөгчөөр Самбуу, Дашдэндэв, олон нийтийн яллагчаар Г.Найдан, ардын төлөөлөгчөөр цэрэг Вандан, ард Чүлтэм нар оролцож олны өмнө хэрэгтнүүд хэргээ “ хүлээж “ байснаас хүмүүст уг хэрэг үнэнтэй юм гэдэг сэтгэл төрөхөөр байжээ. 

    Тэр ч байтугай МАХН-ын Төв Хорооны 1956 оны комисс эдгээр 14-ын хэргийг “ үндэстэй “ гэж дүгнэсэн нь богино хугацаанд өргөн судалгаа хийж амжаагүйгээс болсон бололтой. 

    Тус хурлаар анх 15 хүний хэргйиг шийдэх гэж бодсон нь ямар нэг шалтгаанар 1 хүн дутуу орсон юм. Таслан шийтгэх хурлда тусгайлан гаргасан нэрсээр оруулж манай оронд бугшиж байсан “ тагнуул төлөөлөгчид “-ийн тухай тэдгээр хүмүүс уг хурлаас авсан сэтгэгдлээр өргөн таниулга явуулсан байна. 

    Таслан шийтгэх хурлаас хоёр хоногийн дараа МАХН-ын ТХ-ны бүгд хурал гэгч болж А.Амар, Д.Лувсаншарав, Х.Чойбалсан нар илтгэл тавьсан бөгөөд А.Амарын илтгэлд японоос монголыг эзлэх төлөвлөгөөг Фриновский авчирч өгсөн тухай илтгэсэн бол Х.Чойбалсан “ тус улсын дотор бугшиж байгаа японы эзэрхэг түрэмгий нарын тагнуул төлөөлөгчдийг илрүүлсэн улс төрийн туршлагууд ба тэдний аюул заналын тухай “ илтгэл тавьж хэлэлцүүлсний дүнд ТХ-ны бүгд хурлаас гаргасан шийдвэртээ : 

    “ Удаа дараагийн хувьсгалын эсэргүү лам нарын байгууллагуудыг илрүүлэн олж чадсан ба мөн Гэндэн-Дэмид нарын зэрэг эх орноос урвасан зандалчнуудыг илрүүлэн олсон явдал болбаас гагцхүү ДЯЯ ба түүнийхаръяа газруудын сэрэмж анхаарлын ач үр ба гавъяа мөн “ гэж үнэлээд : 

    “ Бүгд хурлаас ДЯЯ-ны гавшгай ажилчид ба мөн яамыг оройлон удирдаж байгаа нөхөр Чойбалсанд хувьсгалын халыуун баярыг хүргэсүгэй “, “ яоны тагнуул төлөөлөгч болон эх орноосоо урваж тэрслэгчид ба хорлон сүйтгэх ба тагнан турших хийгээд алан хядах ажлыг бэлтгэж үйлдэгчид лүгээ цаашид хайр найргүйгээр үргэлжлүүлэн тэмцвээс зохино “ гэжээ. Мөн “ манай хувьсгалын амжилтууд хөгжиж батжих тутам дайсан этгээдийн элдэв хорт арга явууллага нь багасах бус харин улам нэмэгдэнэ гэсэн Сталины “ сургааль “-ыг иш татаад “ японы тагнуул төлөөлөгчдийг олж илрүүлэх явдал манай намын гишүүдээс ДЯ-ны ажилд идэвхтэйгээр туслалцахыг бүгд хурлаас уриална “ гэж заагаад бүгд хурал Сталинд баяр хүргэжээ. Бүгд хурлын энэ заалт ард олонд ямар сэтгэгдэл төрүүлэх нөлөөтэйг уншигчид аяндаа тунгаах биз ээ. 

    Төрөөс ДЯЯ-ны хэсэг ажилтан, сургагч орчуулагч нар болон Улсын дээд шүүх, Прокурорын удирдлагыг төрийн одон тэмдгээр шагнаж, урамшуулсан нь ДЯЯ-ны ажилчдаар барахгүй ард нийт хэний ч өмнө үнэхээр л манай оронд эх орноос урвасан дайсан байж түүнтэй тэмцэх нь зүй ёсны хэрэг гэж ойлгон “ сонор сэрэмжийг өндөржүүлэх “ болсон тодорхой байна. 

Онцгой бүрэн эрхтэй комисс 

    БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчид ба ардын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайд, мөн ерөнхий сайдын 1 орлогч сайд нарын хамтарсан онц хурлаас 1937 оны 10 дугаар сарын 2-ны тогтоолоор томилогдсон “ Онцгой бүрэн эрхтэй комисс “-ыг гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулж даргад Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин, улсын маршал өрлөг жанжин Х.Чойбалсан, гишүүдэд улсын бага хурлын гишүүн Д.Лувсаншарав / Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга /, Шүүх яамны сайд Г.Цэрэндорж нарыг оруулан баталжээ. 

    Х.Чойбалсан зөвлөлтийн ДЯ-ны сайд Ежовт 1937 оны 10 сард бичсэн захидалдаа : “ нөхөр Фриновскийн тусламжтайгаар дээрхээс багагүй / Гэндэн-Дэмидийн хэргийг хэлжээ / чухал нэгэн асуудлыг таслан тогтоосон харгис толгой лам нарыг хатуугаар цээрлүүлэн шийтгэх явдлыг өргөтгөх тухай болох бөгөөд энэ тухай улсаас урваж тэрслэх ба тагнуул хйих зэрэг хэргүүдийг байцаан шийтгэх тусгай гурван гишүүн бүхий комиссыг байгуулсан болой “ гэж бичсэн нь гадны бас нэг “ туршлага “ нэвтэрсний гэрч юм. Энэ комисс 1939 оны 4 дүгшээр сар хүртэл татан буугдах хүртэл 51 удаа хуралдаж 25785 хүний хэргийг хэлэлцэн 20099 хүнийг хуулийн дээд хэмжээгээр хороож үлдэхийг янз бүрийн хугацаагаар хорихоор шйидвэрлэн нэг хурлаар 40-1278 хүртэл хүний хэргийг “ хэлэлцэж “ аливаа эрүүгийн хэргийг байцаах ба шийтгэх тухай хууль / БШХ /-д заасан шүүн таслах зарчмыг ноцтой зөрчсөн юм. Энэ комиссын хуралд Х.Чойбалсан, Д.Лувсаншарав, Г.Цэрэндорж нараас гадна Б.Баасанжав, Б.Лосол нар мөн ДЯЯ-ны зөвлөх сургагч нар зарим үед оролцож байжээ. 

    Комиссын хурал гэгч нь зөвхөн овог нэр, нас зэрэг биеийн товч байцаалт, шийтгэх гэж байгаа хуулийн зүйл ангийг сонсох төдийгөөр ялыг шийдэж байснаар хэргийн үнэн байдал, гэмт хэргийн бүрэлдэхүүн, нотлох баримтын бүрдэлт зэргийг огт анхаарч судлахгүй шийдэж байсан нь манай хууль зүйн хөгжлийн түүхэнд хар мөрийг үлдээжээ. 

“ Эсэргүү хэргийг “ илчлүүлсэн нь 

    П.Гэндэн, г.Дэмид нарын эсэргүү хэрэг гэгчид цэргийн олон дарга нарыг баривчилж, энэ ажиллагаа улам өргөжиж байсан үе 1937 оны 11 дүгээр сард цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин, улсын маршал Х.Чойбалсан 221 тоот тушаал гаргаж эсэргүү байгууллагад элсэгдсэн цэргийн албан хаагчид өөрсдөө бурууг хүлээж биеэ илчилэн хэлбэл ял зэмлэлд оруулахгүй өршөөл үзүүлнэ гэдгийг Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн нэрийн өмнөөс мэдэгдэхийн хамт “ өөрийн хийсэн гэмт хэргийг илрүүлэхийг дурлахгүй байсан этгээд нарыг бид хэзээ ч баривчлан авахад тэр этгээд өөрийн биед гомдохоос бус ямар ч өршөөлгүй бөгөөд тус улсын хорт дайсан хэмээн үзэж шууд устгах амой “ гэж заажээ. 

    Энэ тушаал нь эсэргүү хэрэгт оролцсон хүн биеэ илчлэхгйүй бол барих тухай эрс хатуу заасан нь хүмүүсийн санаа сэтгэлд зохих нөлөө үзүүлж, хийсэн хэрэггүй мөртлөө баригдахаас болгоомжлон удирдлагад нь байсан, эсвэл өөрөө ямар нэг ажлын элдэв дутагдал гаргасан хариуцлага алдсан зэргээс сэжиглэгдэж баригдах байх гэсэндээ шударга дүр үзүүлэн худлаар эсэргүү даалгавар авч байсан гэж мэдүүлэх явдал гарч байв. 

    Энэ ажилд ДЯЯ-ны тусгай хэлтсийн ажилтан нар цэргийн ангийн дарга, комиссар нар идэвхтэй оролцон хүмүүсийг тулган асууж, шахаж байсан явдал ч газар авчээ. 

    Ийм байдлаар гүйцэд бус мэдээгээр нэг мянгаас доошгүй хүн биеэ илчилснийг ямар боловч эсэргүүд оролцсон гэж бүртгэгдэн “ найдваргүй этгээд “ болж зарим нь баригдах, цэргийн албанаас зайлуулагдах зэрэг байдалд орсон нь уг арга хэмжээ мөн л олон хүнийг хохироон завхруулсан явдал болсон юм. 

Завхрал үргэлжилсэн нь : 

    1937 оны дайчлан баривчлах ажиллагаа эхэлсэн үеэс хууль ёс зөрчих явдлыг улам чангаруулан дур зоргоор аашлах явдал ДЯЯ-ны хариуцлагатай хүмүүс гаргаж эхэлжээ. 

    ДЯЯ-ны орлогч сайд Б.Лосол, эсэргүүцэн тагнах хэлтсийн дарга С.Галиндэв нар 1937 оны 10 дугаар сарын 8-нд 330 тоот захидлаар аймгийн хэлтэс, ангиуд “ мөрдөн байцаалтаар илэрсэн буюу шалгарч боловсруулсан зарим хэргийн холбогдогчдыг заавал төвийн зөвшөөрөл авна гэхгүй түүгээр өөрийн хяналт, үзэмжээр баривчлаад нааш мэдэгдэж болохоос гадна уг хэргийн мөрдөн байцаалтыг өдөр шөнөгүй түргэлэн дуусгах “ үүргийг өгчээ. 

    Мөн сар өдрөөр 350 тоот бичгээр Ёнзон хамба нарын хэрэг илэрсэн тул лам нарыг төвөөр батлуулах явдалгүй түүгээр барих байцаах эрхийг Б.Лосол, С.Галиндэв нар аймгийн хэлтэс, ангиудад олгожээ. 

    Ёнзон хамбын хэрэг, Гэндэн-Дэмидийн хэрэг гэдгээр баривчилгаа эхэлснээс эхлэн Х.Чойбалсан, Б.Лосол, Н.Насантогтох, Ж.Баясгалан, С.Галиндэв, Т.Шаравжамц, Ч.Батсүх зэрэг хүмүүс байцаалтаар нэр нь гарсан, үнэн худлыг шалгаагүй, олон хүнийг барьж байцаах тухай шифрээр үүрэг өгч байцаалтыг түргэн дуусга. Илэрсэн зүйлийг мэдэгд гэж байнга шахаж шаардаж байв. 

    Ийм тушаалыг орон нутагт биелүүлж мөн л барьж байцаагаад бас л шинээр нэр гарч түүнийгээ төвд мэдэгдэж баривчлах эсэхийг асуухад төвөөс ихэнхийг нь барих зөвшөөрөл олгож баривчилгааг хавтгайруулсан байна. 

    Лам, феодал, нударган, худалдаачин, цагаантан, оргодол, бослогод оролцсон, гадаад яваад ирсэн буюу төрөл садантай гэх мэт тэр үеийн томъёоллоор “ найдваргүй “ гэж бүртгэх, мөн мэдүүлгээр илрэгдсэн хүмүүсийг учир үшйг мэдэхгүй буюу “ дайсныг “ илрүүлэх нэрийдлээр ахиулан чангаруулж олон хүнийг бариулахад хүргэсэн явдал ч гарчээ. Жишээлбэл : Хөвсгөл хэлтэс 1938 оны 3 дугаар сарын 3-ны 46 тоот шифртээ хэргийг таслуулсан жанжин 5 / 1932 оны бослогын /, тусгай комисст шилжүүлсэн жанжин 5, одоо байцаалтанд байгаа жанжин 2, баривчлахаар буй жанжин 17 гэсэн бол 19387 оны 4 дүгээр сарын 8-ны шифрт байцаагдаж буй жанжин 10 гэх зэргээр тоо тоомшгүй олон “ жанжин “ гарч ирсэн нь үнэмшилгүй бөгөөд 1932 оны бослогод оролцсон төдий хүн бүрийг “ жанжин “ нэр зүүж сүр бадруулан нэг их “ дайсан “ илрүүлсэн дүр үзүүлсэн нь тэр хэлтсийн дарга, ажилчдын онгиргон сагсуу зан авираас болсон нь эргэлзээгүй. Энэчилэн казакын бичиг мэддэг хүмүүсийг цөмийг “ молда “ гэх буюу буриад бүрийг “ цагаантан “, чинээлэг аж ахуйтай ардыг “ нударган “ гэх мэтээр сүр бадруулан баривчилж хавтгайруулан хэлмэгдүүлэх явдал гарч байжээ. 

    Аливаа үйл хэрэгт хэн яаж хандах нь улс төр, ёс суртахууны хэмжээ, хүний чанар байдал ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг болохоор ДЯЯ-ны ажилтан нараас нэг хэсэг нь улам дэвэрч “ хувьсгалч “ дүр үзүүлэн аль болохоор хүнийг барьж байцаах, яллахад улайран зүтгэж түүндээ сайшаал шагнал хүртсэн ч хүмүүс бий. 

    Бүх хүнийг ийм хэмжүүрээр үзэх нь үнэн байдалд бас нийцэхгүй . Бичиг муухан мэдэхээс өөр боловсролгүй олон ажилтан нам, засаг, маршал Чойбалсан удирдан чиглүүлж байгаа болохоор улс, ард түмний тусын тулд ажиллаж, хэрэгтэй шаардлагтай ажлыг нь хийж явна гэж бат итгэсэн итгэлээр үүрэг тушаал биелүүлж явсан байна. Цөөн зарим ажилтан буруу үйл ажиллагааг эсэргүүцэж байсан боловч дэмжлэг олж чадаагүй, зарим нь ял зэмлэл хүлээж хохирсон баримт ч бий. 

    Ийм хүмүүст ДХГ-ын орлогч дарга Ц.Гиваапил, ДЯЯ-ны дэд сайдаар богинохон хугацаанд ажилласан Д.Өлзийбат, ажилтан Д.Доржбал, Д.Дамба, Жадамба нарын зэрэг нилээд хүмүүс байдаг. 

    Улс орны тухайн цаг үеийн улс төрийн тогтолцоо, анги бүлгийн зөрчил, удирддлагын арга барил, хууль цаазын хөгжил зэрэг олон зүйлээс шалтгаалан хүний үйл амьдралд урьдчилан төсөөлөх аргагүй байдалд орж иргэдийг хэлмэгдүүлсэн дотоод яамныхан ч өөрсдөө сүүлд нь сүрхий хэлмэгсдэн нь илэрхий. 

Дотоод яамныхан хэлмэгдсэн нь : 

    Завхрал явагдаж байх үед ДЯЯ-ны зарим ажилчид “ муу “ ажилласан буюу дарга, сургагч нарын удирдлага зааврыг биелүүлээгүй, “ эсэргүүтэй “ явуулах тэмцлийг сулруулсны учир зэмлэл, шийтгэл хүлээх зарим нь эсэргүүний хамсаатан болж баривчлагдан хуулийн хариуцлага хүлээж цаазлагдаж байв. 

    Олон тооны сэхээтэн, албан хаагчид, лам нар, ард иргэд, хилс хэрэгт баривчлагдсан болохоор тэдгээр хүмүүс гомдож хорсохдоо хяналт шалгалт байхгүйг ашиглан дотоод яамныхныг өөрсдийг нь энэ худал хэрэгт нэгэн адил татан оролцуулах санаа төрж, заримдаа хоорондоо ярилцан тохирч буюу дангаар өш хонзогнон зориуд эсэргүү хэмээн нэрийг гарган мэдүүлж хэрэгт оруулж байжээ. 

    Дотоод яамны дэд сайд Б.Лосол нарын зэрэг хүмүүс ийнхүү олон хүнийг баривчлуулсны дээр Х.Чойбалсанг эсэргүү гэж мэдүүлэх нь цөөн биш удаа гарч байсан боловч зарим байцаагч нар айж эмээхдээ нэрийг нь оруулж бичихгүй өнгөрдөг байв. 

    Дотоод яамны дэд сайд, газар, хэлтэс, тасгийн дарга нарын зэрэг алдаа завхралд голлох үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийг 1939 оны 7 дугаар сард бөөнөөр баривчлан ачааны онгоцонд ачигдан хил давснаас хойш эргэж эх нутагтаа ирсэн нэг ч үгүй цөм Зөвлөлтийн хуулиар шийтгэгдэж харь нутгийн хорих лагерь , цөллөгөнд амьдралаа дуусгаж хожим нь хэрэг хилс байсныг Зөвлөлтийн эрх бүхий байгууллагаас оноосон ялт хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учраас цагаатгаснаа албан ёсоор мэдэгдсэн билээ. 

Х.Чойбалсан завхрал гаргахын эсрэг 

    Х.Чойбалсан сургагч нарын номлолыг баримтлан лам нарын талаар гурван хэсэгт хувааж үзээд том толгой лам нарыг нагийн хувьд устгах, дунд агийн лам нарыг аль болох харийн байдалд шилжүүлэн, хөдөлмөрт оруулах, хэрэв хэрэг өдүүлж эсэргүү ажил явуулахад оролцвол нэг адил устгах, доод лам нарыг бүхэлд нь хар болгож нийгмийн тустай хөдөлмөрт оруулах бодлого баримталж байжээ.Орчин үед зарим хүн 80 юм уу 100 мянган ламыг устгасан гэж дур мэдэн бичиж туйлшруулах нь үнэн байдалд тохирохгүй байна. Баримт : 

    Х.Чойбалсан доод лам, ардыг эсэргүү хэрэгт холбогдуулан баривчлах явдлыг эсэргүүцэж байжээ. Үүнд : 

    -- Маршалын 1938 оны 4 дүгээр сарын 18-ны 1630 тоот шифрт Дорнод Дамдинсүрэнд сүүлийн үед танай хэлтсээс комисст ирүүлсэн хэрэгтний материалаас үзвэл ардуудыг дайчлан баривчилж, ял төлөвлөн ирүүлсэн байх бөгөөд ер ардыг баривчлах явдлыг гагцхүү миний зөвшөөрлөөр гүйцэтгэх тухай бэлхэн заавар тушаал бүхий атал ийнхүү ажиллсан явдал нь надаас гаргасан үндсэн улс төрийн зарчмыг завхруулсан байх учир таны биеийг 5 хоног гэрт чинь хорьж шийтгэснийг мэдэгдье. Хэрэв та энэ мэт ардыг баривчлах аваас шүүхэд шилжүүлэх хүртэл хатуу арга хэмжээ авах явдлыг урьдаас мэдэгдье гэжээ. 

    --Маршалын 1938 оны 5 дугаар сарын 10-ны 2031 тоот шифрт Дорнод Дамдинсүрэнд, танай хэлтэст дээд лам нарыг баривчлахын хамт доод лам нарыг хамт дайчилсан, байцаахдаа мэдүүлгийг уншиж өгөхгүй гарын үсэг шууд зуруулдаг, түүнчлэн доод лам нарт хуурамч мяндаг бичсэн зүйл бий гэнэ. Үүнийг төлөөлөгч Нанзад, Найдан нартай ярилцаж тодорхой болгох ба харин энэхүү төлөөлөгч нарыг зэмлэж болохгүй. Ийнхүү гажуу зүйлийг илрүүлсэн явдлыг сайшаан тэмдэглэх хэрэгтэй. 

    Ийм үл зохилдох байдлыг даруй устган арилгахыг даалгахаас гадна хэрэв дахин ийм үзэгдэл гаргах аваас чамд хэмжээ үзүүлнэ хэмээн шаардаж байжээ. 

    Албан хаагч сонгуультныг хууль бусаар баривчлах явдлыг мөн хориглож байв. 

    Маршалаас 1937 оны 2 дугаар сарын 1-нд Өвөрхангай ангийн дарга Лувсан-Ёндонд 3999 тоот шифрээр Уянга сумын дарга Цэдэнбалыг таны ангиас шууд баривчилсан нь зохилдохгүй болох тул түүний биеийг суллан тавьж явуулсан болно. 

    Түүний бие эсэргүү Гэндэн нарын хэргийг буруугаар ойлгож тийнхүү өргөдөл гаргаснаа гэмшиж хойшид оногдсон ажлаа сайн хийхийг илэрхийлж өргөдөл гаргасан юм. Иймд түүний биеийг намын гишүүнд хэвээр байлгахын гадна анх баривчлахад хураасан эд юм буй ахул бүрэн эгүүлэн олгохыг даагажээ. 

    --Маршал Чойбалсан 1938 оны 4 дүгэр сард цэргийн тусгай хэлтсийн ажилчдад бичсэн захидалд : 

    “ Аливаа нэгэн ажил дээр өөрсдөө гүтгэлгийг гаргаж үл болох явдлыг хатуугаар даалгасугай. Хэрэв тийнхүү гүтгэлэг гаргасан гэмт этгээд гарах аваас шүүх таслах газар шилжүүлж шийтгүүлнэ “ гэжээ. 

    1938 оны 7 дугаар сарын 12-ны 2022 тоот шифрт Ховд хэлтсийн дарга Чойнхлойд бичихдээ сүүлийн үед миний зөвшөөрөлгүй багаг хурлын гишүүнийг баривчилсан нь үл нийлэлцэх бөгөөд үүнээс хойш заавал надаас зөвшөөрсний дараа гүйцэтгэж байхыг хатуу даалгана гэжээ. 

    Х.Чойбалсан эрүүүгийн хэрэг бүрдэлтэд хууль зөрчих явдлыг буруушааж байв. 

    Х.Чойбалсан 1938 оны 5 дугаар сарын 7-ны 24 тоот тушаалд Өвөрхагай хэлтсээс хэргийг бүртгэж онцгой бүрэн эрхтэй комисст ирүүлсэн 10 хэрэгтний хэрэгт төлөөлөгч Дорж, Мажиг нар зохиомол мэдүүлгийг нимгэн цаасан дээр хордуулан бичиж зөвхөн биеийн байцаал гарын үсгийг тусгай цаасанд бичиж эх сүүлд нь хавсарган ирүүлсэн нь “ мөрөдөн байцаалтын чанарыг алдагдуулж хуулийг завхруулсан үзэшгүй хортой хэрэг “ гэж тэмдэглээд хэлтсийн дарга Лувсан-Ёндонг төвд ирүүлэн 30 хоног, төлөөлөгч Дорж, Мажиг нарыг сахилгын хувьд тус бүзр 30 хоног хорьж шийтгээд нэр бүхий 10 хүний хэргийг дахин шинэчлэн байцааж хууль ёсоор бүртгэн ирүүлэхийг даалгаж байжээ. 

    Х.Чойбалсан Хөвсгөл хэлтсийн дарга Бямбажавт 1938 оны 5 дугаар сарын 12-нд бичсэн 25 тоот захидалдаа онцгой бүрэн эрхт комисст шийтгүүлэхээр ирүүлсэн олон хүний хэргийг хуулийн журамд огт тохирохгүй болсныг буруушааж “ ийнхүү хэдэн зууаад тооны ялтан хэрэгтний хэргийг ийм мөчид дутмаг бүртгэсэн материалаар таслан шийтгэх рэх үүрэг тус газар байхгүйн дээр тийнхүү хүний амь биеэр басамжлан тоглох явдлыг хэнд ч үл хүргүүлнэ. 

    Хэрэв үүнээс хойш мөрдөн байцаалтын хэргийг бүртгэх явдалд буюу ер ч мөрдөн байцаалтын хэрэгт хайш яайш, хэргийг дутуу мөчид цалгараар бүрдүүлэн анхаарал хариуцлага султгах явдал гаргах аваас хуулийн хатуу хэмжээ шийтгэл үзүүлэхийг мэдэгдсүгэй гэжээ. 

    Х.Чойбалсан хэрэгтэн этгээдийн биед халдах зэргээр бүдүүлэг харьцах явдлыг эсэргүүцэж байв. 

    --Маршалын 1937 оны 12 дугаар сарын 12-ны 269 тоот тушаалаар төлөөлөгч Лувсан хэрэгтнийг байцаах үедээ нүүрийн тус газар алгадсан явдлыг “ хувьсгалт хуулийн бодлогод хэрхэвч үл нийлэлцэхийн дээр тус яамны үндсэн журмыг завхруулж, түүний алдар нэрийг олон түмний өмнө гутаах буюу дайсан этгээдэд ашиглагдахад рүсэн төдийгүй миний удаа дараагийн сануулж шаардсан тушаал зааврыг шууд зөрчсөн хортой хэрэг “ гэж тэмдэглээд Лувсанг шүүхэд шилжүүлвэл зохивч түдгэлзэн 15 хоног сахилгын хувьд хорьж шийтгэжээ. 

    --Маршал Х.Чойбалсан 1937 оны 12 дугаарын сарын 27-ны 52 тоот тушаалаар 12 дугаар сарын 22-ны шөнө яамны конторт шалгалт хйилгэхэд хэрэгтнийг хүйтэн байранд дээлгүй хорих, сандал дээр хөндий суулган гар хөлийг өргүүлэх буюу номхон зогсоож байцаах зэрэг зохисгүй байдлууд илэрсэн тул түүнийг таслан зогсоох тухай тушаал гаргаж Дагжав, Сандуйжав нарын 6 ажилтанг тус бүр 10 хоног хорьж шийтгэжээ. 

    --Маршалын 1937 оны 12 дугаар сарын 30-ны 5013 тоот шифрээр бүх анги, хэлтсийн дарга нарт : 

    Мөрөдөн байцаалтын хуулийг завхруулж хэрэгтэн этгээдийг зүй бус асууж байцаасан явдлууд удаа дараа үзэгдсээр учир гэмт этгээдийг / ажилтан нарыг / надаас хатуугаар шийтгэсэн болой . . . хэрэгтэн этгээдийг зодох жанчих явдал болбоос гагцхүү байцаагч нарын сул байдлыг гэрчлэн үзүүлж, хуулийг завхруулан эсэргүү этгээд нарт ашиглагдахаас өөргүй. Хэрэв хуулийг зөрчиж зодох жанчих буюу хууль бус арга хэрэглэх аваас гэмт этгээдийг шүүхэд шилжүүлэх явдлыг урьдаас мэдэгдье. 

    Мөрдөн байцаалтын ажлыг зөвөөр явуулах тухай үүрэг хариуцлагыг гагцхүү хэлтэс, ангийн дарга сургагч нараас хариуцах явдлыг хатуугаар ойлгох хэрэгтэй гэж анхааруулан тушаажээ. 

    Маршал Х.Чойбалсан засгийн газрын шийдвэрийг биелүүлэхдээ алдаа гаргаж ард, ядуу лам нарын эрх ашгийг хохироосон явдалтай тэмцэж байв. 

    Маршалаас 1938 оны 3 дугаар сарын 19-нд Ховд, Увс аймгийн хэлтсийн дарга нар ба төвөөс томилолтоор очсон Баясгалан нарт бичсэн 1080 тоот шифртээ аймгийн санхүүгийн хэлтсийн ажилчдаас засгийн газраас гаргасан албан татварын бодлогыг санаатайгаар гуйвуулан лам нар ба ардад буруугаар оногдуулсан гэмт этгээд нарыг дайчлан баривчилсугай. 

    Баригдсан этгээдийн овог нэрийг над мэдэгдэхээс гадна энэ этгээдүүдийг санаатайгаар нугалаа гаргасан учир аймгийн намын хороо, аймгийн дарга нарт мэдэгдсүгэй. Бас үнэхээрийн гар хоосон буюу хар болоод удсан лам нарыг татвараас хэлтрүүлэх тухай зохигчдын өмнө хатуугаар тавьж мэдэгдэх хэрэгтэй. Таны мэдээний дотор дурдсан хоёр аймгийн бүх гэр хөрөнгө, эд хогшил зэргийг эгүүлэн эздэд олгох тухай харилцан гүйцэтгэсүгэй. Хэрэв энэ мэт нугалааг дахин гаргах авааас гэмт этгээдийг шууд дайчлан баривчилж болохыг аймгийн ажилчдад урьдаас мэдэгдсүгэй. Та нараар түүнчлэн алдаа гаргахгүй ажиллахыг анхаарч үнэхээрийн гар хоосон буюу харын байдалд орж удсан лам нарыг татвараас хэлтрүүлэх явдлыг шаардаж гүйцэтгэсүгэй гэжээ. 

    Энд албан татварыг буруу оногдуулсан албан хаагчдыг “ баривчил “ гэж тушаасан нь хэтэрхий ширүүн хандсан тал байж болох авч ард ба ядуу лам нарын эрх ашгийг хамгаалж байгаа нэг талаа барьж ийм хандлага гаргасан бололтой. 

    Маршал Х.Чойбалсан хураагдал хөрөнгийг эмх цэгцтэй байлгаж улсын орлого болгох талаар тэмцэж байв. 

    --Маршалын 1937 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 10 тоот тушаалаар хураагдал хөрөнгийг будлиантуулсан няравыг шүүхэд шилжүүлэн, хяналт шалтгалтын ня-бог орон тоо гарган томилж, өр зээлийг хурааж 7 хоногийн дотор улсын орлого болгох, бүх аймагт хүн томилж цэгцэлж зааварлах ажил зохиожээ. 

    Бүх агни хэлтэст хурагаадал зүйлээс өчүүхэн ч атугай зүйлийг анги, хэлтсийн мэдэлд үлдээж болохгүйг анхааруулан цахилгаан бичжээ. 

    --1938 оны 1 дүгээр сарын 28-ны 7 тоот тушаалаар хураагдал хөрөнгийн нийтэд худалдах дэлгүүрээс ДЯЯ-ны хэрэг эрхлэх газар / аж ахуйн эрхэлдэг байсан / эд хогшил авах явдлыг хориглоод тус яамны ажилчид юм авах бол ардын нэг адил тогтоосон үнээр худалддан авах журам тогтоожээ. 

    --1938 оны 3 дугаар сарын 28-ны 17 тоот тушаалаар хураагдал хөрөнгөнөөс зарим этгээд завших хулгайлах явдал гарч байгааг буруушааж энэ ажлыг эрхлэх группийг байгуулан ажлын малыг барилгын байгууллагаад шилжүүлэх, экспортод гаргах малыг тусгайлан бүртгэх, үржил малыг суурилан сайн хүнээр маллуулах, эд хогшлыг борлуулах дэлгүүрт шилжүүлэн тоооцоог хоёр сар тутам гаргаж илтгэх, хураагддсан хөрөнгөнөөс ашигласан этгээдийг шүүхэд шилжүүлэхээр заажээ. 

    --1938 оны 10 дугаар сард улсын нууц задруулсан ба хураагдал хөрөнгө ашигласан нэг ажилтныг уг хэрэгт баривчлан шийтгэсэн бол мөн оны 401 тоот тушаалаар хураагдал хөрөнгөнөөс ашигласан хүн өөрийн бурууг хүлээж илчилвээс уучлах, илчлэхгүй хүнийг баривчлан шийтгэхээр зааснаар Архангай, Увс, Дорноговиос хэд хэдэн хүн дутагдлаа гэмшин хүлээж төлбөрийг төлүүлсэн зэрэг арга хэмжээ авсаар байжээ. 

    Маршал Х.Чойбалсан хууль зөрчиж олон хүнийг баривчлах явдлыг зогсоох санаа 1938 оны 6 сараас төрсөн байна. Маршалын 1938 оны 6 дугаар сарын 14-ний 2677 тоот шифрт аймгийн хэлтэс ангийн дарга нарт. 

    “ Манай улсын дотор бугшсан японы эзэрхэг түрэмгий нарын тагнуулчид болон хувьсгалын эсэргүү этгээд нарыг олон нийтээр дайчлан баривчлах явдал үндсэндээ дууссан хэмээн үзнэ “ гээд санаа амарч тайшрахгүй хувьсалын эсэргүүг илрүүлэн тэмцэх явдал үргэлжилнэ гэж заагаад үүрэг болгосон нь : 

    Үүнээс хойш хувьсгалын эсэргүү этгээд нарыг дайчлан баривчлахад гагцхүү миний буюу миний орлогч сайдын зөвшөөрлөөр гүйцэтгэж байвал зохино. 

    Эсэргүү этгээд нарыг баривчлах ахул түүний тухай холбогдох тодорхой мэдээ материал ба тодорхой мэдүүлэг, хэргийн чанар байдал зэргийг тодорхойлсон баримтттай байвал зохино гэж дурдсан байна. 

    Энэ үеэс маршал Х.Чойбалсан дайчлан бартивчлах явдлыг өргөтгөхгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ гэж үзэхээр байна. Гэвч маршал Чойбалсан 1936, 1937 онд яамны ажлын чиглэл болгон гаргасан тушаал, зааварт алдаа завхрал гарах эхлэлийг албан ёсоор зааж чиглүүлсэн болохоор ажлын явц дундах хэд гурван бичиг цахилгаанаар шаардах нь бүхэлдээ нэг тийш хүчээ хандуулсан аппартаын ажлыг үндсээр нь эргүүлэн өөрчлөх хүч байсангүй.. Бөөнөөр нь баривчлан шийтгэх ажил хэтэрч байгаа нь Х.Чойбалсанд мэдрэгдэж, ажлын дутагдал их гарч үед зарим илэрхий завхрал, хууль ёс зөрчигдөж байгааг засах зорилгоор тушаал, шийдвэр гаргаж байсан гэж үзмээр байгаа юм . Нөгөө талаас ДЯЯ-ны ажилтнууд ард иргэдээс энэ их баривчилгаа хэлмэгдүүлэлтийг эсэргүүцэж байгаа нь Х.Чойбалсанд нөлөөлсөн байж болох юм. 

    Энэ үе буюу 1938 оны 6 дугаар сард маршалын энэ санаа ДЯЯ-ны ажилд нэвтэрч, хүмүүсийг дайчлан баривчлах явдлыг буруу гэж үзсэн хандлага гарчээ. 

    ДЯЯ-ны орлогч сайд Б.Лосол энэ дайчилгааны ажлыг зогсоох тухай хэлтсийн дарга Н.Насантогтох, Архангайн Бямбажав нарт хэлж, Увс аймгаас хэсэг лам нарыг барих гэснийг татгалзан буцаагаад эсэргүүцэн тагнах хэлтсийн орлогч С.Базархандад “ танай хэлтэс бусдыг зүй бусаар ихээхэн дайчлан баривчилж буйг үүнээс хойш тийнхүү олон толгой гаргаж ажиллахыг би хэрхэвч хүлээхгүй. Бриад бүхнийг эсэргүү гэж санаж байна уу? Миний энэ үгийг сургагч нартаа хэлээрэй. Та нарын зүй бус ажиллагаанаас болж монголын энх тайван байдал алдагдаж, хэрэг будлиан гарах явдал олширч байна “ гэх зэргээр загнажээ. 

    Энэ үгийг сургагч нар мэдсэнээс ч болсон уу? Сар гаруйхан болоод Б.Лосолыг “ эсэргүү хэрэгт “ барьж хориод оронд нь 1930-иад оноос завхрал гаргаж ирсэн хэлтсийн дарга Н.Насантогтохыг дэвшүүлж, ДЯЯ-ны төв хөдөөгийн хэлтэс ангийн дарга нарын зөвлөгөөн хийжээ. 

    Уул зөвлөгөөнийг хийлгэх болсон шалтгаан нь ДЯЯ-ны сайд маршал Х.Чойбалсан арваад сар үргэлжилсэн завхарлыг зогсоох чиглэл гаргаад сар гаруйхан болоод байтал, зөвлөх Голубчик нар бэлтгэн маршалаар тавиулсан илтгэл нь маршалын урьдах санааны эсрэг бөгөөд монголын хүн амын янз бүрийн давхрагыг хувьсгалын эсэргүү “ ардын дайсан “ гэдгээр өргөн олныг хамрах болгож хууль завхруулсан харгис ажиллагааг улам өргөтгөх чиглэлийг ДЯЯ-ны байгууллага, ажилтан нарт өгч ихээхэн хор хохирлыг учруулсан нь анхаарал татаж байгаа юм. 

    Маршал Х.Чойбалсан хурлыг нээж хэлсэн үгэндээ : ” . . . арваад сарын өмнө холбоот их улсын ДЯЯ-ны орлогч сайд нөхөр Фриновскийн бие манай ажилд туйлын халуунаар ба чадвартайгаар тусалсан байна . . . нөхөр Фриновский Гэндэн-Дэмид нарын ба лам нарын болон бусад хувьсгалын эсэргүү байгууллагуудыг устгаж арилгах тухай өгсөн халуун зөвлөгөөнийг хэрэг дээрээ туйлын бодитойгоор үзүүлж чадсан ба хувьсгалын эсэргүү нарыг дийлэх явдлыг хангаж чадсаныг бид нар бүрнээ итгэж байна . . . Мэргэжилтэн сургагч нөхдөөс бидний хамтаар гар гараас барилцаж ажилласнаас болно “ гэж тэмдэглэжээ. 

    Зөвлөгөөний илтгэл нь 5 бүлэгтэй дэлгэрэнгүй хийгдсэн бөгөөд оросоос орчуулсан нь буриад хэллэгтэй, нуршуу, моноглын байдалд огт нийлэлцэхгүй зүйл их бичигдсэнээрээ сургагч хийсэн нь маргаангүй. Харин ийм илтгэлийг маршал тавьсан нь өөрийн санаа биш ч гэсэн тавихаас өөр аргагүй байдалд оржээ гэх санаа төрнө. 

    Илтгэлд “ . . . манай зарим нөхөд улсаас урвагчид бага хэмээн шууд батлан үзэж байсан болой “ гэсэн өгүүлбэр орсон нь битүүдээ маршалын цахилгаанд “ манай улсын дотор бугшсан японы эзэрхэг түрэмгий нарын тагнуулчид болон хувьсгалын эсэргүү этгээд нарыг олон нийтээр дайчлан баривчлах явдал үндсэндээ дууссан хэмээн үзнэ “ гэсний эсрэг хандуулсан ойлголт болжээ. 

    Илтгэлийн зарим санааг дурьдахад : “ Хувьсгалын эсэргүү нар манай улсын тэргүүн мөрний үнэнч шударга байлдагч нарын яргачин байсныг бид нар Гэндэн-Дэмидийн эсэргүү байгууллагын хэргийг илрүүлж устгахын өмнө мэдээгүй байсан. Нам засгийн удирдагч нарыг алж хядахын хамтаар дотоод яамны бүх ажилчид ба олон албан газруудад байсан зөвлөх сургагч нар болон нам эвлэлийн гишүүд гишүүн бус ард түмнийг алан хядах хорт төлөвлөгөөгөө бэлтгэж байжээ. Энэ бүх бүх явдал нь онц гайхмаар хэрэг бус, агнийн тэмцлийн зарчим ёс нь болой. 

    Хэрэв дайснаас бидэнд хйар найргүй байх ахул бид нараас тэднийг хайрлах явдал огт хэрэггүй. Хэрэв хайрлах аваас биднийг тэд нар дийлэх болж харин биднийг цохих болно “ гэжээ. 

    Ер нь нам засгийн удирдлага, зөвлөх сургагч хэнийг ч алах гэсэн санаа сэдэлт , 1932 оны зэвсэгт бослогын үеийн баримтыг эс дурдвал, огт гарч байгаагүй. Тийн төлөвлөгөө ч олдоогүй, олдох учиргүй. Харин зарим хүний мэдүүлэгт байсан нь шалгалтаар худал болох нь тогтоогдсон болно. 

    Илтгэлийн 3 дугаар зүйлд : “ Моноглын улсын шинэ үе дээрх ангийн тэмцэл “ гэж гарчиглаад одоогийн тэмцвэл зохих дайсны тухай хэлэхдээ : 

    -- “ Эдүгээ тус улсын доторх манай нам засгийн дайсан болох хувьсгалын эсэргүүчүүдийн хүчийг гүйцэд бус мэдээгээр үзэхэд 68000 лам нар байх бөгөөд их төлөв нь хуурамч арга хэрэглэн ламын байдлаас ангижирсан мэт үзэгдэж хар болсон байна. Мөн 900 шахам феодал ба тайж нар, 7000 шахам цагааны оргодол буриад, 9289 худалдаачин ба мөлжимтгий худалдаачин нар, контрбанд үйлдэгчид болон бас бус этгээдүүд байна “ гэжээ.Урьд нь олон мянган хүнийг баривчлан устгасан байтал энэ зөвлөгөөнд 80 мянга шахам хүнийг “ дайсны “ хэсэгт багтаажээ. 

    -- “ Үүний хамтаар тус улсын дотор үндэсний хөрөнгөтний анги улам улам төрж гарч ирж байна. Үүнд багтах этгээдийг дурьдвал хөдөөгийн ардууд доторх нударган ба баян чинээлэг этгээдүүд хотын дотор дамын мөлжимтгий худалдаачин мон_голчууд болно. Моноглын төрж буй хөрөнгөтөн нь цаашдаа хувьсгалын эсэргүү шинэ үинэ хүчнүүдийг улмаар төрүүлж гаргах тул бид нараас тэмцлийн галыг эдний зүгт хандуулан эсэргүүцэх ба нөгөөтэйгүүр феодал ба лам нарын үндсэн хүчний тийш чиглүүлж эсэргүүцэх болно “ гээд цааш нь “ Манай дайсан болох феодал ба харгис толгой лам нар мөн эрэргүү хэрэгт баригдсан этгээд нарын төрөл садан, эсэргүү бослогод идэвхтэйгээр оролцогсод хийгээд дээрэмчин нар болон гадаадад оргон гараад эргэж ирсэн оргодлууд зэрэг этгээд нар манай улсын алба ба аж ахуйн аппаратад үлэмж хэвээр сууж байна “ гээд улстөрийн талар найдваргүй этгээд аймгийн захиргаадад хэдэн арваар байгааг хэлжээ. 

    Энэ илтгэлд дурдсанаар “ тэмцэх “, “ устгах “, “ галыг чиглүүлэх “ ажил зохиогдсон бол улс оронд ямар шуу гамшиг учрахыг хэлэхэд бэрхтэй санагдана. 

    Зөвлөгөөний дүнд 206 тоот тушаал гарч Голубчикийн илтгэлд оруулсан санааг биелүүлэх өөрөөр хэлбэл хүмүүсийг дайчлан баривчилж завхралыг цааш үргэлжлүүлсэн байна. 

    Зөвлөгөөн хийж тушаал гаргаад 20 гаруй хоногийн дараа маршал ЗХУ-д амрахаар яваад 5 сар шахам болоход орлогч сайдаар томилогдоод нэг сар ажиллаж байгаа Н.Насантогтох сайдыг, орлогч зөвлөх Кичковын хамт дээрх зөвлөгөөний шийдвэрийг хэрэгжүүлэх ажилд оржээ. 

    Н.Насантогтох 1938 оны 10 дугаар сарын 1 хүртэл / 30 хоног / бүх барьсан хүн 2603, үүнээс албан хаагч 135, цэргийн хүн 46, бусад нь феодал лам нар / 2422 / гэжээ. Үүний хамт өдий төдий бүлэг хэрэг илэрч байгаа тухай бичжээ. 

    1938 оныц 10 дугаар сарын 11-ний захидалдаа ерөнхий сайд А.Амар, орлогч жанжин Г.Дамба бас бус хүмүүсийг хардаж сэжиглэсэн зүйлийг бичиж байжээ. Ийнхүү 5 сар шахам олон хүнийг барьсан бөгөөд маршал өөрөө байсан бол ийм хэмжээнд хүргэхгүй байж болох байсан.     

    Н.Насантогтох сайдыг орлож байхдаа аймгуудад төвөөс хариуцлагатай ажилтныг томилон эсэргүү нарыг барьж байцаах ажлыг түргэвчлэх ажлыг зохион байгуулжээ. Эсэргүүцэн тагнах хэлтсийн дарга Ж.Баясгалан 1938 онд баруун хэдэн аймагт яваад Өвөрхангай, Ховд, Увс, Хөвсгөлд хэдэн зуун хүнийг баривчлах шийдвэрийг газар дээр нь шийдвэрлэжээ. Мөн тусгай хэлтсийн тасгийн дарга Ж.Дашзэвэг гэгч сургагч Валинсоны хамт яваад Дорнодын П морьт клопус, 5, 6 дугаар дивиз, хилийн 27, 31 дүгээр отрядаас хэдэн зуун хүнийг баривчилж , мөн хэдэн зуун хүнийг албадан “ эсэргүү “ хэргийг илчлүүлсэн байна. 

    Энэчилэн завхралыг үргэлжлүүлэн 1939 оныг гаргаж, эсэргүү дайсан ч баригдаж дуусаагүй, ард түмний доторч дургүйцэх явдал ихээхэн байсан боловч харгис арга явууллагад хавчигдан ямар нэг үйлдэл гаргаж чадаагүйн дээр ийм үед олон түмний санаа зоригийг тусган үзэл суртлын талаар нэг чигт хандуулах улс төрийн хүч байгаагүйг ардчилал хөгжөөгүй явдал тайван хүлцэнгүй байхын учир шалтгаан болжээ. 

 Алдаа завхралыг зассан нь 

    Маршал Х.Чойбалсан 5 сар шахам ЗХУ-д байгаад 1939 оны 1 дүгээр сарын сүүлийн хасагт буцаж иржээ. Маршал ЗХУ-д 5 сар шахам болоход лавтай Хар далайд амарснаас өөр хаана хэрхэн өнгөрүүлснийг яг тодорхой мэдэхгүй юм. 

    Үзэл бодлын талаар ямар удирдагчидтай тохирсон эсэхийг ч хэн мэдэх вэ? Лавтай Монгопд буцахын өмнө Сталинтай уулзахад Эрхүүгийн эдийн засгийн сургууль төгсөх болж байсан оюутан Цэдэнбалыг дагуулж орох хэрэгтэй гэдгийг Москва дахь БНМАУ-ын элчин сайдын яаманд хаанаас ч юм даалгагдсан учраас Москвад оюутны байраар эрэл сурал болсон боловч олж чадалгүй Маршал ганцаар Сталинтай уулзсан гэдэг. 

    Оюутан Цэдэнбалыг Улаанбаатарт түргэн очуул гэсэн үүргийг маршал өгөөд буцжээ. Ирсэн үеэсээ онцгой бүрэн эрхт комиссын хуралд орох хүмүүсийн хэргийг бүрдэл дутуу гэж буцаагаад, 3 дугаар сард 70 тоот тушаалаар худал хэрэг бүртгэсэн Налайхын төлөөлөгч Аюурзаныг шийтгэж, 85 тоот тушаалаар Дорнод корпусын тусгай хэлтэст хэрэгтнийг барьж байцаахад хууль зөрчиж байгааг буруушаах зэрэг хууль ёс биелүүлэх хандлага нэг талаар үзэгдэвч 3 дугаар сард ерөнхий сайд А.Амар, Сангийн яамны сайд С.Довчин, орлогч жанжин С.Дамба, улс төрийн газрын дарга Г.Найдан нарын зэрэг удирдах зүтгэлтнийг баривчлах явдал үргэлжилсэн байна. 

    1939 оны 3 дугаар сарын эхээр ЗХУ-ын ДЯЯ-наас Глазков, Милицин гэгч хоёр сургагч ирж ДЯЯ-ны нууц улс төрийн хэлтэс, эсэргүүцэн тагнах хэлтсийн сургагчаар ажиллажээ. 

    Маршал 1939 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 1858 тоот цахилгаанаар аймгийн хэлтэс ангийн дарга нарт бичихдээ: “Зөвлөгөөнд 4 дүгээр сарын 20-нд ирэхдээ ардын санал сэтгэл, . . . ажил байдлын судалгаатай ирэх, баривчлах байцаах, хууль ёсыг зөрчиж , хэрэгтнийг зовоосон зэргийг ямар болох талаар судалж ирэхийг даалгасан бол 1939 оны 4 дүгээр сарын 13-нд хэлтэс отрядын дарга нарт 2003 тоот онцгой бүрэн эрхт комиссоос буудан алахаар шийдвэрлэсэн хүмүүсийг миний тушаал очтол гүйцэтгэхийг зогсоосугай. Одоо байгаа хэргийг шүүхэд шилжүүлэхээр бэлтгэсүгэй” гэж даалгажээ. 

    Энэ нь алдаа завхралыг засахаар чармайлт гаргасныг үгүйсгэх үндэсгүй юм. 

    Маршал Х.Чойбалсан ДЯЯ-ны төвийн хэлтэс, тасгийн дарга, хариуцлагатай ажилтан нартай нэг бүрчлэн ба хэсэгчилэн уулзалт хийж алдаа завхрал гаргасан тухай ярилцлага хэдэн өдөр үргэлжилж эцэст нь МАХН-ын Төв Хороонд танилцуулан Төв Хорооны Тэргүүлэгчдийн 15 дугаар тогтоол гаргуулж /1939. 4. 22 / ДЯЯ-ны төв хөдөөгийн хэлтэс, анги, отрядын дарга, сургагч нар оролцсон өргөн зөвлөгөөнд маршал үг хэлж алдаа завхрал гарсныг ил тод, үнэнээр шүүмжлэн ярилцахыг мэдэгдснээр уг зөвлөгөөнд оролцогчдоос сүүлийн 2 жилд ДЯЯ-ны ажилд гарсан алдаа завхралыг баримттай тодорхой шүүмжилж ирүүлсэн байна. Зөвлөгөөнд хамгийн ихээр завхрал хийсэн Ж.Баясгалан, С.Базарханд, Н.Чимиддорж, Ч.Батсүх, Х.Баяхсайхан, Б.Дүйнхэржав, Ш.Ванчинхүү, И.Шуумаржав, Ч.Чойжилдорж, В.Цэвээндорж нар болон бусад олон хүн ярьсны дотор Ж.Баясгалан дэлгэрэнгүй бөгөөд чухал дүгнэлттэй шүүмжилжээ. Ж.Баясгалан урьд нь энэ талаар дэлгэрэнгүй рапортаар маршалд илтгэсэн байна. 

    Энэ зөвлөгөөнд 10 гаруй сургагч нар үг хэлсний дотор эсэргүүцэн тагнах хэлтсийн сургагч Глазков /ирээд удаагүй/, нэлээд судалсан бөгөөд ул үндэстэй, дүгнэлттэй үг хэлжээ. Тэрээр Гэндэн – Дэмидийн хэрэг, хар шар феодалыг устгах явдлыг “хувьсгалын ёсоор зайлшгүй тавигдах ба хэзээ ч тулгарч ирэх үүрэг мөн ” гэсэн боловч “ядуу доод лам нар ба ард түмнийг хүртэл хавтгайгаар оролцууландовтолж яргалсаар байсан явдал нь дайсанд хандуулах тэмцлээ нийт дээр хандуулан хавтгайруулсан нь туйлын хүнд байдлыг монголын ард түмэнд учруулсан байна. Үүний хор нөлөөнөөс үндэслэн монголын ард түмэн, хүн бүр баригдах болов хэмээн айсан сандарсан яриа цуурхлууд хүчтэйгээр дэлгэрэн ард түмний улс төрийн санал сэтгэл маш тогтворгүй байдалд хүрчээ.”, “. . . ийнхүү олон хүнийг хилсдүүлэн баривчлаад дараагаар тэдний ар гэрийг эсэргүүгийн төрөл садан хэмээн бас нэг адил хавчин хялайх бодлогыг гаргаж байна. Энэ учраас ард түмний санал байдал маш хүнд болж тогтворыг алдан улаан орост монголын ард түмэн хядагдаж байна хэмээх эсэргүү ойлголт бүхий яриа цуурхал дэлгэрүүлж буй нь хэлж хязгаарлашгүй болно” гэх зэргээр Н.Насантогтох, Кичков нарын буруу арга ажиллагааг нэр заан ярьсан байна. Глазков ДЯЯ-ны ажлыг зохих журмаар хангаж чадсан бол ийм байдалд хүрэхгүй байсан гэжээ. 

    Тус зөвөлгөөнд яамны ерөнхий зөвлөхийг орлож ажилласан Кичков тэргүүтэй нэлээд сургагч, боловсронгуй төлөөлөгч Сенковский нарыг завхрал гаргасан гэж нэр заасан дээр орлогч сайд Н.Насантогтох, хэлтсийн дарга Ж.Баясгалан, Н.Чимиддорж, Ч.Батсүх, Х.Баярсайхан болон төв байгууллагыйн ажилтан С.Базарханд, Б.Хаймчиг, Ж.Дашзэвэг, Содном, М.Лувсандорж, Д.Уртнасан, С.Ламжав, Ц.Готовсүрэн, Аюурзана, Ш.Ванчинхүү, Л.Гомбодоо, Бэлэгт, аймгийн хэлтсийн дарга Я.Бямбажав, Ц.Сосоржав, Б.Баярмагнай, В.Цэвээндорж, Б.Дүйнхэржав, Д.Равдан зэрэг нөхдийг баримттай шүүмжилжээ. 

    Зөвлөгөөний үед маршал Х.Чойбалсан хэлсэн үгэндээ Гэндэн – Дэмидийн хэргийг илрүүлэн тэмцэхийн хамт цэргийн шудрага дарга байлдагч нар, доод лам нар, энгийн шудрага ардуудыг хүртэл оролцуулан, дайчилсан, хувьсгалт хуулийг зөрчсөн, прокурорын хяналтаас гадуур байгаа зэргийг хэлж энэ ббайдлыг ЗХУ-аас буцаж ирээд олж мэдсэн, төв хорооны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав нарт танилцуулж тогтоол гаргуулсныг ярихын хамт “Үүнчлэн өөрийн ярьж хэлэлцвэл зохих газартаа харилцан ярьж байсан ” гэж тэмдэглэсэн нь анхаарал татахгүй өнгөрч болохгүй юм. 

    Х.Чойбалсан монголын нам төрөөс гадна ярьж хэлэлцвэл зохих газартай байдаг нь юу билээ гэдэг сэтгэгдэл хэнд ч төрөх болно. Гэвч Х.Чойбалсан “хувьсгалт засагтай улс оронд гарч болшгүй ийм муухай завхрал алдаанууд гарсныг надад ч буруу ноогдолцох хэрэг бөгөөд учир нь өөрийн зөвлөх, орлогч нартаа найдварлаад ажил хэрэг бүхэнд гүнзгий оролцоогүй явснаас ийм байдалд хүрсэн болой” “ийнхүү өөрийн орлогч ба, Та бүхэнд найдварлаж явсаар ийм алдаатай буруу ажил завхрал гарсныг анхнаас олж аваагүй буюу цаг тухайд мэдээгүй явсан нь миний эрхэлсэн үүргийн талаар надад хариуцлага ноогдох хэрэг болсон амой” гэж өөрийн бурууг хүлээж Намын төв хорооны тогтоол ёсоор алдаа дутагдлыг засах талаар ярьжээ. 

    Тус зөвлөгөөнд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав оролцож үг хэлсэн бөгөөд гол санаа нь маршалын үгэнд дурдсаны адил Гэндэн – Дэмид нарын эсэргүү тагнуулын байгууллага феодал, том толгой лам нарыг устгах талаар тэмцсэнийг зөв гэж дүгнэж харин хэтэрч дунд, доод лам, ардыг баривчлан мөрдөн байцаалтад хуулийг зөрчсөнийг буруушаажээ. 

    Үүний хамт намын байгууллагатай ойр дотно ажиллах, ажилчдыг сургаж хүмүүжүүлэх зэрэг зайлшгүй зүйтэй удирдамжөгснийг тэмдэглэнэ. 

    Намын Төв Хороо 15 дугаар тогтоолоороо /1939. 4. 22/ ДЯЯ-ны ажилд алдаа завхрал гарч, хувьсгалт хууль ёсыг ноцтой зөрчсөн явдлыг буруушааж, түүний гол буруутай гэж орлогч сайд Н.Насантогтохыг халж, ихээр завхрал гаргасан Ж.Дашзэвэг, М.Лувсандорж нарыг шүүхэд шилжүүлэх, онцгой бүрэн эрхт комиссыг татан бууулгах, хилс хэрэгт баривчлагдан мөрдөгдөж байгаа хүмүүсийг суллах, ДЯЯ-ны мөрдсөн хэргийг шүүхээр гийдьэрлэж байх, прокурорын хяналтыг нэвтрүүлэх, ДЯЯ-нд нам, ХЗЭ-ийн байгууллагын ажлыг сайжруулах зэрэг зарчмын чухал заалт өгснөөр МАХН-ын Төв Хороо манай боловсон хүчин төдийгүй ард түмэнд учирч байсан аюулыг таслан зогсоох чухал алхам хийсэн билээ. 

    Энэ тогтоолыг үндэслэн ДЯЯ-ны сайдын 336 тоот тушаал гарч Төв Хорооны тогтоолын дагуу ихээр завхрал хийсэн Ж.Дашзэвэг, М.Лувсандорж нарыг цэргийн шүүхэд шилжүүлэх, алдаа дутагдлыг үнэнээр илчилж засах, дайчлан баривчлах, мөрдөн байцаах ажилд оршиж байсан ноцтой дутагдлыг арилгах талаар нэлээд заалтыг оруулсан нь завхралыг засах арга хэмжээ болсон ач холбогдолтой. 

    Намын Төв Хорооны 15 дугаар тогтоол, яамны 336 тоот тушаалыг гүйцэтгэх байгууллагууд зөвлөгөөнөөр хэлэлцэж яамны ажилд хууль зөрчиж байгааг тод баримтаар илрүүлэн шүүмжилсэн нь ажилтан олны санаа сэтгэл эрүүл бөгөөд ард түмний эрхийг хамгаалах эрмэлзэлтэй болохоо харуулжээ. 

    Завшаан болоход ЗХУ-д ДЯЯ-ны удирдлага Ёжовын зэрэг хүмүүсийг баривчлан хамаг бурууг түлхэж Берияг сайдаар тавиад ЗХУКН-ын Төв Хорооны комисс /Андреев тэргүүтэй/ томилогдон ДЯЯ-н дээр шалгалт хийж зөвлөлтийн ард түмний санаа сэтгэлийг түр ч болов тайвшруулах хар нүгэлээ хөнгөвчлөх гэсэн сталинчуудын ээлжит ов мэх гарсан үед болохоор СССР-ийн /улаан оросын гэж / нэртэй холбоотой гарч байснаар холбоотой авч үзсэн нь зайлшгүй. 

    Ийм учраас Х.Чойбалсангийн санаа, зөвлөлтийн тухайн үеийн бодлого харилцан уялдаж 1939 онд завхралыг засах алхам болж Х.Чойбалсан эх орондоо буцаж иржээ. Ирмэгц хилс хэргийг аль болох гаргахгүй байх чиглэлээр арга барил нь ажиглагдаж, завхралын талаар судлан дүгнэлт хийж байв 

    Энэ үед 1939 оны 3 дугаар сард зөвлөлтөөс сургагч Глазков, Милицин нар ирж манай ДЯЯ-ны гол хоёр хэлтэст ажиллан завхралыг судалж маршал Х.Чойбалсантай санал нийлж Төв Хороонд илтгэн тогтоол гаргах, зөвлөгөөн хийж алдаа завхралыг засах арга хэмжээ авахад идэвхиьэй оролцсон нь энэ хоёр хүний хувийн бодол биш цаанаасаа чиглэлтэй болов уу. Учир нь энэхүү хоёр хүнээс илүү зэргийн зөвлөх сургагч нар зохион байгуулсан ажлыг эд дураар буруушааж засах эрх мэдэл байхгүй. Ийм байдлаар алдаа завхрал засах шийдвэр гарч арга хэмжээ авагдсан нь Х.Чойбалсан аргагүй эрхэнд хийсэн алдааг өөрөө засах болсон нь энэ бүлгээ. 

    Гэвч алдааг бүрэн засаагүй. Ер нь л Гэндэн – Дэмид, феодал лам нарыг баривчлан цээрлүүлсэн нь зөв. Харин жаахан хэтэрчихлээ гэсэн утгатайгаар тогтоол, тушаалд зааж Д.Лувсаншарав, Х.Чойбалсан нарын үгэнд орсноор нийт ажилчид ч ийм л хэмжээнд тулж очсон нь тэр үеийн ойлголт, нөхцөл байдал ч аргагүй нөлөөлсөн байна. 

    Алдааг заслаа гэснээр бус засах механизмыг хийж чадаагүйгээс цааж алдаа гарах нөхцөл хэвээр үлдсэн нь тодорхой. 

    Төв Хорооны энэ тогтоол Х.Чойбалсангийн санаачилга ач холбогдолтойг үгүйсгэж үл болно. 

Хүний мөс 

    Маршал Х.Чойбалсангийн хүн мөс ямар байсныг зөвхөн Дотоод яамны сайд байсан үеэр биш амьдрал, тэмцлийн нь бүх үе, үйл явдлыг хамарсан өргөн судалгаа хийж байж сая зөвдүгнэлт гаргах байх. 

    Үүнийг түүх судлаачид гаргах байх гэж найдлага тавьж байгаа учир энэ хооронд мөхөс дүгнэлт хийж зүрхлэхгүйгээ хэлье. 

Х.Чойбалсангийн Дотоод яамны сайд байсан үеийн байдлаар бол дээр хэлсэнчлэн туйлын зөрчилтэй дүр харагдана. Энэ судалгаанд холбож үзмээр зарим баримтыг энд дурдья. 

    Юуны урьд дотоод яамны албан ёсны боловсруулагдсан бичиг баримтад хууль цаазны бодлого, хүнлэг энэрэнгүй ёсноос гажсан ноцтой заалтууд орж тэр нь 1937 –1938 оны алдаа завхрал гүнзгийрч өч төчнөөн хүний амьдралыг бусниулсан явдлаар авч үзэхэд хүний мөс чанарын талаар авч ярих юм даан чүгүй гэлтэй. Ялангуяа ардын хувьсгалын их үйл хэргийнтөлөө идэр бага наснаасаа хамтран тэмцэж зовлон зүдгүүрийг хуваалцаж анд дотны нөхөд ардын хувьсгалын партизан хувьсгалчид, ардын төр засгийг бэхжүүлэх, эх орноо хамгаалах үйл хэрэгт гавьяа байгуулсан өдий төдий тэргүүний хүмүүс, шилдэг сэхээтэн, эрдэмтэн, лам хуврага ардууд гэхчилэн олон хүнийг хэлмэгдүүлэн явдлаар хүний мөсгүй үйл явдалтай холбож үзэхээс өөр аргагүй мэт. 

    Маршалыг сайн таних ба ойр дотно ажиллаж амьдарч байсан хүмүүс, турхайлжардын хувьсгалын партизан нар болон бусад цөөнгүйхүний дурсамж сэтгэгдлээр бол тийм ч хүний мөс чанаргүй байдал гаргадаггүй, жирийн зан авиртай, хэн хүнтэй энгийн харьцдаг, хөдөө орон нутагт малчин ардын амьдралыг ихэд хүндэтгэн үзэж хөгшин, залуу эр, эм ямар ч хүнтэй эелдэг сайн ярилцаж тэдэнд туслах, харж үзэх талаар багагүй анхаардаг. Хүний өргөдөл хүсэлтийг анхаарч сонсдог, аль болохоор арга хэмжээ авдаг, шийдэж хариу өгдөг байжээ. Маршалын гэр орноор нам төрийн удирдах ажилтан, партизан, эрдэмтэн, сэхээтэн орж гарч ярьж зөвлөж байсны дотор Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн нар олонтаа очдог байжээ. 

    Эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн 1938 оны 11 дүгээр сард баривчлагдан 15 сар байцаалтанд байгаад 1940 оны 1 дүгээр сард хэрэг нь хэрэгсэхгүй болж суллагдсан бөгөөд 1962 онд хэргийн нь шаогаж цагаатгах комисст гаргасан тодорхойлолтдоо: 

    “ Намайг шоронгоос гараад ирэхэд Х.Чойбалсан их баярлан уулзаж мөрөн дээрээс барих зэргээр дотночлон хайрлаж байсан. Х.Чойбалсанг би 1926 оноос эхлэн таньдаг, гэр орноор нь ордог байсан бөгөөд надад их сайн байдаг байсан. Гэвч надийг шоронгоос гаргах чадал тэр хүнд байхгүй байжээ гэж хожим боддог байсан. Надыг шоронгоос гарсанаас хойш нас барах хүртлээ надад их дотно сайн, гэр орондоо өгжүүлэн хонуулан суулгадаг байсан. Мөн дутагдаж гачигдсан зүйлд тусалж тэтгэдэг байсан. Гэхдээ эсэргүү нарын тухай ярих дургүй байсан. Би их зовж байсан. Тухайлбал 1937- 1938 оны үед тун их зовж байсан. Та нар мэдэхгүй гэдэг байсан. Би бодохдоо/ Дамдинсүрэн / энэ хүн 

/ Чойбалсан/ шийдвэрлэх эрх мэдэлгүй хавчигдаж байсан хүн юмаа гэж боддог байсан юм. Тийм учраас Чойбалсанг магтаж мандуулсан шүлэг зохоил бичдэг байсан” гэж ярьсан байдаг. 

    3. Маршал өөрийн ойр дотно хүнийг хэрэгт баригдах явдлыг мэдээд өөрөө шийдвэрлэн хөнгөвчлөх боломжгүйгээс санаа зовж байгаагаа зарим хүнд итгэмжлэн хэлж байсан болов уу гэж үзэх таамаглал байдаг. 

    А.Ардын хувьсгалын анхны долоон зүтгэлтний нэг бөгөөд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүн, Улсын Бага Хурлын орлогч дарга Д.Лосол 1939 оны 7 дугаар сард гэргийн хамт маршалынд уригдан ирээд цай хоол болсны дараа Маршал, Лосол хоёр нэг өрөөнд орж хоёр гэргий тусдаа ярилцаж удсаны дараа Лосолын гэргий явахаар завдан тэдний өрөөнд ороход хоёр эр нилээд согтсон хоёул уйлсан сууж байснаа маршал хэлэхдээ: манай хөгшин маргааш хөдөө явна шүү дээ гэж хэлээд уйлсан хоёр эр тэврэлдээд салсан байна.Д.Лосол гэртээ ирээд Дорнод хязгаараар явах болно гэсэн боловч хөдөө явах бүрдээ 3 ээлжийн дотуур хувцас, 15 хайрцаг тамхийг чимоданд хийж явдаг заншлаар гэргийн нь бэлтгэснийг үл хэрэгсэн 1 хос дотуур хувцас, ганц хайрцаг тамхи авчээ. Маргааш нь Төв Хорооноос Д.Дамба үдэхэд дүүрэн ачаатай Зөвлөлтийн цэргийн онгоцонд суулган ниссэннээр сураг чимээ тасарсан байна. Хожим нь эсэргүү хэрэгт орсон гэж явсаар байгаад 1962 онд ЗХУ-ын Прокурорын мэдэгдсэнээр 1941 онд цаазлагдсан бөгөөд хэрэг нь цагаатгагдсан болохыг мэдэгджээ. Маршал, Д.Лосол хоёрын яриа уйтгар гунигтай байсан, маргааш хөдөө явна гэж маршалын хэлсэн, Д.Лосол хөдөө явдаг байдлаас өөр байдлаар бэлтгэсэн, МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгч, Улсын Бага Хурлын орлогч даргыг цэргийн ачаатай онгоцонд суулгаж ниссэнээс үзэхэд Д.Лосолыг Зөвлөлтийн байгууллагын хүмүүс барьсан бөгөөд үүнийг маршал Х.Чойбалсан мэдсэнээ хэзээний итгэлт нөхөр Д.Лосолдоо хэлж ярилцан ярилцаад сэтгэл санааны зовлон эдэлж гашуудсан нь энэ хоёр зүтгэлтний хувьд ” хүчтэний өмнө хүчгүй нь буруутан” болохоо ойлгосон зовлонт хором байсан болов уу. 

    Б.Маршалын дэргэд ажиллаж байсан хоёр ч нарийн бичгийн дарга амиа хорлосны учир шалтгаан бүрхэг хэвээр явж ирсэн юм. Үүнийг зарим хүн маршалын догшин ширүүн зан авир нөлөөлсөн байх гэсэн ч ойлголт байх мэт. Олдсон баримт сэлтээс үзэхэд өөр байдлаар ойлгогдож байна. Үүнд: 

    Ж.Догсүрэн. ДХГ байгуулагдахад бичээчээс эхлэн ажилласан. КУТВ-ын сулгуульд суралцаж ирээд ДХГ ажиллаж 1935 онд Манж- Монголын хэлэлцээнд төлөөлөгчдийн нарийн бичгийн даргаар ажиллсан. Маршалыг ДЯЯ-ны сайд байхад нарийн бичгийн дарга байгаад 1938 оны 5 дугаар сард амиа хорлосон гэдэг. 

    Ж.Догсүрэнг маршал дэргэдээ байлгаж ойр дотно ажиллаж харилцан итгэлцсэн байдалтай, ажил зан байдлыг нь зохих хэмжээнд үнэлж сайшаал шагнал хүртээж байсныг үзэхэд Ж.Догсүрэнгийн үхэл энэ хүнтэй холбож үзэх тодорхой мэдэгдэх зүйлгүй бололтой. Нарийн бичгийн дарга нь ойр зуурын ажилд үргэлж хэрэглэгддэг болохоор хамт зусланд гарах зэрэг гэр бүлээрээ ч ойр дотно байсан тал бий. Үүнтэй холбоотой жиг жуг яриа ч байсан тал байсан гэдэг. Гэхдээ биесээ үзэн ядах байдал байгаагүй бололтой. Харин тухайн цаг үеийн улс төрийн уур амьсгал байдлаас үзэхэд Ж.Догсүрэн бас л “ найдваргүй” хүн гэж үзэгдэх нөхцөл байдалд байсан бололтой. Догсүрэн өөрөө гүн хүний хүү, хошуу ноёны хүргэн, төрсөн эгч нь ноёны хатан байгаад хувьсгал үүсэхэд гадаадад дүрвэн гарч суурьшсан. Ж.Догсшрэнг Манжуурын хэлэлцээнд очоод байхад тэндэхийн хүмүүс эгчтэй нь уулзуулах оролдлого хийж байснаас түүх гарлаар харагдах сэжиглэгдэх байдалд орох учиртай байсан. Цаашилбал Ж.Догсүрэнг маршалын гарын хэрэг эрхэлдэг учраас ДЯЯ-ны аль нууц бүхнийг мэдэх хүн . Тэр тусмаа 1937 оны 9 дүгээр сард Зөвлөлтийн ДЯЯ-ны орлоч сайд Фриновскийн авч ирсэн “ Хуйвалдаан” гэгч “ хэрэг” –ийн бүртгэлийг орчуулсан зэрэг сүрхий нууц зүйл , Манжуурын хэлэлцээний үеийн аль тал ямар арга барил, байр суурьтайг мэдэх амьд гэрч үлдэх нь ямар нэг хүний санаанд таарахгүй учир байж болно. Ийм байдлаас Догсүрэнг барих санал маршалд сонсогдсоныг маршал ойр дотно байдгийн хувьд өрөвдөх сэтгэл гаргасан хандлагаас Ж.Догсүрэн ойлголт аваад зовлон зүдгүүр үзэхээс бэрхшээж золгүй алхам хйисэн байж болох юм. 

    Ц.Батхишиг . Хятад, Зөвлөлтөд суралцсан орос, хятад хэл мэддэг, хурлийз хүн. 1930 оноос эхлэн Х.Чойбалсан газар тариалангийн яамны сайд байхад тэнд орчуулагч болж хамтран ажиллаж, хөдөө орон нутагт хамт явах зэргээр бас л гар санаа нйилж ажилласан. Х.Чойбалсан засгийн газарт ерөнхий сайдын орлогчоор ирэхдээ татан авч нарийн бичгийн даргаараа тасралтгүй ажиллуулсан хүн. Ц.Батхишигийн өргөмөл эцэг нь хятад хэл бичигтэй, манжийн үеэс гүн зэрэг өргөмжлөгдсөн, хувийн пүүс эрхэлдэг байснаас тэр үеийн ойлготоорфеодал гэж нэрлэгдэж байжээ. Ц.Батхишиг хятадаас гэрлэх гэж байсан. Өвөрмонголын залуустай холбоотой байсны дээр хүний машин онхолдуулж хүний биед гэмтэл учруулсан учир ДХГ-т түр саатуулагдаж байсан боловч хэрэгт холбогдоогүй суллагдсан нь Х,Чойбалсангийн нөлөө эрх биш байсан бололтой. 

    Ц.Батхишиг маршалд итгэгдэж хувийн нь нууцыг хадгалж чаддаг, сайн үйлчилдэг байсан гэдэг. Ц.Батхишин маршалыг гадаад, дотоодод явахад нь үргэлж хамт явж байсан атал 1938 онд зөвлөлтөд амрахаар явахад нь явахгүй үлдэх болсон нь урьдын тогтсон заншил эрс өөрчлөгдөж байгаа юм. Ц.Батхишиг маршалыг явахад үргэлж гэр орноор нь очиж байсан төдийгүй явахын нь урьд өдөр буюу 1938 оны 8 дугаар сарын 31-ний орой гэрт нь байж байгаад маргааш өглөө нь үдэх тохиролцоотойгоор шөнө дундаас хойш гэртээ буцсан байна. Маргааш өглөө нь маршалыг хамтдаа үдэлцэх засгийн газрын ажилтан дуудахаар ороход Батхишиг гэртээ байсангүй. Гэр орны нь хүмүүс гайхал төрж ахиж үзсэнээр “ төрд буруу санасангүй, үйлдсэн гэмт хэрэггүй гагцхүү амьдралын хүрд буруу эргэсэн тул ийм болов. Гэсэн зурвас үлдээснийг үзээд түүнийг эрцгээсээр ойролцоо газар биеэ буудсаныг олжээ. 

    Яагаад ийм байдалд орсныг эргэцүүлэн үзэхэд Батхишиг ажил амьдралын талаар бухимдах гомдох ямар нэг шалтаг байсангүй. ДЯЯ-ны хэлтсийн орлогч дарга С.Базарханд олон жилийн өмнөөс Батхишигтэй танил дотно байсан Өвөрмонгол нэг хэрэгтнээсэнэ үхлээс хоёр хоногийн өмнө 1938 оны 8 дугаар сарын 29-нд гаргуулсан нэг мэдүүлэгт: 

    “… Би 1932 онд Батхишигийн эсэргүү байгуулагад гишүүнээр элсэхээр ярихад Батхишиг 1925 оноос Ц.Дамбадоржид элсэгдсэн гэдгээ хэлсэн. Пүмэнтэйн далгавараар Хишигтогтохтой харилцаж байхыг хэлсэн Ц.Батхишиг, Х.Чойбалсанг тагнаж байх даалгавартай байсан” гэсэн зүйлийг гаргуулж авчээ. С.Базарханд нэгэнт “ эсэргүү” гэдэг “гэрчийн “ мэдүүлэг гаргуулсан, үнэн мөнийг шалгаж нотлохгүйбариад авдаг үе болохоор Батхишиг ч баригдах нь гарцаагүй болсон бололтой. 

    С.Базарханд гэгч орос хэлтэй болоод ч тэр үү Зөвлөх сургагч нартай илүү ойр дотно байдаг хүн болохоор ийм найдваргүй хүн маршалын дэргэд байж болохгүй гэж үзэх нь мэдээж хэрэг.С.Базарханд маршалын анхны аваалийн дүүгийн нөхөр болохоор маршалд алтан хошуу хүргэсэн ч байж болох юм.Маршал, Ц.Батхишигт золгүй явдал тохиолдох болсныг мэдээд шууд хэлээгүй байлаа ч ойлгогдох ямар нэг шинж тэмдэг мэдэгдсэнээс хэн хүнийг “ амьдралын хүрд буруу эргэсэн тул ийм болов” гэж бичихэд хүргэсэн болов уу гэж үзэж болох юм. 

    4. МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Б.Баасанжав баригдаад харгис хатуу байцаалтад зовж зүдэрч байсан үед нь маршал Х.Чойбалсан 1940 онд өрөөндөө ирүүлж Д.Дамбатай нүүрэлдүүлэн байцаасан үед Б.Баасанжав, Скоков, Б:Жамбалдорж нарт зодуулж тарчилсан тухай хэлэхэд хэрэгсэлгүй “ аваад яв” гэснээр анхаарал тавиагүй, хүнлнг биш хандлага гэж үзэх тал байсан. Гэтэл маршалын амрах өрөөнд нь ЗХУ-ын элчин сайд Иванов , ДЯЯ-ны зөвлөх Скоков нар сууж маршалын ажиллагааг хянаж байсан учир тодорхой юм ярьж чадаагүй байсан нь хожим тодорхой болсон юм. 

    Маршал 1934 оны 9 дүгээр сарын 8-нд Москвад нутаг заагдан суусан Ц.Баттөмөр. Ө.Бадрах, Ц.Гиваапил нартай уулзаж ярилцахдаа” хэргээ яагаад мэдэхгүй байх вэ? Та нарын хэрэг илэрсэн, ямар аргаар гүйцэтгэж байсан бэ?” гэх зэрэг хэдхэн бүрхэг үг хэлсэн атал тэдгээр хүмүүс сүрхий хурц асуудал тавьж байхад маршал ямар ч үг хэлэлгүй өнгөрчээ. 

    Ц.Ниваапил эсэргүү хэрэгт холбогдсон тухайгаа яриад”… тэр ч байтугай өөрөө ноднин энд 5-6 сар суухдаа мөн миний нэг адил энэ хэрэгт холбогдоод ирж сууж байсан болно… Та яасан тэнэг хүн бэ? Таны биеийг японы төлөөлөгчийг Улаанбаатарт ирээд хурал хийхэд хамт байсан гэсэн хэд хэдэн ялтны мэдүүлэгт байгаа учраас энд 5-6 сар суулгасан… 

    Би таны засгийн энэ өдөр явуулж байгаа аргыг шууд фашистын ёс гэж хэлнэ. Та хууртсан байна. Энэ нь японы хэдэн тагнуул бидний улсын сул дутагдлыг ашиглаж гаргасныг баримталсан байна. Эрх баригчид ба таны бодсон буруу байна. Би одоо 28 настай, дахин 10 жил болоход амьд байх болов уу гэж санаж байна. Та 10 болсны хойно энэ хэргийг дахин сонирхож үзээрэй … Харин японы эзэрхэг түрэмгий нар монголд хэзээ нэг цагт халдаж ирэхэд хүрвэл би морио унаад өөрийн улс орноо хамгаалахын тулд түүнийг эсэргүүцэн буудалцана. Үүнийг хэлье” гэсэн байдаг. 

    Ийм хурц бөгөөд цогтой үг хэлж байхад хариуд ямар ч үг хэлээгүй өнгөрсөн төлөвтэй нь бас л Х.Чойбалсан өөрийн бодол санаагааа илэрхийлээгүй өнгөрсөн нь мөн л хүний хяналт ажиглалтанд байсантай холбоотой. 

    Эдгээр дурдсантай холбож үзэхэд Х.Чойбалсан уг хүн төрхөөрөө огт хүний мөсгүй амьтан гэх аргагүй. Гэтлээ төрийн чухал байгууллагыг толгойлж харгис балмад үйл ажиллагаа хийснээр сайн мөс чанартай гэж хэн ч хэлэх аргагүй. Харин энэ хүний аргагүй хавчлаганд орсныг эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн агсан чухам л онож хэлжээ. 

    Маршал Чойбалсан 1936 онд ДЯЯ-ны сайд болоод 1937 онд Г.Дэмид амь үрэгдсний дараа Цэргийн явдлын яаины сайд , бүх цэргийн жанжин, 1939 онд А.Амарыг баригдсаны дараа Засгийн газрын ерөнхий сайдаар хавсран ажилласан нь бүх албан тушаалыг Х.Чойбалсан өөрөө эзэлж авах гэсэн санаатай гэж шууд хэлэхэд хэцүү байна. Х.Чойбалсан ДЯЯ-ны сайдаар томилогдох үед бэрхшээл тоочиж хэлснийг дээр тэмдэглэсэн. 

    Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжнаар томилогдоод удаагүй байхад Зөвлөлтийн ДЯЯ-ны сйад Ежовт бичсэн захидалд : “… Улсын цэргийн явдлын яамны сайд ардын хувьсгалт бүх цэргийн жанжны тушаалыг над дээр хүлээлгэжээ. Минйи бие уг тогтоол шийдвэрийг хүлээн дагах боловч аугаа их ЗХУ ба түүний удирдагч нар ба бүх дэлхийн хувьсгалын удирдагч, олны их багш туйлын хүндэт нөхөд Сталин, Молотов, Ворошилов ба таны аугаа их тусламжгүйгээр миний бие энэ их ажлыг гүйцэтгэхэд маш хүнд болно” гэж бичсэн нь бас л нэгийг хэлж байна. 

Тэмдэглэлийн төгсгөл 

    1937-1939 онд хууль ёс завхруулж хэдэн арван мянган хүний амь, амьдрал улс үнэстний түүх соёлын өвд нөхөшгүй хар хохирол учруулсны шалтгааныг олон янзаар хэлж бичдэг, ярьдаг. Энэ нь олон ургалч үзэл байх. Х.Чойбалсан, түүний удирдсан ДЯЯ-ыг гэм буруутай гэдгийн олон янзаар тодорхойлсон. Энэ нь ч аргагүй. Уг хэргийг гүйцэтгэж барьсан, хорьсон, байцаасан, буруутан болгох нь зүй. 

    Харин Монголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө анхны хувьсгалт бүлгэмээс эхлэн тэмцэж ирсэн Чойбалсан, ДЯЯ-нд ажилласан ард түмний хэсэг хөвгүүд ард олныхоо эсрэг мэс барихад хүрсний учир шалтгааныг улс төр- нийгмийн талаас нь зөв шинжиж дүгнээд дахин ийм харамсалтай явдалд хүргэхгүй байх арга ухааныг олж тогтоох нь улс оронд маань эрхэм чухал. Үүнгүйгээр “ дотоод яамныхан” , “ ногоон малгайтан”, “ яргачин, алуурчин” гэх мэт аль байдгаар хараан зүхэж, дайран давшилж, нялбаж загнаснаар тухайн зохиогч уур бухимдлаа тайтгаруулж болно. 

    Харин улс нийгэм ганц энэ өнгөц аргаар тайтгарч болохгүй. МАХН-аас 1956 онд томилогдсон Төв Хорооны комисс намдаа хир халдаалгүй,“ Чойбалсан намын толгой дээр гарсан … “ учраас ийм завхрал гарсан гэх дүгнэлт ч бий. ЗХУКН-ын ХХ их хуралд очсон МАХН-ын Ю.Цэдэнбал тэргүүтэй төлөөлөгчдийн Хрущев хүлээн авч уулзахдаа нэг хүнийг тахин шүтсэний хор уршгийг шүүмжлэхдээ намаа хамгаалахыг сануулсан гэдэг. “ Ах” намын удирдагчийн санамж нөлөөлөх нь аргагүй биз. Хрущев тухайн үедээ Сталины алдааг зоригтой шүүмжилсэн нь дэвшилттэй нь яриангүй. Харин намаа хамгаалах санаа нь хичнээн холын хараатайг бурхан болооч үзэж амжаагүй билээ. 

    Зарим хүн нам их хэлмэгдсэн, энэ завхралд төрийн алдаатай бодлогоос болсон гэх мэтээр ярьдаг. Тэр үед МАХН-аас төрийг захирах аргаар удирдаж ирсэн баримт ч бий. Энэчлэн аль нэг байгууллага юмуу хэсэг бүлэгт хамаг нүглийг тохоод нөгөө нөгөө хэсгийн хамгаалах гэвэл тулга тойрсон ухаанаар бодожгүвээ хүртэл харсан хэрэг болуузай гэх сэтгэл төрнө. 

    Үнэн гэдэг мөнх, шудрага гэдэг эрхэм зүйл мөн ахул үнэн зөв, дүгнэж шудрагаар хэлж, ирээдүйн замаа алс харваас ард түмэн, түүхийн өмнө хэлэх үгтэй байх бизээ Тийм гэж үзвэл: 

    Аль эртнээс коминтерний удирдлага, гадаад орны туршлагад улс орныхоохувь заяаг даатган баруунтантай тэмцэх, феодал, лам нарыг устгах, нударгантай тэмцэх% Ж.Лхүмбэ, П.Гэндэн, Г.Дэмидийн “хувьсгалын эсэргүү, япон тагнуулын” хэргийг илрүүлэн тэсцсэн Х.Чойбалсан ба дотоод яамныханд баяр хүргэж “эсэргүүтэй” улмаар тэмцэхийг даалгаж тогтоол гаргаж байсан зэрэг олон баримт материал байхад “нам буруугүй” гэж үзэх үндэс байхгүй. Алдсан үе байсныг МАХН сүүлийн үеийн баримт бичигт зөв дүгнэсэн. Ер нь амжилт ололт, алдар гавьяа бүхэн МАХН-ынх, алдаа завхрал, харгис балмад явдал бүхэн Х.Чойбалсан, Дотоод Яамных гэвэл нэг талыг барьсан хэрэг болох байх. 

    Төр, засгийн байгууллагын хувьд мөн л зарлиг, тогтоол гаргаж хуулиас гадуур шүүх байгуулж төр, засгийн сонгуультанг оролцуулан “эсэргүүтэй” тэмцсэн хүмүүсийг урамшуулан шагнаж, феодал, лам нар, сүм хийдийн хөрөнгийг хураан, нутаг зааж, эрхийг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүд ньэнэ завхралд “оролцоогүй” гэж үзэх аргагүй байдалтай. 

    Дотоод яамныханы хувьд бол давтан нуршилтгүй энэ тэмдэглэл бүхэлдээ түүнд зориулагдсан болохоор “гол ” буруутан болгож байгааг өмгөөлж цагаатгах санаа өчүүхэн ч байхгүй билээ.Ганцхан Х.Чойбалсан түүний удирдсан ДЯЯ-ны УАХБ-ын ажилтан нар яагаад ийм хэрэг хийв гэдгийг чадахын хэрээр ойлгож уншигч танд үнэн байдлыг хүргэж сонордуулахыг зорьсон билээ. 

    МАХН, төр, засаг, дотоод яам бүр илүү энэ хэрэгт оролцжээ. Цааш нь бусад байгууллага ч бас нөлөөлөгдсөн нь цөөнгүй. Манай нам, төр, засаг,дотоод яам бусад ямар байгууллага хэсэг бүлгээс ийм харгислалын үзэл бодол, санаачлага гаргасныг олж мэдээгүй билээ. 

    1937-1939 онд “нэг хүнийг тахин шүтснээс ” хууль ёс завхруулсан гэж их бичигддэг. Энд санаснаа хэлэхэд Х.Чойбалсанг “тахин шүтсэн” гэж үзвэл 1939-1940 оны орчмоос л нэр сүр нь их өндөрт гарсан. Хэсэг хугацаанд хувийн байдлаар ч доройтох, ажил өөрчлөгдөх, нэр хүнд ч зарим үед сайнгүй байсан бий. 1936-1939 оны үед олон хүнийг баривчлан харгисласан үед Х.Чойбалсанг тахин шүтэх нь байтугай гомдож гутарсан харааж зүхсэн байдал хүн амын бүх давхаргад өргөн хүрээтэй байсан. Ялангуяа цэргийн албан хаагчдын дотор дургүйцэх явдал мэдэгдэхүйц байжээ. Х.Чойбалсан шүтэгдсэн бол 1939 оны Халх голын ялалтыг Х.Чойбаосангийн нэртэй холбож 1940онд намын Х их хурлаар улс нийгмийн оршин тогтнож байгааг ганц Х.Чойбалсантай холбож, үндсэн хуулиа түүний нэрээр нэрлэх зэргээр өргөмжилсөн үеэс эхэлсэн байх шиг ойлгогддог. 

    Х.Чойбалсан төр засгийн хэдэн албан тушаалд хавсран ажиллах болсон нь бусдын санаачилга шахалт гэж үзэх боловч Чойбалсан албан тушаал сонирхоогүй байсан гэж батлах баримт байхгүй. 

    Завхрал гараад ирсний шалтгаан чухам юунд вэ? Юуны урьд улс орны маань гадаад дотоод байдал, улс төр, эдийн засгийн байдал ямаршуу нөхцөл байдлын дунд тогтнож байснаа тэр үеийн үнэн байдлаар авч үзвэл зүйтэй. Хууль ёс зөрчигдөж алдаа завхрал гарч үргэлжлэхэд хууль цаазын шинжлэх ухаан хөгжөөгүй, ардчилал хязгаарлагдмал, боловсон хүчний бэлтгэл туршлага мөхөс байсантай бас холбогдоно. 

    Монгол Улс ардын хувьсгалын үр дүнд тусгаар тогтнолоо олж, эрх чөлөөт ардчилсан замд орсон нь түүхэн их ялалт бөгөөд энэ хэрэгт Орос улсын үзүүлсэн улс төр, эдийн засгийн тусламж шийдвэрлэх ач холбогдолтой нь маргаангүй. Цаашдаа улс орноо хөгжүүлэхэд их айлын хайр ивээлд шүтэн биширсэн хэрэг. 

    1935 – 1936 оны үед Японы эзэрхэг түрэмгий нар Манжуурыг эзлээд хойд Хятадад цөмрөн Монголд цэрэглэн дайрах нь илтэд болоод байсан. БНМАУ-ыг хүлээн зөвшөөрсөн нь ганц Зөвлөлт Холбоот улс. Өминө талдаа Хятадьай харилцаа хаагдаж чухамдаа 700 гаруйхан мянган хүн амтай, үйлдвэрлэх хүчний хөгжилгүй, тархай бутархай хувийн мал аж ахуйтай хоцрогдсон орон олон улсын тавцанд улс төрийн баталгаагүй, эсрэг тэсрэг хоёр их гүрний дунд “хадан завсар хавчигдсан халиуны зулзага” мэт улс төр, эдийн засгийн талаар биеэ дааж өөрийгөө хамгаалах зориг эрмэлзэл байвч хүч чадал, нөхцөл байдал дутаж байсан үе билээ. 

    Их, бага гүрний харьцааг тэгш эрх, найрамдал нөхөрлөлтэй гэж тунхаглан бахархдаг заншилтай ч энэ нь харьцангуй ойлголт байсаар ирсэн зурвасхан, тактикийн шинжтэй “манж” үг. Энэ үгний төлөө зэмлэх хүн гарна гэдэг эргэлзээгүй. 

    Их, бага хоёр айл хичнээн тэгш эрхтэй байна гэх боловч олон улсын хэмжээнд эзлэх байр суурь нэр хүнд, улс төрийн нөлөө, цэргийн сүр хүч, үйлдвэрлэх хүч, эдийн засгийн чадавхиараа хол зөрүү байдгаараа нөгөө тунхагласан “тэгш эрх” –ийг эдлэх болоход бяр тэнхээ, бэл бэнчин нэр хүнд дарах жингээрээ хоёр айлын харьцаанд тэр чбайтугай олон улсын асуудалд их айлын талд хэзээд давамгай суурийг эзлэж явдаг ажгуу. 

    Мянга есөн зуун гучаад оны үед манай орон ганц л хойд хөршийн гар хардаг, хэдэн зуун мянган хүнээ цай даалинба, гурил будаа, эм тан, зүү хуруувч гээд аль хэрэгтэй бүхнээ улс орноо хамгаалахад хэрэгтэй хэдэн цэргийнхээ буу сэлэм, хувцас, эмээл хазаар хүртэл авч байсан болохоор тэр үеийн удирдагчид маань улс орныхоо ал байдгийг өгч улс орон маань бүрэн бүтэн тогтнож хүн ардаа мөрийг нь улайлгаж, гэдсийг нь хонхолзуулахгүй байлгахын тулд их айлын өмнө бөхөлзөн аргаа барж явсан хэрэг. 

    Өгөх нь гэдийж, авах нь гэдийдэг жамаар хүний аманд /үгэнд/ багтах явдал захаас аван гарах нь мэдээж. Ийм нөхцөлд их айлын эзэд өөрийнхөө бодлогод дуулгавартай байлгах, өөртөө ашигтайгаар улам бөхийлгөх сонирхол ер буурахгүй аж. Харин ч ийм бодлого санаанд нь саад болох хэсэг бүлэг, хүн буюу зүтгэлтэн гарахад түүнийг яахин зайлуулж гагцхүү найдаж болох өөртөө “үнэнч” дуулгавартай зүтгэх хүмүүсийг тавьж авахын тулд их хүч анхаарал тавьдаг байна. 

    Үүндээ бага орны дотоод байдлыг бүх талаар арван хуруу шигээ судалж суудаг элч төлөөлөгчдөөр дамжуулан ангийн хүчний харьцаа буюу дотоод зөрчил ялангуяа удирдах хагарал зөрчилдөөнийг нарийн хооронд нь эвтэйхэн хагаралдуулж нэгийг нөгөөгөөр цохиулах, нэр хүндийг нь гутаах, дэмжих хэсэг буюу хүнээ давамгай байр суурь эзлэх, нэр хүндийг нь өргөхөд чиглэсэн ажил явууллагыг зогсоо зайгүй явуулсаар байна. 

    Үүнд гэнэн хөнгөн хүмүүс их ашиглагдаж учир үл мэдэх учраас буюу мэдэмхий байдлаар, бас тал засах, элдэв аргад нь харанхуйгаар ашиглагдах, арчаагаа алдсан зарим нь улаан цайм бялдуучлах зэргээр гар хөл нь болж гүйцээд эцэстээ бүр эзэн гүрнээс өршөөл ивээл горилогч болох ч байна. 

    Монгол орон их гүрэн байж задарсан, доройтсон, харийн эзэмшилд орсон, тусгаар тогтнолоо олох тэмцэлд дотоодын зөрчил хичнээн их гай тарьсныг түүх өгүүлэх билээ. 

    Ардын хувьсгалын ялснаас хойших үе ч ийм л явж ирсэн явж л байна.Дотоодоо хагарал зөрчил гарахаар нөгөө хэсгээ дийлэхэд аль нэг их гүрний дэмжлэг олохыг эрмэлздэг хэсэг нь улс орондоо илүү хохирол учруулсаар иржээ. Ийм зөрчилд манай олон удирдах хүн өртөж ирсэн нь ойлгодож байна. 

    1936-1940 оны хоморголон баривчилсан завхрал Сталин, түүнийг тойрон хүрээлэгчдийн бодлогоор эртнээс блэтгэгдээд монгол хүний гарааг хийлгэсэн харь гүрний явууллага байв. Сталины үзэл бодлогоо Монголд коминтерн, Зөвлөлтийн коммунист нам, зөвлөлт төрийн бүх системээр дамжуулан тулгаж түүнтэй үзэл бодол, ажил явууллага нийцээгүй зүтгэлтнийг цэвэрлэн зайлуулах том харгислал хийсан нь түүхийн баримтаар тодорхой болсон. 

    Сталинизмын харгис бодлого монгол явагдахдаа манай зах залгаа монгол туургатанд нэг адил дайрсан нь Фриновскийн гаргаж өгсөн бүртгэлд буриад монголын зарим иргэд орсоноос мэдэгдэнэ.     

    Тагна Тува улсын эрх баригч Салчак, Тока, /Тогоо ч гэж манайхан бичдэг/ Монголын элчин сайд М.Дугаржавыг хүлээн авч уулзаад танай Гэндэн, Дэмид нар Тувагийн ерөнхий сайд Жүрмэддаш нанртай эсэргүү ажлын талаар холбоотой байсан нь тэдний мэдүүлгээр илэрсэн болно гэж мэдэгдсэнийг элчин сайд М.Дугаржав ДЯЯ-ны сайд Х.Чойбалсанд илтгэн мэдэгджээ. 

    Ийм албан ёсны мэдэгдлийг хэрэгсэхгүй байх ч аргагүй биз ээ. Энэ бол бас л нэг арга Салчак, Тока, Тагна, Тувадаа ёстой тахин шүтэгдэж Сталинд их үнэлэгдсэн нь Лениний одонгоор 7 удаа шагнагдаж “Ардын үг” гэж тууж бичсэн нь хүртэл Сталины шагнал хүртээд Тагна Тува улсыг РСФСР-т нэгтгэн захируулсан “туршлагаа” халдаах санаанд нь Х.Чойбалсан тун тааламжгүй хандсан гэдэг яриа байдаг билээ. Үнэн ч болов уу. 

    Нэг хүнийг танин шүтсэн гэдэг Х.Чойбалсангийн хувь бүрэн онож таарахгүй буюу завхрал урьд нь гарсаар байсны хойно Х.Чойбаслан гарч ирсэн билээ. 

    Тэгвэл хэнийг вэ ? Сталин уу ? Сталин чинь Зөвлөлт Холбоот Улсдаа бол Лениний таалал төгсгөхийн өмнөөс эхлэн нам, төрийн эрхийг эзэгнэж үхтлээ байсан болохоор ёстой тахин шүтэгдсэн хүн байх. Харин Монголд бол тэр сахалтай гүрж Жугашвилийг биш ЗХУ-ын тушлагыг шүтэн биширч даган дуурайснаас болсон гэж ойлгогддог. 

    Иймээс Монголд хууль ёс завхруулан феодал, шашин, сүм хийд лам нарын эсрэг довтолсон, хувьсгалын эсэргүү япон тагнуулын хэрэг гэдгээр барьж цаазалж, ялласан энэ бүхэн нь нэг орны туршлагыг дуурайн хуулбарласнаас болсон хэрэг гэлтэй. 

    Ингэж хуулбарлах, дуурайх нөхцөл олон талаар бүрддэг юм байна. 

    Монгол оронд 1930-1940 онд хууль ёс зөрчигдөж завхрал гарсан явдлыг “нэг хүнийг танин шүтсэнээс гарсан’ гэдэг дүгнэлт утгаараа мөн л нөгөөх хуулбарлан дуурайх аргаар хийгдсэн дүгнэлт болов уу? 

    Хувьсгалын жилд манайд олон удирдагч солигдсон байтал нөгөө л алдаа хэвээр. Тэр тусмаа бүр залгамжлан хөвөрсөн нэг үйл явдал болох нь баримттай байхад шалтгаан нь нэг хүнийг тахин шүтсэнээс гэдэг гадаад орны дүгнэлтээр бас л дуурайх нь үнэн байдалд нийлэмж муутай юм. Шууд л нэг орны туршлагыг хуулбарлан дуурайснаас гээд энгийн үнэн үгээр хэлчихвэл өөрсдийн ба бусдын толгой эргүүлэхгүй, бас ч гаднаас болсон шалтгааныг хайцаалснаар дотоодоос эзэн шалтгааныг олох гэж турсгаа хуулалцах нь харчирхалтай бус уу ? 

    Манай урдаа барьдаг зохиолч маань хүртэл 

    “Хойшдоо явуулах ажил бүхнийг 

    Холбоот улсаар үлгэрлэ” гэж шүлэглэснийг багачууд маань олон арван жил дуулж үргэлж л “Үлгэр авах” дуурайх арга зам дээр зогсож ирсэн шүү дээ. 

    Х.Чойбалсан ДЯЯ-ыг толгойлж харийн явууллагад автан харгис балмад хэрэгт их үүрэг гүйцэтгэсэн нь цагаатгаж өмгөөлөх аргагүй ноцтой хэрэг мөн. Гэхдээ Х.Чойбалсан анхны хувьсгалт бүлгэмээс эхлэн ардын хувьсгалн ялалт, улс орныхоо бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг хамгаалах ард түмэнд сайн сайхан байдлыг бий болгохын төлөө тэмцэж явсан эх оронч хүн болохыг үгүйсгэж үл болно. 

    Х.Чойбалсан хар бага наснаас өнчин,ядуу зүдүү явж элдвийг үзэж, дуулж монголын тусгаар тогтнолын төлөө амь насаа зориулсан, тангарагнэгт журмын нөхдийн нөлөөний дор харийн түрэмгийлэгчдийн дарлал мөлжлөгөөс эх орноо чөлөөлөх, тусгаар тогтносон Монгол орны төлөө тэмцэх зориг төгөлдөр, эх оронч хувьсгалч үзлээрзэвсэглэн нам, төгийг байгуулах, ардын хувьсгал ялж, ардчилсан шатыг гүнзгийрүүлэх ардын хувьсгал ялж, ардчилсан шатыг гүнзгийрүүлэх бүхий л үйл хэргийг бүтээлцсэн партизан цэргийн нэг удирдагч байв. Партизан Х.Чойбалсангийн улс төрийн үзэл бодол бүрэлдэн тогтоход хөдлөшгүй бат тогтсон хоёр суурь ойлголт байсан бололтой. 

Тусгаар тогтносон эрх чөлөөлт БНМАУ-ыг энгнэгт мандуулан бадраах явдал. 

    Их багш Лениний сургаалаар удирдлага болгосон Зөвлөлт Холбоот Улсыг бат түшиж, большевикуудын нам, зөвлөлтийн хүмүүсийг даган дуурайж хүндэтгэж суралцсанаар нэгдүгээр -үндсэн зорилт буюу Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангаж чадна гэдэг хөдлөшгүй ойголттой болсон нь амьдралын дийлэнх үед хэвээр байжээ. 

    Х.Чойбалсан хувьсгал ялснаас эхлэн цэрэг, төрийн талаар улс төрийн тавцанд гарах нэг тодорхой дүр болох нь зүй ёсны хэрэг байв. Ийм учраас Х.Чойбалсан 1921-1934 онд удирдах олон төрлийн ажилд томилогдож улс орны амьдрах багагүй зөрчил, тэмлцэл гарч дээр доор орж явахад Х.Чойбалсан суурь боловсрол ч олдсонгүй. Улс төр-онолын талаар ч нөхөн суралцсан нь бага болохоор идэр насанд тогтсон хоёр суурь ойлголтоо цаг үе, зөрчил тэмцлийн ээдрээг таньж харах уян хатан, ухаалаг соргог чанарыг олж чадаагүй явсаар хувьсгал ялсны дараагаас 1936 он хүртлэх нам, төрийн удирдлагын хооронд гарсан зөрчил хагарал, улс орны батжин хөгжихөд тохиолдож ирсэн Д.Бодоо, С.Данзан нарын хэрэг, барууны хэлбэрэл, зүүний нугалаа, шинэ эргэлтийн бодлого. Ж.Лхүмбийн хэрэг гэх зэрэг олон үйл явдалд хандахдаа большевикуудын нам коминтерн, ер нь зөвлөлтийн нөхөдтэй хамт байхад Лениний сургаалаас гажихгүй гэдэг ганц үзүүрт олйголтоор ямагт л тэр талыг барьж , дандаа л зөв шугам болж байгаа ойлголтоор явж иржээ. 

    Энэ завсар Х.Чойбалсанд, төрийн хүний цэвэр ичимтгий ёсноос гажсан, гутарч доройтсон элдэв явдал тохиолдовч зөвлөлтийн нөхөд үргэлжийн халамж анхаарал тавьж, хүндэлж МАХН-ын 9-р их хурлын үед монголд байгаагүй боловч төв хорооны тэргүүлэгчээр сонгогдож, хожим нь ерөнхий сайдын орлогч бай байхад нь суудлын 20 машинаар шагнах, одонгоор шагнах 1936 онд ДЯЯ-ны сайд болсны дараа Ягодаас өөрийн орлогч Рошилийг захидал бичигтэй ирүүлж зөвлөлтийн “хүндэт чекист’ тэмдэг гардуулах зэрэг дотно харилцаа Ежовын үед улам ч гүнзгийрчээ. 

    Х.Чойбалсан ЗХУ-д болж буй үйл явдал, монгол орны цааш хөгжих хэтийн төлөвийн талаар зөвлөлт нөхдийн ам яриагаар голчлон ойлгож байх завсар Лениний үзэл санааг гуйвуулж сталинизм бүрэлдэн бий болж хичнээн бурангуй үйл хэрэг хийж байгааг тэр бүр ойлгож мэдэх боломжгүй байсан биз. 

    Сталинизм бүрэлдэн бий болоод алдаатай харгис бодлогоо зөвлөлт оронд төдийгүй коммунист ажилчдны хөдөлгөөнд тулган хүлээлгэхдээ нам хөдөлгөөний удирдлагыг нарийн судалж юуны урьд дотор нь хагарал гаргаж биз биесийг цохиулдаг, өөрийн нөлөөнд хөдөлбөргүй байх боломжтой дүрийг олж дэмждэг нь тэдний нэг арга болохоор монголд ч үүнийг нэлээд эртнээр хэрэглэж ирсэнийг түүх тодруулсаан байна. 

    Х.Чойбалсан 1934 оны 12 дугаар сарын 11-нд Төв Хорооны тэргүүлэгчдийн 5 дугаар хуралд “.. бид нарт зөрөлдөөн байхул туйлын үл зохилдоно. Анх нам, засаг, тогтсоны дараагаар хийгээд барууны үе ба /зүүний/ нугалаатын үед бидний удирдагчидын дотор зөрөлдөөн тэмцээнтэй явж байсан бөгөөд тэр нь их болж бадарсаар түүнээс улам заримд нэгийгээ буудахад хүрч байсаөн зүйл буй” гэж хэлсэн нь үнэн үг юм. Сталин түүний хүрээлэгчид монголд явуулах бодлогодоо: 

    -Пан-монголизм буюу Цэвээн Жамсрановын үзэлтэн, /энэ хэсэгт монголын сэхээтэн их ордог бололтой/ 

    Феодал, том толгой лам нарыг устгах шаардлагыг монголын удирдагчид удаа дараа тавьсан боловч түүний шийдвэртэй хүлээн авахаас элдпэв аргаар болгоомжтой хаднах шугамыг баримталж байв. /П.Гэндэн, А.Амар, Г.Дэмид, Д.Намсрай/. 

    Гэтэл шүахалт шаардлагыг хүлээж авч болох хүн ноь Х.Чойбалсан болсон төлөвтэй. Шалтгаан нь: Х.Чойбалсан монгоылн тусгаар тогтнолын төлөө хатуу бат олйголтой, түүний төлөөр гэвэл юунаас ч буцахгүй шинж байдлыг урьдчилан таньсан болохоор олон улсын байдал , тухайлж японы эзэрхэг түрэмгий нарын Азид явуулж буй харгис бодлого, яалнгуяа хойт хятадад цөмрөн, Манж-го гэх тоглоомын улсын байгуулж монголын зүүн хилд тул ирснээр барахгүй, хил хязгаарт цэргийн хүчээр удаа, дараа хадаж довтолсон энэ бодит баримтыг ашиглан монголын дотоодод байгаа японы тагнуул, феодал, лам нарыг / тэр үеийн үгээр “ 5 дугаар цуваа” / 

    Устгахгүй бол япон цэргийн хүчээр халдан довтлоход монголын дотор эсэргүү нар бослого гаргах аюул занал зайлшгүй болсон учир монгол услын тусгаар тогтнол, оршин тогтнох боломжгүй гэдгийг Х.Чойбалсанд тулган ойлгуулж , энэ байдалд улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалах арга нь дотоодын эсэргүү, японы тагнуул, феодал, лам нарыг устгах, ЗХУ-ын зохих байгууллагатай хамтран ажиллах бас бус асуудал тулгагдсан бололтой. Үүнд үнэмшмээр элдэв батлах, нотлох баримт гаргаж уран арга, нарийн ов мэх ч гаргасан биз. 

    Х.Чойбалсан ийм нөхцөл байдалд дор дурдах хоёр замын нэгийг баримтлахаас өөргүй болжээ. 

    Монгол улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалахын тулд сталинчуудын шаардлагыг зөвшөөрч монгол дахь 5 дугаар цувуу буюу японы тагнуул, хувьсгалын эсэргүү, феодал лам нарт цохилт өгөх, ингэснээр зөвлөлтийн цэрэг, зэвсгийн ба бусад тусламжийг авч монголын эрх чөлөөт, тусгаар тогтносон байдал алдагдахаас улс үндсээ хамгаалж чадах. 

    Эс бол зөвлөлтийн тусламж авч чадалгүй байж япон халдан довтлоод японы тагнуул, хувьсгалын эсэргүү феодал, лам на японтой нийлж хувьсгалын ялалт ба монголын тусгаар тогтнолыг алдах ийм хоёр зам байна гэж үзээд юу боловч Чойбалсан хувьсгалт бүлгээс эхлэн тэмцэж яваа гол зорилт-монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалах замыг шилж дотоодын “дайсныг” дарах ажилд оролцсон бололтой. 

    Х.Чойбалсан энэ завхралд оролцохдоо түүний хэмжээ хүрээг тооцож мэдсэн эсэхийг хэлэхэд хялбаргүй бөгөөд юу боловч монголын сэхээтэн, цэргийн албан хаагчид, лам нар, ардуудыг хавтгайд нь уулгалан устгах зорилт хараахан тавиагүй гэдгийг хэлж болмоор байна. 

    Иймээс 1938 оны 6 дугаар сард /дайчлан баривчлах явдал үндсэндээ дууссан хэмээн үзнэ/ гэж бичсэн санамсаргүй хэрэг бишээ. 

    Х.Чойбалсан нь баривчлалтын гай гамшиг ард түмний яриа санал сэтгэл эсэргүүцлээр мэдэвч энэ нь түр зуурын бөгөөд улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг хамгаалах үүнээс өөр зам байсангүй гэх ойлголттой байсан нь энэ алдаа завхралыг засах явдалд Х.чойбалсангийн хувь нэмэр орсон болно. 

    Х.Чойбалсан ийнхүү амьдралынхаа түүхэн зурвас үед сайн үйлийг бүтээхийн зэрэгцээ саар явдлыг ч хийж монгол улсын түүхэнд зөрчилтэй нэгэн дүр үлдээхдээ буруу зөвийг өөрөө тунгааж сайн нөхдийнхөө адил монгол улсынхаа тусгаар тогтнолыг алдахгүй байж хүчтэй орон болгох гэсэн хүсэлтэйгээр төгсгөл болсоныг судлаачид аяндаа тодруулах нь дамжиггүй. 

    Хэдэн мянган жилийн түүхэн уламжлалтай монгол орныг өөр оронд нэгтгэн захируулж монгол түмний тусгаар тогтнохын төлөө тэмцэж ирсэн олон үеийн тэмцлийн үр дүнг баллан сарниулж гал голомтоо унтрааж болзошгүй зарим дэвэргэн сэхээнтний адал балмад оролцлогыг саатуулан зогсоож галаа манаж улс үндсээ нэг ёсондоо аварсан Х.Чойбалсангийн бодлогы түүх үнэлэн тунгаах биз ээ. 

    Улс орон маань эдийн засгийн талаар бизэ дааж хүний гар харахгүй тогтнон хөгжих боломжгой байсансан бол хөөрхий удирдагчид маань их гүрний шахалтад орж зарим хэлмэгдэж зарим үнэлэгдэж зовлон зүдгүүр үзэхгүй байсан бизээ. 

    Олон үеийн малчин удамт монголчууд уул талын салхинд хойно урдаас дайрагдаж даарч хөөрч, хөөгдөж чичирч уруудаж доройтож, сөрж зүтгэж, хатуужиж тэмцэж эдүгээр хүрвээ. 

    Урьдын адил дорой буурай явбал хаанаас ямар ч салхи тэр тусмаа далайн салхи ч дайрч мэднээ. Гагцхүү улс орон эдийн засгийн талаар биеэ дааж чадсан цагт улс оронд тохиолдсон зовлон гамшиг хэний буруу болох тухай маргаж хоорондоо сөргөлдөхөөс хагацаж эвийн хүчээр хүүхдүүд нь бизэ засаж, иргэн нь айл гэрээ засаж, нийтээрээ ухаан зарж төр улсаа засах учиртайсан даа.