МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
Ном, уран зохиол
С.Баттогтох - Нууц хуйвалдаанаас нугалаа завхралд

ХХ зууны эхэн үеийн Монголын тагнуулын байгууллага, үйл ажиллагааны тухай. С.Баттогтох “Нууц хуйвалдаанаас нугалаа завхралд” номын гол агуулга нь Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл нь Монгол үндэстнээ нэгтгэх, нэгдсэн Монгол улс байгуулах тухай төрийн бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагаатай салшгүй холбоотойг дэлгэн харуулжээ. Номонд “Бодоогийн хэрэг”, “Данзангийн хэрэг” гэгчийг дэлгэрэнгүй нягталсан ба ялангуяа Буриад Монголын үндэсний хөдөлгөөн, Өвөрмонголын үндэсний хөдөлгөөний тухайд урьд нь эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд ороогүй баримт бичгүүдийг дурдаж үзүүлснээрээ онцлог юм. Дэлгэрэнгүйг С.Баттогтох “Нууц хуйвалдаанаас нугалаа завхралд” номноос үзнэ үү. 

С.Баттогтох

”Нууц хуйвалдаанаас нугалаа завхралд” 
Хоёр 1920-1930 ОНЫ МОНГОЛ ОРНЫ ГАДААД, ДОТООД НӨХЦӨЛ

    1920 онд Эрхүүгийн социал-демократууд, социал-хувьсгалчид (эсерүүд), нууц байдалд байсан большевикуудын нэгдсэн хүчээр Колчакийн засгийн газрын түлхэн унагаж, зүүн эсэрүүд Колчакийг баривчилжээ. Энэ ажиллагааг большевикуудын оролцоотойгоор байгуулсан “Улс төрийн төв” (Политцентр) удирдсан гэх ба үнэн чанартаа дан социал-демократууд, социал-хувьсгалчдаас бүрдэж байсан боловч сүүлдээ “хүчээр шахам” большевикжуулж, “Хувьсгалт хороо” (Ревком) болгосон гэж Элбэгдорж Ринчино өөрөө бичсэн байдаг. 

    Э. Ринчино Дээд Үдэд Я.Д. Янсонтай уулзаад, “Монголын тухай асуудлаа” дахин тавьсан учир ОК (б) Н-ын Сибирь мужийн товчоонд илтгэлийг нь сонсоод Эрхүү дэх гадаад хэргийн Сибирийн төлөөлөгчийн (Сибмиссия) газрын дэргэд тушаал байгуулсан “Азийн товчоо” хэмээх тусгай албанаа “хариуцлагатай ажилтан” болгожээ. Дарга нь Ф.Н.Гапон байв. Тэр үед Я.Д. Янсон “коммунист намд элсэхийг” Э.Ринчинод зөвлөсөн боловч “өөрийн бодолтой ажилладаг хүн” гээд татгалзсан нь хоёр талд нүүр алдахгүй байх, Богд хаан, түүний засгийн газрынханд санасан “хувьсгалт өшөө” заналаа хэрэгжүүлэхдээ намын зүгээс хариуцлага хүлээхгүй байх санаа агуулсан гэж үзүүштэй. Ийнхүү ОК (б)Н-ын Сибирь мужийн товчооноос эрхлэн Монголын зүгт явуулж байсан намын нууц ажил нь гадаад албанд шилжиж, “хувьсгалч” алан хядлагыг зөвшөөрдөг зүүн эсер намын гишүүн Элбэгдорж Ринчиногийн гарт оржээ. 

    Энэ үед Богдын засгийн газар “хоёр Хятад”, “хоёр Оросын” хоорондын зөрчлийг ашиглаж, цаг хожихоос өөр аргагүй байв. Богд хаантай Монголын тусгаар тогтнолын төлөө л бол, хэнтэй ч эвсэхээс буцахгүй байдалд оржээ. Хятадын хэрэг эрхлэх сайд Чен-И 1919 онд “Гадаад Монголын өөрөө засах эрхийг устгасны хойно Дундад Засгийн газраас гадаад Монголын хүндэтгэх ба жич сайжруулах хууль” буюу “64 зүйл”-ийг боловсруулж, Гадаад хэргийг бүгд захиран шийтгэх яамны сайд гүн Цэрэндорж, дэд сайд ван Гончигдамба, шадар сайд ван Ширнэндамдин, жун ван Доржпалам, Цэдэн хан Навааннэрин нараар дэмжүүлээд Ерөнхий сайд, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны сайд шанзав Бадамдоржтой эвсэж, Богд хаанаар зөвшөөрүүлэх гэж оролдсонд “Автономит засгаас илүү ямар эрх олгохыг дахин хэлэлцсүгэй” хэмээн буцаажээ. Шанзав Бадамдорж “Бээжин хүргүүлж, Засгийн газрын зөвшөөрлийг олж авбал зохино” гэснээр Чен-И-гийн нарийн бичгийн дарга Хуан Чен-Шү-г явуулах болсныг Богд хаан мэдээд гүн Гомбо, Жалханз хутагт Дамдинбазар нарыг удаа дараа явуулж, дээрх хэрэг явдлыг эсэргүүцсэн “нууц бичиг захидлыг” Их жунтанд илгээсээр түүнээс “автономит засгийн эрхээ хэвээр хадгалж болно” гэх үгийг гаргуулж авсан байна. 

    1919 оны 10 дугаар сард Хятадад японы талыг барьсан аньфу нам ялж, хэрэг эрхлэх сайдаар Сюй Шү Жан ирэв. Тэр “Монголын хойчийг сайжруулах найман зүйл” гэдгийг гаргаж, шанзав Бадамдорж, гүн Цэрэндорж нараар гарын үсэг зуруулаад цэрэг жагсаан сүр үзүүлж, шанзав Бадамдоржоор шахаж шавдуулсанд Богд хаан “энэ нэгэн удаа хятадын эрх мэдэлд оровч хоёр гурав жилээс өнгөрөхгүй дахин эрхээ олж авах цаг ирэх тул ёсоор болгогтун” гэжээ. 1919 оны 11 дүгээ сарын 17-нд Хятадад сайн дураар орох өргөх бичгийг үйлдэн ерөнхий шийтгэгч сайд, дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд чин ван лам Бадамдорж, дэд сайд дархан чин ван Пунцагцэрэн, нягт билэгт да лам Пунцагдорж, гадаад хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд хичээнгүй гүн Цэрэндорж, дэд сайд далай чойнхор ван Цэдэнсодном, ачит ван Гончигдамба, цэргийн хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд чин ван Жамъяндорж, дэд сайд чин ван Сэлнэндожил, эрдэнэ ван Пунцагравдан, итгэмжит бэйс Цогт-Очир, сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд шадар бэйс лам Лувсанбалдан, дэд сайд бишрэлт ван Доржцэрэн, сүжигт бэйс Дэмчигванжил, шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд Махсамид далай цэцэн хан Навааннэрин, дээд сайд дайчин жонон ван Цогбадрах, чин зоригт чин ван лам нарыг 16 хүн гарын үсэг зурж, таван яамны тамга тэмдгийг дарж өгчээ. 1919 оны 11 дүгээрх сарын 22-нд Хятадын ерөнхийлөгч Ар Монголын өөртөө засан тогтнох эрхийг устгаснаа зарлав. 

    Автономитыг устгасны дараа ч Богд хаан Хятадын засгийн газраас өргөмжилсөн цолыг үл ойшоож, өөрийн үйл ажиллагааг хуучнаараа Монгол улсын нэрээр явуулж, он цолоо хэрэглэн зарлиг лүндэнгээ гаргасаар байсан тул Сюй Шү-Жан 1920 оны 6 дугаар сарын 23-нд олон аймгийн чуулган дарга, Хүрээний эрдэнэ Шанзавын яаманд буулгасан тушаалдаа: Байцааваас засгийн устгаснаас хойш Богд хаантнаас цол нэмж өргөмжилсан тул аливаа хамаг албан бичиг, үгэнд Богд хаантан оролцохдоо улс төрийн өргөмжилсөн цолыг хичээнгүйлэн дагаж хэрэглэтүгэй. Бүү Богд эзэн, дээд зарлиг хэмээх үгийг хэрэглэж, Богд хаантныг далдуур хэтэрхий унаагүйд хүргүүлтүгэй. Бас ч дахин Монгол улс гэдэг уг үсэг хэрэглэх ба жич олноо өргөгдсөний гэх он зэргийг хэрэглэж улсын цаазыг самууруулж үл болох тул үүнийг нэвтрүүлэн тушаан явуулан, журамлан дагатугай” гэжээ. Сюй Шү- Жан ийм аргаар хар, шар феодал ноёдыг “эрхтэй эрхгүй”, “мэдэлтэй, мэдэлгүй” засвар хаязгаарлагдмал байдалд оруулахыг үүсгэн оролдож байлаа. 

    1920 оны 3 дугаар сард Сюй Шү-Жан “шинэ засгийн бодлого, хойчийг сайжруулах 8 зүйл” гэдгээ монголчуудад зарлан мэдэгдэж, 6 дугаар сараас түүнийг хэрэгжүүлэхээр лам, ноёдыг “Баруун хойд хязгаарын хэргийг сүвэгчлэн шийтгэх сайдын яам”-нд цуглуулж хуралдуулав. Сюй Шү-Жан энэ хуралд “Чен-И-гийн 64 зүйл”-ийг хүчингүй болгосноо зарлахад монгол ноёд “ноднин жил... бүгд хамгаалах сайд Чен-И лүгээ хэлэлцэн тохирсон жаран хэдэн зүйлийг даруй зарлан тогтоож монголчуудыг амар жимэр болгохыг хүсмүй” хэмээн 64 зүйлийн гэрээг буцаан нэхэмжилжээ. Монголын яам, ноёд ийнхүү Хятадын бодлогын талаар ажил хэрэг хэлэлцэн тогтохдоо Богд хаанд айлтган санаа бодлоо нэгтгэн нийлүүлдэг байсан аж. Богд хаан Хятад, Оросын дотор болж байсан улт төрийн үйл явдлуудын талаар тодорхой мэдээлэлтэй байж, бас дотоод байдал, тухайлбал, улс дээд доод түшмэл, ард угсаатны санал сэтгэлийн тухай тодорхой мэддэг байсан учир “хоёр Хятад”-ыг зөрчилдүүлэх цагийг олох арга тактикийг тогтоож чаддаг, ард олны эсэргүүцэлд ямар нэг хэмжээгээр түшиглэдэг байсан амуй. Жишээ нь: Сюй Шү-Жан хойчийг сайжруулах 8 зүйлээ зөвшөөрөхгүй болохоор лам ноёдын “биед халдана” гэж сүрдүүлсэн боловч улсын доод хурлын гишүүн, ард иргэдийн эсэргүүцэл тэмцлээс болгоомжлон “ноёд хүн ардыг хэт дарлаж байна, энэ болохгүй, тэдний ашгийг бага ч атугай харгалзаж байх хэрэгтэй. Би газар оронд муу хэрэг үйлдэж гаргасан болбоос намайг алахад ч би гомдохгүй” гэж байв. Иймд ардын хувьсгалчид Сюй Шү-Жаныг алах гэж оролдсон явдал огт үндэсгүй “аллага хядлага” үйлдэх гэсэн хэрэг биш байсан гэж үзүүштэй. 

    Хятадын түрэмгийллийг дээр дооргүй эсэргүүцэх болсон чухам энэ үед Хүрээ, Консулын дэнжид нууц хоёр бүлгэж үүсэж бүрэлдсэн билээ. “Богд хаан өөрийн шадар да лам Пунцагдорж, Хатанбаатар ван Магсаржав, гүн Жамъян, гүн Жигмиддорж нараар дамжуулан ардын намын үйл ажиллагааг сайтар мэдэж байв” 1920 оны хавраас улс үндсээ гэсэн бодол эрмэлзэлтэй зарим томоохон феодал ноёд тусгаар тогтнолоо хэрхэн олж авах талаар арга сүвэгчлэх болж, зун нь Богдод даншиг өргөх нэрээр халхын 4 аймгийн ноёд хуралдан чуулж, тусгаар тогтнолын арга замыг сүвэгчлэхээр тогтсон байна. Энэ үеэр Богд хаан Оросын хувьсгалчдын шадар түшмэдээрээ дамжуулан ордондоо 3 удаа урьжээ. Ийнхүү 1920 оны 3 дугаар сарын эхээр нийслэл Хүрээн дэх хувьсгалт Думийн дарга Шейнин, Хятадаас Зөвлөлт Орос уруу буцаж явсан Буртманы бүлгийн хамт “нөхөрсгөөр ярилцъя” гэсэн Богд хааны урилгыг хүлээн авч бараалхжээ. Хэлмэрчээр дамжуулан 45 минут ярилцахад Богд хаан “Зөвлөлт Улсын шинж чанарын тухай их өргөн мэдсэн” нь ажиглагдсан байна. Богд хаан ярианы дараа Зөвлөлт Орос Улсын намын хүмүүст “36 янзын хоолоор зоог барьж” хүндэтгэлээ үзүүлжээ. 

    1920 оны 7 дугаар сард “хоёр Хятадын хоорондын зөрчил туйлд хүрч, Японы талыг баримтлагч Дуань Чи Жүйн дэглэм огцорч, Англи, Америкийн талыг баригч Цао Күн-гийн бүлэг засгийн эрхэнд гарахад Сюй Шү Жан Бээжинд дуудагдаж, удалгүй Монголын байдлыг сайн мэдэх Чен И-г дахин ирүүлсэн юм. Хятад сайд нарын солигдох хооронд цагийг ашиглан монгол ноёд Богд Жавзандамба хутагтад даншиг өргөхөөр ирсэн “Халхын олон ван гүн, Хүрээний ихэс лам нарыг Эрдэнэ шанзавын яаманд хуралдуулан” Богд хааны лүндэнгээр засгийн эрхийг дахин сэргээх арга замыг хэлэлцээд “Өмнө, умард Хятад, Орос хоёр этгээд дотор зуураа байлдаан зогсоогүй самуунтай байгаа цаг үесэд ... Монголын цэргийн зэвсгийг эрүүлэн авч, монгол цэргээр газар орноо батлан хамгаалсугай” гэх зэргээр Сийлэнбуугийн яаманд мэдэгдвээс Сюй Шү-Жаны үлдэгдэл төдий л хүчиндээ эсэргүүцэхгүй болов уу хэмээн зөвлөлдсөн” боловч санал нийлэн “зүрх гаргаж” чадаагүй ч “арга хүч хоёрыг адилхан хэрэглэхээр” тогтсон нь тэмцлийн хэлбэрийн хувьд алхам урагшилсан хэрэг юм. Ардын хувьсгалчид Хятадын сайдын үүдэнд “бичиг наалдуулсан” явдал үүнтэй холбоотой ч байж болох юм. 

    Ийнхүү Монголын ихэс ноёд, лам нар, тэр ч байтугай Богд хаан өөрөө хийгээд бичиг цэргийн түшмэд, сэхээлэг ард нийтээр зөвхөн цэрэг зэвсгийн хүчээр эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж болохыг ухамсарласан нь Монголын “автономит” хэмээх тусгаар тулгар төр улс бие даасан ажиллагааны зүй ёсны үр дүн, олсон туршлага байлаа. Монгол үндэстэн, ард түмэн чингэж олон улсын империалзмын колонийн системийн эсрэг дэлхий дахины үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн нэгдсэн фронтын түүхэнд эхний мөрийн гаргалцсан гэж болно. Монголын ихэс лам, ноёд Эрдэнэ шанзавын яаманд хуралдах үеэр Богд хаан лүндэнгээр Хатанбаатар ван Магсаржав, Баргын манлай ван Дамдинсүрэн нарыг дуудан авчирч, тусгайлан уулзжээ. Бас ардын хувьсгалчид “Улаан оросоос” тусламж эрэх тухай бичигт “мутрын тамга” даруулах хэргээр 3 удаа Богд хаанд бараалхахад тэр хэртхийн цочсонгүй. “Монгол улсын тусгаар тогтнолын төлөө санаа сэдэж яваа нь тун сайшаалтай. Гэвч цаг нь болоогүй хүлээж бай. Цаг болохоор би мэдээ өгнө” гэсэн билээ. 

    Богд хаан “автомномитыг устгасанд Их жүнтэнд баяр хүргэх” нэрээр жалханз хутагт Дамдинбазар, далив хутагт Жамсранжав, Сэцэн хан Навааннэрин, дархан чин ван Пунцагцэрэн, эрдэнэ жонон ван Ширнэндамдин эрдэнэ ван Пунцагравдан, чин ван лам Дашдэндэв, итгэмжит бэйс Цогт-Очир, гүн Лхамжав нарын Бээжинд зарсан нь хэрэг дээрээ “өмнө зүгийн байдал ямар болох зэрэг нарийн мэдээ хураах” даалгавартай байжээ. Хүрээний лам ноёдын өмнөөс гүн Гүрррагчаа Америк, Англи, Японы элчингээс тусламж гуйхаар Бээжин явах, бэйс Лувсанжанцан Хүрээний танил худалдааны төлөөлөгч Ларсенаар дамжуулан Америкаас тусламж олохоор оролдож, Богдын тамгыг даруулахаар ороход хаан бээр “Хятадын төр шаазан тавганд хураасан өндөг шиг байхад” тэднээс “сайн юм олохгүй” хэмээн айлдсан нь үнэн болов. Тийн атал Богд хаан “доорд ардуудын дотроос Хятадын дарлагдлаас ангижрах арга сүвэгчлэх журмыг үүсгэж, нэгэн намын хүмүүсээс ардын төлөөлөгчдийг удаа дараа томилон явуулах гэдгийг сонсож мэдээд манай улсын мандах хэрэгт энэхүү ардуудад улаан Орос тус болмой хэмээн улаан Оросын засгийн газар явуулах өргөдөл бичигт мутран тэмдэг дарж өгсөн болой”. 

    “Нэгэн өдөр Богдоос Дүйхэрийн да ламаар уламжлан Хүрээний баруун өргөөний газраа хадгалсан бурхны бие хөргийг шар торгон дээр даруулж, одоо цагт манай улсын төлөө зүтгэх ардуудад шүтэх шүтээн мөн болох учрыг айлдаж, эл бурхны хөргөөс долоог түгээн хайрласан ба дараагаар Орос улсаас тусламж гуйх бичгийг эхийг нөхөр Жамъянгаар зохиолгон одоо умар дахь улаан Орост одож, улсын хэргийг бүтээх цаг болжээ хэмээн зарлиг буулгаж уул бичигт мутрын тамгыг дарж өгөх ташрамд мөнөө нөхөр Жамъянд цагийн хэмнүүр нэгийг шагнахдаа энэхүү цаг нэгэнт таарсан учрыг мэдэгдсүгэй хэмээн айлдсаныг хүлээн аваад тус намын нөхөр Сүхбаатар, Лосол, Догсом нарын бие мөнхүү 10 оны зуны сүүл сарын 7-ны өдөр мордохыг шийдвэрлэх тогтоож, тэрхүү Богдын тамгатай бичгийг морины модон ташуурын дотор нүх гаргаж ухуулан” хийжээ. Ийнхүү Сүхбаатар тэргүүтэй ардын намын төлөөлөгчдийн хоёр дахь хэсэг 1920 оны 7 дугаар сарын 15-нд Нийслэл Хүрээнээс Зөвлөлт Орос улсын зүг нууцаар мордов. 

    1920 оны 7 дугаар сарын 20-ны үед Эрдэнэ шанзавын яаманд лам ноёд хамтран хуралдаж, Хятадаас засгийн эрхийг эргүүлэн авахаар хөдлөх цагт “эсэргүүцэл гаргах болбоос аймаг хошуудаас цэрэг элсэн гаргаж, Богд хааны дэргэд хадгалж буй буу зэвсэг үлэмжхэн бүхнийг айлтган авч, Богд хааны есөн цагдааны нэгэн анги сүргийн олон сайн морьдыг зарлан хэрэглэж зэвсэгт тэмцэл гаргах”-аар тогтож айлтгасанд Богд хаан “цөм зарлиг ёсоор болгосон” байна. 

    Тийхүү Монголын ноёд лам, ард нар тэмцэлд хөдлөн байгааг хятад яам эхнээс нь хянан тагнаж, зарим урвагч этгээд тэдэнд тусалж байв. Жишээ нь, лам ноёдын анхнаа хуралдах гэж буйг дөрвөд бэйс Аюурзана хятад яаманд урьдчилан мэдэгджээ. Хошуудаас цэрэг гаргаж, зэвсэглэх тухайд баруун Хүрээний цагдаа сэргийлэх Хорооны туслах түшмэл Дамдин хятад дарга Жан Шү-Линд нууцаар мэдээлэхдээ “Баатар ван дагуулсан ирсэн Сайд ноён хан, Засагт хан хоёр аймгийн цэргийн зарим нь Богдын дэргэд байх буу зэвсгийн зөөн гаргаж, бусад цэрэгт туслах гэж байна” гэсний Жан Шү-Лин нууцаар байцаагаад “Богдын ордонд 7000 гаруй хурдан буу, их хэмжээний сум, пулемёт буу 5 ширхэг байгааг нь тун хүчтэй аюултай ба эднэ бүхэн нь автономитын үед Оросын цагаан хаанаас худалдан авсан зэвсэг аж” хэмээн Сийлэнбүүгийн яамнаа мэдэгдсэн гэжээ. Байдал ийм болсонд хятад цэргийн захирагч Чу Чи-Шиан Хиагтад байсан цэргийн Хүрээнд татан авчирч сэргийлэн суулгах, Монголд оршин суугч хятад иргэдийг цэргийн зохион байгуулалтад оруулж, “онц хэцүү үед ... сайн бууддаг хятад үйлдвэрчин иргэдийг цуглуулан 1 бригад болгон хот ба худалдааны газрыг сэргийлүүлэн, жинхэнэ цэргийнд тусгайлан дайсныг хайхад хэрэглэх”-ээр бэлтгэсэн байна. 

    Сюй Шү-Жаныг орлож үлдсэн цахар Самбуу, хятад цэргийн захирагч Чу Чи-Шиан, Го Си-Лин нар өргөн баривчилгаа явуулж, “ноёдын зөвлөлгөөнийг толгойлон тусгаар болох хэрэг явдлыг үүсгэхэд идэвхийлэн зүтгэсэн” гэж Хатанбаатар ван Магсаржав, Манлай ван Дамдинсүрэн нарыг, удалгүй бэйс Лувсанжанцан, хурц бэйс Магсаржав, гүн Жамъян, гүн Жигмидорж, Дүйхэрийн да лам Пунцагдорж, сэцэн ван Гүрсоронзонгомбосүрэн, эрдэнэ ван Намсрай, бэйс Ишбазар нарыг барьж хорьсон нь үнэндээ Сүхбаатар тэргүүтэй ардын төлөөлөгчдийг улаан Орост явуулсантай холбоотой байв. Энэ бас л урвагч гарч, ван Доржпалам, хөвгүүн Пунцагцэрэнжалбуу нар хурц бэйс Магсаржав зэрэг нэлээд хүнийг илчилсэн гэдэг. Ийм байдалд эрдэнэ жонон ван Ширнэндамдин, дайчин жонон ван Цогбадрах нар “хятадын баривчилгаанаас айж аялдан дагах төлөө үзүүлэх”-ийн зэрэгцээ олноо өргөгдсөний 10 дугаар оны 8 сарын шинийн 1-ний өдөр баригдаагүй байсан эсэх лам, ноёд Туул голын хөвөөнд бүхий дайчин жонон ван Цогбадрахын гэрийн газар нууцаар хуралдаж, “нам гүм сууж, хойд зүг явсан ардын хувьсгалчдын хэрэг ямар болж ирэхийг битүүлэг чих тавь байхаас өөр дөхөмгүй болов” хэмээн хэлэлцэн тархав. Энд анхаарал татах нэг зүйл бол нууц бүлгэмийн гишүүд ч гол төлөв Дунд голоос урагш Туул голын хөвөө газар, заримдаа шугуйд ч цуглаж уулзаж байсан байдаг. Гэтэл Богд хааны ордныг хамгаалах бүсийн хойд хил нь Дунд гол байсан агаад Богдод бараалхах зочин төлөөлөгчдийг Дунд голын гүүрэн дээр шадар түшмэл хүлээн авдаг байсан бололтой. Тэгэхлээр ардын хувьсгалчид ч Хятадын хяналт шалгалтыг сэрэмжлэх үүднээс тийш очдог, Богд хаантан ч тэднийг далдуур дэмжиж байсныг харуулна. 

    Дээрх үйл явдлуудаас өмнө ардын намынхан Богдын тамгатай бичиг хүлээн байх тэр үед Эрхүү хотноо Ф.Н.Гапон, Э.Ринчино нарын удирдлагатай байгуулагдсан “Азийн товчоо” хэмээх тусгай байгууллагын Монголын сектороос Хүрээний байдлыг судлуулахаар “Төв холбоод” (Центросоюз)-ын ажилчдын нэрээр С.С. Борисов, Цэдэн-Иш, Дашпилун-Гочитский нарыг илгээжээ. Хожим Э.Ринчиногийн бичсэнээр “Тэд Хүрээнд ирээд Данзан, Бодоо нарын оппозиц бүлэг үүсэн бүрэлдэж байгааг мэдэж, орос-монголын хэвлэх үйлдвэрийн хашаанд болон Туул гол дээр 2 удаа нууцаар тэдэнтэй уулзсанд хүрээнийхэн ЗХУ-д төлөөлөгчдөө явуулах гэж байв”. Аюуш Балыковын өчсөнөөр, “Сүхбаатар, Чойбалсан, Бодоо, Догсом нарт гэрт ирж, Хятадын дарлалаас хэрхэн ангижрах тухай ярилцдаг” байсан бөгөөд нэг удаа “Бодоо, Сүхбаатар, бас гурав дахийг санахгүй байна, Чойбалсан ч байл уу, ирж цай уух зуур Семеновоос тусламж авна гэх зэргээр ярьсанд би:Семенов бол японы хөлсний этгээд, хятадууд ялгаагүй япончуудын заавраар хөдөлж буй” хэмээн нэлээд маргалдсаны эцэст Бодоо: “Бид чамайг шалгаж туршихаар ирсэн, одоо чамайг мэдлээ. Бид Семенов уруу хэзээ ч явахгүй. Өнөө маргаашгүй Эрхүү уруу улааныхантай явна. Тэднээс нөхөр Борисов ирсэн. Оройн 6 цагт Богд хааны ордны чанад шугуйд ирээрэй. Бид нууц цуглаан хийнэ, чи орчуулж өг” гэсэн ... Орой шугуйд очвол Борисов, Гочитский, Бодоо, Сүхбаатар, Чойбалсан, Догсом, Дугаржав, бас Кучеренко, Гембаржевский Маслаков гээд бүгд л цугласан байв” гэжээ. 

    С.С. Борисов, Цэдэн-Иш, Дашпилун нарыг ийн Хүрээ уруу явуулсны дараа Элбэгдорж Ринчино “Монголын ажлыг жинхэнэ ёсоор хийхээр” Байгалын чанад оджээ. Гэтэл замдаа “Монгол дахь хувьсгалын тухай цахилгаан мэдээг Дээд Үдээс хүлээн авав. Энэ мэдээг Баярт Вампилун баярын нулимс унаган угтсан байна. “Хянаваас, хувьсгалт хөдлөгөөний пионер Данзан, Чойбалсан хоёр Хүрээнээс Дээд Үдэд хүрэлцэн ирсэн байв. Хэд хоногийн дараа Бодоо,Чагдаржав нар, дараа нь Лосом, Догсом хоёр ирлээ. Тэднийг Б.З. Шумяцкийтэй уулзуулж, буриад-монголын нэрт зүтгэлтэн Жамсраног дуудуулав” гэж Э.Ринчино бичжээ. Э.Ринчино бүр сүүлд үүнийг бичихдээ Д. Сүхбаатарын нэрийг орхисныг санамсаргүй зүйл гэж боломгүй. Түүний бичсэнээр Б.З. Шумяцкий, Жасрангийн Цэвээн нар энэ үйл явдалд дурамжхан хандаж, “үүнээс юм гарах болов уу даа” гэж байсан гэх ба Эрхүүд “большевикууд монголын төлөөлөгчидтэй удтал зууралдан хянаж тагнаж байсан” гэнэ. Тийм хянагчийн нэг нь Э. Ринчино өөрөө байсан болов уу. 

    Монголын хувьсгалчдад хандах асуудлаар буриадын социал-демократууд, социал-хувьсгалчдын хооронд дахиад маргаан гарчээ. Баримтуудаас харахад, монголын хувьсгалчид цагаатны талын Э.Ринчинод хэрэв улааны талын даалгавартай тэнд байсан “большевик” гэсэн ойлголт өгөхгүй бол итгэхгүй гэдэг нь Аюуш Балыковь Д.Бодоогийн хэлснээс ч тодорхой. Харин “Пан Монголын Дагуурын Засгийн газрын ГЯЯ-ны сайд”-ын тушаалаас татгалзсан Жасрангийн Цэвээн эртнээс Монголын дэвшилт үзэлтнүүдтэй дотно холбоотой байсан хийгээд буриадын социал-демократ хөдөлгөөний баруу, зүүн урсгал, социалист- хувьсгалчдыг холбон барьж, монгол хувьсгалчдад нааштай нөлөө үзүүлэх нэр хүнд, мэдлэг чадвартай цорын ганц хүн гэдгийг ленинч большевикууд ойлгож байсан гэдэг бас магадтай. Тэд бас Монголын тухайн үеийн нөхцөлөөс В.И.Лениний хэлсэнчлэн дэвшилтэт санаа бодолтой лам ноёд феодалын төлөөлөгчид ч, ард гаралтай бичиг цэргийн түшмэд нар ч социал-демократ үзэл санаанаас хальж чадахгүйг Буриадын Их Хурлын төлөөлөгчдөд болон ардын намынханд Богд хаан хэрхэн ялгаатай хандаж харилцаж байгаагаас ойлгож байсан нь мэдээж. 

    С.С. Борисов Хүрээнд ирээд ардын намынхантай уулзахдаа “Монголд өөр ямар нам буй” гэж асуусанд ардын хувьсгалчид “угсаатын нам бий” хэмээн хариулжээ. Үүнээс үзвэл, Богд хаан тэргүүтэй дэвшилтэт үзэл санаатай ихэс лам ноёдын “угсаатны лам” гэдэг нь баруун социал-демократ чиглэлтэй, бичиг хэргийн түшмэд нарын “ардын нам” зүүн социал-демократ чиглэлтэй байжээ. Энэ хоёр чиглэл Монголын тусгаар тогтнолыг байлдан олох, Нэгдсэн Монгол Улс байгуулах нийгмийн хуучин байгууллагын үндсэн дээр, ардын намынхан нийгмийн шинэ байгууллын үндсэн дээр тэдгээрийг шийдвэрлэх зорилготойгоороо ялгаатайг С.С.Борисов ч ухаарч, Зөвлөлт Засгаас тусламж гуйхдаа Богдын тамгатай бичиг бас ч хэрэгтэйг бүр тэр үед ардын хувьсгалчдад сануулсан зөвлөсөн байна. Энэ бол олон улсын харилцааны хэв хэмжээг хөндсөн зарчмын асуудал бөгөөд ардын хувьсгалчид ч сайн ойлгож байсан юм. Тэд ардын намын тамгатай бичиг авч явах асуудлыг ч энэ үед шийдэж тохиролцсон байв. Д.Бодоо, С.Данзан нарын хооронд гарсан маргаан гэдэг нь алийг хэн, хэзээ, хаана хүргэж өгөх тухайд хэлцсэн зарчмын асуудал байсан болохоос өнөөгийн түүхэнд бичиж буй шиг Д.Бодоо гагцхүү ардын намын тамгатай бичиг авч явна гэж С.Данзан ганцхан Богдын тамгатай бичиг авч явна гэж тас зөрсөн хэрэг биш ээ. Тэгсэнсэн бол хоёр бүлгэм нэгдэж чадахгүй бөгөөд дахиад бутрахад хүрэх байсан. Харин Д.Бодоо, С.Дандан хоёр төдийгүй Д. Сүхбаатар нар бүгдээрээ нэгдмэл санал бодолтой байсныг хожмын үйл явдлууд харуулна. 

    Хэрэг дээр хэрүүл маргаан гаргагчид нь Х.Чойбалсан,түүнийг дагасан хэдэн хүн байж болзошгүй. Хожим Д.Догсом дуртгалдаа хоёр бүлгэм нэгдээд намын хэрэгт гуйвалтгүй зүтгэх тангараг өргөх болоход цөөн хэдэн хүн татаглзсан тухай дурдсан байх ба түүнээс хойших хэсэг үйл ажиллагаанд оролцогчид дотор тухайлбал Богдод бараалхсан тухайд Х.Чойбалсангийн нэр гардаггүй нь түүнийг мартсаных биш болов уу. 

    Зөвлөлт засгийн газар Богд хаант Монгол улс албан ёсоор хүлээн зөвшөөрсөн нөхцөлд ардын намын хувьсгалчдыг засгийн газрынх нь зөвшөөрөлгүй хүлээн авч, зэвсэгт тусламж олгоно гэдэг уг чанартаа түүний эсрэг турхирсан өдөөн хатгалга болох учир Зөвлөлт засаг, Коммунист Намын нэр төр харш зүйл гэдгийг Богд хаан ч, ардын хувьсгалчид ч, ленинч коммунистууд ч ойлгож байсан хэрэг. Нөгөөтэйгүүүр монгол-зөвлөлтийн ард түмэнд ямар нэг дайсан гарч ирээгүйгээр коммунистуудаас ардын хувьсгалчидад зэвсэгт тусламж үзүүлж чадахгүй гэдгийг Богд хаан ухаан ойлгож байсан дээрээс тийм нөхцөл бүрдүүлэх зорилгооор ардын хувьсгалчидад тамгатай бичиг өгөлгүй хүлээлгэж байжээ гэж үзэх үндэстэй. Учир нь тухайн үед Монголын дайсан болж байсан гамин цэргүүд Зөвлөлд засагт дайсагнаагүйгээр барахгүй “унгернчүүдийн эсрэг хийх тэмцэлд тусламж үзүүүлэхийг гуйж” байв. Тэр ч байтугай “хятад сайд Чен-И Хүрээнээс Хиагтад зугтаж ирснийхээ дараа унгерчүүдтэй байлдах улаан армийн ангиудыг Гадаад Монголд оруулж ирүүлэхийг Зөвлөлтийн Гадаад хэргийн Ардын Комиссариатын Троицкосавск дахь төлөөлөгч О.И. Макстеникээр 1921 оны 2 дугаар сарын 19-нд дамжууланд хүсжээ. Түүгээр ч зогсохгүй ЗОУ-ын Засгийн газар унгернчүүдийг устгах бэлтгэх хийхийн хажуугаар энэ хэрэгт хамтран ажиллах тухай асуудлыг Хятадын Засгийн газар нэг биш удаа тавьжээ. Жишээ нь, 1920 оны 11 дүгээр сарын 11 ба 28-нд Монгол дахь Унгерний дээрэмчдийг хамтарсан хүчээр устгахыг ЗОУ-ын Засгийн газраас Хятадын Засгийн газарт санал болгожээ. Гэвч Хятадын Засгийн газраас энэ саналд хариу өгсөнгүй. 

    Монголын тусгаар тогтнолын асуудал ноцтой байдалд хүрч болзошгүй байсан энэ цаг мөчөөс Богд хаан өрсөж, ардын хувьсгалчдад засгийн газрынхаа нэрийн өмнөөс тусламж гуйх тамгатай бичиг хийж өгч, Улаан Орост явуулахдаа ингэх цаг болсныг сануулсан нь бодолгүй ажиллагаа ч бишээ. Олон улсын болон нам хөдөлгөөний харилцааны нарийн ёс журмыг муугүй мэдэж байсан ардын хувьсгалчид өөрсдийн зорилго, үйл ажиллагаагаа Богд хааны үйл ажиллагаатай зохицуулаад байсан нь баримтаар гэрчлэгдэнэ. Ардын намын төлөөлөгчдийн эхний хэсэг Д.Бодоо, Д.Чагдаржав нараас 1920 оны 8 дугаар сарын 2-нд О.М. Макстеникт гардуулсан “Гадаад Монголын ард түмэн ба ардын Намаас” гэсэн бичигт “Ардын нам үндэсний бие даасан байдлыг амжилтад хүргэх үүднээс Хятадын эзэрхэг түрэмгий нарын эсрэг хамтран тэмцье гэсэн үндэсний консерватив үзэлтэй ноёд, жижиг түшмэдийн намынд саналыг хүлээн авахдаа Монголын дарлагдсан ард түмэнд чин сэтгэлийн тусламж үзүүлж чадах цорын ганц орон ЗОУ-аас тусламж эрхэ болзлыг тэдний өмнө тавьсан юм. Тэр хэлэлцээний ёсоор Монголын бүх ард түмний өмнөөс Зөвлөлт засгийн газарт бүрэн эрхт төлөөлөгчид явуулав. Төлөөлөгчдийн зорилго бол Оросын БНУ-ын хувьсгалт ард түмэн болон Монгол улсын хооронд бат холбоо тогтоох, ... Монголд идэвхтэй тусламж үзүүлэх бололцооны талаар манай Төв засгийн газартай хэлэлцээ хийх явдал мөн” гэжээ. Тэдний хойноос Д.Сүхбаатар нар хоёр хуваагдан Эрхүүд очиж бүгд нийлээд Ф.Н. Гапонтай анх удаа уулзахдаа Богдын тамгатай бичгийг гарган өгөхөд тэрбээр “энэхүү Богдын тамгатай бичгийг би хүлээн авъя. Гэвч эл хэрэгт ард түмний төлөөний зүтгэж яваа ардын төлөөлөгч болох та нөхдөөс чухамхүү зорьсон төв итгэл хүсэл эрмэлзэлгээ юу болох, мөн тусламжийг аваад ямар засаг байгуулах, мөн гадаадын дайсантай эсэргүүцэхэд ямар арга төлөвлөгөө, ямар зүйлийн хүчин зэвсэг эгээрэх зэрдгийг дэлгэрэнгүйгээр тайлбарлан гаргасан илтгэл гаргаж өгвөөс зохимой” гээд “эрхэм нөхөд хэргийн үүсэл, төгсгөл зэргийг гүн анхаарч, чухамхүү эрмэлзэх саналыг эрс шийдвэртэйгээр гаргаваас танай зорьсон хэрэгт түргэн дөхөмтэй болж чадахыг нөхрийн хувьд энгийн сануулж хэлмүй” гэж зөвлөснийг Д.Сүхбаатар тэмдэглэж авсан ажээ. Төлөөлөгчдөд Элбэгдорж Ринчино орчуулагчаар ажиллаж байв. 

    Энэ үеэр ардын хувьсгалчдын дунд гарсан маргаан гэдэг нь үнэн чанартаа буриадын, социал-хувьсгалч Э.Ринчино нарын үзэл баримтлалын зөрөлдөөнөөс болсон гэж үзүүштэй. Монголын ардын намын цаашдын үйл ажиллагааны тухайд Жамсрангийн Цэвээн “Монголчууд янз бүрийн эрх чөлөө олгохыг шаардсан өргөх бичгийг “жаахан Сюй” –д өгөхөд тэр зайлшгүй эсэргүүцнэ. Энэ мэтээр монголчуудад улс төрийн тэмцлийн гэгээрэл олговол эцэст тэднийг хувьсгалжуулахад хялбар болно” гэж байхад Э.Ринчино “хэрэв монголчуудын үндэсний мэдрэмж сэргэн төрж, хятадын дарлалыг тэвчихгүй болсон юм бол одоо л тэднийг тэмцэлд босгох хэрэгтэй. Үүнээс олон олон үр дагавар гарах бөгөөд тэдгээрийг шинэ байгуулагдсан “Буфер” улсын удирдагчид шийдвэрлэж чадахгүй, тэгэхлээр Эрхүү, Омск гэхчлэнгээр цаааш явах хэрэгтэй” хэмээн зөрөлджээ. Энд нэг талаас Э.Ринчиногийн “Дагуурын засгийн газар” Семенов хавийн эргэлзээтэй ажлыг мэдэж байсан монголчуудын чин зорилгын мэдэж бичгээр амлалт, илтгэл авах гэсэн хүсэлт чухамхүү Э.Ринчиногийн саналтай нийлж байгаа явдалд энэ бүхэн ардын намын төлөөлөгчдийн учрыг нь олж шийдвэл зохих зүйл байв. Эл асуудалд хөнгөн хандаж болохгүй байсан бөгөөд гарах шийдвэр нь Монгол улсын ирээдүйд холбогдох түүхэн шийдвэр болно. Үүнд Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар нарын хооронд ноцтой зөрөө байгаагүй бөгөөд улс, ард түмэн дотроо хамгийн нэр хүндтэй, цэрэг зэвсгийн асуудлыг сайн мэдэх Д.Сүхбаатартаа эл түүхэн шийдвэрийг гаргах эрхийг олгосон хамтын санал байсныг цаашдын үйл явдал харуулна. 

    Д.Сүхбаатар нар 1920 оны 8 дугаар сарын 19-ний оройн 6 цагт Ф.Н. Гапонтой 2 дахь удаагаа уулзжээ. Тэгэхэд Ф.Н. Гапон тэднийг туршсан, ихээхэн хариуцлага шаардах хэдэн асуулт тавьсан байна. Үүнд: Нэгдүгээрт, “энэ ирсэн хүмүүс бүрнээ санаа салах газаргүй цөм нийлсэн буй за” хэмээсэнд Д.Сүхбаатар “Бид нар цөм санал нийслэн” гэж хариулсан нь дээрхийг нотолж байна. Үүн дээрээ Д.Сүхбаатар: Бид нар уг хэргийг гадаад улс дор хэлэлцүүлж, харьяат улс өөрийн эрхтэй улс болохыг гол болгон санамуй хэмээн намынхаа зорилго, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагааа нэмэн тодорхойлжээ. Үүнд Ф.Н. Гапон “Монголын энэ тухай хэргийг Хятадын доорд намтай нийлэн хэлэлцэж, бүтээх аргыг их л шамдан оролдохыг эрхэм болгоно” гэсэн нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн засгийн газрынхаа шийдвэртэй зөрчилджээ. Хоёрдугаарт,Ф.Н. Гапон “Та нарын нийлсэн буюу? “ гэж асуусанд Д.Сүхбаатар “Автономитыг устгасан хэдэн хүнээс бусад нь бараг төлөв санаа нийлэх болов уу хэмээн санадаг” хэмээн хариу өгчээ. Ф.Н. Гапон ярианы явцад энэ асуултаа дахин нэг тавьсанд Д.Сүхбаатар мөн л хариултаа өгсөн байна. Гуравдугаарт Ф.Н. Гапон “Танай улс цэрэг хэрэглэх гэх буюу үгүй юу?” гэсэн Д. Сүхбаатар “Цэрэг хэрэглэе хэмээсэнгүй, харин зэвсэг хэрэглэх, сургагч хэрэглэе хэмээсэн” гэжээ. Эндээс манай ардын намын анхнаа Зөвлөлт Улсаас зэвсэгт авах асуудалд тавьсан болохоос цэрэг оруулах тухай хүсэлт гаргаагүйг харж болно. Дөрөвдүгээрт, Ф.Н.Гапон “Та нар зэвсэг зүйлийг туслахад ямар зүйлээр гадаад улсад харшлад, сэжиглэлгүйгээр аль газраар хүлээн авах явдлыг юу хэмээн санаж буй?” гэсэнд Д.Сүхбаатар “Бид нар энэ зүйлийг хязгаар нийлэх Мүгдэн, Хөвсгөлийн зэрэг газраар нэвтрүүлэн авбаас болно хэмээн санадаг” гэсэн нь Тагна, Урианхай, Өвөр Монголыг оролцуулсан Нэгдсэн Монгол Улс байгуулах тухай санаагаа давхар илэрхийлсэн болов уу. Үүн дээр С.Данзан “Урьд орох император эзэн хаанаас эзэрхэн авсан Урианхайн газрыг эгүүлэн авахыг хүсмүй” хэмэн нэмж тодорхойлсон нь дээрхийг улам нот болгож байна. Ф.Н. Гапон “Эл хэргийг Монголын шинэ засгийн газраас тухай дор хэлэлцвээс сая болох буй за” гэсэн хариу өгчээ. Тавдугаарт, Д.Сүхбаатар “Халуун хань нөхөн болох Орос улсаас эл тусалсан зүйлсийн үнийн хэрхэн хариулах явдлыг одоо төсөвлөн мэдсүгэй” гэсэн Ф.Н. Гапон “Манай улс нь энэ зүйлийн үнийг хэлэлцээгүй. Энэ удаа танай улсын эрхийг авч дахин хэлэлцэхгүй. Энэ удаад танай улсын эрхийг авч дахин мандах явдлыг гол болгон санахаас бус үнэ өртөг хэмээн тусгайлан хэлэлцэх ёсгүй” хэмээсэн боловч “Та нарт буу зэвсэг туслах тухай зүйлийг би үүгээр таслан тогтоож чадахгүй тул Омск хотод хэлэлцмүй” гэжээ. 

    Дээрхээс ажвал, ЗОУ-ын өмнөөс хэлж буй Ф.Н. Гапоны үг хэрэг дээрээ Э.Ринчиногийн саналтай тохирч байна. Гэтэл Ардын намын зорилго чиглэл үндсэндээ Буриадын социал-демократуудын үзэл санаатай тохирчээ. Гэхдээ зэвсэг тусламжийг Буриадаар дамжуулан авах тухай асуудал хөндөж тавихгүй байгааг бодоход зүүн эсерүүдийн үзэл бодлыг дэмжихгүй байсны шинж гэмээр. МАН-ынхан ерөөс ЗОХ болон Буриад дахь улс төрийн урсгал хөдөлгөөний тухай, ЗОХ-Хятадын харилцааны тухай нэлээд тодорхой мэддэг байсан шиг. Тухайлбал, социал-демократ намыг “нийгэм ардчиллын нам”, эсер намыг “нийгэм хувьсгалын нам гэхчлэн монголоор нэрлэж байсан байх юм. Энэ бүхэнд, Хүрээн дэх Орос консулын газрын орчуулагч Бадамцэрэн Балсанов, Шуудан бичгийн хорооны орчуулагч байгаад монгол цэргийн сургагч орос офицеруудын хэлмэрч болсон Дорждамба, Юмтаров, Орос худалдааны банкны орчуулагч Аюуш Бальков зэрэг нууц бүлгэмийн гишүүд тусалдаг байсан нь мэдээж бөгөөд тэднийг сонгож бүлгэмийн гишүүнд элсүүлсэн нь ч учиртай биз. 

    Ийнхүү хэрэг буцвал Хятадын гарт орох, зөрвөл Э.Ринчиногийн гарт орох ийм хүнд нөхцөлд Д.Сүхбаатар Э.Ринчинод хандан “Одоо та л тус бол” гэсэн ажээ. Энэ бол тухайн үед цорын ганц түүхэн шийдвэр байлаа. Ингээд С.Данзан, Д.Чагдаржав хоёр (өөр нэг мэдээгээр Д.Лосол, Д.Чагдаржав хоёр) Э.Ринчионгийн хамт Омскоор дайран Москва одож, Д.Бодоо, Д.Догсом хоёр Хүрээ үрүү буцаж, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан хоёр Эрхүүд үлдээд Жамсрангийн Цэвээн Хүрээ, Эрхүүгийн хооронд холбоо барихаар Хиагтад хүрч хоцорчээ. Ц.Баламсуугийн дуртгалд Москва уруу С.Данзан, Д.Лосол, Д.Чагдаржав нар Элбэгдорж, Сандаг хоёрыг хамт явсан гэсэн нь үнэн гэж үзмээр. Монголын ардын намын төлөөлөгчдийг Эрхүү хотноо ийнхүү шалгах хооронд Хятад цэргийн эрхтнүүд Богд хааныг хүртэл баривчлан хорьж олны дургүйцэл ихэд өрнөж байлаа. Гэвч ардын намын Хүрээнд үлдсэн гишүүд Богд хаантай холбоо барьж хойш одсон нөхдөөсөө авсан мэдээг түүний сонорт оточ Сэрээнэнгээр дамжуулан хүргэдэг байжээ. 1920 оны 8 дугаар сарын дундуур Монголын лам гүнгүүд гэлэн лам Сандүүрэн, дэд зэрэг тайж Балган, Буд нарыг Японоос тусламж олуулахаар илгээсэнд тэд Мүгдэн хотноо хүрч 1920 оны 9 дүгээр сарын 2-нд Японы цэргийн зөвлөлийн хуралд оролцон цэрэг, үйлдвэр, худалдаа, банкны төлөөлөгчидтэй уулзаж, цэрэг-эдийн тусламж олох болсон” гэх ба энэ уулзалтын тэмдэглэл сэлтийг Хятадын тагнуул олзолж, хэвлэлд нийтэлсэн гэдэг. Энэ нь олны анхаарлыг өөр зүйлд хандуулсан японы халхавч ов мэх бөгөөд эл уулзалтын зорилго өөр зүйлд байсан болов уу. 1920 оны 9 дүгээр сард Семеновын 3000 орчим цэрэг Цэцэн хан аймгийн хязгаарт дөхөж ирээд байтал японы цэргийн дээд түшмэл Сэо Эйтарогоос Семеновт нууц цахилгаан явуулж, “Хятадын дорнод төмөр замыг эзлэн Гадаад Монголын тусгаар тогтнох тухай цуу ярианд туслахыг” тушаасан ажээ. Гэтэл Чита хотоос хойш нэлээд зайнд байсан Барон Унгери цэрэгтэйгээ Буриадын зүүн захаар дайран Монголд орж ирсэн нь Семеновын тушаал байлтай. Эл байдлыг хянаваас хэрэв Семеновын цэрэг Монголд орвол Хятадын төв Засгийн газар Улаан цэрэгтэй хавсран түүний эсрэг тэмцэх саналыг дэмжиж буюу Э.Ринчиногийн “цэргийн хүчээр Хүрээнд эргэлт гаргах” хүсэл биелэгдэхэд хүрч болзошгүй байжээ. Ардын намын төлөөлөгчид анхнаа Буриадын нутгаар зэр зэвсэг дамжуулан авахгүй гэсэн нь Э.Ринчиногийн санааг гадарлаж байсантай холбоотой ч байж болох юм. Ямартай ч Ар Монголыг Хятад ч алдахгүй, улаан Оросын нөлөөнд ч оруулахгүйг оролдож байсан Японы санааг Богд хаан ашиглан цагаантнаар гамин цэргийг цохиулж, дараа нь улаан цэрэгтэй хүч хавсран цагаантны цохих гэсэн зорилгодоо хүрсэн бодолтой. 

    Ардын намын нөхөд Зөвлөлт Орос Улсаас зэвсгийн тусламж олбол гамин цэргийг өөрсдөө дарж чадна гэж тооцож байжээ. Д.Сүхбаатараас Ф.Н. Гапон “Та нар хятад цэргийг энэ удаа Монголын цэргээр дийлж хөөн гаргаж чадах уу, үгүй юу” гэж асуухад “энэ удаад завлдан чадваас чадах хэмээн санамуй” хэмээн хариулсан нь дээрхи нотолно. Нөгөөтэйгүүр, ардын хувьсгалчдын авсан мэдээгээр Хиагтад 10000 биш 2-3 мянгаас илүүгүй гамин цэрэг байжээ. Ийм байтал Э.Ринчиногийн бичсэнчлэн “большевикууд монголын төлөөлөгчидтэй цэрэг зууралдсаар” завдах цаг алдаж, Барон Унгерний цэрэг Монголд орж иржээ. Энэ явдлын дараа Д.Сүхбаатар, Л.Дэмбэрэл, С.С.Борисов, Цэдэн-Иш Дашппилун нар Зөвлөлт Улсын ерөнхий консул О.И.Макстениктай уулзаж, тусламжийг түргэтгэх тухай хүсэхэд “танай намын нөхөд анхнаа... ардын хувьсгал намын засгийг тогтнуулан байгуулахыг эрмэлзэж, ... хамгаалал тусламжийг хүсэж ирсэн бөлгөө... Монголын олон ардын хүсэл саналыг хүндэтгэн үзэж, манай Холбоот улсын засгийн газраас Монголын ардын хувьсгалын явдалд тусламж үзүүлэхийг зөвшөөрсөн бөлгөө. Тийн атал танай Монголын олон ардууд харин өөрсдийн сайн дураар манай Холбоот Улсын дайсан болох цагаан Бароныг даллан нөхөрлөж, хуучин Автономит хаант засгаа дахин байгуулах гэх нь улс төрийн талаар ихээхэн эргэлзээтэй бөгөөд... Холбоот Улсаас урьд зөвшөөрсөн ёсоор итгэж тусламж үзүүлнэ гэхэд их л бэрхшээлтэй болжээ. Энэ бол зөвхөн миний санал бус манай засгийн бодлого даруй мөн” гэжээ. Д.Сүхбаатараас “Хулгай Бароны Монголын хязгаарт цөмрөн орсон явдал хэрхэвч манай дарлагдсан олон түмэн ардаас гарсан эрмэлзэлгээ бус хэмээсэн олон түмэн ардаас гарсан эрмэлзэлгээ бус хэмээхийг баталмуй” гэсний дараа О.И. Макстеник үг буцаж “харилцаа холбоог бүрмөсөн явдалгүй... Танай намын хийх ажлын туршлагаас жич хэлэлцэж болой” гэсэн байна. Ийнхүү ардын журмын нөхөд дахин нам байгуулж, хувьсгал хийх болзол хүлээжээ. 

    Монголын дэвшилтэт үзэл, ардчилсан хөдөлгөөнд Октябрийн хувьсгалын утга учир, зөвлөлт засгаас буурай орнуудад хэрхэн хандах хүсэл зорилгыг мэдүүлж, хувьсгалт нөлөө үзүүлэх нь өөрийгөө хамгаалах хувьсгалт зорилгын хувьд ч, улс төр эдийн засгийн бодлогын хувьд Оросын ленинч коммунистуудын интернационалч үүрэг байв. Гэхдээ тухайн үеийн Монголын дэвшилт үзэл санаа, ардчилсан хөдөлгөөний нийгэм-оюун санааны үндэс суурь нь социал-демократизмыг төрүүлэхээс өөр боломжгүйг мэдэж байсан ленинчүүд Монголын хувьсгалчдад шууд коммунист нөлөө үзүүлэх нь В.И. Лениний хэлсэнчлэн, “хортой бөгөөд аюултай” учраас өөрсдийгөө төрүүлсэн зүүн социал-демократ үзэл санаа л тэдний эл ажиллагаанд илүү тус болно гэдгийг мэдж байлаа. Ийнхүү “Оросын хувьсгалчдын байгууллага Монголын хувьсгалчдын нууц бүлэг байгааг мэдээд тэдэнтэй холбоо тогтоохоор Кучеренко, Гембаржевский нарыг тохоон томилсон” нь их л учиртай байжээ. 

    Хүрээний нууц бүлгэмийн удирдагч С.Данзан бол Хаант Оросын худалаа-эдийн засгийнхны тусгай төлөөлөгч С.А.Козины дэргэд ажиллаж байсан “дотны нөхөр” нь юм. Ийм тэр хөрөнгөтний ардчилсан хувьсгалт үзэл санааг бусдаас түрүүнд хүлээн авсан нь тухайн үеийн нийгмийн сэтгэлзүйн, цаг үеийн шаардлагаас үүдсэн учир одоогийн хөгжлийн төвшингөөс түүнийг “хувьсгалын эсэргүү дайсан” гэж тунхаглах нь ангийн тэмцлийн онолын үүднээс буруу юм. Ерөөс тэр үеийн Монголын нийгмийн оюун санаа, сэтгэлгээний нэг төвшинд байсан бичиг, цэргийн алба хашигч сэхээтнүүд хувьсгалт үзэл санааны нэг хэмжээ төвшинд байх учир зүйтэй. Иймд С.Данзан, Д.Бодоо, Д.Сүхбаатар нарыг анхнаасаа гурван өөр хувьсгалч үзэл санаа, чиг зорилготой байсан гэх эсвэл нэг зорилготой хоёр нууц бүлгэм нэгэн зэрэг байгуулагдсан гэх нь Монголын хувьсгалт ардчилсан хөдөлгөөний түүхийг дэлхийн коммунист ажилчны болон үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний түүхээс салган авч, дур зоргын “тусгай загвар”-т оруулж, сталинизмын эрх ашигт тохируулсан хэрэг болно. 

    Консулын дэнжийн нууц бүлгэмийн удирдагч Д.Бодоо бол Хүрээ дэх Оросын хувьсгалчдын байгууллагад ойр ажиллаж байсан хүн. Тэр үед Монголд оршин суугч оросын харъяат нар “хөрөнгөтний дум”, “хувьсгалт дум” гэсэн хоёр захиргаанд хамардаг байжээ. Тэр цагийн нөхцөл байдлаас бодвол “хөрөнгөтний дум” нь хэрэг дээрээ баруун социал-демократын, “хувьсгалт дум” нь уг чанартаа зүүн социал-демекратын байгууллага байсан агаад “хувьсгалт дум”-ийн дотор коммунистуудын бүлгээс гадна эсерүүд ч байсан байж болох талтай. Тэгэхлээр монголын хувьсгалчдаас зүүн социал-демократ үзэл санаанд эхэлж хүрсэн хүн бол Д.Бодоо, дараа нь Д.Сүхбаатар, эцэст нь С.Данзан байхыг үзэл санааны диалектик учирзүй шаардана. Харин Х.Чойбалсан бол хамгийн түрүүнд зүүн эсер үзэл санааг урьдах нийгмийн оюун санаа, улс төрийн амьдралаас олж авсан туршлагаар шүүн тунгааж хүлээн авах шүүлтүүр түүнд байсангүй, шууд фанатикаар тархи толгойд нь туссан хэрэг Чухамхүү зүүн эсер-“улаан хувьсгалч”-дын дундаас олсон үзэл санаа, хүмүүжил нь л эхнээсээ эцсээ хүртэл зүүн эсер-троцкистууд, сталинчуудын гар хөл болж ашиглахад хүрсэн гунигт намтар, “цусан гавьяат”-г төрүүлжээ. 

    М.И.Кучеренко 1912 оноос Хүрээнд хэвлэлийн үсэг өрөгчөөр ажилласан ардчилсан үзэлтэн, Я.В. Гембаржевский 1905 оны хувьсгалд оролцсон. 1914 онд Монголд ирээд оросуудын ардчилсан хөрөнгөтний захиргаанд ажилласан. Октябрийн хувьсгалын дараа орос иргэдийн хувьсгалч хэсгийн талд нэгдэн орсон ажээ. Тэгэхлээр Кучеренко зүүн социал-демократ, Гембаржевский коммунист байсан гэлтэй. Эндээс эл хоёр хүнийг монголын хувьсгалчидтай холбоо тогтоохоор тусгайлан томилсны ухаан олдоно. Коммунист үзэл санаа Гембаржевскийгээс Курчеренкол, Курчеренкогоос ардын хувьсгалчдад хүрэх байжээ. Хүрээний нууц бүлэг эхэлж байгуулагдаад юуны өмнө хуучин консул Орловт хандан Оросоос тусламж эрэхэд нь Богдын тамгатай бичиг нэхжээ. Гэтэл хувьсгалчид үг бичгийг түүнд өгөлгүй ЗОУ-ын засгийн газарт хүргэсэн явдал бол манай ардын хувьсгалчид олон талын харилцаа, сонирхлыг гярхай мэдэж, нарийн тактиктай ажиллагаа явуулж ирснийг илтгэнэ. Энэ нь баримтаас мэдрэгддэг юм. Мөн Хүрээний бүлгэмийн гишүүн Маслаков гэдэг орос хүн байсныг түүхэнд дурсахгүй болжээ. 

    Хүрээний бүлгэмийнхэн Орловтой эхэлж уулзахдаа тактикийн 2 зорилго агуулжээ. Нэгдүгээрт, энэ тухай оросын хувьсгалчдад заавал дуулдана гэдгийг тооцож өөрсдийнхөө тухай мэдээ сэлт өгсөн. Чухам үүний дараа Кучеренко Бодоогийн гэрээр олонтаа очиж, санал солилцох зэргээр нөлөө үзүүлж байжээ. “Нэгэн өдөр Кучеренко өөрийн их сайн танил хэмээх ...Гембаржевскийн хамт ирж” танилцуулаад улмаар дараа нэгэн өдөр “хувьсгалт үзэлтэй нөхдийн нийлэлдсэн эвлэлийн дарга, хувьсгалын ажлыг мэдэж байдаг хүн” гэдгийг хэлснээс хойш нууц бүлгэм буй болжээ. 

    Кучеренко гишүүн нь байв. Сүүлдээ Д.Бодоо хуучин таних С.Данзангийн очиж ярилцсаар санаа бодол нийлж, бүлгэмүүд нэгдэх эх суурь тавигджээ. Хоёрдугаарт, Хүрээний бүлгийнхэн Орловтой уулзаад дараа нь Богд хаанд очдог нь түүнийг ЗОУ-ын төлөөлөхөө больсныг мэдэх учир түүнд итгэж найдсан хэрэг биш, харин Оросоос тусламж эрнэ гэдэг үнэн чанартаа улаан Орост хандах гэж байгаагаа Богд хаан хэлж, туршсан хэрэг. Богд хаан тэднийг дэмжиж байв. Тэгэхлээр сүсэгтэн олон ардын хувьсгалчдыг дагах нь мэдээж болно. 

    Дээр дурдсануудаас үзвэл монгол ардын хувьсгалчид тусламж эрэхээр ЗОУ-д очих үедээ үзэл санааны хувьд баруун социал-демократизмаас зүүн социал-демократизмд шилжих яг тэр зааг дээр байжээ. Гэтэл чухамхүү энэ үед ОК /б/ Н-ын дотор үзэл санааны хагарал гарч, зүүн эсер-троцкистууд намын удирдлагад хүч түрж, бодит байдлыг хэнэхэн гуйвуулж байв. Үүний жишээ бол “Брест”-ийн гэрээг эсэргүүцсэн зүүн эсер М.А.Спиридонова, Я.Г. Блюмкин нар Москвад аллага үйлдэж, Э.Ринчино Читад уг асуудлын энх тайванч үзэл санааг гуйвуулан атаман Семеновтой хуйвалдаж байсан явдал юм. Зүүн эсер үзэл санаа ялагдал хүлээсэн боловч онолын баримтлалын хувьд дөнгөж бутарч байсан тэр үед Монголын ардын хувьсгалчдын үзэл санаа, үйл ажиллагааны өрнөлт хөгжилтөд чухамхүү зүйн эсерүүд хүчтэй нөлөөлөх зай завсар гарсан нь харамсалтай. 

    Э.Ринчино Монголын төлөөлөгчдийн хамт Омскоос Москва уруу одов. Тэнд төлөөлөгчид Л.М.Карахантай хэдэн удаа уулзаж, С.Данзан “Мэдтүгэй хэмжээ өгөв” гэх ноот бичиг хоёрыг гардуулсандаа “Орос, Монгол, Хятад гурван улсын харилцааны асуудал”-ыг бодит байдлаас хөндсөн ажээ. Тэр цагт Москвад үндэстнүүдийн асуудал ихээхэн сонирхогдож, Буриад ба Монголын асуудлыг ОК /б/ Н-ын ТХ-ны Улс төрийн Товчоогоор хэлэлцэж байв. “Ленин, Сталин, Бухарин нар оролцсон ийм нэгэн хуралд буриад Ринчино, Агваан Доржиев, киргиз Рыскулов зэрэг хүмүүсийг урьж суулцуулсан” гэж Э.Ринчино хожмоо бичжээ. Монголын асуудлыг Монголгүйгээр практик Зөвлөлт улсын нам, засгийн ажиллагаанд эндээс эхэлсэн гэлтэй. Монголын төлөөлөгчидтэй анх түрүүнд хийх ажлын хэрэгцээнд Хятад, Солонгос дахь ажилд зориулан Б.З.Шумяцкийд олгосон 300000 рублиэс 80000 мөнгөн рублийг зарцуулахаар тогтсон ажээ. 

    1920 оны 9 дүгээр сарын дунд үеэс 11 дүгээр сарын дунд үе хүртэл Москвад байсан Монгол ардын намын төлөөлөгчид В.И.Ленинтэй уулзсанаас гадна Бүх Оросын Төвийн Гүйцэтгэх Хорооны дэргэдэх халимагийн ард түмний байнгын төлөөлөгч, зохиолч Антон Мудренович Амур-Санантай хувийн харилцаа тогтоосон гэдэг. 1921 оны 1 дүгээр сарын сүүлчээр Кавказын 108 дугаар хорооны бүрэлдэхүүнээс Василий Алексеевич Хомутников тэргүүтэй 17 халимаг даргыг Москвад яаралтай дууджээ. Москвад тэднийг халимаг Харги Бадиевич Кануков тосон авч, “Софийское подворье” зочид буудалд байрлаж, 2-3 долоо хоног буу зэвсэг, бичиг баримтаа бүрдүүлээд Монголын зүг хөдөлжээ. Тэндээс Сибирийн ерөнхий командлагчийн орлогчийн мэдэлд шилжиж, Омск хотноо ирээд бүтэн хагас сар бэлтгэл хийж, Иван Михайлович Майский тэдэнд баг шилсан байна. Тэд Омскоос Эрхүүд Улаан тугийн одонт 5 дугаар армийн командлагчийн мэдэлд шилжлээ. Х.Б.Кануков ахлагчтай бүгд 18 халимаг цэргийн дарга 1921 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн үдээс хойш Маймаачид орж ирэхдээ бүгд давхар нууц овог нэртэй байв. Тэдний ахлагч Х.Б.Кануков Монголын ардын хувьсгалын анхны жилүүдэд “Итрах Вокунаев” нэртэйгээр хууль ёс завхруулахад багагүй үүрэг гүйцэтгэж явсныг баримт гэрчилнэ. “Нэрт эрдэмтэн” И.М.Майский хожмоо Монголын хувьсгалын түүхийг гуйвуулахад хүчин зүтгэж явсныг харуулах баримт бас бий. 

    Монгол Ардын Намын төлөөлөгчдийг Москвад байх хооронд Хүрээнд ирсэн Д.Бодоо, Д.Догсом хоёр Дэндэв, Галсан, Дугаржав нартай цуглан уулзаж, “Орост явсан хэргийн төлөвийг тодорхойлон” айлтгалын бичиг бичиж, нөхөр Дэндэвээр уламжлуулан Богдод толилуулсанд “одоо та нарын бие хятадын гарт баригдах хэрэггүй биеийг хамгаалж явтугай” хэмээсэнд Д.Бодоо толилуулсанд “одоо та нарын бие хятадын гарт баригдах хэрэггүй биеийг хамгаалж явтугай” хэмээсэнд Д.Бодоо маргааш шөнө нь зүүн зүг зайлан гарч явсаар Барон Унгерний цэрэгт шургалан орж намын тусгай даалгавар биелүүлэх үүргээ гүйцэтгэх болов. Энэ үед Богд хаан гэрийн хорионд байсан бөгөөд “Барон Унгернээс яваа нэгэн цагааны цэрэг хүрээний ирэв” хэмээх мэдээ сонссон Дорждамба Юмтаров яаран явж Тогтох гүний хашаанаа намын нөхөдтэй уулзан хуралдаж ярилцаад Зөвлөлт Улсад урьд одсон нөхцлийн хойноос бичиг захидал хүргэх даалгавар авч, 1920 оны 10 дугаар сарын шинийн 1-ний шөнө гарч, уул хад дамжин явсаар “Алтанбулагт нэгэн бүлгэмийн нөхөр Пунцагтай уулзав. Тэндээс Троицкосавск хүрээд тэнд суугаа Холбоот Улсын комиссар Макстениктай нөхөр Баламсуугийн хамт уулзаж, гавъяат нөхдийн бичиг захидлыг өгсөн”-д Макстеникаас Юмтаровыг дахин Хүрээнээ одсугай хэмээгэд “чадваас Барон Унгерний цэрэгт орж, түүний цэргийн хүч, буу зэвсгийг тодорхойлон нааш ирүүлж байх” нууц тушаал зааврыг өгч буцаажээ. 

    Д.Догсомоос 1920 оны 10 дугаар сард О.М. Макстеникаар дамжуулан Д.Сүхбаатар нарт ирүүлсэн захидалдаа “Бодоо Сэцэн хан аймагт гарч нөхөр хоршоог эрэхээр зүүн тийш одсон”-ыг мэдэгджээ. Д.Догсомын энэ захидал бол Дорждамба Юмтаровын О.М.Макстеникт хүргэсэн “нөхдийн захидал” байх нь магад Д.Догсом эл захидлыг явуулаад 11 дүгээр сарын шинэдээр Хүрээнээс одохдоо М.Дугаржавт “миний бие зүүн тийш гарч, чадвал Бодоотой уулзана. Чи ... мөн хойноос очоорой” гэсэн байна. Дорждамба Юмтаров Хүрээнээ буцаж ирээд Гандангийн газраа таних айлд нуугдан, нэгэн намын нөхөд болох мээрэн Галсан, буриад Аюуш Балыков нартай уулзаж, гурвуул ярилцаад “даалгасан бичиг захидлын дотроос Богд хаанд сонсгохыг түүвэрлэн бичиг хийж, дэргэд шадар эмч Сэрээнэнгээр дамжуулан өргөөд” байтал Хиагтаас нөхөр Пунцаг ирж бичиг захидал тусламжийг үзүүлнэ” хэмээсэн зүйлүүдийг дахин Богд хаанаа толилуулахад “уг хэргийг хурдавчилбаас зохимой” гэж хариу өгснийг гавьяат нөхдөд мэдэгдэхээр Галсан мээрэнгийн нэгэн цэргийн хамт Пунцаг Хиагт уруу буцсан ажээ. 

    Барон Унгерн Хүрээнд орж ирмэгц Оросын харьяат бүх буриадыг “3 хоногийн дотор ирж цэрэгт ор, ирээгүйг хорооно” гэсэн тушаал гаргасан учир Дорждамба Юмтаров шалтаг олж, Барон Унгерний цэргийн штабт орчуулагчийн албанд орж, намын нууц үүрэг даалгавараа биелүүлж, хураасан мэдээ сэлтээ Д.Бодоо өгсөн бөгөөд Ардын цэрэг Хүрээнд орж ирсэн хойно тэрбээр Барон Унгерний цэргээс далим гарган оргохдоо түүний “байлдаан газрын зураг” 16 кратын дуран, Богд хаан, Цэвээн тэргүүнд илгээсэн бичгүүдийн намтрыг нууж авч” ирээд жанжин Д.Сүхбаатарт өгчээ. Энд залуу жанжин маань нэг гэнэдсэн байлтай. Д.Юмтаровыг дагуулан “орос цэргийн даргад” очиж, авчирсан зүйлийг хүлээлгэн өгч, Д.Юмтаровыг үлдээгээд явсанд бүхийлэн зүйлийг илтгэжээ. Удалгүй “Цэвээн тэргүүний хэрэг” гэж тэр үедээ л дуулиантай хэрэг гарсан билээ. 

    Барон Унгерний цэрэгт Д.Юмтароваас гадна М.Дугаржав, Б.Намсрайжав, Бадамцэрэн, Балсанов зэрэг хэд хэдэн хүн орсон байв. Д.Бодоо тэдэнтэй уулзаж мэдээ хураах, заавар зөвлөгөө өгөхдөө “Цагаан намын Унгерн ба цэргүүд бол... гамингаас улам доор болно. Харин эд нар гаминг зайлуулсан нь манай ажилд нэгэн цагийн завшаан. Одоо бид нар эд нартай тэмцэх болно” гэж сануулдаг байлаа. 1921 оны 1 дүгээр сарын 20-нд Д.Сүхбаатар “манай намын төлөөлөгч нөхөр Бодоо бароны цэргийн дотор явж буй ...Одоо бид ... хэдэн хүнийг томилж, Минж харуулын зүүн этгээдээр урагш явуулж, нөхөр Бодоод хүрч уулзан, цагаан цэргийн дотор яваа монгол, буриад цэргүүдийг урвуулан салган авч, бароныг гэдрэгт цохиж арилгах аргыг оролдох”-оор шийдвэрлэж, хэлмэрч буриад Цэдэн-Иш Дампилун, Сумъяа бэйсийн хошууны Самъяан нарыг томилон, нууц захиа бичиг авахуулан яаралтай мордуулав. Х.Чойбалсан Д.Чагдаржав нар 1921 оны 2 дугаар сард Д.Сүхбаатарын даалгавраар Хүрээнд ирж, намын нөхөдтэй лам Цэндийн гэрт хуралдаад “Бодоо, Батхаан нарыг барон Унгерний улс төрийн тухай явуулсан хэрэгт холбогдох элдэв чухал нууц бичиг зэрэг зүйлийг хулгайлан авч, Хиагтын газар явуулсугай” хэмээн тогтоцгоов. Бодоо үүргийг биелүүлээд барон Унгерний “дахин босгосон” Богдын Засгийн газраас ЗОУ-д явуулах илтгээлт бичгийг хүргэх завшаан олж, Эрдэнэбатхаан, зайсан Ээндэн нарын хамт Хиагт уруу илээр явсан байна. 

    Д.Бодоо 1921 оны 3 дугаар сарын 11-нд Минж харуулаар хил давж, орос хилийн цэргийн ангид нууц мэдээгээ өгснийг “Унгерний босгосон тоглоомын Засгийн газрын бүрэлдэхүүн, бароны цэрэг-улс төрийн зорилго, цэргийн тоо, зэр зэвсгийн хүч, байрлал, тэдний харгис түрэмгий ажил явуулгын тухай итгэлтэй сайн мэдээ” гэж АДБНУ-ын хувьсгалт цэргийн улс төрийн газар үнэлэв. Д.Бодоог ийнхүү намын тусгай үүрэг гүйцэтгэж явах завсар Монгол ардын түр Засгийн газар байгуулагдаж, бүрэлдэхүүнд нь түүнийг эчнээ оруулсан байлаа. Д.Сүхбаатар нарыг Дээд Шивээнээ байхуйд Д.Бодоо очиж, “барон Унгерний дэргэд явж мэдсэн элдэв байдал ба ялангуяа зорьсон нууц ажлын төлөвлөгөө материал буюу мөн Монголын хүчнийг хэрэглэж, ЗОУ ба МАН-тай эсэргүүцэн байлдахаар шийдвэрлэсэн зэргийг цөм хэлжээ. МАН-ын Төв Хорооноос “Унгернд хандсан монголчууд ба монгол ард олонд” ухуулах бичгийн эхийг Д.Бодоод даалган зохиолгож, хэлэлцэн батлаад нийтлэн тараасан билээ. 

    Дээрх бүхий л баримтаас харахад, Монгол ардын намын нөхөд анхнаас Богд хаан, “угсаатын нам” гэдгийн зарим хэсэгтэй холбоотой, үйл ажиллагаагаа зохицуулж байжээ. МАН-ыг удирдлага-зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх, Ардын засгийн газрын байгуулах Монгол улсын ирээдүй төлөв, Ардын нам, засгийн дүрэм, мөрийн хөтөлбөр, улс төрийн бусад чухал баримт бичгийг боловсруулахад туслахдаа С.С.Борисов, О.М. Макстеник тэргүүтэй большевикууд, Жамсрангийн Цэвээн зэрэг зүүн социал-демократ интернационалч үзэлтүүд Монголын улс төрийн зөрчил тэмцлийн бодит байдал, ардын хувьсгалчдын сэтгэл санааг нарийн нягт харгалзаж байв. Тухайлбал: Ж.Цэвээн МАН, түр Засгийн газрын даалгавраар боловсруулсан онол-улс төрийн баримт бичгүүддээ “ардын” гэдэг үгийн ард “демократия” гэдэг үгийг хаалтанд бичиж байсан нь дээрхийг гэрчилнэ. Тэр бүр 1930 онд “баруунтан” гэгдэж, МАХН-ын Төв хороонд бичсэн тайлбар өргөдөлдөө ч “арын /демократия/ гэж тодотгосноос үзвэл тэр үед ч МАХН-ыг “коммунистжуулах” явдал цагаас эрт байсан бөгөөд В.И.Лениний сургасанчлан “хортой бөгөөд аюултай” байжээ. Үйл явдал ч үүнийг харуулсан. Гэтэл Ф.Н. Гапон, Элбэгдорж, Ринчино зэрэг хүмүүс МАХН-ын ойрын зорилго, үйл ажиллагааг “хэт хувьсгалжуулах” “хэт тагнуулжуулах”-ыг улайран хөөцөлдөхдөө ОК /б/ Н, Коминтерний нэр хүндийг шинэ залуу МАН-ын өмнө гутааж тэдний хооронд маргаан будлиан гаргасан нь цаашдын үйл хэрэгт ул мөрөө үлдээсэн юм. МАН бол хүнлэг энэрэнгүй ёсыг дээдэлсэн шинэ тулгар нам учраас элдэв муу явдалд дадлагажсан амархан өртөж, тэдний эсрэг хүчээ нэгтгэж чадаагүй бөгөөд И.В.Сталин чухам үүнийг хүсэж байсан нь мэдээж. 

МАН-ЫГ “ЗҮҮН ЭСЕРЖҮҮЛЭХ” ТӨР, ЗАСГИЙГ “СОВЕТЖУУЛАХ” АЖИЛЛАГААНЫ УРШИГ

    Манай “анхны долоо”-г ЗОУ-аас тусламж эрэхээр Үд хотод очих үеэр МАН-ын үйл ажиллагааг цаашид хэрхэн залж жолоодох асуудлаар социал-демократууд, социал-хувьсгалчдын хооронд буюу Ж.Цэвээн, Э.Ринчино нарын хооронд илэрсэн зарчмын зөрөлдөөн МАН-ын төлөөлөгчдөд нөлөөлснийг дээр дурдсан ЗОУ-ын төв засгийн газраас тусламж эрэхээр цааш явах уу, эсвэл буцах уу гэсэн асуудал дээр тулж ирэхэд Д.Сүхбаатар санаачилгыг Э.Ринчинод олгосон нь Зөвлөлтийн тусламжийг зайлшгүй авах ёстой байсныг баталсан түүхэн шийдвэр болохоос өөрийгөө “Нэгдсэн Монгол Улс байгуулах хувсьсгалын удирдагч” хэмээн хэнээрхэн үздэг Э.Ринчиногийн өргөмжлөлийг хүлээн зөвшөөрсөн “түүхэн шийдвэр” биш билээ. Тэр тусмаа МАН улс төрийн чиг баримжааны хувьд зүүн эсер номлол, хувьсгалжууллыг хүлээн авсан хэрэг биш билээ. Гэтэл Э.Ринчино асуудлыг чухам ингэж ойлгосон бололтой нь “Монголын хувьсгалд байгуулсан гавьяа” гэдгээс нь харагддаг. Түүний энэ “хувьсгалч” хэнээрхэл л Монгол ардын төр, нам, засгийн хувь заяанд харамсалтай өөрчлөлт гаргаж, зөрчил хямрал, алдаа завхралын үүдийг нээснийг баримт гэрчилж байна. 

    Монгол Ардын Түр засгийн газрын дүрмийн нэгдүгээр зүйлд “Засгийн тухай Ардын намын Төв Хорооны эрхийг нэн тэргүүн хэмээн үзэж, ... засаг цэргийн эл хэрэг бүхнийг ардын цэргийн их жанжин Сүхбаатар, Ардын Намын Төв Хорооны дарга Данзан, Ардын Засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газрын дарга Бодоо нарын гурван хүнийг нэрс дэс тогтоон шийтгэх дээд эрхтэй болгож, Ардын Засгийн тэргүүлэгчид хэмээнэ. Эдгээр тэргүүлэгчдийн шийтгэн тогтоосон хэргийг нийтээр журамлан дагах”-ыг тогтоосон атал “Засгийн газрын шийтгэн тогтоосон нь ард түмэнд тусгай, тусгүй засаг явуулж бүхий байдлыг хянан харгалзаж, ятган сануулах зүйлийг Коминтерний төлөөлөгчид хадгална” гэсэн нэмэлт оруулсан нь чухамхүү Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газрын дэвсгэр үндэс болсон “Азийн товчоо” хэмээх тусгай албаны “хариуцлагатай” ажилтан байсан Э.Ринчиногийн “санал” магад байж болзошгүй бөгөөд хэнээс эхэлж “хувьсгалт өшөө”-гөө авахаа ч хэлчихсэн юм биш үү. 

    Ерөөс МАН өөрийн улс төрийн чиг баримжаагаа Коминтерний төлөөлөгчидтэй хийсэн шударга шулуун маргаан тэмцлийн дунд, тодорхойлж байсан агаад эл байдал “империализм, феодализмыг эсэргүүцсн ардын хувьсгал хийх тодорхой мөрийн хөтөлбөр дээр намын албан ёсоор байгуулах”асуудал хэлэлцсэн МАН-ын анхдугаар их хурал дээр эхэлсэн байна. Сүүлд “андугаар хурал” гэж нэрлэсэн ардын хувьсгалчдын энэ зөвлөгөөн 10-аад хоног үргэлжилсний эцэст 1921 оны 3 дугаар сарын 1-нд хэлэлцсэн асуудлуудаар шийдвэр гаргасаж баталсан билээ. Энэ хурлыг цаанаас урьдчилан зурж зохиосон болох нь жирийн ажилчин тариачны цэрэгт ч ойлгогдоод “хуралдсан сар, өдөр, оролцсон төлөөлөгчдийн тоо, баталсан шийдвэрийн зарим нь ... 1898 оны 3 дугаар сарын 1-нд Минск хотноо хуралдсан Оросы ажилчны социал-демократ намын анхдугаар их хурлын өөрийн эрхгүй санагдуулж”, тэр ч байтугай “Сүхбаатар, Чойбалсан, Лосол, Билэгсайхан нар бол большевик шинжийн хүмүүс юм, харин Данзан, Бодоо хоёр нь меньшевик маягийн хүмүүс юм” гэж ойлгон ярьж байсан аж. Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газрын оролцоотой болсон энэ хурал дээр ардын хувьсгалчид, Коминтерний төлөөлөгчдийн хооронд гарсан гол маргааныг доор дурдсугай. 

    Нэгдүгээрт, намын нэрийн асуудлаар С.Данзан маргажээ. тэр намын нэрэнд “бошгийг халах” буюу “хувьсгалт” гэсэн үгийг оруулахгүй гэж үзсэн бөгөөд үүнийхээ төлөө 2 цаг шахам хамгаалан тэмцсэн нь ухаан бодлогогүйнх биш юм. С.Данзанг, Х.Чойбалсангийн хамт “намын төлөөний хүн”-ээр ЗОУ-д анх ирэхэд Э.Ринчино орчуулагчаар үйлчилсэн. Тусламж эрэх асуудлаар С.Данзанг Д.Лосол, Д.Чагдаржав нарын хамт Москва уруу одоход Э.Ринчино орчуулагчаар явалцсан. С.Данзан энэ хооронд Э.Ринчиногийн үзэл бодол, санаа зорилгыг сайн мэдсэн гэх үндэстэй. Тэгэхлээр МАН-ыг чиг бодлогын хувьд “зүүн эсержүүлэх” гэсэн далд санааг С.Данзан мэдрээд байжээ. Чингээд Ж.Цэвээний саналаар дотооддоо ард түмэнд хандахдаа “Монгол Ардын Нам” гэж бичих, Коминтерн болон гадаад олон намуудтай харилцахдаа “Монгол Ардын Хувьсгалынт Нам” гэж бичиж байхаар эвлэрсэн шийдвэр гаргасан байна. Бодвоос С.Данзан, Ж.Цэвээн нар Э.Ринчиног Монголд ирэхгүй гэдэгт итгэсэн болов уу. Гэтэл тэр дараа нь бузгай том тушаалтайгаар ирсэн билээ. Чухам үүнд бололцоо олгох эсэхтэй холбогдсон асуудлаар маргаан үүджээ. 

    Хоёрдугаарт, Коминтернд талархагч намын хувиар багтааж орох эсэх асуудлаар С.Данзан, Д.Бодоо нар маргалдсан гэх ба энэ асуудлыг “Зөвлөлт Орос Улсаас тусламж авах эсэх” асуудалтай холбон тавьсан учир тэр хоёр төдийлөн маргасан гэх үндэсгүй мэт, Яагаад гэвэл тэд “тусламжийн тухай”-д урьд шийдэж, Д.Бодоо, Д.Догсом нар нөхдийн өмнөөс бичгийг бичиж, С.Данзан Москвад тэр зорилгоор явж, хэргийг бүтээж ирсэн байлаа. Харин энэ асуудлаар эргэлзсэн санал бодол төлөөлөгчдийн зүгээс гарсныг тэд харгалзан хурлаар хэлэлцүүлж нэгдсэн шийдвэр гаргуулах нь зүйн хэрэг. Харин ч С.Данзан энэ асуудалд “өөрсдийн шашин суртал, нутаг үндсээ ариутган хамгаалж, тусгай нэгэн улс болон тогтнох явдлыг гол болгох” зарчмыг барьж, “эдүгээ Оросын цагаан намын цэрэг манай Монголын хязгаарт нэвтрэн орж түр тусалсан боловч алсдаа манай Монголын дайсныг даллах тул хэрхэн нөхөрлөж үл болмой. Зөвлөлтийн засагт Орос Улсын уул бодлого нь олон түмэнд хүргэхээс өөр харшлах явдалгүй хэмээсэн нь туйлын үнэн болох тул эрхбиш үүн лүгээ нөхөрлөж, одоо ба эцсийн их хэргийг бүтээвээс сайн болмой” хэмээн сэнхрүүлж, “Зөвлөлтийн Засагт оросын тусламжийг хүлээн шийдмүй. Цагаанаас эрс тэс хагацах” хэмээжээ. Цагаантны тухайд Д.Бодоогийн байр суурийг дээр дурдсан. 

    Гуравдугаарт, Зөвлөлт Орос Улсын улаан цэргийн Монголд оруулах эсэх тухайд С.Данзан маргасан ажээ. Ардын хувьсгалчид бид анхнаасаа ЗОУ-аас “цэргийн бус зэвсгийн тусламж” авах зорилготой байсныг Д.Сүхбаатараас Ф.Н.Гапонд хэлсэн үгээс тодорхой. С.Данзан тэр л зарчмаа барьжээ. Харин цэрэг оруулахдаа “хөлслөн аваад” Монголыг чөлөөлсний дараа буцааж гаргах талаар хэлэлцэн тохирох санал тавьсан байна. Иймээс ч 1921 оны 6 дугаар сарын сүүлчээр торгууд цэргийн корпусыг Монголд оруулахтайгаа холбогдуулан Улаан тугийн одонт 5 дугаар армийн командлалаас гаргасан тушаалдаа: “Монголыг бароны талхигдлаас чөлөөлөхдөө манайд ашигтай дэг журам ба төрийн байгууллыг тулгахгүй” гэж дурдсан нь Зөвлөлт засгийн газар С.Данзан нарын саналыг зөвөөр хүлээн авсныг харуулж байна. Улаан цэрэг анх удаа гадаад улсад нэвтрэн орж байсан учраас цэргийн хамтын ажиллагааны шинэ зарчим тогтоход нөлөөлсөн ч гэж үзэж болмоор. Ерөөс С.Данзангийн санал, маргаан нь Монголын бүрэн эрхт тусгаар тогтнолыг өөрийн чиг хүсэл зорилго болгосонтой л холбоотой юм. 

    Дөрөвдүгээрт, Богд хаантай хэрхэн харилцах тухай нэгэн маргаантай асуудал байжээ. Коминтерний төлөөлөгчидтэй энэ асуудлаар С.Данзан, Д.Бодоо хоёр төдийгүй Д.Сүхбаатар ч зарчмаар ярилцсан юм. Тэр ч байтугай хурлын зарим төлөөлөгч Хүрээнээ автономит засгийн газрыг нэгэнт “сэргээн байгуулсан” байхад энд тусгай засгийн газар байгуулах нь зохисгүй гэж байлаа. Хэрэг дээрээ Богд хааны тухай асуудлыг зарчмын хувьд бүр эрт шийдсэн байсан бөгөөд тухайлбал ардын хувьсгалчдаас 1920 оны 8 дугаар сарын 28-нд ЗОУ-ын Засгийн газарт Эрхүүгээс илгээсэн захидалдаа “Монголын автономыг сэргээн, Богд эзнийг хэмжээт цаазат хаанд өргөмжлөхийн тул Их Оросын зэвсгийн тусламжинд найдаж байгаа”-гаа илэрхийлжээ. Ийнхүү Коминтерний төлөөлөгчидтэй “ул суурьтай, олон удаа” ярилцсаны дунд “хувьсгал ялсны дараа засгийн эрхийг ард түмний гарт шилжүүлж, Богд гэгээнийг нэр төдий байдлаар төрийн тэргүүнд өргөмжлөх нь зүйтэй гэж санал тохирсон” байна. 

    Тавдугаарт, ОК /б/ ба Коминтерний төлөөлөгчид МАН-ын Төв хорооны бүрэлдэхүүнд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарыг оруулах бодолтой байжээ. Гэтэл Д.Сүхбаатар өөрөө Коминтерний төлөөлөгчид урьдчилан тохиролцохдоо ингэх нь зохисгүй гэж зөвшөөрөлцөхдөө С.Данзан, Д.Бодоо хоёр бол “Монголын ард түмний хувьсгалт хөдөлгөөнийг үүсгэн санаачлагчид, анхны хувьсгалт бүлгүүдийг байгуулагчид мөн учир ямар тушаалд байхаа үл шалтгаалан нийтээр зөвшөөрсөн удирдагчид” гэж учир шалтгааныг тайлбарлажээ. Коминтерний төлөөлөгчдийн нэг С.С.Борисов ч “Данзанд намын томоохон тушаал хүлээлгэж, намын бодлогын дагуу ажиллуулах шаардлагатай” гэсэн байна. 

    С.Данзан өөрөө “Сүхбаатар бүлгэмд жирийн нэг гишүүн байсан бус харин түүний үйл ажиллагаанд туйлын их нөлөө бүхий идэвхтэй тэмцэгч, үнэнхүү хувьсгалч байсан” тухай Д.Бодоод ярьж байжээ. Д.Бодоо цэргийн дэд жанжингаар Х.Чойбалсанг томилоод захиж хэлэхдээ: “үзэсгэлэн яруу сайхан алдар, эрхэм дээдэд горилон эрмэлзэхийг огоорч”, ..: “Засгийн газрын цааз сахилгыг ... үнэн ёсоор сахиж”, ...”хүн байтугай адгуусыг ч алгасалгүй өршөөн ... хамгаалтугай” гэсэн байдаг. 

    Дээрх баримтуудаас үзвэл, Д.Сүхбаатар, С.Данзан, Д.Бодоо нарын үзэл бодолд зарчмын ялгаа байсангүй. Тэд бас жинхэнэ ардын хувьсгалч чанарыг Э.Ринчино, Х.Чойбалсан нарын “хувьсгалч” чанартай адилаар үзэж байсангүй. Тэдний аль аль нь Х.Чойбалсантай харьцангуй удаан хугацаагаар хамт байж, зан чанар, чанга сул талыг сайн мэддэг байсан нь ойлгомжтой. Тэгэхлээр Х.Чойбалсанг Төв Хорооны бүрэлдэхүүнд оруулах нь зохимжгүй байсан учраас л Д.Сүхбаатар тэр сонгуулиас татгалзасан гэлтэй. Д.Сүхбаатар,С.Данзан, Д.Бодоо нар зарчмын өөр өөр үзэл бодолтой юм шиг харагдаад байсан нь ОК /б/ Н, Коминтерний зарим ажилтан нар тэдний хувьсгалын хэрэгт туслахын зэрэгцээ санаа зорилгоо тулган шахаж буйг эртнээс мэдэрч, хэн нь хэзээ юу хийх, хэлэхээ хүртэл зохицуулсан тактик хэрэглэснээс тэр гэж үзмэр байна. Учир нь тэд намынхаа нууцыг амиараа хамгаалах тангарагтай байсан. Харин Х.Чойбалсан тангараг өргөөгүй байж болзошгүйг дээр дурдсан. Коминтерний төлөөлөгч С.С.Борисов хэдийгээр дээрх ажлуудыг гүйцэтгэх үүрэг даалгавартай байсан нь мэдээж боловч шинэ тутам намын ажиллагаанд “асуудлыг дэс дараалан шийдвэрлэхэд монголын хувьсгалчдад зохих цаг хугацаа хэрэгтэй”, “асуудлыг чөлөөтэй хэлэлцүүлж шийдвэрлүүлэх” нь зүйтэй,тэмцэлд оролцогч удирдагчдыг “хувьсгалын тугийн доор нэгтгэн зохих цаг хугацаа хэрэгтэй” гэдэг зарчмыг ОК /б/ Н, Коминтерний өмнө гуйвалтгүй баримтлан хамгаалж байсны үр дүнд л Монгол ардын хувьсгал өөрийн гэх шинж чанар, дүр төрхтэй болж, нам төрийн байгууллалтад монголын тусгаар тогтнолд оролцогч бүх хүчний эрх ашиг сонирхлыг тусган авч чадсан гэж үзэх үндэстэй, баримттай юм. Сергей Степанович Борисов бол Уулын Алтай нутгийн ойрад санваартан ба орос эмэгтэйн хүүхэд байсан тул монголчуудын хүсэл зоригийг бусдаасаа илүү ойлгон, сэтгэл зүрхээрээ хүлээн авдаг байсан байж болох юм. С.С.Борисов Монголын хувьсгалчидтай ЗОУ-ын Хиагт дахь Ерөнхий консул Отто Иванович Макстеникийн байранд уулзаж ярилцдаг байснаас үзвэл энэ хоёр хүн жинхэнэ ленинч үзэл санаатайгаараа нөхөрлөдөг бөгөөд Ф.Н.Гапон, Э.Ринчино нартай төдий л ойр биш байсныг харуулна. 

    Хожмын сталинизмын үр хөврөл болж,түүнийг биежүүлж, практик ажиллагаанд хувиргаж өгсөн зүүн эсер-троцкистууд монгол ардын хувьсгал, нам засгийн анхны бодит үр дүнг шууд үгүйсгэхээс ажлаа эхэлснийг баримт гэрчилнэ. Зүүн коммунистууд буюу зүүн эсер-троцкистууд онолын хувьд феодализм шашин хоёрыг адилтгаж байсан учраас Монгол ардын хувьсгалчын империализмыг эсрэг болон феодализмын эсрэг хоёр шинж чанарыг цаг хугацааны хувьд адилтгаж, феодализмын эсрэг шинж чанарыг нь цагаас өмнө зохиомлоор дөвийлгөн шашин шүтлэгийн эсрэг тэдийгүй Богд хаан, түүний Монголын тусгаар тогтнол, Нэгдсэн Монгол улсын төлөө үзэл санааг дэмжин хүрээлэгч дэвшилт үзэлтэй шашны зүтгэлтнүүд, феодал ангийн төлөөлөгчдийн эсрэг болон, уг үндсэн асуудлаар тэдэнтэй харицан үүрэг хариуцлага хүлээлцсэн байсан ардын хувьсгалчид, ардын нам, ардын засгийн бодлого журам, хэрэгжүүлэх үйл ажиллагааны эсрэг тэмцэлд хувиргах нь зайлшгүй байжээ. Яагаад хэмээвэс, зүүн эсер-троцкистуудын оюун санааны удирдагч Л.Д.Троцкий коммунизмыг терроризмтай, Октябрийн хувьсгалыг бүх дэлхийн социалист хувьсгалтай адилтгаж, капитализмын хуучин ертөнц сайн дураар өөрчлөгдөхийг хүсэхгүй байгаа учир эзэн хааныг гэр бүлээр нь буудан алахаас аваад “хувьсгалт терроризмаар” дэлхий дахинд ба улс оронд ангийн тэмцлийн дүрэлзүүлэн шатаах шаардлагатайг номлосон “Терроризм ба коммунизм” гэгч номоо 1920 онд Петербургт хэвлүүлсэн нь 1918 онд Оросын хааны гэр бүлийг үе удам, үндсээр нь хүйс тэмтэрсэн хэргээр ял зэм хүлээж, Орос дахинаар тарж бутарсан зүүн эсерүүдийн “сэтгэл санааг сэргээж”, гадаад улсуудтай байгуулсан “харилцааг гуйвуулж”, зохион байгуулалтай “аллага хядлага” үйлдэхэд хүртэл хэнээрхжүүлжээ. Эсер намын эл хэрэг 1922 онд илэрч, шүүгдэх эхэлсэн боловч чимээгүйхэн дарагдаж, “БООК-ын улаан ном” ч дахин гарахаа больсон байна. Шалтгаан нь зүүн эсерүүдийн энэ ажиллагаа И.В.Сталинд Хаант Оросын нөлөөнд байсан жижиг буурай үндэстнүүдийг автономичлан хүчээр нэгтгэх бодлогоо хэрэгжүүлэх аян шалтаг өгсөнд болов уу. 

    В.И.Сталин 1922 оны 9 дүгээр сарын 22-нд Ленинд бичсэн захидалдаа “Миний төлөвлөгөө бол 1. Бухар, Хива болон /энэ хэр хараахан советжуулагдаагүй байгаа/ АДБНУ-ын тухай асуудлыг одоогоор автономижуулахгүй байх” гэжээ. И.В. Сталины энэ санаа В.И.Ленин болон бусад олон большевик коммунистын эсэргүүцэлтэй тулгарав. Тэр дахиад 1922 оны 9 дүгээр сраын 27-нд В.И.Ленин бол Улс төрийн Товчооны гишүүдэд бичсэн “Чанд нууц” захидалдаа “Европ Азийн Зөвлөлт Улсын холбоонд Укриан, Белорусс, Гүрж, Азербайжан, Армений социалист улсуудыг ЗСБНХОУ-тай ёс төдий нэгдсэнийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй /Бухар, Хорезм болон АДБНУ-даас эхний хоёр нь социалист биш, гурав дахь нь советжуулагдаагүй байгаа учир одоогоор ёс төдий нэгдлийн гадна үлдээх/ гэжээ. Эдгээр нь Монголд шууд хамаарахгүй мэт боловч “Монгол, Перс, Турктэй нэгдэхгүйгээр” “Европын социализм бат бэх биш” болох тухай В.И.Лениний тодорхойлолтыг И.В.Сталин далдуур гуйвуулж эхэлснийг харуулж байгаа. Үндэстнүүд сайн дураар “нэгдэх”-ийн тухайд бус “нэгтгэх”-ийн төлөө үйл ажиллагаанд хувиргасан И.В.Сталины энэ “үндэсний бодлого” гэгчийг орос төвийн үзэлтэн шовинистууд илэрхий дэвэргэж байв. Үүний уршигт оросын коммунистууд үндэстний асуудлаар “гарч боломгүй лаг шаварт шигдсэнийг ойлгосон В.И.Ленин “их оросын шовинизм”-ын эсрэг “үхэх сэхэхээ үзэн” тэмцэхээ мэдэгджээ. Гэвч И.В. Сталины гар орсон байж болох тийм шалтгаанаар В.И.Ленин нас барав. Ийнхүү И.В.Сталины этноцид бодлого, үйл ажиллагааны үр хөврөл бүрэлдэн улмаар 1920-1940 оны үеийн гадаад, дотоод нөхцөл байдлыг тодорхойлох дэвсгэр болж, ардын нам, төрийн шашны зүтгэлтнүүдийг төдийгүй феодал угсаатан, лам нар,сүм хийдийг ч үндсээр нь устгах тийм номлол, үйл ажиллагаанд зайлшгүй хүргэх байсан юм. 

    Зүүн эсер-троцкистууд, сталинчуудын эл дээрэнгүй ажиллагааг манай ардын хувьсгалчид тэдэнтэй анх нүүр учрах үеэсээ л мэдэрсэн нь баримтаас тодорхой байна. Гэвч тэдэнд Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын байлдан олж авах асуудал амь наснаас нь илүү чухал хэрэгтэйг ухамсарлаж байсан учраас л тэднээс тусламж горилох” “түүхэн шийдвэр” гаргасан нь тэдний хойшдын үйл ажиллагаанаас харагдана. Гэхдээ тэд урвагчид хүний газраас төдийгүй өөрийн үндэстэн дотроо ч төрдгийг ард түмнийхээ тусгаар тогтнолын төлөө тэмцлийн олон үеийн түүхээс мэдсэн учраас нам, засгийнхаа нууцыг дайсанд алдахгүйн тул “нөхрийнхөө болох өөрийнхөө устгах” хатуу чанд тангараг тавьж, түүндээ үнэнчээр төгсөж байсан нь тэр олон хүн сталинчуудын зохиосон гүтгэлийг хүлээсэн атлаа нам, төрийнхөө үндсэн бодлого, түүний нууцыг хэлэлгүй “нөхрийгөө болон өөрийгөө устгасан” хэрэг юм. Үүгээр урвагчид цагаагдахгүй нь мэдээж. Учир нь, Нэгдсэн Монгол улсаа байгуулж, үндэстнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа мандуулах гэсэн монгол ардын хувьсгалын зорилго, ардын нам-төрийн бодлого хэрэг дээрээ зүүн эсер-троцкистууд, сталинчуудын “дэлхийн хувьсгалын” зорилго, сталинчлагдсан “зөвлөлт төр, коммунист намын” үндэстнийг “хүчээр нэгтгэх” бодлогын эсэргүү дайсан болж байсныг өнөөдөр хэлэхэд эсэрүү болохгүй биз ээ. 

    И.В. Сталины дээр дурдсан “санал”,”төлөвлөгөөнөөс” үзэвэл, тэрээр монгол ардын төр, засгийн байгууллыг эхлээд “автономичлан советжуулах” дараа нь “социалистжуулах”, МАН-ыг үзэл санаа-зохон байгуулалтын хувьд эхлээд “зүүн эсержүүлж, троцкистжуулж, большевикжуулах” дараа нь “коммунистжуулах”, энэ бүхний дараа “сайн дураар нь нэгтгэх” ёстой олон үе шаттай ажиллагаа болох нь дүрслэгдэж байна. Энэ үе шатыг дагалдан “баруунтан-зүүнтийг устгах”, “том толгой феодал-лам нарыг устгах, “хамтрал-коммун байгуулсан нугалаа устгах”, “баячуудыг устгах”, “лам нар,сүм хийдийг устгах”, “хувьсгалын эсэрүү-дайсны тагнуулын устгах”,”үлдэгдлийг устгах” гэхчлэн устгалтын “ажил” шатлан зохиогджээ. Японы милитаристууд, Хятадын шовинистууд Э.Ринчино мэтийн хоёр нүүртнийг ашиглан сталинчуудыг чулуу хөөлгөж “монголчуудыг монголчуудаар нь устгах” ажлаа амжуулахад бас хялбар байжээ. 

    И.В.Сталин,түүний ойрын тойрон хүрээлэгчид зорилгоо түргэн хялбар биелүүлэхийн тулд урьд нь Монголын хувьсгалчидтай ажиллаж дадлага олсон чин сэтгэлээс тусалж байсан большевик ленин коммунистуудыг гэнэт гэдрэг татан авч оронд нь өөрдсийн “дайсан” оппозиц гэж үздэг байсан зүүн эсер-троцкистуудыг “буулгав”. Ийнхүү 1921 оны 8 дугаар сарын 6-нд С.С.Борисовыг Эрхүү уруу яаруу бачим дуудсаныг зөвлөлтийн сургагч зөвлөх нар ойлгохгүй, зарим нь мэдээ ч үгүй өнгөрөв. Тэр яаруу сандруу Богд хааны ордонд бараалхаж, салах ёс гүйцэтгэхэд ордны шатад түшмэд “урт цэнхэр хадаг барьж, сайны ерөөл тавиад” явуулжээ. 

    1921 оны 8 дугаар сард “орос түшмэл Макстеникийг Эрхүүгийн газраас шууд халж, орыг томилсонд” тэрбээр Ардын засгийн түшмэл Н.Билэгсайханд ирж,”Монгол улсад туслахаар энд хагас жил гаруй үзэж сонсон тэсгэлгүй баярласаар” атал гэнэт дуудсан нь “эрхбиш нэгэн учир буй за. Аль газраар ямар хов орсныг олж мэдэхгүй... Эрхбиш тусгай захидал нэвтэлгэн алсын тусламж үзүүлэхийг гуйсан” тухай Н.Билэгсайхан жанжин Д.Сүхбаатарт захидлаар мэдэгджээ. Гэтэл ийм “хов” зөвхөн тэдний тухайд төдийгүй жанжин Д.Сүхбаатарын тухайд ч ЗОУ-ын ГХАК-д Г.В.Чичериний нэр дэр “орсон” байв. Түүнд “Сүхбаатар цагаантнаас олзолсон” буу зэвсгээс “нэгэн пулемётыг Богд хаанд бэлэглэсэн” зэргийн учир “үзэл бодолд нь засвар хийх” ёстой хүн гэж тодорхойлсон ажээ. Энэ бол Монголын ардын хувьсгал, МАН-д “засвар хийнэ” гэсэн үг байлаа. 

    1921 оны 6 дугаар сарын 16-17-ны үед Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газраас Элбэгдорж Ринчиног Монгол ардын түр Засгийн газрын зөвлөх түшмэл бөгөөд Бүх цэргийн зөвлөлийн тэргүүлэгчээр томилж, эхнэр Маруся хэмээх солонгос бүсгүйн хамт Монголд ирүүллээ. Үүгээр цэргийн зөвлөлийг байгуулан эрх үүргийг заасан Ардын түр Засгийн газрын 1921 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын тогтоолын 6 дугаар зүйлд “Цэргийн явдлын яамыг Сүхбаатар тэргүүтэй хуучин хэвээр байлгах боловч... Монголын Бүх цэргийн дээд эрхийг барих газар” бөгөөд “цэргийн онц чухал явдлыг жанжин Сүхбаатар, Чойбалсан, штабын дарга Эрдэнэ нар хуралдсан Бүх цэргийн Зөвлөлийн хурлаар хэлэлцэн таслан шийтгэвэл зохино” гэсэн заалт хөсөрдөж Д.Сүхбаатарыг улс орны цэргийн дээд эрхийг барих албанаас шууд хасав. 

    1921 оны 6 дугаар сарын 3-нд Монголд орж ирсэн торгууд цэргийн дарга Харти Бадиевич Кануков хэмээх Итрах Вокунаев Монгол ардын армийн штабын тагнуулын хэлтсийн дарга бөгөөд Хүрээний комендант /сэргийлэхийн дарга/ болов. Ийнхүү 1921 оны 3 дугаар сарын 24-нд Монгол улсын хэмжээт цаазат хаант Ардын засгийн газар ба МАН –ын Төв Хорооны газрууд хамтран зөвлөлдөн хэлэлцэж тогтсон” тогтоол хөсөрдөж, Л.Дэмбэрэл уг албанаас шууд хасагдлаа. Энэ бүх өөрчлөлт Богд хааны эсрэг зохих олон жил үргэлжилсэн “их хэргийн” эхлэл байсан бололтой. 1921 оны 7,8 дугаар сард “Цэвээн тэргүүн, Тогтох тайж нарын хэрэг” хэмээх тэр үедээ дуулиантай хэрэг мандсан нь уг чанартаа ихэс лам, ноёдын хооронд бугшсан зөрчлийг сэдрээсэн явдал байжээ. Цахар тайж, бэйс Тогтох автономитын үед Ар Монголд албат нарынхаа хамт дагаар орж, Богд хаанаас хайр хишиг ихийг хүртээд барон Унгерний үед Саж ламтай нийлж цэрэг гарган Богд хааныг хятадын гараас чөлөөлж, Манзширын хийдэд аваачих залах хэрэгт оролцсон хүн байв. Тогтох тайж ийнхүү барон Унгернтэй нийлж явахдаа ихэс лам, ноёд, тэр ч байтугай Богд хаан, Их дагина, Манзшир хутагт, Жалханз хутагтын сангаас их хэмжээний алт, мөнгө барьцаалан зээлдэж, ард иргэд, албаны нэлээд эд зүйлийг хүч зааж, уулгалан авсан байжээ. Зээлсэн мөнгөө өгөлгүй барьцаанд орхисон эд зүйлээ авахад ч чин ван Лувсанцэвээн “Хойч өдөр би даана” гээд өгүүлсэн аж. Дараа Богдын зайсан Баваасан нарыг явуулж , авсан зүйлийг гаргуулах гэхэд “Богдын дэргэд улаан жинс зүүж, зарлиг лүндэн гэж хүнийг айлгаж явдаг луйварчин нар ... дахин ирвэл ална. Танай Богдыг гамингийн гар ороод амь эндэж байхад би цэргээ явуулж, хүчин хавсран амийг авалцсан. Сайн юм бол юунд гамингийн гарт орсон буй. Хэрвээ намайг ийнхүү хэлэв хэмээвээс та нар явчихсан гаминдаа хэлж алуулсугай. Танай Богд дагалдсан шанзудба та нар гамингаас миний авсан юмнаас дам луйвардах гэж ирэв үү” гэж цаадуулдаа хэл гээд буцаасан байна. 

    Чин ван Лувсанцэрэн /Цэвээн тэргүүн/ барон Унгерний “сэргээн босгосон” Түр засгийн газрын Ерөнхий сайд болох гэж Манзшир хутагт Цэрэндоржийг дуудуулахад өөрийн албатаас замч гарган Унгерид тусалсан ажээ. Манзшир хутагт Унгерний босгосон Түр засгийн газрын ерөнхий сайдаар 64 хоног л суусан бөгөөд Ардын засгийн газар тогтоход ерөнхий сайд Д.Бодоо, Цэргийн яамны сайд Д.Сүхбаатар нараас бусад 4 яамны сайд хэвээр үлджээ. Хиагтад МАН-ын Төв Хороо, Ардын Түр засгийн газрын анхдугаар хамтарсан хурал дээр Цахарын төлөөлөгч Лаварын Дэмбэрэл “Цахараас 10000 цэрэг гарган” Ардын засагт дагаар хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Энэ 10000 цэргийн суурийг Сумъяа бэйс болон Тогтох тайжийн цэргүүд тавих байсан болов уу. Ардын Засгийн газар Дотоодыг хамгаалахын дарга бөгөөд комендантад Л.Дэмбэрэлийг томилдог бодлого учиртай баймаар, Баримтуудыг хянаваас Итрах Вокунаев ирээд комендантын тогооч байсан хятад Сү Ши Яныг Тогтох тайжийнд шилжүүлсэн байх агаад бригад командлагч И.Вокунаеваас 1921 оны 9 дүгээр сарын 10-нд Сангийн Яаманд илгээсэн бичигтээ “хотын комендантаас Тогтох тайжийг баривчлах үед түүний үйлчлэгч нарын хамт ажилчин Сү Ши-Яныг түр барьсан бөгөөд ял гэмгүй учир суллан тавьсан тул хураагдсан зүйлүүдийг эргүүлж өгнө үү” гэжээ. Сангийн Яамнаас 1921 оны 9 дүгээр сарын 14-нд хариу өгөхдөө “хятад иргэн Сү Ши-Яны эд юм манайд байхгүй. Шүүх Яаманд байх ёстой” гэж оросоор бичээд орос 2 хүн гарын үсэг зуржээ. Эдгээр мэдэн будлианы цаана хятад Сү Ши-Янд мөнгөн шагнал олгосон нууц үлдсэн байж болзошгүй. Учир нь И.Вокунаеваас Шүүх Яаманд дахин бичсэн бичиг алга. 

    Дээрх баримтаас үзвэл Тогтох тайжийг хотын комендант И.Вокунаев баривчилжээ. Ямар үндсэн дээр барив гэвэл, энгийн иргэд, доод лам нараас Тогтох тайжид булаагдсан эд юмыг эргүүлж олгуулахыг хүссэн хэд хэдэн өргөдөл МАН-ын Төв Хороонд ирүүлснийг Шүүх тасалах хэргийг бүгд захиран шийтгэгч яаманд шилжүүлсэн байна. Энэ үед чин ван лам Дашжав, да лам Пунцагдорж, да лам Гомбоцэрэн нараас Тогтох тайжийн бүхий л хэрэг явдлыг уудлан бичиж, Шүүх Яаманд үүний араас ЗОУ-ын гадаад хэргийн төлөөлөгчийн газар, хотын комендантаас Тогтох тайжид “дээрэмдүүлсэн “ гэх орос морин тэрэг нэхэмжилсэн бичиг Шүүх Яаманд иржээ. Тэгсэн атлаа Шүүх Яам биш хотын комендант Тогтох тайжийг баривчилжээ. Хэргийн материалыг хянавал Тогтох тайжийг Шүүх Яаманд байцаасан баримт бичиг байхгүй, харин Цэвээн тэргүүнээс асуусан гол зүйл нь Манзшир хутагт явахад газарч авсан орос хүн Богд хааны зарлигаар явсан эсэхийг л асуугаад байсан нь харагдана. Цэвээн тэргүүн “Богд хааны жолооч Бадам нэг орос хүний хамт цахилгаан тэргээр ирж, Богдын зарлиг гэж газарч нэхсэн учир лам Шадавжамцыг өгсөн гэж өчжээ. 

    Эдгээрийг харьцуулан бодоход Богд хаан, Манзшир хутагт, Жалханз хутагт гурвын нэрийг гаргуулахын тулд Цэвээн тэргүүнийг барих,Тогтох тайжийг барихын тулд Цэвээн тэргүүний нэрийг гаргах шаардлагатай байсан мэт. Үүний тулд ван лам Дашжав, да лам Пунцагдорж, Гомбоцэрэн нарыг Хятадын “64 зүйлийг” хүлээж “автономитыг устгасан” хэдэн хүний тухай Ф.Н.Гапонд Д.Сүхбаатарын хэлж байсан үгээр айлгахад л дээрх өргөдлийг бичээд өгөх биш үү. Үүнийг хэн мэдэж чадах вэ гэвэл ганцхан Элбэгдорж Ринчино. 

    Барагцаалбал энэ үед зүүн эсер Яков Григорьевич Блюмкинийг “Монголд БООК шиг алба байгуулахад нь тусал” гэж Москвагаас Хүрээнээ илгээсэн байна. “Брестийн” гэрээний эсрэг, хоёр орныг дайнд оруулахын төлөө Германы элчин сайд Мирбахыг алсан Я.Г.Блюмкинийг Л.Д.Троцкий буудуулахаас аварч бие хамгаалагчаараа дэргэдээ авчээ. Тэр удалгүй БООК-ын “өдөөн хатгагч тагнуулчин” болж, нууц байдалд оржээ. Өдөөн хатгагч гэдэг нь бусад улсад төрийн эргэлт гаргах. хэн нэгэн тааламгүй удирдагчийг алан хядаж, “өөрийн хүнээр” солих зэрэг эсэн бусын үйл ажиллагаанд мэргэжсэн этгээдийг хэлдэг. И.В.Сталин хаант засгаас ийм бузар арга ажиллагаа, алан хядагчдыг хүртэл өвлөн авсан юм. Э. Ринчино, Я.Г. Блююмкиний нэгэн адил мэргэжлийн өдөөн хатгагч, алан хядагч байсан байж болохыг үгүйсгэх баримт байхгүй. Э.Ринчинотой нэг хугацаанд 5 дугаар арми, Дорнод Сибирийн цэргийн тойргийн улс төрийн газрын соёл-гэгээрлийн хэлтсийн дарга байсан А.С.Старковыг Монгол ардын цэргийн сурган боловсруулах газрын зөвлөхөөр ирүүлж И.Г. Демко буцав. И.Г.Демко суралцах хүсэлтээ гаргаж буцсан гэжээ. Бодвол Монголд нэг л биш юм хийгдэж байгааг мэдэрч, элдэвт орооцолдохоосоо өмнө буцъя гэж шийдсэн байдалтай байдаг. Учир нь тэр буцахын өмнө “Бүрэн эрхт төлөөлөгчийн газрын дэргэдэх намын байгууллагын хэмжээнд” явагдсан “намын цэврэлэгээний” комиссын нарийн бичгийн даргаар “Эрхүүгээс ирсэн зааврын дагуу” ажиллажээ. Шалгалтын явцад Нийслэл Хүрээн дэх зөвлөлтийн байгуулагууд болон Монголын албанаа уригдан ажиллаж байсан коммунистуудыг шалган бүртгэж, “Колчак зэрэг цагаантны цэргийн албанд ямар нэг хугацаагаар ажилласан офицерруудыг” илрүүлж, “намын эгнээнээс хөөн зайлуулсан” байна. Тухайн үеийн байдлаас дүгнэхэд, эл цэвэрлэгээнд ихэнхдээ буриад иргэд өртсөн болов уу. Эрхүүгээс өгсөн дээрх зааврын зорилго нь Э.Ринчиногийн унасан “нэр хүндийг” өргөхөд оршсон байж болно. 

    Энэ үйл явлын өмнөхөн ЗОУ-ын бүрэн эрхт төлөөлөгч А.Я.Охтин ирсэн өдрөө Консулын дэнж дэх албаны байрынхаа үүдэнд ЗСБНХОУ-ын төрийн далбааг мандуулжээ. Дээрх намын шалгалтын үеэр цэргийн 308 дугаар хорооны коммунистууд ба бүрэн эрхт төлөөлөгчийн газрын аппарат, бас Монголын албан дахь коммунист нараас бүрдсэн ОК /б/ Н-ын анхан шатны байгуулагыг зохион байгуулж, Эрхүү губернийн Намын хороонд захирагдах Нийслэл Хүрээн дэх ОК /б/Н-ын эл хорооны даргаар А.Я.Охтиныг сонгов. Ийнхүү элчин төлөөлөгчийн газраа ЗСБНХОУ-ын ба ОК /б/Н-ын бүрн эрхт төлөөлөгчийн газар гэх болжээ. МАН-ын II /сүүлд III гэх болсон/ их хурлын материалаас үзэхэд ОК /б/Н-ын гишүүд ч МАН-ын Төв Хорооны удирдлагын дотор ажиллаж байв. Э.Ринчино ийм “хоёр намын нэг гишүүнийг “ МАН-ын суртлыг дагах мэтээр тайлбарласан байдаг. Монголд ажиллаж байсан троцкистуудын нэрийг З.Шижээ нь 1938 оны 2 дугаар сарын 23-наас өмнө анхны байцаалтад мэдүүлэхдээ: “Ринчино-Коминтерний төлөөлөгч, Кучумов-мөн төлөөлөгч, Черномордик мөн төлөөлөгч, Бадмайн –ДХАК-д ажилладаг, Балдано-Монголд сууж байсан улс төрийн хэлтсийн ажилтан, Минин-мөн хэлтэст II нарийн бичгийн дарга, Райтер-КУТВ-ын захирал, Амагаев-ГХАКГ-ын төлөөлөгч, Стулов, Шанжанов, Кафаев-УКК-ийн зааварлагч, Саркасов Эвлэлийн Төв Хорооны зааварлагч, Ванциров-мөн хороонд зааварлагч, Балдано-Буриад сонины зааварлгач, Нацов-МАХН-ын Төв хороны зааварлагч, Пакс-БНМАУ-ын Армийн штабын дарга, Шико-мөн штабын дарга, Визень-ДХГ-ын ерөнхий зөвлөх, Шешчанков-ДХГ-ын сургагч, Бианский-НТХ-ны хэлтсийн зааварлагч, Старкин-улс төрийн хэлтсийн нарийн бичгийн дарга, Охтинбүрэн эрхт төлөөлөгч, гэснээс гадна байцаалтын явцад ч ийм олон хүнийг нэрлэжээ. Троцкист үзэлтэй монгол хүмүүсийг “Шижээ би, Бадрах, Гэндэн, Жигжиджав, Мэнд, Лувсаншарав зэрэг” гэж мэдүүлсэн байдаг. Ийнхүү 1921 оноос И.В.Сталины Монголд оруулсан зүүн эсер-троцкистууд 1940-өөд он хүртэл нугалаа гарган завхруулсаар байсан байна. 

    А.Я.Охтин бол хүнсний үйлдвэрийн Ардын Комиссариатын гаалийн албаны удирдагч байгаад Хүрээнд бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогджээ. Энэ үед цэргийн коммунизмын бодлогоос эдийн засгийн шинэ бодлогод шилжиж байсан бөгөөд зөвлөлтийн худалдааны асуудал онц тулгам тавигдаж, В.И.Ленин “коммунистууд худалдаа хийж сурах хэрэгтэй” гэсэн уриа дэвшүүлсэн билээ. И.В.Сталин үндэстнүүдийг “хүчээр нэгтгэх” бодлогоо хэрэгжүүлэхдээ В.И.Лениний эл яриаг эрээ цээргүй гуйвуулж эхлэлсэн юм. Ингэх бэлтгэл хүчин ч байжээ. Тухайлбал, ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлөх явцад гарсан түймрийн үеэр Ардын Засгийн газрын агуулахад хамгаалж авсан эд бараанаас Зөвлөлт Орос Улс, АДБНУ-ын “Центросоюз”,”Экономия” хоршооллуудыг нэхэмжилсэн эд бараа хэд дахин давж, эдгээр байгууллагын агуулахдаа амжуулж хураасан нь нэхэмжилснээсээ хэд дахин давжээ. Ардын түр Засгийн газрын 1921 оны 4 дүгээр сарын 27-ны хуралд эд бараа тооллогын комиссын дарга Цэдэн-Иш Дашпилуны хийсэн илтгэлийн харьцуулсан жагсаалтад: 

“1. Ардын Засгийн газрын агуулахад зөөж авсан: 

а. гар үйлдвэрийн бараа янз бүр 18, 200 

б.даалимба 8,800 

в.ногон цай 281 

г. байхов цай 3,360 

2. ЗОУ, АДБНУ-ын байгууллага, хувь хүмүүсээс нэхэмжилсэн: 

а.гар үйлдвэрийн бараа 25,925 

б.далимба 18,559 

в.ногоон цай 1,311 

г.байхов цай 4,170 гэжээ. Үүнээс болж Ардын түр Засгийн газрын Ерөнхий сайд Д.Бодоо Коминтернд хандаж, учир зүйг олоход тулалцаа үзүүлэхийг хүсжээ. Энэ дагуу ГХАК-ын бүрэн эрхт төлөөлөгч О.Н.Макстеник ирж шалгаад “Центросоюз” түймрийн үеэр хүний газар нутаг дээр жинхэнэ эзэн нь болсон Ардын Хувьсгалт Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр ихээхэн эд барааг хуучин Второвын дэлгүүрт зөөж авчирсан, Буриадын байгууллагууд Хиагтыг чөлөөлөхөөс өмнө хувь хүмүүсээс нэхэмжилж байсан зүйлийг ардын хувьсгалчдад тулгаж байгааг буруушаан тодорхойлолт үйлдсэнийг Засгийн газрын тэргүүн Д.Бодоо гарын үсэг тамга дарж авсан байдаг. 

    Сүүлдээ эдийн засгийн “хүч хэрэглэх” бодлого, арга ажиллагаанд хувирсан зүүн эсер-троцкистууд, сталинчуудын шударга бус худалдаа л Д.Бодоо, С.Данзан нарын дургүйцэл, эсэргүүцлийг төрүүлж хөрөнгөтөн орнуудтай харилцах “сонирхлыг” өдөөсөн билээ. Гэтэл зүүн эсер-троцкистууд сталинчууд тэдний дургүйцэл эсэргүүцлийг “баруун зан авир” гаргалаа гэж зэмлээд залхаан цээрлүүлэх аргаар хариу авах замд шилжсэнийг баримт харуулна. 

    1921 оны 9 дүгээр сард Борис Захарович Шумяцкий Нийслэл Хүрээнд ирэв. Ирсэн оройгоо А.Г.Старков /хожим нь орос Зоригт гэж алдаршсан/, И.Г.Демко нарыг байрандаа дуудаж уулзаад МАН-ын Төв Хороо, Ардын засгийн газрын эрх баригчидтай уулзаж ярилцсан, Төв Хороо, Засгийн газрын хамтарсан хуралд суулцсан, Монгол Ардын Засгийн газрын төлөөлөгчид мөдхөн Москва явах, Д.Сүхбаатар, С.Данзан зэрэг хүмүүс бүрэлдэхүүнд нь багтаж буйг монгол нөхөд өөрт нь мэдэгдсэн тухай мэдээлсний чацуу “монгол нөхдөөс зөвлөгөө, тусламж хүссэний дагуу” МАН-ын дүрэм, программ боловсруулах үүрэг даалгаврыг тэр хоёр өгсөн байна. 

    Тэгэхдээ “МАХН бол Коминтерний бүрэлдэхүүнд талархалгч секцийн эрхтэйгээр багтан ажиллаж буй бодит баримтыг харгалзан коммунист намын үзэл, суртал, зохион байгуулалтын үндэсэн зарчмыг ... хөтөлбөр болгон ... ОК /б/Н-ын дүрмийн гол зарчимд тулгуурласан төслийг Коминтерний өмнөөс” боловсруулахыг зөвлөсөн гэж И.Г.Демко хожим дурсан бичжээ. 

    Б.З.Шумяцкийг “Монголын асуудлаар агуу их Лениний зөвлөгөө даалгаврыг биелүүлж явсан” гэж хожмын түүхэнд бичсэн нь гуйвуулга бөгөөд чухам дээрээ И.В.Сталины даалгаврыг биелүүлж явсан болохыг доорх баримт гэрчилнэ. В.И.Ленин Монгол ардын засгийн газрын төлөөлөгчдийг хүлээн аваад тэдний “Ардын Хувьсгалын Намыг Коммунист Нам болгон хувиаргаж болох уу?” гэсэн асуултад “нэг намыг өөр нам болгон хувиргаж болохгүй тул би тийм зөвлөгөө өгөхгүй ... Нэр хаягийг өөрчлөн солих нь ч хортой бөгөөд аюултай” гэжээ. Тэгэхлээр И.Г.Демкогийн бичсэнчлэн “коммунист намын үзэл суртал, зохион байгуулалтыг авах” гэж МАН-ын Төв Хороо Б.З. Шумяцкийгаас гуйсан биш харин тэр Монголын хувьсгалын тулгамдсан асуудлаар Коминтерн, Зөвлөлт Засгийн газрын баримталж буй бодлогыг ингэж тулгасан учраас л Монголын төлөөлөгчид В.И.Ленинээс зориуд асуусан гэх үндэстэй. 

    Ийнхүү Монгол Ардын Засгийн газрын төлөөлөгчид С.Данзан, Д.Сүхбаатар, Б.Цэрэндорж, Эрдэнэбатхаан, Ц.Ширнэндамдин нар ЗОУ-д айлчилж “Монгол орос хоёрын хоорондох найрамдлын барилдлагааг байгуулах тухай Гэрээ бичиг” хэлэлцэн тогтоохоор одов. Монгол Улсын Ардын Засгийн газрын ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн Яамны тэргүүн сайд Д.Бодоо 1921 оны 9 дүгээр сарын 27-нд төлөөлөгчөд бүрэн эрхийн тамгат бичиг шийтгэн олгожээ. Түүндээ “худалдаа нэвтрүүлэх” асуудлыг гол болгон тавьж, хэлэлцэн тогтоох бүрэн эрхийг С.Данзанд нэр заан олгосон байна. Төлөөлөгчдийн албан ёсны орчуулагч-нарийн бичгийн дарга нь Эрдэнэбатхаан байсан боловч Д.Сүхбаатарын бие хамгаалагчаар партизан Мягмар, орчуулагчаар Цэргийн Яамны штабын тагнуулын хэлтсийн орлогч дарга торгууд Цэрэндорж Номинханов явсан ажээ. Д.Сүхбаатар хэлэлцээний гадуур “Рыков, Чичерин, Луначарский, Лозовский, Бухарин, Дзержинский нартай уулзсан гэх ба Ленин, Дзержинский нартай тус бүр 2 удаа уулзсан” гэнэ. Д.Сүхбаатар “Энэ тухай бүү ярь” гэсний дагуу партизан Мягмар нас эцэслэтлээ нууцыг сахижээ. В.И.Ленин Монголын төлөөлөгчдөд “Ардын намаа улмаар хөгжүүлж, ардын цэргээ сайнаар шамдан боловсруулж”, “улс төр, аж ахуйнхаа тусгаар тогтнолын төлөө тэмцэхийг” сургаж ардын нам, засгаа “үл бүтэх харш этгээдээр бузарлахгүй байх”-ыг захив. Төлөөлөгчид 1921 оны 11 дүгээр сарын 5-нд гарын үсэг зурлаа. Д.Сүхбаатар ЗОУ-аас буцаж ирээд албан ажлаа хүлээж авсан тухай Богд хаанаа айлтгаж, 1921 оны 12 дугаар сарын 29-нд Намын Төв Хороонд бичгээр мэдэгдсан байна. Эдгээр баримтаас үзэхүл Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар нарын хооронд зарчмын асуудлаар зөрөө байсангүй, харин төлөөлөгчөөр явсан хоёр нь буцаад ирээд гурвуул В.И.Лениний хэлсэн, “үл бүтэх этгээдийг” илрүүлж, нам засгаас зайлуулах ажлыг хамтран хийх ёстой байжээ гэмээр. 

    Хэлэлцээнд оролцсон ЗОУ-ын төлөөлөгчдийн тэргүүнд ГХАК-ны Алс Дорнодын хэлтсийн дарга Сергей Иванович Духовский, гишүүдэд эдийн засгийн эрхийн хэлтсийн ажилтан Борис Филиппович Гец, нарийн бичгийн даргад Лев Ефимович Берлин нар байжээ. Тэдэнд “Хаант Оросоос Хятадтай байгуулсан гэрээ хэлэлцээрийг уншиж танилцаад” Монголын Ардын Засгийн газартай байгуулах хэлэлцээрийн төсөл боловсруулах үүргийг гадаад хэргийн ардын комиссар Георгий Васильевич Чичерин өгсний дагуу урьдчилан бэлтгэсэн байлаа. Хаант Орос Хятадтай гэрээ хэлэлцээр байгуулахдаа Монголын асуудлаар хандаж ирсэн үндсэн уламжлалыг доорх жишээгээр ойлгож болно. Оросын ГЯЯ-ны сайд Сазанов 1911 оны 12 дугаар сарын 29-нд II Николай хаанд өргөсөн бичигтээ “Орос нь Хятадад болж байгаа тэмцэлд оролцохыг үл хүсэж, Монголд түрэмгийлэн халдах бодлогыг үл тавих боловч Оросын худалдааны ашиг сонирхол ихтэй Сибирь мужийн энэ хөрш газар бат бэх журам тогтохыг сонирхохгүй байж болохгүй” гэсэн бол Хятадад суусан Хаант Оросын элчин сайд И.Я.Коростовец 1912 оны 11 дүгээр сарын 10-нд Засгийн газартаа бичиж өгсөн мэдээндээ “Халхчууд, ер нь Гадаад Монгол тусгаарлаж байгаа хэрэг явдалтай Хятадын Засгийн газар эвлэрэхээс өөр аргагүй бөгөөд ард иргэд нь нууцаар халх уруу тэмүүлж, Их Хүрээний анхны дохиогоор Хятадаас салж одоход бэлхэн болсон Өвөр Монголыг гартаа тогтоон барихад хүчээ тавивал болох юм” гэжээ. 21 настай Б.Ф.Гец иймэрхүү л материалтай танилцах боломжтой байв. 

    Монголын төлөөлөгчид 1921 оны 10 дугаар сарын 26-нд Москвад хүрэлцэн очиж хэлэлцээ эхлэв. С.Данзан тэр өдрөө Г.В.Чичеринд өргөх бичиг барьжээ. Түүндээ монгол үндэстний нэгдсэн төр улсаа байгуулах гэсэн олон үеийн хүсэл эрмэлзлийг илэрхийлээд: “Хаант Оросын үед эзлэн авсан Тагна Урианхайг Монголд буцааж өгөх”, буриад иргэдэд Монголд дагаар орохыг зөвшөөрөх тухай асуудлыг хөнджээ. Энэ өргөх бичгийн хуулбарыг Монгол ардын засгийн газрын нарийн бичгийн дарга Баваасан авч үлдсэн байжээ. Хэлэлцээний протоколоос харахад дээрх 2 асуудлын тухайд зарчмын хувьд зөвшөөрөх боловч “Тагна Урианхай нь Хятадын нутаг учир Зөвлөлт Орос Улс санаархахгүй” гэсэн хариу өгсөн байна. С.Данзагийн гол зөрөлдсөн асуудал бол концессын асуудал байжээ. 

    Зөвлөлт Засгийн газар “Хаант засгаас Монголд тулгасан эдийн засгийн илүү эрхээс татгалзаж, байгуулсан концессуудыг хүчингүй болгож” байгаагаа мэдэгдээд “Монголын засгийн газар хойшид өөр этгээдэд концесс олговол Зөвлөлт Орос Улс гурав дахь этгээдээр оролцох эрхийг өөртөө үлдээнэ” гэснийг С.Данзан эсэргүүцэж “Зөвлөлт Засгийн газар илүү эрх эдлэхээс татгалзаж байгаа нь үнэ бол Монголын Засгийн газар хойшид хэнд, хэзээ концесс олгохоо мэдэх бүрэн эрх эдлэх ёстой. Хэрэв үүнийг зөвшөөрсөн гэдэг худлаа байна” гээд “Монгол-Зөвлөлт Оросын хилийг тогтоох” санал тавьжээ. 

    Санал зөрөлдсөн эл тохиолдолд зөвлөлтийн төлөөлөгчид тодорхой шийдвэр өгч бас чадахгүй байсанд Б.З.Шумяцкийг хэлэлцээнд оруулсан бололтой. Тэр “Монголтой хил тогтооно гэдэг нь үнэн чанартаа Хятадтай хил тогтооно гэсэн үг. Орос-Хятадын хилийн асуудал олон улсын хэлэлцээрээр зохицуулагдсан тул одоо Монгол-Оросын хооронд хил тогтоох бололцоогүй. Иймд Монгол Хятад хоёр эхлээд хэлэлцээр байгуулах хэрэгтэй” гэж зөвлөөд монгол-хятадын хэлэлцэрт “Зөвлөлт Орос Улс зуучлагчаар оролцохыг” амлажээ. С.Данзан ийм тохиолдолд “хил тогтоох комиссыг ойрын үед байгуулахыг” санал болгосонд зөвлөлтийн тал зөвшөөрсөн байна. Концессын асуудлаар “зөвлөлт Оросын гурав дахь этгээдээр оролцох эрх”-ийг зөвшөөрсөн 2 зүйлт нууц протокол байгуулахаар санал тохиролцож гүйцэтгэжээ. 

    1921 оны хэлэлцэрийг Зөвлөлт Орос, Монгол хоёр улсын хооронд байгуулсан тэгш эрхийн хэлэлцээр гэх боловч угаас хэлэлцээнд Монгол ардын нам засгийн дээд хэмжээний төлөөлөгчид оролцсон байтал Зөвлөлт Оросын талаас ГХАК-ын хэлтсийн дарга тэргүүлэн оролцож, хэлэлцээрт гарын үзэг зурсан хийгээд хэлэлцээнд оролцох бүрэн эрхгүй Б.З.Шумяцкийг завсраар оруулсан нь хоёр улсын хооронд тэгш эрхт харилцаа тогтоосон гэж үзэх ач холбогдлыг буруулж байна. Иймд энэ тухай хуучин ойлголтод шүүмжлэлтэй хандууштай санагдана. 

    Монгол төлөөлөгчдийн Москвад очоод байхад “саж лам Жамъянданзан тэргүүтэй хувьсгалын эсэргүү хуйвалдааныг илрүүлж, оролцогсдыг баривчилсан” тухай цахилгаан утсаар мэдэгдсэнд залуу жанжин Д.Сүхбаатар “Эх орноос урвагчдыг хэн болвч хайрлах ёсгүй, хатуу шийтгэх хэрэгтэй” гэж хариу цахилгаан ирүүлсэн гэдэг. Гэтэл энэ нь Д.Сүхбаатар,С.Данзан нарын эзгүйд Д.Бодоогийнх нь эсрэг Э.Ринчино, Я.Г.Блюмкин, И.Вокунаев нарын зохиосон хэргийн эхлэл байжээ. Д.Сүхбаатарыг Москвагаас ирэхэд Коминтерний төлөөлөгч болоод байсан А.Г.Старков /Орос Зоригт/ “МАХН-ын дүрмийг хэлэлцэж баталсан тухай, намын программын зорилттой үйл ажиллагаагаа нийцүүлж чадахаа больсон Бодоог албан тушаалаас нь чөлөөлж огцруулсан” тухайгаа илтгэсэн аж. Ийнхүү эзгүй хоорондуур Коминтерний төлөөлөгч, цэрэг, сэргийлэхийн албаны сургагч нар “МАН-ын улс төрийн чиг шугамыг өөрчилж, саж ламын хэргийг зохиож, Д.Бодоог албан тушаалаас зайлуулсан” зэрэг явдал В.И.Ленинээс асууж сонссон зөвлөгөөтэй илт харшилж, зөвлөлтийн цэргийг анх орж ирэхэд 5 дугаар армийн удирдлагаас монголын ард түмэнд хандаж гаргасан тушаалд дурдсан “өөрт ашигтай төрийн байгуулал тулгахгүй” гэсэн заалт, 1919 онд Лениний Засгийн газраас Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч “Монголын засаг, хууль цаазны хэрэгт гадаадын нэг ч хүн оролцох эрхгүй, Монгол улс дангаар мэдвэл зохино” гэсэн мэдэгдлийг шууд зөрчсөнд Д.Сүхбаатар, С.Данзан нар эргэлзэхээс шууд зөрчсөнд Д.Сүхбаатар, С.Данзан нар эргэлзэхээс өөр аргагүй болсон бөгөөд нам, засгийн бузарлаж буй “үл бүтэх этгээдийг” илрүүлэхийн тулд чанга нууцалсан нарийно тактик ажиллагаа эхлэх хэрэгтэй байлаа. 

    Тэдний энэ нууц нарийн ажиллагааг одоо болтол ойлгоогүйгээс Д.Бодоогийн эсрэг С.Данзан, Э.Ринчино, Х.Чойбалсан хоёртой нэг тал болоод С.Данзангийн эсрэг Ц.Дамбадорж, Э.Ринчино, Х.Чойбалсан хоёртой нэг тал болсныг учрыг олохгүй байна. Ялангуяа сургагч зөвлөх нарын нотлоод байсанчлан Д.Бодоо “хувьсгалын эсэргүү”, “үл бүтэх этгээд” үнэхээр мөн үү, биш үү гэдгийг тогтоож мэдэхэд Д.Сүхбаатар, С.Данзан нарт тун хэцүү болжээ. Монгол Ардын түр Засгийн газрын дүрмийн нэгдүгээр зүйлд: “Засгийн тэргүүлэгчдийн дарга нь энгийн цагт Бодоо бөгөөд байлдааны цагт Сүхбаатарт шилжих тул цэргийн байлдааны хэргийг жанжин эрхэлнэ... Газар нутгаа эзлэн тогтоож гүйцэхийг хүртэл байлдааны цаг хэмээн ялгана” гэсэн буй. Энэ нь Нэгдсэн Монгол Улсыг байгуултал хугацааг хэлж байгаа болов уу. Гэтэл Д.Сүхбаатарыг хэлэлцээнд явсан хойгуур зохиосон “Саж ламын хэргийг мөрдөн байцахаар” Цэргийн зөвлөлийн 1921 оны 11 дүгээр сарын 24-ний 13 тоот тушаалаар байгуулсан “Байлдааны үеийн хэрэг шийтгэх газар”-ын тэргүүлгчдийн тушаалаар нэгдүгээр морин бригадын сургагчаар нөхөр Вокунаев, гишүүнээр Цэрэг ардыг сурган боловсруулах хэлтсийн эрхэлсэн түшмэл Баваасан, Шүүх яамны түшмэл Цэрэн-Очир, бэлтгэл гишүүнээр Нийслэл Хүрээний комендант хавсарсан цагдан сэргийлэх газрын эрхэлсэн түшмэл Гүрсэд, Шүүх яамны түшмэл Гомбо нарыг томилсон байна. Ийнхүү “Саж ламын хэрэг” гэгчийг шалган тогтооход Д.Бодоогийн эрхийг, “Бодоогийн хэрэг” гэгчийг шалгаж тогтооход Д.Сүхбаатарын эрхийг шууд хасаж И.Вокунаевт өгсөн явдал байдлыг хүндрүүлжээ. Чухамхүү эл байдалд удирдлага, санаачилгыг гартаа авахын тулд Д.Сүхбаатар Цэргийн зөвлөлийн харьяанд ДХГ-ын байгуулах ажлыг сэдэвлэсэн байлтай. Магадгүй анх Цэргийн яамны хэлтсийн хэмжээнд байгуулах санал гаргасан байж болох юм. Тухайлбал, Засгийн газрын 1922 оны 7 дугаар сарын 13-ны 28 дугаар хурлаар байгуулсан ДХГ-ын орон тоо, цалин хангамжийн асуудлыг хэлэлцсэн 1922 оны 9 дүгээр сарын 15-ны 41 дүгээр хурлын бичигт “ДХГ нь Цэргийн зөвлөлийн захиргааны доторх тусгай газар болох тул яамны хэлтэст адилтгаж болохгүй” гэхчлэн дурдсан буй. Бас тус газрын даргаар Д.Балдандоржийг томилох тухайд Д.Сүхбаатар Э.Ринчинотой санал зөрсөн бололтой. Дээрх бичигт “Даргаар Балдандоржийг томилох эсэх асуудлыг Цэргийн зөвлөл түүгээрээ шийдвэрлэхийг” заажээ. 

    Д.Сүхбаатарыг нас барсны дараа 1923 оны 4 дүгээр сард Д.Балдандоржийг халж, оронд нь К.Баторуныг томилсон явдал ч дээрхийг гэрчилнэ. Дээр дурдсан Засгийн газрын 41 дүгээр хурлын бичигт “ДХГ-ын дүрэм хэмжээг манай газар мэдэгдэн ирүүлсэнгүй ... будлиан бүхий” гэх зэргээр бичсэн байдаг. Гэтэл Д.Сүхбаатарыг нас барснаас нэлээд хойно 1923 оны 10 дугаар сарын 22-нд батлагдсан Бүх цэргийн дүрмээс үзвэл Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин нь Цэргийн зөвлөлийн тэргүүлэгчид захирагдаад барахгүй, ДХГ-ын тухайд ямар нэгэн эрх мэдэлгүй, гагцхүү Цэргийн зөвлөлийн тэргүүлэгч л уг газрын ерөнхий дарга, сургагч нараас бусад ажилтнуудыг томилох, солих, халах, гүйцэтгэж буй хэргүүдийг хянах эрхийг дангаар мэддэг байжээ. Ийм хязгааргүй эрхийг дангаар эдлэхэд Э.Ринчиногийн зам дээр жанжин Д.Сүхбаатар нэр сүр, зарчимч ажиллагаа саад болсон гэх үндэстэй. Чухам ийм учраас Д.Сүхбаатар “Тогтох тайж, Цэвээн тэргүүн нарын хэрэг”, “Саж ламын хэрэг”, “Бодоогийн хэрэг” гэгч зохиомол ажиллагаануудыг учрыг олж, сөрөх уран ажиллагааг чадмаг зохиож, богино хугацаанд гол уран ажиллагааг чадмаг зохиож, богино хугацаанд гол “үл бүтэх этгээд” болох Элбэгдорж, Ринчино, Итрах Вокунаев, гар хөл болсон Х.Чойбалсан нарын халуун мөрөөр орж чадсан байна. Гэвч “үл бүтэх этгээдүүд” хүч илүү байсан учир Д.Сүхбаатар ч өөрөө тэдний гарт өртсөн байж болзошгүй. Хэргийн нөхцөл байдлыг доор товч дурдъя. 

    “Саж ламын хэрэг” гэгчийг Далай ламын сав буюу Төвдийн төлөөлөгчийн газрын эсрэг зохиосон хэрэг гэж үзмээр. ЗОУ-ын хувьд Монгол улс төрийн стратегийн ач холбогдолтой газар байсанчлан монголын хувьд Төвд орон мөн тийм ач холбогдолтой газар байлаа. Төвд бол Богд хаант Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн цорын ганц орон учир элчин төлөөлөгчийн газрын нь нийслэлдээ суулгаж, хамгаалалдаа байлгах явдал олон улсын харилцааны ердийн хэв заншил билээ. Дотоод хамгаалалтаа төвдүүд өөрсдөө хангах нь ч зүйн хэрэг. 

    “Саж ламын хэргийг” мөрдөж дуусгахаар байгуулсан “Байлдааны үеийн хэрэг шийтгэх газар”-ын 1921 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1 дүгээр тогтоолд дурдсан ажлын төлөвлөгөөнд “Богд хаан, Саж лам нарынд хооронд ямар хүн үг залгуулсныг мэдэх”, “гэрчин этгээд болох бага Жамбал, ... 308 дугаар хорооны захирал Рориднов нарыг зарлан ирүүлнэ” гэжээ. 

    Энэ хэргийн манайхан “Саж ламын” гэх боловч хэргийн материалын дээд талд оросоор “төвдүүдийн хэрэг” гэж бичиж байжээ. Гэрчийн этгээд гэх Горидновын өчиг мэдүүлэг материалд алга байна. Гэрчийн этгээд бага Жамбал “хэргийн сэдэв гаргахыг бодож”, Саж ламтай уулзаж байсанд тэрээр “энэ ардын намын тэргүүн сайд Бодоо, Чойбалсан нарын зэрэг хэдэн хүнийг урьтаж барьж авбаас зэвсэг буу сум нэлээд нь бидний эрх болно” гэж ярьсан гэсэн нь илэрхий зохиомол, зориуд өдөөн хатгасан зүйл байна. Энэ хэрэгт 50 шахам хүн баривчлагдсанаас 23 нь андуу төвд, бусад нь хятад, монгол иргэд байна. Хятад, монгол иргэдийг удалгүй суллаж, төвүүдийг жил шахам хорьж байцаасан ба энэ завсар бүгдэд гэдэсний өвчин хүрч, гяндагийн хашаанд гэрт тусгаарлагдаж байтал “Саж ламыг нэг өдөр аваад явсан нь сураггүй” болжээ. 

    Баригдсан бүх төвд “гудамжинд эцгийн явж байтал” эсвэл “өглөө унтаж байтал” гэнэт “орос цэргүүд барьж авсан”, “ардын засгийн эсрэг ямар ч санаа сэдээгүй” гэдгээ мэдүүлжээ. 

    Саж лам Жамъянданзангийн өчиг: “Ноднин өвөл цаг Богд ламыг гамин дарласан учир сэтгэл өвдөж бидний төвдүүд элсэн хуралдаж журмын цэрэг байгуулан миний биеийг захирах түшмэлд талбисан бөгөөд харьяат цэргийн авч гаминтай байлдан дийлж, Богд ламыг хутагт Манзшир ламын хийдийн газар залах зэргээр зүтгээд дараагаар харьяат цэргийг хэвээр захиран байтал энэ өнгөрсөн зуны тэргүүн сард улаан нам ирэхийн чимээ сонсож, бид нар хэрхэхийг Дээд айлтгасанд “Гандан хүрээг хамгаалах зэвсгийг хурааж нам гүм суу айх зүйлгүй” хэмээснийг дагаж суун байтал ардын намын цэрэг Хүрээнээ яам, албан газар нээсэн дараагаар манай төвд цэргийг татан буулгах учрыг Цэргийн яамнаас тушааснаас харъяат цэргийн татан буулгаж тараан гуч гаруй хүн уул нутагтаа буцсан. 

    Миний бие энэ намрын сүүл сарын арван хэдний орчим баруун зүгт Дамбийжанцан цэрэгтэйгээр, зүүн зүгт цагаан намын цэрэг үймүүлэн буй чимээ сонстох учир бидний төвд нар яахыг Дээд айлтгасанд “Зовох юмгүй, томоотой байгтун” хэмээсэн... 

    Энэ намрын сүүл сард Жамбалын бие манай гэрт 3-4 удаа ирэхдээ хэлсэн үг: “Сувд авах хүн буй юу, янчаан зээлүүлнэ” хэмээсэн ба Монголын 2-3 хороо цэрэг хувьсах хэмээмүй, таны төвд цэрэг хэчнээн буй хэмээхэд” би:”цөөхөн нэмээхүй” тэр: Таны төвд нар Хүрээнд хэдүй хүмүүн буй хэмээхэд” би: “200-300 хүн буй боловч мэдэхгүй” хэмээн хэлснээс өөр ардын намтай төвд монголын хэлэлцсэн зүйл нэг ч үгүй. Бидний төвд монголын хэрэгт оролцох хэрэг юун буй. 

    Урьд манай төвд цэрэг Жамбалын биеийн морины хазаараар занчсан явдал буй бөгөөд тэр өшөө санаж тухай дор байлдаанд орохдоо хэдэн төвдийг араас нь буудмуй хэмээн бусдад хэлсэн зүйл буй тул эдүгээ өшлөн огт худал гүтгэн хилс хэрэг оруулах хэмээж буй гэж санаж баймуй хэмээн өчмүй” гэжээ. 

    Дээрх баримтаас үзэхүл, монголчууд журамт цэргээ зөвлөлт нутагт байгуулсанчлан төвдүүд журамт цэргээ Монголд Богд хааны хамгаалалд байгуулжээ. “Саж ламыг хэрэг” гэгчээр баригдсан төвдүүдийг монгол цэргээр хамгаалуулан хил гаргаж өгөхийг хүссэн Далай ламын сангийн бичигт “Төвд мэт жижиг орон тусгаар тогтнолоо хамгаалахад буу зэвсэг нэн хэрэгтэй тул хураасныг эгүүлэн өгнө үү” гээд эл бичгээ Монголын ГХЯ-д барьсан нь дипломат ёс горимд нийцүүлснийг харуулж байна. Тэгэхлээр “Тогтох тайж, Цэвээн тэргүүтний хэрэг” гэдэг бол Монгол Улсдаа нэгдэн нийлэх гэсэн цахарын ард түмний хүсэл зоригийг нухчин мохоож холдуулахад чиглэсэн бол “Саж ламын хэрэг” Монголд өрнөсөн тусгаар тогтнолын төлөө тэмцлийн ялалтад түшиглэн мандах нь мэдээж байсан төвдийн ард түмний Монголын ард түмэнтэй тогтоосон холбоог таслан зогсооход чиглэгдсэн нь илэрхий байна. Үүнд хятадын гар орсон нь мэдээж бөгөөд жижиг хөрөнгөтний улайрсан хувьсгалчид, зүүн эсерүүд энд ашиглагдсан төдийгүй гар санаа нийлсэн нь харамсалтай. 

    Ардын Засгийн тэргүүний хувьд Д.Бодоо иймэрхүү илэрхий зохиомол тулгалтыг эсэргүүцсэн нь зүй ёсны асуудал, зүүн эсер-зүүн коммунистууд анхнаас Д.Бодоо, С.Данзан нарыг адилхан барууны үзэл санаатай гэж байсан бол сүүлдээ Д.Бодоод зүүний ажиллагаа тулгаж хилстүүлсэн нь С.Данзан, Д.Сүхбаатар нарын эсэргүүцлийг нэгтгэхгүй гэсний л баримт юм. Үнэн хэрэгтээ Ардын Засагт Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө Д.Бодоогийн бие даасан улс төрийн шуурхай ажиллагаа л зүүн эсер-троцкистууд, сталинчуудын эгдүүг хүргэсэн юм. Монгол Улсын Ардын засгийн газрын Ерөнхий сайд, Гадаад хэргийн Яамны тэргүүн сайд Д.Бодоо 1921 оны 9 дүгээр сарын 12-нд Америкийн Нэгдсэн Улсын гадаад яаманд ноот явуулж, хоёр улсын хооронд элчин сайдын хэмжээнд дипломат ба худалдааны харилцаа тогтооход Монгол ардын Засгийн газар бэлэн байгааг мэдэгдсэн бол 1921 оны 9 дүгээр сарын 14-нд Монгол улсыг тусгаар тогтносон тухай гадаад олон улсалд тунхагласан бичигтээ “Орос улсын зөвлөлтийн засгийн газраас урьдын импкраторын эзэрхэг засгийн үед Монгол засгийн газартай тогтоосон олон зүйлийн эзэрхэг гэрээ бичгийг бүрнээ устгаж, үүнээс хойш олон улстай нэгэн адилаар худалдаа нэвтрүүлнэ гэж удаа дараагаар батлан ирүүлсэн” явдлыг илэрхийлэн гадаад олон улс, түүний дотор Дундад улстай “өшөө хорслыг агуулан байлдах дайлах хэргийг явуулах саналгүй”, тус тусдаа “энх тайвны улиралд” зэрэгцэн оршиж, “гэрээ байгуулан худалдаа арилжааг нэгэн адилаар нэвтрүүлэхийг эрмэлзэн” байгаагаа тунхаглан зарласан байна. ЗОУ-ын засгийн газар ч Монгол ардын засгийн газрын энх тайванч ажиллагааг сайшаан дэмжсэн юм.Тухайлбал Г.В.Чичеринээс 1921 оны 9 дүгээр сарын 14-нд ирүүлсэн бичигтээ “Эрхэм хүмүүн Бодоо Та ноотдоо Оросын ард түмэн ба Зөвлөлт Засгийн газарт найрсаг сэтгэлээр хандаж итгэл хүндэтгэл илэрхийлсний тул Орос улсын Засгийн газар Монголын Ардын хувьсгалт засгийн газарт талархал дэвшүүлье” гэжээ. 

    Ардын засгийн газар,түүний тэргүүн Д.Бодоогийн эл ажиллагааг Богд хаан төдийгүй монголын тусгаар тогтнолын төлөө сэтгэлтэй хэн хүн бүхэн дэмжих нь мэдээж билээ. Богдын хэмжээг цаазат хаан болгож, “Тангаргийн гэрээ” байгуулсан нь Ардын нам, Засгийн газраас анхнаа ард түмэндээ амласнаа биелүүлсэн хэрэг бөгөөд барон Унгерний цэрэгт орж явсан хүмүүсийн талаар ч Д.Бодоо Ардын нам, засгийн хүнлэг энэрэнгүй бодлогыг баримталж байв. Д.Бодоо 1921 оны 5 дугаар сарын 28-нд Намын Төв Хороо, Түр засгийн газрын хамтарсанд хуралд илтгэхдээ “Манай монголчууд угаас эрдэмгүй бүдүүлэг хоцрогдсоны харгайгаар тэдний муу хулгай нарыг дуурайн явсан болохнь нүд үзтэл илэрхий хэрэг болох тул тэр бүр алах бусниулах зэргээр шийтгэхэд үнэхээрийн бэрхшээлтэй” гэжээ. Энэ үг Тогтох тайж, Саж ламд ч холбогдох билээ. Чухам энэ дээрээс Богд хаан түүнд “хүрэн жинстэй малгай”, “Эх дагина”, “гайхамшигт хутаг” шагнаж, Ёнзон хамба “баярыг хадаг барьсан нь” үндэсний ёс заншил, уламжлалын хэрэг болохоос биш Д.Бодоогийн “хувьсгалт засгаас урвасан”, Богд хаан, ихэс лам ноёдтой хуйвалдсан хэрэг огт бишээ. 

    Хуучин цол хэргэмийг эвдэх, хэтэрхий хүнд гоёл хэрэглэлийг хориглох, эд хөрөнгийг хураах шийдвэрт ихэс дээдэс дурамжхан хандсан нь үнэн боловч эл асуудлыг хууль цаазын хүрэнд зохицуулж болох байсан бөгөөд хүний амь нас бүрэлгэхэд хүргэхээр тийм зэвсэгт эсэргүүцэл үнэндээ гаргаагүй юм. Жишээлбэл,Тогтох тайжийн хүү Найман Ардын Намын Төв Хороо, Засгийн газарт өргөсөн өргөдөлдөө “эцгийн ялыг 4 хувь гэвэл 3 хувьд нь хэргэм зэргийг бүгд эвдэж, эд хөрөнгийг хураагаад, Монголын тусгаар тогтнолын төлөө гавьяаг нь 1 хувь хэмээн үзэж амь хэлтрүүлэх”-ийг гуйгаад эцгийнх нь хөрөнгийн хамт түүний өөрийн бага хөрөнгийг цөм хураах гэж буйд гайхан дурдаж, хэрэв эцгийнх нь амийг авбал “гомдол нь тэнгэрт тулаад барагдахгүй” гэжээ. Гомдлыг харж үзэлгүй, эцгийг нь цаазаар аваачсан байна. Ийнхүү Ардын нам, засагт “дайсан” нэгээр нэмэгдсэнээс өөр үр дүн гарсангүй. 

    Дээр дурдсан бүх асуудлаар Ардын Нам, засгийн удирдагчид, тухайлбал: Д.Сүхбаатар, Д.Бодоо, С.Данзан нар нэгдмэл ойлголт, бодлоготой байсан нь түүхэн баримтуудаар нотлогдох бөгөөд С.Данзан, Д.Сүхбаатар нар ЗОУ-д айлчилж, найрамдлын гэрээ бичиг байгуулсан нь Монгол улсын тусгаар тогтнолын асуудлаар явуулсан Д.Бодоогийн үйл ажиллагааны үргэлжлэл болохоос биш тусдаа ажил биш ээ. Өөр нэгэн баримт дурдвал, Богд хаанд “шавь боол Ма,То /Шүүх Яамны сайд Магсаржав, дэд сайд Тогтох/ сөгдөж хичээнгүйлэж айлтгах нь” гэсэн он, сар, өдөргүй тэр цагийн нэгэн бичигт: “Монгол Ардын Засгийн газарт... уг хэргийн үнэнийг айлтгах бүрийд нигүүлсэн үзэж, өршөөлийг үзүүлж, ... хэргэм зэргийг цөм эвдээд... торгох, үйлтгэх ял оноох” зэргээр “үхэх ялыг бүрнээ хэлтрүүлэх”-ийг тогтоож байгаа атал “гадаадаас тусалсан төлөөний түшмэд нарын санааны үл нийлэлцэх зэрэг харштай зүйл үлэмж бүхий”-г тодорхойлсон байна. Энэ бол хэрэг шүүх явцад зөвлөх, сургагч нараас эрүү шүүлийн арга хэрэглэж, ялыг нэтрүүлэн чангалж байсныг Ардын нам, засаг, хууль цаазны байгууллага, тухайлбал Д.Бодоо эсэргүүцэж байсны тодорхой гэрч юм. 

    Д.Бодоо буруутгасан өөр нэг үйл явдал бол Америкийн консултай холбоо тогтоосон тухай асуудал. Энэ бол засгийн тэргүүн, ГЯЯ-ны сайдын хувьд гүйцэтгэсэн дипломат үйл ажиллагаа байсныг гуйвуулсан гүтгэлэг, тусгаар улсын дотоод хэрэгт оролцсон өдөөн хатгалгаа болохыг баримт харуулна. Монгол ардын засгийн газар тусгаар тогтнолоо олон улсад тунхаглан зарлаж, гадаад харилцааныхаа үндсэн зарчмыг тодорхойлсны дараа гадаадын хэд хэдэн орны дипломт төлөөлөгч, үүний дараа гадаадын хэд хэдэн орны дипломат төлөөлөгч, үүний дотор Америкийн консул ирж, судалгаа хийжээ. Америкийн консул Шерман /Сокобин/ ганц Д.Бодоотой ч бус ардын нам, засгийн бусад удирдагчтай уулзаж ярилцсан агаад тэр тухайгаа Манжуураар дамжуулан төвдөө илтгэхдээ “эдний дотроос бидэнтэй харицаж чадах хүн бол Бодоо л байна” гэсэн ажээ. 

    Энэ үйл явдлыг тэр үеийн зөвлөх, сургагч нар ойлгохдоо И.Г.Демкогийн бичсэнчлэн “Хаалган дахь Америкийн консул Сокобин Нийслэл Хүрээнд ирээд буусан бөгөөд “нэгэн орой хятад ресторанд Америк, Англи, Герман, Данийн пүүсүүдийн нэр дээр дайллага хийж... Засгийн газрын дарга Бодоо, Сангийн Яамны сайд Данзан нарыг урьдсанд тэд ч дуртайяа очсон. Тэр дайллага дээр юу ярьж, юун төлөө хундага тулгаж байсныг мэдсэнгй” учир “Америкийн консул ирсний дараа Бодоогийн баруун үзэл хувьсгалын үндэслэл дээр илтэд суурилах болсон” гэж дүгнэжээ. 

    “Бодоогийн хэрэг” Н.Янжмаа: Сүхбаатарын Москва явсан хойно дайсан этгээдүүд ардын саналыг алдагдуулж, тэднийг нам, засгаас түлхэн холдуулах, дургүйцэх явцыг төрүүлэхийн тулд эрт урьдаас хэрэглэж ирсэн үсний чимэг зүүлтийг нь хүчээр хурааж эхэлсэн учир эхнэр хүүхдүүд уйлалдан байх болов ... Сүхбаатар Москвагаас буцаж ирэхдээ шөнө ирсэн бөгөөд энэ байдлыг сонсож, тэр шөнөдөө улс төрийн талаар юу болж байна хэмээн ихээхэн амаргүй болсон бөгөөд маргааш нь индрийн хурал хийлгээд хураасан юмыг нь буцааж өгүүлсний дээр албадах явдлыг улс төрийн хортой алдааны ёсоор зогсоов” хэмээн дурдсан бичсэн байдаг. Энд “дайсан этгээдүүд” гэснээс биш Д.Бодоогийн тухай нэр цохсонгүй. 

    “Хэтэрхий гоёл чимгийг хязгаарлах тухай шийдвэрийг хэрэгжүүлэхэд залуучуудыг зэвлэлийн гишүүд, цагдаа нарыг татан оролцуулж, гудамжаар явсан эхнэр хүүхний толгойн хэрэгслийг мултлан хураах, ялангуяа цэрэг хүний гэзгийг хүчлэн хяргах зэрэг нугалаа завхрал гаргасан” гэж Д.Бодоог буруутган зэмлэсэн. Гэтэл Д.Сүхбаатарын Москвад явсан хугацаанд Х.Чойбалсан Бүх цэргийн жанжныг орлосон бөгөөд тэрэр бас залуучуудын байгууллагын удирдагч байлаа. И.Вокунаев хотын комендант буюу цагдаа нарын дарга байсан билээ. Үүнээс үзвэл түүнийг цэргийн жанжинд томилохдоо дутагдлыг нь ил хэлж сануулсанд өшсөн, Х.Чойбалсанг тэр үеийн удирдагчдын хоорондын зөрчил маргааныг нэгбүрчлэн мэдэж байсан Элбэгдорж Ринчино, Я.Г.Блюмкин нар ашиглаж нам засгийн бодлогоор далимдуулан зүүний нугалаа завхрал гаргаад Д.Бодоод тохсон гэх үндэстэй. 

    Д.Бодоогийн мэдүүлгээс:”Анхнаас би ардын намыг түшсэн хүн. Эдүгээх засаг бол Ардын намтай нэгэн үзэлтэй тул энэ засаг устах аваас надад бас муу болно. Учир тиймийн тул энэ засгийг үнэн сэтгэлээс бишрэх ажгуу... Би бол эдүгээх засгийн устгаж, эрхийг булаан авах хэмээн бодлого тавьсангүй, өөр бусадтай ийн хэлэлцэн явсан удаагүй. 

    Америкийн консултай ер учирсан удаагүй... Манжуур Хайлаарын цэрэгтэй сүлбээ холбоо ер байхгүй...Чойбалсанг албанаас чөлөө авч нутагт буцаад Манжуур, Хайлаарт одно гэхэд би Ардын намыг анх үүсгэсэн бидний долоо хүнээс тэр зүгт явж болохгүй гэсэн” гэжээ. 

    Бүх цэргийн зөвлөлийн 1922 оны 10 дугаар сарын 2-ны хурлын тогтоолын 7 дугаар зүйлд: “ДХГ-аас монгол Чойбалсан, Америкийн консул хэмээх Сокобин, хятад Цогт нарыг итгэмжгүй гэх зэргээр ирсэн тухай хэлэлцээд ...Чойбалсангийн тухай дараа хэлэлцэх ба Америкийн консулын тухай бүхийлэн учрыг илэрхийлэн Гадаад Яамнаа явуулах, хятад Цогтыг одоогийн хөөн гаргах хятадын хамтаар хөөн явуулбаас зохино хэмээн тогтов” гэжээ. 

    “Бодоогийн хэрэг” гэгчийн үеэр Д.Лосол, Д.Догсом нарыг баривчлан хорьж байцаажээ. Уг хэргийн шүүн таслах комисс орсон С.Данзангаас жанжин Д.Сүхбаатарт бичсэн нэгэн зурваст “Эл хэрэгт Досол, Лосол хоёр хамаагүй. Харин Чойбалсан болохгүй хүн байна. Түүнийг ажилд нь хэвээр байлгах эсэхийг та өөрөө мэдээрээй” гэсэн байдаг аж. Гэтэл С.Данзанг буудах шалтгийг Х.Чойбалсан гаргасан. Дээрх баримтуудыг хянаваас Д.Бодоо,С.Данзан нарын үзэл баримтлалд зүүн, баруун ялгаа байгаагүйгээр барахгүй С.Данзан хэргийг байцаан шийтгэх комисст орсон ч Бодоогоо гардан байцаах байтугай Д.Догсом, Д.Лосол нараас хэтэрсэнгүй, харин тэр хоёрыг аварчээ. Гэтэл Д.Бодоог гардан байцаасан ДХГ-ын сургагч Д.М.Матрон /Сорокин/ хожим бичихдээ “Хэрэгтнийг мөрдөн байцаах явцад банз, шаахай хэрэглэхийг тэдний /тусгай комисс/ зарим нь санал гаргаж байсан. Би сургагч зөвлөхийн хувиар мөрдөн байцаах ажлыг зохион байгуулахад хуучин цагийн арга барил хэрэглэхгүй... байхыг тэр хүмүүст шаргуу зөвлөн ажиллаж байсан билээ” гэсэн нь илэрхий гуйвуулга гэлтэй. Учир нь Д.М.Матрон /Сорокин/ мөрдөн байцаалтын шинэ арга хэрэглээд ч хувьсгалын удирдагчдын дотроос бичиг үсгийн хамгийн боловсролтой нь болжээ. Мэдүүлгийн сийрүүлэгт Д.Бодоогийн “баруун гарын эрхий хурууны хуар дарагдсан” байдаг. Тэгэхлээр эрүү шүүлтийн арга хэрэглэхээс шаргуу татгалзсан хүн бол Сорокин лав биш харин С.Данзан байж болзошгүй. Учир нь Д.Бодоог цаазаар аваачсаны дараа 1922 оны 10 дугаар сары 20-ны өдөр НТХ-ны жинхэнэ орлогч гишүүдийн 4 дүгээр хурлаар эрүү хорын тухай асуудал хэлэлцээд “хэдий хэмнэн хэрэглэхээр тогтсон боловч хуучнаас төдий л өөрцгүй.... Тиймийн тул байцаахад эрүү хорыг устгаж явуулахаар” шийдвэрлэжээ. Нөгөө талаар, хэрэв С.Данзан тийм харгис хэрцгий этгээд байсан бол сүүлд Э.Ринчинотой эсэггүүцэн тэмцэхдээ өөрөө буудуулах биш харин түүнийг аль эрт буудчих байсан билээ. 

    Ерөөс Д.Бодоог баривчлахаас өмнө энэ хэргийн учрыг НТХ-ноос тусгай комисс томилон шалгасан байна. Намын Төв Хорооны 1922 оны 1 дүгээр сарын 7-ны 16 дугаар хурлаар Д.Бодоогийн өргөдлийг 2 дахь удаа хэлэлцээд “Ерөнхий сайдын чөлөө олгох” шийдвэр гаргахыг хамтад “Хэмжээт засгийн устгаж, Бүгд найрамдах засгийг байгуулах хэмээв гэх ...үг гаргаж хутгасан хүнийг ... сурвалжлан олж, жич байцаан шийтгүүлэх тусгай комисс байгуулах”-аар тогтжээ. Уг комиссоос Ерөнхий сайд агсан Д.Бодоо, Сангийн Яамны тэргүүн сайд С.Данзан, Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, дэд жанжин Х.Чойбалсан,Түр цагийн хурлын дарга Дүгэржав, Шүүх Яамны дэд сайд Тогтох, шадар сайд Д.Чагдаржав нарыг магадлан шалгаад Намын Төв Хороонд удаа дараа өгсөн бичигт “Чойбалсангаас хуралд толилуулсан өчүүхэн хуудас нэг хувиас өөр огт Ардын засгийн хувьсгалж, БНУ байгуулах хэмээсэнд лавтлах ноцтой баримтлалтай хэргийн сэдвийг ер нь аль ч этгээдэд тодорхойлж хэлсэнгүй" гэжээ. 

    Учир байдлыг ийм тодорхой мэдэж байсан Д.Сүрбаатар, С.Данзан нар Д.Бодоог мөрдөн байцаахад оролцох байтугай баривчлах шийдвэр гаргасан байж таарахгүй. Энэ бол бүх эрхийг гартаа авсан Э.Ринчино, Я.Г.Блюмкин нарын дур зоргоор үйлдсэн хэтэрхий бүдүүлэг ажиллагаа юм. Тэр ч байтугай Д.Сүхбаатар, С.Данзан ер хэнийг ч барьж устгах боломжтой эрх дархыг өөрсдөдөө олж авсан байлаа. Нотлох баримт дурдваас Засгийн газрын 1922 оны 44 дүгээр хурлын 5 дугаар зүйлд “мөнөөхөн Бүх цэргийн зөвлөлийн газраас уламжлан ирсэн ДХГ-аас Монгол Засгийн газрын албан хаагчдаас байцаан асууж тэмдэглэн авах асуултын дүрэм 10 зүйлийг хэлэлцэд түр түдгэлзүүлэхээр төлөвлөснийг” дараа дахин хэлэлцээд “энэ хэрэг аль ч улсад нэгэн адил явуулах бөгөөд ДХГ-аа нэн ч чухал хэрэглэгдэнэ. Худал өгүүлбээс ял хөнгөнгүй” хэмээсэн нь албаны газраас тогтоож, Засгийн газраар баталсан хэрэгт худал хуурмаг явж үл болохыг заасан нь зүй мөн бөгөөд үг шүүмжлэн дэндэх явдалгүй тул уг асуудлыг ёсоор гүйцэтгэхээр тогтов” гэснээс тодорхой. 

    Тухайн үеийн байдлыг бодвоос эл хэргээр Х.Чойбалсанг асууж байцаах биз гэж нам засгийн удирдах ажилтнуудад ойлгогдохоор байсан боловч хамгийн гол нь Д.Сүхбаатар эсэргүүцэх ямар ч боломгүй болжээ. “Зөвлөлтийн сургагч зөвлөхийн хэлсэн, хийснийг эсэргүүцэх монгол албан хаагчдыг албан тушаалаас зайлуулахаас цаазаар аваачих хүртэл арга хэмжээ авна” гэсэн утагтай нууц хэлэлцээр байгуулсан байна. Энэ хэлэлцээрт гарын үсэг зурах үеэр жанжин Сүхбаатар хүнд өвчтэй байсан байж болох баримтыг дурдвал С.Галсан 1945 онд “Аав минь” дуртгалдаа “Бараг намар болсон хойно хамаг бие нь шарлачихаад өвчтэй хэвтэж байсан манай аав хоёр хүнээр түшүүлэн байж хувцаслаад маузераа зүүж, сумаа бусэлж гарсанд манай үүдэн дээр олон цэргүүд ирэв. Тийнхүү аав сугадуулж мордоод Богдын ордны зүг явсан бөгөөд тэгээд олон цэргээ дагуулж зүүн зүгт явав. Аав хаа очиж байгаа нь энэ буй гэсэнд байлдаанд явж байгаа нь энэ хэмээжээ. Сүүлд уулын аманд зусахаар гараад байхад хоймрын өндөр ор дээр аав авчтэй байгаад зургаа авахуулсан нь одоо санаад ормой. Гэтэл сүүлд аав өвдөж, намайг баруун хашаанд бүхий өвөг эцгийн гэрт аваачжээ. гэсэн буй. Энэ бол 1921 оны намар. 1922 оны зун, намар өвөл 1923 оны 2 дугаар сар хүртэлх хугацааны үйл явдлыг харуулжээ. Тэгэхлээр 1921 оны намар ЗОУ-д хэлэлцэнд явахын өмнө “хамаг бие нь шарлачихаад” байхдаа Богд хааны “өндгөн сүрэг”, “торгон цэргээс” авч цагаантны үлдэгдэлтэй байлдахаар явж байсан байх нь. Энэ үеийн тухай Цэргийн яамны штабын тагнуулын хэлтсийн орлогч дарга байсан торгууд Цэрэндорж Номинханов хожмын дуртгалдаа “Богд уулын аманд Сүхбаатарынх ганц гэрээр байсан ба тэдний хажууд Охтин майхантай байв. Манайх голын наад талд байсан. Ажил тараад бид хоёр хамт явдагсан. Сүхбаатар надаас олон улсын байдал, Үндэсний Лигийн тухай асууж байсансан. Монголын их удирдагч маань ямар ч хамгаалалтгүй байдаг байлаа” хэмээн харуусан бичсэн байдаг. Энэ бүхэн тэр үед А.Я.Охтины троцкист гар жанжин Сүхбаатарт маань хүрч болох байсныг харуулж байна. 

    Д.Сүхбаатар нар ЗСНХОУ-тай гэрээ байгуулж, улс үндэстнийхээ тусгаар тогтнолын асуудлаар Лениний засгийн газартай зарчмын хувьд тохиролцож ирээд нам засгийг “бузарлаж буй үл бутэх этгээд”-ийг илчлэх шуурхай ажил зохиож эхэлсэн байна. Ер нь ч “үл бүтэх этгээд” хэн бэ гэдгийг гадарлаж байсныг баримт харуулна. Ардын Засгийн төлөөлөгчид Монголд оршин суугаа Оросын харьяат нарыг өөрийн харьяат болохыг зөвшөөрч Зөвлөлт засгийн зөвшөөрлийг авсан нь их учир бодлоготой байжээ. Энэ асуудлаар буриад социал-демократ нөхөдтэйгөө урьдчилан тохирсон ч байна. Элбэгдорж Ринчино Хүрээнд ирээд “Буриадын хурал” нэртэй нууц бүлгэм байгуулж, “Пан Монголын” үзлээ сурталчлах болов. Тэр хуралдаа монголчуудыг сэм татан оролцуулахыг оролдоно. Тэнд ДХГ-ын анхны дарга Д.Балдандорж орсн байлаа. Бас Жамсрангийн Цэвэн орно. Гэвч тэрээр “шашны үндсээ хамгаалах, монгол хэл бичгээ сурах”-ыг сургамжаар гурван Монголыг нэгтгэх” тухай ухуулна. Өөрөөс нь бусад хүн түүний “Панмаонголизм” юунд хүргэдгийг мэднэ. Тэгэхлэр ардын хувьсгалчид, зүүн социал-демократууд Э.Ринчиног Монголын харъяат болгож, өөрийнхөө иргэний ёсоор тэмцэж шийтгэх арга сэдсэн байж болох юм. Д.Сүхбаатар ДХГ-ын даргаар Д.Балдандоржийг томилох гэдэг ч бодлоготой. 

    Аюуш Балыковын 1936 оны 9 дүгээр сарын 15-ны мэдүүлгээс: “Сүхбаатарын бие СССР улс лугаа гэрээ байгулан Монгол орон нутаг дээр оршин сууж буй буриад нараас Монголын харьяат болох саналтайг нь Монголын харьяат болгож болох учрыг СССР-ийн Засгийн газраас зөвшөөрсөн учрыг Монголын дотор сууж буй буриад нарт зарласан бөгөөд...тэр үед Монголын дотор сууж байсан буриад нар дор бүрнээ төлөөлөгч томилон тус Улаанбаатар хотноо ирүүлж буриад нарын нэгэн ихээхэн хурал болсон бөгөөд тэрхүү хурал дээр буриад Элбэгдорж Ринчиногийн бие ирж илтгэл хийсэн. Товчийг дурдваас: Бидний буриад нар болбол үүний өмнө цагааны этгээд нарт мэхлэгдэж явсан бөгөөд одоо болбол Коминтерний бодлогоор бүх Монголын үндэстнийг нэгтгэх ажлыг хийх хэрэгтэй гэсэн” боловч “буриад нар цөм Монголын харьяат болох саналыг илэрхийлсэн ба тэрхүү хурал дээр буриад нарын комитет хэмээх хурлыг байгуулсан” гэжээ. 

    Эл буриадын хуралд Монгол ардын засгийн бүх цэргийн жанжин бөгөөд цэргийн яамны тэргүүн сайд: “Баяр ерөөл талбиж, Чингис хаанаас инагш Бүх монгол улсын байдал түүхийг дэлгэрэнгүй өгүүлж, угаас Монгол улсын төр улам улмаар хүчин буурсан учир Монгол улсыг их хүчит Орос ба Хятад зэргийн эзэрхэг засгууд зүг бүрээс хуваан авч сарниулснаас хойш он удсан нь харилцан бие биесийг танихгүй, өөр овогтой мэт үзэх болжээ. Одоо аваас ардын эрхтэй засгийн байгулж, бүх монгол овогтныг нэгтгэхийг гол зорилт болгосон тул нэгэн үндэсний буриад нарын төлөөлөгчид урчыг мэдэж, Монголын улс лугаа энэ өдрөөс нийлж, улс төр ба шашин суртаалыг хүндэтгэн ард түмний амар жаргалан дор дэвшүүлж, үүрд батжих болтугай” хэмээжээ. Энэ хуралд мөн МАН-ын Төв Хорооны Тэргүүн дарга Дамбадорж, Ардын засгийн газрын нарийн бичгийн дарга Наваанамжил, Монголын Хувьсгалт Залуучуудын Төд Хорооны тэргүүлэгч Буяннэмэх нар оролцож, Д.Сүхбаатарын нэгэн адил утгатай үг хэлсэн байна. Ямартай ч буриад иргэдийн хурлыг албан ёсны ил болгож Э.Ринчиногийн “нууц ажлыг” хааж чадсан байна. Э.Ринчиногийн ийнхүү учраа олж амжаагүй байх богино хугацаанд Д.Сүхбаатар түүний үйлдсэн хэргийг эргүүлэн ашиглаж халуун мөр дээр нь гарч чадсан юм. Гэвч зүүн эсер-троцкистууд Коминтерн, Холбоот Улс, ОК /б/ Н-ын нэр хүндээр далайлган зорилгоо биелүүлснийг баримт гэрчилнэ. 

    Дээрэмчин Дамбийжанцанг устгасан нь: Торгууд цэрэг Цагаан-Манж Очиров дуртгалдаа “1922 оны сүүлч 1923 оны эхээр манай сургагч нарын хэсгийг Ховдын тойрогт явуулав.... Ховдын цэргийн тойргийн штабын зөвлөх Х.Б.Кануков мөн штабын улс төр-тагнуулын хэлтсийн зөвлөхөөр давхар ажиллаж байв”...”Тэр үеийн улс төрийн том хэргийн нэг нь хувилгаан Дамбийжанцанг устгасан явдал юм...Дамбийжанцан Оросын харьяат, Астрахань губернийн Бага дүрвэд улсаас гарсан халимаг ястан. 1911-1912 онд тэрээр гадаад Монголын автономийн төлөө тэмцэлд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Хувьсгалын жилүүдэд Баруун Монголд урвагч хөдөлгөөн гаргаж хэрэг дээрээ Унгерний талд оржээ”... “Монголын хилчид, чекистүүд энэхүү дээрэмчнийг 1923 онд 1 дүгээр сард устгасан шиг санагдана... Дамбийжанцангийн харьяанд байгсдыг Монголд нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд зөвлөлтийн сургагч нар тухайлбал Х.Б.Кануков оролцсон юм” гэжээ. 

    М.Т.Бимбаев болохоор “Оросын харьяат, аюултай дээрэмчин Дамбийжанцанг устгахаар Монгол ардын Засгийн газар 1922 оны намар нөхөр Дугаржав, Нанзадбаатар, Балдандорж нарын удирдлагаар бас халимаг Монтош Лиджиев, Эрэнцэн Каблунов, Павел Жамбанов нарын бүрэлдэхүүнтэй онцгой группийг явуулсан” гэжээ. 

    1923 оны 12 дугаар сарын 24-нд Цэргийн зөвлөлөөс ДХГ-т тушаасан нэгэн бичигт “Улиастай хотын газарт комендантын тушаалыг түр хамааралд халагдсан Вокунаеваас өргөсөн бичиг”-ийг “хулгай Дамбийжанцанд дарлагдан суусан айлуудыг аль аль газар захирагдан хүмүүжил саналд” тусгахыг дурджээ. 

    Дээрх баримт Цэргийн зөвлөл, хотын комендант буюу Э.Ринчино Х.Т.Кануков /Итрах Вокунаев/ хоёрын хооронд ямар нэг зөрчил гарч, Кануков халагдсаныг харуулж байна. 

    Ц.М.Очировын дуртгалд: “Д.Дарминовын хувь заяаны тухай зөрчилтай хэд хэдэн таамаг яригддаг байсан. Гэвч Монголд суусан Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгчийн газрын нарийн бичгийг дарга байсан Виталийн Иванович Юдин эдгээр таамаг яриа худал болохыг гэрчилсэн юм. Түүний мэдэгдсэнээр, Дорж Дарминов тусгай даалгавар биелүүлж яваад Жа ламд баригдаж буудуулсан” гэжээ. 

    Энэ баримтаас харахад Бүх цэргийн зөвлөлийн тэргүүлэгч Э.Ринчино Дамбийжанцантай ямар нэг тохиролцоо хийх үүргийг торгууд цэргүүдэд өгсөн байж болох бөгөөд үүндээ Улиастайг цагаан цэргээс чөлөөлөхөд Ардын засгийн газраас Дамбийжанцанг ашигласан тухайн үеийн үйл явдалд тулгуурлах гэж оролдоод бүтээгүйн бурууг Д.Бодоо уруу түлхсэн бололтой. Үүнийг ойлгосон Д.Сүхбаатар “Бодоо устгасан” баримт дээр суурилуулж Дамбийжанцанг сөнөөх ажиллагааг зохиосон нь хэрэг дээрээ Д.Бодоогийн буруугүйг харуулж чаджээ. 

    Д.Балдандоржийн дуртгалд: “Гавьяат нөхөр Сүхбаатарын гэрийн газар нэгэн үзэш учрахад: “Манай Монголын баруун хязгаарыг эгнэгт өнгөлзөн шүлс залгиж бүхий харгис хулгай гэгч Дамбийжанцан хэмээх нэгэн хүний хэргийн байдал саяын Бодоо нарын хэргээс тодорхой мэдэгдсэн биш үү. Одоо би санавал энэхүү харгисыг... нарын нууц аргыг хэрэглэх устгаж сөнөсүгэй”... хэмээхэд нь ажиглавал гэрийн дотор өөр хүнгүй тул жанжин Сүхбаатар та өөрөө явбал ямар болох бид уг хэргийг нууцалж чадах болов уу? хэмээхэд ...”дараа нэгэн сайн аргыг бодсугай” гэсэн ажээ. 

    ...Д.Сүхбаатар энэ ажилд явуулахдаа: “Дугаржавыг Засагт хан аймгийн нутгийн цэргийг шалган байцаахаар томилж зарлал ба үнэмлэх бичгийг Цэргийн Яамнаас гаргаж өгнө. Нанзад бол урьд нэгэнт Улиастай хотын сэргийлэх цэргийн дарга тул хойш буцахаас өөр зүйлгүй болно. Балдандоржийг Улиастайн зэрэг цэргийн хороодол суртлыг номлогч комиссарын үүрэг мэтийг хүлээлгэн цэрэг ардын сурган боловсруулах хэлтсээс үнэмлэх бичгийг шийтгэн олгоно” гээд Балдандоржид “Хэрэв чухлыг задруулбал хэрэг хөнгөнгүй биш үү. Эрхбиш энэ хэргийг миний санаснаар гүйцэтгэхийг даалган үүрүүлэв. Энэ ганц сум ба сэлмээр хэргийг бүтээж иртүгэй” хэмээж “винтов бууны сум нэг, гуйлан бүстэй орос үсгийн нэр дурдтгал бүхий нарийхан хар сайран хуйтай сэлэм нэг, эрээн булигаараар үйлдсэн сумны дайз нэгийн хамт” өгөөд “Та гурав... эл хэргийг зааврын ёсоор гүйцэтгэж эс чадвал миний царайг бүү харагтун! Би та нартай энэхүү сэлмийн ирээр учирна” гэжээ. 

    Д.Балдандоржийн дээр өгүүлснийг Д.Дугаржав, Д.Нанзад нар дуртгалдаа нэгэн адилаар хэлжээ. Бас явуулахдаа “Дамбийжанцанг даран сөнөөх... ямар уран арга хэрэглэх явдлыг түүгээр Улиастайн сайд Ламжав, туслах Дилав хутагттай харилцан” тогтохыг захисан ажээ. Сайд Ламжавыг 1925 онд “Данзангийн хэрэг” гэгчид холбогдуулан дайлчан баривчилж хороосон байна. Учир нь тэр Орос, Хятадтай харилцах асуудалд “болгоомжтой хандах”-ыг С.Данзанд зөвлөж, захидал илгээсэн байв. 

    Дээр дурдсан баримтуудад Д.Сүхбаатар дээрх 3 хүнд үүрэг даалгавар өгөхдөө албаны газар биш өөрийн гэрт үдэш оройн цагт уулзаж байсан нь харагдана. Дамбийжанцанг устгах тухайд Засгийн газрын шийдвэр гарсан боловч Э.Ринчино, И.Вокунаев нарын ажиллагаа битүүлэг бөгөөд уг шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байсан учир Д.Сүхбаатар өөрийн ажиллагааг тэдэнд хэлээгүй нь доорх баримтаар батлагдана: 

    Элбэгдорж Ринчиногийн “Сүхбаатарын тухай “ гэсэн дуртгалд: “12 дугаар оны намар... Ардын нам ба Жалханз ламтан тэргүүлэн Ардын засгийн газраас Дамбийжанцан хувилгааныг бүрмөсөн устгахыг шийдсэний дараа нэр өдөр Төв Хорооноо хуралдаж байтал шороо тоос болсон нэг монгол хүн бичиг авчран Сүхбаатарт өгөхөд бусад гишүүд огт хайхрахгүй байтал гэнэт Сүхбаатар хөл дээрээ босож хэдэнтэй дэвхэрч алгаа ташин орос үгээр “бүтжээ, бүтжээ” гэж байсан гэжээ. 

    Дамбийжанцанг сөнөөх Д.Сүхбаатарын ажиллагаа амжилттай бүтсэний шалтгаан нь “Бодоогийн хэрэг” гэгчийн материалыг эргүүлж ашигласанд бөгөөд өөрөөр хэлбэл Д.Сүхбаатар энэ хэргийн зохиомол гэдгийг ойлгоод жинхэнэ эздийг нь улайлгах зорилгоддоо дөхөж байжээ. 

    Ардын засгийн түр ерөнхийлөн захирах газрын даргаар Бодоог томилохоос өмнө 1921 оны 4 дүгээр сарын 6-нд Ардын түр засгийн газраас Дамбийжанцанг Баруун хязгаарын олон монголчуудыг хамгалан тохинуулах их түшмэлийн тушаалд тохоон тавьсан байна. 

    Энэхүү тушаалаа Ардын Засгийн газар хүчингүй болгоогүй байтал 1921 оны намар Дамбийжанцан Ерөнхий сайд Бодоо хүн зарж, бэлэг захидал сэлт ирүүлсэнд Бодоо ч хариу захидал, бэлэг явуулжээ. Захидалдаа “Ардын эрхтэй хэмжээт цаазат улсын шинэ Засгийн хэргийг үүсгэн явуулж, эрдэтэн мэргэдийг итгэмжлэн хэрэглэхийг нэн чухал болгоно...Цаг тухайд нийлүүлэн Монголчуудыг үүрд амаржуулахыг ихэд чармайсан өчүүхэн аргыг дээд та анхааран толилж туслах буй за хэмээн гүнээ эрмэлзэн амуй” гэжээ. 

    Бэлгийн тухайд Д.Бодоо мэдүүлэгтээ: “Би үүний урьд Дамбийжанцанд ардын намын малгай, бөмбөг өгчилгөсөн зүйл буй” гэжээ. Гэтэл Дамбийжанцан 1921 оны намар Улиастайн сайд байсан Дилав хутагтын зарсан элчид “нэгэн ногоон өнгөтэй орос малгай, хоёр бяцхан гар бөмбөг үзүүлж: Бодоо “Та Монгол улсыг сайнаар тусална уу хэмээн эдгээр бэлгийг өгчээ. Энэ бол тэд нар надад толгойгоо өгөх бэлэг мөн” хэмээн хэлж байжээ. 

    Чухам энэ үнэн байдлыг Д.Сүхбаатар чадмаг ашиглажээ. “1922 оны сүүлчээр өдөр Дугаржав, Нанзадбаатар нар жанжин Сүхбаатарын даалгавраар Дамийжанцанг устгахаар очихдоо Ардын намын тэргүүлэгч Бодоо нарыг барьж алдсан ба түүний үлдэгдлийг устгах гэж байгааг айлтгахаар ирсэн мэтээр хуурмаглан хэлж итгүүлээд харилцан баяр ёлол хүргэлцэж байжээ”. 

    Д.Сүхбаатар ийнхүү уг хэрэг “эрхбиш өөрийн санасан ёсоор” бүтсэнд баярлаж, Төв Хорооны хурал дээр “орос үгээр бүтжээ, бүтжээ” гэсэн нь Э.Ринчинод хандсан гэж үзэх ганц л үндэстэй. Э.Ринчино нар Д.Сүхбаатарын эсрэг С.Магсаржавыг өдөх бодлого хийсэн байж болох гэж үзэх үндэс бий. Э.Ринчиногийн “өчигдрийн мал хариулж явсан хүн” гэж үл тоомсорлож байсан Д.Сүхбаатарыг С.Магсаржав “жирийн малчин хүү ардын төлөө их хэргийг бүтээж чадсан” нь харин ч бишрэлтэй хэмээн дэмжиж, Э.Ринчиног няцаажээ. 

    “Тагнуул Очиров, Туванов нарын хэрэг”-ийг илрүүлж устгасан нь. Эл хэргийн материалаас үзвэл, урьд зохиосон “Саж ламын хэрэг” гэгчийг жинхэнэ үйлдэгчид нь Цэрэн Людопович Очиров, Цэрэндаш Жигжитович Туванов хоёр, тэдний ард Элбэгдорж нарын зүүн эсерчүүд оршиж, эсэргүү ажиллагаандаа Жалханз хутагт Дамдинбазар, Хатанбаатар Магсаржав нарыг хүртэл ашиглах гэж оролдож байгааг Д.Сүхбаатар мэдэж энэ үндсэн дээрээ Очиров, Туванов нарыг хуурч Манжуураас Монголд оруулах авчрах,илчлэн баривчлах ажиллагааг чадмаг зохиожээ. 

    Уг хэргийг мөрдөн байцаасан ДХГ-ын хэрэг байцаах түшмэл Шилиндэ 1923 оны 3 дугаар сарын 20-нд бичсэн тодорхойлолтдоо: “Монгол улсын харьяат Цэдэнхалтар... 1922 оны 9 дүгэр сарын шинэдэр ... бараа авахаар Манжуур хотноо очоод мөн сарын хуучаар Манжуур хотын 3 дугаар гудамжинд Унгерний үед Чойр байлдахаар хамт явсан Цэрэндаш Тувановыг Очировын хамт явахад учраад Засгийн газрын хэргийг удирдаж буй монгол, буриад хүмүүсийн нэрсийг тодорхойлон хэлсэн ...Бодоо нарыг цаазаар аваачсан Зүүнхязгаарын сайд Дугар мээрэнг албанаас халж оронд нь Алтангэрэлийг томилсныг хэлсэн... бас Гурванбаян, Бүс нуур,Огтом зэрэг газар буй монгол цэргийн тоог хэлсэн” гээд “Цэдэнхалтар энэ хэргийн бурууг биедээ хүлээхгүйг мэдүүлэх нь:Би Тувановт хязгаарын цэргийн тоо хэлээгүй, ... гагцхүү Засгийн газрын эрхийг буриад Ричино, Б.Цэвээн, Монголоос Жалханз хутагт нар барьж буй гэж хэлснээс бусад үг хэлсэнгүй” гэжээ. 

    Хэргийн материалаас үзвэл цэргийн тоог Цэдэнхалтар биш Унгерний цэрэгт байсан Содов гэгч Тувановт хэлсэн бөгөөд Цэдэнхалтар ч “урьд Содовыг мэдэхгүй,...Манжуур хотноо очиж Содовтой учрахыг ч мэдээгүй”-гээ мэдүүлсэн байтал байцаагч Шилинда “Туванов өврийн дэвтэр бичиж, сүүлд эл зүйлүүдийг ... Цэрэнхалтараас сонсов хэмээн тэмдэглэснийг үзвэл үнэн мэт болой. Туванов юунд худал тэмдэг хиймүй... Улс төрийн нууц чухал зүйлүүдийг бусдад тараасан ял бүрхий хүнийг чангалан шийтгэхийг эрвээс зохимой” гэсэн нь их л битүүлэг будлиантай тодорхойлолт болжээ. 

    Ардын Засгийн газраас 1922 оны 5 дугаар сарын 5-нд Бүх цэргийн зөвлөлд тушаасан хуудаст: “Цэдэнхалтар болбоос эдүгээгийн хувьсгал /хуйвалдаан/ үүсгэгчдийн хэрэгт огт холбогдолгүй... атал ялт Туванов, Очиров нарыг битүүлгээр хоцрогдуулан уул хэргийг дэмий удаашруулан саатуулахад хүргүүлсэн нь их л нийлэлцэхгүй” тул уг хэргийг ДХГ-т буцаан тушааж нэн даруй нарийвчлан байцааж, өчиг учрыг тогтоон Загийн газар ирүүл гэжээ. 

    Үүний дараа л байцаагч түшмэл Шилинда “...Туванов Унгерний үзэл сайн хүн болсон тул түүний биеийг Саж ламтай уулзаж, Унгерний төлөөний Сэцэн хан аймагт суугаа төвд нарыг цэрэгт дайчлан авах тухай хэлэлцүүлэхээр томилжээ” гэдгийг тодорхойлсон байна. 

    Дээрх баримтуудаас харахад Цэдэнхалтарын тухайд Засгийн газар тодорхой мэдэж байжээ. Хэргийн материалд “Цэдэнхалтар ардын намын гишүүн, урьд Унгерний цэрэгт сайн дураар орж 4 сар алба хаасан” гэснийг үзвэл тэр Д.Бодоогийн нэгэн адил Унгерний цэргийн дотор намын тусгай даалгавар биелүүлж явсан хүн бололтой. 

    Очиров 1923 оны 1 дүгээр сард Хатанбаатар Магсаржав, Жалханз гэгээн нарт захидал бичиж: “Би Сөгнөгөр Баянголд цэрэг элсүүлж зэвсэг цуглуулж байна. Хойд зүгээс Хүрээг байлдан оръё. Хатанбаатар, Жалханз гэгээн та хоёр Нийслэл Хүрээний дотроос зэвсэгт бослого гаргаж, Ардын засгийн хавсран устгаж Богдыг хэмжээгүй эрхт хаанд өргөмилье” гэсэн байлаа. Хатанбаатар Магсаржав уг захидлыг ДХГ-т өгснөөр Д.Балдандорж хэлтсийн туслах түшмэл Дамдин нар хэдэн хүний хамт цэргээс оргосон нэрээр явж, Очировын байгаа газарт очиж Хатанбаатар ван Жалханз хутагт нарын захидал гэгчийг Очировт барьжээ. Ийнхүү Очировыг гэнэдүүлэн баривчилсан байна. 

    Дээрх баримтаас үзэхэд Э.Ринчино, Я.Г.Блюмкин, К.Баторун нар цэрэг, хуулийн байгууллагын дээд эрх, удирдлагыг гартаа авч, хуучин засгийн эсрэг улайрсан “хувьсгалч” аллагаа хядлагыг үйлдэхдээ хэмжээт цаазат Богд хаантай байгуулсан “Тангаргийн гэрээ”-ний дагуу харилцаж байсан ардын нам, засгийн удирдагчдыг түүнтэй далдуур хуйвэлдаан үүсгэсэн мэтээр улс төррийн зохиомол хэрэг шатлан үүсгэсэн нь Монголыг эрхшээлдэ оруулах гэсэн Хятад, Японы тагнуулыг ажиллаганд ашиглагдах, Монголыг хүчээр нэгтгэх гэсэн И.В.Сталин бодлогод автахад хүрч, хэрэг дээрээ Нэгдсэн Монгол Улсаа байгуулж, тусгаар бүрэн эрхээ олон улсаа хүлээн зөвшөөрүүлэх гэсэн Монголын ард түмэн, нам, төр, засгийн бодлого, үйл ажиллагааг бусниулан, улс төрийн цус урсгасан завхрал, аллага хядлага даамжрах шалтгаан, нөхцөлийг бий болгожээ. 

    Японы милитаристуудын гар хөл болсон атаман Семеновын оролцоотойгоор байгуулсан Пан Монголын засгийн газарт зөвлөх тушаалтай байсан Элбэгдорж Ринчиног МАН, засгийн газарт Коминтерний бүрэн эрхт төлөөлөгчөөр ирүүлсэнд эргэлзэх явдал дээрх “зохиомол хэрэг”, тэдгээрийн эсрэг зохиосон арга хэмжээнүүдийн явцад улам гүнзгийрч, хоёр талд ажиллагч “үл бүтэх этгээд” гэдэг нь тодорхой болж ирсэн учраас Э.Ринчино ардын хувьсгалчдад бурууг түлхэх зорилгоор “Цэрэнпилийн хэргийг” зохиосон гэх үндэстэй. Нөгөөтэйгүүр, зүүн эсер-троцкистууд, сталинчуудын санаа зорилтыг үг дуугүй биелүүлэгч, өдөөн хатгагч гар хөл бологч нь Х.Чойбалсан гэдэг бас танигдаад иржээ. Ийнхүү 1921 оны “нууц хэлэлцээр” гэгчээр сталинчуудын зүгээс ямар ч ял зэмлэл хүлэхгүй хүссэнээ хийж, өндөр албан тушаалд хүрч чадах цорын ганц хүнээ Х.Чойбалсан тодорчээ. 

    ЗОУ-д ч гэсэн 1922 онд зүүн эсер намын ”гадаад улсуудтай харилцааг урвуулж, зохион байгуулалттай аллага үйлдсэн” хэрэг илэрч, шүүгдэж эхэлжээ. Гэвч тэдний шүүн таслах ажиллагааг В.И.Ленин болиулсан гэнэ. Учир шалтгаан тодорхойгүй энэ шийдвэр тэр их хүний нэгэн алдаа байсан болов уу. Түүнээс хойш Монголд гэхэд л зүүн эсер-троцкистуудын аллага хядлагын арга улам нарийсаж, буудан алахаас аваад элдэв муу аргаар хорлох явдал ихэссэн гэх баримт байна. 1922 оны эцсээр Д.Сүхбаатар, С.Данзан, Д.Бодоо нар Монгол улсын нам, төрийн байгуулалтын асуудлаар хоорондоо зарчмын зөрөлдөөнгүй, нэгдмэл бодол санаатай байсан нь харьяат цэргүүддээ сэнхрүүлэн ухуулсан жанжны бичгээс тодорхой харагдаж бөгөөд тэдний хооронд зөрөлдөөнтэй мэт байсан зүүн эсер-троцкистууд, сталинчууд анхнаасаа манай хувьсгал, нам төрийн ажилд туслахын зэрэгцээ үзэл санаа, хүсэл зорилгоо тулгаж ирснийг ойлгосны үр дүнд бодож боловсруулсан нарийн тактикийн ажиллагаа явуулсан болох нь мэдэгдэнэ.     

    “Цэрэнпилийн хэрэг” Цэрэнпилийн эцэг нь цагаан намын баян буриад хүн байжээ. Ардын цэрэг Хүрээнд орс ирсний дараа Д.Сүхбаатар “Ардын засагт зүтгэх үү?” гэж Цэрэнпилээс асуухад тэр “үгүй” гэсэн байна. Тэгэхэд нь Д.Сүхбаатар “Тэгвэл дуртай зүгтээ яв! гэсэн аж. Э.Ринчино чухамхүү энэ байдлыг ашиглан гэмт хэрэг зохион байгуулжээ. Хэргийн материалаар бол Цэрэнпил “Халхын бүхийлэн хутагт, хувилгаад, хан, ван, бэйл, бэйс, гүн засаг сайд, түшмд олон нийт зөвлөлдөн их Рибэн улсын хаантнаа” гэсэн бичгийн 20 гаруй хүнд үзүүлж “Богд хаантны тааллаар Манзшаир бламаас зарагдаж”, “сайд Магсаржав, гүн Төртогтох нарын зөвшөөрлөөр” явж буй хэмээн худал ярьж, сүсэгтэн олныг итггүүлж яваад Манжуурт оргон гарчээ. Ийнхүү Э.Ринчино нарын хууль цааз завхруулсан ажиллагааг шүүмжилсэн хоёр сайд, тэднийг дэмжсэн Богд хааны нэрийг гаргаж, их бага цол хэргэмтнийг дурдсан явдал Ардын нам, засгийн удирдагчдыг ч хамаатгасан санаатай болох нь баримтаар нотлогдоно. Манзшир хутагтын нэрийг оруулсан нь учиртай ажээ. Манзшир хутагт С.Цэрэндорж барон Унгерийн байгуулсан “Түр засгийн газрын Ерөнхий сайд”-аар 64 хоног ажиллаад буусан. Тэгэхлээр түүний Богд хааны эсрэг ашиглаж болох ажээ. Нөгөө талаас баронтой хуйвалдсан гэж айлган сүрдүүлэх боломжтой. Иймээс л Э.Ринчино “Тогтох тайж, Цэвээн тэргүүний хэрэг” гэгчээр Богд хаан, Маншир хутагт,Тогтох нарын зөрчлийг ашиглан нэр гаруулжээ. 

    “Цэрэнпилийн хэрэгт” холбогдсон оточ Сэрээнэнгийн мэдүүлэгт:”Ноднин жил зуны цаг урьд зүс таних хар Дампилын учирч хэлсэн үг Би ардын засгийн устгах тул эл учрыг Богдын хаанд айлтгаж өг хэмээхэд би чингэж айлтгаж чадахгүй хэмээсэн ба бас Манзшир ламын надад хэлсэн нь -Чамд нэгэн хар хүмүүн үг хэлж явму хэмээхэд би Дампилын хэлсэн үгийг бүрнээ хэлсэн ба мөн хавар цаг урьд сайн таних... Балдан миний гэрт ирж, би ардын засгийг устгах хэргээр Жибэн улсад явж тусламж ирмүй. Энэ учрыг Богд хаантнаа айлтгаж өгмү, бас надад мөнгө янчаан зээлүүдүүлмү хэмээмэгц би:Богд хаанд айлтгахгүй бас надад бэлэн мөнгө үгүй хэмээгээд мөнгө өгөөгүй” гэжээ. 

    Мөн хэргийн учир тусгай томилогдсон комиссын гишүүд, сайдууд олноо өргөгдсөний 13 /1923/ он, 3 дугаар /5/ сарын 25 /10/-нд Монгол ардын засгийн газраа мэдэгдсэн хуудсанд Цэрэнпил нарын 8 хүн, түүний дотор Сэрээнэн отчийг “чухал хэргийг Богд хаанд айлтгаагүй” ял тулгаж буудан алж шийтгэх, “Манзшир лам чухал холбогдсон боловч нэгэнт гэрчлэн гаргасан тул ял хэлэлцэхийг хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. 

    “Эрэгдэндагвын хэрэгт” холбогдсон Манзшир хутагт хэмээх Самбадондог овогтой Цэрэндорж 1930 оны 7 дугаар сарын 23-нд мэдүүлэхдээ: “Хулгана жилийн намар Ринчино манайд очоод та нар Банчин эрдэнийг залах хүсэлтэй юү гэж асуухад нь олноор юм ярихгүй л байна. Надад ч санасан юмгүй гэж би хариулсан юм. 

    Улсаас урваж, Япон улсаас тусламж эрж, Монголын ардын засаг төрийг устгахаар гадаадад оргосон Цэрэнпил нарын хэрэгт холбогдсон тухайд тодорхойлбол: Цэрэнпил гэгч удаа нэг удаа манайд ирээд Япон улсаас тусламж гуйх бичиг яаж хийх тухай зөвлөн хэлэлцэхэд би зөвшөөрч буцаасан. Дараа нь түүний бие бичгийг жинхэнэ эхийг үйлдээд надад үзүүлж уншихад нь зөрвшөөрсөн юм. Гэтэл дараа нь уг бичигт миний тамга даруулахаар ирэхэд нь уг бичгийг үзвэл хэд хэдэн тамга дарсны дотор Богд хааны болон Дотоод яамны сайдын тамга харагдсан тул би ийм улс төрийн хэрэгт бие дааж оролцоогүй болохоор шийдэж ядан нэгэнт Богд эзний тамга байгаа болохоор нэмж дарахыг зөвшөөрөлгүй буцаасан. Мөн өвлийн сард бас Батмөнх ирж, одоо дахин тамгатай нэг бичиг очвол баттай болох нь гэхэд нэгэнт урьд дараагүй болохоор эс дарсан тул тэрээр мордож зугтсан билээ. 

    Дараа Чойбалсанг манайд очиход уул хэргийн тухай ярилцаж асуусанд даруй гэрчлэн мэдүүлсүгэй гэснээр тодорхойлон мэдүүлсэн юм. 

    Сүүлд нь хэрэг үйлдэгсдэд ял унагаж, Богд бид хоёрыг олны багш учир ял оногдуулсангүй өнгөрсөнд би их баярласан” гэжээ. 

    Дээр дурдсан бүх баримтыг нэгтгэн үзвээс Д.Сүхбаатар “Цэрэнпилийн хэргийг” шалган байцаах явцад нам, төрийн бузарлаж буй “үл бүтэх этгээд”-ийг үндсэндээ таньж мэджээ. Хэрвээ Цэргийн зөвлөлийн тэргүүлгэч Элбэгдорж Ринчино эрх тушаалын боломжоо ашиглан уг хэрэгт гүн холбогдсон Манзшир худагтай Х.Чойбалсанг уулзуулж,”хэргийг илчлүүлэх” ажил зохиогоогүй, Д.Сүхбаатар өөрөө буюу Д.Балдандорж түүнтэй уулзсан бол Э.Ринчиногийн халуун мөр дээр бууж чадах байжээ. Эл байдлыг Д.Сүхбаатар ч гадарласан бололтой. 

    Магсаржавын мэдүүлэгт: “Ноднин өвлийн тэргүүн сард чин ван лам Дашдэндэвийнд байгаа Гончигдашийн хэлсэн үг: Цэрэнпил болбоос та бид хоёрын шавь билээ. Тэр чинь Манжуурын газар улс төрийн хэргээр яваа хэмээн сонстоно хэмээхэд Гончигдаш болбол Засгийн газрын төлөөлөгч тул энэ мэт хэргийг зохих газар мэдэгдсэн хэрэг болов уу хэмээн төдийлөн онцолсонгүй өнгөрч умартаад нэгэн сар илүү болсон хойно гэнэт санагдмагц хүү Дугаржавт хэлсэнд Дугаржав жанжин Сүхбаатарт хэлэв хэмээснээс өөр үзэж мэдсэн ба сонссон зүйл огт үгүй” гэжээ. Үүнээс үзэхүл эл хэрэг ямар нэг хэмжээгээр Д.Сүхбаатарын эсрэг хандсан нь ойлгогдож байна. Гэвч Э.Ринчино эд байдлыг Д.Сүхбаатар нас барсны дараа өөр нэг хэргээр далдлахаар тооцсоныг баримт харуулна. 

    “Цэрэнпилийн хэрэгт” нэр холбогдсон Зүүн хязгаарыг тохинуулах сайд Алтангэрэл, Ардын засгийн төлөөний түшмэл Гончигдаш нарыг баривчилж ирэхээр томилогдсон Х.Чойбалсантай Д.Сүхбаатарын сүүлчийн удаа уулзахдаа хэлсэн үгээс үзэхэд их л үл итгэлцсэн байдалтай байжээ. 

    ... Х.Чойбалсангаас “Би таны тушаал ёсоор Алтангэрэл, Гончигдаш хоёрыг барьж авсан дороо инагш хүргүүлэх болох тул чинагш тэдний хань холбоотнуудыг хэрхэнд ямар арга замаар цөмийг олж ирүүлэх билээ? хэмээхэд Д.Сүхбаатараас “Чи өөрөө мэдэх хэрэгтэй. Би эндээс юу гэж хэлэх буй. Юу боловч заавал бүх хэсгийг илрүүлэн олох хэрэгтэй” гэжээ. Энэ бол Х.Чойбалсангийн хожмоо бичиж үлдээсэн үг. Тэгэхлээр үнэндээ аль хэр нийцэхийг таашгүй, ямартай ч Д.Сүхбаатар дээрэмчин Дамбийжанцанг сөнөөх тухайд Д.Балдандорж нарт зааж захисан үгтэй харьцуулахад дэд жанжиндаа ийм үг хэлсэн байж боломгүй. Тэгээд ч “тэдний хань холбоотон” гэдэгт Д.Сүхбаатар холбогдоод байгаа юм биш үү гэх бодол дээр дурдсан баримтуудаас төрөөд байгаа юм даа. 

    Торгууд цэрэг М.Т.Бимбает хожим дурсахдаа: Ардын засгийн газар Егүзэр хутагтын хуйвалдааныг дарахын тулд 1923 оны 1 дүгээр сарын сүүлчээр ардын цэргийн дэд жанжин Х.Чойбалсан, ДХГ-ын дарга Д.Балдандорж болон өөр 10 хүний бүрэлдэхүүнтэй онцгой хэсгийг Дорнод уруу илгээв. Сан бэйс /Баянтүмэн/-д хүртэл монголын хувьсгалын жолоодогч Сүхбаатар дөнгөж 30 насандаа нас барсан тухай хүн хэцүү мэдээ бидэнд ирлээ. 

    Чойбалсан энэ хохирлыг нэн гашуудан хүлээн авсан ба Балдандорж болон бид бүхэнд хандаж “манай жолоодогчийг алчихлаа. Бид түүнийг дотоодын дайснаас хамгаалж чадсангүй” хэмэн харамсаж хэлж байсан. Яагаад ч юм тэр Сүхбаатарын үхлийг монголын хувьсгалын эсэргүү нараас бэлтгэсэн улс төрийн аллага гэж итгэж байсан юм. Сүхбаатарыг урьдаас санаатай хорлосон гэх шууд баримт байгаагүй ч хувьсгалын дайсан Сүхбаатарыг алав гэсэн дам яриа Монгол даяр түгэж байлаа” гэжээ. 

    Алтангэрэлийн мэдүүлэгт: “Ардын засгийн анх байгуулснаас эдүгээ хүртэл цэргийн албанаа зүтгэж явна. Ноднин жил намрын сүүл сард жанжин Сүхбаатар хязгаарыг байцаахаар одоод Ачит вангийн хошууны бичээч Цэрэнпил гэгч Ардын засгийг устгахаар Манжуурын зүгт оргон гарсан чимээ буй тул сэргийлэн сурвалжилтугай хэмээсэн чимээ буй тул сэргийлэн сурвалжилтугай хэмээсэн ба мөн өвлийн дунд сарын 20-дын хэрд төлөөний түшмэл Гончигдаш жанжин нэгэн адил хэлээд би ч мөн сурвалжлан буй хэмээхэд төдийлөн онцлон асуусангүй... цалгардсан нь туйлын үнэн” гэжээ. 

    Гончигдашийн мэдүүлэгт: “Цэрэнпил Манжуурт явсан хэмээнийг сонсоод өвлийн дунд сард Нийслэл орж Дотоодыг хамгаалахыг Намсрай, Баторун,Дамдин жич Магсаржав хурц, Баваасан, Хатанбаатар ван сайд Алтангэрэл, Дамчаабаатар нарт хэлсэн билээ. Үүнээс өөр үзэж сонссон хэрэг огт үгүй нь туйлын үнэн” гэжээ. 

    Ийнхүү гүн Цэрэнпилийн оргож хил давсан тухайд нэр бүхий нэлээд хэдэн хүн мэдсэн атал Намсрай, Баторун хоёроос бусад нь албанаас халагдаж, нас барах алагдах зэргээр хохирчээ. Д.Сүхбаатарыг нас эцэслэсний дараа 1923 оны 4 дүгээр сарын К.Баторун ДХГ-ын даргаар томилогдож Д.Балдандорж халагджээ. Бүх цэргийн зөвлөлийн тэргүүлэгчийн дүрмийн дагуу Э.Ринчино ДХГ-ын дарга Д.Балдандоржийг Х.Чойбалсангийн хамт томилон явуулсан байх ёстой. Х.Чойбалсан бол Д.Сүхбаатарын үхэлд ямар нэг хэмжээгээр хамаатайгаа мэдэгдэхээс айж ДХГ-ын дарга Д.Балдандоржид бурууг чихэн уурссан биш үү. Харин түүний цаана Э.Ринчино, Я.Блюмкин, тэдний ард БООК, троцкистууд, сталинчууд байлаа. 

    Д.Сүхбаатар нас барсан тухайд: Н.Янжмаа дурсан бичихдээ. “Сүхбаатар шөнө бүр өөрийн биеэр цэргээ эргэдэг байсан. Нэгэн шөнө надад цагаа өгч яг 4 цагт сэрээгээрэй гэв. Тийнхүү 4 цагт босож цэргээ эргээд 6 цагт ирсэн бөгөөд дахин явах хэмээсэн, толгой өвдөв хэмээгээд босож чадалгүй хэвтэв. 

    Тэр үед Ерөнхий сайд Жалханз хутагтын зэрэг сайдууд орж ирээд Сүхбаатарт лам эмчээс төвд эм өгүүлсэн бөгөөд шөнө нь маш их халуурсан бөгөөд төр шөнө би бас өөрөө халуураад хэвтчихэв. Хоёулаа ухаантай, ухаангүй хэвтэх болсон бөгөөд бидний манжуурын нэгэн доктор, хэдэн монгол эмч нар ээлжлэн эмчлээд байв. 

    Намайг ухаангүй өвчтэй байхад өөр гэрт оруулж орхисон бөгөөд чинагш юу болсныг мэдсэгүй. Гагцхүү урьд өдөр нь Сүхбаатар саруул ухаантай байхдаа: “Цагаан сар болж байна, юу болох бол хэмээн үргэлж санаа зовж байсан ба бас цэргүүд архи ууж буй хэмээн хэлж байв. 

    Хожим мэдвэл Сүхбаатар өвдсөнөөс хойш долоо дахь хоног дээрээ эмнэлэг авалгүй наснаас нөгчсөн байжээ. Сүхбаатарыг наснаас нөгчсөнөөс хойш би 3-4 сар хүний гарт хэвтэж сэхээд ганцаардан өнчирснөө мэдрэн хүлээсэн” гэжээ. 

    “Бид цагаан сарын идээ будаа бэлтгэж байсан бөгөөд банш, бууз өгөхөд идсэнгүй хэвтээд ихээхэн халуурч маргааш өглөө нь босож чадсангүй билээ. Би битүүний орой Жамсрангийн Цэвээний зөвлөсөн ёсоор Гүрийн доож машинд сууж яваад Сүхбаатарыг үзүүлэхээр эмч Антовновыг авчрав. Антоновт үзүүлсэн боловч Сүхбаатар бие сайжирсангүй улам муудаж байсан ба үүний дараа ямар эмч залж үзүүлж байсныг мэдэхгүй. Биднийг ч гэрт оруулахгүй байсаар цагаан сарын шинийн 5-ын шөнө үүр цайх шахам байхад гэртээ нас барав” гэж Л.Дэндэв дуртгалдаа өгүүлжээ. 

    Хэдгийгээр хүнд зовуурт өвчин туссан боловч нас нөгчихийн урьд өмнө ... түүний бие ёолж, санаа алдах завсар сулхан дуугаар надад хэлсэн нь:”Манай хэрэг юу болж байна... Өнөөх Цэрэнпилийн этгээд нар... цагаан сараар... дашрамдуулж ... хөдлөх болов уу... ихэд сэжиглэнэ” гэв. Үүгээр бол нөхөр Сүхбаатар хар үхлийн босгыг алхахад хүртэл гагцхүү туйлын үнэн жинхэнэ ардын хувьсгалч этгээдийн чин үнэнч баатар зоригийг сахижээ. 

    Бас нөхөр Сүхбаатарын өвчин хүндрээд байх үесэд түүний ах дүү, ураг садан нар Богд ба гүрэмч нарт айлтгаж гүрэм зэргийн аргыг хэрэглэхийг ихэд хүссэн учир Жамсран /Цэвээн/, Данзан зэргийн бидний хэдэн нөхдөөс өөрсөд зайлж, чиний төрөл садан нарын хүссэн ёсоор аргыг хэрэглэвэл чиний таалалд юун болох гэсэнд нөхөр Сүхбаатарын хариуцсан нь: “Юун ураг садан... надад тийм гэх юм байхгүй... миний ураг садан намын журамт та нар зэргийн нөхөд болно... би та бүгдийг шүтнэ. Өөр зүйл надад хэрэггүй” гэв. 

    Эдгээр үгийг хянаваас гавьяат манай хөөрхий нөхөр амийг барагдах хүртэл ард түмэн, улс төр гэсээр ертөнцийн мөнх бусыг үзүүлснээс гадна тус хувьсгалт ардын намаа өөрийн төрсөн эцэг эх мэт үзэж шүтэж явсан нь гэгээн өдөр мэт илэрхий болой"”гэж Э.Ринчино бичжээ. 

    МАН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн 2 дугар хурлын шийдвэрийн дагуу 1923 оны 2 дугаар сарын 27-ны өдөр европ эмч Корнева, Ротт, Селезнев, Соловьев, монгол эмч Лувсандорж, Гэлиг, Лхамцэрэн нам эвлэлийн байгууллагын төлөөлөгч Сандаг, Данзан /япон/, Буяннэмэх, Нацов нарын бүрэлдэхүүнтэй тусгай комисс Д.Сүхбаатарыг элэгний өвчнөөр нас барсан байж болох юм гэсэн урьдчилсан дүгнэлт хийж, зөвлөлтийн аль нэг хотод шинжилгээнд өгч оношийг тодруулах нь зүйтэй юм. 1923 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ЗХУ-ын Чита хотын төв эмнэлэгт хийсэн химибактериологийн шинжилгээний явцад Д.Сүхбаатарын бие хорлогдсон байж болох ямар нэг шинж тэмдэг илрээгүй гэжээ. Гэтэл 1978 онд Америкаас ирсэн нэг жуулчин өөрийгөө “Сүхбаатарыг эмчилж байсан Соловьевын хүү” гэж танилцуулаад эцэг Соловьев нь Д.Сүхбаатарыг нас барсны дараа Манжуур гарч тэндээсээ Америкт очсон бөгөөд ямар учиртайг мэдэхгүй, юм ярьдаггүй байсан хэмээн ярьж байжээ”. Цэрэндорж Номинханы дуртгалд үзвэл Д.Сүхбаатарын өвчтэй байсан, нас барсан, оршуулах үеийн зургийг авах зурагчин олох даалгаврыг түүнд өгснийг ёсоор гүйцэтгэсэн ажээ. Сүүлийн хоёр баримт Н.Янжмаа, С.Галсан нарын дуртгалыг баталж байна. 

    Дээрх баримтуудыг хянавал Д.Сүхбаатарын нас барахын урьд өдөр дэргэд нь байсан хүн цорын ганц Элбэгдорж Ринчино байжээ. 1925 онд бичсэн өөрийнх нь дурсамжийн агуулга, бичлэгийн хэлбэрийг шинжвэл хожим 1930-1940 оны үеийн хэрэгтний мэдүүлэг гэгэч тулгалтын гүтгэлэгтэй ихэд адил төстэй байна. Тэрээр Д.Сүхбаатарыг Богд хаан, ерөөл феодал лам нартай холбохыг хүчлэн оролдсон боловч жанжин Д.Сүхбаатар эс хүлээжээ. Чингээд 1924 онд өөрийнх нь тулгалтаар Ардын намын нэрэнд нэмсэн “хувьсгалт” буюу зүүн эсер хэлбэртэй болгосон намд Д.Сүхбаатарыг үнэнч байсан мэтээр харуулжээ. Э.Ринчино юунд ийм бузар хэрэгт оролцов? Тэр Монголын толгойд гарч, гурван Монголыг хумьж Зөвлөлтөд нэгтгэх гэсэн Пан Монголын зорилгоо буюу И.В.Сталины даалгаврыг л биелүүлэх гэжээ. 

    “Пан Монголын хөдөлгөөн ба түүнд үзүүлсэн Ринчиногийн үүрэг” гэсэн өгүүлэлд Э.Ринчино Зөвлөлгөөс тусламж гуйхаар очсон анхны долоогийн дотор Д.Сүхбаатарын нэрийг оруулахгүйг дээр тэмдэглэсэн билээ. Гэтэл Монгол ардын түр засгийн газрыг сонгон байгуулсан 1921 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тогтоолд “Монгол ардын засгийн хэргийг Бүгд ерөнхийлөн захирах газар байгуулах”-ыг заагаад 1921 оны 4 дүгээр сарын 23-нд баталсан Монгол ардын түр Засгийн газрын дүрэм /төсөл нь байгаа боловч батлагдсан эх нь одоогоор олдоогүй/-д “Дотоод, гадаадын хэрэг ба нийтээр зарлах, тушаах хэргийг Бүгд ерөнхийлөх дарга эрхэлнэ” гэжээ. “Бүгд ерөнхийлөх дарга” буюу Ерөнхийлөгчид Д.Сүхбаатарыг сонгохоор МАН, Засгийн газар төлөөлөж байсан нь 1923 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Монгол ардын засгийн газрын эмгэнэлийн бичигт “Ардын эрхтэй хэмжээт цаазат улсын засгийг явуулан ард түмэнд эрх чөлөө олгосон гайхамшигт сүр, яруу алдар чинь бүх дэлхийд түгээмэл алдаршсан жанжин Сүхбаатар чиний биеийг Монгол улсын төрд өнө удтал болдын багана мэт бэх бат түшиг тулгуур болох буй заа хэмээн гүнээ итгэмжилсэн бөлгөө” гэснээс тодорхой. 

    Э.Ринчино чухамхүү “Бүгд ерөнхийлөх даргын” тушаалын төлөө өрсөлдсөн бөгөөд Х.Чойбалсанг Консулын бүлгэмийн удирдагч, Ерөнхий сайдын тушаалд Д.Бодоогийн эсрэг турхирчээ. 1939 онд л тэр зорилгодоо хүрэхэд нь И.В.Сталин тусалсан байна. Э.Ринчиногийн тухайд бол тэр үед БНМАУ-ын Үндсэн хуулийн төслийг ид боловсруулж, ерөнхийлөгчийн асуудал үндсэндээ шийдэгдээд байсан учир санаа зорилгодоо хүрлээ гэж үзээд өрсөлдөгчөө зайлуулах замд оржээ. Гэвч түүний далд санаа бодлыг ерөнхий сайд Б.Цэрэндорж, Ж.Цэвээн, С.Данзан нар танин мэдэж, урьдчилан сэргийлэх, илчлэн няцаах ажил зохиожээ. С.Данзан түүнийг “Монголын төлөө үзэлтэй хүн юм гэж би урьд нь хууртан явжээ. Элбэгдорж бол хууран мэхлэгч, Элбэгдорж бол Оросоос суулгасан төрийн хутгуур, Элбэгдорж бол хувьсгалын эсэргүү, эзэрхэг харгис дарангуйлагч этгээд юм” гэж намын байгууллагын өмнө илчилжээ. Энэ бол МАХН-ын III их хурлын өмнө болсон явдал бөгөөд Элбэгдорж элдвээр саад хийх гэж оролдсон байна. Тэр III их хуралд хэлэхдээ “Данзан бүх монгол омогтныг нэгтгэх тухай” илтгэл тавихын тул Нийслэл Хүрээний намын үүрүүдийн бүх гишүүдийн хулыг зарлан хуралдуулах өргөдлийг Төв Хороонд оруулав. Ийм чухал хэргийг Төв Хороонд урьдчилан хэлэлцэлгүй олны өмнө тавьж болохгүй гэж би учрыг гаргаж, хэчнээн эсэргүүцсэн боловч Нийслэл Хүрээний үүрүүдийн төлөөлөгчдийг /үүр тутмаас 10 хүн бодож/ хуралдуулахыг Төв Хороо зөвшөөрчээ” гэснээс түүний хэн болох нь нийтэд нь танигдаад байжээ. 

    Ерөнхий сайд Б.Цэрэндорж МАХН-ын III их хурал хуралдахаас хоёрхон өдрийн өмнө буюу 1924 оны 8 дугаар сарын 1-нд Төв Хорооны тэргүүлэгчдийн 24 дүгээр хуралд “ДХГ ойрноос ... хамаагүй хэрэгт оролцох ба учир битүүлгээр хүнийг барьж хорих зэрэг үзүүрээр хэрэг шийтгэв хэмээх үг шүүмжлэл ер тасрахгүй” болсныг шүүмжлэн хэлэлцүүлээд ДХГ-ын Цэргийн зөвлөлийн харьяанаас гаргаж, Засгийн газарт шууд захируулахаар тогтоосон бол Улсын анхдугаар их хурлын өмнөхөн Үндсэн хуулийн төсөлд “ерөнхийлөгч”-ийн асуудлыг оруулахгүй хасаж хэлэлцүүлэх саналаа эрс тавьж шийдвэрлүүлсэн байна.     

    Дээрх баримтуудаас үзвэл, улсын ерөнхийлөгчид нэр дэвшигдэж болох сүүлчийн хүн бол С.Данзан гэж ойлгосон Э.Ринчино тэргүүтэй зуун эсер-троцкистууд түүнийг улс төрийн тавцангаас хүчээр зайлуулах ажиллагаанд шилжжээ. Тэгэхдээ ДХГ-ын тагнуулын ажиллагааг ашигласан гэх үндэстэй байна. 

    “Данзантай би 1920 оны эхээр нүүр учирч танилцахдаа нууц бүлгэмд тохиолдсон бөгөөд...1922 онд Сангийн Яаманд ажиллаж байхад нь Монголын армийн штаын тагнуулын хэлтсийн санхүүгийн асуудал шийдвэрлэхээр очиж уулзаж байсан юм. 1923 оны 3 дугаар сард би шинэ жанжинтэй уулзаж, ажил танилцуулахаар штабт орж билээ. .. Данзан ямагт нүдээ аньсхийн харалган юм шиг хүнийг доогуур ширтэж хардаж хүйтэн харцтай бөгөөд нэг л эвгүй сэтгэгдэл төрүүлдэг байж билээ. Тагнуулын хэлтсийн ажиллагааг танилцуулж тагнуулын отрядын байрлалтын тухай ярих гэтэл Данзан ... сонирхох ч үгүй байж билээ... Үнэндээ эх орноо батлан хамгаалах асуудал Данзанд сонирхолтой биш байжээ” гэж И.А.Сороковиков хожим бичжээ. 

    Сургагч зөвлөх нар С.Данзанд итгэхгүй болсон, С.Данзан тэдэнд хүйтэн хандах болсны шалтгаан өөр зүйлд байлаа. Тэрээр анх ЗОУ-аас тусламж гуйхаар очихоосоо л Тагна Тувагийн асуудлыг тавьж, анхны хэлэлцээр байгуулах үедээ Нэгдсэн Монгол улсын тухай ард түмнийхээ санал хүсэлтийг илэрхийлжээ. Цэрэндоржийн Ширнэндамдин 21 /1931/ оны 11 дүгээр сарын 1,3-нд мэдүүлэхдээ: “Анхны ардын засаг байгуулаад Данзан, Сүхбаатар, хичээнгүй сайд Цэрэндорж бид нар Холбоот улс лугаа гэрээ байгуулах хэргээр Москва хотноо очиход, Тагна Дува, Дотоод Монголын зэрэг монгол овогтныг нэгтгэх тухай уул гэрээнд оруулах саналыг гаргаж байсан боловч уг санал нь бусдыг эзэрхэг хэмээсэн бодлого хэмээн хэрэгсээгүй” гэжээ. “13 /1923/ онд жанжин Данзан, хичээнгүй сайд Цэрэндорж, Элбэгдорж гурваас Монгол улсын тусгай бүрэн эрхтэй болсон учрыг Дотоод Монгол үндэстэнд танилцуулж, Ар Монголд нэгтгэхийг оролдох асуудлаар намайг явуулсан... Би Бээжинд 7 сар шахам сууж, 14 /1924/ оны хавар ирж, ярьж хэлэлцсэн байдлыг Данзан, Элбэгдорж Цэрэндорж нарт хэлсэн билээ. 

    14 /1924/ оны өвөл Элбэгдорж, хичээнгүй сайд Цэрэндорж нараас Хятад, Орос хоёр улс Монголын тусхай ямар гэрээ, хэлэлцээр хийх зэргийг мэдэж ирсүгэй хэмээн даалгасан ёсоор дахин Бээжин хотноо одов... Мэрсээгээр хэлмэрчлүүлэн Бээжин хотноо буй Оросын элчин сайд Карахантай уулзаж, Эрхэм улсын тусламжаар манай Гадаад Монгол айл болж байна. Бид бүх монгол үндэстнийг нэгтгэхийг хүсдэг ба нэгдэхийн инар монгол үндэстэн инагш чинагш харилцаж, өөр өөрсдийн санал онолоо мэдэлцэж байх тухай тусламж үзүүлэхийг хүснэ гэдэг элчин сайд Караханаас “Болно” гэсэн бөлгөө. 

    Нэгэн өдөр Мэрсээгээс нэгэн хятад сонин олж авчирсныг үзвээс Оросын элчин, Хятадын ГЯЯ-наас томилогдсон Ван нарын хэлэлцсэн гэрээнд Гадаад Монгол бүрэн бүтнээр Дундад улсын нэг хэсэг газар мөн хэмжээжээ... Сонины тэр хэсгийг таслан авч 14 /1924/ онд буцаж ирээд хичээнгүй сайд Цэрэндорж, Элбэгдорж нарын нэгэнд өгсөн, чухам хэнд өгснийг умартжээ” гэсэн байна. 

    “Япон” хэмээх Баатарын Данзан 1932 онд мэдүүлэхдээ “Хятадын Гоминдан намын их хуралд оролцохоор ... Гуандун хотноо очиж, Сүн Ван-/Сун Ятсен/-тай уулзсан ... Эгэж ирэх замдаа Бээжин хотноо бууж, ... тэр үесэд Оросоос Хятадыг зусардан, Гадаад Монголыг бүрэн эрхтэй улс болгохгүй, ... нэгэн муж болгохоор хэлэлцэж байсан учир миний бие Хятхдын ГЯЯ-ны сайд Ван, Оросын элчин сайд Карахан нартай уулзаж, Гадаад Монголыг тусгаар бүрэн эрхтэй болгох тухай Карахантай заалдаж явсан билээ...Чингэж Гадаад Монголыг нэгэн муж болгох хэмээсэн хэрэгт Карахан дараа нь хөөгдсөн болно” гэжээ. Б.Данзан ЗОУ-д суусан Монгол улсын элчин сайд байхдаа Тагна Дувагийн асуудлаар ихээхэн хөөцөлдсөний үр дүнд хоёр талын комисс байгуулж хэлэлцээд Тагна Дуваг тусгаар улс болгосон байна. Энэ тухай ЗОУ ба ОК/ба/Н-ын Бүрэн эрхт төлөөлөгч А.Н.Васильев хэлэхдээ... “Орос, Дундад хоёр улс найрамдлын гэрээ болзоо тогтооход... Монгол улсыг Дундад улсыг нэг хэсэг газар болгосон хэмээх өгүүлэл буй ... Басхүү завсарт баахан тохироогүй нэгэн хэрэг нь Тагна Урианхайн хэрэг” юм гээд хоёр талаас төлөөлөгч томилсон тул энэ асуудал “сайнаар” шийдэгдэх байх гэснээс тодорхой. С.Данзанг авч хаях урьд Д.Бодоо, Д.Сүхбаатар нарыг зайлуулсантай нэгэн адил эхнээсээ зорилго, дэс дараатай, нэгээс нөгөөд шилжих шат хувилбартай, тус бүрд бүтвэл хэрхэх эс бүтвэл хэрхэхийг бодож төлөвлөсөн, бодит байдлыг зориуд хэтрүүлэх аргаар бүтээсэн зохиомол хэрэг юм. А.Н.Васильев III их хуралд баяр хүргэж хэлсэн үгэндээ “Энэхүү их хуралд дотоодыг засаж сайжруулан элдэв хэрэг зорилгоор бүрэн бүтэн болгох явдлыг хэлэлцэн гүйцэтгэвэл зохино” гээд С.Данзанг хууль журмын гадуур цаазаар аваачсаны дараа “Та нарын гаргасан шийдвэр бол аль ч талаар үзсэн хууль ёсны шийдвэр мөн” “Бид эзэн хүний ёсоор засаж залруулж, дэг журмыг сахиуллаа. Одоо манай улсад амгалан тайван болсон” гэсэн нь дээрхийг нотлох бөгөөд хэрэг явдлуудыг төлөөлөн буй улсынхаа нэрийн өмнөөс нэгтгэн дүгнэсэн хэрэг мөн. Ийнхүү С.Данзанг цаазаар аваачсан тухай тогтоолыг их хурлаар батлуулах гэхэд төлөөлөгчид “Болчимгүйтэж алчихаад хурлаар батлуулах хэрэг байна уу?” гэж эсэргүүцжээ. 

    Монголын нэгдсэн төр, улсын тухайд нам, засгийн бодлого, тагнуулын үйл ажиллагааг нарийн тодорхой мэдэж байсан Э.Ринчино ажил хэргийг хааш нь ч эргүүлж гуйвуулах боломжтой “харгис хэрцгий эзэрхэг урвагч”, “төрийн хутгуур” болохыг танин мэдсэн Б.Цэрэндорж, С.Данзан, Ц.Дамбадорж нар урьдчилан сэргийлэх нэлээд ажил хийжээ. Данзан “Ринчино өнөөдөр намайг тонилгоод, маргааш та нарыг тонилгоно” гэж олон нийтийн шугамаар илчилж, Э.Ринчиног Москвад явуулах шийдвэрийг Ц.Дамбадорж гаргаж, Б.Цэрэндорж, ДХГ-ын Э.Ринчиногийн гараас Засгийн газрын мэдэлд шилжүүлэв. Иймд нөхцөлд Э.Ринчино Я.Г.Блюмкин нар асуудлыг газар дээр бие даан шийдэж чадахгүй болсон бололтой. Э.Ринчино хойшоо яваад иржээ. Энэ үеэр Х.Чойбалсан ч бас байхгүй болоод гэнэт гарч ирсэн тухай яриа байдаг. 

    Монголын ардын төр,нам, засгийн удирдлагаас тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хамгаалахын тулд ийм эрс арга хэмжээ авахад хүрсний өмнө Зөвлөлт Орос Улсын бүрэн эрх барих элчин сайдаасаа эхлэн Монголын удирдагчдыг хэрхэн хутган үймүүлж, хууран мэхлэж, тулгаж шаардаж байсан тухайд баримт дардвал: Ерөнхий сайд Б.Цэрэндорж тэмдэглэлдээ: 

    1924 оны 6 дугаар сарын 1-нээ орос элчин /А.Н.Васильев/ манай засгийн газар ирж, илтгэн хэлсэн нь: 

1. Орос, Хятадын гэрээг Америк,Франц үл зөвшөөрөн, Хятад засгийн газрыг хориглосон учир батлаагүй ба харин Сүн Ван /Сун Ят-сен/-тай их барилдлагаатай болгосон ба Орос Япон хоёр Бээжинд найрамдлын гэрээ үүсгэн хэлэлцэж байгаа тул манай Орос Засгийн газраас Хятадтай гэрээ байгуулах хэргийг чухалд үзэхгүй болсон. Танай Монгол Сүх Ван лугаа бат барилдаатай болох ба тэнд төлөөлөгч илгээж үргэлж суулгаваас алсдаа их тус болно. Бас ч Барга ба Дотоод Монгол лугаа харилцан нэвтрэлцэхийг хичээвээс зохино хэмээв. 

2. Урианхайд /Тагна Дува/ гарсан самууны туахй хоёр этгээдээс төлөөлөгчдийг томилон илгээвээс зохион хэмээгээд бас энэ хэрэгт танай Элчин сайдаас манай гадаад яаманд ноот бичиг өгсөнд манай Засгийн газар ихэд гомдож буй. Тэрхүү бичгээ эргүүлэн авбал хоёр улсын зузаан найрамдалд сайн болно хэмээсэнд би зөвшөөрөв. 

3. Бидний хоёр этгээдийн энд хэлэлцсэн албаны нууц чухал хэргүүдийг Бээжинд хятадууд цөм тодорхой мэдэж буй хэмээн Караханаас мэдээ ирсэн. Энэ нь лав Хятадын талын хүн тийнхүү нэвтрүүлж буй мэт тул сэсэнд би бэрхшээлтэй учрыг тайлбарлан хэлэв. 

4. Богд хаан нэгэнт таалал төгссөн тул танай Монгол Бүгд Найрамдах засгийг явуулбал манай Коминтерн их баярлахын дээр Алс Дорнодод их л гайхамшигтай болно хэмээх зэргийн үг хэлсэн би Намын Төв Хорооны нөхөдтэй зөвлөсүгэй хэмээв. 

6 дугаар сарын 4-нд Элбэгдоржоос Орос, Хятадын гэрээг нэгэнт баталсан. Хятадаас Монголд цэрэг явуулахаар зарлал гаргасан гэнэ гэх зэргийн үг хэлсэнд би Орос Хятадын гэрээ тогтвоос манай хэрэг сайн болно хэмээн итгэмжилдэг бөлгөө. Одоо харин гэрээ тогтмогц байлдаан үүсэхэд хүрэх нь маш гайхалтай хэрэг болжээ гэх зэргийн үг хэлэв. 

6 дугаар сарын 8-нд Орос элчин сайд ирж, Орос, Хятадын гэрээг нэгэнт баталсан.Танай Монголыг Хятадын нэгэн хэсэг газар болох гэсэн боловч хоосон нэр болой. Танай Засгийн одоогийн байдалд хэвээр байна. Хятадаас губернатор ба түшмэл, цэрэг суухгүй тул танай Монгол татгалзах хэрэг огт үгүй. Орос Монгол хоёрын найрамдал хуучин хэвээр буй гэх зэрэг үгсээр ихэд ятган хэлэв. 

7 дугаар сарын 1-нээ Элчин сайд ирж, Урианхайд хоёр этгээдээс төлөөлөгчийг явуулахад тус тус заавар өгөх ба Урианхайн ард олноор Монголтой нийлэх гэвэл Орос Засгийн газар татгалзахгүй хэмээв. 

8 дугаар сарын 7-нд Элчин сайд ирж хэлсэн нь: Монголд орос, буриад нэн үлэмж болов хэмээн шүүмжлэл бийн дээр би ч бас дургүй. Ялангуяа харилцан туслах хоршоонд зуун хувийн дал нь орос, буриад болов хэмэн япон Данзан хэлэв хэмээсэнд би бичиг цэргийн ба хоршооны зэрэг газар өөрсдөө авч хэрэглэн буйгаас бус албадсан явдалгүй хэмээх зэргээр хариу хэлэв. 

Монгол банкны нэр баахан сайнгүй мэт тул чухам Монголын сананд хэрхэн үл нийцлэлцэх явдал гарч буйг илтгэвээс эртнээс залруулж болно хэмээх зэрэг өгүүлэхэд би хоосон ядуу ард мөнгө зээлэх аргагүйдээ баахан шүүмжлэл гаргаж байгаагаас өөр лавтай мэдэх зүйлгүй. Хэрэв мэдвэл тухай дор эрхбиш илтгэнэ гэв. Жанжин Данзан мөн их төлөв нэг адил хариу өгөв. 

8 дугаар сарын 23-нд Элчин сайд ирж, Ринчиног Москвад явуулах гэсэн хэргийг энэ өдрийн хуралд батлахыг түтгэлзмүү хэмээснийг би зөвшөөрөв. 

24-нд Элчин сайдад Цэвээний хамт очиж, Э.Д./Элбэгдорж, Данзан/ хоёрын найрамдалгүй болсон учрыг тодорхойлон хэлж, хэрхэх аргыг зөвлөөд Э-г хэвээр үлдээж, Да-г Москвад явуулахаар төлөвлөв” гэжээ. 

    Элбэгдорж, Ринчино III их хуралд Коминтерний нэрийн өмнөөс МАН-ыг “зүүн эсержүүлэх”, төр улсыг “советжуулах” И.В. Сталины бодлогыг тулгахдаа “индрийн эргэлт” гаргах, болбоос “төрийн эргэлт” хийх зорилго тавьсан нь хурлын ажиллагаанаас харагддаг. 

    Э.Ринчино эхлээд МАН-ыг “Коминтернд гишүүн болж багтсан” гэж тулган зарлаад цаашид намын шинэ чиг шугамыг тодорхойлох хэрэгтэй гээд өөрийн бичсэн “Монголын хувьсгалын ирээдүй цагийн байдал төлөв” гэгч номын хураангуй гэх 6 зүйлийг хурал санал болгон оруулаад хэлэлцүүлж төлөөлөгчдийн саналыг авахын оронд “гагцхүү энэ зургаан зүйлийг баримталбал... жинхэнэ хувьсгалт нам болж чадаад коминтерний итгэмж ба түүний гишүүний нэрийг бататгаж чадна” гэж тулгажээ. Эл 6 зүйл гэдэг нь зөвлөлт байгуулалд нэг мөсөн шилжих ядуу, дунд ардын нэг намын загвар байв. 

“Ядуу, дунд ардын нэг намын” загвар гэдэг нь МАН-ыг “зүүн эсержүүлэх” арга замыг тодорхойлсон хэрэг байв. Э.Ринчино үүнийгээ тайлбарлахдаа “Зөвлөлтийн засагт Холбоот улсын Эв хамтын намын XIII их хурлаас /намын дотор/ ямар ч анги бүлэг байж болохгүй гэсэн тогтоол гаргасна хойш ОК /б/Н-ын шугамыг Коминтерний V их хурлаас сайшаан баталсан тул ямар ч анги бүлэг байхыг Коминтери зөвшөөрөхгй” Тухайлбал, МАН-ын зэрэгцээ “хөрөнгөтний чанатай намууд байж хэрхэвч болохгүй, бас зүүний намууд байж болохгүй. Эв хамт намыг тусгай байгуулж болно гэж үзэхгүй... Манай нам Коминтерний гишүүн болоод /МАН Коминтерний гишүүн биш талархагч эрхтэй байсан/ түүнийг дээд газар гэж үзэж байгаа болохоор ... энэ мэт намууд гарвал... чангалан устгаж байвал зүйтэй” гэсэн атлаа “эв хамт намыг талархан зөвшөөрсөн ямар ч хүн элсэж болон нь яриангүй хэрэг. Гэвч Монгол улсын байдалд эв хамт намын гишүүд... ардын намын бодлого, тактикаас өөр бодлого, тактик баримталж болохгүй. Одоо эв хамт намын хүмүүс манай ардын намд ажиллаж байна” гэжээ. 

    МАН “ядуу, дунд ардын ганц намын- суртлыг хүлээн авах нь “өөр нам гарч ирээд” Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэх бол “хүчин хавсарсугай” гэсн анхны мөрийн хөтөлбөрөөсөө ухрах, өөрөөр хэлбэл, Монголын нэгдсэн төр улсаа байгуулах ард түмний хүсэл зорилгоос урвана гэсэн үг байв. С.Данзан байгуулалцсан намынхаа зорилго журмаас урваагүй бол эсэргүүцэх ёстой. Яагаад гэвэл яг энэ үед тусгаар тогтнолын төлөө хүч хавсрах өөр нам Өвөр Монгол, Баргад үүсэж хөгжиж эхлэд зөвхөн адуу, дундчуудыг бус бас чинээлэг хэсгийг ч хувьсгалын талд татан оролцуулах асуудлыг шийдэх шатандаа байлаа.МАН ийм туршлагатайн учир Өвөр Монгол, Баргын хувьсгалт хөдөлгөөнд зайлшгүй үр дүнд хүргэх нөлөө үзүүлж чадах байжээ. Энэ сайхан туршлагаасааа ч ухрах ёсгүй. Баргын төлөөлөгч Буянгэрэл /Фуминтай/: “Бидний тэмцлийг талархан, бидэнд туслахад бэлхэн байгаа боловч хувьсгалт тактикаас айдаг этгээдийг хэрхэн үзэх вэ?” гэж асуулсанд Э.Ринчино “тийм аймхай хулчгар намыг байлгаж болохгүй /устгах хэрэгтэй/, МАН-аас өөр баруун, зүүний ямар ч намыг бид байлгахгүй” гэж хариулжээ. 

    С.Данзан “Манай нам бэхжиж чадаагүй байсан эхнийхээ үед бусад ангийн хүмүүстэй нийлэн явж байсан бол одоо цэвэрлэх ажил хийхээс айх юм огт алга. Ноёд тайж нар ч цөмөөрөө харгис байдаг, ард хүмүүс л цөмөөрөө үнэнч шударга байдаг гэж үзэж болохгүй тус энэ гишүүд намд байж болох эсэхийг нарийн шалгаруулан шийдвэрлэж байвал зохино. Намд янз бүрийн санаатай янз бүрийн хүн орсон бөгөөд орсоор ч байна. Үүнийг одоо шалгах хэрэгтэй” гэсэн нь их ухаалаг үг байв. Тэгээд “Ринчиногийн ийн гаргасан сэдвүүдийг чухлыг харгалзан тэдгээрийг хэлэлцэхийг хойшлууламаар байна” гэсэн санал гаргасныг хуралдагсад зөвшөөрөн баталсан байна. 

    “Зөвлөлт байгуулалт нэгмөсөн шилжих” гэдэг нь “совежуулах” арга замыг хэлжээ. Э.Ринчино энэ арга замыг тайлбарлахдаа “харгис хөрөнгөтний ёсны бүх шатыг дамжих хэрэг бидэнд байхгүй... Хоршоо байгуулан дэмжиж, улсын банз байгуулж, архины онц эрх, өлөн гэдэс боловсруулах онц эрхийг аваад байгаа энэ бүгд чинь улсын капитализм шүү дээ... Бид өөрийн хөрөнгөтөнтэй болохыг хүлээж байхын хэрэг байна уу?... Монголчуудын “одоо туулж байгаа байдал буюу өөрөөр хэлбэл, шар хар харгисуудыг засгийн унагааж, түүнийг ардын эрхт засгаар солих явдлыг Европын олон улс зуу гаруй жилийн өмнө туул өнгөрчээ. Орос, Хятад, Перс, Турк, зэргийн зарим улс түүхийнхээ энэ үеийг 15-20 жилийн өмнө туулж өнгөрчээ” гэсэн нь нэг бол дунд ба ядуучуудын хүч хөлсийг сорж босгох капитализм, эс бол баян чинээлэг хүмүүсийн хөрөнгө цусыг сорж босгох хуарангийн коммунизмын загвар л байжээ. Энэ загвар ар, өвөр монголчуудын нэгдэхийн эсрэг бодлогод үйлчлэх учраас үнэн чанартаа Монголыг 3 салгасан феодализм, капитализмын дэлхийг хуваан захирах бодлогыг бодит үнэн болгон хэвээр үлдээхэд чиглэгдэх нь хэн ч ойлгомжгой байв. Ийм Э.Ринчиногийн энэ “саналыг” С.Данзан төдийгүй хулын төлөөлөгчид эсэргүүцсэн юм. 

    И.В.Сталины эл бодлого, Э.Ринчиногийн үйл ажиллагааг эхний шинж тэмдгэр нь танин ухаарсан монголын хувьсгалчид, нам засгийн удирдагчид эсэргүүцэн тэмцсээр ирсний жишээ нь “Данзангийн хэрэг” гэгч юм. Тэрнээс биш С.Данзан Монголыг капитализмаар хөгжүүлнэ гэж намд тухайлбал III их хуралд тулгаагүй байна. Э.Ринчиногийн 6 зүйлийн саналыг агуулгын хувьд намын стратегийн бодлогын хувьд зөвшөөрөн хүлээж, харин тухайн цаг үед хэрэгжүүлж болохгүй гэж тайлбар хэлсэн болохоос мугуйдан эсэргүүцээгүй, тэр тусмаа капитализмаар хөгжих тухай үг ч гаргасангүй. Тэр “манай Монголд хувийн хөрөнгийг хязгаарлах... тогтоол гаргаж болох бөгөөд би зөвшөөрнө. Харин одоогоор манай Монголд өөрийн хөрөнгөтнүүд байхгүй... Эдийн засгийн байдалтай зэрэгцэн ард олны гэгээрэл сайжрах ёстой... Иймийн тулд энэ бол өнөөдрийн хэлэлцэх зүйл биш харин маргаашийн хэрэг шүү. Ринчиногийн хэлж байгаа ёсоор тогтоол гаргаж болох боловч одоогоор тогтоол гаргах нь ажлын талаар ач холбогдолгүй байна” гэжээ. Энэ бол цэвэр капитализмын бус улсын буюу төрийн капитализмын талаар холбогдох санаа байжээ. В.И.Лениний “улсын капитализм”-ын тухай үндэслэлийг тэр үед Н.И.Бухарин ч ойлгодоггүй байсан болохоор Э.Ринчино яаж ойлгох вэ. С.Данзан бол нийгмийнхээ зөн совингоор тааварлан мэдээд байжээ. Иймээс төлөөлөгчид түүний саналыг дэмжээд байв. 

Нэг лам төлөөлөгч: “Бид хэн юм бэ? Харгис этгээдүүд юм уу?” гэж асуусанд Э.Ринчино энэ асуудлыг “огт мартсанаа” хүлээж, дуугүй болов. С.Данзан “Монгол улсад шашин сөнөх гэж байна гэх мэтээр манай халхын тухай ор үндэсгүй цуурхлыг манай харгисуул ба хятадын цэргийн эрхтнүүдээс дотоод Монголоос манай үнэн байдлыг үзэж мэдэж хэлэлцэн тохирох гэж манайд хүмүүс ирүүлэхгүй байна. Харин бид Баргатай зарим талаар холбоо харилцаатай байна” гэсэн нь Э.Ринчиногийн далд санааг илчилжээ. Одоо төлөөлөгчид л үг хэлбэл, Э.Ринчино бүрмөсөн бууж өгөхөд хүрэх байв. Тэр даруй босож “Хятад бол бидний дайсан болох хань нөхөд болох хоёр янзын хятад бий” гээд “гоминдан намтай холбоо тогтоож болно”, “Дотоод Монголын эрх чөлөөний хөдөлгөөнд тусалж болно” тэр ч байтугай “лам нарын дотроос хувьсгалт шилдэг хэсэг нь бидний талд байх болно” гэхчлэн урьд хэлснээсээ урван ухарчээ. 

    Э.Ринчино үүнийхээ дараа С.Данзан далдуур өдөөн хатгаж эхэлсэн байна. Ийм өдөөн хатгагч эвлэлийн гишүүн Лувсан мэтийг төлөөлөгчдийн дунд оруулсныг С.Данзан мэдэж тооцоогүй учир тактикийн алдаа гаргахад хүрчээ. Төлөөлөгчид Холбоот улстай найрамдлыг улам бэхжүүлэх тухай баяр хүргэж, утас явуулах санал гаргав. С.Данзан “Ноднингийн их хурлаас бас ингэж тогтоосон тул дахин давтаж тогтоох хэрэг байна уу даа. Орос улстай тогтоосон холбоо найрамдлыг зөрчсөн явдал гараагүй шүү дээ. Монголын бүдүүлэг ард түмэн оросуудын буруу ч байсан таг чимээгүй байя гэж байсан удаа бий. Тэгээд орос түшмэд, дамын худалдаачид их дээрэнгүй зантай болж байна. Иймд би ЗОУ-тай нэгэнт тогтоосон найрамдлын тухай онцын хэрэгцээгүйгээр дахин давтаж дурдах хэрэггүй гэж санаж байна” гэсэнд өдөөн хатгагчид эсэргүүцлээ. С.Данзан “урьдын хурал дээр тийнхүү тогтоосон нь ЗОУ-ыг талархан зусардаж байсан хэрэг бөгөөд би Зөвлөлтийн улстай найрсаг харилцаатай байхыг хэрхэвч татгалзахгүй харин бялдуучилсан байдал гаргах хэрэггүй” гэж үнэнийг хэлсэн нь тухайн үеийн нөхцөл байдалд түүнийг “хувьсгалын эсэгүү, хөрөнгөтний тагнуулын” гэж буруутгах гол шалтгаан болсон юм. Хэдий тийм ч Э.Ринчиног илчлэх зорилгодоо нэгэнт хүрсэн учир “Бидэнд өөрийн хөрөнгөтнийг хөгжүүлэхийн хэрэг байхгүй гэж Ринчиногийн хэлсэн зүйлийг би зөвшөөрч байна” хэмээн буулт хийжээ. 

    Э.Ринчино эл байдлыг ашиглан “Зөвлөлт байгуулалд нэгмөсөн шилжих” номлолоо тулгах оролдлогоо идэвхжүүлэв, Засаг ноёд, феодалын эрхийг хасах тухай хэлэлцэхэд Э.Ринчино нутгийн захиргаадын сонгуульд засаг ноёдын 90 хувь нь унасныг мэдсээр байж “Манай намын нэг үндсэн зорилт бол хуучин харгис засгийн бүрмөсөн устгах явдал... Энэхүү зорилтыг чухамхүү одоо л гүйцэтгэх хэрэгтэй. Иймийн тулд хуучин харгис ёсны үлдэгдэл болох засаг дарга гэдгийг бүрмөсөн усттгах санал оруулъя” гэсэнд хуралдагсад Э.Ринчиног шоолж инээлдэн хөгжилдсөнд дуугүй болжээ. С.Данзан хүнийг биш хэргэм зэрэг, отго жинсийг устгах санал сөргүүлэн тавьсан нь хүнлэг бөгөөд бас хуучин засаг ноёд манжийн хууль ёс, ардын засгийн хууль ёс хоёрын алийг дэмжиж буйг мэдэх сайн шалгуур болж чадах зөв ухан байв. Тэр эдгээр асуудлыг шийдвэрлэхэд “төлөөлөгчдийн саналыг хураая” гэсэн бүх төлөөлөгчид баярлалдаж, уриа хашхиран дэмжсэн нь дээрхийг гэрчилнэ. С.Данзан ийнхүү Ардын намыг үүсгэн байгуулагчдынхаа тангараг эрмэлзлийг хамгаалж чадав. Тэр “эрмэлзэх 10 зүйл бол Ринчино нарын зэрэг хүмүүсээс шинэ зүйлийг нэмэн гаргасан төдийгөөр өөрчилж болох тийм энгийн зүйлүүд биш ээ” гэсэн билээ. Хурлын баримт бичигт үүнийг “Данзангийн хэлсэн зүйлийг хэн ч татгалзахгүй учраас түүний саналыг батлагдсан болгов” хэмээн оруулжээ. 

    С.Данзан нарыг “хорхойн өт мэт дотоодын хөрөнгөтөн” хэмээн басамжилан доромжилж байсан Элбэгдорж үзэл санааныхаа хувьд ялагдал хүлээмэгц “галзуу чоно мэт гадаадын хөрөнгөтөн”-д тэднийг оруулж, төрий эргэлт хийхээс буцахгүй болжээ. Тэр хурлын дундуур орж гарч эхэлсэн нь үүний гэрч бөгөөд С.Данзанг төдийгүй түүнийг дэмжсэн хурлын төлөөлөгчдийг хоморголон устгахаар заналхийлж “би галзуугийн тарины тухай ярихаа мартжээ. Европын эрдэмтэд галзуу чоно, нохойд зуулгасан хүнд тариа хийж өвчнөөс урьдчилан сэргийлэх маш сонин зүйлийг нээжээ. ..Одоо энэ тариаг манай Нийслэл Хүрээнд хийдэг болсон. Олон төлөөлөгчид та бүхэнд үүнийг сонордуулахын хамт хэрэв цаг тухайд нь тариулбал гарцаагүй эдгэрнэ шүү” гэжээ. Тэгээд “зэвсэглэсэн” залуучуудын хуралд оруулж ирсэн байна. Гэвч Х.Чойбалсангаар толгойлуулан хуралд оруулж ирсэн байна. Гэвч С.Данзан хуралд ирсэнгүй. Ганц өөрийгөө хохироохгүй бол болохгүй болсныг С.Данзан ч, бусад удирдагчид ч мэдэж, урьдчилан сэргийлэж амжжээ. Тухайн үеийн нөхцөл байдлаас үзвэл Э.Ринчино нарын төлөвлөгөө, үйл ажиллагааг мэдэж чадах хүн Ц.Дамбадорж байжээ. И.В.Сталины тулгалт шахалтын эсрэг монголын ардын хувьсгалчдын тактик ажиллагаа энд бас харагдана. 

    Д.Сүхбаатарыг нас барсны дараа С.Данзан ДХГ-ын дарга байсан Д.Балдандоржид “одоо бол манай энэ засгийн удирдагч нар хоёр тал болон тасарч ... хэмжээт цаазат хоёрыг хэвээр явуулна, цаашид хувьсгалыг зохих үе шатаар хөгжүүлнэ” хэмээн завсар хоорондоо тэмцэлтэй болж байна. Жишээлбэл, Намын Төв Хорооны дарга Дамбадорж, Чойбалсан, цэргийн зөвлөлийн тэргүүлэгч Ринчино нар нэгэн тал болон ажиллаж байгаа ба үүнд Баторун оролцож байгаа юм. Нөгөө талд нь би... ажиллаж байна” хэмээн ярьсан гэдэг. Д.Балдандорж хожим “хувьсгалын эсэргүү хэрэг” гэгчид холбогдон баригдаж, мэдүүлэг өгөхдөө үүнийг хэлжээ. Тэгэхлээр тухайн үеийн байдлыг С.Данзангийн үг болгон хэлсэн гэж үзвэл илүү үндэслэлтэй мэт. “Данзангийн хэрэг” гэгчээр Д.Балдандоржийг тушаалаас зайлуулж, оронд нь К.Баторуныг “Данзангийн үеийн хуучин япон тагнуул” гэж хэлмэгдүүлсэн байна. Ерөөс энэ асуудлын үнэн мөнийг ДХГ ч мэдэж байсан байлтай. ДХГ-ын орлогч дарга байсан Ц.Гиваапил хилс хэрэгт баригдахын урьд жил тухайн үед холбогдолгүй баймаар нэгэн тушаал гаргажээ. Үүнд: "БНМАУ-ын ДХГ-аас олгосон үнэмлэх бичиг 1932 оны11 дүгээр сарын 30-ны өдөр. Дугаар 119. Үүнийг үзүүлэгч нөхөр Баторун Таны бие тус ДХГ-ыг анхнаа байгуулахаас эхлэн хэлтсийн дарга ба ерөнхий даргын зэрэг хүнд чухал үүргийг хүлээж, тус улсыг тусгаар тогтнох явдалд ажилттай ажлуудыг бүтээсэн ба мөн ч Бодоо, Данзан нарын зэрэг хувьсгалын эсэргүү бүлгэмүүдийг удаа дараа илрүүлж, тус орныг батлан хамгаалах хэрэгт үнэнч шударгаар онц идэвхийлэн зүтгэж явсан гавьяат нөхөр Таны эл зүтгэл гавьяаг илэрхийлэн тус газраас 9630 тоот байлдааны “парабеллум” хэмээх хүндэт зэвсгээр сайшаан шагнаж тамга дарсан үнэмлэх олгож хадгалуулав” гэжээ. Сонирхолтой нь Ц.Гиваапил эл тушаалыг ДХГ-ын ерөнхий дарга Д.Намсрайг байхгүйд гаргасныг баримт харуулна. ДХГ-ын даргын 1933 оны 1 дүгээр сарын 9-ний 10 тоот тушаалын 1 дүгээр зүйлд “тус газрын ерөнхий дарга Намсрай, орлогч сургагч Дубровский нар СССР улсад яваад энэ өдөр эргэн ирж, ажил хэргийг явуулсан болохыг мэдэгдсүгэй” гэсэн байна. Чухамхүү энэ өдрөөс “японы тагнуулын” буюу “Лхүмбийн хэрэг” гэгч зохиогдож эхэлснийг баримт гэрчилнэ. 

    Дээрх баримтуудаас харахад Ц.Гиваапил энэ тушаалыг гаргахдаа 1920-1924 онд болж өнгөрсөн улс төрийн үйл явдал давтагдах гэж буйг гадарлан хожимд баримт үлдээх гэснээс өөр зорилгогүй мэт. Яагаад гэвэл Ц.Гиваапил дурдсан өдөр Дорнод аймгийн Дотоодыг хамгаалах хэлтсийн сургагч Крыловыг бас шагнах тушаал гаргаад гарын үсэг зуралгүй үлдээжээ. Үүнийг батлах гэсэн мэт 1937 оны “Орчин үеийн Монгол” сэтгүүлийн 4 дүгээрт “Монгол дахь япон тагнуулын ажиллагаа” гэсэн өгүүлэл нийтэлж, түүндээ “цагааны тагнуулч “Б” гэгч бүр 1914 онд Бодоо, Данзан нарыг их ханы нэрийн өмнөөс тагнуулд элсүүлсэн” мэтээр,”ардын хувьсгалын эсрэг Бодоо 1921 онд, Данзан 1924 онд зөвсэгт бослого гаргах гэж байгаад илчлэгдсэн” мэтээр бичсэн нь илэрхий гүтгэлэг мөн. Харин хувьсгалаас өмнө Монголд ирж Д.Бодоо, С.Данзан нартай уулзсан “Б” нэртэй хүн Борисов байж болох боловч хэтэрхий гуйвуулга баймаар. Ямар ч С.С.Борисовыг 1937 онд хэлмэгдүүлсэн гэх баримт дурдвал ЗОУ-д суугаа БНМАУ-ын элчин сайд Дэндэвээс мөн оны 8 дугаар сард Б.Элбэг-Очирт бичсэн захидалдаа нөхөр Борисовтой уулзах гэж /ГХАКГ-т нэг биш удаа очиход “өвчний учир ажил хийхээ байсан” гэдэг хариу өгч байгаа дурджээ. Бас ДХГ-ын дарга байсан К.Баторуны “дуртгал” гэх нэгэн бичигт Цогт Бадамжавыг “Хаант Оросын улс төрийн цагдаагийн газрын тагнуулч” байсан гэжээ. Үүнээс үзвэл Богд хааны Засгийн газрын зүтгэлтнүүд болон Монгол ард төр, засаг, намын удирдагчидтай Нэгдсэн Монгол улсын төлөө нэгэн үзэл санаатай байсан энэ хүнийг сталинчууд хожим ийм гүтгэлэгт унагасан байж болох юм. 

МАН-ЫГ “ЗҮҮН КОММУНИСТЖУУЛАХ” ТӨР УЛСЫГ “СОЦИАЛИСТЖУУЛАХ” АЖИЛЛАГААНЫ ҮР ДАГАВАР 

    И.В.Сталины “төлөвлөгөөний” энэ шатны эхлэлийг Э.Ринчино бүрэн эрхт төлөөлөгч А.Н.Васильевын хяналт, удирдлагын доор тавьж, үүнд саад хийгч С.Данзанг хүчээр зайлуулсныг намын III их хурлын явц харуулж байна. Гагцхүү С.Данзан, Б.Цэрэндорж, Ц.Дамбадорж, Ж.Цэвэн нарын нэгэн санаа, гэнэтийн тохиолдолд нь хэн нь юу хийхээ урьдчилан тохиролцон ажиллагаа л нам, засгийн удирдлагыг алдалгүй авч гарах бололцоо олгосныг баримт харуулна. Гэхдээ зэвсэглэсэн залуучуудын түрүүнд чухамхүү Х.Чойбалсанг гаргаж ирэхийг тооцох боломжгүй байснаас л С.Данзангийн амийг өгөхөөс өөр аргагүйд хүрчээ. Эцсийн мөрчид үүнийг мэдэж тэдэнд амжиж хэлсэн хүн бол С.Буяннэмэх учраас Э.Ринчино түүнийг баривчлан хорьж, Ц.Дамбадорж суллуулан Өвөр Монголд “оргуулсан” болохыг цаашдын үйл явдал, баримтууд гэрчилнэ. С.Буяннэмэх тэгэхэд “тэнэг Сталин”, “хувьсгалын эсэргүү Ринчино” нартай “хатуу тэмцсэнээс боллоо” хэмээн ярьж байснаас үзвэл бүр тэр үед манай нам, төрийн удирдах ажилтан, сэхээтнүүд И.В. Сталины төлөө, түүний гар хөл бологч зүүн эсерүүдийн шахалт тулгалтын эсрэг зорилго, ухамсартай тэмцэж байсан байна. 

    Х.Чойбалсан зэвсэглэсэн залуучуудыг хуралд дагуулан орж ирээд тэдний нэрийн өмнөөс “Данзанг хурал авчрах”-ыг нэг биш удаа шаардсанд асуудал ямар нэг тулж ирснийг ойлгоосон төлөөлөгчид Б.Цэрэндорж, Жасрангийн Цэвээн, Б.Данзан нарыг хуралд ирүүлэхийг шаргуу хүсжээ. Гэтэл Э.Ринчино ерөнхий сайд Б.Цэрэндоржийг ч уг хэрэгт холбогдуулах гэсэн санаагаа илт цухалзуулсан нь С.Данзангийн амийг аврах бололцоогүй болгосноор барахгүй “орос элчин дээр аваачиж байцаах” аюулаас ямар ч аргаар болов авч гарах шаардлагатай болжээ. Ийм ноцтой байдалд хүргэхгүйн тулд Б.Цэрэндорж улсын ерөнхий сайд, ахмад хүний хувьд цөөрч бужигнасан залуустай уулзаж “Зарим нэгэн орос, буриад нарын хэлсэнд сохроор бүү дага”, “Монгол улсаа бодох хэрэгтэй” хэмээн сургамжилж, Ц.Дамбадорж хурлын дундуур Э.Ринчиног “Холбоот улсад худалдааны төлөөлөгчөөр явуулах тогтоол гаргаж”, урьдчилан сэргийлэхийг оролдсон нь талаар өнгөрөв. Гэвч Ц.Дамбадорж эл ажиллагааг нөгөө талаас нь илчилсэн юм. Тэр Намын Төв Хорооны тайлан илтгэлээ “нам ... өөрийн хувьсгалын чанарыг алдсан, ард түмний төлөөний.. явдлыг явуулан гүйцэтгэх эрхгүй болсон зүйл огт үгүй” байтал “бүх дэлхий дахины залуучуудын /КИМ/ Коминтерний заавраар”, түүний төлөөлөгч “Зоригт” хэмээх Старковын зөвшөөрөн баталсан төлөвлөгөөний дагуу залуучуудын эвлэлийг “Ардын намтай тэмцэх тусгаар нам болох явдлыг үүсгэн оролдсон”-ыг няцаан шүүмжилжээ. 

    Э.Ринчино “Данзангийн хэрэг” гэгчийг “ДХГ миний мэдэлд байхад” эхэлсэн гэж шууд хүлээгээд түүнийг баривчилсан хойно “8 ял” тулгасан нь үнэндээ К.Барторуны гаргасан баримт болохыг хурлын материалд ч тэмдэглэжээ. Эл ял гэгчид Хятадын худалдааны пүүсүүдэд төлөх өрийг ард түмнээс гаргуулсан, Жанчхүү хүртэл зам тавьж, дэн буудал бариулсан, хятад худалдаачидтай хувийн харилцаа тогтоосон гэсэн 3 үндсэн асуудлыг хамааруулсан байдаг. Нэг дэх асуудлаар бол ганц С.Данзанг бус Б.Цэрэндорж, С.Магсаржав, А.Амар нарыг ч зэмлэжээ. Энэ нь нэг талаас хятадууд өр өгөхгүй бол ард түмний хэрэгцээт бараа нийлүүлэхгүй гэж боож хавчих, нөгөө талаас ардын засагт мөнгөн санхүүгийн нөөцгүй байсан учир зарим буулт хийхээс өөр аргагүй байдалд орсон хэрэг юм. Бас 1921-1923 онд Ижил мөрний адаг хавь, Халимаг нутагт их өлсгөлөн гарч, түүнд мөнгө хандивлах тусгай комиссыг Цэрэндорж Номинханов тэргүүтэй байгуулж, ардын засгийн газар байгууллагуудаас 15000 лан мөнгө гаргуулжээ. Тэр ч байтугай албан хаагчид хувиасаа 4190 орчим алтан рубль өгсөн байна. Нөгөөтээгүүр улсын санд орж буй хөрөнгө мөнгөний хэмжээ тодорхойгүй тухайлбал, Тогтох тайжийн хөрөнгийг хураагаад мөнгөн хэмжээг тогтоолгүй “дараа тооцно” гэж орхижээ. 

    Нэгэнт тусламжийн мөнгийг цэргийн штабын тагнуулын хэлтсээс зохион байгуулан авч байсан болохоор мөнгө хөрөнгө олоход ч бас оролцох шаардлагатай байсан нь мэдээж бөгөөд ялангуяа “Монценкоп” хэмээх хувь нийлүүлсэн хоршоо, мөн “Монголтранс” хэмээх Монгол тээх нэвтрүүлэх албыг яаралтай хөл дээр нь босгож, Хятадын нутагт өргөн худалдаа хийхэд ДХГ-ын оролцоо тусламж хэрэгтэй байлаа. Тэр үеийн мэдээ матеиалаас үзвэл Хүрээ, Жанчхүүгийн хооронд зам гаргаж, уурын тэрэг явуулан, хилийн чанад дэн буудал байгуулах ажлыг ДХГ-ээс эрхлэн хийсэн нь тодорхой байгаа боловч “төдийлөн мэдээ өгөөгүй” гэжээ. Энд мэдээ олох нь гол биш харин эдийн засгийн үр ашиг олох явдал чухал байсан гэдэг ойлгомжтой. Эндээс хятадын пүүсүүдтэй холбоо тогтоох асуудлыг С.Данзан ганцаар дур мэдэн шийдээгүй, лавтай Э.Ринчиногоос Цэргийн зөвлөлийн тэргүүлэгчийн дүрмийн дагуу зөвшөөрөл авсан байх ёстойг ойлгож болно. Чухам ийм дээрээс дурдсан “ял” гэгчийг С.Данзанг баривчилсан хойно гаргаж иржээ. Гэтэл ЗОУ-ын Бүрэн эрхт төлөөлөгчийн газрын зөвлөх В.И.Юдин 1925 оны 3 дугаар сард ерөнхий сайд Б.Цэрэндоржтой уулзаж “Үд, Хүрээ, Жанчхүүгийн хооронд уурын тэрэг явуулж, туршиж үзэх” зөвшөөрөл авсан нь С.Данзангийн хийсэн уг ажилд бууруугүй, харин сургагч нарт хэлэлгүй бие даах гэснээр “дайсан” болсныг харуулна. 

    Тэр үед тагнуулын алба ажлын тухай Б.Цэрэндорж, С.Данзан, Э.Ринчино нар хамтран хэлэлцэж шийдвэрлэдэг байсан учир “хутган үймүүлэгч нь Э.Ринчино болохыг Б.Цэрэндорж сайн мэдэж байлаа. Гэвч Э.Ринчино өөрийг нь С.Данзантай хамт баривчлахад ч болохоор байдалд оруулсан учраас яг тэр үед С.Данзанг хамгаалах, Э.Ринчиног илчлэх явдыг аль аль нь боломжгүй байжээ. 

    Цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Баваасанг баривчилсан явдал ч Э.Ринчиногийн хувьд бодлого тооцоогүй үйлдэл биш ээ. Засгийн газрын томилсон төлөөлөгч “дайсан” болж байгаа болохоор тэргүүн нь юу бол гэх асуудал гарна. Чухам үүний тулд Ж.Баваасанг энэ хэрэгт холбогдуулсан гэж үзэх үндэстэй. Нэгдүгээрт, залуучуудад цэргийн эрдэм боловсрол олгох нэрээр “цэргийн сургууль” хийх шийдвэр гаргуулжээ. Зарчмын хувьд зөв зүйтэй асуудал учраас Б.Цэрэндорж, С.Данзан нар зөвшөөрсөн байна. Гэтэл энэ нь цаанаа нам, засаг хоёр, Намын Төв Хороо, Залуучуудын байгууллага хоёрыг хооронд нь хагалах санаа агуулжээ. НТХ-ны тэргүүлэгчид, С.Буяннэмэх, Ж.Баваасан нар чухамдаа энэ асуудлаар С.Данзан, Б.Цэрэндорж нарыг эсэргүүцсэн байна. Э.Ринчино харин энэ далимд залуучуудыг зэвсэглэсэн ажээ. Үүнд Э.Ринчино НТХ-ны дарга Ц.Дамбадоржийг яаж хуурч итгүүлсэн бэ? гэвэл “ардын цэргийн европ ёсоор боловсронгуй болгоно” гэжээ. С.Данзанг үгүй хийчихсэн болохоор их хуралд Цэргийн Яамны илтгэлийг Э.Ринчино сонсгохоос өөр аргагүй зорилт “биелсэн нь хаана байна” гэж шүүмжилсэн нь уг үнэнийг гэрчилнэ. Э.Ринчино дутагдлыг Сангийн Яам уруу түлхэж хоцров. 

    Хоёрдугаарт, С.Данзангийн хэрэг гэгчид Б.Цэрэндоржийг хамаатуулахын тулд Ж.Баваасанг С.Данзантай холбох арга зохиожээ. “Ховд хавиар хятадууд довтоллоо” гэсэн ДХГ-ын мэдээг С.Данзан, Э.Ринчино, Б.Цэрэндорж гурвуул хэлэлцээд Цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Баваасанд уг асуудлыг нягтлан шалгах үүрэг өгсөн байна. Гэтэл Ж.Баваасанг зэвсэглэсэн залуучууд баривчилжээ. Бүх Цэргийн зөвлөлийн тэргүүлэгчийн дүрэм ёсоор “байлдааны байдалтай болох” үед нам, төрийн удирдлага ч түүнд үг дуугүй захирагдах хуультай учир дээрх шийдвэрийг Э.Ринчино л гаргах эрхтэй. Үүнийг С.Данзан, Б.Цэрэндорж хоёр ойлгосон учраас Б.Цэрэндорж залуучууд уруу С.Данзан цэргүүд уруугаа явж учрыг таниулан сэргийлэх ажил зохиосон нь зүй ёсны хэрэг юм. Гэтэл ДХГ-т “нэг орос хүн” ирж, “жанжин Данзан цэрэг хөдөлгөх” гэж байгаа тухай мэдэгдээ. ДХГ-ынхан С.Данзанг баривчлахад тэр “гэртээ унтаж байсан” төдийгүй, хаалга үүдээ ч түгжээгүй, хоёр бууны нэг нь “дэрэн доор байсан” атал эсэргүүцсэн ч үгүй, харин “бага настай хүмүүс ардын хэрэгт үнэнчээр зүтгэхэд хэцүү биш үү” гэсэн ажээ. 

    Э.Ринчино энэ улайм цайм ажиллагаа нууж хаах, ерөнхий сайдыг хөдөлгөөнгүй буруутгахын тулд дахиад хэчнээн ч хуурамч мэдээ, зохиомол хэрэг бий болгоход бэлэн байжээ. Ийнхүү С.Данзангийн нууж байгаад илрэх гэхээрээ ерөнхий сайд Б.Цэрэндоржийн ширээн дээр тавьж орхисон гэх “хятадын захидал” С.Данзанг баривчлах үед илрүүлж олсон гэх “хятадын захидал” гарч ирсэн ажээ. С.Данзан, Ж.Баваасан нар баригдаж хоригдсон хойноо ерөнхий сайдын өрөөнд орсон байж болохгүй , харин Э.Ринчино, К.Баторун нарт ийм боломж байсан. Тэгээд ч С.Данзанг баривчлах, цаазаар аваачихад оролцсон хүмүүсийн тодорхойлолт, дуртгалд “хятадын захидал”-ын тухай дурссан зүйл байдаггүй. Тэгэхлээр дээрх зүйлүүлд бүгд зохиомол гэхэд болно. 

    Бодвоос Б.Цэрэндорж “хятадын захидлыг” нуун дарна гэж Э.Ринчино нар тооцсон болов уу. Гэтэл Б.Цэрэндорж түүнийг ил гаргаснаар барахгүй, III их хурал дээр “энэ бүх хэргийг нягтлах комисс сонгохыг Засгийн газар зөвшөөрч байна” гэж мэдэгджээ. Ийнхүү 1925 онд Э.Ринчино, К.Баторун нарыг, 1927 онд Я.Г.Блюмкинийг буцаав. Б.Цэрэндорж, Ц.Дамбадорж нарын эл үйл ажиллагаа үнэн чанартаа С.Данзан, Ж.Баваасан нар буруугүй болохыг баталсан хэрэг байлаа. 

    Зөвлөлтийн тал ч энэ хэрэг явдыг шалгасан бололтой. Тухайлбал, 1925 онд Коминтерний гүйцэтгэх хорооноос ч “Элбэгдорж , Ринчиног Монголын дотоод хэрэгт цаашид оролцуулах шаардлагагүй” гэсэн тогтоол гаргажээ. Мөн... “Москвад хэлэлцэн тогтсон хэргийн” учир “Оросын Сангийн яамны дэд сайд нарын 6 хүн” ирж Монголын Сангийн яамны ажлыг шалгахад оролцжээ. 

    Мөн онд ЗОУ-ын Бүрэн эрхт төлөөлөгчийн газрын зөвлөх В.И.Юдин Ерөнхий сайд Б.Цэрэндоржид “Шинжаан мужид суугаа ерөнхий консулаас Ховдын чанад бүхий Монголын харьяат нэгэн хэсэг газрыг Хятад, эзэрхэн авч, ... олон иргэдийг оруулж буй хэмээн мэдэгдсэнд Чичеринээс ямар учир ийм хүрч бүхийг асууж” цахилгаан ирснийг танилцуулахад Б.Цэрэндорж газар нутаг “алдагдсан учир байдлыг” товчхон хэлээд “манай Засгийн газраас хамгаалан авахыг оролдсоор буй. Энэ 15 /1925/ онд Алтайн хязгаар манай захиргаанд бүрэн бүтнээр орох буй за” гэсэн байна. 

    Дээрх баримтаас үзвэл “Ховд хавиар хятадууд довтоллоо” гэсэн ДХГ-ын мэдээ үнэн байсан агаад ерөнхий сайд Б.Цэрэндоржоос уг асуудлыг нягтлан шалгахаар томилсон төлөөлөгч Ж.Баваасанг баривчилж, эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах эрх үүрэг хүлээсэн Бүх Цэргийн жанжин С.Данзангийн үйл ажиллагаа мөн байлаа. Энэ нь И.В.Сталины бодлого үйл ажиллагаатай холбоотой.Тэдний ажил анхнаасаа С.Данзанг устгах ганцхан зорилгод захирагдаж, аян шалтаг хүлээж байсан учраас Монгол улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хохирооход ч бэлэн байв. Яагаад гэвэл С.Данзан чухамхүү Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхийн асуудлаар тэдэнтэй ил шулуун зөрөлдөгч гол “дайсан” нь байлаа. 1924 онд Монголын асуудлаар Хятадад буулт хийсэн явдал ч ЗОУ-ын дотоод нөхцөл байдалтай холбоотой. Энэ асуудлыг Монголтой хамтран шийдвэрлэхийн оронд И.В. Сталин бодит байдлыг ингэж гуйвуулж эдийн засгийн эрхшээл нөлөөндөө оруулах зорилгоор хууран мэхэлсэн хэрэг юм. 

    Улаан арми хэрэг дээрээ байлдааны чадваргүй, үзэл санааны нэгдэлгүй “дээрэмчдийн бүлэг” болсныг М.В.Фрунзе шүүмжилж, армийг шинэчлэн зохион байгуулахаар 1924 онд хуучин “улаан арми” гэдгийг тараажээ. Энэ ажил маш нууц хийгдэж, ЗОУ 1924-1925 онд үндсэндээ армигүй байв. Гэтэл учхам энэ үед Зөвлөлт-Хятадын хэлэлцээр байгуулагдаж, Монголыг Хятадын “хэсэг нутаг” хэмээн хүлээн зөвшөөрөлцсөн нь нэг талаас Хятадын түрэмгий ажиллагаа, нөгөө талаас И.В.Сталин, түүнийг хүрээлэгчдийн алдаа дутагдлын үр дагавар гэдэг ойлгомжтой. М.В.Фрунзе дээрх асуудлыг Монгол дахь зөвлөлтийн цэргийн удирдлагад мэдэгдэж зохицуулсан байх ёстой. Тухайлбал, Бүх цэргийн зөвлөлийн тэргүүлэгч Э.Ринчинод мэдэгдсэн байх нь лавтай. Гэтэл Монголын талд мэдэгдээгүй учраас л МАН, эсэргүүцэж, Хятадын бие даан хэлэлцэх асуудал дэвшүүлэн Хятадын тал “Монголоос Зөвлөлтийн цэргийг гаргах” хариу болзол тавьсан хэрэг явдлыг учир ойлгогдоно. 

    Ийнхүү булхай нь мэдэгдэж эхэлмэгц сталинчууд гэмт хэргээ нуух зорилгоор 1925 онд М.В.Фрунзег хорлож, цаашдаа армийн удирдлагад түүний гаргаж ирсэн чадварлаг офицеруудыг хэлмэгдүүлэхэд хүрсний нэгэн гол шалтгаан эндээс олдоно. Өөрийнх нь хувьд таатай биш болсон дээрх нөхцөл байдлын улмаас И.В.Сталин буриадын асуудлаар Монголд буулт хийж, Өвөр Монголын асуудлаар Хятадтай хуйвалдах, Япон, цагааны тагнуулын хорлон сүйтгэх ажиллагаанд ашиглагдахад хүрчээ. Баримт дурдваас, Дорждамба Юмтаров1934 оны 4 дүгээр сарын 28-нд өөрийн гараар бичиж өгсөн мэдүүлэгтээ: “Барон жанжныг хамгаалан явсан нэгэн салаа япон ноёд цэргийн жинхэнэ хэлмэрч гуулин улсын харьяат хэмээх үгийг зүүсэн нэгэн япон хүн суувай.... Холбоот улсын ба Монголын улсын улаан цэргүүд Хүрээг эзлэн авч, албан яамуудыг байгуулан ажил хэргийг явуулж байх үесэд ДХГ-ын байцаагч нөхөр Шилиндагаас дээр дурдсан гуулин улсын харьяат хэмээх хуурамч нэрийг зүүсэн япон хэлмэрчийг барин авч байцааж байсан боловч үл мэдэгдэх шалтгаанаар даалтаар тавьж гаргасан бөлгөө. Энэхүү японыг гар дааж авсан хүн нь эрдэмтэн буриад Элбэгдорж Ринчиногийн хадам болох гуулин улсын харьяат нэгэн өвгөн болмой. 

    Энэхүү гуулин өвгөн нь ноднин жил Өлзийбал буриадаас зах зээлийн газраа гаргасан шоогоор мөрийцөн тоглох газар ажил хийж байсан. 

    Хулгай Барон Унгерний Нийслэл Хүрээнээ ирэхийн өмнөөс эхлэн гуулин улсын харьяат хэмээх хуурамч нэрийг зүүсэн нэгэн япон хүн ...хятад нарыг эмчлэх докторыг байдлыг үзүүлэн Улаанбаатар хотын газраа суумуй. Юмтаров миний бие бодвоос энэхүү япон нь урьд Нийслэл Хүрээнээ сууж байсан Эв хамтын намын үзэл бүхий гуулин улсын харьяат жинхэнэ докторыг хулгай Барон Унгерний штабын газраа ховлон хэлж түүний амийг бусниулсан болов уу хэмээн санамуй. Энэхүү амийг алдсан гуулин улсын харьяат жинхэнэ доктор нь гуулин улсын харьяат хэмээх хуурамч нэрийг зүүсэн японтой нь найрамдал бүхий байсан ба энэхүү японтой Элбэгдорж, Ринчиногийн хадам болох гуулин өвгөн мөн найрамдал бүхий амуй” гэсэн байдаг. 

    Үүнээс үзвэл япон-цагааны тагнуулын ажиллагаа түүний төлөөний этгээдийг далдалж суурьшуулсан хүн бол Коминтерний төлөөлөгч Элбэгдорж, Ринчино болж байна. Гэтэл 1922 онд Хүрээнд япон “доктор Козима” /орос хэл дээрх баримтад Казима/ гэгч ирж, Э.Ринчиногийн анх нууц байгууласан “буриад хурал” гэдэгт оролцогч буриад нартай мөрийтэй хөзөр тоглож, архидахаас өөр онц сэжигтэй зүйл хийгдэггүй. Тэнд Жамсрангийн Цэвээн, Д.Балдандорж нар орж байсангүй, харин ДХГ-ын даалгавраар Дорждамба Юмтаров эмчлүүлэх шалтгаар оржээ. Баримтуудыг хянавал, Бадамцэрэн Балсанов зөвлөлтийн талын даалгавартай байсан байж болох юм. Монголын талаас жанжин С.Данзан доктор Козиматай танилцаж, мөрийтэй тоглоом тоглодог байжээ. Тухайн үеийн нөхцөл байдлаас бодвол гадаадын тагнуулууд Монголын удирдагчдыг сонирхох нь мэдээж. Чухамхүү тэдний эл сонирхлыг далимдуулан ДХГ С.Данзанг зориуд танилцуулсан, Э.Ринчино зөвшөөрсөн байх нь тэр үеийн дүрэм, журмын шаардлага болно. Ийнхүү Козимагаар дамжин түүний дотно түнш “Содномдорж”, “Хан Хаю”, “Өндөр Мөнх”, “Бээжин Бадрах” зэрэг хятад пүүстэй С.Данзан өөрөөр хэлбэл, ДХГ “холбоо” тогтоож амжсан байна. Энэ нь аажимдаа “Монгол хоршоо” “Монгол тээхийг” зөвлөлтийн худалдааны пүүсүүдтэй өрсөлдүүлж, 1928 он гэхэд 2-3 дахин илүү орлоготой болгоход хүргэсэн юм. 

    Бадамцэрэн Балсанов 1937 онд мэдүүлэхдээ: “11 /1921/ оны үеэс эхлэн Тянжин хотноо байгуулагдсан орос цагаантны төв буй юм гэгчийг 14 /1924/ онд орос Заплавный нараас сонсож мэдсэн бөгөөд тэр төвд хувьсгалын эхэн үеэр Хиагтаас оргож одсон Шибцов /Швецов/-ын хүү зэрэг хүмүүс байсан байна. Тэр төвөөс тус улсын хуулийг өөрчлөх төлөвлөгөөг зохион гаргаж, Харбин дахь цагаантны төвөөр дамжуулан Японы ерөнхий штабаар хянуулсан амуй. 

    ...Эл төлөвлөгөөнөөс гадна бас худалдааны буюу эдийн засгийн талаар төлөвлөгөө зохиосон бөгөөд энэ нь тус улсын дотор хувьсгалын эсэргүү ажил явуулга ба бослогыг дээрх төлөвлөгөөний ёсоор гүйцэтгэх явдлыг нууцаар явуулж гүйцэтгэхэд дөхөм тустай байсан амуй 

...13 буюу 14 /1923-1924/ онд орос Заплавныйтийн бие хилийн чанадаас ирж, сайд Данзангийн гэрт бууж 1-2 сар байж хувьсгалын эсэргүү бослого гаргах төлөвлөгөөг тахилцуулсан... Данзан бүх ажил явуулгын талаар танилцуулсан... Данзан бүх ажил явуулгын талаар туйлын дотно харилцаа бүхий Бадрах,Содномдаржаа, Дашхүү нарын зэрэг пүүсээр дамжуулан мөнгөн тусламжийг олгох амуй. 

    ... Орос Заплавныйгийн хамт Судноковыг тус улсад нэвтрүүлэн ирүүлсэн бөгөөд Судноков энд ирмэгц элчингийн газар орчуулагчаар алба хааж байсан нэгэн этгээдээр уламжлан элчингийн газар орчуулагчийн албанаа шургалан орж ажилласан ... 19 /1929/ онд Судноков надад хэлэхдээ 20 /1930/ оны эхний үе хүртэл элчин сайдын газар уул эсэргүү ажлаа явуулсаар байгаа худалдааны элчингийн газар шилжиж ажилласан болой хэмээсэн амуй. 

    ...Би энэ эсэргүү ажлын талаар сүүлийн үед орос Береловтой харилцаатай байсан. 18 /1928/ онд Коминтерний 4 төлөөлөгчийг ирэхэд Береловоос надад хэлсэн нь : “Эд нар Монгол улсын байдалд тохирохгүй явдалд үүсгэх нь лав. Монгол улс нь эсэргүү ажлыг бэлтгэхэд санаа амар,тохиромжтой орон юм. Коминтерний эдгээр төлөөлөгч нарын зорилго нь Монголын Холбоот улсын колони болгох хэмээсэн төлөвлөгөөгөө гүйцэд биелүүлэх явдал амуй” гэсэн гэжээ. 

    1937 онд “Орчин үеийн Монгол” сэтгүүлд гаргасан өгүүллийн утга агууллагатай харьцуулбал Заплавный гэгч “Би” гэдэг гүтгэгч нь баймаар байдаг. С.Данзанг баривчлах үед гэрт нь Заплавный үнэхээр байсан бололтой. С.Данзан буудуулахын өмнө дээлээ тайлж, “миний энэ дээлийг надтай хамт байсан сохор орост өгөхийг ихэд захья” гэж гуйгаад “шууд буудвал зохино гэж нэгэнт шулуудсан царай гаргаж” байсан ажээ. С.Данзан, Ж.Баваасан хоёрыг “Та нарын хэргийг оростой холилцолдсон тул орос элчин дээр аваачиж байцаана” хэмээн “элчин сайд Васильевын машиныг хэрэглэн” авч одсон атал шууд цаазын газар аваачин бууджээ. Орос элчингийн газраас өнгөрөөд явахад Ж.Баваасан “Одоо алах уу” гэж асууж. Үүнээс үзэхэд тэд үнэн чанартаа Э.Ринчино нарын даалгаврыг биелүүлж яваад л “дайсан” болжээ. Ялангуяа Ж.Баваасан бол “Тогтох тайж, Цэвээн тэргүүний хэрэг” гэгчээс хойших Э.Ринчино нарын бүх л муу муухай ажил явуулгыг мэдэх гэрчийн хувьд “золионд гарсан” нь дээр дурдсан баримтуудаас тодорхой. “Хувьсгалын болон залуучуудын ажилд тэргүүлэн оролцосон тэр үеийн сэхээтний нэг А.Г.Старков зэрэг зөвлөлтийн сургагч нарын үгнээс зөрдөггүй, гар нийлэн ажилладаг байсан Ж:Баваасан “Данзангийн хэрэгт” холбогдон цаазаар авахуулсанд гайхаж байсан И.Г.Демко хожим дурсан бичсэн нь дээрхийг давхар гэрчилнэ. 

    С.Данзан бол зөвлөлтийн нөхөдтэй харилцахдаа өөрийн бодол, суудалтай ханддаг байсан бөгөөд энэ чанараа Ц.Дамбадоржид уламжилж, хашир туршлагатай ерөнхий сайд Б.Цэрэндоржийн халамжид үлдээж, нам засгийн удирдлагыг Э.Ринчино нарт алдаагүйг мэдсэн учраас буудуулахаас үл айснаар барахгүй өдөөн хатгагч “сохор оросыг” хэлж өгчээ. Гэвч тэр нь хүрэх газраа хүрсэнгүй. Заплавный гэгч этгээд оныг хүртэл Архангай аймагт Монгол тээхийн албанаа ажиллаж байгаад улсын мөнгө идэж шамшигдуулсан хэргээр ДХГ-т баригдаж, шоронд хоригдож байхдаа олон хүнийг гүтгэн мэдүүлжээ. Мөн нэр гарч буй Судноков /Сударенк бололтой/-ыг Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгчийн болон худалдааны төлөөлөгчийн газар дамжин он гартал ажиллаж, гэм зэмгүй өнгөрснийг бодвол Э.Ринчиногийн нэг адил ”хоёр талын” тагнуулч байсан гэх үндэстэй. Бадамцэрэн Балсановтой харилцдаг байсан гэх Берелов бол харин жинхэнэ шударга ажилтан байж болох хүн. Гэхдээ Берелов гэдэг жинхэнэ нэр нь биш сүүлд баригдаж, албадлагаар гүтгэлэг гаргахдаа харилцаж байсан сургагч нараа “хувьсгалын эсрэг японы тагнуулын байгууллагад элсүүлсэн” болгож мэдүүлэхээс өөр аргагүй байжээ. Тухайлбал, цагаантан буриад нарыг мөрдөн илрүүлэх томилолттой ирсэн Дашцэрэн, Жалсанов хожим баригдаж, хэрэг хүлээхгүй оны байсаар бусдад гүтгэгдэн арга барахдаа “ДХГ-ын сургагч Владимир Владимирович Катков эсэргүү байгууллагад элсүүлсэн, Катков цагааны дээрэмчин байсан учир Манжуурт зугтсаны дараа сургагч Золотухин надтай холбоо тогтоосоно” гэх зэргээр мэдүүлсэн байдаг. Гэтэл Катков гэгч нь гүрж хүн бөгөөд Вокин гэдэг нууц нэр хэрэглэдэг байсан нь тодорхой боловч жинхэнэ нэр нь мэдэгдэхгүй юм. ДХГ ийм л байдалд ажиллаж байна. 

    БООК-УТГ иймэрхүү нууц ажиллагаа нь илэрч болзошгүй байсан тул “Монголд БООК-ын удирдлагаар буудан алах эрхээ дэндүү хэтрүүлсэн” Я.Г.Блюмкинийг буцааж дуудахаас өөр аргагүй болжээ. Түүнийг Засгийн газрын зөвшөөрөлгүй баривчилгаа явуулж, “улсын эрхэн хандсан” учир 1927 оны 10 дугаар сарын 28-нд Засгийн гарын 36 дугаар хурлаас нутагт нь буцаахаар шийдвэрлэжээ. Энэ дагуу 1927 онд Бүх Оросын төвийн гүйцэтгэх Хорооны бүрэн эрхт төлөөлөгч А.В.Шотман /Горкий/ ирж, МАХН, Засгийн газар, цэрэг, хуулийн байгууллагад ажиллаж байсан зөвлөлийн гол зөвлөх, сургагч нарын ажлыг шалгаж, нугалаа завхрал гаргагсдыг үүний дорор Я.Г.Блюмкинийг буцаах арга хэмжээ авчээ. Ер нь 1924 оноос эхлэн ЗХУ-д ч хууль ёсны гадуур ажиллагааг хязгаарлах, эмх замбараагүй байдлыг засах талаар армиас эхлэн шуурхай ажил зохиосон байна. Наад зах нь улс төрийн цагдаагийн газар болоод байсан БООК /ВЧК/, Улс төрийн удирдах газар /ГПУ/, Улс төрийн нэгдсэн удирах газрыг /ОГПУ/ Дотоод хэргийн ардын комиссарын газар /НКВД/ болгон Засгийн газрын мэдэлд авчээ. 

    Үүний үр дүнд БНМАУ-ын нам, төрийн үйл ажиллагаанд ч зүүн эсер-троцкистууд, сталинчуудын шахалт тулгалт суларч ирсэн юм. Тухайлбал, А.В.Шотман МАХН-ын YI их хуралд Коминтерний төлөөлөгчөөр оролцож “МАХН-ын дотор үзэгдэж буй хэт зүүний үзлийг” буруушааж, МАХН-аас ангид коммунист нам байгуулах буюу намын дотор коммунист фракц үүсгэж болохгүйг “зөвлөн зааварласнаас дээрх эхлэл тодорхой харагдаж байна. 

    Эцэст нь, Монголын удирдагчид тэр үед зүүн эсер-троцкистууд, сталинчуудын шахалт тулгалтын эсрэг бодож боловсруулсан /нууц, тагнуулын ч гэж болохоор/ нарийн тактик хэрэглэж байсныг харуулах баримт дурдвал, С.Данзангийн эсрэг Э.Ринчино, Х.Чойбалсан нарын хамт тэмцсэн мэт байсан Ц.Дамбадоржийг “хэт хувьсгалч” ажиллагаа гаргасан гэж зэмлээд намын удирдлагад хэвээр үлдээсэн явдал юм. Э.Ринчиног Д.Бодоогийн эсрэг ажиллаж эхэлмэгц Д.Сүхбаатар тэдний дунд С.Данзан оруулсан бол өөрийнх нь эсрэг ажиллаад эхэлмэгц С.Данзан, Ц.Дамбадоржийг тэдний дунд оруулсны учрыг эндээс ойлгож болно. 

    Ерөөс ардын нам, засгийн удирдагчид шинэ Монгол улсын тагнуулын албыг үүсгэн байгуулагчид төдийгүй, төрийн тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг сахиж хамгаалах үүрэгтэй энэ албаныхаа ажил өөрсдийн биечлэн оролцдог байсан бөгөөд эд ажиллагаагаа болох ёстой юм болж байгаа мэтээр ил болгон нууцлан далдлахдаа сайн байсан боловч Хаант Орос, Хятад, Японы тагнуулын хорлон сүйтгэх ажлынхаа амьд гэрч, баримтыг устгадаг арга барилыг мэддэггүйдээ туршлага дутаж, эхний үед хувьсгалын удирдагчдаа алдах хүртэл их хохирол үзжээ. Магадгүй найрамдлын барилдлагаа тогтоосон Зөвлөлт улсын тагнуулын ажлын шинэ арга барилд итгэж байсан байж болох юм. Гэтэл БООК Хаант Оросын Улсын төрийн цагдаагийн тагнуулчид, өдөөн хатгагчид, мэдээлэгчдийн бүртгэл “картын санг” авч, тэднийг дахин ашигласан төдийгүй, зарим арга ажиллагааг нь өвлөн авсанд хэргийн учир оршино. Ялангуяа зүүн эсерүүд ОК /б/Н-тай нийлэх далимаар БООК-т олноор орсон нь ихээхэн аюултай явдал болсон байна. Энэ нь И.В.Сталинд алан хядагчид, өдөөн хатгагчдын бүхэл бүтэн армийг бий болгожээ. 

    Э.Ринчино ДХГ-ыг ашиглан аллага, хядлага үйлдээд зогсохгүй, БООК, ДХАК-ын мэдэлд түүнийг баттай оруулж орхисон юм. Зарим баримтыг дурдвал, Бүх цэргийн зөвлөлийн 1924 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн II хурлаас “Холбоот улсын зүг явуулах, ирэх захиа бичгийг ДХГ байцаан үзэхийг зогсоохоор” тогтоожээ. МАХН-ын III их хурлаас “Москва дахь Монголын ЭСЯ-нд явуулах шууданг Зөвлөлт улсын ЭСЯ-ны дипломат шуудантай хамт явуулж байх” санал тавьж тогтоол гаргуулжээ. Э.Ринчино бас хэргийнхээ ул мөрийг арилгахын тулд БНМАУ-ын бүрэн эрхт байдалд хохирол учруулахаас ч буцахгүй байв. Жишээ нь мөн III их хуралд төлөөлөгчдөөс “Монгол улс Хятадтай шууд хэлэлцэ хийхийг дангаараа оролдох” санал гаргасанд Э.Ринчино хариулахдаа “Энэ зорилтыг Москвад суугаа ЭСЯ-аар дамжуулан гүйцэтгэвэл хамгийн хялбар дөхөм” гээд “энэ тухай олигтой анхаарахгүй” байгаа “Москва дахь ЭСЯ-ныхныг нэн даруй халж өөрчлөхийг хатуу заасан тогтоолыг хурлаас гаргах”-ыг шаардсанд уг их хурлын IX хуралдааны тогтоолоор ёсоор болгожээ. 

    “Данзангийн хэрэг” гэгчээс өмнөх зохиомол хэргүүдийн учрыг бүрэн гадарлах хүн гэвэл Богд хаан л үлдсэн байлаа. Б.Цэрэндоржийн тэмдэглэлээс үзэхэд, Богд хааныг "нас барсны” дараа С.Данзанд “бүгд найрамдах засаг” байгуулахыг тулгасан нь мэдрэгдэж байна. С.Данзан ийм шаардлагыг хүлээж авахгүй гэдгийг ч тэд мэдээд зориуд ийм тулгалт хийжээ. Энэ бол Нэгдсэн Монгол Улсын төлөө үзэл санаанд өгсөн ээлжит цохиолт мөн. Богд хааны жолооч Д.Даваатай ДХГ-ын дарга Д.Балдандорж холбоо тогтоож сургагч Шилинда /Блюмкин болов уу гэж таамагладаг-Зох/ гардахаар авчээ. Бас Хаант Оросын үед Монголд ирж Богдын жолооч болсон буриад Бадам Вампилун ДХГ-тай холбоотой байсан. Түүний хэргийг ДХГ-ын сургагч Цэрэнов гардан хянаж, Богын итгэлтэй хүн байж, алт мөнгө үнэт зүйлсээр ихэд шагнагдсан гэх мэтээр мэдээ хурааснаар хязгаарлажээ. Бадам Вампилун бол Д.Сүхбаатарын өвчтэй байхаас нь нас барьж, оршуулах үеийн зургийг авахуулахаар Цэрэндорж Номинханы олсон зурагчин мөн. Богд хааныг нас барсны дараа түүний нууц бичгийн авдар ор сураггүй болсон гэх ба жанжинД.Сүхбаатараас Богд хаантай харилцаж байсан тухай 17 дэвтэр тэмдэглэл бас сураггүй болсон гэнэ. Энэ бүхэн зүүн–троцкистууд, сталинчуудын гэмт хэргийн баримт болох байсан учраас алга болсон байж болох юм. Харин гагцхүү Х.Чойбалсан л “баруунтны” үед “баруунтан”, зүүнтний үед “зүүнтэн” болж үлдсээр байв. 

Гурав 

1930-140 оны БНМАУ-ын Гадаад, дотоод нөхцөл 

    Зөвлөлт засгийн газраас БООК,УТГ,УТОГ-ын хууль ёс зөрчиж , улс төрийн нугалаа завхрал гаргасан үйл ажиллагааг хянаж засах арга хэмжээ авч эхэлмэгц И.В. Сталин БОК(б) Н-ын нэр хүндийг ашиглан Коминтерн , Зөвлөлт засгийн газар , ГХАК-ыг гартаа оруулахын тулд “хүч хэрэглэх” замд шилжсэн нь үнэн чанартаа зүүн эсэр-троцкистүүдын үйлдлийг шууд үргэлжлүүлсэн хэрэг байв. Ийнхүү Бүх Холбоотын Төвийн гүйцэтгэх Хорооны дарга М.И. Калинины гэргийг баривчлан хорьж Г.В.Чечеринийг эмчлүүлэх нэрээр ажлаас нь зайлуулан Европт аваачих зэргээр В.И.Лениний үеийн улс төрийн зүтгэлтнүүдтэй тооцоо бодож эхэлжээ. Ф.Э. Дзержинский гэнэт нас барж, түүнтий үйл хэргийг залгамжлагч В.Р. Менжинский илэрхий хорлогдов Зөвлөлт төр, коммунист намын ленинч зүтгэлтнүүдээс зүүн эсэр –троцкистуудын “гадаад улстай байгуулсан харилцааг гуйвуулж , зохион байгуулалттай аллага хядлага үйлдсэн” нугалаа завхралыг засаж эхэлсэн нь Монголд ч хармаарч нааштай нөлөө үзүүлж байсныг баримтууд гэрчилнэ. Юуны өмнө 1921 оны найрамдлын гэрээгээр тохиролцсон хоёр улсын тэгш эрхт харилцаагы зарчмуудыг хэрэгжүүлж , зарим тэгш биш заалтыг хүчингүй болгох алхам хийгдэж эхлэв. Эдгээрийг дурдвал: 

    Нэгдүгээрт. 1921 оны хэрэлцээний үед зарчмын хувьд тохирсон Монголд оршин суугч буриад иргэдэд Монголд дагаар орохыг зөвшөөрсөн асуудал ажил хэрэг болж, 1923 онд хоёр засгийн газрын хамтарсан комисс байгуулагдан 1923 оны 7 дугаар сарын 3-нд болсон анхныхаа хуралдаанаар энэхүү асуудлыг шийдвэрлэхэд зөвлөлтийн таслаас “эцсийн бэрхшээл арилж”, ийм шийдвэр гаргах нөхцөл бүрдсэнийг мэдэгдэж , монголын талаас “улсын үйлдвэрдэх хүчнийг хөгжүүлэх , ард түмний аж байдлыг дээшлүүлэх ” нам , засгийн ээлжит зорилгод хүчин тусалж чадах буриад сэхээтэн мэргэжилтнүүд болон Зөвлөлт Орост нутаглагч бусад монгол угсаатны хүмүүсийг хүсэлтээр нь харьяалалдаа авах саналыг албан ёсоор гаргажээ. Хамтарсан комиссын зөвлөлтийнг талын тэргүүн Монголд ОУ-ын хэргийг хамаарагч Ю.И.Юдин Монголын талын хүсэлтийг “ Зөвлөлт Оросын Засгийн газрын сонорт хүргэх болно.” гэдгийг мэдэгдсэн байна. Үүний үр дүнд хоёр улсын харьяат болох тухай хэлэлцээр байгуулж , 1924 оны 10 дугаар сарын 03-нд БНМАУ-ын ГЯЯ-ны сайд А.Амар, ЗСБНАУ-ын ба БОК (б) Н-ын Бүрэн эрхт төлөөлөгч А.Н.Васильев нар Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. ТагнаУрианхайн асуудал ч цэгцэрч Бүгд Найрамдах Дува улс байгуулагдан БНМАУ-тай дипломат харилцаа тогтоон элчин сайд солилцож, худалдааны “Совмонтува” хамтарсан пүүс ажиллаж эхлэв. Мөн Зөвлөлт , Буриад , Монголын “Монсовбунэр” пүүс байгуулагдав. Ийнхүү хөрш 3 улсын харилцаа тэгш эрхийн үндсэн дээр хөгжиж эхэлтэл И.В.Сталины “большевикжуулах”, “советжуулах”,”автотичлах” ажиллагаа идэвхжээ.1925 онд Буриадын үндэсний хороо (Бурнацком)-г татан буулгасан нь хэрэг дээрээ Польш, Германы зүүн социал-демакрат хөдөлгөөн үндэсний нэгдсэл фронтын хэрэг И.В.Сталины үйлдсэн хэрцгийлэлтэй адил зүйл байв. Буриадын үндэсний хороо бараг бүрэлдэхүүнээрээ Монголд ирж дагаар орсон байлаа. 1926 онд гэхэд Монголд дагаар орсон Даш Сампилун Аж үйлдвэрийн яамны зөвлөх бөгөөд “Монголтээх”-ийн дарга, Баярт Вампилун Засгийн газрын эдийн засгийн зөвлөлийн эрдэмтэн эдийн засагч, Японоос эгэн ирж Сонголд дагаар орсон Гомбо Бадамжав Шүүх яамны зөвлөх болжээ. Үүнээс гадна хуучин байсан Жамсрангийн Цэвээн Засгийн газрын болон МАХН-ын Шалган байцаах комиссын гишүүн бөгөөп Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Гочитский Цэдэн-Иш Дашпилун Монголын төв хоршоодын холбоод (Монценкон Монголхоршоо)-ын дарга бөгөөд Сангийн яамны зөвлөх, Эрдэмбатхаан ДЯЯ-ны гэгээрлийн хэлтсийн эрхлэгч бөгөөд Гэгээрлийн яамны сайд, Цогт Бадамжав ДЯЯ-ны зөвлөх бөгөөд “Монголхоршоо”-ны удирдлагын гишүүн тус тус ажиллаж байв. Буриадын голоох удирдах зүтгэлтнүүд Монголд ирсэн учраас энгийн олон иргэн өрх гэрээрээ дагалдан ирж, БНМАУ-ын харьяалалд оржээ. 1925 оны 9 дүгээр сарын мэдээгээр Халхын голын хошуунд 450 өрх, Улз голын хошуунд 1700 өрх, Онон голын хошуунд 1250 өрх, Хэрлэн голын хошуунд 400 өрх, Ерөө голын хошуунд 500 өрх, Улаанбаатарт 2000 орчим буриад иргэн , нийтдээ 15800 буриад Монголд сууршсан ажээ. Нөгөөтэйгүүр ,БНМАУ-д шилжин суурьшсан буриад иргэдийн тоо бүртгэлийг гаргах, тэдний дотроос цагаантным үеийн алба ба цэргийн албан хаагчид , нударган , гэмт хэрэг үйлдэгчдийг судлан тогтоох зорилгоор ДХГ-т ДХАТ-ын төлөөлөгч сургагч сууж, Буриадаас тэдний удирдлагад ажиллах нууц ажилтны (сексот) нарыг ирүүлсэн байна. Ийм нууц ажилтны нэг болох Дашцэрэн Жалсоныг 1924 онд ирүүлжээ. 

    Хоёрдугаарт. Барга, Өвөр монголын хувьсгалт нам үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд туслахад саад хийхгүй, харин зарим хэлбэрээр дэмжих болов. “Данзангийн хэрэг ” гэгчид холбогдон гянданд сар хоригдоод гарсан Б.Буяннэмэх Барга, Өвөр Монголд “оргон ” оргон очсон нь нам, ДХГ-ын тусгай тусгай даалгавар бололтой. Тэр 1922 онд “хувьсгалын хэргээр ” Хүрээнд ирээд “хувьсгалын суртлыг дэлгэрүүлэхэд ” туслахыг гуйж явсан Чингүүгийн Мэрсээтэй 1924 оны сүүлчээр Хайлаарт уулзаж, тэнд “Монголхоршооны ” төлөөлөгчийн газрын дэргэдэх сургуульд багшилж байгаад 1925 оны 1 дүгээр сард Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургуулийг (КУТВ) төгсөөд очёон Чэнжийн Буянгэрэтэй уулзаж, мөн оны 7 дугаар сард М.Мэрсээ , Ч.Буянгэрэл, С.Буяннэмэх, гурвуул Бээжинд одсон байна. Тэнд М.Мэрсээ , Ч.Буянгэрэл нар ЗСБНХУ-ын Бүрэн эрхт төлөөлөгч Л.М.Войтинский (Зархин) нарт “Буяннэмэхтэй хэрхэн харилцах ” тухай асуулт тавьсанд “Өвөр Монголын намын ажилд ашиглах зөвшөөрөл ” өгсөн ажээ. С.Буяннэмэх тэгэхэд “Сэцэнбилэгт ” нэрэй явжээ. Баримтаас үзэхэд , Барга, ӨвөрМонголын асуудлаар нэлээд хожим хүртэл нэр холбогддлг хүмүүс бол Боуляны Эрхэмбат, “бүдүүн” хэмээх Ц.Өлзий хоёр юм. Ц.Өлзий Монгол Ардын Хувьсгалын дараа жанжин Д.Сүхбаатараас 500 винтов буу авч, Баргад цэрэг байгуулж, хувьсгал үүсгэхээр явсан бөгөөд тухайн үед нөхцөл шалтган бүрдээгүйгээс уг зорилгодоо хүрч чадалгүй буу зэвсгээ эргүүлэн авчирч өгсөн боловч тэнд 5 үүр бүхий “Дотоод хязгаарын ардын нам ” болж өөрчлөн зохион байгуулагджээ. Эд нам өөрийгөө МАНХ-ын нэг хэсэг “тасархай ” мөн гэж үзэж , ажлаа байнга мэдээлж, тамгаа захиалан хийлгэсэн аж. “Залуучуудын намын ” тэргүүлэгчдээс 1924 онд ирүүлсэн нэгэн бичигт “Дэвшилт ноёдыг тусгаар тогтнолын хөдөлгөөнд ашиглах” тухай санал тавьж, “Эрхэмбат, Сульфунга нар Хятадтай холбогдолгүй , томоотой , ухаантай хүмүүс бөгөөд бидний залуусыг тоож, хэрэг оролцохыг хүсдэг , олоноо нэлээд итгэлтэй ” хэмээн тодорхойлсон байдаг. Мөн 1924 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн бичигтээ “Өвөр Монголд хувьсгалын ажил явуулж, ардын хувьсгалт цэрэг байгуулах,бүх Монголын нэгтгэх их үйлсийг оролдхуйг чармайж зүтгэсүгэй хэмээн тогтоож… Мэрсээ, Эрхэмбат, Хуаминтай нарыг төлөөлөгчөөр томилон явуулав.” гэжээ. Энэ бичигт эдгээр 3 хүнээс гадна Цэдэн-Иш , Буянгэрэл, Мөнхгэрэл, Адьяабазар, Алтанбат нар гарын үсэг зурсан байна. Нэр гарч буй Цэдэн-Иш бол дээр дурдсан зүүн эсер Цэдэн-Иш Цыдыпов мөн агаад эндээс зүүн-эсер троцкист-станлинчууд Элбэгдорж Ринчиног Ар Монголын хувьсгалт хөдөлгөөнд, Цэдэн-Иш Цыдыповыг Баргын хувьсгалт хөдөлгөөнт шургуулсныг ойлгож болно. Дээрх баримтаас үзвэл “Данзангийн хэрэг” гэгчийн цаад зорилго нь Өвөр Монголд цэрэг байгуулах, улмаар хоёр Монгол нэгдэхэд саад хийхэд л байжээ. Манай төр, засгаас тэр үед дэвшилт үзэл бодолтой ноёдыг элдвээр хавчиж устгахуйн төлөө тэмцсэний учир шалтгаан энд ч байгаа юм. МАХН-ын III их хурал их хурал дээр Баргын төлөөлөгч Ч.Буянгэрэл (Фуминтай ) ардын намд нааштай ханддаг боловч “хувьсгалт тактикаас ” (өөрөөр ) хэлбэл , зуун эсэр маягийн аллага хядлагаас ) айдаг ноёд баячуудыг хэрхэн үзэх тухайд Э.Ринчинногоос асуухад “тийм аймхай этгээдүүдийг шууд устгах” хариу өгч, үнэн нүүрээ харуулжээ. Түүгээр ч зогсохгүй Монголын цэргийн жанжныг тэдгээр төлөөлөгчдийн нүдний өмнө устгаж айлгав. Иймээс Баргын ба Монголын намын удирдлага үндсэн зориггоор хэрэгжүүлэх шинэ тактик, нууц ажиллагаа боловсруулан явуулсан нь баримтаар батлагдана. Энэ ажиллагааны эхлэл нь “Сэцэнбилэгтийн орголт” юм. 1924 оны сүүлчээр ирсэн нэгэн бичигт “Сульфунга” Мэргээ нар… 12 пугаар сарын 28-ны өдөр нутагтаа ирээд Шинэ Баргын бүгдийн дарга Эрхэмбат, Чивсэнгэ нар цөм Хайлаар хотноо хүлээн байсан тул даруй учир явдлыг зөвлөлдөн хэлэлцээд энэ өвлийн сүүл сараас эхлэн 6 сарын түргэн төгсөх оюутны сругууль байгуулж, 50-60 хүн цуглуулж “ сургахаар бүгд зөвшөөрсөн атал амбан нсён “хувьсгал гарах магадгүй ” хэмээн их хурлаар хэлэлцэн шийдсүгэй хэмээн хойшлон зогсоов. “ гэжээ. Үүнэсс үзвэл М.Мэрсээ, Ч. Буянгэрэл нар МАХН-ын туслалцаатай Коминтернтэй холбоо тогтоож, ХятадГоминдан намтай илүү ойр Өвөр СМонголын дэвшилт хүчинтэй нэгдэн нэг нам байгуулахад “шинэ хүчин ” бэлтгэх “түргэн сургууль байгуулах , БНМАУ-аас С.Буяннэмэхийг байгшаар очуулахаар тохиролцсон гэх С.Буяннэмэхийг багшаар очуулахаар тохиролцсон гэх үндэстэй. .Гэвч амбан сайд“хувьсгал гархааас айж ” хойшлуулсан учраас тэд өөр арга сийлжээ. С.Буяннэмэх “Сэцэнбилэгт ” нэртэй цахар багшийн дүрээр очиж Монголынг хувь нийлүүлсэн хоршооны Амбан хот дахь салбарын дэргэд байгуулсан сургуульд багшилж байгаад М.Мэрсээ, Ч.Буянгэрл нарын хамть Бээжин явсан гэдэг . Хожим өөрөө Намын Төв Хороонд бичсэн өргөдөлдөө Баргад очоод Ч.Буянгэрэлтэй уулзаж , араас ирсэн М.Мэрсээтэй дараа нь уулзсан тухай бичсэн байдаг .Гэтэл С.Буяннэмэхийн асуудлаар сүүлд Ч.Буянгэрэл мэдүүлэг өгөхөөр очсон мэтээр хэлжээ. Энэ зөрөө бол эхнээсээ нэгдмэл зохион байгуулагдсан зүйлийг хожмоо нууцлах гэсэн оролдлогоос болсон хэрэг. Учто нь тэднийг “илчлэн ” гүтгэх хүчин бас байсныг тооцож чадсангүй , чадах ч үзгүй. Байв. Монголын хуювь нийлүүсэн хоршооны тухайд тодруулбал, Автономит байгуулсны зэрэгцээ 1917 оны сүүлийн хагаст гүн Цэдэвсүрэн тэргүүтэй 18 хүн хувь авч нийлүүлж , “ард олны хэрэгцээт зүйлийг гадаадаас авч Монголд авчран бусад орны пүүсүүдийн өндөр үнээс доогуур худалдах зорилготой. “Харилцан туслалцах хоршоо” байгуулж , Манжуур , Барга, Өвөр Монголд салбар төлөөлөгч суулгаж байжээ. Тэр үед “Хоршооллын дүрэм боловсруулахад Д.Бодоо, Жамсрангийн Цэвээн нар оролцож , хоршооллын даргаар Д.Чагдаржавыг сонгосон байна.”Харилцан туслах хоршооны ” ажил гамин , бароын үед тасарчээ. Ардын хувьсагл ялсны дараа 1921 оны 11 дүгээр сарын 2-нд Ерөнхий сайд Д.Бодоогоос хаанд айлтгасан нугалбарт: “Монголын ард түмэн гадаадын шунахай худалдаачдын бараа таваарыг хэт өндөр үнээр худалдан авч , мал аж ахуйн түүхий эдийг тэдэнд сул шахам алдаж мэхлэгдэн мөлжигдсөнөөр улсын эдийн засаг хоосрон доройтоход хүрснийг тэмдэглээд “олон гадаад улсын адил харилцан туслалцах хоршоо нээж , ард ноёд , түшмэд хэмээн ялгаварлахгүй баян ядуугийн байдлыг харгалзан хувь нийлүүлж, түүхий эдийг гадаадад зохистой үнээр гаргаж , тэндээс хэрэгцээт зүйлийг аль хямд төсөр үнээр худалдан авах аргыг өөрсдөө сүвэгчилбэл гадаадын мэлжлөгөөс ангижран ард түмний ашиг тусыг хамгаалахад тус болох “ тул 1921 оны 10 угаар сарын 26-нд “Харилцан туслалцах хоршоо” байгуулж , ”… дагаж явах дүрэм хэмжээг”-г батлан даргаар нь Д.Чагдарржавыг тохоон томилсон тухай мэдэгдсэн бөгөөд энэ ажлыг анхнаас Д.Бодоо өөрөө санаачлан зохион байгуулсанд түүний үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэхэд Сангийн яам, Хатгал харуул зэрэг газрууд төдийгүй Богд хаан ч мөнгө хандивласан билээ. Ардын Засгийн Д.Чагдаржавыг Богдын шадар сайдаар томилсон нь ч үүнтьэй холбоотой бтз ээ. Зүүн эсэр-троцкистууд , станлинчуудын Д.Бодоог буруутгах , Д.Бодоо тэдэжнтэй зөрөлдөх болсны шалтгаан үнээн хэрэгтээ энэ л юм. Ийнхүү “Монголын бие даан гадаадтай худалдаа хийх эрхгүй ” гэсэн заалтыг 1922 оны хэлэлцээрт тулган оруулсан байна. Баргын ”Залуучуудын намын” 1924 оны нэгэн бичигт “аргын 4 дүгээр сарын нэгнээс Хөлөнбуйрын …ноёд Сулфанга , Чүндэ, Дагаасо, Мэрсээ, Дээчин, Динхайнар эв нэгдэж , Баргыг харилцан туслалцах хоршооны гишүүн болон арваад салбар хэлтэс байгуулж , , …. 4 дүгээр сарын 15-ны өдөр Баргын харилцан туслалцах хоршооны тэргүүн хурал болж даргад Дээчүн, Мэрсээ нар сонгогдов.” гэж мэдээлсэн дараа нь “ Баргын хоршоог Монголын харилцан туслалцах хоршоотой нэгтгэх санал тавьжээ. Гэтэл тэнд байсан Цэдэн –Иш,Цыдыповыг Монголын төлөөлөгчөөр томилсон нь даруй Э.Ринчинонарын үйлдэл байлаа. Өөр нэгэн бичигт :”Бид нар…. Мөнхүү хоршооны нэрээр дорогш олон ардыг удирдан дагуулжу, дээш эрх баригчид нарын сэтгэлийг хөдлгөн татаж, ... завшаанд наын үзэл суртлыг олон түмэнд дэлгэрүүлэн явуулахыг ролдсонсоор ... үнэхээр тус дөхөм болж... залуу идэрчүүдээс ардын сурталд соёгдож , гишүүдэд оролчид , халуун сэтгэлээр зүигэгчид улам олшич , бас хоршооны эрх нь эндэх яам лугаа чацууд хүрч, энэ он цагаан сарын сургууль хийлгэв. “ гэжээ. “Сэцэнбилиг ”-ийн багшилсан сургууль энэ болов уу . С.Буяннэмэх Бээжин явахдаа “хоршооны хоршооны төлөөлөгч Цэдэн-Ишээс 100 төгрөг зээлж” авсан нь 1934 онд түүнийг баривчлах нэг шалтгаан болсноос үзэхэд Цэдэн-Иш Цыдынов бол зүүн эсер “үл бүтэх этгээдийн нэг болох нь батлагдаж байна. Чухам имйээс “Харилцан туслалцах хоршоонд “ тулгуурлан байгуулсан Баргын буюу “Дорнод хязгаарын ардын нам “ их л удалгүй дотроо хагарч , бүгдийн дарга Эрхэмбат “хэн ч агатуй их үнээр худалдан авахад үл болох юун” гэж Англи , Америк , Хятадын пүүсэнд хоршооны ноосыг өгдөг болжээ. Энэ нь 1922 оны хэлэлцээрийг эсэргүүцсэн хэрэг байв. Баргын харилцан туслах хоршоо 1917 онд гүн Цэдэвсүрэн, Д.Бодоо , Ч.Чагдаржав нарын оролцоотой байгуулж , 1921 онд сэргээсэн Монголын харилцан туслах хоршооны салбарын суурь дээр буй болсон явдал хэрэг дээрээ Д.Бодоо, С.Данзан нарын худалдааны хэргийг үргэлжлүүлсэн Ц.Дамбадорж нартай үйл ажтллагаагаа зохицуулсныг давхар баьалж байна. “Дорнод хязгаарын ардын нам “-ын анхдугаар их хурал 1925 оны 1 дүгээр сарын 13-нд хуралдаж , 7 зүйлт тогтоол гаргасны дотор “орлогч тэргүүлэгч Эрхэмбатын хамт... Монгол улсын цэргийн тусгай ангийн 1 дүгээр буугийн дарга бөгөөд Хөлөн Буйрын Шинэ Баргын Зүүн гарын бүгдийн даргны туслагч Өлзийг тусгай төлөөлөгч болгон сонгож , аливаа хэрэгт хүчин хавсруулан шийтгүүлэхээр” Улаанбаатарт суулгажээ. Энэ бол “бүдүүн “ хэмээх Ц.Өлзий бөгөөд сүүлд П.Гэндэн , Г.Дэмид нараас түүнийг бүгдийн дарга Эррэмбаттай холбоо бариулахаар (6удаа ) явуулсан юм. Тэгэхлээр энэ ажил бүр Д.Сүхбаатарын үеэс холын зорилготой бодож боловсруулсан ДХГ ба цэргийн тагнуулын чухал нарийн нууц ажиллагаа байжээ гэж үзэх үндэстэй. 1925 оноос Зөвлөлт Засгийн газраас Монголын асуудалд олон улсын эрх, хууль зүйн үндэстэй хандаж эхэлмэгц , И.В.Сталин тэр хандлагын эцсийн үр дүн өөрийнх нь бодлого зорилгыг хангахуйцаар үйл ажиллагаагаа зохион байгуулж эхэлсэн байна. 1925 оны 10 дугаар сарын 13-нд Жанчхүү хотноо “Дотоод Монголын ардын хувьсгалт нам” байгуулагдаж анхдугаар их хурлаа хуралдуулахад Дотоод Монголынг 6 чуулган , мөн Цахар , Барга , Алыша, Эзэн зэрэг газраас төлөөлөгч ирсэн ажээ. Энэ хуралд МАХН-ын Төв Хорооны дарга Ц.Дамбадорж оролцож , баяр хүргэн хэлсэн үгэндээ “ Ертөнцийн аливаа их бага үйлсийг үйлдэж бүтээхэд эрх биш олон нийтээр зорилт журмаа бат чанга сахиж, үүсэл төгсгөлийг сайтар бодож , нэгэн сэтгэлээр зүтгэн явах болбоос үл бүтэх зүйлгүй, тийнхүү нөхөд та бүгдээр бэрх түгшүүрийг бодохгүй нэгэн зориг , нийтийн хүчээр хувьсгалын явдлыг бүтээж , ард түмэндээ эрх чөлөө олгохыг нэн түргэвчлэн шамдаж ба олон монгол угсаагаа тэнхрүүлэн мандуулахыг хичээвээс зохимой” гэжээ. Хурлаас намынхаа зорилтыг тодорхойл монголчуудад <<Тусгайлан сэнхрүүлэх бичиг>> гаргалаа. Намын даргад Сэрэндондов, Алтан-Очир, Сэцэнбилигт (Буяннэмэх). Алтан, Мандалт, Сайнбаяр нар сонгогдов. Мөн Мурунга (цэргийн төлөөлөгч), Вачир (Коминтерний төлөөлөгч Очиров) нар удирдах бүрэлдэхүүнд оржээ. Баримтуудаас үзвэл, Ц.Дамбадоржийн хамт МАХН-ын дэргэд суусан Коминтернхий төлөөлөгч М.И.Магаев явсан байж болох байна. 

МАХН-ын ийнхүү Баргын хувьсгалт хөдөлгөөнөөр дамжин Өвөр монголын хувьсгалт хөдөлгөөнтэй холбоо тогтоон нэгдмэл хүчин болгох, тэднээр уламжлан Хятадын хувьсгалт хөдөлгөөнд ойртох харилцах зорилгоо хэрэгжүүлэхэд Коминтерний тухайн үеийн удирдлага, Зөвлөлт Засгийн газраас тусалсан боловч И.В. Сталин түүнтэй зэрэгцээ сөрөг ажиллагаа зохиож, үүнийг нь хятадууд овжин ашиглаж байгаа нь дорхноо мэдэгдсэн юм. ДМАХН 1926 оны II хагас гэхэд бүрэн хагаран бутарсан байлаа. Хятадын цэргийн эрхтнүүдийн өрсөлдөөн тэнмцлийн уршгаар МАХН-ын Төв Хороонд суурин ажиллах газар ч олдохгүйд хүрчээ. 1926 оны эхээр Жан Зо-Лины цэрэг Жанчхүүг авах сургаар ДМАХН-ын Төв Хороо Буут хотноо шилжин ирэв М.Мэрсээ, С.Буяннэмэх нар тэндээс Улаанбаатарт ирээд байтал Коминтерний төлөөлөгч Очировын хүсэлтээр С.Буяннэмэхийг Буриад-Монголд урьж, монгол хэл бичгийн багшаар ажиллуулах болов.2 Энэ хооронд ДМАХН-ын Төв Хорооноос << Дорнод Хязгаарын Ардын Нам>>-ыг ДМАХН-ын << Хөлөнбуйрын ерөнхий хороо>> гэж нэрлэн тамга өгч төлөөлөгч явуулсан боловч ДХАН-ын төлөөлөгч Хасбаатараас МАХН-ын Төв Хорооны дарга Ц.Дамбадоржид ирүүлсэн бичигтээ “ тус ерөнхий хороог МАХН-аас салган ДМАХН-д шууд оруулсан нь нутгийн ард олны санал сэтгэл ба ажил явдалд үл нийлэлцэх>> тул << хуучин ёсоор МАХН-ын Төв Хорооны ерөнхий заасвар удирдлагыг хүлээн дагах>>3 хүсэлтэйгээ илэрхийлжээ. Ц.Өлзийг МАХН-ын төлөөлөгчөөр Баргад томилон явуулсан байна. Нөгөөтэйгүүр ДМАХН-ын Төв Хорооны бүгд хуралд очсон Баргын төлөөлөгчдийг << МАХН-ын гишүүн>> гээд оруулахгүй байгаа тухайн мөн. Хасбаатар захидалдаа бичсэн байдаг. Гэхдээ БАХН, ДМАХН, МАХН-ын төлөөлөгчид Улаанбаатарт уулзаж, ДМАХН, МАХН-ын төлөөлөгчид Улаанбаатарт уулзаж, харилцаа холбоогоо бэхжүүлэх алхмыг 1926 онд хийжээ.Үүний баримт гэвэл ДМАХН-ын Түр цагийн хорооны тэргүүлэгч ба орлогч гишүүдийн 1926 оны 7 дугаар сарын 26-ны хуралд намын дарга Сэрэндондов <<Улаанбаатар хотноо очиж, сар илүү сууж, ( Сэрэндондов, Буянгэрэл, Алтан гурав ирсэн ) олон нөхөд лүгээ хэлэлцэж, Дотоод Монголын байдлын тухай итгэл тавьжээ. 5 түмэн янчаа ( 2 түмнийг урьдчилан олгосон) туслах болов. Намын нэрийг << Дотоод Монголын Ардын Хувьсгалт Намын Төв Хороо >>хэмээж Долон нуурт байрлуулахаар тогтов”1 гэж илтгэснээс тодорхой. 

    Эл хурлаас бас <<50 залууг сонгон авч сургуульд явуулахаар>> тогтжээ. Ийнхүү М.Мэрсээ, Ч. Буянгэрэл, Б.Эрхэмбат зэрэг олон хүн Коминтерний шугамаар түргэвчилсан сургалтыг дүүргэж ирсэн байна. Чухам эндээс л ДМАХН-ын дотор <<шинэ хуучин>>, МАХН-ын дотор <<зүүн баруун>> гэх хагарал бутрал үүдэх шалтгаан гарсныг баримт харуулна. Улаанбаатарт суусан Өвөр Монголын Ардын Хувьсгалт Намын төлөөлөгч Эрхэмбат 1927 оны 5 дугаар сард МАХН-ын Төв Хороонд ирүүлсэн 27 тоот бичигтээ <<ӨМАХН-ын Төв Хорооны онц Бүгд хурлыг 1927 оны 6 дугаар сарын 20-нд Улаанбаатарт хуралдуулах >>2 зөвшөөрөл хүсэж, энэ тухайгаа ДМАХН-д мэдэгдсэн ажээ. Сэрэндондов, Дэмчин ( Дээчүн) нарын хэдэн хүнээс 5 дугаар сарын 22-нд Ц.Дамбадорж, М.И. Амагаев нарт ирүүлсэн цахилгаанд <<Улаанбаатарт хуралдмуй хэмээсэн мэдээг авлаа. Мэрсээ манай намд хорлолтой ажил үйлдсэн … Хэрэв тэр хуралд нь та нар оролцвол төлөөлөгч явуулна>>гэсэн бол Мандалт, Алтан, Мурунга, Буянгэрэл, Эрхэмбат нарт <<Улаанбаатар хот дахь хоёр гурван хүний хуралдах гоёч хурлыг огт зөвшөөрөхгүй… Мурунга даруй Цахарт ирж ажил хүлээж авах хэрэгтэй. Мандалт, Алтан нар Улаанбаатар дахь үнэнч хувьсгалын нөхцдийг хамт даруй Нин-Ся (Иргай) хотноо ир >>3 гэхчлэн бичжээ. Гэвч эл хурлыг МАХН дэмжсэн учир ӨМАХН-ын Төв Хороог шинэчлэн байгуулж, даргад Ч.Буянгэрэлийг сонгов. Тус намын дэргэд Коментерний төлөөлөгч Степанов гэдэг хүн суужээ. Сэрэндондов тус хурлын зэрэгцээ Нин-Ся хэмээх хотод бас нэгэн хурал хуралдуулж гаргасан тунхагтаа <<Орос нь Коминтерний орчлон дахь зөөлөн буурайг туслан тэтгэмүй” гэсэн сайхан нэрийг ашиглан үнэндээ улаан өнгөт эзэрхгийг явууж буй амуй…Тус намын Улаанбаатар хотноо нээгдсэн тусгай их хурлыг ашиглаж, Коминтерний эрх хүчээр хурлын ажлыг эзэрхийлэн, төлөөлөгч нарыг хүчирхийлэн дарлаж, тус намын 1 их хурлын ажлын тунхагласныг урвуулж, эв хамтын хороо байгуулж, улаан үзлийг явуулахаар болгожээ>>гээд М. Мэрсээ, Ч.Буянгэрэл нарыг ихэд муулж, <<Москвагаас Улаанбаатар хотноо буцаж ирээд эв хамтын хүмүүсийг нэр дараалан намын данснаас хасаж гаргаад намын зорилт лугаа зөрчигсөд гишүүн байваас дайсан гэж үзэж даруйхан устгана>1 гэжээ. 

    ДМАХН-ын дэргэд суусан Коминтерний төлөөлөгч Очиров Ордост явж байгаад дээрэмчдэд алуулж, Хятадын засаг захиргаа Хөлөнбуйрын хоршоог эзэлж Цэдэн-Ишийг барина гэсэн гэх мэдээ байдаг. Гэхдээ Цэдэн-Иш энэ тухай өөрөө бичиж мэдэгдсэн агаад бас ч баригдалгүй Баянтүмэн, Тамсагбулаг хавиар ирж, үймүүлэн явжээ. Сэрэндондов тэргүүтээ ДМАХН-ын Төв Хороо ч 1928 он гэхэд хэрэг дээрээ дампуурав. 1927 оны сүүлчээр ДМАХН-ын Төв Хорооны орлогч дарга Дэчин Дээчүн, нарийн бичгийн дарга төлөөлсөн Тогтох нар Иргай хотоос МАХН-ын Төв Хороонд ирүүлсэн 322 тоот бичигтээ <<намын дотор шинэ хуучин хэмээн хоёр анги хувилж тэмцэл будлиан гарсанд … “ дарга Сэрэндонов өмнөд Хятадын Сун Ят-Сений гоминдан Намын Төв Хорооноо бүрэн эрхт төлөөлөгчөөр яваад жил шахам болж буй Энэ хооронд Хятадын Чан Кайшийн Гоминдан намаас манай намд туслах байтугай, тэргүүлэгчдийнхээ 121 дүгээр хурлын 4 дүгээр тогтоолоор манай тусгаар эрхтэй ардын намын Төв Хороог шууд халж, Дундад улсын ардын намын Дотоод Монголын намын хороо хэмээн нэрлэж… чадваас манай намыг үндсээр устган унтраахыг завдаж буйх тул … бэрх түгшүүртэй учраа гарган мэдэгдэж, гэгээн мэргэн завиар хүртээж туслан тэнхрүүлэхийг гуйж>>төлөөлөгч томилон явуулж, улмаар Монголын нутагт орж, тэндээс намын ажлыг мандуулахаар тогтсоноо мэдэгджээ. Гэвч МАХН <<цус махны холбоотой нэгэн угсаа болох >> Өвөр Монголын ардын хэрэгт тусгахыг хичээвч Коминтернээс хориглохын зэрэгцээ завсар зуурт нь << баруун зүүний анги бүлэгт >> хуваагдуулсан байлаа. 

    Гуравдугаарт. Монгол-Хятадын хооронд яриа хэлэлцээ хийхэд зарим дэм хүргэжээ. Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн тэмдэглэн үлдээснээр, ЗСБНХУ ба БОК б Н-ын Бүрэн эрхт төлөөлөгчийн газрын зөвлөх В.И. Юдин 1925 оны 2 дугаар сарын 3-нд <<хятад Фын Юй-Сян Чуулалт хаалтанд ирээд засгийн газартайгаа тохирохгүй учир… Монголтой холбоо байгуулах саналтай хэмээх тул намаас албаны бус төлөөлөгч илгээж байдлыг мэдвээс юун бол хэмээн Чичеринээс цахилгаан ирснийг >> мэдэгдэхээ Монголоос зөвлөлтийн <<цэрэг татаж буцаах>> асуудлыг хамт тавьсан байна. Ерөнхий сайд Б.Цэрэндорж, Бүрэн эрхт төлөөлөгч А.Н. Васильев нарын хооронд сар илүү хугацаанд өрнөсөн дипломат алхмуудын дүнд дээрх хоёр асуудал хоёр талд ашигтайгаар шийдвэрлэгджээ. А.Н. Васильев <<Фын Юй-Сян лугаа учруулахаар намаас зарах хүнийг томилохыг >> хүлээх аятай <<цэрэг буцаахаар солилцох бичгийн эхийг>> өгөхгүй л байв. Б.Цэрэндорж өөрөө түүнд бараалхахдаа Фын Юй-Сянд хүн илгээх тухай Төв Хорооноо мэдүүлсэн, дараагийн хурлаар хэлэлцье хэмээжээ. Хятад сонинд “ Москвад бүхий Монголын хэмээх үг буй” гэж учрыг лавласанд А.Н.Васильев “ цуу үг биз “ гэжээ. Ингээд Б.Цэрэндорж “ цэрэг татах тухай Чичеринэс ирсэн бичгийг “аваад явжээ 10 хоногийн дараа А.Н.Васильев Ерөнхий сайдад бараалхан хариу асуусанд Б.Цэрэндорж “Би бэлтгэсэн, маргааш 2 цагт хүргүүлнэ “ гэсэн байна. 

    1925 оны 3 дугаар сарын 25-нд Ерөнхий сайдын орлогч бөгөөд ГЯЯ-ны сайд А.Амар тэргүүтэй төлөөлөгчид Хятадтай хэлэлцээ хийхээр мордов. Одох хүмүүсийн хамт Т.Р.Рыскуловыг явуулъя гэж А.Н. Васильевын хэлснийг Б.Цэрэндорж зөвшөөрчээ. Гэвч төлөөлөгчид Бээжинд очоод удалгүй Т.Р. Рыскуловыг Г. Гэлэгсэнгийн хамт буцааж, оронд нь Н.Жадамба, Ц. Нацов нарыг илгээсэн байна. 1 Дээрх бүх ажиллагаа бол Монголын тал гадны оролцоогүйгээр Хятадтай харилцах асуудлаа шийдэх сонирхолтой байсныг харуулна Чухам иймээс ЗОУ-ын Бүрэн эрх төлөөлөгчийн газрын зөвлөх Линда ойр ойрхон 2-3 удаа ирж “ өмнө зүг одсон намын төлөөлөгч нарт өгсөн зааврын хувь өгмү” хэмээж байсан Б. Цэрэндоржийн тэмдэглэлд үйлджээ. Ямартаа ч А.Амар нарыг Бээжинд очиход уг асуудлыг заншлан судлахаар жилийн өмнө С.Данзан, Б.Цэрэндорж нарын даалгавраар одсон Ц. Ширгэдамдин, түүнд хэлмэрчлэгч М.Мэрсээ нар тэнд уулзан ярилцсан юм. Хэлэлцээ нэлээд сунжирсан боловч зүүн социал-демократ хөдөлгөөний нэрт зүтгэлтэн Ли Жао, Чен Ду-сю нарын 2 оролцоо дэмжлэгтэйгээр Монгол-Хятадын харилцааны 4 зүйлт хэлэлцээр байгуулагдаж, БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн 3 билээ. 

    Дөрөвдүгээрт. Монгол-Төвдийн харилцааг сэргээж, бие биеийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх оролдлогыг БНМАУ-ын зүгээс санаачилсан боловч мөн л бага нь ихдээ завшигдахад хүрчээ. 1925 оны 10 дугаар сарын 1-нд зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгч Ерөнхий сайд Б.Цэрэндоржид бараалхаж, “энэ хэр Төвд Монгол хоёр улс хоорондоо найрамдлын холбоо байгуулах цаг болсон тул монгол засгийн газраас бүрэн эрхтэн элчин явуулахыг манай Засгийн газраас эрмэлзэн буй” гэсэнд Монголын Засгийн газар “ ихэд баярлан” хүлээн авчээ. Эл баярт мэдээг хүргэсэн хүн бол шинээр ирсэн Бүрэн эрхт төлөөлөгч П.М. Никифоров байлаа. Б.Цэрэндоржийн тэмдэглэлд “ 11 дүгээр сарын 4-нд Гадаад яамны сайдыг элчинд илгээж, Төвдөд одох Элчин сайдад Намсрай, комиссарт Жадамбыг томилсныг хэлүүлэв” гээн байх авч, Намын Төв Хорооны дарга Ц.Дамбадоржтой зөвлөлдсөний дараа Л.Гомбо-Идшин тэргүүтэй тусгай төлөөлөгчдийг “Далай ламд мөргөх” халхавчаар ДХГ-ээс эрхлэн илгээжээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Зөвлөлтийн харъяат Чанчаев “элчин зөвлөх Цэвэлдоржийн “ дүрээр, Ринчин Доржиев, Мацах Бимбаеь нар орчуулагчаар орсон байна. Төлөөлөгчид Төвдөд 8 сар ажиллахдаа Далай ламын Засгийн газрын эрх баригчидтай удаа дараа уулзаж, Монгол-Төвдийн хооронд найрсаг харилцаа тогтоосон боловч “найрамдлын холбоо байгуулах” буюу гэрээ байгуулах гол үр дүнг Зөвлөлтийн тал хүртэж, Төвдөөс Няндаг, Жүрмэд нарыг1 Зөвлөлт Орост суух төлөөлөгчөөр томилон явуулсан ажээ. 1925-1928 онд БНМАУ, МАХН-ын гадаад харилцааны үйл ажиллагаа бодит нөхцөл байдалд тохирч хөгжихөд Зөвлөлт засгийн газрын тус дэмжлэг, зүүн социал-демакрат хөдөлгөөнтэй эв саналаа нэгтгэн фашизмын эсрэг үндэсний дэвшилт хүчнүүдийн нэгдмэл фронт байгуулахын төлөө тэмцэж байсан Коминтерний удирдлагын зонхилох хэсгийн үзэл баримтлал нөлөөлсний үр дүнд Монголын нам, засгийн удирдлагад Ар,Өвөр, Барга, Буриад Монголын хамгийн чадварлаг хэсэг ялгаран тодорч гарчээ. Тэд И.В.Сталин, түүнийг тойрон хүрээлэгчдийг ялангуяа эдийн засгийн бодлого, үйл ажиллагааны хувьд хааш нь ч хөдөлгөхгүй байлаа. Нөгөөтээгүүр. И.В.Сталины “ нударганчуудыг хоослох”, “тариачдыг хамтруулах”, “талх тариаг хураах” бодлого зөвлөлт оронд үхэл ядуурал авчирч, үндэстэн ястны сэтгэл санаа алдагдахад хүрчээ. Энэ үед олон буриад иргэд Монголд орж ирснээр зогсохгүй, албан үүргээ гүйцэтгээд буцах болсон торгууд цэргийн анхны бригадаас 15 хүн Монголд үлдэх саналаа Засгийн газарт тавьсныг ЗОУ-ын Бүрэн эрхт төлөөлөгчийн газар эсэргүүцэж, 5 цэргийг түр үлдээн бусдыг нь даруй буцаажээ. Тэр ч байтугай, Зөвлөлт Оросын нутагт оршин суугч солонгос иргэдийн захиргаанаас БНМАУ-ын Засгийн газарт өргөдөл ирүүлж, Монголд бөөнөөрөө дагаар орох хүсэлтээ илэрхийлсэн байлаа.2 Эдгээрээс дүгнэхэд “ баруунтан” гэж нэрлэгдсэн Монголын удирдагчдын улс төр, эдийн засгийн бодлого, үйл ажиллагаа ард түмний анхаарлыг татаж, зөв гэдгээ амьдралаар баталсаар байжээ. 

Монголын “ баруунтан” хэмээх нэр хүлээсэн удирдагчдын улс төр, эдийн засгийн бодлого юу байв аа? 

    Нэгдүгээрт., гадаад бодлого а Зөвлөлт-Монголын харилцаанд харшлахгүйгээр, капитал орнуудтай чөлөөтэй харилцах; б Өвөр Монгол, Барга хийгээд Хятад дахь бусад Монгол овогтноос Коминтерн алс бөгөөд тэдний онцлогийг мэдэхгүй учир эдгээр ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдлагыг БНМАУ гартаа барьж, аажмаар монгол угсаатнуудын нэгдэх нөхцөл бололцоог бүрдүүлэх; в БНМАУ-д зөвлөлтийн сургагч мэргэжилтнүүдийг олшруулах бус бусад орноос, тухайлбал Гермаанаас мэргэжилтэн урьж ажиллуулах; г Зөвлөлтөөс гадна Герман, Япон, Хятад зэрэгт оюутан сургах явдал байв. 

    Хоёрдугаарт, дотоод бодлогод: а хувьсгалын феодалын эсрэг чанарыг гүнзгийрүүлэн эрс ажиллагаа явуулах нь цагаас эрт бөгөөд мэдлэг боловсролтой хүчин дутмаг байгааг харгалзан феодалын зарим хэсгийг улс, аж ахуйн ажилд татан оролцуулах; б буддизм бол марксизмд хамгийн ойр шашин гэсэн суртал ухуулгын дор “лам-эрдэмтдийг” ажилд татан оролцуулах, в улсын дотор хувийн капиталыг дэмжих замаар гадаадтай худалдаа хийх, ялангуяа хуучин Монголд байсан, англи, америк, хятадын пүүсүүдэд түүхий эдийг өндөр үнээр өгөх, гэхдээ Зөвлөлт- Монголын эдийн засгийн онцгой харилцаанд үл харшлуулах; г Монголын нөхцөлд мал аж ахуйн нэгж буюу өрх 200-гаас доошгүй толгой малтай байх нь тохиромжтой гэсэн Баярт Вампилуны “онолыг” хэрэгжүүлэх гэх зэрэг асуудлыг хамарсан байна.1 Энд анхаарах зүйл бол Баярт Вампинулын “онолд” аж ахуйн нэгжийн малын тоог 200-гаас доошгүй гэж тогтоосон ч өмчийн хэлбэрийг онцлоогүй. 

    Ер нь бусад чиглэлд, тухайлбал “Нэгдсэн Монгол Улс”-ын тухай бодлогыг “ халхын төв” халхааскийн центр-ийн “онол”, зарим феодал, “лам-эрдэмтдийг” ажилд татан оролцуулах, буддизмыг ашиглах тухайг Жамсрангийн Цэвээний “онол” гэхчлэн нэрлэж байжээ.Энэ бүхний үндсэн дээр улс орныг аж үйлдвэржүүлэх бодлого боловсруулан идэвхтэй шуурхай хэрэгжүүлэхэд эдийн засгийн дээд боловсролтой Лаш Сампилун их үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх баримт бий. Мөн газар тариалан, барилгын ажилд хятад ажилчдыг Монголын үйлдвэрчний эвлэлээр дамжуулан татаж оролцуулахад Б.Эрхэмбат, М.Мэрсээ зэрэг барга, өвөр монгол нөхөд тус хүргэж байв. Монгол тээх нэвтрүүлэх талаар Даш Сампилуны “онол” гэдгээр тэр үеийн засмал замгүй, техник ашиглалтыг зөв явуулах нөхцөл бүрдээгүй Монгол орны нөхцөлд механикжсан тээвэр онц шаардлагагүй, шатахуун, засварын зардалгүй, хөрс бэлчээр сүйтгэхгүй ач холбогдолтой ердийн хөсгийн тээвэр хөгжүүлэх нь хамгийн үр ашигтай гэж үзэж байв. Энэ нь ч ба мьдралаар батлагдаж байлаа. 

    1928 оны Намын Төв Хорооны 111 бүгд хуралд Төв Хорооны орлогч дарга Н.Жадамба хэлэхдээ “тус Монголын дотор Монголын ба Холбоот улсын тээх нэвтрүүлэх газрууд буй нь үндсэн хөрөнгө, аж байдал харилцан адилгүй. Жишээлбээс: Монголын тээх нэвтрүүлэх болбоос 300 000 –ын хэр хөрөнгөтэй, холбоот улсын тээх нэвтрүүлэх бол 120 000 төгрөгийн хэр хөрөнгөтэй атал Монголын тээх нэвтрүүлэх ажлыг хөгжүүлэх тухайд… худалдаа, аж үйлдвэрийн банкнаас мөнгө зээлэхэд 200-гаад мянган төгрөг өгсөн ба холбоот улсын тээх нэвтрүүлэхэд мөн банкнаас 400-гаад мянган төгрөг өгөхөөр завдсан1 шударга биш байдлыг шүүмжилжээ. Тэр үед банкны сургагчаар Цэрэн Баламсу байсан аж.     

    Н.Жадамба цааш хэлэхдээ “Сургагч нарыг чанартайгаар хэрэглэхийг шүүмжлэн хэрэглэсээр ирсэн. Гэвч сургагчдын явдал байдал сайн муу харилцан адилгүйн дээр зарим сургагчийг албанд идэвхтэйгээр оролцуулсаар байтал зохих газрын зөвшөөрөлгүйгээр шууд барин аваачдаг зүйл бүхий нь үнэндээ манай улсын эрхэнд халдсан хэрэг болно” гээд “Энэ нь холбоот улсын засгийн газрын санал бус” гэж бодож байгаагаа дурдсан байдаг. Гэтэл чухамдаа И.В.Сталин, түүнийг хүрээлэгчдийн санал, үйлдэл байсан билээ. Хэрэг дээрээ Өвөр Монгол, Барга, Манжуур төдийгүй Хойд Хятадад нөлөө суурьтай болоод Японд гарах арга замыг сонгон судалж эхлээд байсан “Монгол хоршоодын холбоо” Монценкоп, “Монгол тээх нэвтрүүлэх Монголтранс, “Монголын харилцан туслалцах хоршоо” зэрэг эдийн засаг- худалдааны пүүсүүдийн харилцаа холбоо, бие даасан идэвхтэй үйл ажиллагааг таслан уналтад оруулж, эрх нөлөөндөө оруулах муйхар ажиллагаа нь яван явсаар Монгол ч тусгүй, Зөвлөлтөд ч ашиггүй улс төрийн цуст завхрал болж хувирсныг баримт харуулна. И.В.Сталины олон улсын харилцааны хэв хэмжээ, хууль ёсыг хөсөрдүүлэн зөрчсөн ажиллагааг Монголын удирдагчид төдийгүй Н.И. Бухарин, Г.Я. Сокольников зэрэг олон ленинч большевик эсэргүүцэж, боломжтой бүх аргаар монгол нөхдөдөө тусалж, өөрсдөө хохирч ч байсны хүчинд “ автономичлон хүчээр нэгтгэх” бодлого БНМАУ-ын хувьд хэрэгжиж чадаагүйг хэлэх хэрэгтэй. 

    1921 онд Монгол-Оросын хооронд найрамдлын барилдлага тогтоох гэрээ бичиг байгуулах хэлэлцээний явцад Зөвлөлт Оросын талын төлөөлөгчдийн нарийн бичгийн даргаар ажилласан Лев Ефимович Берлин 1927 онд ЗСБНХУ-ынхэргийг БНМАУ-д хамаарч байхдаа Ардын Комиссаруудын Зөвлөлийн даалгавраар 1921 оны гэрээ бичгийн хавсралт, “Монголоос бусад этгээдэд газрын концесс олгохол ЗОУ гурав дахь этгээдээр оролцох эрх эдлэх” тухай протоколыг хүчингүй болгох асуудлыг БНМАУ-ын Шүүх яамны сайд Дэндэв, мөн яамны зөвлөх Гомбо-Бадамжав, ГЯЯ-ны хэрэг эрхлэх газрын орлогч Балжинням нартай хэлэлцээд уг протокол хүчингүй болсныг хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрт 1927 оны 9 дүгээр сарын 5-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурмагц хүчин төгөлдөр болгожээ. Ийнхүү Монгол Ардын Хувьсгалын нэгэн удирдагч, Монгол – Холбоот Орос улсын хооронд анхны хэлэлцээр байгуулсан Монгол Ардын Засгийн төлөөлөгчдийн тэргүүн С.Данзангаас зөрөлцсөн цорын ганц асуудал Монгол улсын бүрэн эрх, олон улсын хууль зүйн үндэстэй бөгөөд И.В.Сталин, түүнийг хүрээлэгчийн шууд тулгалт байсныг батлав. 

    “Монгол ардын харилцан туслалцах хоршоо” Монценкоп хэмээх албан ёсны нэртэй, харъяа үйлдвэртэй, бүх төрлийн эд таваарын экспорт, импортын худалдаа хийдэг, дотоодод 25-аас дээш салбартай, хилийн чанадад Москва, Дээд Үл, Тяньзин, Хаалган, Харбинд байнгын төлөөлөгчтэй энэ байгууллага 1927 он гэхэд аль хэр хүчин чадалтай байсныг харуулах нэгэн баримт дурдвал “Монценкоп” 1927 оны 5 дугаар сард “япон” хэмээх Б.Данзанг Хаалган дахь төлөөгөгчөөрөө томилохдоо түүнд өөрийн нэрийн өмнөөс худалдааны бүрэн эрх, түүний дотор 250 000 мексикЫ 

    “Хэсэг буриад нартай мөрийтэй хөзөр тоглож, архидан ухаан алдаж, нэг мэдэхэд Дотоодын хамгаалах гаазрын шоронд хүргэгдсэн” байна. Түүнийг 1934 оны 4 дүгээр сар хүртэл мөрдөн байцааж, сургагч Цэрэнов гүтгэлгийн мэдүүлэг гаргуулжээ. Мөн 1933 онд баригдаж, Зөвлөлтөд хүргэгдсэн Александр Иванович Заплавныйг 1934 онд Ташкентад тэнсэнд байхад ДХАК-ынхан дахин баривчилж гүтгэлгийн мэдүүлгэ гаргуулжээ. 

    Ж.Лхүмбийн хийсэн жинхэнэ хэрэг нь Дорнод Хэнтийд нүүж ирж суурьшсан ядуу доорд буриад иргэдийг төв нутагт шилжүүлэх, ажил эрхлүүлж, эрх ашгийг нь үйлдвэрчний эвлэлийн шугамаар хамгаалахын тул “буриадын хурлаар” дамжуулан тэдэнтэй гэрээ байгуулсан ажил бөгөөд эл асуудлаар гол зөрчилдөж эсэргүүцсэн хүн нь “орос, орос гэсэн юмнуудыг баривчилж, Орост нь бэлэглэх” санаатай “маш нууц” ажлыг ДХГ –ын дарга Д.Намсрайтай нийлэн зохиож байсан. П.Гэндэн ажээ. З.Шижээгийн мэдүүлгээс үзвэл, П.Гэндэн “ оросын төдийгүй буриадын сургагч нарыг бүгдийг буцаах” бодолтой, үүн дээрээ Ө.Бадрахтай зөрөлддөг байжээ. Гэтэл Ц.Жигжиджав, Ж.Лхүмбэ нар мөн асуудлаар түүнтэй зөрөлдөөд зогсохгүй “Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал дээр Гэндэн, Лхүмбэ хоёр муудалцаж гэдсэндээ хөлөө хийлцсэн” гэдэг. 1933 оны 6 дугаар сарын 13-ны “Үнэн” сонины 41 дүгээрт “ 6 дугаар сарын нэгэнд хуралдсэн Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын 11 дүгээр хурлаар үйлдвэрчний Төв Зөвлөлийн намын ангиас хөдөөгийн зарц нартай гэрээ байгуулах тухай илтгэсэн илтгэлийг сонсоод Төв, Хэнтий аймгийн зэрэг нэр бүхийн 6 аймагт энэ жил зарц нарын гэрээ байгуулах ажлыг явуулахаар Үйлдвэрчний Төв Зөвлөлийн намын ангиас оруулж ирсэн гэрээ бичгийн маяг, заавруудыг зүйтэй гэж баталж, чинагш зарц нарын дунд ажлыг хэрхэн явуулах 4 зүйлиййг зааж тогтоол гарган Элдэв-Очир, Лхүмбэ нар үсэг зуржээ” тэсэн байна. Мөн 1933 оны 7 дугаар сарын 21-ний “Арван хоёр жил” сонины 9 дүгээрт Үйлдвэрчний эвлэлийн III их хурлыг хуралдуулах тухай бэлтгэл ажилд зориулан аймгийн үйлдвэрчний товчоо, үүрүүд болон нийтэд Лхүмбээс бичсэн захидлыг Лхүмбийн зурагтайгаар нийтэлжээ. 

    Ж.Лхүмбийг Японы тагнуулын хэрэгт холбогдуулах болсон хоёр нөхцөл бүрдсэн байжээ. Нэгдүгээрт,” Буриадын хурал” дотор япон, цагаантны гар хөл болсон буву хоёр талд ашиглагдаж байсан бөгөөд Зөвлөлтийн тагнуулын албаны хяналтад орсон нэг биш, буриад байв. Сталины сургагч нар тэднээр дуртай гүтгэлэг гаргуулж чадахсан билээ. Хоёрдугаарт, чухам ийм гүтгэлгийг Лхүмбэ дээр гаргуулах бололцоог П.Гэндэн ДХГ-ын сургагч нарт олгож, үүнийг нь тэд монголчуудыг нэгтгэхгүйг хичээсэн И.В.Сталины этиоцид бодлогыг хэрэгжүүлэх үндсэн шалтгаан болгосон юм. Жирийн нэгэн ядуу монгол ардыг согтуугаар буудаж алсан сургагч Чибисов, Семенов нарт ял завшуулж, үзэл санааны хувьд өрсөлдөгчөө цохих гэсэн П.Гэндэн өөрт нь ял завшуулж, өөд татаж гаргасан троцкистууд сталинчуудын гэмт хэрэг Монгол даамжрах үүд хаалгыг ийнхүү нээж өгчээ. Үүнийг ДХГ-ын орлогч дарга байсан Ц.Гиваапилээс МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Бага хурлын даргад бичсэн өргөдөл. Өвөр Монголын хувьсгал Ө.Хархүүгийн яриа зэрэг олон баримт гэрчилнэ. Тэр ч байтугай Ж. Лхүмбэ болон бусад хүнийг ямар ялд унагахыг хүртэл П.Гэндэн тодорхойлсон байж болохыг баримтууд харуулдаг юм. Ж.Лхүмбийн 1934 оны нэгдүгээр сарын 20 –ны өдрийн “ сүүлчийн мэдүүлэг” гэгчийн даргаа ЗСБНХУ-ын Төвийн гүйцэтгэх Хорооны нарийн бичгийн дарга Ш.З. Элиавагаас ирсэн цахилгаан утсанд “Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд Гэндэнд “Лхүмбийн сүүлийн мэдүүлгийн тухай… таны өөрийн санаа ба… таныг бодоход ямар хэмжээнүүдийг авбаас зохихыг утсаар мэдэгдэхийг гуйна”1гэжээ. 

    1930-1940 оны үед хэлмэгдэгсдийн цагаатгах комисс ажиллаж “Лхүмбийн хэрэг” , “Гэндэн-Дэмидийн хэрэг”, “Төв буюу “14-ийн хэрэг” гэгчүүдийн тухай хэвлэлд дэлгэрэнгүй бичиж байгаа тул эдгээр зохиомол хэргийн явцыг эс нуршин, гагцхүү И.В.Сталин, түүнийг тойрон хүрээлэгчид, Монголд аялдан дагалдагчид болон Монголын ардын хувьсгалын үндсэн зорилт, тусгаар тогтнолын төлөө үнэн шударгаар зүтгэсэн удирагч сэхээтнүүдийн тэмцэл зөрчлийн шалтгааныг тодруулъя. Эхний үед Монголын удирдагчдын бие даасан, улс орныхоо бодит байдалд тохирсон бодлого, үйл ажиллагааг дэмжих хүчин ЗОУ-ын нам, засгийн удирдагчдын дотор байсан учир нугалаа завхралыг хэсэгчлэн дарж зогсоох боломж олдож байжээ. Ийм байдал 1937 оны хүртэл үргэлжилсэн. Тухайлбал, И.В. Сталин болон Коминтерний сталинч удирдлагын гарт шууд орчихгүй байхад Н.И.Бухарин өөрийн боломжоор Ц.Дамбадорж нарт тусалжээ. Коминтернээс “ холддох салах” гэсэн сэдэв буюу Коминтерний “4 зүйлт тогтоол” гэдэг бол Монголын бодит байдлыг харгалзан МАХН-аас бариммталбал зохих чиглэл гэж Н.И. Бухаринаас биечлэн санал болгож Ц.Дамбадоржид өгсөн төсөл юм. Энэ төсөлд Коминтери болон ЗОУ-аас “Монголын хувьсгалын хэрэгт туслахыг “заагаад МАХН,Засгийн газрын дэргэд Коминтерний “төлөөлөгч суулгахыг зогсоох”, Коминтерний хуралд “Монголын намын төлөөлөгчийг сайн дураар зочдын эрхтэй суулгахыг санал болгожээ.Эл санал төслийг зөвшөөрсөн гэдэг ял зэмлэлийг Ц.Дамбадорж , Н.Жадамба зэрэг “баруунтан “ хэмээгдэгсэдэд П.Гэндэн, Ө.Бадрах тэргүүтэй зүүнтнүүд тохож, “баруунтны “ талд зогсож агсан Х.Чойбалсан “Коминтернээс салж холдох нь шүдээр газар ухахтай адил” хэмээн үзэл бодлоо 100 хувь эргүүлж хөрвөв. 

    Шинэ эргэлтийн бодлого явуулсан нь П.Гэндэнгийн гавъяа мэт харагдаж яригддаг боловч хэрэг дээрээ А.Амар, Г.Дэмид, Ж.Лхүмбэ нарын зэрэг “ барууны баруунтан” буюу шинэ “баруунтан” нарын гавъяа болно. Гагцхүү тухайн үед П. Гэндэн “Монголын нэгэн их хүн мэт харагдаж байсан”1 учир ДХГ-ын дарга Д.Намсрай ч түүнийг аялдан дагаж, сталинчууд ч ийм байхыг хүсжээ. Нэгэнт цохигдсон зүүнтнүүд Н.Гэндэнтэй үзэлцэж байх зайг ашиглан А.Амар, Г.Дэмид,Ж.Лхүмбэ нарын удирдагчид монгол үндэстнээ нэгтгэх, Манж-Го улстай дипломат харилцаа. Японтой хэвийн худалдааны харилцаа тогтоох, хилийн будлианыг хэлэлцээний замаар зохицуулах зэрэг бодлого баримталж, үйл ажиллагаа явуулахдаа И.В.Сталин зэрэг зөвлөлийн удирдагчид хэрхэн хандахыг судлах, эдийн засгийн хувьд өр зээлгүй болохыг оролдсоны хамт нөгөө талаас зөвлөлтийн нэр эдийн засагч Г.Я.Сокольников зөвлөж тусалж байсны үрээр БНМАУ 1936 он гэхэд ЗСБНХУ-д өргүй болжээ. Үүнээс гадна, Монгол үндэстнээ нэгтгэх бодлогоо шарын шашинд түшиглэн хэрэгжүүлэхийн үүднээс Буддын шашны төвийг Улаанбаатарт байгуулахыг оролдсон нь зайлшгүй амжилтад хүргэх байсан учир Хятадыг ч, И.В.Сталиныг ч цочоожээ. Төвдийн талаар Далай лам тэргүүтэй тусгай эрхтэй улс байлгахыг эрмэлзэж байв. Гэвч Хятадын талыг баригч Банчин богд YI Гэлэгнамжилыг Төвдийн Засгийн эрхэнд гаргахгүй байх зорилгоор “Далай ламын сан” хэмээх төлөөлөгчийн газрын 1926 онд сэргээж, Сэмбээ Ринбучи гэгчийг урьж суулгажээ. Ийнхүү Хятад шууд хил залгаж ирэх аюулаас сэрэмжлэхдээ Банчин богдтой ойртох мэт дүр үзүүлдэг байсныг сталинчууд сүүлд шууд урвуулж, дайсны холбоо мэтээр гуйвуулсан юм. Тэрнээс биш, Далай ламыг 1934 онд нас барахад түүнийг залгамжлах эрх бүхий Сэмбээ Ринбучиг ДХГ-аас зохион байгуулах, 270 тэмээ ачаатай, бараа бологч 43 хүн, түүний дотор 4 монгол оролцуулан Төвд уруу гаргасан, тэнд Далай ламын дүрийг нутгаас нь тодруулснаа яаран зарласан, 1935 онд ДХГ –аас эрхлэн Манзшир хутагт Цэрэндоржоор Банчин богдод шашны талаар захидал бичүүлсэн буюу өөрөөр хэлбэл ,” хятадтай шашин өөр” гэдгийг далд сануулсан зэргийг гуйвуулах аргагүй. 

    Хятадууд бас Банчин богдын нэр нөлөөг Өвөр Монголд ашиглахыг оролцож байв. Энэ нөхцөл байдлыг ашиглаж, ДХГ-аас 1935 онд Дорнод аймгаас баригдсан лам Жамъянтивийг суллан тавьж, Баргад байгуулагдсан “шашны эвлэлтэй” холбоо бариулж, улмаар түүгээр дамжуулан лам тагнуулч Г:Гончигдоог 1930 оны 9 дүгээр сард Цэргийн яамны тагнуулын хэлтсээс “YIII Богд Жанзандамба хутагтын ач хүү Агваанлувсанжанцан” гэдэг халхавчаар тийш оруулжээ. Гэвч япончууд түүнийг 1932 онд баривчилж, цахилгаан гүйдлээр цохицуулах, хүйтэн усанд суулгаж осгоох зэргээр эрүүдэн байцааж, давхар элсүүлсэн болно. ДХГ-аас ч бай, Цэргийн яамны III газраас ч бай, тагнуулын шугамаар зохиож буй ажлыг П.Гэндэн Ерөнхий сайдын хувьд бүр нарийн биш гэхэд ерөнхийд нь гадарлаж мэддэг байлаа. Гэтэл 1935 онд И.В.Сталин, К.Е.Ворошилов, В.М.Молотов нар Ерөнхий сайд П.Гэндэн, ДХГ-ын дарга Д.Намсрай хоёрт “ Жамъянтивийг сулласан”1 асуудлыг ноцтой гэмт хэрэг болгон тулгав. Монгол үндэстний нэгдэх асуудлыг зөвшөөрөхгүй “Пан монголизм” гэгчид хамаатуулан буруутгаж байсан сталинчууд Монголд дагаар орсон буриад нарыг ажил хэрэгт татан оролцуулахыг чармайсан Ж.Лхүмбийг мөн асуудалд холбогдуулан цээрлүүлсэн юм. Иймээс Япон, Манжуурын зүгт явуулж буй тагнуулын ажлын нууцыг сталинчуудад алдахгүй байх шаардлагын үүднээс энд тэнд бодлогогүй үг хэлдэг П.Гэндэнг албан тушаалаас огцруулсан явдал бол сталинчуудынхаас илүү Монголын удирдагчдын санаачлага гэж үзүүштэй. Сталинчуудын хувьд П.Гэндэн тэдний нилээд хэргийн амьд гэрч байсан учраас бараг л “ өөрийнх нь хүсэлтээр “ Зөвлөлтөд очуулсан болов уу. Монголын удирдагчдад юуны өмнө Өвөр Монголын удирдагчдын зарим хэсэгтээ тогтоосон холбоогоо задлахгүй авч үлдэх шаардлага ялангуяа Цэргийн яаманд илүү чухал байв. Учир юунд хэмээвээс П.Гэндэн сүүлдээ Хятад үйлдвэрчний эвлэлийн орчуулагч Өвөр Монголчуудтай хувийн харилцаа тогтоосон явдал эргэлцээтэй юм. Эдгээр Хятад ажилчид нь бүр Сюи-Шу-Жаны үед цэргийн зохион байгуулалтад оруулж байсан “ Үйлдвэрчин “ нар бөгөөд П.Гэндэн, И.В.Сталин нарын хооронд зөрчил гаргасны дараа П.Гэндэнд ойртох болсон нь санамсаргүй зүйл биш ээ. Дээр дурьдснаас Г.Дэмид, ДХГ-ыг ДЯЯ болгох, сайдаар нь Х.Чойбалсанг томилох, түүнд өрлөг жанжин цол олгоход төдийлэн татгалзаагүйн учир олдоно. Г.Дэмид ДХГ хэрэг зээрээ ДХАК-ын гарт орж, “дотоодын дайсан” гэгчтэй зууралдах болсон нөхцөлд гадаад тагнуулын ажил, түүний нууцыг хамгаалж үлдэх хэрэгтэй байжээ. Учир нь үндэс угсаагаараа нэгдэх, тусгаар тогтнолоо хамгаалах гол зорилгод чиглэгдсэн энэ ажил цэргийн тагнуулын III хэлтэст Сүхбаатар жанжны үеэс уламжлагдан иржээ. 1932 он гэхэд ЗСБНХУ баБОК (б)Н-ын Бүрэн эрхт төлөөлөгчийн газар болон Коминтерийн төлөөлөгчдийн хооронд хагарал гарч, Коминтерний төлөөлөгчдийг буцааж дахин ирэхгүй болгосноор Бүрэн эрхт төлөөлөгчид захирагдах зөвлөх нарыг МАХН-ын Төв Хороо, Засгийн гаарт суулгадаг болов. Коминтерний сүүлчийн хоёр төлөөлөгч Кучумов, Черномордик нар тусгай харилцаатай байсан Өвөр Монголын хувьсгалт намын ажилтнуудыг Цэргийн тагнуулын III хэлтсийн мэдэлд шилжүүлээд буцжээ. 1934 оны үеэс ДХГ-ын сургагч нар тэднийг давхар элсүүлэн тануулын даалгавартайгаар Өвөр Монгол уруу илгээх болсон байна. Цэргийн тагнуулын газрын шугамаар бол цэвэр намын ажлаар явж, Монголын нэгдэл, тусгаар тогтнолын асуудлаар ӨМАХН-ыг дэмжиж байсан нутгийн хар феодал ноёдтой холбоо барьж, Японы цэргийн хүч, бодлого төлөвлөгөөг судалдаг. БНМАУ-ын тухай хуурамч мэдээ дамжуулдаг байжээ. Тэд мэдээж япончуудын хяналтад байсан боловч эртнээс тэдний дотор нэвтрүүлсэн чухал хэдэн хүн Монголын талд байсан гэж үзэх баримт бий. Тухайлбал, 1928 онд Баргад М.Мэрсээгийн удирдлагаар бослого гаргасан, МАХН-ын удирдлагаас Ц.Дамбадорж, Н.Жадамба, Г.Гэлэгсэнгэ нарыг “баруунтан” гэж зайлуулсан хоёр үйл явц давхацсан нь зүгээр нэг тохиолдол биш ээ. Зүүнтнүүд тэднийг Баргын бослогыг зохион байгуулсан гэж зэмлэсэн нь ч ор тас гүтгэлэг биш юм. Бүгдийн дарга (угэрда) Эрхэмбатын дэргэд байсан цэргүүд М.Мэрсээгийн талд ирэхэд Эрхэмбат саад хориг хийсэн ч үгүй, хятад түшмэлийн хамт зугтах маягтай цааш Хятад уруу оджээ. Гэтэл босогчид БНМАУ уруу хошуун дарга (галда) Чулууныг төлөөлөгчөөр одуулсан тухай баримт байна. 1935 онд Г.Дэмид жанжны даалгавраар Цэргийн тагнуулын III хэлтсээс “бүдүүн” хэмээх Ц.Өлзийг “Эрхэмбат үгэрда, Чулуун галда хоёртой холбоо бариулахаар” нууцаар явуулснаас харахад гэр хоёр бүр 1928 оноос Нэгдсэн Монгол Улсын төлөв Ар Монголын удирдагчидтай үзэл санаа, үйл ажиллагаагаа нэгтгэсэн байжээ. 

    ӨМАХН-ын ажилтнуудыг давхар ашиглаж байсан ДХГ-ын сургагч нар сүүлдээ тэднийгээ хардаж сэрдэж эхэлжээ. Учир нь тэд даалгавар бүрийг ёсчлон биелүүлж ирэх аргагүй ч байж. Орон нутагт хятад, япончууд харж цагдана. Заримдаа бүр баригдаж хоригдон нутгийн олны дэмжлэгээр суллагдах явдал ч тохиолдож байжээ. Бас Зөвлөлтийн тагнуулчдын хяналт туршилтад өртөх зэрэг янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр бие биенийгээ хардахад хүрч, Улаанбаатар байсан ӨМАХН-ын Төв Хороо бараг бүрэлдүүнээрээ сталинчуудын гарт үрэгджээ. ДХГ-т мөрдөгдсөн зарим нь” Монголын төлөө, Монгол Ардын армийн төлөө үнэнчээр зүтгэж явсан” гэдгээ өчиж байсан ажээ. Зөвлөлтийн армийн тагнуул, ДЯЯ-ны хооронд гарсан зөрчил 1938 онд дээд цэгтээ хүрч, ДЯЯ нь армийн тагнуулын удирдлагыг (Берзин) устгасан явдал БНМАУ-ын Бүх цэргийн жанжин Г.Дэмидийг хороосонтой холбоотой ч байж болно. 

    ДХГ-ДЯЯ-ны залхаан цээрлүүлэх, хэлмэгдүүлэх арга барилы сталинчууд тулган дэвэргэхдээ БНМАУ-ын лам, төр, засгийн удирдагчдыг хууран мэхэлж, ятган үнэмшүүлж Лениний нам, Зөвлөлт төрийн нэр хүндийг ичгүүргүй ашиглажээ. Тухайлбал, БОК(б)Н-ын монгл гишүүдийн нууц үүр Улаанбаатарт байсан бөгөөд түүний нарийн бичгийн дарга Зимина гэдэг эмэгтэй МАХН-ын Төв Хорооны зөвлөхийн тушаалтай байв. Гэтэл түүний нөхөр Зимин ДХГ-т цагаач буриад нарын асуудлыг хариуцсан сургагч байсныг баримт гэрчилнэ. Энэ эмэгтэйг тэр үед Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Лувсаншаравын нарийн бичгийн дарга гэж ойлгохоор байсан ажээ. Коммунист намын ийм нууц гишүүд л анхнаасаа МАН-ыг дотроос нь хагалан үймүүлж байсныг баримтууд гэрчилнэ. Бүр МАН-ын II (сүүлд III гэх болсон) их хурал дээр төлөөлөгчдөөс “ МАН-д коммунистууд бий юу? “ гэсэн асуулт гарч тэргүүлэгчдээс “Хойноос ирсэн хэдэн хүн буй” гэсэн хариу өгчээ. Мөн “Чойбалсан оросын талын хүн гэдэг үнэн үү? “ гэсэн асуулт гарсанд Ж. Цэвээн “Оросууд Чойбалсанг манай хүн гэдэг л юм” гэсэн хариулт өгчээ. “ Известия” ЦК КПСС” сэтгэүүлийн 1990 оны 2 дугаарт гарсан ЗХУКН-ын үнэсний бүрэлдэхүүний тухай мэдээнд 26 монгол коммунист намын гишүүн байгааг дурдсан бол мөн сэтгүүлийн 1990 оны 4 дүгээрт тэр тоо 50 болжээ. МАХН-ын түүхийг судалдаг эрдэмтэн мэргэд үүний учрыг тайлбарлан гаргах биз ээ. 

    ДХГ, ДЯЯ чухамхүү завхрал бүр гарч ирсэн 1937- 1939 онд л БООК, ДХАК-ын сургагч нараас Монгол үндэстнийг нэгтгэх далбаан доор түүнийг хагалан салгахын тулд ашиглаж байсан “ Буриадын хурал” гэгчийн учрыг олсон юм. Зүүн эсер Э.Ринчиновийн анх байгуулснаас хойш ил далд байдлаар орон нутгийн захиргаанд оруулах ч үгүй, тараах ч үгүй байлгасаар ирсэн нэ “хурал” гэгчийн цөмд цагаантнуудад болон япончуудад ашиглагдсан байж болох, түүх намтрын хувьд болон үйл ажлын хувьд эргэлзээтэй хоёр гурван хүн байв. Энэ нь Хаант Оросоос 1911 онд Да лам Цэрэнчимэдийг дагалдуулан ирүүлсэн Буджав Абидуев, Богд хаан Жавзандамбын жолооч байсан Бадам Вампилун, 1921 онд Э.Ринчиногийн хадам эцэг солонгос өвгөний даалтаар ДХГ-аас гаргасан япон эмчийг дэргэдээ хаацайлан байлгасан Өлзийбал Цыбиков нар болно. Эд нарыг БООК, ДКАК-ынхан хуучин гэмт хэргээр нь сүрдүүлэн өөрийн зорилгод ашиглаж байсан гэх үндэстэй. Ялангуяа, Буджав Абидуевыг буудаж алалгүй эрх чөлөөтэй байлгасаар байсан нь Заплавный, Мильков нартай адил байлтай. Буджав Абидуев Да лам Цэрэнчимэдийг хорлоход оролцсон байж болохоос гадна Буриад-Монголын хувьсгалч Николай Тарасович Данчиновыг 1941 онд Их Хүрээн дэх Хаант Оросын консулын даалгавраар “ эхнэртэйгээ хардсан” нэрээр буудан алж баривчлагдсан байхад нь хадам эцэг гүн Цэрэнпил (Магбун Цыренпылов) 5000 рублиэр хахуульдан суллуулжээ.1 Буджав Абидуевын эхнэрийг Понцог Цыренпылов гэдэг гэх ба Н.Т.Данчинов бол Х.Чойбалсанг Хүрээний болон Эрхүүгийн сургуульд оруулсан багш нь юм. Буджав Абидуев бас жанжин Данзанг япон эмч Козиматай танилцуулсан зууч байв. 

    Архивууд дахь орос хэл дээрх материалуудыг харьцуулж үзвэл, “баруунтан” хэмээгчийн үед ДХГ-аас Буджав Абидуев, Бадам Вампилун нар дээр “хядагч” нэртэй хэрэг нээсэн болов уу гэж үзэх багцаа гарч байна. Учир нь монгол нэртэй байна. Тийм бол энэ хэрэгт зүүн эсер Я.Г.Блюмкин, Э.Ринчино нарыг оруулсан байх ёстой бөгөөд МАХН-ын III их хурал дээр Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн байгуулахыг зөвшөөрсөн “ хэргийн шалтгаан магадлах комиссын” ажлын үр дүн болов уу. Зүүнтний үед “ Буриадын хурал” нэртэй боловч сэтгэл санаа нь үймрэн архи ууж мөрийтэй хөзөр тоглогч хэдхэн хүний цугларалт болж хувирсан энэ бүлэг хүнийг ДХГ-аас “старики” (өвгөчүүд) нэрээр тагнах болжээ. Ер нь үүнээс хойших хэргүүд орос нэртэй болсон нь энэ чухал ажил ДХАК-ын сургагч зөвлөх нар, ЗОУ-ын Бүрэн эрхт төлөөлөгчийн гарт орсныг харуулна. Тухайлбал, зүүний нугалаа гаргасан хэргээр тушаалаас бууж, Москвад хүргэгдсэн Ө.Бадрах,З.Шижээ, Ц.Баттөмөр гурав дээр Ц.Гиваапилийг нэмээд “группа” (бүлэг) нэртэй хрэг боловсруулжээ. Энд Ц.Гиваапилийг оруулсан нь ямар учиртай вэ гэвэл зүүний удирдагчид “ Буриадын хурлынхантай” уулзахад тэр бас оролцсоноос өөр шалтгаангүй. Эл олон орос нэртэй хэргийг хөтлөх явцад ар, өвөр, буриад монголчууд, барга нар нэгдсэн төр улсаа байгуулах нэг л чин хүсэлтэй бөгөөд зөвшөөрөхгүй учир сталинчуудаас нуудаг нь нотлогджээ. Сталинчууд монголчуудын энэ хүслийг таслах ажилаа 1933-1934 онд БНМАУ-д суурьшсан буриад нарыг хэлмэгдүүлснээр эхлэв. Үүнээс үүдэн Буриад Монголын Сайд нарын Зөвлөлийн дарга Ербанов тэргүүтэй удирдлага ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнээс гарч БНМАУ-д нэгдэх тухай өргөх бичгээ Дээд Зөвлөлд 1937 онд өргөн барьжээ. Сталинчууд энэ хэргээр буриадын 90 мянган гаруй сэхээтэн ажилтан, гэмгүй олон түмнийг залхаан цээрлүүлж устгасан гэдэг мэдээтэй. 

    1928 он гэхэд монгол угсаатнуудаас сталинчуудад төдий л өртөөгүй нь Өвөр Монголын хувьсгалчид байлаа. 1931 оны 12 дугаар сарын 9-нөөс 11-ний үед М.Мэрсээ БНМАУ-д ирэх, Хятад уруу орох, Японд хандахын аль ч боломжгүй болж, Манжуур хот дахь ЗСБНХУ-ын консулд биеэ тушаасан гэх ба түүнийг мөрдөн байцаасан хэрэг УАХХ-ны архивт байсан гэдэг мэдээтэй. ДХГ-ын сургагч нар 1936 оноос эхлэн ӨМАХН-ын зүтгэлтнүүдийг оролдсоор байжээ. Хэн нэгийг нь буруутган барьсан тохиолдолд Ч.Буянгэрэл (Фуминтай) –ийг асууж гэрчлүүлдэг байсан байна. Тэр бүрд Ч.Буянгэрэл өөрийгөө “БНМАУ-ын харьяат, МАХН-ын гишүүн” гэж биеийн байцаалт гаргаж байжээ. Ерөөс ӨМАХН өөрийгөө МАХН-ын “ нэгэн тасархай “хэмээн үзэж байсныг баримт харуулна. Ч.Буянгэрэлийг Зөвлөлтөд авч явсны дараа Улаанбаатар дахь ӨМАХН-ын Төв Хорооныхнийг “Гэндэн-Дэмидийн хэрэг” гэгчийн далбаан дор баривчилж устгажээ. Тэд мөн л эрүү шүлт, гүтгэлгэд өртөж, “японы тагнуул”-ын хэргийг хүчээр хүлээхдээ Өвөр Монголын нутагт очоод Японы тагнуулын удирдагч “ Умэдэва”, “Уминтида”, “Умеда” гэгчтэй уулзаж байсан 1 тухай мэдүүлсэн байдаг. Нэгийг нөгөөгийнх нь мэдүүлгээр тулган хүлээлгэж байсан тэр үед бие биеийн юу хэлснийг ойлгохгүй ойролцоо сонстсон нэрүүд хэлж байснаас ий болсон энэ үгүүд “Үгэрда, “Дэван” гэсэн үгийн дуудлагыг хувиргасан ч бай болох юм. Ямартай ч энэ мэтээр Ар, Өвөр Монголын хооронд тогтоосон харилцаа холбооныхоо нууцыг алдаагүйн үр дүнд 1945 онд чөлөөлөгдсөний дараа Өвөр Монголын бүх хошууд БНМАУ-д нэгдэх хүсэлтээ гаргаж төлөөлөгчдөө ирүүлсний учир оршино. Буриад Монголын тухайд бол БНМАУ-д нэгдэх асуудлаа 1956 онд Н.С.Хрущев дахин нэг тавихдаа урьдахаасаадутуугүй хохирчээ. 

    Монгол угсаатны нэгдэх асуудлыг нөхцөлдүүлж гарцаагүй үр дүнд хүргэх байсан хоёр хүчин зүйлийг олон жилийн ажиллагааны эцэст И.В.Сталин, түүний ойрын тойрон хүрээлэгчид устган үгүй хийснийг ойлгох явдал стализм, хууль ёсыг зөрчиж гажуудуулсан завхрал, хэлмэгдэл дахин давтагдахгүй байх сургамж болох ёстой. Энэ нь ямар хоёр хүчин зүйл байсан бэ гэвэл, нэгдүгээрт,буддын шашин, хоёрдугаарт, Чингис хааны удам угсаагаа мэдэж, бахархах үзэл мөн. Энэ хоёр зүйлийн талаар маш нарийн судалгаа хийсннийг харуулах баримт бий. Хятад, Орос, Япон, Монголын сонирхлын зөрчил, тэмцлийн уулзвар болсон эл хоёр хүчин зүйл нь Монгол улсын олон жилийн гадаад, дотоод нөхцөл байдлыг тодорхойлж иржээ. Монгол угсаатны энэ нэгдмэл хүсэл зорилгыг япончууд өөрийн түрэмгийлэх бодлогодоо ашиглан элдэв тусламж, тунхаг болгох зарлахад нь сталинчууд хурдан сэрдэж, монголчуудад элдэв шахалт даралт үзүүлж, сталинчуудын энэ бодлого үйл ажиллагаанд монголчуудын дургүйцсэн байдлыг хятадууд ашиглан, өөртөө татах гэж оролдож байсан ийм нөхцөл байдал нь 1920-1940-оны онцлог дүр зураг болно. Зарим тохиолдолд сталинчууд өөрсдийн ашиг сонирхолд монголчуудын ашиг сонирхлыг хэтэрхий албадан нийцүүлж ирснээс хэн хэндээ багагүй хохирол учруулахад хүрсэн байна. Тухайлбал, 1928 оны Баргын хувьсгал цэрэг зэвсгийн тусламж үзүүлэхийг хориглосон явдлыг ийм тусламжийг Монголоос биш Зөвлөлтөөс гуйх ёстой мэтээр үзэж, тэр ч байтугай Баргын нутгийн Манж-Оросын 1689 оны 8 дугаар сарын 27-ны Нэвчүүгийн гэрээгээр Манжид хүчинд автан алдсан мэтээр ойлгож байсан сталинчуудын ойлголттой холбоотой гэж үзэх үндэстэй. Мөн 1935-1936 оны БНМАУ Манж-Го улсын хоорондын хилийн будлианыг зохицуулах хэлэлцээ энх тайвнаар шийдэгдэхийн үндсэн нөхцөл болж байсан хоёр улсын хооронд дипломат харилцаатогтоох асуудалд элдвээр саад хийсэн нь 1924 оны 5 дугаар сарын 31-ний Хятад-ЗОУ-ын хэлэлцээрийн уршиг болохоос биш ЗОУ өөрөө 1924 оны 9 дүгээр сарын 20-нд Манжууртай Мүгдэн хотноо хэлэлцээр байгуулж, үнэн чанартаа тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн байв. Иймээс ЗОУ-аар тусгаар тогтнолоо зөвшөөрүүлсэн хоёр улсын хооронд тэгш эрхтэй харилцаа тогтоох нь олон улсын харилцааны хэм хэмжээний хүрээнд багтах асуудал юм. 

    БНМАУ Манж - Го улсын хэлэлцээний албан ёсны материалаас үзэхэд БНМАУ-ын тал “Хил орчмын будлианыг газар дээр шийдвэрлэх монгол-манжуурын холимог комисс байгуулах” санал тавьсны хариуд Манж-Гогийн тал “Байнгын төлөөлөгчийн газар” харилцан суулгасны үндсэн дээр “холимог комисс” байгуулан ажиллуулах санал гаргажээ. Энэ саналд Ерөнхий сайд, ГЯЯ-ны сайд П.Гэндэн 1935 оны 7 дугаар сарын 13-нд бичгээр өгсөн хариудаа: “Манж Гогийн Байнгын төлөөлөгчийг БНМАУ-ын нутагт томилон суулгах шаардлагыг БНМАУ-ын тусгаар бүрэн эрхэнд халдсан гэж үзэж БНМАУ-ын Засгийн газар энэ үндэслэлгүй шаардлагыг няцаахаар шийдвэрлэв”1 гэжээ. Энэ бичгийн эзэн П.Гэндэн мөн эсэх нь эргэлзээтэй. Учир нь Манжуурын хэлэлцээний үед П.Гэндэн амралтаар шалтаглан нутагтаа явсан гэх яриа байдаг нь 1935 онд Х.Чойбалсан К.Е.Ворошилов уруу утастаж “ерөнхий сайд ажил хийхгүй байна”2 гэж хошуу өргөснийг бодоход үнэн бололтой. 

    Монголын талын 1935 оны 7 дугаар сарын 13-ны дээрх эсэргүүцэл бичигт Манж-Гогийн тал мөн оны 7 дугаар сарын 17-нд ирүүлсэн хариу эсэргүүцэл (ультиматум ) бичигтээ “Манж –Гогийн Байнгын төлөөлөгчийн газрыг гадаад Монголд байгуулах саналаа давтан тавих ялдамж Гадаад Монголын мөн тийм Байнгын төлөөлөгчийн газрыг өөрийн нутагт байгуулахыг Манж-Го зөвшөөрч байна. Ерөөс олон улсын зан заншлын үүднээс үзвэл, эрт дээр үеэс зэрэгцэн оршиж буй тусгаар улсууддын хооронд харилцан суулгасан ямар нэгэн байнгын төлөөлөгчийн газар байхгүй байгаа нь хачирхалтай хэрэг юм. Чухамдаа ийм төлөөлөгчийн газаргүйгээс бие биеийн үнэн байдал, хүсэл эрмэлзлийг ойлголцож чадахгүй, тайван биш, түгшүүртэй, аюултай янз бүрийн будлиан гарч байна. Гадаад Монгол манай саналыг өөрийнхөө тусгаар тогтнолдшууд халдсан гэж үзсэн нь хэрэг дээрээ танайхыг бие даасан тусггаар улс гэж тооцох боломжгүйг өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэх3-д хүрч байна гэжээ. Манж-Гогийн санал,эсэргүүцлийг өдөөн хатгалга басамжлал доромжлол, шууда халдлага гэж үзэх олон улсын хууль зүйн үндэсгүй, гагцхүү И.В. Сталины үл итгэх хардлага сэрдлэг, түүний гар хөл болсон Х.Чойбалсангийн муйхар ажиллагаа л улс төрийн маргаан будлианыг хэлэлцээний аргаар шийдвэрлэж, энх тайван байдал тогтоох боломжийг алдагдуулж, зэвсэгт мөргөлдөөн, дайнд хүргэсэн гэх үндэстэй. Бас Зөвлөлт, Монголын хооронд яс хаясан Япон, Хятадын ил далд явуулга нөлөөлсө нь ойлгомжтой. 

    1936 оны Зөвлөлтийн харилцан туслах протокол байгуулж, 1939 онд Японтой байлдахдаа Монголын удирдагчид, Барга, Өвөр Монгол, Манжуурыг Японоос чөлөөлж, тусгаар тогтнолоо тэмцэн олох зорилгыг агуулсан бөгөөд ингэх нь “дайснаа нутагт нь цохиж устгах”! тухай И.В.Сталин, К.Е. Ворошилов, В.М.Молотов нарын цэрэг дайны номлолтой таарч тохирч ч байсан юм. Гэтэл тэд энэ тулалдааны өмнө Монгол-Зөвлөлтийн зэвсэгт хүчний удирдлагыг залхаан цээрлүүлж2 устгаад “ БНМАУ-ын хил хязгаарыг өөрийн хил хязгаар мэт эрс шийдвэртэй хамгаална” хэмээн олон улсад зарласан нь Монголыг өөрийн хил хязгаараа “ өөрийн хил хязгаар мэт” хамгаалах хүч, удирдлагагүй болгосноо тунхаглаж олон улсын эрх, хууль зүй, дипломат ёсыг бүдүүлгээр зөрчсөн хэрэг биш үү. 

    Сталинчууд олон улсын харилцаа, гэрээ хэлэлцээрт одоог хүртэл үүнээс өөр гараагүй ийм зардал, тунхаглал айлдахын тулд Нэгдсэн Монгол улсын төлөө өөр өөр байр сууриас тэмцэхдээ тэдэнд хууртан ашиглагдаж явсан Э.Ринчино, Ж.Цэвээн, П.Гэндэн, Ө.Бадрах, З.Шижээ, М.Мэрсээ, Ч.Буянгэрэл зэрэг олон монголчуудыг “Японы тагнуул”, “Пан Монгол үзэлтэн” гэх ганц л ял зэмлэлд унагасан . Х.Чойбалсан хамгийн их хууртжээ. Ийнхүү И.В.Сталины МАХН-ыг “коммунистжуулах”,БНМАУ-ыг “социалистжуулах” ажиллагааны үе шат дуусаж, “Ази-Европын Холбоот улсад сайн дураар нэгтгэх” шинэ шат эхэлжээ. Тусгаар тогтносон Дува улсыг нэгтгэсэн туршлага ч түүнд бэлхнээ байв. И.В.Сталины энэ шатны үйл хэргийг биелүүлэх үүрэг С.Тогоогийн адил Ю.Цэдэнбалд ногджээ. 

    И.В.Сталины “ нэгтгэх” санаархал үхсэний дараа л “ амьд” үлдсэн нь 1945-1949 онуудад Монгол улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлэх, Ар,Өвөр Монголыг нэгтгэх гэсэн Х.Чойбалсангийн идэвхтэй оролдлогыг саатуулснаас хойш Ю.Цэдэнбалын “нэгдэх” , “ойртох нягтрах” санаачилга хэрхэн өрнөж хөгжсөнөөс тодорхой. Хятадад хувьсгал ялсны дараахан И.В.Сталин Х.Чойбалсанг Сочид урьжээ. Урьд нь Өвөр Монголтой нэгдэх саналаа гаргаж байсан Х.Чойбалсан дахиад л үүнийгээ асууна гэдгийг И.В.Сталин гадарлаж байсан нь лавтай. Түрүүнд нь “Хятадын хувьсгалын дараа болно” гэдэг байсан И.В.Сталин энэ удаа “Чи Мао Цзедунтай ярь! Гэхдээ тэр чин Ленин биш шүү дээ” 3 гэсэн хариу барьжээ. Мао Цзедун гэгч хэн билээ? Сталин “ багшийн” сургаалын “товхимол”-оос салдаггүй сталин ч лбайсан шүү дээ. Тэгэхлээр И.В.Сталин “Би Ленин биш шүү дээ. Чамайг хуурсан юм” гэсэнтэй адил хариуг Х.Чойбалсанд өгчээ. “Хятадын хувьсгалын дараа болно” гэдэг бол бүр 1925 онд хятад генерал Фын Юн-сяны амнаас унасан үг. Тэгэхлээр энэ гурвын хэн нь Мао, хэн нь Фын, хэн нь Сталин бэ гэдгийг ялгашгүй. Ямартай ч сталинизм гэдэг бол олон улсын үзэгдэл гэсэн дүгнэлт гарч байгаа юм. 

    Монголчуудын хувьд гэвэл сталинчууд бол их оросын шовинист “ жолоодогч” К.Е.Ворошилов, В.М.Молотов, “элчин сайд” А.Я.Охтин, А.Н.Васильев, И.А Иванов, “чекист” Г.Г.Ягода, Н.И.Ежов, Л.П.Берил, “сургагч” Блюмкин, Чибисов, Гичиков, Ланфанг гэхчлэн олонгүй ч цөөнгүй хууран мэхлэгч алуурчин … Сталин бол их оросын шовинист үзэлтнүүдийн “төмөр нударга” мөн. 

    Түмэн үед цагаадахгүй энэ алуурчдын “туршлагаас” Монгол үндэсний авах түүхэн сургамж бол Монголоо гэх нэгэн санаа сэтгэл, хаана ч явсан харийн нөлөөнд автахгүй, хар үгэнд хууртахгүй бие биеийг ойлгон дэмжих эв нэгдэл билээ!!