Introduction

Mission / Main duties

Эрхэм зорилго

Монгол Улсын үндэсний  аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй гадаад, дотоод хүчин зүйлийг тагнуулын аргаар илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх замаар Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах таатай нөхцөлийг бүрдүүлэх явдал мөн.

 

Үндсэн чиг үүрэг

Тагнуулын ерөнхий газар нь тагнуулын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах бодлого боловсруулж хэрэгжүүлэх зорилго бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг мөн. 

 Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Structure

Тагнуулын ерөнхий газар нь гадаад тагнуул, сөрөх тагнуул, цэрэг-стратегийн тагнуул, хилийн тагнуул, тэдгээрт дэмжлэг үзүүлэх, мэдээллийн дүн шинжилгээ хийх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мөрдөн байцаах, дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах болон захиргаа, удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх үндсэн бүтэцтэй байна.

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх  хэсэг.

Тагнуулын ерөнхий газрын харьяанд сургууль, сургалт, эрдэм шинжилгээ, төрөлжсөн архив, аж ахуй, хангалт үйлчилгээний байгууллага, харуул хамгаалалтын болон тусгай бэлтгэл, зориулалт бүхий нэгж, тусгай сургалтын болон спорт-нөхөн сэргээх төв байгуулж болно

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь  хэсэг.

Director's greeting

Эрхэм Таныг Тагнуулын ерөнхий газрын цахим хуудсанд зочилж байгаад талархал илэрхийлье.

Тагнуулын ерөнхий газар нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Тагнуулын байгууллагын тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд улс орны үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах үндсэн чиг үүрэгтэй төрийн тусгай байгууллага юм.

Тагнуулын ерөнхий газар нь үйл ажиллагаандаа уламжлалд суурилсан шинэчлэлийг бэхжүүлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, хуулиар хүлээсэн чиг үүргээ мэргэжлийн өндөр түвшинд, хууль тогтоомжийн хүрээнд шуурхай хэрэгжүүлэх зарчмыг баримтлан ажиллаж, байгууллагын үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөхөд манай цахим хуудас чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

Та манай цахим хуудаснаас Монгол Улсын Тагнуулын ерөнхий газар, түүний эрхэм зорилго, Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, эрх зүйн зохицуулалт, тус байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаархи бүхий л мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болохыг тэмдэглэж байна.

Манай байгууллагын цахим хуудсанд зочилсон Танд талархал илэрхийлэхийн зэрэгцээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын хамт олны халуун мэндчилгээг дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

GIA Leadership

Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Батын Хурц

1969 онд Улаанбаатар хотод төрсөн, эдийн засагч, хуульч мэргэжилтэй.

“Торгон зам” ХХК-д менежер, Москва хот дахь төлөөлөгч, ТЕГ-ын ажилтан, Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга, Монгол Улсаас Турк Улсад суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга, ТЕГ-ын хэлтсийн дарга, газрын дарга, "МИАТ" ХК-ийн Сөүл дэх ерөнхий төлөөлөгч, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга, Авлигатай тэмцэх газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан.

2014 оны 11-р сарын 26-ны өдрөөс ТЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байна.

 

Тагнуулын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Буянхүүгийн Доньжчимбуу

1955 онд Хөвсгөл аймагт төрсөн, эрх зүйч мэргэжилтэй.

1980-1991 онд УАБХЕГ-т төлөөлөгч, ахлах төлөөлөгч, тасаг, хэлтсийн дарга;

1991-1995 онд Монгол Улсаас ЗХУ, ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд Консулын хэлтсийн дарга;

1995-1998 онд Засгийн газарт Гадаад иргэдийн асуудал эрхлэх зөвлөлийн нарийн бичгийн дарга;

1998-2002 онд Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга;

2002-2013 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт, Засгийн газрын референт, ахлах референт, хэлтэс, газрын дарга;

2013-2014 онд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга;

2014-2016 онд Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга;

2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс Тагнуулын ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байна.

 

Тагнуулын ерөнхий газрын Дэд дарга, хурандаа Баттөмөрийн Энхсүх

1979 онд Улаанбаатар хотод төрсөн, эрх зүйч мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр зэрэгтэй.

2001-2013 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасаг, хэлтсийн дарга;

2013-2014 онд Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга;

2014-2016 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн дарга;

2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс Тагнуулын ерөнхий газрын Дэд даргаар томилогдон ажиллаж байна.

Emblems of the GIA

Тагнуулын ерөнхий газрын онцлох тэмдэг нь сансар эрхэс, наран, саран, сав шим орчлонгийн ухагдахууныг бэлгэдсэн хамгийн боловсронгуй дүрс болох дугуй /хүрд/ хэлбэртэй байна. Энэ нь тус газар хамгийн зөв чигч бодлого явуулж, төр улсаа хамгаалах боловсронгуй бүтцэд эрмэлзэж байдгийг илтгэнэ. Дугуй нь мөнх хөх тэнгэрийг бэлгэдсэн хөх дэвсгэртэй байна.

Монголчууд нэн эртнээс сүлд тугандаа дээдлэн залж ирсэн хараа хурц, хурдан шаламгай шонхор шувууг дугуйн дээд хэсэгт халин дүүлж буй байдлаар дүрслэх бөгөөд түүний хоёр далавчны үзүүрийн хэсэг дугуй дүрснээс илүү гарч толгой нь далавчны дотор талд байрласан байна. Энэ нь Монгол Улсын төрт ёсны хийгээд заншлан тагнах түүхэн уламжлалыг бэлгэдэхийн хамт тагнуулын байгууллагын үйл ажиллагааны онцлог шинж /ил, далд эх сурвалжаас мэдээ олж, нэгтгэн дүгнэж, түүний чандлан нууцалдаг/ сүр хүчийг илтгэнэ.

Зохиомжийн дотор орон зай, дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлсэн түгээмэл илэрхийлэл болох талст /сум/ хэлбэрийн дүрсийг солбилцуулан байрлуулсан нь Тагнуулын ерөнхий газрын үйл ажиллагаа бүхий л орон зай, зүг чигт, тасралтгүй явагддагийг илэрхийлэхийн дээр тэдгээрийн зарим хэсэг бамбайн цаана халхлагдсан нь тус байгууллага ил, нууц арга, хэрэгслийг ашигладаг гэсэн санааг илтгэнэ.

Зохиомжийн гол хэсэгт монгол цэргийн уламжлалт дугуй бамбай, түүний төвд төр улсаа дээдэлсний бэлгэдэл болох соёмбыг байрлуулж, тэдгээрийг тойруулан алтан туузан дээр ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР гэсэн нэрийг хүндэтгэлтэйгээр тодотгон бичсэн байна. Энэ нь Тагнуулын ерөнхий газар нь хууль ёсыг чандлан сахиж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг гадна, дотны халдлагаас хамгаалах төрийн захиргааны төв байгууллага гэсэн санааг илтгэнэ.

Энэхүү тэмдэгт зөвхөн хөх, алтан шаргал өнгийг хэрэглэсэн нь Тагнуулын Ерөнхий газар төрийн өмнө хүлээсэн үүрэгтээ чин үнэнч, хувиршгүй зүтгэнэ гэсэн санааг өнгөөр бэлгэдсэн болно.

Awards of the GIA