Мэргэжилтний зөвлөгөө

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хууль, эрх зүйн орчин, гадаад, дотоод нөхцөл байдал:

Монгол Улс нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх хууль эрх зүйн орчин, хууль сахиулах байгууллагуудын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр мэдэгдэхүйц өөрчлөлт, шинэчлэлтийг өнгөрсөн хугацаанд хийсэн байна.

Хууль, эрх зүйн талаас:
•Монгол Улсын Эрүүгийн хуулинд мөнгө угаах гэмт хэргийг илүү өргөн хүрээнд тодорхойлсон
•Хуулийн этгээд уг гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсон.

Мэргэжлийн болон хууль сахиулах байгууллагууд нь мөнгө угаах, терроризмтай тэмцэх үйл ажиллагааны үр дүнтэй байдлаа олон улсын өмнө амжилттайгаар үнэлүүлсэн.

Үүний үр дүнд олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ Монгол улсыг хяналтаасаа гаргах шийдвэрийг 2014 оны 6-р сарын 27-ны өдөр гаргасан билээ.

Ингэснээр манай улсын хувьд эдийн засгийн гадаад харилцаанд ороход сөргөөр нөлөөлөх томоохон хүчин зүйл үгүй болж буй юм.

Мөнгө угаах гэмт хэрэг гэж юу вэ?
Мөнгө угаах гэдэг бол хамгийн энгийн үгээр тайлбарлахад гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө,  хөрөнгийг цаашид эрсдэлгүйгээр ашиглах зорилгоор ямар нэгэн аргаар хууль ёсны эргэлтэнд оруулж нуун далдалж ашиглах боломжтой болгож буй үйл явц юм.

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дүгээр зүйлийг 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр дараах байдлаар өөрчлөн найруулсан:

1661 дүгээр зүйл. Мөнгө угаах
1661.1. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуух, далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эсхүл эд хөрөнгийн эрхийг нуусан, далдалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

1661.2. Энэ гэмт хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан, эсхүл албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

1661.3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Мөнгө угаах гэмт хэргийн нийгмийн хор аюул юу вэ?
•Үлэмж хэмжээний эд хөрөнгө эдийн засгийн үндэслэлгүй улс дамнан шилжих нь зарим улс орон, тэр ч бүү хэл бүс нутгийн санхүү, эдийн засаг, нийгэм, улс төрийн нөхцөл байдалд асар их хор уршигтай
•Хууль ёсны эргэлтэнд орж угаагдсан мөнгө зохион байгуулалттай гэмт явдал, авлига, терроризмын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж үржил шимтэй хөрс нь болдог.
•Шударга, чөлөөт өрсөлдөөний зарчим зөрчигддөг
•Санхүүгийн байгууллагын хүчин чадлыг доройтуулдаг
•Улсын төсөвт орох орлого буурч, татвараа шударгаар төлөгч иргэдийг хохироодог
   
Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцаа өргөжин тэлж буй өнөө үед мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдэх эрсдлийг бууруулах, түүнийг газар авахуулахгүй таслан зогсоох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Аливаа гэмт хэрэгтэй тэмцэхэд шударга иргэдийн сонор соргог байдал, туслалцаа нь хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд нэн чухал байдаг билээ.
       
Иргэн Танд дээрх гэмт хэрэг үйлдэгдэж байж болзошгүй сэжигтэй үйлдлийн талаар мэдээ, мэдээлэл байгаа бол та яг одоо Тагнуулын ерөнхий газрын 261802, иргэдээс мэдээлэл хүлээн авах 1-800-1280 зэрэг утас болон pro@gia.gov.mn электрон шуудан, санал хүсэлт хүлээн авах буланд мэдээллээ үлдээнэ үү.

Бид таны нууцлал, аюулгүй байдлыг чанд сахина.
Бидэнтэй хамтран ажиллаж буй танд баярлалаа.

Хуурамч бичиг баримт ашиглан МУ-ын хил хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгтэй тэмцэх

 Хууль бусаар улсын хил нэвтрэх гэмт хэргийн ойлголт:

Хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх гэмт хэрэг гэдэг нь: Монгол Улсын хилийг нэвтрэх эрхийн хүчин төгөлдөр паспорт, баримт бичиггүй буюу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, эсхүл залилан мэхлэх арга хэрэглэн хуурай газар, ус, агаарын орон зай, газрын хэвлийгээр нэвтэрсэн (орсон, гарсан, дамжин өнгөрсөн), нийгэмд аюултай, эрүүгийн хуульд заасан, гэм буруутай үйлдлийг (үйлдэхүйг) хэлнэ.

Хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийн нөхцөл байдал:

Сүүлийн 5 жилд хуурамч баримт бичиг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн 646 гэмт хэрэг үйлдэгдсэнээс 80.2 хувь нь бусдын баримт бичгийг ашиглан улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг эзэлж байна. Энэ гэмт хэргийг үйлдэж буй иргэдийн 69 хувь нь эрэгтэй, 31 хувь нь эмэгтэй, насны байдлаар нь авч үзвэл 78 хувь нь 20-30 насны, 15 хувь нь 30-40 насны, 5 хувь нь 40-50 насны, 0.7 хувь нь 50-аас дээш насны, 1.3 хувийг насанд хүрээгүй иргэд эзэлж байна. Тухайн гэмт хэргийн 84.4 хувь нь Буянт-Ухаа, 0.6 хувь нь Замын-Үүд, 15 хувь нь бусад боомтуудад үйлдэгдсэн байна.

 Хууль эрх зуйн орчин:   

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйл. Хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх.

89.1. Хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

89.2. Энэ хэргийг давтан буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Үзэл бодол, улс төрийн болон шударга ёсны бусад үйл ажиллагааны улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харъяалалгүй хүн орогнох эрх олж авахын тулд хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн бол энэ зүйл хамаарахгүй.

Хууль бусаар улсын хил нэвтрэх гэмт хэргийн шалтгаан нөхцөл.

-Манай улсын иргэд гадаад улс оронд өндөр цалинтай ажил хийж амьдрал ахуйгаа дээшлүүлэх, хөнгөн хялбар аргаар ашиг олох сэдэлтээр тухайн гэмт хэрэг үйлдэгдэж байна.

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гадаад улсад өндөр цалинтай ажилд найдвартай зуучилна гэсэн зар, сурталчилгаа нь тухайн гэмт хэргийг өдүүлэх нэг сэжүүр болж байна.

-Гадаад улс руу нэвтрэх эрхийн баримт бичиг, визаг хуурамчаар үйлдэх, бусдын гадаад улсад найдвартай гаргана гэсэн амлалт, үгэнд итгэж хууртагдах, тухайлбал, Монгол Улсад ЭСЯ нь байдаггүй гадаадын улс руу нэвтрэх визаг хуурамчаар үйлдсэнийг мэдэлгүй худалдан авч залилуулах улмаар хил нэвтрэхдээ саатуулагдаж энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох,

-Гадаад улс руу нэвтрэх визатай бусдын баримт бичгийг худалдан авч улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдах,

-Гадаад улсад /ихэвчлэн Европт/ бусдын нэрээр цагаачилсан иргэд нутаг буцахдаа  тухайн  орны   цагаачлалын  албаар  зардлаа  төлүүлэх зорилгоор цагаачилсан нэрээр хуурамч баримт бичиг авч улсын хилийг хууль бусаар нэвтрэх,

-Гадаад улс руу Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа, эд зүйлийг боомт бус газраар улсын хилийг хууль бусаар нэвтрэх, гадаад   улсад   ажиллаж   амьдарч   байхдаа   хувийн   баримт   бичгээ үрэгдүүлсэн, эсвэл бусдад худалдсан иргэд нутаг буцахдаа хуурамч баримт бичгээр улсын хил нэвтрэхийг завдах,

-Монгол  Улсын   болон   гадаад улсын   иргэд  адуу  мал,   эд  зүйл  хулгайлах шунахайн сэдэлтээр улсын хилийг хууль бусаар нэвтрэх,

-Гадаад улсад оршин суух хугацааг хэтрүүлж, тухайн орны түр оршин суух журмыг зөрчсөн иргэд Монгол Улсын холбогдох байгууллага, албанд саатуулагдаж, арга хэмжээ авахуулахгүйн тулд бусдын баримт бичгээр улсын хил нэвтрэх гэмт хэрэг үйлдэх.

Анхаарах асуудлууд:

-Баримт бичгийн зөрчилтэй, бусдын нэрээр гадаад улсад цагаачилсан, оршин суух хугацааг хэтрүүлсэн, эсвэл түр оршин суух журам зөрчсөн, баримт бичгээ үрэгдүүлсэн Монгол Улсын иргэд нутаг буцах бол тухайн оронд байгаа Монгол Улсын ЭСЯ-нд хандаж зөвлөгөө авах

-Гадаад улс руу гарах гэж буй иргэд тухайн улсын ЭСЯ-нд холбогдох журмын дагуу хандах, бусдын гадаад руу найдвартай гаргана гэсэн амлалт, ятгалгын үгэнд хууртагдахгүй байх                                  

-Хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж тухайн гэмт хэргийн золиос болохгүйн тулд Монгол Улсын холбогдох хууль, эрх зүйн актуудтай танилцах.

Иргэн Та дээрх гэмт хэргийн золиос болохоос өмнө, танд энэ гэмт хэргийн талаарх мэдээ мэдээлэл байгаа бол яг одоо рго@gia.gоv.mn хаягт санал хүсэлтээ илгээж мэдээлэл авах буланд мэдээллээ үлдээнэ үү.

Бид таны нууцлал, аюулгүй байдлыг чанд сахина.

Бидэнтэй хамтран ажиллаж буй танд баярлалаа.

Эд зүйл хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх

Улсын хилээр эд зүйл хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн гаралтанд нөлөөлж буй гол хүчин зүйлс нь манай иргэдийн танилын хүрээ, харилцаа холбоогоо ашиглан хууль бус үйлдлийг зохион байгуулдаг,  гэмт хэрэгт хамтран оролцдог, хил, гааль болон хяналт шалгалтын бусад байгууллагын албан хаагчид үүрэгт ажилдаа хайхрамжгүй ханддаг, хувийн ашиг сонирхлын үүднээс мэдээллийг бусдад задруулдаг зэрэг шалтгаанаас дээрх гэмт хэрэг үйлдэгдэх боломж, нөхцөл бүрдэж байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар ТЕГ, ЦЕГ хамтран ажиллаж 2 удаагийн хууль бус үйлдлийг илрүүлэн таслан зогсоож, үүний үр дүнд улсын төсөвт  нийт 15 кг 290 гр алт, нийт 1 тэрбум 160 орчим сая төгрөг орох боломжтой болсон байна.

Эд зуйл хууль бусаар Монгол Улсын хил нэвтруулэх гэмт хэргийн нөхцөл байдал:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт "Тагнуулын байгууллага өөрсдөө илрүүлсэн Эрүүгийн хуулийн 175 /Эд зүйл хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх/ дугаар зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна" гэж заасан байдаг.

Тагнуулын ерөнхий газар нь эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг тэр дундаа алт хууль бусаар нэвтрүүлж буй асуудалд онцгой анхааран ажиллаж байна.

Нэг: Эрхзүйн орчин: ЭХ-ийн 175 дугаар зүйл.  Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх:

175.1. Хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг бага бус хэмжээгээр, ховор амьтан.түүнчлэн их хэмжээний валют, валютын үнэт зүйл, эрдэнэс, эрдэс, түүнчлэн байгалийн төрцийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

175.2 Энэ гэмт хэргийг давтан буюу бүлэглэж, эсхүл албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны болон ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн ба паленталогийн олдвор, эд өлгийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

175.3. Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, түүнчлэн онц их хэмжээтэйгээр үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрдэнэсийн сангийн тухай 1994 оны 11 сарын 17-ны өдрийн хууль 3 дугаар зүйл.  Хуулийн нэр томьёоны тодорхойлолт:

1. "Эрдэнэс" гэж түүхий эд, хайлш, химийн нэгдэл, бүтээгдэхүүн, түүх соёлын дурсгалт зүйл зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ.

2."Үнэт металл" гэж алт, мөнгө, платина болон түүний бүлэгт багтдаг палладий, иридий, родий, рутений, осмийг хэлнэ.

3."Үнэт чулуу” гэж доржпалам, бадмаараг, маргад, индриал болон сувдыг хэлнэ.

4."Эрдэнэсийн сан" гэж төрийн нэрийн өмнөөс Монгол банк эрхлэн хуримтлуулж, хадгалж, хамгаалж, хэрэглэж байгаа эрдэнэсийн хуримтлалыг хэлнэ

5."Байгалийн төрц" гэж 400.0 граммаас дээш жинтэй эсхүл 3.0 2.0 сантиметрээс дээш хэмжээтэй, түүнээс бага боловч онцгой чамин дүрс хэлбэртэй байгалийн тогтоц, дүрс хэлбэрээрээ олдсон үнэт метаалл, үнэт чулууг хэлнэ.  

6. "Эрдэнийн чулуу" гэж олон улсад хэвшсэн ангилалд хамрагдах үнэт, хагас үнэт чулууг хэлнэ.

"Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1998 оны 1 сарын 8-ны өдрийн 5-р тогтоол,

"Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон лицензтэй нэвтрүүлэх барааны кодолсон жагсаалт, журам батлах тухай Монгол Улсын Засгийн Газрын 2001 оны 3 сарын 14-ны өдрийн 54-р тогтоол 

Хоёр: Эд зүйл хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх г эмт хэргийг үйлдэж буй аргууд:

Эд зүйл хууль бусаар хил нэврүүлэх гэмт хэрэг үйлдэхдээ дараах аргуудыг өргөн хэрэглэдэг. Үүнд:

1. Эд зүйлийг хил гаалийн үзлэгээс нууж, хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэргээр хуурч мэхлэх,

2. Хил гаалийн боомтгүй газраар эд зүйлийг хилийн тор давуулж хаях, хилийн торын хоёр талаас солилцох,

З. Эд зүйлийг хилээр нэвтрүүлэхдээ нэр төрөл, гадаад дүрсийг өөрчлөх зэргээр хил гаалийн ажилтнуудыг төөрөгдүүлэх

4. Эд зүйлийг хилээр нууж гарахдаа рентген туяанд илрэхгүй цахилгааны хар лент, тугалган цаас, скочоор боож, вагон, авто машины эд ангиудын завсар, нуувчинд хийх зэрэг аргыг хэрэглэх,                                                     

5. Металл эд зүйлийг төрөл бүрийн нуувч ашиглахаас гадна бие, эд эрхтэндээ /улаан хоолой, шулуун гэдэс г.м/ нуух.

Анхаарах асуудлууд:

1. Иргэд Монгол Улсын хилээр нэвтрэхдээ бусдын захиас илгээмжийг ямар эд зүйл байгаа талаар асууж мэдэлгүй тээвэрлэхгүй байх,

2.Тээвэрлэх тохиолдолд сэжигтэй гэж үзвэл хил нэвтрэхийн өмнө мэргэжлийн байгууллагад хандан шалгуулж байх,

З. Сэжиг бүхий эзэнгүй эд зүйлсийг хил орчмоос олж авахгүй байх. Олсон тохиолдолд өөртөө хадгалахгүй зохих албан тушаалтанд хүлээлгэн өгөх,

4. Мөнгө, эд зүйл амлаж хилээр эд зүйл гаргуулахаар тавьж буй санал хүсэлтийг хүлээн авахгүй байх.

Иргэн Танд дээрх гэмт хэрэг үйлдэгдэж байж болзошгүй сэжигтэй үйлдлийн талаар мэдээ, мэдээлэл байгаа бол та яг одоо Тагнуулын ерөнхий газрын 261802, иргэдээс мэдээлэл хүлээн авах 1-800-1280 зэрэг утас болон pro@gia.gov.mn электрон шуудан, санал хүсэлт хүлээн авах буланд мэдээллээ үлдээнэ үү.

Бид таны нууцлал, аюулгүй байдлыг чанд сахина.
Бидэнтэй хамтран ажиллаж буй танд баярлалаа. 

Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх

Хар тамхи, мансууруулах бодисын ойлголт:

Мансууруулах төрлийн бодис гэдэг нь байгальд зэрлэг байдлаар ургадаг олсны ургамал, намуу цэцэг, мексикийн мөөг, кокийн бут зэргийг хамруулан ойлгох бөгөөд эдгээр мансууруулах үйлчилгээтэй түүхий эдийг химийн урвалд оруулах, нийлэгжүүлэх буюу синтетик хэлбэрт оруулснаар цэвэр кокайн, герион буюу дэлхий нийтээр хэлж хэвшсэн “Хар тамхи”-ыг гарган авдаг. Бусад хар тамхи, мансууруулах бодисын бүх төрлүүдийг дээрх кокайн, героиноос гарган авдаг ба түүнээс гаргаж авсан бусад бодисоор анагаах ухаанд олон төрлийн тайвшруулах, өвчин намдаах зэрэг эм, тариа үйлдвэрлэдэг байна.

Хар тамхи, мансууруулах бодисын олон улсын нөхцөл байдал:

НҮБ-ын мансууруулах бодистой тэмцэх албанаас гаргасан 2012 оны тайланд дурдсанаар дэлхийн хэмжээнд 15-64 насны 230 сая хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаагаас 27 сая орчим нь тогтмол хэрэглэдэг. Үүнээс 200 орчим сая хүн каннабис, 15 орчим сая хүн амфетамин, 15,9 сая хүн опиум /героин/, 13,7 сая хүн кокаин хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан байна.

Дэлхийд хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтийн сүлжээ үүсгэн идэвхтэй ажиллаж байгаа Алтан гурвалжин /Тайланд, Лаос, Мьянмарын хилийн бүс/, Алтан хавирган сар /Афганистан, Пакистан, Ираны хилийн бүс/, Мөнгөн гурвалжин /Колумб, Болив, Перу, Мексикийн хилийн бүс нутаг/, Хар гурвалжин /Нигер, Гана, Кени, Судан, Өмнөд африк/ гэгдэх Африкийн орнуудын гэмт бүлэглэлүүд Төв болон Зүүн өмнөд Азийн орнуудын иргэдийг хар тамхины хууль бус наймаанд элсүүлэх, татан оролцуулах, тээвэрлүүлэх явдал газар авч байна.   

Энэ төрлийн гэмт хэрэгт гол төлөв Зүүн өмнөд Азийн орнуудад сурч буй манай  оюутан залуус, биеэ үнэлэгчид, хулгай хийх зорилгоор маршрутаар зорчигч иргэд тээвэрлэгчийн үүргийг гүйцэтгэж байна.

Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгт монгол залуучууд өртөж байгаа шалтгаан нь манай иргэдийн амьжиргааны түвшин доогуур, энэ талын мэдлэг, мэдээлэл дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох хүсэлтэйгээс гадна Зүүн өмнөд Азийн орнуудад визгүй зорчих давуу тал байдаг нь гол хүчин зүйл болж байна.

Олон улсын жишгээр дамжин өнгөрч буй хар тамхины 20 хувь нь тухайн оронд үлддэг гэсэн судалгаа байдаг бөгөөд одоогийн байдлаар манай улсаар хэдий хэмжээний мансууруулах үйлчилгээтэй эм, бэлдмэл, бодис дамжин өнгөрч байгааг нарийн гаргах боломжгүй байна.    

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт Монгол Улсын иргэд холбогдож буй нөхцөл байдал, шалтгаан:

Эхэн үедээ зөвхөн цөөн тооны иргэд хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглээний журмаар /хагас нийлэгжүүлэх аргаар гаргаж авсан мансууруулах бодис/ бага хэмжээгээр хууль бусаар нэвтрүүлэх байдлаар үйлдэгдэж байсан бол өнөөдөр уг гэмт хэрэг үйлдэгчид нь ашиг орлогын үндсэн эх үүсвэр болгох зорилгоор тээвэрлэж, зарж борлуулах гэмт хэргийг үйлдэх болсон.

Манай иргэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй байдлыг авч үзэхэд дийлэнх хувь нь БНХАУ-д үйлдэгдэж байна. Хил залгаа ӨМӨЗО-ны Эрээн хотод дээрх төрлийн мансууруулах бодисын хэрэглээ газар авсан, манай иргэд байнга зорчдог, биеэ үнэлэгч, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон иргэд энэ төрлийн гэмт хэрэгт хэрэглэгч гэсэн ангилалд байсан бол сүүлийн 2-3 жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн тээвэрлэгч гэсэн ангилалд хамаарах болоод байна.

Энэ төрлийн хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалттай гэмт бүлгүүдийн зүгээс манай иргэдийн Зүүн өмнөд Азийн орнуудад визгүй зорчих боломжтой байдал, гэнэн итгэмтгий зан, амар хялбар аргаар мөнгө олох зэрэг сул талуудыг нь ашиглан хууль бус эргэлтэнд татан оруулж байгаад анхаарах шаардлагатай юм.

Харин 2013 оны байдлаар гадаад улсад 4 /эрэгтэй-1, эмэгтэй-3/ иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон бол дотоодод 74 холбогдогчтой 34 хэрэг бүртгэгдээд байна. 2014 он гарсаар 27 холбогдогчтой 12 хэрэг бүртгэгдсэн байна.

2014 оны эхний хагас жилийн байлаар энэ төрлийн гэмт хэргийн улмаас гадаад улсад 37 иргэн ял эдэлж байгаагаас, эмэгтэй 15, эрэгтэй 21 байна. Үүнийг ял шийтгэлээр нь ангилж үзвэл хугацаагүй хорих ялаар 9, хорих ялаар 22, цаазаар авах ялаар 5 иргэн тус тус шийтгэгдсэн байна.
       
Дээрх тоо баримт бусад орнуудынхтай харьцуулахад харьцангуй цөөн мэт боловч олон улсын жишгээр 1 хэргийн ард 10 тохиолдол байдаг гэж үзвэл энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал хүндрэх төлөв ажиглагдаж байна. 

Цаашид авах арга хэмжээ, анхаарах зүйл: 

1.Хүн бүр энэ төрлийн гэмт хэргийн хор уршиг, учирч болох эрсдэлийн талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болох нь чухал байна.

Тухайлбал:
•Монгол Улсын эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” гэсэн зүйл заалтын дагуу энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд 15 жил хүртэл хорих ялаар шийтгэх,
•БНХАУ-д 50 граммаас дээш хэмжээгээр хар тамхи, мансууруулах бодисыг тус улсын хилээр ашиг олох зорилгоор нэвтрүүлсэн бол цаазаар авах хүртэл ял оногдуулдаг,
•ОХУ-д энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд 20 хүртэлх жилийн хорих ял оноож, 1 сая рублиэр торгодог.

2.Дунд, ахлах, их дээд сургуулийн оюутан сурагч нарт хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийн талаарх ойлголтыг сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүд болон асран харгалзагч нараас өгөх нь манай улсын ирээдүйн эрүүл нийгмийн баталгаа болно.

3.Энэ төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг, ялангуяа Зүүн өмнөд Азийн зарим улс орон руу зорчиж буй манай иргэд бусдын дайвар ачаа тээш авахгүй, өөрийн ачаа тээшийг хяналтгүй орхихгүй, мөн сонор сэрэмжтэй байх нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх юм.
   
Иргэн Танд дээрх гэмт хэрэг үйлдэгдэж байж болзошгүй сэжигтэй үйлдлийн талаар мэдээ, мэдээлэл байгаа бол та яг одоо Тагнуулын ерөнхий газрын 261802, иргэдээс мэдээлэл хүлээн авах 1-800-1280 зэрэг утас болон pro@gia.gov.mn электрон шуудан, санал хүсэлт хүлээн авах буланд мэдээллээ үлдээнэ үү.

Бид таны нууцлал, аюулгүй байдлыг чанд сахина.
Бидэнтэй хамтран ажиллаж буй танд баярлалаа.

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх

Нэг. Хүн худалдаалах гэмт хэрэг дэлхий дахинд:
Дэлхийд жилд дунджаар 20.9 сая хүн хөдөлмөрийн мөлжлөг, барьцааны ажил, албадан бие үнэлэлтийн хохирогч болдог гэсэн судалгааг Олон улсын байгууллагаас гаргасан байдаг бөгөөд хохирогчдын 75 хувийг охид эмэгтэйчүүд эзэлж байна.

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг тархацаар нь авч үзвэл 1000 хүн тутмын 1.8 нь ямар нэг байдлаар энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй байгаа юм. Харин хохирогчдын тархац Ази Номхон далайн бүс нутагт 1000 хүн тутмын 3 гэсэн өндөр үзүүлэлт гарч байгаад анхаарал хандуулах шаардлагатай юм.

Хүн худалдаалах гэмт хэргийг шийдвэрлэж буй байдлаар нь авч үзвэл бэлгийн мөлжлөгийн хэргийг 58 хувьтай, хөдөлмөрийн мөлжлөгийн хэргийг 36 хувьтай шийдвэрлэж байна.

Хоёр. Монгол Улс ХХГХ-тэй тэмцэж ирсэн байдал:
    •1968 онд “Боолчлол, боолын худалдаа болон боолчлолтой адилтгах ёс заншлыг устгах тухай” үүрэг хүлээсэн.
    •1996 оны Эрүүгийн хуулинд 111.1 дэх заалтыг нэмэлтээр
    •2002 оны шинэ Эрүүгийн хуулинд анх удаа 113 дугаар зүйл “Хүн худалдах, худалдан авах” зүйл анги оруулсан
    •2005 онд “Хүн, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний      хөтөлбөр” баталсан
    •ХХГХ-тэй тэмцэх Үндэсний зөвлөл байгуулсан
    •2008 оны 2 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн 113 дугаар  зүйлийг өөрчилж Палермогийн      протоколд нийцүүлсэн
    •2008 оны 3 дугаар сарын 26-нд УДШ-ээс Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн тайлбарыг гаргасан
    •2008 оны 5 дугаар сард НҮБ-ын Палермогийн протоколд нэгдэж орсон
    •2011 оны 1 дүгээр сарын 19-нд Хүн худалдаалахтай тэмцэх бие даасан хууль баталсан.

Гурав. Цаашдын хандлага:
ХХГХ-ийн хэлбэр, төрлүүд цаашид нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, уран нугараач, хүчээр хулгай дээрэм хийлгэх, боолчлох, хараа хяналтгүй хүүхдийн асуудал, хүүхэд үрчлэлт гэх мэт. Манай орон энэ төрлийн гэмт хэргийн гаргагч орноос хүлээн авагч орны статустай болох шинж тэмдэг ажиглагдаж байна. Тухайлбал, Умард Солонгос, Вьетнам, Филиппин улсын иргэд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх явцдаа энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох явдал гарч байна.

ХХГХ нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг болохын хувьд туйлын мэдрэмтгий, арга хэлбэрээ байнга өөрчилж, нууц далд, зохион байгуулалтанд орж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг хүрээгээ тэлэхэд бэлгийн аялал жуулчлал голлох нөлөө үзүүлж байгаа бөгөөд насанд хүрээгүй хүүхдийн биеийг үнэлүүлэх асуудал гарч байна.

Мөн хар тамхи, мансууруулах бодис гэх мэт зохион байгуулалттай бусад гэмт хэргүүдтэй хавсран үйлдэгдэх магадлал өндөр байна.    

Хэдийгээр албан ёсоор бүртгэгдсэн тохиолдол байхгүй ч цус, эд эрхтэний наймаа үйлдэгдэж болзошгүй байна.

Иргэн Танд дээрх гэмт хэрэг үйлдэгдэж байж болзошгүй сэжигтэй үйлдлийн талаар мэдээ, мэдээлэл байгаа бол та яг одоо Тагнуулын ерөнхий газрын 261802, иргэдээс мэдээлэл хүлээн авах 1-800-1280 зэрэг утас болон pro@gia.gov.mn электрон шуудан, санал хүсэлт хүлээн авах буланд мэдээллээ үлдээнэ үү.

Бид таны нууцлал, аюулгүй байдлыг чанд сахина.
Бидэнтэй хамтран ажиллаж буй танд баярлалаа.

Төрийн нууцтай танилцах болон нууцын ажилтны зөвшөөрөл авах

Төрийн нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан "Төрийн нууцыг хариуцах нууцын ажилтныг Тагнуулын байгууллага шалгаж зөвшөөрөл олгоно"-ы дагуу нууцын ажилтны зөвшөөрөл авахад дараах материалыг бүрдүүлнэ. 

    • Төрийн албан хаагчийн анкет;
    • 2 хувь цээж зураг;
    • 3 үеийн намтар;
    • Их, Дээд сургууль төгссөн дипломын хуулбар;
    • Албан байгууллагын тодорхойлолт;
    • Оршин суугаа хорооны тодорхойлолт.

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ (Financial Action Task Force)-ийн зөвлөмж, түүний хэрэглээний талаарх мэдээлэл

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын хүчин зүтгэлийг нэгтгэн төвлөрүүлдэг, олон улсын стандартыг боловсруулж гаргадаг байгууллага нь Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ (Financial Action Task Force) юм. Тус байгууллагыг 1989 онд “Их найм” гэгддэг дэлхийн тэргүүлэх хөгжилтэй улсууд НҮБ-ын конвенц, тогтоолуудыг хэрэгжүүлэх, олон улсын хүчин зүтгэлийг нэгтгэх чиг үүрэгтэйгээр үүсгэн байгуулсан. Манай улс энэхүү байгууллагын бүс нутгийг хариуцсан салбар байгууллага болох Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүнээр 2004 онд элсэн орсон. ФАТФ нь 40+9 гэх зөвлөмж боловсруулан, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд баримталбал зохих шаардлага, стандартуудыг тодорхойлж өгсөн юм. 

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (ФАТФ)-аас гаргасан 40+9 зөвлөмжид тусгасан зөвлөмжүүд:

•Улс орон бүр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлж байж болзошгүй үйл ажиллагаатай холбогдуулж сэжигтэй гүйлгээний тайлан болон бусад холбогдох мэдээллийг хүлээж авах, түүнд дүн шинжилгээ хийх, түүнийг дамжуулах чиг үүрэгтэй үндэсний төв байгууллага болох Санхүүгийн мэдээллийн албыг байгуулах ёстой. Санхүүгийн мэдээллийн албыг бие даасан төрийн байгууллага хэлбэрээр юм уу одоо байгаа байгууллага эсхүл байгууллагуудад харьяалуулан байгуулж болно;

•Санхүүгийн мэдээллийн алба юм уу өөр холбогдох байгууллага санхүүгийн байгууллагууд болон бусад мэдээлэгч талуудад мэдээлэл ирүүлэхдээ мөрдөх мэдээллийн маягт болон дүрэм журмыг багтаасан мэдээлэх арга хэлбэрийн тухай дэлгэрэнгүй зааварчилгыг өгөх ёстой;

•Санхүүгийн мэдээллийн алба нь сэжигтэй гүйлгээний тайланд дүн шинжилгээ хийх гэх мэт өөрийн үндсэн үүргийг зүй зохистой хэрэгжүүлэх шаардлагаар санхүүгийн, захиргааны болон хууль сахиулах байгууллагын мэдээллийн санд тодорхой цаг хугацааны давтамжтайгаар шууд болон шууд бус нэвтрэх эрхээр хангагдсан байх ёстой;

•Санхүүгийн мэдээллийн алба нь өөрийн чиг үүргийг зүй зохистой хэрэгжүүлэхэд шаардагдах нэмэлт мэдээллийг мэдээлэгч байгууллагуудаас шууд юмуу бусад байгууллагаар дамжуулан авч байх ёстой;

•Санхүүгийн мэдээллийн алба нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх сэжигтэй гүйлгээний үндэслэлийг тогтоосон бол санхүүгийн мэдээллийг мөрдөн шалгуулахаар дотоодын холбогдох байгууллагад шилжүүлэх эрхтэй байх ёстой.

•Санхүүгийн мэдээллийн алба нь зүй бус нөлөөлөл болон хамаарлаас ангид байхын тул хангалттай үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлаар хангагдах ёстой;

•Санхүүгийн мэдээллийн алба нь өөрийн эзэмшиж байгаа мэдээллийг нууц, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд хамгаалах бөгөөд зөвхөн хуулийн дагуу бусдад шилжүүлнэ;

•Санхүүгийн мэдээллийн алба нь тодорхой хугацааны давтамжтайгаар үйл ажиллагааны тайланг олон нийтэд гаргах бөгөөд энэхүү тайланд статистик, типологи болон өөрийн үйл ажиллагааны тухай мэдээллийг багтаана;

•Аливаа нэг улс Санхүүгийн мэдээллийн албыг байгуулсан бол тухайн орон Эгмонт бүлэгт элсэхийг зорих хэрэгтэй;

•Улс орнууд Эгмонт бүлгийн зорилтын тайлбар (Дүрэм) буюу Мөнгө угаах хэрэгтэй холбоотойгоор Санхүүгийн мэдээллийн албад хоорондын мэдээлэл солилцох зарчмыг баримтлахыг зорих ёстой.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын конвенц, тогтоол:

•Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар наймаалахын эсрэг Вений конвенц. 1988 он;

•Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Палермогийн конвенц. 2000 он;

•Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх конвенц. 1999 он;

•НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1267, 1373 дугаар тогтоол.

Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенци, Палермо. 2000 он: 

•(I) тухайн эд хөрөнгө нь гэмт хэргийн орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийн хууль бус үүсвэрийг нуух, далдлах, эсхүл эрх зүйн үндсэн зөрчлийг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд өөрийн үйлдлийн төлөө хүлээх хуулийн хариуцлагаас зайлсхийхэд нь туслах зорилгоор эд хөрөнгийг өөрчлөх буюу шилжүүлэх; 

•(II) тухайн эд хөрөнгө нь гэмт хэргийн орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийн бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, шилжүүлэх, эзэмшигч буюу эд хөрөнгийн эрхийг нуух буюу далдлах; 

•(III) тухайн эд хөрөнгийг олж авах үед түүнийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийг олж авах, эзэмших буюу ашиглах; 

•(IV) мөнгө угаах гэмт хэргийг үйлдэхэд оролцох, хамтрах, үгсэн тохиролцох, үйлдэхийг завдах болон хамжих, хатгах, туслах болон зөвлөгөө өгөх гэж тодорхойлсон байдаг. 

Мөнгө угаах гэмт хэрэг нь 3 үе шаттайгаар хийгддэг: 

1.Байршуулах үе шат: Хууль бусаар олсон мөнгөө хаа нэгтээ байршуулах шаардлагатай байдаг. Тухайлбал, гэмт этгээд өөр хүний нэр дээр банкинд нээлгэсэн дансанд хууль бусаар олсон мөнгөө анхаарал татахааргүй хэмжээтэйгээр таслан хийх, үнэт цаас, чек, хувьцаа худалдан авах, эсхүл байр, байшин ч худалдан авах замаар байршуулж болно;

2.Тараах буюу гүйлгээнд оруулах үе шат: Гарал үүслийг нь нуун далдлах, хууль ёсны орлого мэт харагдуулах зорилготойгоор нэгэнт байршуулсан мөнгөө эргэлтэнд оруулдаг. Жишээлбэл, худалдан авсан үнэт цаас, аяллын чекээ эргүүлэн зарах эсвэл гадаад худалдаа эрхэлж буй мэт харагдуулах зорилгоор мөнгө угаахтай тэмцэх хяналтын механизм бүрдүүлээгүй орнууд руу шилжүүлэх гэх мэт аргыг хэрэглэдэг;

3.Буцааж төвлөрүүлэх үе шат: Нэгэнт гарал үүслийг нь тогтооход бэрх болсон эсхүл хууль ёсны юм шиг харагдах болсон мөнгөө эргүүлэн өөрийн нэр дээр төвлөрүүлдэг аж. 

Мөнгө угаах гэмт хэргийн арга хэлбэр нь терроризмыг санхүүжүүлэхтэй ижил төстэй явагддаг тул энэ хоёр гэмт хэргийг нягт холбодог. 

Мөнгө угаах гэмт хэрэг болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн ялгаа:

•Мөнгө угаах гэмт хэрэг нь: Хууль бус орлогыг хууль ёсны юм шиг харагдуулахыг зорьдог. 

•Терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг нь: Хууль ёсны орлогоор хууль бус үйл ажиллагаанд зарцуулахыг зорьдог. 

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцооны давуу талууд: (банкны мэдээлэлд нэвтрэх, харилцагчийг таньж мэдэх, сэжигтэй гүйлгээний тухай мэдээлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор сурталчлах гэх мэт)-ийг ашиглаж тэдгээр үндсэн, нөхцөлдүүлэгч гэмт хэргүүдийг олж, илрүүлж байсан тохиолдол цөөнгүй ажээ. Түүнчлэн энэ тогтолцоог мөнгө угаахтай тэмцэх арга хэмжээнд хойрго хандсан банк, санхүүгийн байгууллагуудад хариуцлага тооцох хэлбэрээр өргөн хэрэглэдэг.

Монгол Улсад 2006 оны 7 дугаар сард “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хууль батлагдаж мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны үндэс суурь тавигдсан. Энэ хуулийн дагуу 2006 оны 11 дүгээр сарын 29-нд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Санхүүгийн мэдээллийн алба (СМА) Монголбанкны бүтцэд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. 

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль нь банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын компаниуд, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг этгээд, валют худалдах, худалдан авах үйл ажиллагаа эрхэлдэг этгээд, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг этгээд гээд маш өргөн хүрээг хамарсан хууль юм. Дээрх хуулийн этгээдүүд нь хуулийн дагуу мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж үзсэн болон 20 сая төгрөг/түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют/ буюу түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөн гүйлгээний талаар Санхүүгийн мэдээллийн алба (СМА)-д мэдэгдэх үүрэгтэй.