Танилцуулга

Эрхэм зорилго, үндсэн чиг үүрэг

Эрхэм зорилго

Монгол Улсын үндэсний  аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй гадаад, дотоод хүчин зүйлийг тагнуулын аргаар илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх замаар Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах таатай нөхцөлийг бүрдүүлэх явдал мөн.

 

Үндсэн чиг үүрэг

Тагнуулын ерөнхий газар нь тагнуулын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах бодлого боловсруулж хэрэгжүүлэх зорилго бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг мөн. 

 Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Байгууллагын бэлгэ тэмдэг

Тагнуулын ерөнхий газрын онцлох тэмдэг нь сансар эрхэс, наран, саран, сав шим орчлонгийн ухагдахууныг бэлгэдсэн хамгийн боловсронгуй дүрс болох дугуй /хүрд/ хэлбэртэй байна. Энэ нь тус газар хамгийн зөв чигч бодлого явуулж, төр улсаа хамгаалах боловсронгуй бүтцэд эрмэлзэж байдгийг илтгэнэ. Дугуй нь мөнх хөх тэнгэрийг бэлгэдсэн хөх дэвсгэртэй байна.

Монголчууд нэн эртнээс сүлд тугандаа дээдлэн залж ирсэн хараа хурц, хурдан шаламгай шонхор шувууг дугуйн дээд хэсэгт халин дүүлж буй байдлаар дүрслэх бөгөөд түүний хоёр далавчны үзүүрийн хэсэг дугуй дүрснээс илүү гарч толгой нь далавчны дотор талд байрласан байна. Энэ нь Монгол Улсын төрт ёсны хийгээд заншлан тагнах түүхэн уламжлалыг бэлгэдэхийн хамт тагнуулын байгууллагын үйл ажиллагааны онцлог шинж /ил, далд эх сурвалжаас мэдээ олж, нэгтгэн дүгнэж, түүний чандлан нууцалдаг/ сүр хүчийг илтгэнэ.

Зохиомжийн дотор орон зай, дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлсэн түгээмэл илэрхийлэл болох талст /сум/ хэлбэрийн дүрсийг солбилцуулан байрлуулсан нь Тагнуулын ерөнхий газрын үйл ажиллагаа бүхий л орон зай, зүг чигт, тасралтгүй явагддагийг илэрхийлэхийн дээр тэдгээрийн зарим хэсэг бамбайн цаана халхлагдсан нь тус байгууллага ил, нууц арга, хэрэгслийг ашигладаг гэсэн санааг илтгэнэ.

Зохиомжийн гол хэсэгт монгол цэргийн уламжлалт дугуй бамбай, түүний төвд төр улсаа дээдэлсний бэлгэдэл болох соёмбыг байрлуулж, тэдгээрийг тойруулан алтан туузан дээр ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР гэсэн нэрийг хүндэтгэлтэйгээр тодотгон бичсэн байна. Энэ нь Тагнуулын ерөнхий газар нь хууль ёсыг чандлан сахиж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг гадна, дотны халдлагаас хамгаалах төрийн захиргааны төв байгууллага гэсэн санааг илтгэнэ.

Энэхүү тэмдэгт зөвхөн хөх, алтан шаргал өнгийг хэрэглэсэн нь Тагнуулын Ерөнхий газар төрийн өмнө хүлээсэн үүрэгтээ чин үнэнч, хувиршгүй зүтгэнэ гэсэн санааг өнгөөр бэлгэдсэн болно.

Байгууллагын даргын мэндчилгээ

Эрхэм Таныг Тагнуулын ерөнхий газрын цахим хуудсанд зочилж байгаад талархал илэрхийлье.

Тагнуулын ерөнхий газар нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Тагнуулын байгууллагын тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд улс орны үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах үндсэн чиг үүрэгтэй төрийн тусгай байгууллага юм.

Тагнуулын ерөнхий газар нь үйл ажиллагаандаа уламжлалд суурилсан шинэчлэлийг бэхжүүлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, хуулиар хүлээсэн чиг үүргээ мэргэжлийн өндөр түвшинд, хууль тогтоомжийн хүрээнд шуурхай хэрэгжүүлэх зарчмыг баримтлан ажиллаж, байгууллагын үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөхөд манай цахим хуудас чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

Та манай цахим хуудаснаас Монгол Улсын Тагнуулын ерөнхий газар, түүний эрхэм зорилго, Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, эрх зүйн зохицуулалт, тус байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаархи бүхий л мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болохыг тэмдэглэж байна.

Манай байгууллагын цахим хуудсанд зочилсон Танд талархал илэрхийлэхийн зэрэгцээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын хамт олны халуун мэндчилгээг дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Байгууллагын бүтэц

Тагнуулын ерөнхий газар нь гадаад тагнуул, сөрөх тагнуул, цэрэг-стратегийн тагнуул, хилийн тагнуул, тэдгээрт дэмжлэг үзүүлэх, мэдээллийн дүн шинжилгээ хийх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мөрдөн байцаах, дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах болон захиргаа, удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх үндсэн бүтэцтэй байна.

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх  хэсэг.

Тагнуулын ерөнхий газрын харьяанд сургууль, сургалт, эрдэм шинжилгээ, төрөлжсөн архив, аж ахуй, хангалт үйлчилгээний байгууллага, харуул хамгаалалтын болон тусгай бэлтгэл, зориулалт бүхий нэгж, тусгай сургалтын болон спорт-нөхөн сэргээх төв байгуулж болно

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь  хэсэг.

Байгууллагын шагнал

Удирдлагын товч танилцуулга

Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Доржпаламын Гэрэл

Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Д.Гэрэл нь 1952 онд Улаанбаатар хотод төрсөн.

1961-1971 онд Нийслэлийн орос гуравдугаар дунд сургууль,

1971-1975 онд ЗХУ-ын УАХХ-ны дээд сургууль,

1981-1983 онд Токиогийн гадаад хэлний дээд сургуулийг тус тус төгссөн. Хуульч, хэл судлаач мэргэжилтэй.

Тэрээр 1975-1984 онд НАХЯ-нд төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 1984-1989 онд Токио дахь ЭСЯ-нд атташе, 1998-2003 онд зөвлөх, 2005-2008 онд Консулын хэлтсийн дарга бөгөөд зөвлөх, 1989-1993 онд УАБХЕГ-т ахлах төлөөлөгч, 1997-1998 онд Тамгын хэлтсийн орлогч, албаны дарга, 1993-1997 онд “Солонго Лайн” ХХК-ийн ерөнхий захирал, 2003-2005 онд ГХЯ-ны ЭЗКГ-ын консулын хэлтсийн дарга, газрын захирал, 2008-2011 онд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2011-2013 онд ТЕГ-ын дарга, 2013 оноос ГХЯ-нд тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байсан.

Монголын Элчин сайд нарын клубын Ерөнхийлөгч, Монголын самбо бөхийн холбооны тэргүүний сонгуульт ажилтай.

Тэрээр Монголын Теквондогийн холбооны хүндэт Ерөнхийлөгчөөр 10 гаруй жил ажилласан төдийгүй МҮОХ-ны “Олимпийн алтан од” шагналтай.

 

Тагнуулын ерөнхий газрын Дэд дарга, хурандаа Баттөмөрийн Энхсүх

 

1979 онд Улаанбаатар хотод төрсөн, эрх зүйч мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр зэрэгтэй.

2001-2013 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасаг, хэлтсийн дарга,

2013-2014 онд Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга,

2014-2016 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн дарга,

2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс Тагнуулын ерөнхий газрын Дэд даргаар томилогдон ажиллаж байна.

 

Салбар, нэгж

1. Үндэсний тагнуулын академи

ҮНДЭСНИЙ ТАГНУУЛЫН АКАДЕМИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

                 ТҮҮХЭН ТОВЧООН

Үндэсний тагнуулын академи нь анх 1997 онд Гэгээрлийн сайдын 209 дүгээр тушаал, УАБХГ-ын даргын 386 дугаар тушаалаар “Тагнуулын Ерөнхий газрын Дээд сургууль” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 350 дугаар тушаалаар “Үндэсний тагнуулын академи” болгон өөрчлөн зохион байгуулсан бөгөөд Боловсролын тухай хуулийн хүрээнд дээд сургуулийн статустайгаар үйл ажиллагаа явуулж байна.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

 

Тагнуулын байгууллагын зорилт, чиг үүргийг мэргэжлийн өндөр түвшинд чадварлаг хэрэгжүүлэх тагнуулын ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах ажиллагаанд тагнахуйн ухаан /тагнуул судлал/, аюулгүй байдал судлалын судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээр дэмжлэг үзүүлэхэд оршино.

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 

Дээд боловсролын зэрэг олгох сургалт эрхлэх;

Мэргэшил дээшлүүлэх, давтан сургалт явуулах;

Мэргэшил эзэмшүүлэх сургалт

Тагнуул, аюулгүй байдал судлалын суурь болон хавсарга судалгаа явуулах;

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээр эрдэм шинжилгээний төрөлжсөн сэтгүүл, мэдээллийг эрхлэн гаргах.

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ

 

Үндэсний тагнуулын академийн Эрдмийн зөвлөл болон Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд хууль зүйн салбарын болон нийгмийн шинжлэх ухааны нэртэй эрдэмтэд ажиллан эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалт, үр дүн зэрэг асуудлыг хамтын зарчмаар шийдвэрлэдэг.

Академи нь  эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг төвлөрүүлэн зохион байгуулж, улирал тутам мэргэжлийн сэтгүүл эрхлэн гаргаж, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг тогтмол хийж ирлээ. Тухайлбал: 2010 онд дэлхийн 10 орны 22 судлаач илтгэл хэлэлцүүлсэн “Монгол Түвдийн 1913 оны гэрээ” олон улсын симпозиум зохион байгуулсан. 2009 оноос хойш “ОХУ”, “БНХАУ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулж байна.

“Ардчилсан нийгэм ба тагнуулын байгууллага”, “Үндэсний аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах арга зам”, “Дотоод аюулгүй байдал”, “Гүйцэтгэх ажлын эрх зүйн зохицуулалт”, “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудал”, “Хүний аюулгүй байдал”, “Үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал ба үндсэн хуулийн шинэтгэл”, “Монгол Улс дахь Олон улсын эрх зүйн хөгжлийн чиг хандлага”, “Олон улсын эрх зүй ба уул уурхайн салбарын тулгамдсан асуудал” зэрэг сэдвээр эрдэм шинжилгээний хурал, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж хэвшсэн.

 

СУРГАЛТ

 

1. Дээд боловсролын зэрэг олгох сургалт:

·          “Аюулгүй байдал “хөтөлбөрийн бакалаврын сургалт;

·          “Аюулгүй байдал судлал” хөтөлбөрийн магистрын сургалт;

·          “Аюулгүй байдал судлал” хөтөлбөрийн докторын сургалт;

2. Мэргэшүүлэх, давтан сургалт:

·          Мэргэшил дээшлүүлэх;

·          Давтан сургалт явуулах;

·          Мэргэшил эзэмшүүлэх сургалт;

·          Захиалгат сургалт

 

СУРГАЛТЫН ОРЧИН

 

Академи нь бие бүрэлдэхүүний ажиллах, суралцах таатай орчин нөхцлийг бүрдүүлсэн өрөө тасалгаа, хичээлийн танхим, хурлын танхим, хичээлийн анги, лекцийн танхим, 17 мянга гаруй ном, сурах бичиг, гарын авлага бүхий номын сан, иж бүрэн тоноглосон криминалистикийн кабинет, компьютерын лаборатори, стандартын шаардлагад нийцсэн спорт цогцолбор, тусгай хэрэгсэл, бялдаржуулах тоноглолтой заал, суралцагчийн байр, бие даалтын өрөө, цайны газар бүхий цогцолборт сургалт, судалгааны үйл ажиллагааг явуулж байна.

 

Улаанбаатар хот, Үндэсний тагнуулын академи

 

62263502, 62263505 

2. Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл/

3. Төрийн мэдээлэл, холбооны газар

4. Улсын шифрийн төв алба