Тангарагтаа үнэнч явсан нь

Уран зэрэглээ мяралзан цэлэлзэх тэртээх 1920 оны хаврын тэргүүн сар Түшээт хан аймгийн Түшээ гүний хошууны Баригин гэдэг газар малчин ард Сүхийн гэрт хорвоод дуугаа таниулж мэндэлсэн бяцхан үр хожмын өдөр эх орны хүү байсныг тэрхэн үедээ хэн ч анзаараагүй өнгөрсөн биз ээ.

Хүүхэд балчир насаа эцэг эхийн хайр халамжинд бүүвэйлэгдэн цагийн эрхээр эр бие өсч, эрийн цээнд хүрч, эх орны дуудлагыг 1939 оны зун гардан авч үе тэнгийхэнтэйгээ цэргийн албанд татагдан эх орны манаанд томилогдсон юм. Борзонгийн говьдоо борогшин хатуужсан, давжаахан биетэй, эгэл бор цэрэг, ажилд махруун, агт моринд сайн, онч мэргэн бууддаг зэрэг нь цэргийн тагнуулынхны анхаарлыг татсан нэгэн болжээ. Ажилсаг хөдөлмөрч энэ хүүг анхааралдаа авч бэхлэлтэнд ажиллаж байсан хятад ажилчидтай хамт байлгаж, Хятад зан заншилд дасгах ойр зуурын хэл сургах, тэвчээр хатуужил суулгахаар шар үхэр хөллөн шавар ус зөөлгөж байсан нь тодорхой цаг хугацааны туршилт сургалт байжээ.

Дарийн утаа ханхалсан дайны тэр жилүүдэд эх орон нь хүүгээ үхэл сэхлийн зааг руу илгээдэг. Тэр ёсоор Дивизийн штабт дуудагдан тусгай группт томилогдон, далд фронтын дайчин болсон нь хоёр дахь тангаргийн эзэн болсон юм. 1940-1944 онуудад Монгол улсын хилийн цаана Японы эзлэн түрэмгийлэгчид цэрэг техникийн асар их хүч төвлөрүүлж, манай улсын эсрэг өдөөн хатгах ажиллагаа идэвхжиж байх үед манай цэргийн тагнуулынхан сөрөг арга хэмжээг идэвхтэй зохион ирсэн түүхтэй. Улс орон аюул нүүрлэсэн тэр цаг үед харийн нутагт дайсны дунд шаварчин хятадын дүрд тоглоно гэдэг хорин хэдхэн настай хүүд амаргүй алба байсан боловч хашир туршлагатай тагнуулчдын нөмөр нөөлгөөр даалгасан үүрэг болгоныг амжилттай биелүүлж, дарга нарынхаа итгэл найдварыг олж чадсан дайчин байлаа. Тэр нөхдийнхөө хамт дайсны цэрэг, зэвсэг, хүн хүчний тоо,байршил, чиглэлийг тогтоох, амьд хэл олзлох, дайсны гүнд явж хятад барга, өвөрмонгол иргэдтэй уулзах гээд жаалхүүд хэр хэмжээнээс давсан олон ажлыг авхаалж самбаа, хэрсүү арга ухаанаараа амилуулж явсан нь нагац ах Гомбодоржийн гэрийн хүмүүжлээр олгосон малч ухаанд суурилсан Монгол амьдралын их сургууль байлаа. Гэхдээ энэ бүхнийг ганц биеэрээ гүйцэтгэж байгаагүй нь мэдээж. Үүнийг тэрлэгч би бээр бурхан болоочтой 1995 оны 8-р сард биечлэн уулзаж, хэн ч хэзээ ч мэдэхгүй өнгөрөх байсан олон асуудлын гогцоог тайлах гэж шөнөжин хоёул ярилцсан юм.

Буурал маань "Би эх орондоо хоёр удаа тангараг өргөсөн хүн. Энэ маань надтай хамт булшлагдах нь гэж бодож байтал чи ирж сэтгэл онгойлголоо гээд" сүүмэлзэн асах дэнгийн гэрэлд сүүтэгнэн байж яриагаа эхэлсэн юм.

Манайхан 1941-1944 онуудад олон арга хэмжээнд оролцож бид элэг бүтэн 1945 оныг хүрсэн юм. Хаврын тэр нэгэн өдөр бид ээлжит даалгавраа авч болжмор жиргэсэн үүрийн цагаан туяанаар товлосон цаг, тохирсон болзоондоо явж байтал барга цэргийн эргүүлд баригдан Японы шоронд хүргэгдэн очсон юм. Амьд яваа хүн юу эс үзэх вэ гэдэг л тэнд болсон доо. Би гурвуул баригдсан юм. Бид анх шоронд ороход 40-өөд хүн байсан. Бид Японы шоронд гурван улирлын нүүр үзэж, энд л ясаа тавих учиртай юм байх гэж бодож байтал, хувь тавилан өөрөөр эргэсэн дээ. Биднийг Ар монголын тагнуул гээд эрүү шүүлт тулган халуун зуух мордуулах, бууны сүмбээр зодох, дөрвен мөч тэлж дүүжлэх, бөгсөөр чинжүүтэй даралттай усаар бургуйдах гээд чухамхүү нүд халтирам, зүрх шимширсэн зовлонг биеэрээ туулсан хүн дээ.

Та нар намайг их бууны доргилтоос болж дүлийрсэн гэж боддог байх. Тийм биш шүү дээ. Намайг япончууд эрүү шүүлтээр байцааж сүмбээр ар нуруунд зодож, дараа нь чинжүүтэй даралттай усаар бургуйдаж, есөн сүвээр ус гарснаас болж чихний хэнгэрэг цоорсон юм даа. Тэгэхэд япончууд монгол, барга, хятад,өвөрмонголын олон сайхан залуучуудын аминд хүрсэн дээ хөөрхийс минь гээд уртаар санаа алдан сууж билээ. Зовохын цагт хүнд сэтгэлийн хат гэж юу юунаас чухал юм билээ. Зодуулж тамлуулж байхдаа хүйн холбоотой өлгий нутагтаа хөндлөн гулд давхиж явсан "Гурван гүний хоолой", "Халзан" хайрхан минь нүдэнд үзэгдэж, сэтгэлд буугаад сэтгэл сэргэж бие тайвширдагсан. Энэ чинь цаанаа учиртай эд шүү гээд нэгийг ухааруулсан сургаал айлдаж байв.

Ингээд Мүгдэнгийн шоронд сүүлийн гурван сар ухаантай, ухаангүй хэвтэж байтал гэнэт зүүд биш байгаадаа гэхээр юм болж, буун дуу тачигнан, Монгол цэргийн уухайн дуу хадсан юм гээд хөхөрч гундсан нүүр нь хүрлийж харлаад, хөмсөг зангидан аньсага зовхины завсраас аадрын дусал шиг сувдан хэлхээ хацрыг нь даган урсаж билээ. Энэ үед ярилцаж суусан надад ийм хүмүүсээ өдий болтол яагаад алдаршуулаагүй юм бол доо гэж харуусах сэтгэл төрж байсныг нуух юу билээ. Шоронгоос суллагдсан даруйд ядарч туйлдсан нөхдийн хамт Оросын хээрийн эмнэлэгт хэвтүүлж тэнхэрүүлж буурлыг маань Владивостокийн цэргийн эмнэлэгт шилжүүлж, чихэнд нь мэс засал хийсэн боловч насаараа дүлий үлдсэн юм. Харин сайхан сэтгэлтэй хүнлэг чанартай орос эмч нүд чихний судсыг салгах мэс засал хийснээр 70 гаруй жил хорвоог харах мэлмийтэй болгосон юм. Харь оронд бүтэн жил орчим эмчлүүлж сувилуулж байгаад эх орондоо ирэх үед дайны талбарт хамтран зүтгэж явсан дарга нар нь хүлээн авч уулзан хүндэтгэл илэрхийлээд дүлий болсон шалтгааныг их бууны доргилтоос болсон гэж байгаарай гэж тайлбар өгснийг 50 жил хадгалан нууцлаж, өргөсөн тангаргтаа үнэнч гэдгээ харуулсан ховорхон хүмүүсийн нэг билээ.

1947 оны зуны дэлгэр цагт төрсөн хүүгээсээ сураг тасраад зургаан жил болсон эхийн сэтгэлд авралын од гийж хүү нь Улаанбаатарт ирснийг дуулсан ээж хос тэмээгээр сумын төв орж морин өртөөгөөр хот явсан гэдэг. Тэр цагаас хойш амьдрал ахуйгаа төвхнүүлж, нутгийн бүсгүй Г.Өлзийхоролтой насан туршдаа ханилан өнөр өтгөн ам бүл Борзонгийн говиороо овоглосоор аж төрөн нэгдэл нийгэмдээ хүч хөдөлмөрөө зориулсан юм. Түүхийн шарласан хуудсанд 1961-1962 оны хилийн багана сэргээх ажилд гар бие оролцон улмаар Хилийн цэрэгт туслах бригадын гишүүнд элсэн орж 34 жил Монгол улсын дархан хилийг хамгаалалцаж яваа хүн гэж өөрөөрөө бахархан ярьж байсан

Хилийн бүс нутагт гадны ямар нэг ан амьтан малын мөр гарсныг андахгүй мэддэг байжээ. Ялангуяа өөрийнхөө тэмээний мөрийг бусдын тэмээний мөрөөс ялгаж чаддаг байсан нь чухамхүү малч ухаан гэлтэй. Энэ чанараараа 1965 онд улсын хил зөрчиж ирсэн хоёр хил зөрчигчийг мөрдөж хоноггүй олсон гэдэг юм. Түүнчлэн ан амьтны ул мөрийг цаг хугацаагаар нь нэрлэж, заримдаа ид шидийн гэмээр бахархах сэтгэл төрүүлдэг байсныг түүнтэй олон жил нөхөрлөсөн шавь нь болох анч Батжаргал одоо ч хуучилдаг билээ.

Буурлын маань энэ ажигч гярхай чанар хилийн албаны нөхдүүдэд үнэнхүү сургамжтай зүйл байсан болохоор хилийн дугаар заставын дарга Гамбагарав, Ваанчиг, Баяраа нарын үе залгамжилсан дарга нартай найзлан нөхөрлөж, улмаар ажил төрлийн хэлхээ холбоо тогтоож, амьдралын ухаанаа залуу дарга нарт зааж сургаж, зөвлөж явсан байдаг. Энэхүү өгүүллийн гол баатар нь Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ ус багийн тэмээчин Сүхийн Лигдэн гэдгийг уншигч та уулгалан хүлээн авах биз ээ.

С.Лигдэнгийн эх орон ард түмнийхээ төлөө халуун амь бүлээн цусаа урсгаж бие сэтгэлээрээ туулсан гавъяа зүтгэлийг Монголын төр үнэлж:
• Цэргийн гавъяаны улаан тугийн одон
• К.М Жуковын медаль
• Орос Монголын Бид ялав медаль
• Халхын голын медаль
• БНМАУ-ын зэвсэгт хүчний 60 жилийн ойн медаль
• Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медалиуд
• Дайчин нөхөрлөл /Зөвлөлт Монгол/-ын зэрэг одон медаль байлдаанд оролцсон ахмад дайчин тэмдгээр шагнаж байжээ.

Туурга тусгаар Монгол улсынхаа төлөө цусаа урсган тэмцэж, хойч үедээ энэ сайхан эх орныг үлдээсэн ахмад үеийнхний үйлс гавъяа нь мөнхрөн үлдсэнийг залуу үеийнхэн сургамжлан санагтүн.

БЭЛТГЭЛ ХУРАНДАА Н.АЛЕКСАНДР