Тусгай архив

Монгол Улсын ууган архивуудын нэг ТЕГ-ын Тусгай архив нь Дотоодыг Хамгаалах Газрын даргын 1932 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 41 дүгээр тушаалаар байгуулагдсан бөгөөд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 216 дугаар тогтоолоор НАХЯ-ны архивыг “Тусгай архив” гэж нэрлэх болсон.

Тус архив нь 1922 онд Дотоодыг Хамгаалах Газар байгуулагдсан үеэс хойших Монгол Улсын тагнуулын байгууллага болон Цагдан сэргийлэх, Хилийн ба Дотоодын цэрэг, Засан хүмүүжүүлэх байгууллагуудын үйл ажиллагааны явцад үүсч буй болсон 260 000 гаруй хадгаламжийн нэгж бүхий баримтын сан хөмрөгтэй.

Тусгай архивын сан хөмрөгийн онцлог нь тагнуулын ажлын явцад хуримтлагдсан болон гүйцэтгэх ажлын холбогдолтой “нууц”-аас “маш нууц-онц чухал” зэрэглэлтэй, зөвхөн тагнуулын байгууллагын төдийгүй Монгол Улсын түүхэнд холбогдох түүх, эрдэм шинжилгээ, судалгааны чухал ач холбогдолтой үнэт баримтуудыг багтааж байдагт оршино.

“Архивын тухай”, “Тагнуулын байгууллагын тухай”, “Гүйцэтгэх ажлын тухай”, “Төрийн нууцын тухай”, “Төрийн нууцын жагсаалт батлах тухай”, “Байгууллагын нууцын тухай” хуулиуд тэдгээрт нийцүүлэн гаргасан заавар, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус архивт байгууллага, иргэдээс хуучин НАХЯ-ны харъяа Улсыг Аюулаас хамгаалах байгууллага, Цагдан сэргийлэх, Хилийн ба Дотоодын цэрэг, Засан хүмүүжүүлэх байгууллагад ажиллаж байсан, Аюулаас хамгаалах байгууллагад тусгай үүрэг гүйцэтгэж байсан болон бусад асуудлуудын талаар архивын лавлагаа, тодорхойлолт авахыг хүссэн эрэлт, хүсэлт олон зуугаар ирдэг бөгөөд эдгээрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, архивын үйлчилгээ үзүүлж байдаг.

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль”-ийг хэрэгжүүлэх хүрээнд мөрдөн байцаалтын хэргийг холбогдох байгууллагуудад гаргаж өгөх, иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу хэлмэгдэгчийн талаар архивын лавлагаа, цагаатгасан тогтоолын хуулбар олгох, тоо бүртгэл хөтлөх, хэлмэгдлийн талаархи судалгааны материалыг бэлтгэх, ОХУ-ын Холбооны Аюулгүй Байдлын Албаны архивтай цагаатгалын асуудлаар харилцах, шийтгэгдсэн хүмүүсийн хэрэг материалыг хуулбарлан авах зэрэг ажлуудыг тус архив гүйцэтгэж бaйнa.

2006 онд Засгийн газрын 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2011 онд Цахим архив төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд архивын баримтын ашиглалтыг сайжруулах, байгууллага, иргэдэд баримтын талаархи мэдээллийг хүртээмжтэй өгөх зорилгоор эрэлт хэрэгцээ, ашиглалт ихтэй баримтуудаас сонгон 1925-1990 оны  захирамжлалын баримт бичиг, 1970-1989 оны хугацаат цэргийн албанд татагдсан болон халагдагсдын бүртгэл, цагаатгалын хэргийн картын мэдээлэл зэргийг тус тус цахимд оруулаад байна.

2006-2011 онуудад төсвийн санхүүжилтээр орчин үеийн шаардлагын түвшинд нийцүүлэн архивын зориулалтын нягтруулсан шүүгээ, агааржуулалтын системийг суурилуулах ажлыг шат дараатай зохион байгуулсан нь баримтын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах нөхцлийг бүрдүүлсэн.

Тус архивын баримтад тулгуурлан судалгаа хийх группыг анх 1959 онд байгуулсныг 1983 онд тасаг болгон өргөтгөж, 1990 он хүртэл ажиллуулж байгаад татан буулгасан бөгөөд 2001 оноос түүх судлаачийн орон тоог дахин бий болгож,  судалгааны ажлыг үргэлжүүлэн хийж байна. 

Тусгай архивын баримтанд тулгуурлан тагнуулын байгууллагын ажилтнуудаас 6 хүн эрдмийн зэрэг /Ph.D/ хамгаалсаны дээр тус архивын судлаачид УАХБ-ын түүхийн алдаа, оноотой үйл ажиллагааг үнэн бодитоор судлан нийтлэх, олон арван алдар гавъяатнуудыг тодруулан гаргах, байгууллагын түүх, үйл ажиллагааг олон нийтэд таниулсан судалгааны нэг сэдэвт бүтээл, өгүүлэл, телевиз, радиогийн нэвтрүүлэг бэлтгэж, олны хүртээл болгосоор байна.

1962 онд байгуулсан “Чекистийн кабинет”, түүнээс улбаалан 1983 онд байгуулсан “НАХЯ-ны музей”, 1998 онд байгуулсан “Хилийн цэргийн музей”, 2002 онд байгуулсан “ТЕГ-ын музей”-н үндсэн уг эх сурвалжийг тус архивын сан хөмрөгөөс бүрдүүлэн нийтийн хүртээл болгосон.

2009 онд музейн сан хөмрөгийг тус архивт шилжүүлэн ТЕГ-ын төв байранд үзмэрүүдийг байрлуулж, Тагнуулын байгууллагын түүхэн үйл ажиллагааг сурталчлах ажил үргэлжлэн хийгдэж байна.

Тусгай архив олон нийтэд нээлттэй болж буйн илрэл нь уншлагын танхимаар гадны болон өөрийн байгууллагын эрдэм шинжилгээ судалгааны ажилтнууд өргөнөөр үйлчлүүлж байна.

Тусгай архив нь тагнуулын байгууллагын үйл ажиллагааны явцад үүсэн бий болсон түүх, эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны ач холбогдол бүхий баримтыг хүлээн авах, хадгалж хамгаалах, архивын баримтыг зориулалтын дагуу ашиглуулах, судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх, нууцлалыг хангах, ТЕГ-ын салбар, нэгжүүдэд архивын ажлын чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үндсэн чиг  үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Иргэн та Тусгай архиваас цэргийн алба хаасан, ажилласан жилийн лавлагаа авах болон Тусгай архивын уншлагын танхимаар үйлчлүүлэх цагийн хуваарь, үнийн тарифын талаарх мэдээллийг "мэргэжилтний зөвлөгөө" булангаас үзнэ үү.

Архивын Ерөнхий Газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн
а/150 дугаар тушаалын хавсралт

ТЕГ-ын Тусгай архивын төлбөрт үйлчилгээний үнийн тариф

д/д Лавлагааны төрөл Үнийн тариф /төгрөгөөр/
1 Дайн, зэвсэгт тулгаралтад оролцсон, цэргийн алба хаасан тухай лавлагаа 3000
2 Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсан, шийтгэгдсэн, цагаатгагдсан тухай лавлагаа 2500
3 НАХЯ-ны системийн байгууллагуудад болон тагнуулын байгууллагад ажилласан тухай лавлагаа 3000
4 Цалингийн тодорхойлолт /1 жил/ 1000

       Архивын баримтаас хуулбар олгох үйлчилгээ

Баримтын оны хязгаар Хэмжих нэгж Үнийн тариф /төгрөгөөр/
1 1922-1991 он А-4 /нэг тал/ 3000
2 1992 оноос хойш А-4 /нэг тал/ 2000
3 Гэрэл зургийн хуулбар Эх зургаас 3000
Хуулбар зургаас 2000