П.Бадарч - Хамгаалахын Дарь-Ханд

1939 оны 8 дугаар сарын 17-нд Төв аймгийн Баянжаргалан суманд төржээ. Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн. 1981 онд “Эх орны хилээс эх орондоо хэлэх үг”, “Байтагийн чулуу”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Цэрэг эх орны дуулал” дууны шүлэг, “Есөн эрдэнийн орон” найраглал зэргийг бичжээ.

ХАМГААЛАХЫН ДАРЬ-ХАНД

Хүн бүрийн хүчин зүтгэл, ариун үйлс амь насаар эх орны минь эрх-чөлөө, тусгаар тогтнол энхжин бүтсэн юм.
 
Хорвоог таньсан
Хонгор бага насаа
Дарь утаатай
Дайн дажинтай
Он жилүүдээс
Олж би харнам
 
     Саруул тал сүлжих
     Салаа замууд шиг
     Санаанд үлдсэн
     Сайхан дурдатгалууд
     Өрөвдөл хайраар
     Өнөө ч зүрхэнд үерлэсээр…
 
Цэрэг цуух
Аян дайн л гэнэ
Хэрэг явдал
Алс хол л гэнэ
Эрчүүдийн “жил” орсон
Эрмэгхэн ч жилүүд байжээ.
Хонгорхон говь
Наран төгрөгтөө
Хоёрхон гэрээрээ
Хэн гуайн, манайх
Өвөлжиж, хаваржиж
Намаржиж, зусдагсан
 
     Хоёр гэрийн
     Гурван хүүхэд
     Хоорондоо наадахдаа
     Байлдаж тоглоно
     Холын анир авсан
     Хонгор бага нас сандаа
 
Айлын эгч
Ааш сайхантай
Арав ч хүрээгүй
Алиахан хоёр охинтой
Алс явсан гэх
Аав нь л харин эзгүй ээ.
 
     Хөдөөний ажил
     Нүүдэл суудал
     Хөсөг ачлага
     Хөл татрах биш
     Дарь-Ханд эгч үүнд
     Дарагдах нь ер үгүй ээ.
 
Дарь-Ханд гэж
Сайхан эгч ээ
Дандаа л хүүхэд минь гэсэн
Санаа нь гэж сүү
Цэлгэр манай говийн
Цэцэгт зандан байлаа.
 
     Гадаа гарч эр
     Галынхаа дэргэд эм
     Зүдэрсхийж байдгийг нь
     Зүггүй багахан ч би
     Эрх биш ойлгож
     Элэг зүрхэндээ өрөвддөгсөн.
 
Үдийн сааль өнгөрөөж
Үдшийн сааль болтол
Үйл мэтгэж суухдаа
Торгоны хээ ширтэж
“Тоосныхоо үзүүрээс хүү минь
Ирнэ дээ” гэж дуулдагсан.
 
     Дарь-Ханд эгчийн тухай
     Дам яриа бас бий
     Давааны салхи
     Дамжуулсан ч юм уу
     Холоос ирсэн
     Хов үг ч бий!
 
Цэрэгт явсан бус
Хэрэгт холбогдсон ч гэх шиг
“Залагдаж очсон бус
Баригдаж явсан ч гэх шиг
Эр нөхрийн нь тухай
Элдэв яриа байдаг л сан
Сураг тасарсан эрээ
Сумын наадмаас ирэх шиг
 
     “Хүлээж суудаг
     Хүүхэн ухаан
     Чамд л заяаж
     Чааваас даа” гэж
     Үдэш хаалга тайлаагүйд нь
     Үүн гарт Чогсом
     Хорон үгээр
     Хорслоо тайлж    
     Балгууштай агсрахад нь
     Багачуул бид жигшсэнсэн.
     Том охинтой нь би
     Тоглоомон дээрээс муудаж
     Аав чинь ирэхгүй гэж
     Ам алдсанаас болоод
     Алга амтлаад
     Атирч хэвтсэн үдэшсэн
 
Аав ээж хоёрын
Амьхан яриа
Чих дэлсэв
Улсын албанд
Хол явсан юм гэнэлээ
Удахгүй байлгүй гэх нь сонсогдов.
 
     Учир мэдэхгүй
     Ургал нас
     Ухаарч ядаад орхисоон
     Дарь-Ханд эгчийн охидыг
     Дахиад шоглохгүй гэж
     Далдхан зүрхэндээ андгайлсан
 
Ах тэгэхэд цэрэгт
Алс зүүн хязгаарт
Аанай л захиа ирэх нь
Тооноор орох
Шувууны сүүдэр шиг
Тоотойхон байдагсан.
 
     Хоёр гэрээрээ цугларч
     Холын ахын захиаг
     Хоолой зангируулан дуудахад
     Санаа алдаж Дарь-Ханд эгч
     Сайхан хар нүдэндээ
     Санаашран нулимс дүүргэдэгсэн.
     Өөрийнхөө нөхрөөс
     Өдтэй захиагүйд
     Өөдөсхөн үрсдээ
     Мэндийн сураггүйд нь
     Горьдлого тасраагүй ч
     Гомддог байсан юм уу.
 
Манайхан гэж
Иймэрхүү л хоёр айл
Манхан цэнхэр говьдоо
Мал сүргийнхээ бэлчээрт
Алсын хүн хүлээцгээсэн
Ах дүү нар байсан юм даа.

*     *     *


     Сар нар хиртээсэн
Самуун цагийн сүүдэр
Үүд хаалга балбасан
Үймээн дажны хавсарга
Энхийн салхинд туугдаж
Эх орон амсхийлээ.

Ус нутгийн залуус
Цэргээс ирцгээж
Улс олны сэтгэл
Нээрэн нэг тавирч
Элэг бүтэн жаргах
Энх цаг ирсэн юм.
 

Холоос ирсэн ахынхаа
Хоёр медалийг зүүчихээд
Дайнд өөрөө явсан юм шиг
Дарь-Ханд эгчээрээ мялаалгаж
Баясгаж би хөөрсөн ч
Бас л дутуу байжээ.
 

Тоглож наадаж байдаг
Тоодгорхон охидын минь аав
Тоонот гэртээ золгосонгүй
Торго ширтэж дуулдаг
Торомгор эгчийн минь нөхөр
“Тоосныхоо үзүүрээс” ирсэнгүй ээ.
 

Наран төгрөгийн шувуу
Нартай буцан зэллэж
Намуун буурал тэнгэрээр
Наана уу, цаана уу ганганалдах
Намар нь бид ч бас
Номын дөрөөнд гишгэлээ.
 

Тэгтэл бас гайлж
Тэр жилийн өвөл
Тэнгэр, газар хунгарлаж
Унаган говиосоо манайхан
Уул бараадаж
Урт холд нүүцгээлээ.
 

Дарь эгчийн том охин
Бид хоёр (эмээтэйгээ)
Даавуу цүнхтэй
Даалимбан дээлтэй
Сумын төв дээр
Сургуульдаа өвөлжлөө.
 

Үеийн жаахан охиныг
Үнэндээ би хайрлаж
Аав нь эзгүй юм гэж
Амьхандаа би энхрийлж
Айлын хүүхдэд шоглуулахаас
Аргадаж өмөөрч явдагсан.
 

Суурингийн үдэш, гоц юмгүй
Сурагч бидэнд гойд сонингүй
Дэвтэр номоо дэлгэн
Дэнгийн гэрэлд бөхийн
Арвын дотор нэмж хасаж
А.Б холбож суудагсан.
 

Тэгтэл нэг үдэш
Тэмээ гадаа сөглөх ч шиг
Тэгснээ бас
Аавын дуу гарах ч шиг
Огло үсрэн үүд шагайтал
Осолгүй хоёр хүн бууж байв.
 

Ингэж л Дарь эгчийн нөхөр
Энхэр хоёр охины аав
Ирсэн юм даа,
Нүүр дүүрэн баяр
Нүд дүүрэн нулимс
Надад одоо ч харагдсаар…
 

Асаасан дэн
Цөгцөндөө ширгэтэл
Анивалзах одод
Тэнгэртээ шингэтэл
Аав тэр хоёр
Шөнөжин ярилцлаа.
 

Өөр өөрийнхөө аавын
Шинэ сонин ярианд нь
Өвдөг түшин сууж
Чих тавин ангайж
Бид хоёр ч тэр шөнө
Дуг хийлгүй хоносон.
Айлын ах тэгтэл
Алчуурт зангидсан
Алтан одон өврөөсөө гаргаж
Түмний минь хайр
Төрийн минь шагнал
“Цусан гавьяа” хө гэснээ
Охиныхоо алган дээр
Од цацруулан тавьж
“Эгэлхэн нэгэн бүл
Ээж охид бид дөрөвт
Итгэл өгөн хүлээсэн
Эх орондоо баярлаж байна” гэв
 

Эрдэнийн энэ одон
Эрхэм гавьяаны одон
Яавч зүгээр ирээгүй
Ялалттай хамт ирдэг юм
Гавьяа нь харин юу байсныг
Гайхаж би хоцорсон.


 
*     *     *


Өчнөөн жилийн хойно
Өнөөдрөөс би харж байна.
Өс өвөрлөж
Өр чичсэн
Өстөн дайсан
Өт шиг байсан юм.
 

Эгэл түмэн арддаа
Эрх чөлөө олгож
Их Сүхбаатар минь байгуулсан,
Энэ сайхан төрд минь
Буруу санасан дайсан
Буутай буугүй мөлхөж байсаан.
Отгогүй болсон “номтон”
Олбоггүй болсон ламтан
Оготор чононд хувилж
Хамгийг чинь хулгайлах
Хар санаа өвөрлөж
Харийхантай хуйвалдсаан.
 

Буяны гэгдэх дугандаа
Буу зэвсэг нуун
“Буг” өөрснөө болцгоож
Морийг минь илжигний оронд
Модон тээрэмд оруулах
Могойн цус хурааж байсаан.
 

Хормой дор минь
Зэвхий дайсан
Хонон өнжин
Зэвсэг хангинуулж
Дотроос нь дайтуулах гэсэн
Доголон ухаандаа инээж байсаан.
 

Энэ бүхний эсрэг
Эрийн зоригоор тэмцэж
Эх орныхоо өмнө
Эрхэм гавьяа байгуулсан
Эрэлхэг чекистуудыг
Эгнэгт бид дурснам.
 

Эд бүгдийн л нэг
Энх цагийг авчралцсан
Нутгийн ахын гавьяа
Нууц ч байж болно оо
Эргэж одоо бодохуй
Үзсэн кино, уншсан номын
Үйлстэй л дүйцнэм биш үү.
 

Аюулын шуурганы өмнө
Алсын анир чагнаж
Хайрт эх орныг минь нөмрөх
Хар хүчийг тооцоолж
Төрийнхөө нүд байж
Түмнийхээ сонор болж ч явсан болов уу.
Эсвэл бүр
“Эрлэгийн элчтэй”
Эгэм тулж
Харцнаасаа ч алдаж болох
Хамгийн эгзэгтэй мөчид
Хатан тэвчээр гаргаж явсан ч болов уу.
 

Хувь заяагий нь огтлох гэж
Хутга зуусан дайсан
Харанхуйгаас гэтэхэд нь
Харин өөрөө өрсөж
Ганцаараа фронт болон
“Ганс” шиг гялалзаж явсан ч болов уу.
 

Харийн салхинд
Хацраа алгадуулавч
Элэг зүрхэндээ
Эх орноо л хайрлаж
Зэрлэгийн үүрэнд ч
Зэвсэггүй орсон зоригтнууд.
 

Далд фронтын
Дайчин эрсийн нэг нь
Дарь-Ханд эгчийн нөхөр байсан юм.
Охиныхоо алган дээр
Одонгоо тавьсан шигээ
Одоог минь бидний алганд тавилцсан юм.
 

Эх орны минь эс болсон
Эгэл бүлээн толгод
Хаа яваа нь ч сураггүй
Хань ижлээ хүлээж чадсан
Айлын эгч Дарь-Ханд ч бас
Аюулаас хамгаалахын л Дарь-Ханд аа.
 
                                                                                                                                       1982 оны 4 сар