У.Амарсайхан - Алс тэртээгээс...

 1. Жил, жилийн зуны дэлгэр сайхан цагт морины сайныг шилэн унаж, хийморь зориг нь бадарсан нутгийн залуус Ардын армид нас, бие тэнцэж, эр цэргийн алба хаахаар улаан тугийн намираан дор зуу зуун аргамаг хүлгийн төвөргөөн дунд нүдний хараа цуцам их говийн дундуур сүр жавхлантай дуулж хуурдсаар улсын нийслэл зорих үед Шаравын сэтгэл өөрийн эрхгүй догдолдог байлаа. Тэр, хөгшин эцэг, эхдээ өмөг түшиг болон асрамжилсаар ийнхүү эдний хамт дөрөө нийлүүлсэнгүй өдий хүрчээ.
    Энэ жил говь нутагт урьд урьдаас илүү найртай сайхан зун болов. Тэр болгон нар шарах нь элбэггүй бөгөөд сэтгэл тэнийж, хүн малын зоо тэнийн, газар дэлхийн өнгө сэргэсэн хур бороо хэдхэн хоногийн дараа захиастай юм шиг шиврэн орно. Хаашаа ч харсан нэлэнхүйдээ хөхрөн цэнхэртээд, үзэсгэлэнтэй сайхан. Говь л гэхээр улнаас улайтал жигнэн, зулайнаас төөнөтөл шарсан тэсэхийн аргагүй хурц нартай, эргэн тойрон элсэн манхан, түүний цаана дахиад л элс, тэгээд хязгаар нь үл үзэгдэх элсэн уулс гэж бодол санаанд нь үнэн шингэсэн зарим хүн говь хэмээх тэр аяараа элсний орон биш гэдгийг нэг үзүүлэх юмсан гэсэн бодол энэ нутгийн хүн зонд энэ жил үнэхээр бодогджээ.
    Нутгийн сайхан цөөрөм хэмээн нэрлэгддэг тунгалагхан устай, нялх ногоо дүүрэн сэрүү татсан сэвэлзүүр салхитай энэхэн үзэсгэлэнтэй газар хэсэг айл саахалт болон буужээ. Тэдний гадаа морь тэмээ багшран, хүүхэд багачууд хөөрөлдөн гүйлдэж, гэр гэрээс авгай хүүхэн яаруу сандруу орж гаран, харваас хөл хөдөлгөөн ихтэй байна. Гүүн зэлнээс холгүйхэн барьсан дунд зэргийн бор гэрт хэрэг явдлын гол нь болж байгаа бололтой хэн хүнгүй тэднийх рүү зүглэн, морины уяанд буусан айлчин гийчингийн сэтгэлийг яавч татаж байлаа.
    Үнэхээр ч энэ бор гэрт өнөөдөр баяр хөөр дүүрэн ажээ.
    Жамба өвгөний тэнхээ тамир энэ жилийн цагийн сайхан шиг алзахааргүй тэнүүн гэнэ. Хөгшин нь ч мөн тийм хэмээн орж гарсан хүн хард магнай тэнэгэр өгүүлж сууна. Жамба гуай, “муу хүүгээ алийн болгон жилийн жилд үе тэнгийн залуусаас нь хоцроон, сэтгэлийг нь шаналгах вэ. Хоёр хөгшний бие лагшин нааштай, цаг төр нам тайван бас тэгээд хүүгийн нас яваагүй дээр юм үзэж, нүд тайлаг” гэж бодоод энэ жил Шарав хүүгээ ардын цэргийн албанд мордуулахаар хатуу шийдсэн нь энэ ажээ. Шарав цоо шинэ хөх даалимбан тэрлэг өмсөж, шар дурдан бүс бүслэн, цагаан сийрсэн малгай духдуулсан нь цаанаа л нэг өнгө жавхаатай харагдана. Тэр сэтгэлийн угаас баярлан хөөрч байгаа нь харахад илт. Нүүрэнд нь мишээл тодрон, орж гарсан амьтан ах дүүтэй инээмсэглэн учирч, ах захад нь хацраа өгөн, хүүхэд багачуудыг энхрийлэн үнсэж байлаа.
    Жамба өвгөний бор гэр найрын амьсгал дүүрэн байв. Хамар сэнхийм айргийн үнэр босго алхмагц ханхийж, шаагиж шуугисан хултай айраг гараас гар дамжина. Гэрийн хойморхи явган ширээн дээр өрөм ааруул, ёотон, голио чихэр тэргүүтэн бүхий тансаг таваг засаж, тарган хонины ууц зэрэгцүүлжээ.
    Хавь ойрын хүүхэд, хөгшидгүй нар нь гарч байлаа. Цөм тухлан сууж, идэж уун, дөнгөж нэрсэн шимийн архи хүндэтгэлийн дээж болно. Шаравын эх хүүгээ харах болгонд нулимс нь цийлэлзэх авч, хөгшнөө хармагц царайгаа төв болгон, сэтгэлээ барихыг хичээнэ. Жамба гуай эр хүнээ үзүүлье гэсэн байртай хэнэггүй төрх гаргавч эмгэнээсээ дутахааргүй сэтгэл нь хөдөлж байгаа нь нүүрэн дээр нь илт.
    Үд өнгөрчээ. Ялимгүй бороо орж, өнгийн солонго татав. Уяан дээр Шаравын хээр морь зэхээстэй байна. Гэрт байгаа хүмүүс цөм суудал өндөрлөв. Жамба гуай царайгаа төв болгон аяга дүүрэн сүүг хадгийн хамт хоёр гардан бариад цугларсан олон ах дүү, саахалтынхандаа хандан намбалаг өндөр дуугаар, “Хөгшин бид хоёр хүний үрээс дутахааргүй сайхан хүүтэй билээ. Тэр маань эрийн цээнд хэдий нь хүрсэн боловч төрсөн эцэг, эх биднийгээ жинхэнэ хүүгийн ёсоор асрамжлан тэтгэсээр өдий хүрснийг нутгийн та бүхэн биднээсээ илүү мэдэж байгаа билээ.
    Энэ жил хөгшин бид хоёр хүүгээ алсын моринд дөрөөлүүлж, үе тэнгийн нөхдийнх нь хамт уулын цаадах уулс, уулсын цаадах сайн сайхныг үзүүлэхээр сэтгэл шулуудлаа. Хүү маань ч дуртай байна. Дуртай юмандаа зорихоос илүү эрхэм чухал зүйл эр хүнд байдаггүй юм. Эр хүн болсны хэрэг юу билээ, эр цэрэг бололгүй яахав. Болох болохдоо ах дүү, амраг садан, аав ээж, хүн арддаа хүндэтгэгдэхээр олигтойхон эр цэрэг болох ёстой. Тэр бол эр бие өөрөөс нь шалтгаална” гэж хэлээд, аяга дүүрэн сүүгээ алд хадагны хамт Шаравт барихад хэн хүнгүй ам амандаа “Жамба гуайн ерөөл бат оршиг” хэмээн дуу нийлүүлж байлаа.
    Тэртээ хойноос их говийн дундуур тэнгэр цойлсон тоос хадна. Тэр бол Жамба гуайн хүү Шаравын хамт энэ жил ардын цэргийн албанд зорьж яваа говь нутгийн залуусын уртын урт цуваа билээ. Цэрэг эрсийн цувааны эхэнд гал улаан туг говь нутгийн дэлгэр сайхан зуны энэ нэгэн өдрийн сэвэлзүүр салхины аясаар сүр жавхлантай намирна. Энэ бүхнийг харж зогссон Цөөрөмийн саахалт айлынхны сэтгэл зүрх үнэнхүү догдолж байлаа. Салхины үзүүрт зуны борооны анхилуун үнэр ханхлав. Хөгшид өтгөс, хүүхэд багачуудын хөгжөөнт дуу шуугианаар үдүүлэн Шарав хүү мориндоо дөрөөллөө. Тэр хэзээ хэзээнээс илүү баяртай байна. Түүний өмнө нөхдийгөө чиглэсэн дардан зам зурайж байлаа. Тэр замаар Жамба гуайн хүү хатируулав. Хоёр хөгшин нүдэндээ нулимстай авч хүүгээ бахархсан басхүү хайрласан дөлгөөн харцаар үдэж байна.
    Говь нутгийн цэлгэр талын дундуур тэнгэр тулсан тоос татуулсаар байна. Тэр тоосны үзүүрт нэгэн улаан цэг тодрон тодорсоор алслагдав. Тэр бол говь нутгийн хийморилог залуусын зүрх сэтгэл шингэсэн аранзал улаан туг билээ.

    2. Хот газар гэдэг чинь ёстой түм түжигнэж, бум бужигнасан газар гэж өнгөрсөн жил цэргээс халагдаж ирэхдээ Пүрэвийн ярьж байдаг үнэн юмаа. Ямар олон хүн, ямар олон машин тэрэг, яасан олон барилга байшин бэ? Говьдоо төрж өсөөд, чимээ шуугиангүй аж төрж заншсан аав, ээж хоёр маань энэ газар ирвэл хоёр хоног хачин сонины нь гайхаад асар удалгүй толгой тархи нь эргэх байх даа. Ямар ч л гэсэн эхэн үедээ сонин сайхан л байна. Би харин дасахаар янзтай аятайхан газар байна шүү гэж бодсоор Шарав Өргөн чөлөө гэж хотынхны нэрлэдэг дэлгүүр, хоршоо, гуанз, хөл хөдөлгөөн дүүрэн их чөлөөгөөр энэ тэрийг ажин хэзээний хотын хүн шиг хэнэггүй алхаж явна.
    Шарав нөхдийн хамт цэрэгт ирээд Яармагт байрлан хоёр сар шахам болоод бас ч муугүй цэрэг гэгдэн захирах дарга нартаа сайшаагдан, нэг хоногийн чөлөөгөөр хот орж ирсэн нь энэ билээ.
    Ардын цэрэгт ирээд анхны шагнал хүртсэндээ Шарав үнэхээр урам зоригтой явна. Нутгаасаа гарсныгаа бодвол жинхэнэ цэрэг эрийн төрх оржээ. Сар гаруй каринтинд байж, үүрийн гэгээгээр босон, үдийн наранд шарагдан, үдэш орой нойрсдог байсны нь тэмдэг бололтой царай зүс нь мэдэгдэхүйц харлаж, бага зэрэг ядарсан шинж илт байлаа. Тэгэхдээ тэр урьдынх шигээ жавхаатай харагдана. Цэрэгт ирснээс хойшхи өнгөрсөн хугацаанд Шарав аргагүй л бусдаасаа нас бие илүү, амьдралын туршлага сууснаа алхам бүрдээ харуулж чаджээ.
    Өнгөрсөн шөнийн түргэний дохиогоор тэр хамгийн түрүүнд босож хувцас хунараа өмсөж, зэр зэвсгээ янзлаагүй боловч 18 настангуудын адгийг барьсангүй дунд хэрд хөдлөн жагсаалын шугаман дээр захирах дарга нараас байлдагч бүрийн өмсөж зүүсэн, эдэлж хэрэглэсэн зэр зэвсгийг нэгд нэгдгүй нарийн хянуур шалгахад байлдагч Шарав толгой цохиж, ийнхүү нэг өдрийн чөлөөгөөр сайшаан шагнагдсан билээ. Өргөн чөлөө шуугиан чимээ, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Янз бүрийн олон арван хүн амьтан нааш цааш хөлхөлдөнө. Орсон гарсан газар болгонд нь өлөн нүдтэй хувийн худалдаачин “луухаан” хэмээх хөгшин хятад тосож, тос даасан чихэр бурамтай гурилан боов, аяга самар, суумай гэгдэх тун нимгэн буузнаас нэг мэдэхэд Шарав цөөн төгрөгөө үрсэн байлаа. Өргөн чөлөөнд ирэнгүүтээ нөхдийнхөө захисан хэдэн хайрцаг тамхи, хэд гурван чихрийг авч амжсан нь аз болжээ.
    Шаравыг чөлөөнийхөө хугацаанаас ийнхүү урьд ирсэнд салаан дарга нь нэн олзуурхаж, чамайг дарга нар хүлээж байгаа. Хоолондоо орчихоод одоохон тийшээ оч гэлээ. Чухам юу болсныг тааж ядсан Шарав хоолоо яаравчлан идээд, дарга нарын гэрийг чиглэв.
    Яармагийн дэнж зуны энэ орой сэрүү татаад нэн сайхан байлаа. Өдрийн хугас хотын тоосонд дарагдаж, чимээ шуугианд нь дөжирсөн Шаравт хуарандаа ирсэн биш цаанаа л нэг аятай. Цээж дүүрэн чөлөөтэй амьсгалах шиг болжээ. Байлдагчид оройн улс төрийн уншлага сонин сонсон майхан майхныхаа гадаа дугуйран суужээ.
    Тэнгэрт хурган үүл хаа нэг нүүж, маргааш тийм ч муугүй өдөр болохын тэмдэг илэрхий. Яармагийн дэнжээс Туул голын тунгалаг ус мяралзанхан тогтуун урсах нь тодхон үзэгдэж, голын тэртээ цаана улсын нийслэл хотын барилга байшин нь униар дотор ялгагдахтай үгүйтэй байна. Туул голын модон гүүрээр машин тэрэг Яармагийн дэнж хот хоёрын хооронд зам гарган, тоос манарган хурдлан явахын олонхи нь цэргийн хуарангийнх байлаа. Улсын наадам дор хаяад хоёр долоо хоног болдог юм. Наадмын өдрүүдэд Яармагийн дэнж дээр хэдэн зуун асар, гэр майхан эгнээ эгнээгээр ярайгаад, Улаанбаатарынхан тэр аяараа нүүгээд ирдэг юм. Энд тэндгүй сэнгэнэсэн сайхан айраг сав саваар нь сөгнөөд, хонины сайныг гаргаж, чиний миний гэлгүй хэн хүнгүй хооллож ундална. Тэгээд зогсохгүй үдэш орой болмогц энд тэндгүй хөгжим дуугарч, бүжиг наадам, ший жүжиг болно. Улсын төв театр, улсын цирк хоёр тус тусын тохилог байранд үдэш оройгүй тоглоно.
    Хотынхон гэрлүүгээ буцах нь тун ч ховор. Ихэнх нь тэндээ хоноглож, албан газар газраараа тохитой байрлана. Өдөр болохоор бүр ч сайхан. Яармагийн олон тохилог байшин саванд улс орны хөгжил цэцэглэлт, үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл шинжлэх ухааны ололтыг илтгэн харуулсан үзвэр үзэсгэлэн гаргана. Яваад үзээд ханашгүй сайхан. Тохитойхон үзье гэвэл наад зах нь долоо хоногийн ажил.
    Хамгийн сайхан нь цэргийн павильон. Эр хүний сэтгэлийг аргагүй нэг татна даа. Онгоц, танк, их буу, буу зэвсгийг янз янзаар эгнүүлсэн байдаг юм. Хараад л хорхой хүрнэ гэсэн үг. Тэнд хүн амьтан ер үл тасарна. Өдөржин цуваад л байх нь тэр.
    Цэргийн ансамблийн тоглолт ч гайхалтай. Дуулж, бүжиглэж байгаа нь үнэхээр нэг хийморьтойдоо. Хамгийн шилдэг дуучин, бүжигчид нь тэнд байдаг юм. Шалгахын дээдээр шалгаж авдаг юм гэнэ лээ. Цэргийн ансамблийнхан яармагийн дэнж дээр өөрийн байртай. Тэндээ л тоглоно. За тэгээд наадмын үеэр гардаг худалдаа, наймаа амт сайтай хоол ундыг хэлээд яахав.
    Яармаг гэдэг чинь ёстой олны хөгжөөн шуугиан, баяр хөөр ундарсан газар.
    Хотынхон өнгийн цэцэг шиг гоёж гоодчихоод л хэлхэлдээд байх нь тэр. Бүстэй, бүсгүй ялгалгүй ганган дэгжин ч гэдэг нь жигтэйхэн.
    Хүүхдүүдээ Яармаг дээр долоо хоногийн цэцэрлэг яслид өгчихөөд өөрсдөө бөх, сур, морь сонирхон үзэж баярлан наадна. Хурдны морь ирэхээр яанаа, ёстой гоё. Тэнгэр тулсан улаан тоос Яармагийг бүрхэнэ.
    Хүн машин хоёр гэдэг ёстой шороон түм болно. Туул гэдэг нэртэй сайхан гол бий. Тэр гол дээгүүр хот, Яармагийг холбосон томоос том модон гүүртэй. Тэр гүүрээр ачааны машин “Хот оо, Яармаг аа” гэж дуу хангинуулсаар зай завсаргүй цувна шүү дээ хө хэмээн өнгөрсөн жил цэргээс халагдаж очсон Шаравын саахалтын нэгэн хархүү эхнэртээ сонин болгон хуучилж байсан нь энэ орой Шаравын сэтгэлд бүр ч тодхон байлаа.
    Тэгэхлээр энэ замаар, энэ гүүрээр хотынхон манай энэ Яармаг руу цувж, сүртэй дуулиантай баяр наадам хийдэг байх нь ээ. Би ч бас азтай хүн юмаа. Тэр наадам гэдгий чинь удахгүй үзэх нь байна шүү дээ.
    Хориодхон хоноод наадам болно. Бид бөхийн талбайд наадамчдын өмнүүр суух юм гэнэ лээ. За тэр улс даяар нэр цуугаа цуурайтуулаад байдаг аймаг аймгийн аварга бөхчүүдий чинь нэг сайн үзэж дээ. Муу аав, ээж хоёртоо ярих юмтай очихын тулд нэр ус, алдар цолы нь олигтойхон шиг тогтоох юм шүү гэж бодсоор явтал Шарав дарга нарын гэрийн гадаа хэдий нь ирсэн байлаа.
    Гэрт ороод дуудсан ёсоор ирснээ мэдэгдэн илтгэвэл улаан цэмбэн бүтээлэгтэй урт ширээний ард ангийн даргынх нь хамт урьд өмнө хуаран дээр огт тааралдаагүй Дотоод явдлын Яамны дүрэмт хувцастай нэгэн дарга сууж байлаа.
    Шаравын ирэхэд ангийн дарга нь инээмсэглэснээ, “За сайхан амрав уу, их юм үзэв үү” гэлээ.
    -Сайхан амарлаа, нөхөр хошууч хотоор явж их юм үзлээ гэсэнд “Тэгээд хаагуур хаагуур явж, юу юу гээч үзэв дээ” гэхэд нь Шарав “Өргөн чөлөөгөөр явлаа. Дэлгүүр, мухлаг, гуанз л олон юм. Хүн, машин, морин тэрэг гэдэг жигтэйхэн. Төөрч мэдэхээр газар байна шүү” гэж үнэнээ хэлсэнд, гэрт суусан хоёр дарга хөхөрч, “Хужаа нар хуушуур, боов зарж, худалдаачингууд алив хүүхээ энийг ав” гээд явуулахгүй байгаа биз дээ гэсэнд Шарав, үнэхээр тийм юмаа” гэлээ.
    Ангийн дарга царайгаа төв болгон Шарав руу харцаа чиглүүлээд, өнгөрсөн хоёр сар шахам хугацаанд байлдагчдийн чихэнд хоногшсон тогтуун, шийдмэг дуугаар: -За нөхөр байлдагч, бид тантай чухал нэгэн зүйлийн тухай ярилцахаар дуудсан юм. Наашаа суу гэлээ. “Чухал нэгэн зүйлийн тухай” гэсэн үгийг сонссон Шаравын сэтгэлд айж, гайхах хоёр зэрэгцэн дуугүй зогссонд ангийн дарга хошууч яриагаа үргэлжлүүлэн ингэж өгүүлэв.
    -Та ардын армийн эгнээнд багтсан өнгөрсөн хугацаанд цэргийн тангарагтаа үнэнч, сахилга баттай сайн байлдагч болохоо бидэнд харууллаа. Аливаа цэргийн командлал шалгарсан шилдэг байлдагчидаа хамгийн чухал үүрэг даалгавар өгдөг юм. Та нөхдийнхөө дотор насаар ахмад, амьдралын тодорхой туршлага суусан болох нь бидэнд ажиглагдлаа. Энэ бол маш чухал зүйл. Иймээс манай ангийн командлал таныг улсын чухал үүрэг даалгавар гүйцэтгүүлэхээр өндөр итгэл найдвар хүлээлгэн БНМАУ-ын чекистийн байгууллагад шилжүүллээ. Энэ бол бид бүхний танд хүлээлгэсэн өндөр хариуцлага, итгэл найдвар гэдгийг та алхам бүрдээ санаж явах хэрэгтэй гэж хэлээд дэд хурандааг босоход Шарав мөн шалмаг түргэн босоод “Мэдлээ, нөхөр хошуучаа. Гүйцэтгэе” гэв.

    3. Яармагийн дэнж дээр байрласан цэргийн хуарангийн даргын гэрт байлдагч Шарав Дотоод явдлын Яамны тэр нэгэн даргатай анх нүүр учирч байснаас хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрч, Монгол нутагт алтан намрын нарлаг намуун өдрүүд айлчлан, Шаравын хүсэн мөрөөдөж байсан нүргээнт наадам аль хэдий нь өнгөрч, говийн хүү Шарав улс, эх орны чухал албанд зэхэн бэлтгээд тэр наадам, наргианыг үзэх зай завгүй энэ хугацааг өнгөрөөжээ.
    Японы милитаристууд БНМАУ-ын хил хязгаар луу өнгөлзөн, цэрэг зэвсгээ бөөгнөрүүлээд, тагнуул туршуулаа илгээн хил залгаа Өвөрмонголын хүн ардын дотор элдэв цуу суртал үйлдэж, тагнуул хорлон сүйтгэгчдийг бөөн бөөнөөр бэлтгэж байв.
    Энэ бүхний үнэн учир утгыг нэгд нэгдгүй мэдэн, дайсны хорон санаа, цэрэг зэвсгийн хүчин чадал, тагнуул туршуулын тоо чанар, Өвөрмонголын хүн ардын бодол сэтгэлийг мэдэх хариуцлагатай хийгээд амь нас дүйсэн үүрэг даалгавар биелүүлэхээр Шарав ийнхүү нууц далд бэлтгэгдэж байгаа билээ.
    Шаравын бэлтгэл, төлөвлөсний дагуу хангагдсан гэж командлал үзжээ.
    Түүнтэй хоёр сар гаруй хугацаанд яг нэг дор байсан Дотоод яамны дарга Шаравын биеэ авч явах дүрэм, японы эсэргүүцэн тагнах байгууллагын үйл ажиллагааны арга хэлбэр, япон хүний зан заншил, хилийн цаана явах зам маршрут, Өвөрмонголын хүн ардын санаа сэтгэгдлийн талаар уйгагүй ярьж танилцуулан, өөрийн болтол нь ой тойнд нь шингээжээ.
    Шарав Халхаас дүрвэн очсон халхавчаар хил даван Өвөрмонголын Альшаа, Эзний гол, Урьд, Дунд гүний хошуу зэрэг газраар жилийн дотор аажуу тайван явж, командлалын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой байлаа. Ийнхүү 1938 оны намрын шувтаргаар хөөрөг үүрсэн хөтөлгөө тэмээтэй мод төмрийн нэгэн  дархан Өвөрмонголын нутагт сэм оржээ.
    4.Хулстай дахь Японы тагнуулын салбарын дарга К... тун зав муутай байлаа. “Монголын хилийн байдал, цэрэг зэвсгийн хөдөлгөөн, хил хамгаалалтын дэг журам, хилчдийн зэвсэглэл, зам харгуй, холбоо хэлхээ, хилийн ойролцоох малчдын санал сэтгэгдлийн талаар аль болох дэлгэрэнгүй мэдээ сэлт цугларуул. Энэ ажлыг хамгийн чухалд үзэж, бүхий л анхаарлаа чиглүүл. Өвөрмонгол дахь монгол талтай хүмүүсийг тагнан туршиж, устган цээрлүүлэх арга хэмжээ ав. Нутгийн монголчуудаас маньд талтай хүмүүсийг олж сурвалжлах нь хамгаас чухал. Шалгарсан, итгэлтэй монголчуудыг нууц далдуур аргаар Монголд гаргахад бэлтгэ. Энэ ажилд танд туслуулахаар Харбинаас хүн очуулна.
    Нэг үгээр хэлэхэд Монголд нууцаар сэм нэвтрэх монголчуудыг монголчуудынх нь дотроос шилж сонгон олж жинхэнэ номын дагуу бэлтгэх үүргийг танд өгч байна. Энэ ажил дээд зэргийн нууц байдалд явагдах бөгөөд тоо бүхий хэдэн цөөн хүн мэдэх учиртай гэдгийг та хариуцлагатай ухамсарлан ойлго. Хэрэг явдал буруу тийшээ эргэвэл хэн хэн маань толгойгоороо хариуцах болно” гэсэн дээд газрын сэтгэл сэртхиймээр тушаал заавар гэнэт хүлээн авснаас хойш К... ийнхүү толгой өндийх ч зав зайгүй байх болжээ. Тэгэхдээ түүний сэтгэл нэг үеэ бодвол нэн тайван байлаа. Учир юу гэвээс тэр дөрөв хоногийн өмнө Харбинаас ирсэн японы гадаад тагнуулын хариуцлагатай ажилтан ноён Х... гэсэн сүр бараатай албан томилолт бичигтэй туранхай цоохор залууд өвөрмонголчууд болон халхын оргодлуудын дотроос тун нарийн шилж сонгон олсон долоон хүнийг тагнуулын ажилд сургаж бэлтгүүлэхээр шилжүүлэн өгчээ. Ноён Х... долоон хүний хувийн хэрэгтэй нэг нэгдгүй танилцан, хүн бүртэй тусгайлан өдөр зориулан уулзсаны эцэст нэгий нь буцааж, зургаагий нь үлдээсэнд К... –ын нар гарчээ.
    Хулстай дахь хуучин сүмийн оронцог болсон балгасны дор хэнд ч үл ажиглагдахаар тохижуулан зассан газар байшинд япон тагнуулчид өдөр шөнийг үл ялган бэлтгэл сургуулиа эхэллээ.
    Гол төлөв богино хугацаагаар БНМАУ-ын хил давж хилийн байдал, хүн ардын санал сэтгэгдэл, зам гүүрийн байршил, чанар чансаа, цэргийн хөдөлгөөнийг тагнаж мэдэх зорилгоор бэлтгэгдэж байгаа энэ тагнуулчдын үр дүнгээс япон тагнуулын Хулстай дахь салбарын цаашдын үйл ажиллагаа багагүй шалтгаалах байлаа. Ноён Х..., тагнуулын салбарын дарга К... хоёр энэ тухай хэн хэнээсээ илүү ойлгож, тагнуулыг бэлтгэх ажлыг дээд зэргээр чандлан нууцлах зорилт тавьжээ.

    5. Хулстайд хөл үймээн ихдэж, энд тэндэхийн хүн амьтан бишгүй ирж очих болов. Япончууд нутгийн хүмүүс сэжиг авахаас болгоомжлон тэр болгон ирсэн явсан хүн харыг шалгаан байцаахаас сэрэмжлэх авч сэм далдуур хүн бүр дээр хяналтаа чангатгаж байлаа. Энэ ажилдаа өөрсөддөө талтай нутгийн зарим баян, халхын цөөн оргодлыг мөнгөөр цохин ашиглав.
    Өдөр бүр нааш цааш хөлхөх зон олны дотор хөтөлгөө тэмээтэй дунд хэрийн насны нэгэн эр Хулстайд нэмэгджээ. Шинэ гийчин Япон тагнуулын хараанаас мултарсангүй.
    Түүний тухай: Шинэ ирсэн энэ тэмээт одоогоор элдэв сэжиггүй бөгөөд Альша, Эзний хошуу, Урьд, Дунд гүний хошуугаар ээлжлэн тэнэж, мод төмрийн ажил хувиар хийж, янчаан мөнгө хуримтлуулан орон нутгийн хүмүүст “Хөөрөг Шарав” хэмээн нэрлэгджээ. Хөөрөг гэдэг нь төмөр, дархныхаа ажилд хэрэглэдэг хийн хөөрөгнөөс огтхон ч салдаггүй бөгөөд хаа явсан газартаа үүрч тээн явдгаас ийнхүү нэрлэгджээ. Үнэхээр гарын дүйтэй, төмөр модоор дархалсан эд агуурс нь хэнд ч гологдохооргүй бөгөөд илүү дутуу үггүй, тогтуун байрын зан араншинтай, гарын үзүүрээр мөнгө олж яваа хүн гэсэн мэдээг К...хөлсний нэгэн тагнуулаасаа хүлээн аваад ямар боловч цаашид анхааралтай судал. Одоогоор хэн болох нь хэн хэнд маань манан будан байна. Хяналтаа үргэлжлүүл гэж хлэжээ.
    Шарав хил даван Өвөрмонголд ирснээсээ хойшхи жил шахам хугацаанд командлалын сонирхол татахаар мэдээ сэлт алс тэртээ хүний нутгаас олонтаа өгчээ.
    “Японы тагнуулын байгууллага хилийн ойролцоох нутгийн Өвөрмонголчууд болон халхын оргодлуудаас шилж сонгон авсан хэсэг хүнээр бүрдсэн тагнуулын түр сургууль байгуулж, тус улсын хил давуулан хаяхаар бэлтгэж байна.  Уг сургууль Хулстай хавиар байж мэдэх төлөвтэй. Та тэр талаар бололцоогоо ашиглан мэдэхийг хичээ. Тун болгоомжтой ажиллах хэрэгтэй. Японы эсэргүүцэн тагнах байгууллага тагнуулын сургуулиудаа дээд зэргээр нуун далдалж байгаа бөгөөд энэ талаар өчүүхэн төдий сонирхон сэжиг авагдсан хүмүүсийг барьж байцааж байгааг анхаар” гэсэн удирдамжийг Шарав байнгын харилцаатай байдаг Дотоод явдлын Яамны ажилтнаасаа хүлээн авчээ.
    Хөөрөгт Шаравын Хулстай дахь мод, төмрийн дархны ажил нааштай байлаа. Нутгийн малчид сав суулга, аяга халбага, гоёл чимэглэл, данх тэргүүтнээ өдөржин зөөн засаж сэлбүүлнэ. Дархан Шарав ааш зан сайтай, гарын дүй сайн, хэний боловч сэтгэлийг татан, түр боловч саатуулах аргыг олно. Хоног өнгөрөвч дархны түүгээр япон хүн л үзэгдэх агаад харин түүнийг сэжиглэн хянасан хэдэн харцыг үүгээр өнгөрсөн олны дотроос тэр ялгах болжээ. Япончууд намайг сэжиглэн, холбоо хэлхээтнүүдээрээ байнга тагнан туршуулж, өчүүхэн боловч өө эрж байна. Энэ сайн хэрэг, ийм нарийн хяналт байнгын ажиглалт байдаг нь нэг л учиртай. Хулстайд хүнээс нууцлах зүйл япончуудад байна. Тиймээс ч тэд надаас харамлаад байна. Би дархаа үргэлжлүүлээд дор хаяад арав хоног өчүүхэн ч хөдлөхгүй.
    Харин японы хяналт сулрах сиймхийгээр мөнгөнд хорхойтой байрын харцтай өчигдөр өдөржин намайг хянасан тэр өндөр өвөрмонголтой танилцъя. Тэр лав японы хөлсний тагнуулчин.
    Андаш юу байх вэ. хөдөлгөөн байр, биеэ авч яваа байдал нь цаанаа л сэжигтэй.
    Тэгэхдээ тэр мөнгө харвал сэтгэлээ нээх нь дамжиггүй” гэж бодсоор дархан Шарав хэзээний юм шиг хээвнэг  тайван ур дархаа үргэлжлүүлж суулаа.
 
    7. К..., ноён Х... хоёр Хулстайн баруун хойд захад орших хуучин боловч дотор талдаа тун тохилог засалтай шавар байшингийн сүүмгэр гэрэлтэй нэгэн өрөөнд тун тохитой тухтай сууна. Ширээн дээр дээд зэргийн япон архи, янжуур тэргүүтэн өржээ. Дорно дахины намбалаг хөгжим чихэнд чийр болохооргүйгээр намуу зөөлөн дуугарна. К... эхэлж ам нээлээ. Таныг ирээгүй бол бид ч энэ хэдэн монголыг тийм ч амар богино хугацаанд бэлтгэж үнэхээр амжихгүй байлаа шүү. Монголчууд тэнэг гэж манайхан ярьдаг. Энэ үнэний талтай боловч тэр болгон тэгж өнгөц дүгнэж болохгүй шүү. Өнгө мөнгөнөөс улсаа худалдсан энэ хэдэн монгол юм сурах чадал, авьяастай байхыг бодоход жинхэнэ монголчууд нь сүрхий байж мэдэх юм. Тэгэхдээ тэд бидний арга мэхэнд оролгүй дээ гэснээ өөрийн биш хүний хоолойгоор хачин эвгүй хөхрөх аядав.
    К... энэ үдэш толгой өндийх завтай болж, ийнхүү амтат дарс шимэн, дуу хуураар сэтгэлийнхээ утсыг хөндөж суугаа нь бас ч аргагүй билээ. Түүний олон хоног цаг хүчээ зарцуулан эрж хайж олсон хөлсний тагнуулчдыг нь Харбинаас тусгай томилолтоор яаралтай энд ирсэн ноён Х... хоёр сар гаруй хугацаанд бэлтгэн  сургаад дөнгөж өнөөдөр хамаг ажлаа дуусан, тэд ийнхүү хамт баярлаж байгаа нь энэ билээ.
    Яг долоо хоногийн дараа К...-ын олж, ноён Х...-гийн хичээнгүйлэн бэлдсэн хөлсний зургаан тагнуулчин БНМАУ-ын өмнөт хилийг гурван хэсэг газраас нэвтрэхээр товложээ.
    Ноён Х... Хулстай дахь японы тагнуулын салбарын даргын гараа гаргаж дайлсан амт сайтай дарсанд хэдий нь халаад үг яриа нь К...-гийнхаас ялгагдахааргүй болжээ. Түүний яриа бас л монголчуудыг дээрэлхэн басамжилсан өнгө дүүрэн. Ноён Х... ширээн дээрх дарснаас болор хундага бялхтал савируулан дүүргээд, ховдоглон том балгаснаа, ярвайх аядан, миний бэлтгэсэн тагнуулчид ганц сая монголчуудыг битгий хэл долоон сая хятадуудыг хуурч байсан юм. Тэдний хамар дор нь бүжиглэж, хамаг нууцыг мэдэж байлаа. Хятад нь ч тэр, монгол нь ч тэр эд аль аль нь тэр гэхийн тамтаггүй тэнэг улс. Наран хүн мэдэх гэж хүссэн бүхнээ олж мэдэх ёстой. Бурхан бидэнд ингэж заяажээ. Бурхны тэр таалал их наран улсын сэхээтэй тагнуулчид бид жинхэнэ хэрэг дээр нь биелүүлж байна.
    Бид монголчуудаас мэдэх гэснээ цөмийг нэгд нэгдгүй мэднэ. Тэднийг нойрон дундаа хурхирч байхад нь хамаг нууцы нь хамж чадах чадалтай ч, авьяастай ч улс гэснээ ноён Х... согтуу хүний солиотой нүдээр К...г ширтсэнээ яаран сандран босох аядаж, тэнтэр тунтар алхсаар түүний дэргэд ирэн эв хавгүй тонгойн чихэнд нь хошуугаа наагаад тун ч сэрэмжтэй маягаар шивэгнэн ийнхүү бувтнав. Би чамд ёстой сайн санаж, нэгэн нууц тайлчихъя. Энэ бол миний толгойтой холбоотой зүйл. Тэгэхдээ би хэзээ ч айж бэмбэгнэж сураагүй хүн. Энэ 1939 онд манай их Наран улсын хүчирхэг арми Монгол улс руу довтолно. Удахгүй БНМАУ гэдэг нэр газрын зурагнаас арчигдан үгүй болохыг чи бид хоёроор зогсохгүй бүх дэлхий тэр аяараа сонсох болно. Монголчууд наран бидний гутлыг тослох цаг хаяанд ирсэн гэдгийг чи мэд. Энэ их үйлсэд чи бид хоёрын гэснээ ноён Х... яаран сандран үгээ өөрчлөн миний бэлдсэн зургаан тагнуулчин зохих ёсны хувь нэмрээ оруулах учиртай гэж хашгирсанд К... түүнийг аргадан дуугаа аядахыг сануулаад унтлагын өрөө рүү нь тэр дор нь чирч гулдарсаар явлаа.
 
    8. К... ноён Х... хоёр шилтэй архинд ам халж бие биедээ сайрхаж суусан тэр шөнө Хулстайн зүүн захад орших хөөрөгт Шаравын бор гэр шөнө дөл болтол гэрэлтэй байлаа. Гэрт ойртвол бас л халсан байрын хоёр хүн дүнгэр дүнгэр ярилцах сонсогдоно. Үнэхээр Шарав тэдний гэр хавиар сэм эргэлдээд байдаг өнөө өндөр өвөрмонголтой хэзээний танилууд шиг хуучилж сууна.
    Тэр хоёр энэ шөнө нэлээд халамцсан янзтай байх бөгөөд туранхай өвөрмонгол бүр ч янз ороод харц нь сэргэн, шилтэй архинаас байн байн дүүргэх ажээ.
    Гэрийн тооноор шөнийн тэнгэр зэрвэсхийн үзэгдэн, одод ярайн жирвэлзэж, гадаа тун нам гүм. Сайн чагнавал хаа нэг нохой хуцах бүдэг бадаг сонсогдоно.
    -Өөрийн чинь надад өгсөн домбо тун сүрхий үнэ хүрсэн шүү. Сайн эд, уран хүний гараар орсон юм гэдэг цаанаа л нэг өөр байдаг юм байна. Дунд гүний баян тайжийн хүү гэрт байхад аятайхан юм гээд авсан, Бэлтэй хүний эрх танхи эр гэсэндээ үнэ мөнгөн дээр царай алдсан шинж ер үгүй байна лээ шүү гэж туранхай өвөрмонгол урамтай нь аргагүй өгүүлсэнд Шарав, тэгэлгүй яахав. Тэр зэргийн айлын хүү тиймхэн юман дээр хаанаас царай алдав гэж. Ашгүй хэд гурван юм болсон нь болж дээ. Миний хийсэн ганц нэг юмыг цаад японууд чинь ер тоодоггүй юм. Үзэх нь үзэж, сонирхох нь сонирхсон дүр үзүүлэхээс биш хэдэн зоос хаяад худалдаж авах хүн бүр үгүй шүү. Арга ч үгүй байх даа. Сүрхий эдтэй газрын улс даг гэсэнд, туранхай өвөрмонгол нэлээд мэдэмхий шинжтэй цаадуул чинь эдэд дургүйдээ ч тэр биш. Эд мөнгөнд ёстой өлөн чонын нүдтэй улс. Болж л өгвөл зүгээр салгачих бодолтой байгаа.
    Одоохондоо даруу төлөв царай гаргаж байгаа нь тэр. Тэд удахгүй дайтах юм гэнэ лээ. Дайтахаараа баяжихын дээдээр баяжих юм гэдэг. Манийг ч хөлжүүлнэ гэж сагсалзацгаадаг юм билээ. Үнэн нь ч юмуу, худал нь ч юмуу бүү мэд, хэн яаж мэдэх вэ гэхэд нь Шарав сэтгэл түгшсэн хүний ноомой царай гарган, хачирхсан дуугаар бусад нь ч яамай. Дайн дажин гэдэг нь л гарвал тэр их дуулианд чинь мань мэт нь үрэгдчих байх даа гэнгээ туранхай өвөрмонголын хундагыг дүүргэв. Цаадах нь хундагатай архийг дуртай нь аргагүй авч хөнтөрчихөөд,
    -Тэр талаар та огт айх явдалгүй. Би эдэнтэй хоёр гурван жил ажилласны хувьд өөрий чинь аваад л гарна. Харин дайн дажин гарна гэдэг нь ортой шүү. Нарангийнхан ар Монголчуудтай байлдах юм гэнэ лээ гэв. Шаравын царай бүр ч зовсон шинжтэй барайн “Ингэж цуу үг ярьж болохгүй байх аа. Хүн амьтан та бид хоёрыг сонсвол онцгой яамныханд хов хүргэж мэднэ шүү” гэсэнд, туранхай өвөрмонгол үнэн голоосоо чанга чанга хөхөрч, “Та мөн аймхай хүн юмаа. Зүрх чинь яг л туулайных гэсэн үг. Тийм байж болохгүй ээ. Би энэ үгийг зүгээр нэг салхины үзүүрээс сонссон юм биш.
    Танд л гэж итгэж хэлэхэд дотор газраас ирсэн япон дарга нарын ярихыг сонссон юм. Тэд намайг япон хэл гадарладаггүй гэж боддог байх. Би хэдий муу ч хагас дутуу ойлгохтойгоо хүн. Тэд чинь  согтох дээрээ ёстой нэг амаа мэдэхгүй бурна шүү дээ. Монголчууд биднийг дээрэлхэн даажигнахы нь бодохоор нам цохимоор санагдах боловч хэд гурван мөнгий нь бодохоор арай зүрх хүрдэггүй юм.
    Үнэхээр дайн болох юм гэнэ лээ шүү. Тэр ч байтугай энэ япон дарга нар чинь балгасны ойролцоо хог цэвэрлэж үзэгддэг тав зургаан монгол хүнийг дөрөв, тав хоногоос ар Монгол руу явуулах юм гэдэг. Бодвол энэ дайн байлдаантайгаа холбогдуулж тагнуул туршуулын ажлаар явуулах гэж байгаа биз. Тэр хэдэн монгол ч зүгээр нэг хашаа цэвэрлэгчид ч огт биш ээ. Цаанаа нэг тарган цатгалан харагддаг юм. Нууцаар туйлж  байдаг улс байх аа гэх зэргээр туранхай өвөрмонгол тэр шөнө тун сонин зүйлийг Шаравт ийнхүү илэн далангүй хүүрнэжээ.

    9. Маргааш нь  үдийн алдад Хулстайн төвд нааш цааш хөлхөгдөгчдийн дотроос нэгэн гийчин хорогдож, хөөрөг хэмээн нэрлэгддэг хөтөлгөө тэмээт Шарав урьдынхаа адил хэсэж тэнүүчлэн, мод, төмрийн ажлаар оролдож , хэд гурван зоос цуглуулахаар энэ нэгэн суурингаас тун яарсан шинжгүй хөдөлжээ. Ааш зан, ажил хунар сайтай энэ нэгэн дархныг ийнхүү гэнэт явахад япончууд огтхон ч сэжиглэж сэрэмжилсэнгүй. Харин хэрэг явдал үнэндээ гэвэл эх орныхоо нууц даалгаврыг алс энэтэй энэ газар нэр төртэй биелүүлж яваа БНМАУ-ын Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын харьяат Жамбын Шарав, бас нэгэн ээлжит чухал мэдээг төвдөө хүргэхээр болзоот газарлуугаа ийнхүү яарсан юм.