У.Амарсайхан - Төвийн хүн

Архангай аймгийн Цэцэрлэг хотод 1942 онд төржээ. 1950-1960 онд 10 жилийн сургууль, 1960-1965 онд ЗХУ-ын Ломоносовын нэрэмжит Улсын их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгссөн. 1965 оноос “Үнэн” сонины газар утга зохиолын ажилтан, хэлтсийн эрхлэгч, 1969 оноос НАХЯ-ны Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газарт тасаг, хэлтсийн дарга 1980 оноос ЗХУ-д суугаа ЭСЯ-нд консулын хэлтсийн дарга, 1985 оноос НАХЯ-ны намын хороонд хэлтсийн эрхлэгч, 1988-1991 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт ахлах ажилтнаар ажиллаж байгаад цэргийн тэтгэвэрт гарсан.
    Цэргийн гавьяаны одон, “Онц хилчин” тэмдэг, байлдааны болон ой медалиалуудаар шагнагдсан. 1985 онд хурандаа цол хүртжээ.
У.Амарсайхан “Алс тэртээгээс...”, “Элгэн халуун нутаг”, “Амьд сэрүүнд нь хайрлаж халамжлахсан”, “Хүмүүн бүхэнд гэрэл буй” найруулал, тэмдэглэл, хөрөг ярилцлагын номыг олны хүртээл болгосон.


“ТӨВ”-ИЙН ХҮН

1940-өөд оны үе. Халхын голд буун дуу хэдийн тасарсан боловч Японы самуурай нар Өвөр монголын нутаг дэвсгэр дээрээс БНМАУ-ын эсрэг явуулах тагнуулын үйл ажиллагаагаа улам идэвхжүүлж байлаа.
    Энэ цаг үед “Үл үзэгдэх фронт”-ын талбар дээр японы тагнуулын байгууллагынхантай тулалдах ажлыг чадамгай удирдан зохион байгуулж байсан манай орны олон арван “хүндэт чекист”-ийн нэгнийх нь хувийн хэрэг миний өмнө дэлгээстэй байна.
    Эхний хуудаснаа ийнхүү өгүүлжээ.
    “1911 онд төрсөн, дэд хурандаа Байхүү овогтой Эршүү нь 1940 онд МАХН-д элсэн орж, 1931-1932 онд Намын сургууль төгсгөн, улмаар 1939 оноос 1947 он хүртэл Дотоод явдлын Яаманд боловсронгуй төлөөлөгч, тасгийн даргын үүрэгт ажлыг тус тус гүйцэтгэж байгаад 1948 онд ЗХУ-д хууль цаазны сургуульд явж суралцсан байна” гэж дурдсан байх бөгөөд түүний хамт сургуульд явахад нь харьяа намын үүрээс Эршүүгийн талаар гаргасан тодорхойлолтыг мөн хавсаргажээ.
    Энэхүү тодорхойлолтонд: “н.Эршүү нь манай намын тэргүүний гишүүдийн нэг бөгөөд улс төрийн мэдлэг, боловсролоор сайн, сахилга баттай,  ажил хэргийг  ёсчлон биелүүлдэг, төлөв даруу зантай, нөхөдтэйгээ найрсаг хүн. Түүнийг сургуульд явуулж суралцуулахад намын үүрийн зүгээс татгалзах зүйлгүй” гэж үнэлэн бичжээ.
    Эршүү үнэхээр ийм үнэлэлт авах ёстой хүн байв. Учир нь чекистийн хүндтэй бөгөөд хариуцлагатай мэргэжлийг эзэмшихээр зөвлөлүүдийн орны зүг хөлгийн жолоо залахаасаа өмнө тэрвээр японы милитаристуудын эсрэг хийх тагнуулын ажилд эх орон, ард түмнийхээ үйл хэрэгт чин үнэнч шилдэг нөхдийг удаа дараа бэлтгэн илгээж командлалаас өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж байсан билээ.

    Газрын дарга хурандаагийн өрөөнд Эршүү сууж байлаа. Тэнд тэр хоёроос өөр хүн байсангүй. Нэлээд удаан ярилцсан бололтой өрөө нь тамхины утаагаар дүүрчээ. Хурандаа сая л нэг сэхээ авч яаран боссоноо цонхныхоо салхивчийг нээхэд зуны шөнийн сэрүүн тунгалаг агаар тасалгаанд таатайяа сэнгэнэв.
    Эршүү цагаа харахад шөнийн гурван цаг хагас болжээ. Хурандаа хаа ч явсан хагацдаггүй сүртэй том орос гаансандаа шунахай нь аргагүй нэг сайн нэрж авснаа, Эршүүд хандаж:
    -За ингээд яриагаа дуусгах шив дээ. Нэгэнт сайд баталснаас хойш ажилдаа яаралтай орох нь зүйтэй. Шинээр явах хүндээ голчлон анхаарах хэрэгтэй. Ер нь бүгдийнх нь бэлтгэлийг дахин нарийн шалгаж, тодорхой зааварлаад надад мэдэгд гэсэнд, Эршүү цэрэг хүний ёсоор босож номхон зосгоод “Мэдлээ, нөхөр хурандаа, гүйцэтгэе” гэж хэлээд эргэв.
                                                                                    *
    Эршүү, хурандаа хоёрын ярилцаж байсан тэр нэгэн шөнөөс хойш яг долоо хоног өнгөрчээ.
    Тавь гаруй км яваад  хил хүрэх энэ нутагт үдшийн бүрэнхий хэдий нь болжээ. Эргэн тойронд хав харанхуй, чив чимээгүй аж. Нам гүм энэ орчинд хоёр морьтой хүн огтхон ч яаралгүй шогшуулсаар явж харанхуйн дунд бүртийх төдий үзэгдэх хоёр гэрийн гадаа ирж буугаад мориных нь уяанаас морьдоо уяв. Уяан дээр тэр хоёрын мориноос гадна гурван хос морь уяатай байна.
    Эршүү “Бил”-ийг шууд дагуулан явж, баруун талын гэрт оров. Хилийн цэргийн хувцастай хижээл офицероос гадна нэгэн өвгөн, залуу хоёр цай ууж сууна. Өвгөний нас сүүдэр жар шүүрч яваа бол уу гэмээр боловч бие бялдар эрүүл чийрэг, магнай тэнэгэр, нүд дулаан, ухаалаг байрын хүн харагдана. Хажууд нь суугаа залуу хангайн нуруу шиг ханагар цээжтэй бөгөөд биеэр том шөрмөслөг, бадриун эр байлаа. Эршүү оронгуут бүгдтэй нь хэзээний танил маягаар найрсаг мэндэлснээ, өвгөнд хандаж: “За “Дөл” гуай би та хоёртой хамт явах хүнийг авчирлаа. Нэр нь “Бил” гэсэнд өвгөн сэтгэл сэргэм сайхан инээмсэглээд, -Хүүхээд наашаа сууж цай ууцгаа гэлээ.
    Эршүү цай уух зуураа “Бил”-д, -Чи “Дөл” гуай “Бөх” хоёртой хамт явах болно. Хил давснаас хойш “Дөл” гуайн хэлсэн үг бүрийг ёсчлон биелүүлэх хэрэгтэй. Энэ хоёртой хамт явж Сүм хүрээд, сүмээс мэдээ авч буцаж ирнэ. Эд цааш явах болно гэж товчхон өгүүлэв. Цагийн байдлыг ажвал шөнө дунд дөхөж байгаа бололтой. Тэр гурав үзэмчин маягаар хувцаслаад, хүн бүр хөтөлгөө морьтой Эршүүгийн хамт хилийн зүг хөдөллөө.
    Зуны шөнө сэрүү татаад нэн таатай. Үдийн халуунд бэрхшээж байсан морьд, хүн хоёрын аль алиных нь сэтгэл тэнийж, цэвэр тунгалаг агаараар цээж дүүрэн амьсгалж явна. Ердийн цагт бол тал хөндийг доргитол хангинуулан дуулж, эр хүний жаргалыг эзгүй хээр эдэлж явмаар хийморлог эрс билээ. Гэвч цаг өөр, авсан үүрэг хариуцлагатай болохоор яахан болох вэ.
    Хил хүртэл цөөхөн км үлджээ. Эршүү гурван нөхөртэйгээ салах ёс гүйцэтгэж, эсэн мэнд явж ирэхийг ерөөгөөд, тэднийг үдэж мордуулав.
    Төдөлгүй хил дээр ирлээ. Өвгөн “Дөл” мориноосоо бууж, хавь ойрын байдлыг сайтар нягтлан ажаад, хоёр залууд буух дохио өгөв. Тэгснээ тэр хоёрт тулж ирээд “За хүүхэд минь бид хил дээр ирлээ. Онцын сэжиггүй байна. Морьдоо амгайвчил. Одоо удахгүй хүний нутагт орно шүү дээ” гэж шивэгнэн өгүлэхдээ түүний сэтгэл ер бусын хөдөлсөн байлаа. Өвгөн “Дөл” хоёр залууг морьдынх нь хамт нутгийн зүг харуулж зогсоогоод, аян замдаа сайн явж, эсэн мэнд эргэн ирэхийн ерөөлтэй сайхан үгсийг билэгдэн өгүүлж, гурвуул эх нутгийн газар шороон дээр өвдөг сөгдөн, ариун нандин хөрсөнд нь уруулаа хүргэв.
    Хил давлаа. Морьдоо хазаарлан, олмоо сайтар чангалахыг тушаагаад, -За миний хойноос бараа алдалгүй яваарай гэж хэлэнгээ, “Дөл” өвгөн мордож ухасхийлээ. Хоёр залуу сайн морины хүчинд өвгөний барааг алдахгүй явна. Энэ нэгэн олон таван үггүй, ухаалаг байрын чийрэг  өвгөний бүхий л шинж төрх “Бил”-д үнэнхүү бишрэх сэтгэл төрүүлэв.
    Тэд шөнөжин давхисаар нар уулын толгойд тусах үеэр нэгэн модтой ууланд хүрээд, түр амарч ундлангаа хавь ойрын байдлыг ажихад, хүн амьтан үзэгдэхгүй нам тайван байлаа. Өвгөн “Дөл” явах замаа сайн мэддэг бололтой. Үдшийн бүрийн болмогц мордон цааш хөдөлцгөөв.
    Шөнө дундын алдад харанхуй дунд бараантан харагдах нэгэн сууринд ирлээ. Сүм гэгч нь энэ ажээ. Эндэхийн хүн амьтан гүн нойрондоо дарагдсан бололтой, хаа нэг өлсгөлөн нохой гоморхон хуцахаас өөр огт чимээ аниргүй. “Дөл” өвгөн хоёр нөхрөө дагуулан явсаар сүмийн баруун хойт захад орших нэгэн хэрмэн хашаанд очив. Хашааны үүдийг янгинатал түгжжээ. Бариулаар нь хаалгыг гурав чанга цохиход үл мэдэх нэгэн хүний хэн бэ? гэх дуу сонсогдов. Өвгөн “Дөл”, “Наян нэг” гэсэнд, цаадах нь “Болор хундага” гэж хэлээд хаалгыг чимээгүй онгойлгож, тэднийг дотогш орууллаа.
    Хэрмэн хашаан дотор том, жижиг хоёр гэр байна. “Дөл” өвгөн шуудхан алхсаар явж том гэрт орлоо.
    Нөгөө хоёртой хамт саяны үүд тайлж өгсөн хүн ч орж ирэв. Нэлээд том тушаалын лам бололтой. Өмсөж зүүсэн нь баян тансаг хийгээд тарган цатгалан, сэргэлэн байрын онигор бор нүдтэй, үл мэдэг буурал сууж яваа, нүдэнд дулаахан, магнай тэнэгэр хүн байв. Энэ хүн, өвгөн “Дөл” хоёрт адил төстэй зүйл их аж.
    Өвгөн лам тэдэнтэй мэнд амраа мэдэлцэн ёс төр гүйцэтгээд, хоол унд цай бүү боллоо. “Дөл” өвгөн, “Бөх” хоёр хэзээ язааны гэртээ ирсэн юм шиг байхад нь “Бил” ч тэднийг дагалдав. Шар тос самарсан аагтай халуун цай ууж, тарган мах цадталаа идэцгээв. “Дөл” өвгөний хамаг биеийнх нь хөлс гарч, ядаргаа нь тавигдаж байгаа бололтой. Тэгснээ “Билд” хандан:
    -За хүү минь чи хүрэх газраа ирлээ. Бид хоёр ингээд цааш мордолгүй болохгүй. Бидний гүйцэтгэх үүрэг даалгавар өөр. Чамайг цааш хэрхэхийг энэ лам мэднэ. Энэ хүний хэлснийг ёсчлон гүйцэтгэх учиртай гээд өвгөн лам руу харахад цаадах нь толгой дохиж сууна.
    “Дөл” өвгөн мордохдоо эцгийн сайхан сэтгэлээр “Бил”-ийн духан дээр үнсэв.
    Тэднийг явсны дараа өвгөн лам “Бил”-ийг тухтай сайхан амар гээд тахилынхаа гэрт оруулжээ. “Бил” тэнд маргааш үдэш нь хүртэл амарлаа. Орой болмогц өвгөн орж ирээд “Бил”-ийн өрөөсөн гутлыг авч гарав.
    Од мичид анивалзан буйг харахад цэлмэг сайхан шөнө болж байгаа бололтой. Шөнө нилээд орой болсон хойно өвгөн лам халуун цай, хоолны хамт “Бил”-ийн өрөөсөн гутлыг авчирч өгөв.     Тэгснээ түүнд хандан, За хүү минь чи одоо ингээд буцах болно, замдаа сэрэмжтэй явах хэрэгтэй. Ямар ч гэсэн гутлаасаа л салж болохгүй шүү гээд, хоол, унд сайн идэж ууж ав гэв. “Бил”-ийг хооллож, ундлах зуур ийнхүү өгүүллээ.
    “Манай энд байдал хүнд л байна. Үнэмлэх бичиггүй аян замын хүнийг энд тэнд хонуулахгүй болсон, яам тамганаас  эргүүл үргэлж нааш цааш явж байна.
    Аалигүй муусайн цагдаа нар
    Айлын байдлыг тагнана хө
    Хөөрүү муусайн цагдаа нар
    Хүний байдлыг тагнана хө
    гэсэн дуу хүртэл ард олны дунд гараад байгаа.
    Японууд, тэрчлэн японд талтай өвөр монголын тайж, түшмэд бүр гаарч гүйцэж байна. Ард олноос авах албан татвар болон татвар нэрээр илэрхий дээрэмдэх явдал дийлдэхээ болилоо.
    Сүүлийн үед Сүмийн зүүн урд Японы нэгэн эмнэлэг бий болсон. Машин машинаар шархтан зөөж авчраад, эдгэрсний нь буцаагаад ачаад явах юм” гэв.
    Тэр хоёр хамаг юмаа зэхээд гадагш гарлаа. “Бил”-ийн хоёр морийг зэхэн уяжээ. Аль аль нь тэнхээ тамир аваад, чихээ солбилзуулан жавхаалаг нь аргагүй тургиж байлаа. Бил хоёр сайн нөхрийнхөө хүзүү, хоолойг илэн таалж энхрийлэв.
    Өвгөн лам түүнд хандан: За хүү минь өнөө шөнөжин морины чадал мэдэн давхи. Бүү зогсоорой, морьдыг чинь сайн цатгасан. Чамайг хүрэх газар чинь хүргэнэ байх. Чи ийм ажилд анх удаа явж байгаа бил үү гэхэд “Бил” тиймээ гэсэнд, тэр харагдаж байгаа гялалзсан одны баруун талыг бариад л давхиад байх хэрэгтэй. Өнөө шөнө сайн явбал маргааш хүрнэ шүү гээд, нэгэн модон хуйт өгч, хэрэг болж мэднэ гээд үдэн мордуулав.
    “Бил” өвгөний зааж өгсөн гялалзсан одны баруун гар талыг барин мориндоо ташуур өгөн хурдлахад, сүм шөнийн нам гүмд бараантан хоцорлоо. “Бил” нүднээсээ нулимс асгартал салхи сөрөн давхина. Хоёр морь нь эх нутгаа зорьсныг таасан бололтой урагшлах тутам хурд нэмэх аж.
    Шөнөжин давхисаар үүр цайлгав. Хил ойртжээ. “Бил”-ийн сэтгэл ч тэнийв. Хөөрхий хоёр морь нь усан хулгана болтлоо хөлөрчээ. Түр боловч амрахаар жолоогоо татаж хатирууллаа. Гэтэл... түүний баруун талаас гурван  морьтой хүн гараа гозолзуулсаар айсуй. Сайн харвал нэгэн япон цэрэг, буу үүрсэн хоёр хүн дагуулжээ. Хилийн цэрэг болох нь гарцаагүй боллоо. Хил ойрхон! “Бил” мориндоо ташуур өгөнгөө хурдлаарай гэж шивнэв. Дайснууд ч хөөлөө. Буун дуу нижигнэв. “Бил”-ийн өмнө хойно нь сум тусна. Тэд сүрхий мэргэн буудах төлөвтэй. “Бил” мориныхоо хурдыг нэмэнгээ модон хуйтаа гаргаж, эмээл дээрээ хагас эргэн ийм л цагт мэргэн анчныхаа хэргийг гаргахгүй юм бол хэзээ гаргах юм бэ гэж бодоод, дайсныг буудаж эхэллээ. Оносонгүй. Түрүүнд нь ядон цэрэг яваа харагдана. Хамгийн гол нь тэвдэхгүй байх хэрэгтэй. Хил ойрхон! Дахин сайн шагайж, гохоо дармагц япон хурдалж яваа морин дээрээс сүртэй нь аргагүй өнхөрч байгаа харагдлаа. Гэтэл дайсны сум, унаж явсан морий нь онов. “Бил” огло үсрэн харайж нөгөө морин дээрээ мордлоо. Хөөрхий улаан борлог морь нь хүний газрын шороонд шургачин уналаа. “Бил” сайн нөхрөө яах ч аргагүй өрөвдөн хайрлаж, нүдний нулимс асгаруулан орхив. Хорсолтойгоор дахин эргэж буудлаа. Хөөж яваа хоёр дайсны нэг нь унах нь харагдав. Морины минь өшөө гэтэл “Бил”-ийн гуя халуун оргилоо. Тэр шархаджээ. Гэвч төрөлх нутгийнхаа хилийг нэгэнт давж амжлаа.
                                                                                    *
    Газрын дарга хурандаагийн өрөөнд Эршүү сууж байлаа. Тэнд тэр хоёроос өөр  хүн байсангүй. Нэлээд удаан ярилцсан бололтой өрөө нь тамхины утаагаар дүүрчээ. Хурандаа сая л нэг сэхээ авч яаран боссоноо, цонхныхоо салхивчийг нээхэд зуны үдшийн сэрүүн тунгалаг агаар тасалгаанд таатайяа сэнгэнэв. Эршүү цагаа харахад шөнө дунд өнгөрч байлаа. Хурандаа хаа ч явсан хагацдаггүй сүртэй том орос гаансандаа шунахай нь аргагүй нэг сайн нэрж авснаа, Эршүүд хандаж,
    -За ингээд яриагаа дуусгах шив дээ. “Бил”-ийн авчирсан мэдээнд дурдагдсан манай эсрэг явуулахаар бэлтгэгдэж байгаа япон тагнуулууд болон японы цэргийн ангиудын байрлалтын талаар сайдад хамгийн түрүүнд яаралтай мэдэгдье.
    Өвгөн ламын “нөхдөд” баяр талархал дамжуулж, “Бил” болон бусад нөхдийг шагналд тодорхойл. Таны талаар би тодорхойлно. “Дөл” өвгөн, “Бөх” хоёрыг угтах бэлтгэлийг сайн хий гэсэнд, Эршүү цэрэг хүний ёсоор босож номхон зогсоод “Мэдлээ, нөхөр хурандаа, гүйцэтгэе” гэж хэлээд эргэв.