Г.Батаа- Сүүдэр дагасан мөр

 1946 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төржээ. Хүүхдийн зохиолч, сэтгүүлч. 1969 онд МУИС төгсөж, НАХЯ, Сайд нарын Зөвлөл, “Засгийн газрын мэдээ” сонинд ажиллаж байжээ. Хүмүүстэй хамтарч “Тусгай даалгавар” 1971, “Нууц албаныхан” 1976, “Энхийн харуулд” 1973 ном хэвлүүлжээ.
 
                                                                      СҮҮДЭР ДАГАСАН МӨР
 
           Нэг. Та нүүрээ үзүүлээгүй намайг сүүдрээ гэж санаарай
 
    Тасалдангуй маягаар дээр, доор хэсэгт гурав гурвантаа жигтэй цохисны дараа хаалган түгжээ торхийн онгойход шөнө дөлийн гийчин арагш ажиж ул мөр сэргийлснээ харанхуй руу босго алхан байшинд оров.
    Гаднаас ирсэн гийчнийг дотор ороод түр азнатал учраа хүн нь хажуугийн цонхны шилэн дээр мөнөөхөн тасалдангуй маягаар тогшиход, зочлон ирэгч
    -Би Урилга. Хуримын идээнд ирлээ гэв.
    -Би Хурим. Хуриманд та цагтаа ирлээ. Сайн хэрэг. Танд ганцхан удаа хэлье. Эргэж харалгүй харсан зүг өөдөө дөрөв алх! Алхах хэмжээ мөрний хиртэй. Тэнд сандал бий!     Очоод суух эрхгүй ээ. Тавих шаардлага энэхэн төдий бус аа. Хөдөлж ч болохгүй. Гагцхүү миний дараачийн хэлэх үгийг тэсвэртэй хүлээ!
    Гийчин хар хүн сайхь хэлсэн бүхэнг ёсчлон дагаад хэсэг байтал ханын цаана түрүүчийн дуу дахин сонсдов.
    -За одоо хэн болохоо хэлэрэй.
    -Би урилга. Би ХУ-327
    -Би хурим. Би УХ-273
    -За одоо бүсэлхий хирд толгой цээж ижилхэн бөхий. Бөхийсөн бол урьдах сандал дээрх чагнавчийг хийж хуриманд уригдсаныхаа учрыг дуул!
    Урилга болоочин, ёсоор хийж, нэгэнтээ
    -Би урилга. Сонсоход бэлэн гэв.
    -Би бэр! Анхааралтай сонс! Гурав дахь жилийн гурав дахь даалгавар! 327. Энэ тоо учиртай. Гуравдугаар сарын хорин долоон гэсэн үг. 723, энэ бас нэгэн адил. Тэр өдрийн долоон  цаг хорин гурван минут гэсэн үг. Гуравдугаар сарын хорин долооны оройн долоон цаг хорин гурван минутад танай цэгээр ачааны хорин вагон нүүрс бүхий уурын тэрэг өнгөрнө. Өмнө нь зам төмөр дээр тэсрэх зүйл тавь! Бүх юм бэрийн чинь санаснаар бүтнэ. Бүхнийг сайтар болгоож, хожмоо гэмших аргагүй гүйцээж хөдлөх бүрээ цэнэ.
    Даалгавар энэ.
    Та нүүрээ үзүүлээгүй намайг сүүдрээ гэж санаарай.
 
    Хоёр. Бодол дундах хүн эхний үйлдлүүдээ ёсоор хийж эхлэв
 
    Галт тэрэг өнгөрөн одоход таван минут дутуу байв. Дорж, төвөөс авсан даалгавраа санасныг бодвол сайн биелүүлэв гэж бодох авч чухам хэдэн мөчийн дараа ямархан аюул учрах сэтгэлийн сэвийн тухайд олныг эс эргэцүүлжээ.
    Осолдохгүй л зам төмөр дээр тэсрэх юм тавьсан болохоор вагон онхолдоно гэж бодно. Түүнийг заавал онхолдуулах учир юунд буйг тэр огтхон төсөөлсөнгүй. Чингэж шимтсэн байдлаас болж төвийн үл мэдэх тагнуулчийн зорилго түүний эцэст дүүрэн ханана гэдгийг тааварлаж байв.
    Хоёрхон мөчийн дараа хүн орж ирнэ. Хүн ч гэж хүн л юм, би түүнээс юунд бэрэвшин айна вэ? Хүн шиг л хүн. Тэр намайг айлгаж далайлгасан нь үгүй. Тэгсэн атал зэвүүцнэ. Зэвүүцэх ч гэж эмээнэ. Гагцхүү тэр харц уу? Ёстой хутга. Тэгээд тэр буй заа.
    Бид хоёр бие биеэ эс мэдээчин болно. Энэ нь бас зүй. Орж ирээд тэр миний өмнө шууд тулж ирэхгүй. Давхцынхаа босгосон захыг буулгаж зуусан тамхиа авч баруун гарын долоовор дунд хуруунаа хавчин энэ тэрийг үзэж сонирхоно. Тэгснээ тамхиа гаргана. Ямар нэг юм эрэн тэмтчиж үзнэ. Тэгээд тамхи татаж сууж буй над руу  ирэн мэхэсхийн мэндэлнэ. Өчүүхэн энэ үйл хөдлөл нь ч үгээр илэрхийлэн ойлголцох ч хэцүү далд утгыг битүүхэн илтгэнэ. Юм гэж юутай сонин. Намайг үл таниачин болооч.
    -Галгүй тамхичинд гал гаргаж тусална уу? гэнэ. Хариуд нь би хайнгадуу байдлаар,
    -Бололгүй яахав гэнэ. Тэрбээр чүдэнз эргүүлж өгөнгөө тамхиа унтраасныг минь харуут хариу дүүрэн чүдэнз зурж асааж өгнө.
    Ийнхүү тэр миний ажил бүтсэнийг ойлгож “баярлалаа” гэнэ. Энэ бол чүдэнз өгч тус болсоны талархал бус, ажлаа бүтээсний минь үнэлсэн үг гэдгийг би ойлгоно. Дараа нь орж ирсний дараах үйл хөдөлгөөнийг давтан үйлдэх зуур хананд өлгөсөн хадсан тэргүүтнийг мөнөөхөн сонирхож байснаа гарч одно гэж бодож байтал бодол доторх сайхь хүн биеэр орж ирж эхний үйлдлүүдээ ёсчлон хийж эхлэв.
 
Гурав. Би ийм эрт санаа амрах гэж үү, яаж болох вэ?
 
    Хөнгөн тэрэгний хурдны зүү зууг зааж өмнөх зам босон алдан жирэлзэх хэдий дэд хурандаа Хүрэлд мөлхөх мэт санагдаж сэтгэлийг зовооно.
    Цаг алдахгүй гэсэн дэд хурандаагийн ганц бодлыг жолооч залуу гадарласан авч түүнийг бас үүнээс хэтэрч хурдалж үл болно гэдэг нэгэн бодол захирна.
    Байн байн цагаа хялалзах дэд хурандаа хүрэх газар хорин таван км. Цаг долоо. Уурын тэрэг долоон цаг хорин гурван минутанд өнгөрөх ёстой. Тэгэхдээ уруу замаар тэр цэгийг өнгөрөх ёстой. Үүнээс амжиж хүрэх хэрэгтэй. Яадаг бол?!
    Ингээд л бас нэгэн таагдах “оньсгоны битүү үзүүр хөвөрч гардаг байж...
    Би ямар ч байсан энэ битүү үзүүрээс бөх барьж мөшгин таах болно.
    Ийм байдалд би бишгүй нэг оржээ. Тэр бүгдийг таажээ. Нэгний нь ч таасангүй орхисонгүй. Тэгэхдээ таасан хугацаа нь харилцан өөр. Заримы нь хэдхэн өдөр. Заримыг нь хэдэн сар, ганц хоёр жилийн дотор. Басхүү буруу зөрүү битүү үзүүрээс зуурч таах замаас хазайж явсан гашуун туршлага ч байсан юм. Даанч одоо нас минь өвгөрч. Өвгөн насыг дагаад зориг минь бас мохдог байна. Ай залуу халуун нас минь. Би тэгэхэд яасан их зүрх зоригтой байв даа. Бүхнийг зоригоороо хийдэг нэгэн үе байж. Тэр үед онох нь олон байв. Яаж бүх юм онох ч билээ дээ. Тэр цагийн алдаа намайг  өдий зэрэгтэй болгож... гэх зэргээр гэм буруугийн эзэн шалтгааныг чин үнэнээр тогтоох ширүүн тэмцэлд өрсөлдөн явснаа санасаар өртөө өнгөрөөд хүрэх газраа ирэв.
    Уруу налуу цэгээр хорин вагон бүхий ачааны уурын тэрэг уухилан утаа олгойдуулан дохио гуугчуулан өнгөрч байв.
    Дэд хурандаа Хүрэл сая гүнзгий амьсгалснаа
    -Би ийм эрт санаа амрах гэж үү? Яаж болох вэ? гэж шивнэв.
 
Дөрөв. Энэ чинь жигтэй хэрэг болоод байна даа
 
    Хурандаа Цоохүү ээдрээтэй асуудлын уяаг янз янзаар бодож үзнэ. Эцэст, уул хэрэг хагас цагийн дотор болжээ.
Хэргийн газраас ул мөр илэрсэнгүй. Сэжиг өгөх онцлог юм олдсонгүй. Сонирхол татсан нэг зүйл бол зам засварчин Лхагва гэртээ боож үхжээ. Чухам юун тул ингэсэн болохыг мэдэх хүн гарсангүй. Лхагвагийн хувьд нэр хүндээр муу. Ганц бие залуу, жожиг зантай. Үүдээ дотроос нь бөхлөж шар даавуун бүсээр тооноосоо боосон нь энэ хэргийг өөрийн биеэр үйлдсэн бололтой гэсэн таавар төрүүлнэ. Амиа хорлохын өмнө хэсэгхэн цаасан дээр гэмшсэн маягтай бичиг үлдээх гэсэн боловч түүнээ болиод өнцгөөс нь гал оруулан зуухандаа хийсэн нь дутуу шатжээ.
    Зам дээр засвар хийхдээ олон тооны хадаас сугалан эргүүлж хадахаа  мартаж, уурын тэрэг онхолдуулах шахсан жилийн өмнөх салан байдлаа саяхан сарын өмнө давтсан байна.
    Гэвч учрал болсон өдөр Лхагва нь өвчтэй гэртээ байв. Тэр, өдөр өнжин гэрээс гараагүй нь үнэн бололтой.
    Уурын тэрэг комбинатыг хөдөлгөх гол хэрэглүүр болсон нүүрс ачиж явсан. Үүнээс үзэхүл хэн нэгний санаатайгаар үйлдсэн хэрэг мөн...” гэж дэд хурандаа Хүрэлийн бичсэн илтгэх хуудсыг үг үсэгчлэн хурандаа Цоохүү нэхэн санаснаа ширээн дээрх захаасаа шатсан бичигтэй цаасыг эргүүлж тойруулж,
    -Сонин л юм. Солиотой хүний бичсэн юм л гэмээр. Гэрт нь байснаас өөр чүдэнзний зурсан мод зуухны тосгуурт байсан байдаг. Хэргийн эх энэ ч байж болно.
    Ер нь нилээд зовох нь дагаа. Ямар ч бай санаатайгаар хийсэн нь яриангүй. Хэн хийв?!  Лхагва гэж үү?
    Дэд хурандаагийн үг, үг шүү.
    Замын эргүүл, ээлжийн манаа!
    Тэгэхэд энэ хоёр л байсан. Дээр нь Лхагва! Эдний хэний нь гэж нэр цохон хэлэх вэ? Тэнд өөр хүн байсангүй. Тэгэхлээр эд “хонгорууд”-аас зайлна гэж үү? Бодоход осол гарахад хариуцах эзэд нь байлтай. Гэвч өөрийгөө хорлодог арчаагүй этгээд байдгийг би амьдралдаа өөрийн биеэр үзэж харсан биш шүү” хэмээн бодох зуур өмнөх хавтаст хэргийг нээж ахлах дэслэгч Манлайн замын эргүүлээс авсан мэдүүлгийг сонирхов.
Асуулт.
    -Та хэдий хэмжээний зайд зам шалгасан вэ?
Хариулт.
    -Би зургаан километрийн дотор замаа эргэсэн.
Асуулт:
    -Тэгж явахад зам дээр ямар нэгэн зөрчил илэрсэн үү?
Хариулт.
    -Үгүй.
Асуулт.
    -Цэг орчмын зам төмрийг сайн үзсэн үү?
Хариулт.
    -Үзэлгүй яахав. Үүргийнхээ дагуу шалгасан.
Асуулт.
    -Та уурын тэрэг өнгөрхөөс хичнээн хугацааны өмнө зам шалгасан болохоо тодорхой хэлнэ үү?
Хариулт.
    -Цаг минутаар нарийн тооцоолж чадахгүй байна, лав гучаад минут болсон.
Асуулт.
    -Та Лхагвыг хэдийнээс таних болсон бэ?
Хариулт.
    -Уржнан энд нэгэн залуу ирсэн. Тэр нь Лхагва байсан.
Асуулт.
    -Та хоёр бие биеэ хир таних вэ?
Хариулт.
    -Нэг дорынх болохоор мэндтэй устай л явдаг. Сүйд болсон андууд биш.
Асуулт.
    -Төрөл төрөгсөд, ах дүү нарынх нь талаар та юм сонссон уу?
Хариулт.
    -Энэ талаар өөрөө нэг их ярьдаггүй байсан. Харин ноднин зун бид нэг хэсэг овоо болсон. Тэгэхэд найз нь  өнчин гэж ганц удаа хэлсэн. Би ч хүний сэтгэлд сэв оруулчих бий гээд цааш нь асуугаагүй... гэснийг уншаад Лхагвын тухайд дахин бодож дараачийн хүний мэдүүлгийг харав.
Асуулт.
    -Дулам та Лхагвын талаар ярина уу?
Хариулт.
    -Авгай нь талийгаачийн талаар юу л их мэдэх вэ. Та бүгдэд чухал хэрэгтэй юм бол эгч нь сонссон мэдсэнээ юунд нуух вэ. Сайн залуу байсан юмсан. Надад хань болж мөн чиг их тусалсан даа. Барагтай бол надаар юм хийлгэхгүй. Булааж аваад л хийчихнэ. Дамаан гэр зуурын хүчир ажилд гар хүргэнэ гэж үгүй.
    Тэр гэж тэр. Хань ижилтэй бол гэж хөгшин би их үглэсэн дээ. Үгнээс минь зөрдөг юм энэ л байсан.
    Гэрээс гарна гэж үгүй. Хөгшин надаас дор. Энд ирсээр манай хашаанд буусан юм. Нэг гэм нь тун мартамтгай. Тэгээд ч дуу цөөнтэйг хэлэх үү? Амьтны ам хэлийг сугалчих дөхдгөөрөө би асууж шалгааж арай гэж үг сонсоно.
    Нэгэн орой орж ирээд,
    -Савхин цамцтай танихгүй хүн салахгүй, дагаад, дэмийн юм яриад... гэж эхэлж дуугарсан. Тэгээд л дуугаа хураасан. Юм ч идэж уугаагүй. Би ч асуугаагүй. Архи амсахгүй. Тамхи татахгүй. Саяхны нэг орой архи үнэртүүлчихсэн ирсэн. Надаас зовоод ч тэр үү. Гэртээ орсон. Гэтэл гарахгүй болохоор нь санаа хоёрдоод яваад орлоо. Орохтой зэрэг гэрэл асаав. Байдлыг ажвал орон дээрээ бүхлээр хэвтэж байсан бололтой. Уйлсан ч бололтой. Би гайхалгүй яахав. Миний энэ уймрааг тэр гадарлажээ. Яагаад гээ. Ярьдаг байна шүү. Зангирсан дуугаар,
    -Бужаа! гэлээ. Хөөрхий минь намайг ингэж гуайлдаг байсан юм. Би хариуд нь
    -Юу гээв? Миний хүү гэлээ.
    -Та намайг хүү гэв үү дээ? !
    -Тэгэлгүй яахав.
    -Энэ үгийг чинь сонсоход сайхан байнаа. Ээж минь байсан бол гоё оо. Бужаа минь би муу хүн шүү. Ээж аавын эрх ганц нь байсан атлаа тэднийхээ толгойг багадаа залгичихсан юм гэдэг. Түүнээс хойш хэн ч намайг ингэж энхрийлсэнгүй. Ганцхан та. Надад сайхан байна. Би гомдох ёсгүй юм уу даа. Эх хүний сэтгэлээр нэг хүн ч болсон ингэж хайрлаж байхад хувь заяандаа, бас танд баярлалгүй яахав. Би өөрийгөө хүний оронцог гэж бодож явлаа. Үнэхээр ганц надаар орчлон дутах учиргүй. Ядахдаа хүн шиг хүн болбол ч яая гэх сэн. Би нөхөддөө дарга нартаа муу хүн, тэдний намайг үздэггүй нь ч зөв. Буруу өгөх газар алга. Долоон зөв. Танд би бүгдий нь хэлье. Намайг та зэмлэ! Таны үгийг эхийнхээ хэлж байгаа үг гэж бодно. Бодолдоо саяхан хүртэл ажил, амьдрал нэр хүнд минь сайн сайхан байж. Хүний нүдэнд хүнээрээ харагдаж явж. Би муугаа нуухгүй. Мартах аюул намайг аллаа. Муу нэр хүнд ирэхдээ амархан. Тэгэхэд би төмөр замын хадаас олноор нь сугалж дахин бөхлөлгүй уурын тэрэг онхолдуулах гэсэн хар санаатайд тоологдож, яриа бүхний бай боллоо. Тэр болгонд яс минь хавтайна. Би нэрний мууг хусах гэж мөн ч зүтгэлээ. Гэвч сайны минь олж харсангүй. Харахыг ч хүсэхгүй байгаа юм шиг санагдаад, өчигдөр даргыг замд засвар хий гэж олон дахин хэлэхлээр нь зөрүүд хөдөлж хийгээгүй атлаа хийсэн болгов.
    Хийгээгүй байлаа гээд сүйд болох нь гайгүй гэж бодсон юм. Болоод л байсан юм болно биз гэж санасан. Нэрний муугаа би ингэж нэрэмлээ. Үүнийг минь хүн ашиглах гэдэг байна шүү гэсэн. Энэ үнэн! Тэгээд би буруу гэдгий нь хэлсэн. Ойлгож байсан. Лхагвын тухайд эгч нь ийм л юм мэднэ.
Асуулт.
    -Та сая “үүнийг минь хүн ашиглах гэдэг байна шүү” гэж хэлсэн гэсэн чинь ямар учиртай үг бэ?
Хариулт.
    -Эгч нь хэлсэн болгоны нь тэр чигээр үгчлэн яаж хэлэх вэ? Иймэрхүү маягтай юм ярьж байсан.
    Тэгэхдээ би санаанаасаа нэмж хассан зүйл үгүй. Тэгж хэлсэн л юм даа. Учры нь эгч чинь яаж мэдэх вэ?
Асуулт.
    -Хэн хэнтэй нөхөрлөдөг байсан бэ?
Хариулт.
    -Гэртээ л лав хүн дагуулж ирдэггүй. Хүн ч тэднийд ирдэггүй байсан.
Асуулт.
    -Өчигдөр тэр хаана байсан бэ?
Хариулт
    -Гэртээ өвчтэй хэвтэж байсан.
Асуулт.
    -Гарч харагдсан уу?
Хариулт.
    -Ердөө үгүй. Үгүй ч гэж. Эгч нь үдээс хойш багагүй хугацаагаар гэрээсээ гарсан.
Асуулт.
    -Өвчин нь ямар байсан бэ?
Хариулт.
    -Би өчигдөр хоёр ч удаа орж хоол цайгий нь халааж эмий нь өгсөн. Халуунтай л байсан.
Асуулт.
    -Чухам хэдий хэдийд вэ?
Хариулт.
    -Өглөө, үд дээр
Асуулт.
    -Тэгэхэд танд юм хэлсэн үү?
Хариулт.
    -Үхлээ шүү дээ гэсэн. Тэгэхэд нь би уурласан
Асуулт.
    -Та гадуур гарч яваад хэзээ гэртээ ирсэн бэ?
Хариулт.
    -Долоон цагийн орчим эргэж ирсэн. Ач хүү маань унтаж байсан. Ирүүтээ орох гэсэн хаалга нь онгойгоогүй. Дуудсан. Чимээ гараагүй. Гайхахдаа тотгоор шагайж, тооноосоо унжсан байхыг харсан,
Асуулт.
    -Таны эзгүй араар танай хашаанд өөр хүн байсан уу?
Хариулт.
    -Ач хүү тэр хоёроос өөр хэн ч байгаагүй.
Асуулт.
    -Ач хүү чинь хэдэн настай вэ?
Хариулт.
    -Тавтай.
Асуулт.
    -Явахад танай ач сэрүүн байсан уу?
Хариулт.
    -Сэрүүн байсан. Нэг сонин үг хэлсэн. Хүүхдийн үгийг үг гэхэд бэрхтэй. Ач маань
    -Лхагва ахын тооноор танихгүй ахын толгой цухуйснаа намайг хараад нуугдсан гэж байсан. Юун танихгүй ах байх билээ дээ. Амиа хорлох гэж ядахдаа л тооноороо миний ирсэн үгүйг мэдэх гэсэн хэрэг биз...” гэж хурандаа уншаад хүүхдийн хэлсэн үгийг доогуур харандаагаар хичээнгүйлэн зурж анхаарлын тэмдэг хажуугийн зайнд тавиад тосгуурт хаясан ганц чүдэнзний эзэн энэ биш биз” хэмээн шивнэв.
 
Тав. Үдийн цайн цагаан холбоо барив
 
    Найдан ардаа үүд хаагдангуут сая амьсгаа авч “яах аргагүй  мөшгөж байна. Өмнө нь би тоодоггүй байж. Ай юутай аймшиг вэ? “Нүүрээ үзүүлээгүй намайг сүүдрээ гэж сана!” гэж хэлснээрээ далдаас удирдаач “бэр” маань уу? Эсхүл дайсагнагчаа гэж мэдээд мөрдөж яваа дагуул юмсан уу? Алий нь гэж мэдэх вэ? Үнэхээр нөхөр үү? Дайсан уу? хэмээн бодсоор гараар шанаа тулан өмнөх явган ширээн дээрх эмх цэгцгүй хөглөрсөн хоол ундын шавхруутай шилэн аяга таваг тэргүүтнийг ой гутсан харцаар нэгэнтээ гүйлгэн харснаа сул гараар халааснаас ширхэг тамхи сугалан гаргаж асаан бодлоо үргэлжлүүлэв.
    Авгай ч гэж авгай. Надтай таарчээ. Бас л алга. Хаана юу хийж явдаг байна. Эм хүн энэ мэт задгай байх эрээс дор юм.
    Хүүхэдгүй бол хөөгөөд явуулчихсан. Энэ яах вэ. Арга учир нь аяндаа олдоно. “Молом! Молом миний нөхөр л юм биз. Бид хоёр хэзээ сүрхий байлаа! Тэгсэн атал ойрноос яагаад сайн болов? Үг өдөөд ч байх шиг. Заавал ийм үеэр зангуу аятай наалдах гээд байдаг болчихож. Өнгөн дээр үнэнч нөхөр минь шиг байвч зүрхэнд шивэх өргөс байж  болохсон биш үү? Газар дээр ганц “сайн” дагуултай болж мөрөө мөшгүүлж ч мэднэ. Юмыг тийм гэх аргагүй ээ. Эсвэл би хэт хар санаа агуулж алдхан биеэ арчаагүй зовоож байна уу? Хаанаас даа. Хар санаа надад хэрэгтэй биш үү? Тэгвэл бодол минь түмэн зөв өө. Чамтай би гэмгүй л явъя. Гэмгүй гэдэг чинь хэн хэндээ хал балгүй гэсэн үг байхаа. Хөөрхий минь ойртох гээд оролдоод л байг! Эцэст би чинийхэд бус чи миний урхинд орох юм уу хэн мэднэ. Салахгүй явсан саяны хүн намайг дагасан гэж бодьё.
Тэгвэл эд яагаад намайг гэх болов? Бурхны нэрийг барьж андгайлсан ч би ер хий гаргаагүй байлтай билээ.
    Авсан даалгавраа алдаагүй гүйцэтгэсэн. Уурын тэргийг онхолдуулаагүй ч гэсэн энэ хэрэгт Лхагва хардагдах учиртай юмсан. Үхсэн хүнээс үг сонсоогүй л байлтай билээ. Надаас өөр хүн сэжиг өгсөн байж мэднэ. Тэгвэл хэн байх нь вэ? Хэн байх ч юу байх вэ? Дорж! Ер нь олхиогүй эр. Үгнээс зөрнө. Юу ч гэх вэ дээ? Ёстой тэнгэр нь хаясан хүн. Тийм байж хөлжих хүсэлтэй.  Түүний хүсэл хүний хүсэл бишээ. Гайгүй ээ. Хэрэгтэй үед золисонд гарах орны хүн. Удаан явах тусмаа уршиг тарих нь ихсэнэ биз. Үүнээс болж хайран юм болсон. Харамжныхаа хагасыг авч чадаагүй. Мөнгө гэгч юм үгүйсэн бол би өдийд ингэж лав зовоогүй байх аа. Гэвч сэтгэл минь мөнгөний төлөө төрчихсөн болохоор зовлон гэхийн аргагүй ээ.
    Алхаж гишгэсэн мөр минь энэ бишсэн бил үү? Үүнд юуны алдаа байна. Хүнийг гэмгүй гээд би зүгээр байх уу даа. Харин ч хэд дахин илүү хянуур болох ёстой. Зүсий нь үзээгүй далдаас удирдагчий маань ч даалгавар ийм. Үүнээс өмнө мэдсэн ч байж болох юм гэж бодож дуусаад шанаа тулсан баруун гараа бадайрсныг мэдэв. Асаасан тамхи нь ч аль хэдийнээ шатаж гүйцээд зүүн гарын долоовор дунд хуруунаа зуулт шүүрэн хэсэг үлдсэн байв. Цагаа харав.
    Хүрэн суран оосортой шармал цагны нь урт богино зүү давхарлан 12-ыг заажээ. Амьсгаа нь ч намджээ. Тэрээр урд өрөөнөө орон хойт ханан дахь авчирснаас хойш дуугаргаагүй шугамын радиог авч ширээнээ тавив.
 
Зургаа. Доржийн амь аврагдах ёстой.
 
    Хурандаа Цоохүүг тайвнаар
    -Хоёр радио станцын байрлалыг мэдсэн гэл үү? гэхэд дэд хурандаа Хүрэл
    -Гарцаагүй олсон. Та бидний таамагласан хүмүүс яах аргагүй мөн дэг ээ.
    -Тэгвэл арлын орны даалгаварт хүн нь албаны багахан тушаалынхаа цаана нүүрээ нуусан Пүрэв шив дээ? Эдний талаар бидэнд мэдэгдсэнийг тунгааваас хоорондоо уулзаагүй бололтой.
    Тэгэхлээр бидний “элч” Пүрэвээс хэтэрч чадахгүй л болов уу. Холбоочин Найдангийн сэтгэлийг харах хиргүй “толь” хэрэгтэй болох нь гэж хурандаа Цоохүүг хэлэх үес хаалга сэвхийж залуухан ахмад орж ирээд,
    -Нөхөр хурандаа, танилцуулах зүйл гээд хоёр хуудас бичгийг ширээнээ тавив.
    Сайхь залууг төдөлгүй гарсан даруйд хурандаа орхисон бичгийг гүйлгэн харснаа
    -Дэд хурандаа та сонсоно уу? Битүү харилцааны хөвөрхий үзүүрээс барьж тайлж чаджээ. Эргэлзэх аргагүй ээ. Энэ үнэн бол их ажилтай болжээ гээд
    -Бэр болооч, Пүрэвт нэвтрүүлсэн Найданы битүү үгс юусан билээ? Би давтъя. Ойлголт сайн болох биз ээ.
    “Доржид засуулсан гутлаа ялдмын аятай хүн тааралдвал яаралтай явуулна уу. Цаг хүйтэрч буйг хэлэх юун. Хөл нүцгэн гадагш гарч болохгүй байна. Нүд муудаад гарсан ч хүнтэй мөргөлдөөд байдаг боллоо гэсний нь “Доржийг хэрхэх тухай саналыг яаралтай өгнө үү?
    Байдал хүнд болж байна. Хаана л бол хүн дагах болжээ” гэж тайлжээ. Урилга болооч, Найданд таван минутын дараа Пүрэвийн нэвтрүүлсэн мөнөөх “Доржид гутлы нь засуулсан. Таван хоногийн дараа хуучны адил хүрнэ. Шил тааруул! Тэгсэн цагт хүнтэй мөргөлдөхгүй. Сарын дараа энэ үест миний дууг чи сонсох болно” гэсний нь “Доржийг хэрхэх тухайг шийдсэн. Хариуг тав хоноод хуучин газраас авч үз! Хянуур яв, сарын дараа энэ цаг мөчид надтай холбоо барь! гэж тайлжээ.
    Хурандаа дуу хураан бодлогоширч өрөөн дотроо гурвантаа холхисноо өөдөөсөө харж суугаа дэд хурандаа Хүрэлийн дэргэд хүрч,
    -Ахмадын тухайд баярлууштай, богино хугацаанд ухаан дайчилж учирт бичгийг уншиж чаджээ. Энэ талд таны сэтгэл ямар байна? гэлээ.
    -Тантай санал нийлжээ.
    -Тийм бол би ч бас хангалуун байна. Тэгээд нэгэн зүйлийн талаар таниас асууж бодол хуваалцъя. Нэгэнт та бид хоёр учирт бичгийн утгыг тайлан уншсаныг дүүрэн зөвшөөрсөн болохоор хойшид хэрхэх тухай ярилцах хэрэгтэй болжээ. Юуны өмнө миний асуух зүйл бол Доржийг хэрхэх ямар шийд гарсан болохыг та юу гэж бодож буйг мэдэх гэсэн хэрэг гэхэд
    -Миний санал гэвэл Дорж бол золионд гарах хүн.
    Байдлаас үзэхэд Найданы хувьд түүнийг ад үзэж алах гэсэн болов уу? Түүнийг удаан байлгавал уршиг болно гэхээс айсан биз ээ. Ул мөрөө мэдэгдсэн хүнийг Доржийг гэж бодсоноос зайлахгүй ээ. Үнэн нь гэхэд Дорж бус Найдан өөрөө л бидэнд ширхэг чүдэнзний мод Лхагвын үнсний тосгуурт үлдээж өөрийгөө сэдэвлүүлсэн шүү дээ. Санал гэвэл ийм байна гэв.
    -Тэгэхлээр таван хоногийн дараа Пүрэвээс авах Найдангийн даалгавар Доржийн амь насанд халтай болох нь ээ дээ.
    -Бодоход тийм л болж таарна.
    -Тэгвэл яах хэрэгтэй вэ?
    -Холдуулах хэрэгтэй.
    Даалгавар авахаас өмнө нь амжуулбал Найданд төрөх сэжиг бага биз ээ.
    “Бодож, зөвлөх хэрэгтэй юм байна. Таны саналыг Доржийн хувьд бус авгайнх нь хувьд бол би зуун хувь дэмжинэ. Хаана хэрэгтэй байгааг судлах хэрэгтэй болжээ. Нөгөөтэйгүүр юмыг яаж мэднэ. Авах даалгавар нэвтрэгдсэн ёсоор таван хоногийн дараа байх албагүй. Хараагаа хэд дахин хурцалъя. Тэр ч бас хар, хянуур хоёроо ингэсэн биз ээ. Түүнийг нэг алхахад нь би нэгээр ахиу алхаж байж угт нь хүрнэ. Нуршиж гүйцлээ. Нэг хором ч үнэ цэнэтэй болсон энэ үед хэт ярианы хэрэг үгүй гэлээ.
 
Долоо. Газар дороос гай чирэв
 
    Найдангийн орсон найман тоотоос нэг ч хүн гарсангүйд эргэлзэл төрсөн дэд хурандаа Хүрэлд “Даалгавраа эндээс аваагүй байлтай! Мэдсэн хэрэг биш байгаа” гэсэн бодол төрөв.
    Бүрий болж зуугаад алхмын цаадах гудамжны үзүүр харагдахтай үгүйтэй болох үед тэрхүү булан тойрон нэгэн хүн гарч ирэн хажуу хавиргаар зөрж шургааган хашааны сүүдэр барин явж нилээд холдоод зогсоход ахлах дэслэгч Манлайг гэж танив.
    Хүрэл түүний дэргэд очин
    -За чи энд үлд! Одоохон нэг хүн явуулна. Та хоёр найман тоотоос гарах Найданг дага. Зам зуурт гарах хүмүүс бэлэн байна уу!
    -Бэлэн болжээ.
    -Анхааруулах нэгэн зүйл буй. Гаралгүй удаж буйд нь учир бий гэлтэй. Даалгавраа авчаад байгаа юм уу хэн мэднэ. Хэрэв чингэсэн аваас бүхнийг өдрийн ярьснаар гэхэд ахлах дэслэгч Манлай ойлгосноо толгой дохин илэрхийлэв. Нөхөд нь явцгааж Манлай ирсэн нэгний хамт үлдэн хашааны сүүдэрт уусах мэт арагш налав.
Орсон хүн гарах ёстой атал гарах хүн үзэгдсэнгүй хоёр цаг болов. Дахин гучин минут өнгөрөв. 12 цагт хориод минут дутуу байхад найман тоот том хүрэн хоёр тал даамал хаалганы оньсон түгжээ мултрав. Асар удсангүй нэгэн хүн өмссөн хувцсаа монгол дээлээр солин зүс буруулсаар утас татаж хонх дуугарган гарч ирэхийг сүүдэр талын хоёр харав. Тэгснээ тэр тэрүүхэн хаалган тэнд хэсэг түдэн гудамжны хоёр тийш нэгжих мэт хэдэнтээ хараад нуруугаа бага зэрэг бөхцийлгөн үүрч зүүн тийш эргэн алхааг хурдасгав.
Түүнийг гэр өөдөө явалгүй өөр тийш зүглэсэнд ахлах дэслэгч Манлай амьсгал аван тайвширч “Юу ч болов даалгавар гарт нь ороогүй л яваа хэрэг. Тав дахь хоног өнөөдөр. Заавал мэдэгдэх учиртай. Хаанаас яаж авахыг мэдэх цаг ирж. Үгүй мөн! Бие гэж яндан! Бодол гэж хөө! Үнэр авчаагүй байлтай. Хэнэггүй байдлаар бодол цаанах догдлолоо дарах гэж яджээ. Ардаа эргэнэ гэдэг арчаагүйн тэмдэг болохоор аль болохоор тайван байх гэдэг нь ч аргагүй ээ гэж алхах зуур бодож явна. Тэр Ганданы хүр дор хүрээд сая эргэн нэгэнтээ харан цааш явсаар өндөр Жанрайсагийн өмнө бие дэх сүмийн зүүн талын саравчин доорх хүрдэн тэнд очоод маанийн зургаан үсгийг нэг нэгээр сийлсэн зургаан талыг мараар эргүүлэн нар зөв тойрч гаднах өнгөц харсан хүнд шөнө дөлийн сүжигтэн мэт дүр үзүүлэх зуур хүрдэн доорх шамлаж нугалсан ирмэгт хавчуулаастай цаасыг сурмаг гэгч нь сугалан, тэр чигээр ирсэн замаар буцаж алхахад Манлай нөхрийн хамт дөт газраар зам буруулан дагацгаав.
    Түүнийг байрын ойролцоо ирэх үеэс арын гудамжинд гэв гэнэт эмэгтэй хүний бачимдсан дуун хангинаж
    -Үгүй, яасан ч үгүй, яавал ч яа гэх сонсдов. Энэ чимээнээр хавь орчмын хүмүүс дуг нойрон дундаас сэрж юу болж буйг гайхах бололтой, айлуудын тооноор гэрэл гарч, хэрэгт дурласан хүмүүс гүйлдэн тэр зүгт очиж ч байх янзтайд Найдан гайхан гэр өөд яарсан алхаа нь саарч хэсэг зогсов. Тэгтэл нэгэн хүн хэрэг мандсан гудам тойрон гарч ирээд хүнд гуталтай хөлөөр пид пад хийлгэн замын нөгөө талаар гүйн эсрэг гудамж ороон харанхуй өөд уусан одов.
    Удсангүй сайхь хүний сандарч гарч ирсэн мөрөөр сэргийлэгчийн хувцастай өндөр цагдаа үс сэгсгэр, хувцас хунар задайсан эмэгтэйн хамт үзэгдэхэд эргэн байр өөд алхтал
    -Та хүлээгээрэй! гэх тушаангуй дуун сонсдов.
    Найдан яагаад ч юм зогтусан Ганданы хүрднээс эхэлж гартаа атгасан бичигтэй цаасыг сая өмдний халаасанд хийж
    -Газар доороос гай чирэв үү гэж шивнэж байхад “Тушаал бол тушуул! Ингэхийн учир юунд бол! Энэ лав учирт хүн буй заа. Эс тэгвэл иргэн хүнийг хаанаас зүгээр явахад нь журамлах аж” гэж сэргийлэгчийн хувцас өмссөн бага дэслэгч ирэх замдаа бодов.
 
Найм. Зуруул ч байнаа, чүдэнз л харин байхгүй дээ
 
    Түрүүч хонхон дуу гарахуйд театрын доторхи толины тэнд түмнээс зайдуу бодол хэлхэн зогсох Пүрэв хүмүүсийн түрүүнд шахам босго алхан үзвэрийн их танхимнаа орж дунд хир дэх суудлын голыг барин хойд хэсэгт суув. Танхим дотроос хоёр хүний дөрвөн нүд өөрий нь ажиглан ширтэж буйг тэр үл анзаарав. Тэр дэргэдээ хүн ирж амаа таглаж зөөлөн ханиан
    -Цаад суудалд чинь суух юмсан гэхийг хүлээнэ. Удалгүй гэрэл унтарч ший гарахад учраат хүнээ ирэхийг больж гэж санаад бодол болов.
    -Аа Пүрэв минь! Чамд юу гэх билээ дээ! Чи ургах наран зүг өөд хүзүүг долоо болгон халзан тэргүүнээ бөхийлгэж унах ашгийн төлөөнөө сэтгэл хувиргахын хэрэг юусан байлаа!
    Эрхгүй, энэ орны иргэн биш үү. Гэтэл одоо өөрөө өөртөө ч итгэл хөсөртөж, байн байсаар биеэсээ ч юмыг нуух болжээ. Бие энд ч нэрний бүртгэл алс тэндэх арлын орны хүн амны дансанд гэл үү! Хэдэн жилийн урьд өвчний хүндэд дийлдсэн “хүн надад халдаагүй байхад хүнд би халдахгүй.  Хүнийг надад халдвал, би түүнд халдана” бодолт тэр оронд миний адил мөнгөнөөс худалдагдан энд шивээлсэн түүний “Амаа хамхиж мөрөө харж яв” гэсэн захиасаар эх нутгийнхаа шороог харь хүний сэтгэлээр хөдөлгөж өдийг хүргэж өндөр тушаал дор нүүрэн өнгөө миний хумс мэт нуухын хэрэг байсан гэх үү?
    Түүний гай, мөнгөнд унасан сэтгэлээс болж хоёр орны алинд ч үгүй явж сэтгэл амаргүй насан хуних үйлэн гүнд унагаажээ.
    Ай эргэн хургах сэтгэл байвч айн түгших нь аймшиг!
    Үнэхээрийн аргалах арга чарга барагдсан юмсан уу. Авилган зан гаргах аваас миний мэт энд даалгавартай мэндийн төдий уулзах агшинд алдхан биенд аюул хүргэж буй за.
    Эмээх юм энэ. Ингэж байж эх орондоо яаж эргэн хургах билээ?
    Пүрэв минь дээ! Жамцаас чухал хэргийн зүйлээ аваад аюулд хөтөлж болзошгүй “андуудынхаа” алсыг харж нэгийг нь нөгөөгөөр цохиулж нэгэн хэсэгтэй амар явбал таарна.
    Хоёрхон сарын дараа ирэх харь элэгтэнд цуглуулж хуримтлуулсан зүйлээ өгч юу л болно, болго, холд л одож яс хагацахын мөн больё гэж бодсоноо сүүдэр шийг төгсөхөд яарамгүй гарав.
    ...Хошууч Жамц хэсэг яваад хувийн хашаатнуудын гудамж ороон алхтал хажуу хашааны дотор булангийн харанхуйгаас хэн нэгэн
    -Бүү хөдөл! гэж захирав. Тэгснээ
    -Эрхэм минь! Эргэх эрхгүй ээ. Хөдөлбөл буудна гэж нэмж хэллээ. Агшин төдий юу билээ хэмээн гайхвал хөлийн чимээ наашилж хойно нь хүрч ирээд
    -Зуруул байна уу гэж асуулаа.
    Жамцын хэдхэн хормын өмнөх гайхал хийсэх адил арилж дотор уужрахад “Золиг оргимор чинь зам тосчээ” гэж бодуут
    -Зуруул ч байнаа. Чүдэнз нь л харин байхгүй дээ гэхэд
    -Зуруул нь байвал ширхэг чүдэнзий нь би аргална гээд Жамцаас хайрцгийг авангаа нөгөө гараар халаасан дахь хайрцагтай тамхиа гарган
    -Ховорхон тамхины утааг үнэрлэ! Хоёрхон юм хэмээн сарвайв.
    Пүрэв зуусан тамхиа асаахад Жамц асааж харагдсангүй. Хоёр тийш салцгаав. Жамц гэртээ ирээд “ховорхон тамхины” ишин тэндээс эвхээтэй цаас гарган “Дараагийн даалгаврыг гурав унтсаны хойно оройн арван цагт Их сургуулийн өмнөх хоёр чулуун арслангийн зүүн гар талын аман хөндийн бөөрөнхий чулуун доороос ав. Хариуг хоногийн дараа мөн газраа хий” гэсэн бичээсийг гүйлгэн харав. Харин Пүрэвийн хөдлөх гишгэх бүрий алдалгүй харуулдсан хэдэн нүд гэрий нь гадна хүргэж өглөө.
 
Ес. Эхнэр нэрт эмийн нүднээс холдъе
 
    Найдан зүйл бүрээр эсэргүүцэж зүсэн бүрийн үг хэлсэн гэвч дарга бууж өгсөнгүй учир арга буюу амрахыг зөвшөөрч толгой дохиход хүрэв. Түүний өвөл цагийн хүйтэнд амрахыг үл хүсдэг нь аргагүй байлаа. Ноднин тэр мөн л иймэрхүү цагаар муу амарсан аж.
    Даргын амнаас амруулах шийд сонссоноос хойш ажил хийсэнгүй. Хий л сэтгэл донголзож хэдэн өрөөний хооронд холхин, хатуу тамхины утаанд манартсаар орой болгов.     Гадагш гаран явахдаа ч түрүүчийн бодол үргэлжлүүлж яагаад намайг заавал амраах гэж зүтгэнэ вэ? Аятай цагтаа амраана гэж ам гарч байсан нь саяхан сан. Гэтэл хэлсэн үгээ хилс болгодог байх нь ээ. Дарга хүнд даанч  зохимгүй. Яана гэхэв хэмээн санагалзан уруу царайлан явсаар санамсаргүй Моломыг хараад яаснаа мэдсэнгүй, нэг л мэдэхнээ дуудчихсан байв. Молом нилээн зайтайгаас нааш алхах зуур
    -Чамтай уулзахын түүс болж байсан юмсан. Гэтэл сайн нөхрийн санаа ариун, өөрөө дуудлаа гэсээр дэргэд ирүүт гар барингаа нөгөө гараар эвхээтэй цаас сарвайн
    -Дорж өгчихөөрэй гэсэн юм гэв. Найдан тэрхэн агшинд бодолхийлэн
    -Дорж ий? гэж гайхахад Молом үнэн санаанаас
    -Авааль гэргийгээ мартах нь халаг болжээ гэж алиална.
    -За за, маягласан юм. Салж чадахгүй эр эм хоёр шиг сарын өмнө уулзсан хирнээ саналаа барилаа гээ биз. Нялуун монди. Даанч хоёр эр  амьдран суух хорвоогийн жам үгүйсэн гээд хариу хошигнох янзтай хол хөндий инээмсэглэв.
    -Өчигдөр орой гэр орноор нь үдэж өгөх гэж сандарлаа.
    -Юу яриад байна?
    -Ойлгоогүй бол наадахаа уншаарай! За тэр яахав. Дорж гэрээрээ Архангай аймагт шилжсэн. Авгайн мэргэжил тэнд хэрэгтэй юм байх. Чамтай уулзаж завдсангүй гэж ярьж байна билээ.
    -Тийм бий. Юун ч түргэн юм билээ. Юманд хөөгдсөн юм шиг.
    -Худал хэлэх хүнд өдөртөө шийдээд өдөртөө хөдөлсөн. Завтайсан бол чамтай зам дагуу жаал явахсан. Өчигдөр оройтсон. Өнөөдөр давтах нь хаашаа юм.
    -Авгай хүүхэдтэй хүн аргагүй биз!
    -Юмгүй юм шиг юунд тэгдэг юм бэ? Зайлуул тэдний чинь заяа гомдоно. За баяртай. Тухлах цаг зөндөө бий биз.
    -Баяртай.
    Тэр эвхээстэй цаасыг дэлгэн бичгийг гүйлгэн харснаа залуу хүний замын хүзүү урт. Уулзаж болох гэнэ шүү. Өөрийгөө залууд тооцдоггүй байлтай. Зүйр цэцнийг ч зөв хэрэглэчихгүй байж ингэхийн хэрэг юу. Авгайн ажил... гэнэ. Ховор мэргэжлийн хатагтайн нөхөр гэдгийг одоо мэдлээ. Бичиг цаасны л ажил юм биз. Мэргэжил шүү юмныхаа дагуу ажлаа олоогүй авгай түүний нь аз гэлтэй. Яана гэх вэ? Доноголзсон дотор онгойх шиг. Бөөн хар юм бөглөрч тэвдсэн юмсан.
    Золионы хүнийг заяа аварчээ. Хэд хоног ч мэнд мэлтийх хувьтай аж. Байдлыг харзная. Болмооргүй бол тэр газрын тээр болох юу байх вэ? Хоёр удаа даалгавар хөсөртөв. Энэ удаагийнх миний муугаас болсонгүй. Үнэн болохоор учир олдоно биз ээ. Гэвч хоёр гар тосон авах унах шанд гордилтгүй болжээ. Хүн надтай уулзах гэж хүсэн ярьж заванд хавчигдан шогширч байхад миний байгаа энэ гэж бодоод үүдний түгжээ тайлах зуурт
    -Хэдэн хоног ч болов хээгээ барсан эхнэр нэртэй эмийн нүднээс хол далд оръё. Амрахын мөр амралтанд нь явья! Ямар байдгий нь үзье. Бас л тэнэж гэж шивнэв.
 
Арав. Та байжээ
 
    Нацагмаа Найданг харуутаа хэргээр сөхрөв.
    Хэдхэн алхмын өмнө явсан бүсгүйг зам хөндөлдөн, эвхрэн суухад Найдан сандран дэргэд нь хүрч сугадан
    -Та яав? гэв. Бүсгүй тус болсон хүний өөдөөс ширтэн гайхаж
    -Та байжээ. Миний аз түшиж! Гэнэтэд дотор бачуурч нүд харанхуйлаад... Халтиргаат замд золтой л дугуйн нөхөөс болох дөхлөө. Дэмий бодол дотор багтсангүй, дөнгөх шахав хэмээх ядуухан дуун гонгинов. Сайн ажвал энэ өглөө амралтанд явахаар нэрээ бичүүлж мөнгөө тушааж тааралдсан зүс мэдэх болсон эмэгтэй байв.
    -Дэмий бодол дотор багтсангүй гэв үү? !
    -Тиймээ
    -Юу гэсэн үг вэ? Сандал ойрт саатна уу?
    -Тэнхээ ирвэл танд тайлж олныг ярих санж. Холын хүн хоёр алхам ч дөхөе.
    -Хөлсний унаагаар дөхүүлэх үү?
    -Больё, больё.
    Түрүүчийг бодвол дотор бөглөө жаахан гайгүй ээ. Нөхрийн муу хүнийг алах аж. Архичин хүний авгайн түгшүүрийг ганц би мэднэ гэвэл гайхах биз. Хувь зохиол иймээс хойш харамсаад ч яах юм билээ.  Түүнээс өөр түших сайн нөхөр түм буман эрчүүд та нарын дотроос надад олдсонгүй. Та бод л доо. Би муу ч гэсэн муухай ч гэлээ хүн байгаа биз дээ. Гэтэл эр нөхөр маань эхнэр надаас илүүд гашуун ундааныг гэдэг болжээ.
    Гэрээсээ хэд хоногийн өмнө гарсан. Бараа нь харагдсангүй, бодолд унагалаа гэж нөхрийн талаар гомдоллоход “Эрээс би, эмээс чи адил санж. Гутал өрөөснөө олов уу” гэж бодон өр халаглав.
    -Таны ажил хаана вэ?
    -Танилцсан хойно хэлэлгүй дээ.
    -Тэгээд хэлээч?
    -Холбоонд
    -Холбооны чухам хаана нь вэ?
    -Хот хоорондын залгаанд
    -Сайхан танилцаанд саад болсон нэгийг асуух уу?
    -Бололгүй яана гэж.
    -Алдар хэнсэн билээ? !
    -Арга байж уу. Хэлэхээ мартаж
    -Өглөө уг нь сонссон юмсан. Миний мартамхайг юу гэж санана. Мөчийн өмнөхийг ч мэдэхгүй болчихдог хүн.
    -Заримдаа л биз дээ.
    -Яг тийм, яаж мэдээв?
    -Би үүнийг бас мэднэ. Тэгэхлээр өмнө нь өөрийн тань алдрыг сонсож болох уу.
    -Нэр Найдан, за таных?
    -Нацагмаа.
    -Эр нэрэн дээр эм төгсгөл. Тогтож болох нэг аж.
    -Таных ч гэсэн ялгалгүй.
    -Дараагийн асуулт! Гэр хаана вэ?
    -Уулзуут холд гэсэн байх аа
    -Чухамдаа? !...
    -Хойшлох тутам тодорхой хариу авах гээд байвал хэцүү болох нь ээ.
    -Эмээж байгаа эмэгтэй хүнийг шавдаад ч яахав. Болгоомж, бүсгүй та нарт хэрэгтэй ээ!
    -Баярлалаа. Ахын захиас гэх үү?
    -Хүсвэл, анд найзын захиас ч гэж бодож болох юм.
    -Баярласан бол би таныг хариуд нь дөхүүлж өгье.
    -Ардаа ажил төрөлгүй аажуу уужуу амьсгаатай бол хүний сайхан сэтгэлийг хөсөр гишгэх юун. Авгай бидний ааш хэцүү. Цааш яривал заасан, сургасан болно.
    -Надад зоволтгүй. Эхнэр нэрт эм л байдаг.
    -Хүүхэд?
    -Хүүхэд авгайн талаас ам тосолдог. Аав ээжээ бараг танихгүй. Өлссөн цагтаа эхийгээ таньдаг. Арга ч үгүй байж уу даа. Эм хүн эмдээ л биз гэснээ эмэгтэйг уруу харуут нэгийг сэтгэн
    -Эвгүйцэв үү? зан мэдэхгүйд ам ийм гэхэд бүсгүй яаран
    -Үгүй үгүй гээд ялдамхан хүслийн инээмсэглэл чулуудав. Найдан “Яриан өнгө, ялдам инээмсэглэлд хонохын хувь байгаа ажээ. Гэвч нүүрэмгий энэтэй нөхөрлөх хүн нь би мөн үү? гэж болгоомжилно.

Арван нэг. Чоноос хүнээ хамгаал
 
    Энэ удаад хурандаа, дэд хурандаа хоёр чухлыг зөвлөх тул зэрэгцэн сууцгаажээ. Хурандаа хэсэг зуур бодолд орлоо. Тагнуул албаны орлогч дэд хурандаагийн
    -Бидний судалгаа муудсангүй гэсэн дүгнэлт үг түүнийг ийнхүү бодлын гүнд оруулжээ. Хурандаа Цоохүү “Хүрэлийн хэлсэн үгээ! Үсэн буурал болтлоо үзсэн шалгасан нь үнэтэй. Ирэхэд ийм л хүн байсан. Бодсон санаснаа буруу гэж эмээлгүй хэлж зөвийг сонсож, бурууг хүлээх нь хашир энэний сайн тал аа”. Үнэхээр ч бидний судалгаа муудсангүй ээ. Түүн дээр дэслэгч Нацагмаагийн өөг ашиглаж өдөж гогдон үүргээ биелүүлсэн сайн тус үлэмж ээ. Болдог газар, цагт нь боломжийн сөрөгчөө тавьж давхар харуулдан сахиж Найданы сэтгэлийн чанад нууцлагдсан цоожит зүйлд нэвтрэв гэж бодоод,
    -Найдантай уулзах төлөвлөгөөг хийж өглөө гэхэд үзүүл! гэхэд дэд хурандаа Хүрэл босож “Өөр анхаарах зүйл нэгийг сануулъя! Хоногийн өмнө эрдмийн их сургуулийн үүдийг сахиа хоёр чулуун арслангийн нэгний амны хөндийн бөөрөнхий боржин доороос даалгавар авсан Жамц маргааш орой Найдантай учрах биш үү? Найданы орны гудсан завсрах гар бууг ажиллагаагүй болго. Чоноос хүнээ хамгаал” гэсэн хурандаагийн эхэнд сануулсан үгийг нэхсээр үүдэн тийш алхжээ.
    Ийнхүү даргын тушаалыг орлогч нь бодол дундаа нууцгай давтжээ.
 
Арван хоёр. Ташаарсангүй ээ
 
    Найдан орж ирүүтээ өрөөн доторхоо дур гутсан харцаар огцом гүйлгэн “айл л юм байх. Нэрнээс хэтрэх юу буй. Гахай ч ийм оронд байхааргүй болжээ. Цаг өөрчлөгдсөн атал чи ийм” гэж бодсоор гудамд сандруу уулзаж  чухал ажлын учир цаг харж яарч, хоногийн дараа авахаар Нацагмаагийн өгсөн ногоон утсан торонд хийсэн хэдэн тооны цаасан гэрт чийдэнгийн шил, сурагчийн бэхийн савыг хагалчихаас болгоомжлон номын тавиурт тавилаа. Чийдэнгийн шил! Шатвал хэрэглэх юм биз. Чернилийн сав! Ховор болохоор гарсан дээр нь гээ биз! Хүүхэд сургуульд хойно хир ээ” гэж бодоод өнгөрчээ. Тэр гал асааж хоёрын цагаан савны талаар ус хийн, хэд хоносон махнаас үйх зуураа гэрийн хоол идэлгүй уджээ. Эхнэргүй эр бүгд ийм болов уу гэж санан гар угааж, буцлах хирд гоймонгоор амарчилж, амтан сулыг цуугаар даран хооллож Жамцыг хүлээн хажуулав.
    Хажуулах хооронд бас л бодол боллоо. “Нийслэлд суугаа далд түүний хоёр ч даалгаврыг хөсөр гишиглээ. Нүүрээ үзүүлээгүй намайг сүүдрээ гэж сана! Эхэлж сануулсан үг нь энэ. Хэлсэн үг энэнээс хойш биелүүлж болоогүйн учрыг хараа байлгүй. Энэ удаа бүтэн бизээ. Нүүрээ л барахгүй бол нүглийн гайг яамай гэлтэй. Ашгүй бие тайван. Амь бүрэлгэхээсээ үл айжээ. Далдаас удирдагчийн эчнээ өгсөн бууны дуу сул, алгадах төдий сонсогддог гэдэг бил үү? Ай, алгадах төдий дуугий нь өнөө анхлан сонсох учир байжээ. Амь тавьсан биеий нь ачиж, булах газар хүргэх машин гадна ирж гурван удаа хаазлах гэл үү? Жолооч танихгүй. Болдог л байх даа” гэсэн бодлыг хаалганы доод хэсэгт хөлөөр нэг удаан, хоёр түргэн өшиглөх дуун таслав.
    “Нэг удаан, хоёр түргэн дуулдав уу даа. Хаалга өшиглөх хачин зэрлэг ээ. Гэвч дохио болохоор дотор гайгүй ээ” гэж шивнэн оньсыг мултлан орж ирсэн Жамцтай халаасан дахь буутай гараа гарган учрав.
    -Та яаж байна аа?
    -Эргэлзэх хэрэггүй. Энэ бол даалгавар гэхдээ бууны гохыг дарсан боловч дуун гарсангүй.
    -Үхэх цаг болоогүй ажээ. Цэнэгт буу эс авалцвал өршөөл тэр биз дээ.
    -Гайхалтай юм даа. Эвдэрсэн юм өгөөгүй л байлтай даа. Далд түүнд би л нүүрээ барж, зургаан удаагийн даалгаврын гурав нь бүтсэнгүй.
    -Уулзах хэрэг энэ бол би явья!
    -Тэгэхээс дээ.
    Хэрэг иймээс яана гэхэв. Алах гэсэн ч аз түшүүлсэн болохоор амарч нойрсохыг хүсэх үү дээ.
    Жамцыг гарахад ард нь хаалга хаагдаж нууц цоожноо түлхүүр эргэв. Жамцад Найдантай өөрийгөө уулзуулах гэсний цаад учир Пүрэвийн санаснаар юу байсныг сайтар ухаарч, өнгөн сайны цаана өргөс хадгална гэдэг энэ ажээ гэсэн түүний бодол тулан зогсох хүнийг хараад сарнилаа.
    -Нөхөр хошуучийн амрыг эрье!
    -Та эдэнтэй бас мэндлээрэй!
    -Бид эндүүрсэн байж болно. Тэгвэл уучлаарай.
    Гайхвал, гурван талд гурван хүн зогсчээ.
Өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын хорины хорин хоёр цаг дөчин минутанд хувийн хашаатны гудамжинд Пүрэвтэй уулзаж чүдэнзний хайрцаг дамжуулсан Жамц гэгч та байх аа гэж инээмсэглэхэд
    -Та ташаарсангүй ээ гээд хэдэн сарын өмнө Пүрэвээс авсан даалгавраа саналаа. Түүнээс “Миний бие жилийн дараа буцах гэж хугацаалсан тул хэнд ч хэлж үл болно.     Байдал ийм болсон учир Жамц чи миний харих хүртэлх хэдэн сарын хугацаанд ажил явдалдаа сайтар чармайн урьд хэлэлцсэн ёсоор эрүүл сайн сууж байхыг гуйяа. Явахаас хоёр сарын өмнө талбайн баруунтайх театрт уулзана. Уулзах өдөр арван нэгдүгээр сарын хорин, цаг хорин хоёр. Хадгалж байсан нүдний шилийг минь хагалчихаас болгоомжлон авчрахыг мэдээрэй. Дахин уулзахгүй дээрээ хөрөнгөө авах гэж шаардсанд минь гайхах хэрэггүй ээ” гэсэн даалгавар авч тэр дагуу цэргийн холбогдолтой зүйлсийн зураг буусан хальсыг хуурмаг бүтээж мөнөөхөн товлосон өдөр цагтаа тохь алдах шахам байж өгсөн агшнаа түдэн дурсаж түрүүч үгээ давтан
    -Хэд хоновол Пүрэв зүсэн бууруулах болов уу даа гэв.
 
Арван гурав. Сайн бүхэнд Пүрэв даргын хувь бий
 
    “Дарга” гэсэн хаягтай өрөөний хаалгыг итгэл багатай татаж орох зөвшөөрөл эрсэн охиныг Пүрэв дарга босон хүндэлж, баяртай угтлаа. Тэгэхэд л орохыг хүлээн гадна зогсохдоо тарах цаг хэдийнээ өнгөрөөд байхад хүлээн авахгүй буцаах буй гэсэн охины бодол ондооноор солигджээ. Ажиллах тэмүүлэлт, охин түүнийг сандалнаа суусан дараа эелдэгхэнээр
    -За дүү минь ирсэн нь сайн болжээ. Хөөцөлдсөн хэрэг бүтжээ. Бид ярилцаад чамайг ажилд авахаар шийдсэн. Анхлан ирэхэд чинь авчихаж болох л байсан. Чи даанч бага жаахан шүү дээ. Нас бага ч хүслийн сайхныг бодлоо. Үгүйдээ арван зургаа хүрэг гэж ажилд авалгүй  хүлээлгэсэн юм. Орохын өмнө чинь гарсан залуу энд орохдоо ийм л үг сонсчээ. Гэтэл тэр ажил хөнгөвчлөх аятайхан санаа сэджээ. Түүнээ танилцуулаад баяртай гарч буй нь тэр. Залуус та нарын санах нь хүртэл хурц, хийх нь хүртэл биднээс хурдан ажээ. Захих юм ажил л сайн хийнэ шүү. Ажил сайн хийвэл амьдралд учир буй. Маргааш өглөөнөөс ажилчин болно. Хүсэл тэмүүллийнхээ эцсийг үзэхэд хэдхэн цаг үлджээ.
    Өглөө ирүүт Хас гуай дээрээ гүйгээд ороорой! гээд толгойг иллээ.
    Чухам энэ л үгийг дуулах гэж хоног тоолон хүлээж хаалга сахисан охиныг гарахад үзэж байгаад орхисон хүснэгт дүүрэн тоог нарийвчлан хянаж эхэлжээ. Хянасан эцэст “үнэхээр гар нийлсэн нэгэн хүн мэт улс гэлтэй! Нэгэн жилд, “бүтэн жил, дээр нь дараа оны эхэн улирлын ажлыг хийчихжээ. Он гараад удаагүй өдийд хоёр дахь улирлын ажлаа нугалжээ. Эдний маань нөр хөдөлмөр намайг татаж яваа юм. Аашны сайнд маань ажилчдын ам надад сайн аж. Маргааш засварын цехээр оръё. Оролгүй удлаа. Удах ч гэж дээ, долоо л хонож. Сэтгэлд минь удсан санагджээ. Засварчдынхаа ажил байдал, үйлчлэх тэргийг шалгаж танилцъя. Хэсгийн дарга нар, инженер механикуудтайгаа уулзах учир бас бий. Хоцорч болох ажлыг сайжруулах талаар ярилцахгүй бол болохгүй нь бололтой гэж ирсээр удаагүй ч хэлэх үгтэй, хийсэн ажлын дүнтэй Пүрэв дарга боджээ.
    Пүрэв даргын таван цагтаа тарах нь тун цөөн. Уулзах хүнтэй уулзаж байх л янзтай. Ярилцах зүйлийг ярьж сална. Ажил бүтвэл амралт тэр.
 
Арван дөрөв. Бэрийг даарна гээд бид замаасаа буцаасан
 
    “Хорин таванд уулзах “зочин” ажил эрсэн хүн болж ирнэ. Ажвал надад талтай байдал илэрнэ. Хэдэн жил хоёр газар хадгалсан тал зоос нийлж, бүтэн болж уулзана. Тэр болтол арав хоног. Бас л ажил мэт санагдах нь юу вэ? Хүн гэж хүн л юм. Яаж ийж арав хоноё. Хоносон хойно учир буй. Уулзсан дараа амрах буй. Тэгээд элдэв бодол үгүй явж болно уу, үгүй юу? ! Ирэх хүн л энэнийг шийдэж” гэж санаснаа бугуйн цагаа харж “Болзсон цагт гучин минут дутуу болжээ.
    Тасган овоо нилээд холоо. Явсаар байтал таарна байх аа. Найдан чи намайг харахсан гэж хүсдэг гэл үү? Уг нь чи бидэн олон удаа нүүр тулан мэнд устай явдаг нөхөдсөн. Гэвч чи тэрнийг Пүрэв даргаа гэж яахан мэднэ. Хэдэн мөчийн дараа дарга ажилтан хоёр хээр нүүр нүүрээ харах дөхжээ. Хараад би биш, чи гайхах буй! Зүүд зэрэглээ шиг сонин санагдах нь зүй буй заа. Заяа зохиол нь цаанаас миний гарт зурагдсан хойно яая гэх вэ? Дарга болсон дараахан чи ажилд аваач гэж хошуу сунган авсан дараа ачийг чинь яаж ч хариулсан чадна гэсэн сэтгэлийн үг нүүрэн дээр чинь бичээстэй байсан сан. Энэ бичгийг үзсэн даруй сонирхоод үзье. Надад хэрэг болж юун гэж бодсон нь бодлоор болжээ.
    Чиний хөнгөн хийсвэр, аймхай хирнээ шийдмэг зальжин занд би шохоорхжээ. Тэгээд ч ажилд орууллаа. Оруулсан оройгоо давхар өөрийн болголоо. Хэлсэн ёсоороо ч таван жил шахам сүүдэр шиг дагаж эчнээ ажлыг чинь далдаас үнэллээ. Сүүлийн үес санаачлага харьж даалгавар эс биелүүлэн итгэл ч эвджээ. Ажлаа бүтээлгэх гэж амралтыг чинь ч олгож байлаа. Гэвч хожмын ажилд хэрэг болох найдвар мөхөсджээ. Аюулт цагт амь эрдэнэ ээ. Ажлын бүтээл мууд чиний салан нөлөөлж санаа буруутанд би сэжиглэгдэж эхэллээ” гэж бодон буутай өмдний халаасаа гаднаас даран хувцасны өлгүүрээд очиж дулаалан гадагш гарав. Хүйтэн салхи сэвэлзэнэ. Шөнө дөлөөс хойш цасаар шуурах шинж орж тэнгэр баруугаар  бараалжээ.
    Пүрэвийн дотор “уулзах нь ч уулзаж, хойно нь сэрдэгдэхээргүй хороох юмсан. Дараа нь Жамц, Дорж хоёрыг аргалж болох бий. Дорж ч бас миний зүс зүслээгүй хүн, Жамц өдийд аль нэгэн газар эсрэг бодолтой суугаа даа. Үйлсгүй хүний тарих гай их ажээ. Гайт Найданы дараагаар өөрөө ч гэлээ хөөцөлдөж Жамцыг гарзанд эс гаргавал эсрэг босож мэднэ. Илчлэх нь ч арай үгүй биз ээ. Өөрийгөө бодох байлгүй.
    Бодол цаана нь хувиа гэсэн үзэл буйд би нэвтрэн хүрсэн биш үү? Гэвч үүнд тайвшрах аргагүй” гэж бодон явсаар өндөр хоршооны булангаас гэнэтэд гарч ирсэн хоёрт хүчин мөхөсдөв.
    -Бодол таны болгоомжийг алдуулжээ.
    -Тэглээ. Та нар зөв л таниа байх даа? !
    -Юу ч болов. Тасган овоо дахь шөнө дөлийн уулзалтанд таныг болиулаад, бид өөрснөө “хуриманд уригдлаа”. Хүйтэнд Хуримсын “бэр” зочдоо хүлээж гэртээ байсан нь дээр гээд дэргэд ирж зогссон суудлын тэргээд заав. Дэд хурандаа Хүрэл дэргэдэх хоёрт хандаж
    -Бид ч хөдөлье, та нар ч явж үз! Уулзах цагт арван нэгэн минут дутуу байна гэв.
    Нохой аятай ойр ойр дөрөв дуугарахад Найдан цагаа харан,
    -Яг болжээ гэж шивнэн “Цаг харах төдийд гар чичрэв үү дээ. Эсхүл таван жил шахам нүүрээ эс үзүүлсэн хүнийг харах болоод тэр үү? Дуун баргилыг бодвол сүрлэг эр буй!     Сүрлэг эрийн гарт хувь заяа минь багтжээ. Аягүй л бол алах биз. Жамцыг надаар алуулах гэсэн хүний бодолд энэ ч лав багтаа вий бий! Өрсөх арга бийсэн үү, үгүй юү? Янзыг харъя. Уг нь даалгаврын голыг биелүүлсэн дээ” гэж бодон түрүүч дууг тэр янзаар хариу давтаж босоод алхахуй өөдөөс нь бас нэгэн хүн алхаж явдал дунд гал гарган тамхи асаав. Үйлдэл хийж өөдөөс ирэх хүн өөд очихдоо түүний хийсэн зүйлийг давтах ёсоор давтан алхмын төдий өөд өөдөөс харж зогссон ахлах дэслэгч Манлайн нүүрэн талыг зүслээд
    -Харсан бол эргээрэй! Тагнуулч хүнд удаан хардаг учир үгүй ээ. Таньсан бол аз гэхэд нь Найдан эргэн “Их үзсэн зүсээ. Эхэнд анхааруулсан энэний үг үнэн аж. Үнэхээр ч сүүдэр мэт дагаж сэтгэл хуваагч “бэр” мөн гэж бодов. Найданы хойно нэр үл мэдэх зүс олонтоо харсан сайхь эр тулж ирэн
    -Гар цайлгана уу? гэхэд гадуур хувцасны халаасан чанадаас буугаа гарган арагш сарвайж, сул гарыг адилхан сунгахад бууг авсан хирнээ өөрийн бууг солилцсонгүйд гайхлаа. Гайхлын дунд
    -Хурим та эндүүрчээ. Учрах хүн чинь бид биш ээ. Бэрийг даарна гээд бид замаас буцаасан гэлээ.