Г.Дүйхэржав-Домогт хүний нэг

/Монгол тагнуулчдын домогт нэгэн Далантайн Өлзийбатын тухай өгүүлнэ./

Түүхийн хуудсыг сөхөхөд эх орон, ард түмнийхээ аз жаргал, эр чөлөөний төлөө хүч хөдөлмөр, оюун ухаан, амь насаа зориулсан баатарлаг хүмүүс хэдэн арваар байдгийн зарим нь ч тодорхой, зарим нь төдий тодорхойгүй байдаг билээ.
    Нүүр учирч танилцаагүй ч гэсэн ахмад үеийнхний ам дамжин үлгэрийн баатар мэт яригдаж чихэнд хоногшсон нэгэн хүний намтраас өчүүхэн төдийг уншигч олондоо толилуулахаар хуудсыг сөхөхөд,
 
                                                                            БНМАУ
                                                                  Сайд нарын Зөвлөл
                                                                              ¹63
 
                                                           /1934/ 24 он 2 сарын 30 өдөр
                                                                       Улаанбаатар хот
 
    Нөхөр Өлзийбатын бие болбаас анх 12 дугаар оноос эхлэн үндэсний улаан цэргийн албаныг хааснаас гадна тус Улсын Бага Хурлын ба Хувьсгалт Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн орлогч гишүүн бөгөөд 22 дугаар оноос эхлэн Хувьсгалт Цэргийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Бүх Цэргийн жанжны орлогч, Улс Төрийн Газрын даргын тушаалыг хүлээсэн агаад нөхөр Өлзийбат болбол анхнаас эхлэн үндэсний хувьсгалт улаан цэргийн дотор нам улс төрийн ба аж ахуйн болон захиргааны талын хариуцлагатай тушаал үүргүүдийг удаа дараалан хүлээж, үндэсний хувьсгалт улаан цэргийг улс төр ба байлдааны бэлтгэл хийгээд аж ахуйн талаар сургаж хүмүүжүүлэх бас улс орныг баталж хамгаалах их хэрэгт үлэмжхэн тус бүтээлүүдийг хийж чадсан амуй.
    Нөхөр Өлзийбат болваас өөрийн захирсан дарга, улс төрийн ажилчин хийгээд нийтэд хүндтэй болохын дээр үндэсний хувьсгалт засаг төр ба монголын олон түмэн ардын эрх чөлөөт байдлыг устгах зорилготойгоор удаа дараагаар тэрсэлж гарсан хувьсгалын эсэргүү дайсан этгээдүүдтэй эрс хатуугаар баатарлагаар байлдаж агаад хувьсгалт улс төр, олон түмэн ардаа батлан хамгаалж чадсан онц гавьяа бүтээлүүдийг тэмдэглэн улсаас хоёр удаа Гавьяаны нэг ба хоёр дугаар одон тэмдгээр шагнагдсан бөлгөө.
    Эдүгээ улсаас нөхөр Өлзийбатын биеийг Зөвлөлт засагт Холбоот Улсад сургуульд явуулж нөхрийн байлдааны ба улс төр болон аливаа сурлага эрдмийг улам нэмэгдүүлэхийн төлөөнөө ийнхүү сургуульд явуулах тул ийнхүү тогтоол гаргаж биед нь хадгалуулав.
 
Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд,
Цэргийн яамны сайд бөгөөд бүх улаан цэргийн
жанжин Дэмид хэмээжээ.
 
    Ийнхүү уншиж дуусахад түүний энэрэнгүй, шулуун шударга зан төлөв, нягт нямбай ажиллагаа нь ёстой л “хугараагүй ноён нуруу” гэж ийм л хүнийг хэлдэг байхдаа гэж санагдуулахын сацуу урьд миний олж үзсэн өтгөн хар үстэй, боловсронгуй төв маягийн махлаг бор залуугийн ухаалаг дөлгөөн харцтай нэгэн зураг нүднээ тусах шиг боллоо.
    Дараачийн нэгэн хуудаснаа Улсын Бага Хурал, Сайд нарын Зөвлөлийн 4 дүгээр хурлын тогтоол.
 
/1932/ 22 оны 7 сарын 16-наас
 
    Хувьсгалт Улаан Цэргийн Зөвлөлийн гишүүн, Улс Төрийн газрын дарга нөхөр Өлзийбат баруун зүгт гарсан хувьсгалын эсэргүү хөдөлгөөнд улаан цэргийн тусгай отрядыг командлан байлдаж, эсэргүү нарын бүлгийг дарж газар орныг амгалан тайванд оруулсан гавьяаг илэрхийлэн Цэргийн гавьяаны хоёрдугаар зэргийн Улаан тугийн одонгоор шагнасугай гэжээ.
Эсэргүү ирсэн дайсандаа
Их буугаа зоогоод
Эрчимтэй пулемёт
        Аэропланоороо сөнөөв...
Энхрий хайртай ардуудыг
Энх амгалангаар хамгаалж
Энгийн аж ахуйг хөгжүүлээд
Эдийн засгаа дээшлүүлье
гэсэн Өлзийбатын отрядын дууны үгс тодхон санагдана. Тэгвэл Өлзийбат 1930 онд Буданч, Төгсбуянт зэрэгт гарсан хувьсгалын эсэргүү бослогыг даралцах үйл хэрэгт идэвхтэй сайн оролцож, цэргийн гавьяаны нэг дүгээр зэргийн одонгоор шагнагдаж явсан түүхтэй билээ.
    Энд өгүүлэгдэж байгаа Д.Өлзийбат, 1936 оны хоёрдгаар сард ДЯЯ-ны дэд сайдаар томилогдон цэргийн ерөнхий комиссар цол, 1936 оны долдугаар сард Алтан гадас одонгоор шагнагдаж байжээ. Үүний өмнө алтан сэлэм, гар буугаар шагнагдаж, гавьяа зүтгэлээ үнэлүүлж явсан удаа бий.
    Чекистийн байгууллагад богинохон хугацаатай ажиллахдаа уулын чинээ хар, туулайн чинээ цагааныг ялгахын тул чармайн зүтгэж, Жамьянтив лам зэрэг нам, төрийн эсрэг хандсан хэд хэдэн эсэргүү бүлэглэлийг илрүүлэн устгасан түүхтэй.
    Д.Өлзийбат Эрүүлийг хамгаалах байгууллагын ажлыг жил гаруй толгойлон ажиллахдаа ард иргэдийг эрүүлжүүлэх, эрүүл энхийг сурталчлах талаар чамлалтгүй ажил хийсний нэг тод жишээ нь түүний хүсэлтээр дотны танил Д.Нацагдоржийнх нь бичсэн эрүүл мэнхийн шүлгүүд юм.
Жаргалан жаргалан жаргалан
Энэ ертөнцийн түмэн жаргалан
Түүний доторхи чухам жаргалан
Эрүүл энхийн нэг жаргалан
гэж бичсэн нь тэрхүү сайдын туйлын хүслэн ирээдүйд итгэж, зөгнөн байсныг илэрхийлсэн гэлтэй.
    Энэхүү тэмдэглэлийн эзэн Далантайн Өлзийбат, Архангай аймгийн Хотонт сумын нутаг Цэцэрлэг гэдэг газар төрсөн хүн юм. Ардын хувьсгалын 50 жилийн ой болоход энэ хүний 70 насных нь ой болж байжээ