Г.Дүйхэржав-Хамгаалахын Дамба

/Дэл хулгайн дээрэмчин Дэлэгсамбын босогчдыг тагнуулчдын нарийн ухаан, уран аргаар сөнөөн дарсан тухай энд өгүүлнэ./

Өнгөрсөн зун бороо ороогүй мөртөө өвөл нь цас их унаж байн байн шуурснаас бог хорогдон, бод туйлджээ. Хаврын хавсарга амь зуулганаас минь салгах бий гэхээс малчин бүрийн зүрх шимширнэ.
    Дээрэмчин Дэлэгсамбынх нутаг усныхандаа бууны ам долоолгон сүрдүүлж, мал сүрэг, эд зүйлийг уулгалан булааж, төрөлх нутгаас нь салгаж, хил давуулахаар бөөгнүүлэн хурааж авсан тээр жилсэн.
    Унааширсан байрын соёо хүрэн атанцрын бүүвэйлсэн алхаанд үүргэлж явна уу гэмээр найган яваа бор царайтай биеэрхүү идэр эр бол хамгаалахын төлөөлөгч Дамба гучин гурав дахь хавраа өнгөрөөж яваа нь тэр билээ.
    Дамба нэхий цэрэг дээл өмсөж, хар ямаан дах нөмөрч, шовгор оройтой цагаан хургаар үсэлсэн цэрэг цэмбэн малгай өмсжээ. Ирэх мөч болгонд тохиолдох адал аймшигт явдлыг яаж давах вэ гэхээс төлөөлөгч гүн бодолд дарагдана. Тэр, малгайн өмнө талд таван хошуу хадаж, баруун ташаандаа модон хуйт хэмээх буу зүүжээ.
    Хөл үймээнд бие санаа автсан ардуудад  намын үнэн үгийг ухуулан сэнхрүүлж, сэтгэл санааг тогтвортой болгосон цагт зорьсон хэрэг минь бүтэх ёстой. Японы туршуул Ванчин богд, түүний гар хөл Ганжуурваа хоёрын хуурамч багийг хуулж, олон түмэнд заль мэхийг нь мэдүүлвэл гадаадад зайлах гэсэн хөдөлгөөнийг зогсооно. Ганцхан үнэн, худлын зааг, гэмтэй гэмгүйн ялгааг хар цагаанаар ялган ойлгуулах л миний зорилго.Би хараажаар ганц ч, чухам цаанаа олуулаасан. Зөв санаатай хүнийг сонгож олоход хамаг учир бий. Хамгийн гол нь болгоомж! Би энд ирээд тавиадхан хонож байна. Ер нь ч ажлын дадлага багатай, газар мэдэж хүн танихгүй, энэ л хэцүү байна. Алхам бүр нөхдийн сургамжийг санан золбоотой явалгүй болохгүй. Миний хариуцсан найман сумнаас Баян-Овоо л зовоож байна. Цогт, Өлзийт хоёрын зааг Дэл, Хөнжилийн ууланд бүгсэн Дэлэгсамбынхны төв аанайхан Лүнгийн хурал болжээ. Одоо тэд гурван зуун тавиад айл цуглуулж, хоёр зуугаад хүнийг цахиур буу, бороохой шийдмээр зэвсэглэн, хүзүүнд нь шар хивэн зангиа зүүж, шар цэрэг гэж нэрлээд Дэлэгсамба өөрийгөө жанжин гэж өргөмжилжээ. Инээдэмтэй юм. Би эдэнтэй хөөцөлдөж бараг хоёр сар шахам хээр хөдөө хонож, хаврын хавсарганд нүдүүлэн өл муутайхан яваа ч зорьсондоо хүрч даалгасныг биелүүлсээр л явна.
    Даанч газар их, хатсан хавар болохоор унааны минь чадал тэдний тарган морьд, хангал атны сумыг гүйцэхгүй нь ээ. Би төлөөлөгч гэдэг үгийн үнэ цэнэд хүрэх болоогүй байна. Нам, ардынхаа даалгавар болохоор чадахаасаа чадахгүйгээ хүртэл үзээд байдаг хэрэг. Уул тал хосолсон энэ нутаг хурын усаар тэтгэгдвэл Хорго Баянгийн хэц гэсэн үг, ёстой сайхан нутаг.  Дэлгэр зуны тэнүүн сайхан цагт түмэн бодис дэлгэрэхэд хорвоод амьд яваагийн жаргалыг эдэлж болох энэ нутаг одоо хүн хүнээсээ айсан, хүүхэд багачууд чарлалдсан мал адгуус ч тавтай тэнүүн идээшлэх чөлөөгүй ёстой л амьд амьтны үймэх тамын орон болжээ. Тийм ээ! Би ард олныг энэ тамаас л салгаж, жаргалд нь залгуулахаар нойр хоолгүй зүтгэж байгаа шүү дээ. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ, гэсэн үгтэй. Зургаан зүйлийн кампанит ажлыг явуулахдаа юм мэдэхгүй ухвар мөчид хүмүүс дэндүү сүржигнэж, үүнийг нь ангийн дайсан ашиглалаа. Сүм хийдийн том лам нарыг Ганжуурваа уруу хөдөлгөх гэж сүрхий дүвчигнэнэ. Он цагийн шашинд ингэтлээ автагдсан түмэн маань сүсгийн хүлээст хүлэгдэн эргэжээ. Шашин гэгч шар шуламын хэцэд хий хөтлүүлэн орон газраасаа дайжиж хэмээн бодож явснаа нар өөд харан, босгын өртөө хүртэлх газрын зайг харьцуулан бодоод хурд явахаар шийдэж, идэж явсан тэмээнийхээ бурантгийг татаж аяархан гуядаад жонжуулахуй эмээлийн бүүргэнд өлгөөтэй хазаарын амгай жингэр жингэр дуугаран, зүүсэн буу нэгэн жигд ташаан толгой зөөлөн тунтчина.
*
    Хаврын тунгалаг нэг өдөр. Эргэн тойрон хүрээлсэн уулс анир чимээгүй дүнсийнэ. Омголон маягийн хөл хөнгөнтэй хонгор морь унаж яваа Дамба, салаан дарга Чинсаатай зэрэгцэн жагсаалын түрүүнд явна. Дамба,
    -Дэлэгсамбынхны гол хүч энүүхэн зүүн харын цаад дор байрлаад байна. Одоо хүчээ хуваагаад явбал яасан юм бэ?
    -Тэгье гээд дохио өгч, тасгийн дарга нарыг дуудлаа. Гурван хэсгийг удирдсан дарга нарыг ирмэгц тус тусынх нь эзлэх байрыг хуваарилсан ёсоор зааж өгөөд байраа түргэн эзлэхийг тушааж явууллаа. Дамба салааны даргын хамт цэргийнхээ түрүүнд орж, өндөрлөг өөд мацлаа. Өндөрлөгийн оройгоос нууцхан харвал ойр орчинд бараа харагдах юм алга байв.
    -Дамбаа! Энэ чинь юу болох нь энэ вэ? Өнөө өглөө нарнаас өмнөхөн байцгааж байна гэсэн шүү дээ гэж салаан даргын хэлэхэд
    -Тийм ээ! Ачаа тэмээтэй, бог мал туусан болохоор тэд хаа холдох вэ, болгоомжлоорой. Сайн ажиглая. Дурандъя. Энэ хавийн сархиаг адармаатай шүү.
    -Хил ойрхон байна. Хоёр талын хүмүүсийг дуудаж цуглуулаад, эртхэн хойноос нь хөөнө байгаа.
    -Хилийн харуулынхан мэдэж байгаа, хүч нэмэгдүүлсэн. Харин эд нар товлосон газраараа гарах болов уу? Тэр л хэцүү байна. Ямар ганц өнөөдөр эдэнтэй уулзаж байгаа биш. Занг нь мэднэ шүү дээ. Биднийг хүүхэд шиг аргалах санаатай баширлаж байгаа. Ачаа хөсгөө дөхүүлэх гээд хаахна юм, байлтай билээ.
    -Иш Дамба минь чиний санаагаар болох болов уу даа гэтэл урд хар дэлнүүдийн цаана буу пижигнэлээ.
    -Эс хэллэ үү! гэж Дамбыг хэлэхэд салааны дарга хойт талын хэсгийг түргэн ир гэж дуудлага явуулаад, өөрсдөө цэргийн хамт буун дуу гарсан зүг давшлаа. Урьд харыг өнгийхөд дайсан өмнө нь харагдах өндөрлөгийг эзэлсэн бололтой, өөрийнх нь явуулсан цэрэгтэй буудалцаж байв.
Салаан дарга;
    -Дамба та энэ цэргүүдээ удирдаад ашигтай байр эзлээд гал нээ! Би ирж яваа тасаг цэрэгтэй зүүн талаас нь ороож очъё. Дайсан эгзэгтэй газар эзэлсэн байна. Хэрсүүхэн оролдоно шүү.     Бид хаанаас нь очсон ч дайсанд илрэх газар байна. Тал бүрээс нь галлаж байгаад буулгаж авахыг бодъё гээд явлаа.
    Нэлээд удсаны дараа зүүн талын өндөрлөгөөс анхны буун дуу гарахад Дамбын удирдсан хэсгийнхэн галлаж эхлэв.
    Дайсан замбараагүй бужигнаж байснаа урагш, баруун урагш, зүүн урагш хуваагдан зугтлаа. Дамба цэргүүдээ дагуулан, баруун урагш зугтсан хэсэг хүний хойноос хөөлөө. Хонгор морины хоёр чих хулмайгаад харвасан сум шиг хурдаллаа. Дайсанд ойртон ойртсоор гүйцлээ. Дамба гар буугаа гэрнээс нь сугалан,
    -Зогс, буудлаа гэж хашгирахад тэд бие биенээ харсаар мориныхоо амыг татаж зогслоо.
    -Мориноосоо бууцгаа! Зэвсгээ хая гэхэд тэд хадаг яндар зүүсэн хоёр цахиур буу, шар хивэн зангиатай гурван бороохойг нэгэн хадны хажууд аваачиж овооллоо. Цэргүүд ч гүйцэж ирлээ. Тэд цөм нооронхой дээлтэй, аяншиж ядарсан царайтай, цагаан алчуураар толгойгоо боожээ. Тэд айснаасаа дагжин чичирч Дамбаас өршөөл гуйх мэт харцгаана. Дамба
    -Айх хэрэггүй. Бид хүнийг танайх шиг тэгж яргалдаг улс биш гэхэд,
    -Төлөөлөгч минь бид тэр хүн хороодог нь биш, Дэлийн дээрэмчний хүчинд автсан зарц нар. Тэр чөтгөр чинь биднийг ийш нь зугт гээд өөрөө зүүн урагш зугтсан гэж хижээлдүү нэг хүн гэмшингүй янзтай хэлээд дуугүй болов.
    Дамба тэднийг ээлжлэн харахад чухам хэний төлөө, юу хийх гэж яваагаа мэдэхгүй, ёстой л хөөрхийлөлтэй хүмүүс харагдлаа. Ганжуурваагийн бурхантай газар будаатай толгой гэдсээ тэжээ гэсэн ятгалгаар явж байгаа түрүүчийн хүмүүсийн адил хүмүүс юм даа. Хэргийн толгойлогч Дэлэгсамба тэргүүнтэй голлох тайж нар бас л зугтжээ. Өөдгүй амьтдын балаг мөн их юм даа. Бүхэл бүтэн засаг төрийн эсрэг ингэж явдаг тэнэг хэрэг. Ухвар мөчид бүдүүлэг гэдэг яасан аюултай юм бэ? Дэлийг үймүүлсэн тэр чөтгөрийг л дарвал аялдан дагалдагч нар нь аяндаа хувь заяагаа шийднэ. Өнөөдөр эд бидний өөдөөс эцсийн удаа буугаа шагайж дээ. Эдэнтэй хөөцөлдсөний дүнд ангийн дайсны үгдэгдлийн хорт ятгалгаас ард түмнээ ч салгалаа. Тэдний эцсийг үзлээ. Хамгаалахын хар Дамбын аюул гэж намайг занадаг дээрэмчдийн хувь заяа ингэж л төгсөх тавилангаар төгслөө. Миний оронд өөр хүн ажиллаж байсан ч эднийг ингэж төгсгөх ёстой байсан юм. Эднийг сумын төвд аваачиж өгье гэж бодоод цэргүүдээр тэдний зэвсгийг авахуулан баригдсан хүмүүсийг авч явав.
    Туугдагсдын эхэнд яваа ахимаг насны пагдгар эр, хамгаалахын хар Дамбыг үгүй хийгээгүй цагт бидний үйлс бүтэхгүй, хар Дамба чинь одоохондоо энэ хавьдаа манай хувилгаанаас хүчтэй, бидэндээ хамгийн аюултай дайсан болоод байна гэж Дэлэгсамбын загнадаг үнэн боллоо. Дамба ч сэргэлэн шүү төрсөн аавын хүү юм даа. Дэлэгсамбын та нар Дамбын гарт орвол хорвоод явах амьсгалын тоо чинь гүйцэх нь тэр гэдэг ч худлаа боллоо. Бидний шүтэж байсан хувилгааны зангиа ч биднийг аварч чадсангүй. Одоо тэр цэргийн эмээлийн ганзаганд над шиг эцсийн тавилангаа хүлээгээд санжигнаж явна.
*
    Намрын шар нар төөнөсөн нэг өдөр, жижигхэн тасалгаанд арав гаруй хүн цугласан нь Өмнөговь аймаг дахь Дотоодыг хамгаалах хэлтсийнхэн байлаа.
    Хэлтсийн дарга Хас-Очир оргодлын хөдөлгөөнийг дарсан дүнг товч дүгнэж, шинээр хийх ажлын тухай үүрэг өгч байна.
    -Бид ангийн дайсны эсрэг олон сар нойр хоолгүй тулалдаж дайсны нэгэн хорын үндсийг устгаж чадлаа. Өөрсдийн эгнээнээс Чоймбол, Амбаа зэрэг хэд хэдэн шилдэг хөвгүүдээ алдлаа. Тэгэвч бид ялсан. Манай төлөөлөгч Дамба оргодлын хөдөлгөөнийг газар авахуулахгүй түргэн дарах хэрэгт нойр хоолгүй, сонор сайтай, хараа хурцтай явж зохих үүргээ гүйцэтгэлээ.
    Хамгийн гол нь Дамба бүх байдлыг толинд харж байгаа мэт тодорхой мэдэж, ажлаа самбаатай зөв зохион байгуулж, байнгын холбоотой ажилласан нь бидний ялалтыг түргэтгэсэн юм.
    Одоо бидэнд шинэ зорилго тулгараад байна. Энэ нь юу вэ гэвэл намын онц гуравдугаар бүгд хурлын шийдвэр, Шинэ эргэлтийн бодлогыг ард Түмэнд таниулах тэднийг намын бодлогод үнэмшүүлэн итгүүлэх явдал чухлаас чухал болж байна. Одоо та нар тараад хувийнхаа бэлтгэл хийж, харьяалсан сумандаа өнөө орой заавал багтаж гар гээд тараав.
    Хувцсаа сольж өмсөөд гэрийн зүг явахдаа дайсантай буу бариад тулалдахаас дутахгүй ажил байна даа. Янз янзын араншин ухамсартай хүнд итгүүлж үнэмшүүлнэ гэдэг мэдлэг, арга туршлага сорьсон, олноо өргөх бас нэг шүүлэг болох нь дээ гэж бодож явсан хүн бол Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат Чимидцэрэн овогтой Дамба, хавар, зуны мөрөн дээр дахин нэг шинэ мөр гаргахаар завдан буй авч, зорилго нь өөр байлаа.