Г.Дүйнхэржав-Анхны чекист

Тагнуулчдын сэдэвт зохиол туурвидаг уран бүтээлчийн нэг Г.Дүйнхэржав 1930 онд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт төрж, улмаар өсөж торнин эрдмийн аянд мордож, мэргэжил боловсрол эзэмшсэн байна. Тэрээр НАХЯ-ны Тусгай архивын даргаар он удаан жил ажилласан, хурандаа хүн байлаа.  

Тагнуулчдын сэдэвт олон шилдэг бүтээл туурвиснаас “Сахиул уу, Сахиус уу” уран сайхны кино олны талархал хүлээжээ.


Тагнуулын гавьяаг өгүүлсэн баримтат өгүүллэгийн дээжис
 /Тагнуулын байгууллагын анхны дарга Даш овогтой Балдандоржийн тухай өгүүлнэ/

Хаврын сар эхэлсэн ч хүйтний ам цаашилж, дулааны ам наашилж, цаст өндөр уулс цагаан дахаа тайлж, цэцэг навчаа дэлгэж, хүн амьтан баясаж, хүүхэд багачууд шуугилдан цэнгэж, малын нуруу тэнийх цаг хараахан болоогүй байлаа.

    Их ойн дунд морь мал хэсэг хэсгээр уяатай тушаатай зогсож, монгол гутал, үстэй дээл өмссөн хүмүүс энд тэнд цай хоол хийж байгаа нь гаднаас ажиглахад хэсэг анчин амарч байгаа юм уу даа гэмээр авч, лавшруулан харвал тэр хавиас эхлэн эх орны бүхий л ой тайга, тал хөндий, говийг энэ хүмүүс эзлэн сууж байгаа мэт санагдана.

 

    Энд цугласан цэрэг эрс, харуулчид, бага жижиг түшмэл, бичээч, хааяа нэгхэн лам, хүүхнүүд зэрэг олон янзын хүний дүр харагдавч, үнэн чанартаа нэгэн санаа зорилгоор цугласан зарц ядуус байлаа.

 

    Эд гал усны гашуун зовлонд нэрвэгдсэн Монгол орныг харийн түрэмгийлэгчдийн түймрийн утаа, тамын гинжнээс салгаж, хүн арддаа амьдын жаргалыг эдлүүлж, өгсөх хөгжлийн алтан хаалгыг нээж өгөх гэсэн их зорилгыг биелүүлэхээр санаа шийдсэн Ардын журамт цэргийн эхэн үүсэл болох хүмүүс билээ.

 

    Тэдний дотор Сангийн яаманд багахан тушаалын албан хааж байгаад гамингуудад яамаа хаалгаж, гудамжнаа хаягдсан хорин долоо орчим насны, өтгөн хар хөмсөгтэй махлагдуу, дөлгөөн харцтай, өргөн магнайтай хашир томоотой янзын дунд зэргийн нуруутай, олон таван үггүй залуу байсан нь Ерөө голоор нутагтай Дашийн Балдандорж гэгч байлаа.

 

    Энэ хүн олон аавын хөвгүүдтэй үзэл санаа нэгдэж, МАХН-ын гишүүнд элсэж, Шивээ Хиагтыг авахаар хурдан бууны ид хавыг үзэж, ширмэн бөмбөг дэлбэлэх, идрийн цог жавхааг гайхуулж явсан түүхтэй.

 

*

 

    1922 оны хаврын дунд сарын нэгэн өдөр морин бригадын дарга таныг жанжин Сүхбаатар дуудаж байна гэснээр хүрэлцэн очиход,

 

    -Балдандорж та суугаач. Бид хоёрт ярих зүйл байна.

 

    Та Ардын засгийн ололт, ард түмний эрх жаргалыг ангийн дайснаас хамгаалах чухал үүрэг гүйцэтгэх хэрэгтэй байна.

 

    -Мэдлээ жанжаан! Хаашаа явах юм.

 

    -Одоохондоо хаашаа ч явахгүй. Зөвлөлтийн улаан цэргийн дарга нартай хамт ажиллаж, тэдний туршлагаас суралцаж, өөрийн шинэ ажлыг үүсгэн явуулах л хамгийн гол нь юм.

 

    -Жанжаан! Би орос хэл маруухан мэддэг шүү дээ.

 

    -Хэлмэрч бий. Тан шиг үсэг бичигтэй, таны хэртэй орос, хятад хэл гадарлах хүн одоохондоо өдрийн од шиг байна. Энэ ажилд би, таныг тохирно гэж үзэж байна. Гол нь та хичээнгүйлэн сурч, сурсан эрдмийнхээ хүчээр монголын шилдэг хөвгүүдийг удирдан, дайсантай авхаалж самбаа уран аргаар байлдана.

 

    -Би, тагнуулын ажлыг толгойлон явуулах юм уу?

 

    -Тийм ээ! Одоо бидэнд тийм байгууллага түргэн бий болгохыг ангийн дайсны үйл ажиллагаа шаардаж байна.

 

    Саж лам Жамьянданзан гуван зуугаа хүн зэвсгийн хамтаар туг хиур сахиус бэлтгэн бослого гаргахыг завдан байна. Япон, Англи, Америк, Хятадын харгис бүлэг манай улсыг залгих арга сүвийг идэвхийлэн эрж байна. Ангийн дайсан шашныг ашиглаж, сүсэгтэн ардыг төрийн эсрэг эргүүлэхийг оролдож байна.

 

    -Хэцүү нь хэцүү байна. Тэднийг бид устгах л хэрэгтэй юм.

 

    -Илэрхий дайсан этгээдийг нэгийг ч зүгээр орхилгүй илрүүлэн устгаж, гэмгүй хүчинд автагдсан, төөрөлдсөн ядуу, дунд ардыг хувьсгалт засгийн энэрэн хайрлах бодлогоор өршөөн энэрч, тэдэнд учрыг ойлгуулж, нийт ард түмнийг хар, шар феодалуудаас салгаж, өөрийн талд татах явдал чухал. Тэхлээр та нам, улс төрийн нүд, чих болоод зогсохгүй цуцалтгүй ухуулан сэнхрүүлэгч байх шаардлагатай.

 

    -Жанжаан! Хэдийгээр шинэ ажилдаа орох вэ?

 

    -Өнөөдөр ажлаа өгөөд, маргааш шинэ ажилдаа ор!

 

*

 

    Найр цэнгэл, эрх ямба, эд хөрөнгөө хөөцөлдөн нэмэгдүүлэх гэж дур зоргоор загнан, түмний нуруун дээр сууж, шим шүүсийг нь сордог заншлаа алдахгүйн тул энэ ноёд, лам нар юу ч хийхээс буцахгүй болжээ.

 

    Аллага хядлага, айлган сүрдүүлэг, бослого үймээн дэгдээх, эд хөрөнгөөр бусдыг худалдан авч хүний гараар могой бариулах, далайн цаадах дээрэмчдээс тусламж гуйх, худал цуурхал тараах, үгүй ээ, эдэнд хийхгүй юм гэж байна уу.

 

    Аалз хорхой гишгэвэл амьдын хар нүгэл гэдэг мяндагтан хувилгаанууд ёстой л арван хар нүглийн эзэд болжээ.

 

    Эдэнтэй бас цагаантны үлдэгдэл, пүүсний данжаад, баян худалдаачид нийлжээ.

 

    Эв хамт намын орос нөхөд бидэнд туслаагүй бол дийлэхийн арга алга. Бидэнтэй ажиллаж байгаа энэ оросууд цагаан цайлган сэтгэлтэй, тусархаг, санасан бодсоноо шууд хэлчихдэг улс юм даа.

 

    Биднийг бодвол эд урьд нь эсэргүүцэл, аюулын гол хүндийг нуруундаа үүрч давсан туршлагатай хүмүүс дээ.

 

    Манай энэ сургагч юмыг тал талаас нь боддог сэргэлэн, ухаантай хашир хүн юм. Барагтайд хөдлөхгүй, бүх юмыг бодож боловсруулчихаад хөдөлнө.

 

    Юманд учир, модонд мөчир, учрыг олж хужрыг тунгаа. Яарвал даарна гэсэн танай ардын зүйр үг бий шүү дээ. Яарч болохгүй, гэхдээ цаг алдаж болохгүй. Гол нь дайсны толгойлогчийг олж нөлөөнд нь байгаа гэмгүй олонд учир явдлыг сэнхрүүлж, тэдний нөлөөнөөс салгаж учрыг ойлгуулах л шаардлагатай. Бид ажлаа амжуулж, дандаа ялагч байхын тул юуны өмнө, олон түмнээр хүрээлүүлэх ёстой. Тиймийн тулд ард түмний онцлогт тохируулан байнга сурталчлах хэрэгтэй шүү дээ.

 

    Би яахав өөрийн туршлагаа та нарт хэрэг болж магадгүй гэж ярьж байна. Үүнийг та нар яг хуулж болохгүй. Тэгвэл алдаанд орно. Өөрийн орны хөгжил, хүмүүсийн онцлог зан чанар, ёс суртахууны соёл боловсролд тохируулан ажиллах хэрэгтэй юм шүү.

 

    Танайд одоохондоо шарын шашин бүхнийг захирч нийт ард түмэн түүнд хэтэрхий итгэчихсэн болохоор хэцүү байна. Тэхлээр шашны хор уршгийг олон түмэнд баримтаар үзүүлж, мөн чанарыг олон түмэнд тайлбарлах, гэхдээ ард түмний сүсэг бишрэлийг доромжлон гомдоож яасан ч болохгүй. Шашинтай тэмцэж, түүнээс ард түмнийг хөндийрүүлэхэд их хугацаа орно. Хамгийн гол нь нийт хүнийг бичиг үсэгт сургах явдлыг одооноос эхлэн оролдох ёстой гэж хэлдэгсэн...

 

    Одоохондоо бид арван нэгүүлхнээ байна. Мөн ч хүнд байна даа. Биднийг харьяалж байгаа Цэргийн зөвлөл л туслахгүй юм бол хөдлөхийн арга алга.

 

    Би энд томилогдоод жил шахам болж байна. Сургагчийн зөвлөгөө, жанжны удирдлагаар анхныгаа бодвол эрхбиш ажлын дөр сууж л байна. Гэхдээ яагаа ч үгүй байна даа. Тавтай унтаж, хооллож, эхнэр хүүхэдтэйгээ тав гурван үг солих завгүй, нэг хөл дөрөөнд нэг хөл газарт шахам явах юм. Хэдийд энэ дайсны бослого хөдөлгөөн, үймээн самуун дарагдаж дуусах бол. Тэр цагт мөн сайхнаа. Хэдийд Цэрэнгээ хань ижил шиг халамжлан суух юм бол. Энэ феодалуудад омог оруулж, улс төрийн эрх, хүч өгч байгаа хөрөнгийг үгүй хийхээс нааш бүтэхгүй нь дээ гэж Балдандорж даргыг энэ тэр, элдвийг бодон суутал хаалга тогшлоо.

 

*

 

    -За. Хэлтсийн туслах орж ирэнгүүт 

 

    -Даргын амгаланг айлтгая.

 

    -Та суу. Сайн явав уу? Ажил амжив уу?

 

    -Сайн явлаа. Ажил амжлаа. Сөгнөгөр Баянгол цастай болоод хурдан явж болохгүй байна.

 

    -Буу дуугаргаагүй биз. Эхлээд яав?

 

    -Үгүй. Би Очировтой уулзаж, Жалханз хутагтын захидлыг өгч зорилгоо ярилаа.

 

    Тэд ч бидэнд итгэж, бослогоо цагаан сарын арван  таванд  эхэлье гэж байна.  Бид ч тэгье гэж тохирлоо. Очировын хар тайлагдсан бололтой, ойр орчныхоо олонхи хүнийг явуулаад   толгойлох  хэсгийнхэн үлдэж биднийг цайлах юм боллоо. Тэгтэл нь ч бид баривчлах ажилдаа орж зэвсгийг нь хураалаа. Эсэргүүцэл ч үзүүлсэнгүй.

 

    -Ямар зэвсэгтэй байна?

 

    -Винтов, гар буу, сэлмүүдээс гадна шош пулемёт хоёр гарсан шүү. 

 

    -Энэ цагаантнууд ер нь газар сайгүй л хувцсаа тайлж, зэвсгээ нуусан байна шүү. Тэр Цэрэнпэл, Цэвээнноров нарыг хар. Өнгөрсөн зуны ах, дүү Форлов нарыг хар. Очиров чинь Тавхайтай холбоо барьсан нь үнэн юм уу?

 

    -Тусламж гуйж бие элчийг Манжуурт явуулсан юм. Гэхдээ энд байгаа Ширнэн оточ, гүн Балдан нарын бүлэгтэй хамтарч ажиллахаар бас элч илгээжээ.

 

    -Тийм байж магадгүй. Эд ч өөртөө хүн эрсээр л байна. Эрхбиш хүн нэмэгдсээр л байна. Эдний үйл ажил Бодоогийнхон л гэсэн үг. Бас л Богдтой холбоотой.

 

    -Богд оролцоогүй хуйвалдаан гэж байна уу? Энэ Богдыг л устгавал зохих юм.

 

    -Үгүй, болохгүй. Богд өөрөө энэ ажлаараа өөрийгөө олны өмнө нэр хүндгүй болгох учиртай юм. Тэр цагт Богдыг авч хая гэж ардууд аяндаа шаардах болно.

 

    Харин хоёулаа явж, Очировынхны хэргийг устгасан тухай, Ширнэн оточийн хэргийг яаравчлан устгах тухай жанжинд танилцуулъя гээд тэр хоёр өрөөнөөсөө гарлаа.