Улс төрийн стратегийн эрсдэл ба тагнуулын байгууллага

Тагнуулын байгууллагын 90 жилийн ойд

БХИС-ийн профессор, БХЭШХ-ийн судалгааны төвийн дарга, шинжлэх ухааны доктор  Ш.Паламдорж

Илтгэлийн агуулга:

•    Оршил

•    Улс төрийн стратегийн эрсдэл үүсэх нөхцөл байдлын шинжилгээ;

•    Улс төрийн стратегийн эрсдлээс сэргийлэхэд тагнуулын байгууллагын үзүүлэх нөлөө, үр ашиг; 

•    Улс төрийн стратегийн эрсдлийн үнэлгээ хийх арга зүйн асуудал;

•    Дүгнэлт.

Оршил

Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд  тохиолдох эрсдэл бүхэн стратегийн шинж чанарыг өөрт агуулж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нэгдмэл байдлыг хамгаалан бататгах нь үндэсний аюулгүй байдлыг хангах анхдагч нөхцөл , тиймээс улс төрийн эрсдлийн үнэлгээ нь стратегийн шинжтэй болохын илрэл юм. Нөгөө талаас “тагнуул бол улс төрийн хамгийн чухал зэвсэг”  мөн болохыг хүлээн зөвшөөрч, түүнийг улс төрийн эрсдэлтэй холбон авч үзэхийг зорьсон юм.

Стратегийн эрсдэл  нь байгаль орчин, нийгэм, (үнэт чанар, хүмүүсийн зан төлөв, нийгмийн бүтцийн өөрчлөлт) улс төр (улс төрийн тогтворгүй байдал), хууль зүйн орчин, эдийн засгийн нөлөөлөл (олон улсын эдийн засгийн байдал), хувь хүний үйл ажиллагааны орчинтой холбоотой үүсдэг байгаль, нийгмийн үзэгдэл тохиолдох магадлал юм. Стратегийн эдгээр эрсдэлээс бид зөвхөн улс төрийн стратегийн эрсдлийн асуудлаар, түүнээс урьдчилан сэргийлэхэд тагнуулын байгууллагын оролцооны тухай хөндөж, асуудлын үндэс, эрсдлээс сэргийлэх чиглэл, арга зам, эрсдлийг үнэлэх арга зүйн асуудлыг  товч боловч нээн гаргахыг хичээнэ.

Эрсдлийг  маш олон аргаар ангилдаг ч илрэх байдлаар нь:

А. Обьектив эрсдэл;

Б. Субьектив эрсдэл гэж үзэж болох талтай.

1 Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоол.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал. 1.1.2. заалт;

2  Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоол.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал. 1.1.3. заалт;

 3  Капитонов.К.А. Израилийн тагнуулын алба “Моссад”-ын нууц ажиллагаа.т.11;

Объектив эрсдлийн хор уршиг нь бодитой, материаллаг болон мөнгөн хэлбэр, хүний амь нас алдагдсанаар илэрдэг. Харин сэтгэл зүй, оюун санааны таагүй байдлаар илэрдэг эрсдэл нь субьектив эрсдэл юм. 

Үндэсний аюулгүй байдлын гадаад, дотоод аюул нь харилцан уялдаатай байна. Гадаад аюул хүчтэй болох тусамд нийгэмд дарамт үзүүлэх хэмжээ ихэсдэг. Улмаар дотоодод тогтворгүй байдал үүсэх үндэс болдог. Өнөө үед зарим нөхцөл байдлын улмаас гадаад аюул багассан мэт байгаа ч далд аюул оршсоор байна. Энэ нь ямар нэгэн улс гүрэн, бүлэглэлийн зүгээс Монгол Улсад аюулт үр дагавар авч ирэх цэрэг, улс төрийн аюул, дайны заналыг илт харагдуулахгүй байгаа юм. Ийм нөхцөл байдал нь Монгол Улсад бүтээн байгуулалтаа харьцангуй тайван байдалд явуулах боломжийг олгож байна гэх үзэл бодол нийгэмд давамгайлах үндэс болж байгаа юм. Бодит байдал дээр бол гадаад цэрэг, улс төрийн аюул байсаар байгаа бөгөөд харин ч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Үүнээс дүгнэлт хийхэд аль нэгэн улс орон, эвсэлтэй сайн хөршийн харилцаатай байгаа нь тэднээс үүсэх эрсдэлийг судлах шаардлагыг үгүйсгэж байгаа хэрэг биш юм. Тэдэнтэй харилцахад ямар нэг эрсдэл үүсэж болох бөгөөд түүнийг давах, ирээдүйн харилцаагаа хүндрүүлэхгүй байхад тэдгээрийг судлах нь ач холбогдолтой юм. 

Улс төрийн стратегийн эрсдэлтэй Монгол Улс түүхэндээ хэд хэдэн удаа учирч байсныг шинжилж үзэх юм бол эдгээр эрсдэлүүд нь үндэсний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, хувьсгал, төр, нийгмийн байгууллын их өөрчлөлт явагдаж байсан цаг үед гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөн дор өсөн нэмэгдэж, буурч байжээ. ХХ зуунд улс төрийн эрсдэлд Монгол Улс төдийгүй бүхэл бүтэн социалист систем, түүний тэргүүлэх хүчин ЗСБНХУ өртөгдсөн нөхцөл байдлыг харах юм бол уг улс төрийн эрсдэл нь стратегийн шинж чанартай болохыг илэрхийлдэг. Улс төр өөрөө өргөн хүрээтэй, алс хэтийн шинж чанартай, стратегийн агуулгатай байдагтай ч холбоотой. Социалист улсууд эрсдэлд өртсөнөөс тэдгээр улсуудын эрхэмлэн дээдэлдэг үнэт зүйлс утга учиргүй болж, түүний оронд цоо шинэ зүйл дэвшигдэн гарч ирсэн байна. Үүний улмаас төр, нийгмийн байгууламж, эдийн засаг дахь өмчлөлийн хэлбэр, шинж чанарт эргэлтийн шинжтэй өөрчлөлтүүд явагдсан юм. Социалист системийн улсууд улс төрийн эрсдлийн үнэлгээг хийж байгаагүй, онол, арга зүйг ч судалж байгаагүй юм. Энэ нь тэрхүү эрсдэлд өртөгдөх боломжийг бүрдүүлж өгсөн байна гэж үзэх үндэстэй юм.

Харин өнөө үед  улс төрийн стратегийн эрсдэл гадаад хүчин зүйл, дотоод нөхцөл байдалтай, бусад хүрээний стратегийн эрсдэлтэй холбоотойгоор өсөн нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, хоёр их гүрний дунд оршдог Монгол Улс ашигт малтмалын асар их баялагтай орны хувьд эдийн засгаас улбаатай эрсдэлд өртөгдөх магадлал нь өсөж байна. Шинжээчид  Монгол Улс ирэх арван жилд эдийн засаг нь хамгийн хурдтай өсөх ирээдүйтэй, мөнгө олох, хөрөнгө оруулалт хийх боломжтой орнуудын нэг хэмээн үнэлж байна. Уул уурхайгаар өндөр хөгжсөн, хөрөнгө оруулалт хийх боломжтой гадаад улсуудын анхаарлыг татаж буй улс болоод байна. Монголын Засгийн газрын тогтвортой бус улс төрийн бодлого, үйл ажиллагаа нь гадаад хөрөнгө оруулалтын төслүүдийг төвөгтэй, адармаатай болгох магадлалтай гэж үзэж байна. Оюутолгойн төсөл л гэхэд өөрсдийн эзэмших эрхийн талаар тавьсан шаардлагууд, гэнэтийн ашгийн татвар зэрэг улс төр, хууль эрх зүйн тодорхойгүй байдлын улмаас тав зургаан жил хойшилж байлаа. Эцэст нь гэнэтийн ашгийн татварыг хүчингүй болгосноор сая нэг юм урагшлах боломжтой болж байлаа. 

МАН, АН хоёр хамтарсан Засгийн газар байгуулсан нь улс төрийн тогтвортой байдлыг хадгалах нөхцлийг бүрдүүлсэн гэж судлаачид дүгнэж байлаа. Гэтэл “Монголд учирч болох улс төрийн эрсдэл” гэж гарчигласан “Ройтерс”-ийн   мэдээлэл нь хамтарсан Засгийн газраас АН гарсантай холбоотой учирч болох эрсдлүүдийн тухай байлаа. АН хамтрагчаа орхисон нь тогтвортой явж ирсэн дотоодын улс төрийн амьдралыг “халууруулж”, Монголд орж ирэх гэж байсан хөрөнгийн урсгалыг саармагжуулсан бөгөөд энэ нь улмаар сонгууль хүртэл үргэлжилнэ. Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээ гацаанд орж, сөрөг хүчний байранд шилжсэн АН-ын довтолгооныг давж гарахын тулд эрх баригчид олсон мөнгөө халамжийн арга хэмжээнд ихээр зарцуулна. Энэ нь “голланд өвчин”-ийг сэдрээх аюултай. Монголд Улс төрийн нөлөөгөө бэхжүүлэхийг Орос, Хятад хичээнэ. Монголын эрдэс баялгийн гол импортлогч Хятадын эрэлт хэрэгцээ одоогоор их мэт харагдаж байгаа ч энэ нь богино хугацааны зүйл байж болзошгүй гэсэн агуулгатай дүгнэлтийг “Ройтерс” хийжээ.  Хятад тус орны  эдийн зବ¬¬¬¬¬¬¬¬сагт хэдийн ноёрх¬лоо тог¬тоосон. Монголын гадаад худалдаа, эдийн засагт Хятадын үүрэг их. Монголын экспортын бараа бүтээгдэхүү¬ний  84 ху¬вийг Хятадын эзэмшилд бай¬на.  Монголын түүхий эд, нүүр¬-сийг  худалдах батал¬гаа¬тай зах зээлийг Хятад санал болгож байна. Зарим монголчууд Хятадын компаниудыг уул уурхайн салбартаа оруулснаар  ажиллах хүчин нэрийдлээр Хятадаас орж ирэх цагаачлагчдын тоо эрс нэмэгдэх вий хэмээн эмээж байна. Монголын Засгийн газар "гуравдагч хөрш"-ийн бодлогоороо Орос, Хятадын ашиг сонирхлыг тэнцвэржүүлэхийг хичээж байгаа. Гэвч үүнийг шинжээчид Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулахын төлөө, Орос, Хятадын ноёрхлыг үгүйсгэх гэж “хөндлөнгөөс хөлөө жийх” нэг ч улс олдохгүй гэж үзэж байна. Олон талт ухаалаг бодлогын үрээр тийм “тэнцвэржүүлэлт” бүрдэнэ гэсэн найдвар монголчуудад байгаа юм. 

Эдгээр үнэлэлт, дүгнэлтээс харахад, Монгол Улс баялгаа аль болох хурдан ашиглалтад оруулахыг эрхэмлэж байгаа ч томоохон төслүүдийн  олонхи нь геополитикийн асуудалтай, улс төрийн стратегийн эрсдэлтэй холбоотой учир олигтой урагшлахгүй, удаан хэрэгжиж байна. Таван толгойн коксжих нүүрсний ордод Япон, Өмнөд Солонгос, Хятад, Оросын хөрөнгө оруулагчид, "Рио Тинто" зэрэг дэлхийн уул уурхайн аваргуудын сонирхлыг татсан Таван толгойг эзэмших талаарх үйл ажиллагаа “хурдатгал”-аа авч чадахгүй, “мөлхсөөр” байна. Монголын төр, засгийн үйл ажиллагаа “хурдатгал” өгөх хүч болж чадахгүй байна.

Нэг. Улс төрийн стратегийн эрсдэл үүсэх нөхцөл байдлын шинжилгээ

Улс төрийн стратегийн эрсдэл ямар нөхцөл байдлын улмаас, ямар хүчин зүйлийн нөлөөлөл дор өсөн нэмэгдэж, бууран сулрахыг тогтоох нь чухал хэмээн үзэж байна. Үүний тулд улс төрийн стратегийн эрсдэл үүсэх нөхцөл байдлыг олон талаас нь харж шинжлэх үзэхээс өөр арга замгүй юм. Иймд улс төрийн стратегийн эрсдэлд нөлөөлж буй нөхцөл байдал, хүчин зүйлсийг дурдаж, эерэг ба сөрөг нөлөөллийн үр дагаврыг тоймлон харахыг хичээе.

Нэгдүгээрт, Монголын эдийн засгийн үсрэнгүй хөгжил нь цаашдаа улс төрийн стратегийн эрсдлийг нэмэгдүүлэх нэг эх сурвалж байхаар болж байна. Төсвийн хэт тэлэлт, инфляцийн өндөр төвшин, баян хоосны хэтэрхий ялгаа, зөрөө нь эрсдлийг улам л нэмэгдүүлж байна. Уул уурхайгаас улам их хамааралтай болж, улс орны эдийн засаг ганц тулгууртай болох хандлага байгаа нь  аюулыг төрүүлж байна. Улс орны хөгжлийг олон тулгууртай болгож, импортлогч орноос экспортлогч, үйлдвэрлэгч  орон руу хэр хурдан шилжихээс хамаарч манай улсын стратегийн эрсдлийн хэмжээ, хэмжүүр багасаж, улс орны хөгжил, дэвшлийг түргэтгэнэ. Хөгжлийн бодлого жигд өсөлттэй, хэт савалгаагүй, тогтвортой байх нь эрсдлийг бууруулах боломжийг олгоно.Үндэсний эдийн засгийг нээлттэй болгох нь хамтрагч нарт нөөцөд чөлөөтэй нэвтрэх, олз ашиг олох, хамгаалалтгүй шинэ орон зайг улам бүр хүсэмжилдэг. Үүнээс улбаалж “кессоны өвчин” тусдаг байна.

Хоёрдугаарт, төрийн захиргааны төв байгууллагуудад бодлого боловсруулах  дээд албан тушаалын төрийн мэргэшсэн алба хаагч нарыг тогтвортой ажиллах боломж олгохгүй байгаа, эх орныхоо өмч, баялгийг хамгаална гэсэн “үндсэрхэг популистууд” төрсөн, улс төр, бизнесийн хүрээн дэх “олгархи бүлэглэл” бий болсон үзэгдэл багтаж байна. Энэ нь улс төрийн шийдэл гаргах ул суурьтай үндэслэл боловсруулах боломжийг олгохгүй байна. Бас мэргэжилтнүүдийн боловсруулсан санал, зөвлөмжүүдийг хүлээн авахгүй, “үндсэрхэг популистууд”, улстөр, бизнесийн хүрээн дэх “олгархи бүлэглэл”-ийн ашиг сонирхлыг хамгаалах хандлага давамгайлах боломжийг олгож байна.

Гуравдугаарт, Монголын улс төрийн намуудын төлөвшил сул дорой, олон нийтийн санал бодлыг нэгтгэж, хууль, дүрэм журам тогтоож, зохицуулалт хийх чадвараар ядмагхан байгаатай холбоотой байна. Энэ нь сөрөг хүчингүй, нэгдсэн Засгийн газар байгуулах, үйл ажиллагаа нь нийгэмд нээлттэй бус явагдах, ашиг сонирхлоо аваа  өгөө дээр нэгтгэх боломжийг бүрдүүлж байна. Мөн төр засгийн удирдлагад “олгархи бүлэглэл” бий болох, тэдний эрх ашгийг дээдлэх зарчим үйлчлэх хандлагад ордог байна.

Дөрөвдүгээрт, төрийн дээд хүрээнд бодлого, үйл ажиллагааны залгамж чанар алдагдсан, төрд цөөн хэдэн хүн, тэднийг тойрон хүрээлэгч-үр хүүхэд, тэдний танил тал, нутаг усны хүмүүс “шургалж”, нийгмээс тасарсан явдал орж байна. Энэ нь төрийн бодлогыг чин шударгаар явуулахад саад тотгор болж байна. Төрийн бодлого, үйл ажиллагаанд үр өгөөжтэй ажил, үйлс бүтээгчдийн үнэлгээ шударга бусаар явагдаж байна. Тойрон хүрээлэгчдээ илүүтэй үнэлж дүгнэх нь нийгэмд мэдрэгдэх төвшинд хүрсэн байна. Төрийн үнэлгээ, дүгнэлт бол түүний шударгын илэрхийлэл юм. 

Тавдугаарт, Монголын төр, захиргааны байгууллага дахь хүнд суртал, хүчирхийлэлд суурилсан үйл ажиллагаа орж байна. Энэ нь манай улсад тохиолдоод буй хамгийн ноцтой асуудал болох авлига (кррупци)-ийг төрүүлэх эх үндэс болж байна. “Transparency International”-аас гаргасан судалгаагаар  авлигад хамгийн их идэгд¬сэн орнуудаас  Монгол Улс 2008 онд 102 дугаарт бичигдэж байсан бол 2009 онд 120 дугаарт, 2010 онд 116 дугаарт бичигдсэн байна. Нийгмийн хэв журам сахиулах, нийгэмд үйлчлэх үүрэгтэй хууль, хяналт, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гааль, татварын байгууллагуудын үйл ажиллагаа хууль, дүрэм, журмаа дагахаас илүүтэй иргэдэд шахалт, дарамт үзүүлэх, хүчирхийлэх арга барилтай байна. Иргэдээ хамгаалах  төрийн үүрэг, хүлээх хариуцлага суларч байгаа нь иргэний, хүмүүнлэг нийгмийнхээ шинж, мөн чанартай зөрчилдөж байна. Ийм байдал дэлхий дахинаа түгээмэл болчихсон байгаа тул НҮБ-аас Ази, Номхон далайн хамгаалалтын хариуцлагын төвийг байгуулан жил тутамд энэ асуудлын нөхцөл байдал, иргэдийг үй олноор хоморголон харгислах, аймаглан устгах, хилсдүүлэхийн эсрэг хамгаалалтыг хэрхэн явуулах асуудлыг шүүн хэлэлцэж байна. Энэ бүхэн нь төр, засаг нь нийгэмд улс төрийн стратегийн эрсдлийг ихэсгэх, багасгах гол хүчин зүйлийн нэг болж байгааг харуулж байна.

Олигархижсан, авлигыг шүтэгч “хэсэг бүлэг”-ээс нийгэм нэн даруй салахыг хүсэж байна. Улс орны хөгжлийг хойш татагч, “жаргал“-ын замд "саад" бологч нь тэд болж байна. Тиймээс “тэднээс” хэдий чинээ хурдан салж чадна, төр төдий чинээ хурдан цэвэршиж, төрийн бодлого “ариусаж”, торхиолдож болзошгүй улс төрийн стратегийн эрсдэл буурна. 

Төрийн цэгцтэй, туйлбартай, хариуцлагатай, бие даасан, нээлттэй ил тод, хуулийг чандласан бодлого тодорхойгүйгээс болж төрийн бодлого сонгуулийн 4 жилийн хугацаагаар хязгаарласан, богино настай, өнөө маргаашаа аргацаасан байдалтай байгаа нь манайд улс төрийн стратегийн гол эрсдэл дагуулагч болоод байна.

Хөрш 2 их гүрэнд улс төрийн эмх замбараагүй байдал "хаос" бий болбол манайд улс төрийн том эрсдлийг дагуулна. Тиймээс хоёр хөршийн улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал нь манайд улс төр, эдийн засгийн стратегийн эрсдэлийг нэмэгдүүлэх гол хүчин зүйлсийн нэг болно. Хоёр хөрш манайхтай харилцахдаа эдийн засгийн хувьд харилцан ашигтай байхыг хичээхийн хамт  өөр өөрсдийн ашиг сонирхлыг илүүтэй дээдэлж, хоорондоо "ханцуйндаа" тохиролцож байхыг үгүйсгэх аргагүй юм. Улс төрийн эрсдэл дагуулсан түүхэн үйл явдлууд үүнийг гэрчилнэ. Харин бид үүнийг мэдэрч, геополитикийн бодлогод нь “овсгоотой” оролцож, "ухаалаг нүүдэл"-ийг ойрын занал, алсын аюулыг харгалзаж хийдэг байвал стратегийн эрсдлийг нь бууруулж болно.   

Ийм "ухаалаг нүүдэл" хийхэд түүний мэдрэхүй бологч тагнуулын байгууллагын үүрэг нэн чухал юм. Үүнийг АНУ , ЗХУ , БНХАУ , Израиль  зэрэг  улсын судлаачдын болон Их Монгол улсын  тагнуулын үйл ажиллагааны тухай нээлттэй баримт, материалаас гаргалгаа хийж, улс төрийн стратегийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд тагнуулын байгууллагын үүрэг, оролцооны талаар онол, арга зүйн удирдамжийн шинжтэй хэд хэдэн санаа гаргаж ярья.

4 Аллен Даллес. Искусство ракведки. Москва. Издат. “Международные отношения”; 1992.

5 Пит Эрли. Оросын тагнуулч. /ОХУ-ын Гадаад тагнуулын албанд ажиллаж байсан нөхөр “Жэйн” нууц нэртэй тагнуулчийн бодит дурсамж/. УБ., 2011 он. -302х;

Хоёр. Улс төрийн стратегийн эрсдлээс сэргийлэхэд тагнуулын байгууллагын үүрэг, түүний үр ашиг

Улс төрийн стратегийн эрсдэл нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай нэн холбоотой. Үндэсний аюулгүй байдлыг хангахад, баттай, үндэслэлтэй мэдээлэлд тулгуурлан байж хангана.  

Нэгдүгээрт, төрийн тогтолцоо дахь  түүний салшгүй бүрэлдэхүүн хэсгийн нэг бол тагнуулын байгууллага, улсын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай мэдээ цуглуулах, боловсруулах, төрийн дээд удирдлагад мэдээлэх үүрэгтэй. “Сайн тагнуулгүй төр сохор мэт тэмтчин, аюулаас ямар ч эсрэг арга хэмжээ авч чадалгүй, түүнээс үзүүлэх аюул заналыг өсөн нэмэгдэх бололцоог олгодог”  гэсэн үг байдаг.  Энэхүү үүрэг нь улс төрийн стратегийн эрсдлийг бууруулах, эрсдэлээс зайлсхийх, эрсдэлтэй тулгарахад гарах арга замыг хайн олоход дэмжлэг үзүүлнэ. 

Хоёрдугаарт, төрийн тогтолцоонд тагнуулын байгууллага байсан төдийгөөр улс төрийн стратегийн эрсдлийг бууруулах, эрсдлээс зайлсхийх, эрсдэлтэй тулгарахад гарах арга замыг бүрэн тогтоож, хэрэгжүүлж чадахгүй юм. Шийдвэрлэх үүргийг төр, засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагуудын идэвхтэй, санаачилгатай, үр өгөөжтэй, тогтвортой, цаг үеэ олсон үйл ажиллагаа гүйцэтгэнэ. Тэгэхээр тагнуулын байгууллага улс төрийн стратегийн эрсдлийг бууруулах, эрсдлээс зайлсхийх, эрсдэлтэй тулгарахад гарах арга замыг хайн олоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхгүй ч, зайлшгүй шаардлагатай үүргийг гүйцэтгэдэг болох нь харагдаж байна. Тагнуулын байгууллага төр засгийн түших нэг тулгуур мөн тул түүнтэй харилцах механизм нь тун нарийн зохицуулалттай, орох, эргэх холбоо нь хүчтэй, хариуцлага тооцоох механизм нь алдаа, онооны үнэлгээтэй, бат нэгдэлтэй, үйл ажиллагаа нь шударга зарчим, хуулийн хүрээний хязгаарлалт, эрх чөлөө нь оновчтой зохицуулалт дор явагддаг. 

Гуравдугаарт, тагнуулын байгууллага улс төрийн стратегийн эрсдлийг бууруулах, эрсдэлээс зайлсхийх, эрсдэлтэй тулгарахад гарах арга замыг хэрхэн тогтоосон байдал, үндэслэл, тооцоо, гаргалгаа, үнэлэлт, дүгнэлт зэрэг нь үйл ажиллагааны удирдамж болж өгөх учиртай. Тагнуулын байгууллагын зайлшгүй нотолгоо, баримт, гаргалгаа, дүгнэлт бол төр, засгийн удирдлагыг залах төдийгүй шахан шаардах хэрэгсэл болно. Тагнуулын байгууллагын цуглуулсан мэдээ, түүнд хийсэн боловсруулалт, гүйцэтгэх ажлын үр дүн, өгөөж зэрэг нь төр, засгийн удирдлагад нөлөөлөх, “нэвтрэх” чадвартай байх учиртай. Энэхүү “нэвтрэх” чадвар нь тухайн баримтын шинжлэх ухаанч чанараар тодорхойлогдоно. Бодитой баримт, зайлшгүй гарах логикийг гагцхүү эрсдлийн үнэлгээний оновчтой байдлаар баталгаажуулна. Ийм эрсдлийн үнэлгээ бүхий баримт бичгийг тагнуулчид боловсруулах учир тэдний онол, арга зүйн төвшин өндөр байхыг шаардана. 

6 Олег Глазунов. Хятадын тагнуул. УБ., 2011 он. – 228х;

7 Юрий Модин. Тагнуулчдын хувь заяа. УБ., 2004 он. – 264х;

8 М.Цогтоо. Их Монгол улсын тагнуулын үйл ажиллагаа. УБ., 2008. – 134х;

9Robert Jervis. Intelligence, Civil – Intelligence Relations, and Democracy.

Дөрөвдүгээрт, тагнуулын байгууллага улс төрийн эрсдлийн талаар хамгийн бодитой үнэлгээ, дүгнэлт гаргах байгууллага болох тул аль нэгэн намын ашиг сонирхол, байр суурийг бататгах, бэхжүүлэхэд үйл ажиллагаа нь чиглэх учиргүй юм. Тэр тусмаа ажилтан, албан хаагч нар нь улс төржихгүй, түүнээс ангид байх учиртай. Монголын тагнуулын байгууллага улс төржиж байсныг нотлох нэг бус баримтууд бол түүний удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн үйл ажиллагаа юм. 1930-аад оны дунд үеийн хэлмэгдүүлэлт, 1990 он хүртэлх үеийн сэхээтний төөрөгдөл, өнөө үеийн зарим нэг үйл явдлууд, тэдгээрийн үр дагавраас харахад, тагнуулын байгууллага эсвэл улс төржсөн, эсвэл ерөөс үйл ажиллагаа нь үр нөлөөгүй болчихсон байжээ гэсэн дүгнэлтийг хийж болохоор байдаг юм. 

Тавдугаарт, Тагнуулын байгууллагын доторх бүтцийн байгууллагуудын хамтын болон харилцан ажиллагаа мөн энд хамаарна. Нууцыг хамгаалах, улс төрийн эрсдлийн үнэлгээг бодитой хийх хоёр нь харилцан хамааралтай, эцсийн зорилго нь нэгэн зүйл болох аюулгүй байдлыг хангахад чиглэдэг. Улс төрийн стратегийн үнэлгээ нь нууцад хамааралтай ч байж болно. Гэхдээ харилцан ажиллагаа, мэдээлэл солилцох явдал нэн чухал үүрэгтэй.  

Монгол Улс улс төрийн эрсдэлд бүр мөсөн өртөөгүй, тусгаар тогтнол, газар нутагаа алдаагүй, гадны цагаачдад бүрмөсөн эзлэгдээгүй нь явж ирсэн нь хэд хэдэн нөхцөл байдалтай холбоотой хэмээн үзэж байна. Юун түрүүнд Монголын газар зүйн байрлал, байгаль уур амьсгалтай холбоотой байсан юм. Хойд, урьд хөршүүдийн цагаач нарт эзлэгдээгүй нь их говь, хангайн их уулсыг даван ирэх боломжгүй байсантай, хатуу ширүүн цаг агаарын байдалд аж ахуй хөтөлж амьдрах боломжгүй байсантай холбоотой. Тэгвэл өнөөдөр эдгээр бэрхшээл алга болсон байна. Улс төрийн эрсдэлд өртөхгүй байхад найдах байгаль, нийгмийн хүчин зүйлсийн нөлөө арилсан нь хуучин сэтгэлгээ, практикаар улс төрийн эрсдэлд хандах учиргүй болжээ. Үүнийг шинэ онол, арга зүйд үндэслэсэн, шинжлэх ухаанч үнэлгээний аргачлалаар шийдвэрлэнэ. 

Гурав. Улс төрийн стратегийн эрсдлийн үнэлгээ хийх арга зүйн асуудалд

Эрсдлийн үнэлгээний арга зүй  талаас асуудлыг авч үзэх юм бол эрсдэлийн үнэлгээ нь хэд хэдэн асуудлаарх үнэлгээ (харилцан хамааралд нь авч үзэн байж хийсэн үнэлэлт, дүгнэлтүүд), тэдэнд тулгуурлан хийгддэг давхар үнэлгээ юм. Тодруулж хэлбэл, эхлээд улс төрийн эрсдэл дагуулагч занал, аюулын үнэлгээ; хоёрт, улс төрийн эрсдэлд өртөгдөх (эмзэг) байдлын үнэлгээ; гуравт, улс төрийн эрсдэлтэй нүүр тулгарах үед эсэргүүцэх, даван гарах чадавхийн үнэлгээг хийж байж хийгдэх дөрөвдүгээрх нь бол эрсдлийн үнэлгээ юм.  Эрсдлийн онол, арга зүйг удирдамж болгохын зэрэгцээ хөрш зэргэлдээх болон коммунизмын дараах улсуудад улс төрийн стратегийн эрсдлийн үнэлгээ хийж буй туршлага, сургамжийг үндэслэх юм бол үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжилд учирч болзошгүй гаднаас нөлөөтэй улс төрийн эрсдлийн үнэлгээ хийх үзүүлэлтүүдийг нэгдүгээрт тогтоож болохоор байна. Ийм үзүүлэлтэд:

10Гамшгийн эрсдэлийг үнэлэх арга зүй. УБ., 2010 он. – 274х;

-Дэлхийн тэргүүлэх болон хэт их гүрнүүдийн хоорондын зөрчил, тэргүүлэх байр суурийн төлөөх тэмцэл өсөх;

-Ази, номхон далайн бүс нутаг дахь цэрэг-улс төрийн хурцадмал байдал бий болох; 

-Олон улсын терроризмын аюулын өсөлт;

-Урд хөршийн хүчин чадлын өсөлтийн сөрөг нөлөө;

-Хойд хөршийн цэрэг – улс төрийн байдал;

-Хууль бус цагаачлал ихсэх, дүрвэгсэд бий болох;

-Улс орны батлан хамгаалах чадавхи, Зэвсэгт хүчний байлдах чадвар доройтох;

Эдгээр үзүүлэлт нэг бүрээр улс төрийн стратегийн эрсдэлийг нэгтгэсэн байдлаар гаргаж болох ч үзүүлэлт нэг бүрээр мөн улс төрийн стратегийн эрсдлийг гаргаж болно. Тиймээс цэрэг улс төрийн хүрээний гадаад аюул, түүнээс үүсэх эрсдэл нь улс төрийн салбар дахь стратегийн эрсдэлүүд дотор голлох байр суурьтай ч түүнийг бүрэн төлөөлж чадахгүй гэдгийг бас ухаарах учиртай юм. 

Энэ бүхнийг харгалзан үзээд улс төрийн хүрээн дэх стратегийн эрсдэлийг үнэлэх үзүүлэлтүүдийг зэрэглэж болох бөгөөд тэдгээрийн улс орны тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийг ойрын, дунд болон алс хэтэд хэрхэх магадлалыг тогтоож болох юм.  

Арга зүйн жишээ болгоход, улс төрийн хүрээн дэх стратегийн эрсдлийн дараах үзүүлэлтүүдэд эрсдлийн зэрэглэл нь ямар магадлал, тоон утгатай, чанарын үнэлгээтэй байж болохыг тогтоож болно. Тухайлбал жишээ болгоход:  

-Дэлхийн тэргүүлэх болон хэт их гүрнүүдийн хоорондын зөрчил, тэргүүлэх байр суурийн төлөөх тэмцэл – 1,0;

-Ази, номхон далайн бүс нутаг дахь цэрэг-улс төрийн хурцадмал байдал – 0,8; 

-Олон улсын терроризмын аюул – 0,75;

-Урд хөршийн хүчин чадлын өсөлтийн сөрөг нөлөө – 0,7;

-Хойд хөршийн цэрэг – улс төрийн байдал – 0,5;

-Хууль бус цааачлал ихсэх, дүрвэгсдийн аюул – 0,6;

-Улс орны батлан хамгаалах чадавх, Зэвсэгт хүчний байлдах, олон талт үүрэг гүйцэтгэх чадвар хэрэгцээ, шаардлагад үл нийцэх байдал – 0,5.     

Улс төрийн салбарын стратегийн эрсдлийн таамаглалыг дэвшүүлэхэд Монгол Улсын хувьд судлаач бидний үзэж байгаагаар, арай ойлгомжтой, илүү бодит үнэнд ойртох нь терроризмоос үүдэлтэй улс төрийн стратегийн эрсдэл юм.

Дэлхий дахинд терроризм өсөн нэмэгдэж буй нь нийгэм – улс төрийн стратегийн эрсдэлийг нэмэгдүүлж буй нэг занал болоод байна. Дэлхий дахинд болон манай хойд, урд хоёр хөршид терроризм өсөн нэмэгдээд байгааг олон баримт, террорист халдлагууд нотлон харуулж байна. Зөвхөн ОХУ-д л гэхэд ХХI зууны сүүлийн 5 жилд террорист халдлага 10 дахин (544 байснаа 5849 болтолоо), ХХI зууны эхний 4 жилд халдлагад амь насаа алдагсдын тоо 10 дахин өссөн (47 байснаа 496 болсон) байна .    

Даяаршлын явц, технологийн хөгжлийн үрээр терроризм нь улам бүр нийгэм-улс төрийн ээдрээтэй үзэгдлийн нэг болж, хаана ч, хэзээ ч тохиолдож болох аюулыг агуулдаг болж байна. Энэ нь нэгд, хот сууринд оршин суугчдын тоо улам бүр өсөн нэмэгдэж байгаатай холбоотой байна. Зөвхөн Монгол Улс л гэхэд хүн амынх нь 60 гаруй хувь нь хот сууринд амьдарч байна. “Хотын терроризм”, “хотын партизаны дайн” гардаг болсон нь түүнд өртөгсдийн тоог нэмэгдүүлж, эрсдлийг өндөрсгөж байна. Мөн үүнтэй холбоотойгоор, “тээврийн терроризм” ч онгоц, метро, далайн хөлөг, галт тэрэг зэрэгт өргөн гарч байна. Хоёрт, терроризм нь хүний чиглэл, зорилготой, ухамсартай үйлдэл болж байгаатай холбоотой байна. Зөвхөн шашны терроризмоор жишээ татахад, исламын шашны тулгуур үзэл “буруу номтон”-той тэмцэх үзэл санаа нь бодит байдал дээр мусульманчуудыг террор хийхийг уриалан дуудаж байгаа хэрэг болж байна. Гуравт, шинжлэх ухаан, технологийн болон мэдээлэл хөгжил нь терроризм дэлгэрэхэд мөн нөлөөлж байна. Энэ нь терроризмын хэлбэр, төрлийг олшруулаад зогсохгүй, аюул, эрсдлийг улам бүр ихэсгэж байна.  

Ямар ч террорист ажиллагааны үндсэн зорилго нь нийгэмд аль болох их нөлөө үзүүлэх, түүнийг өөрийн үндсэн зорилгод ашиглах явдал болжээ. Үүнд, технологийн террорист халдлагын анхдагч хор уршиг нь бага (нийт хор уршгийн 1-10 орчим хувь), цаашдын хоёрдогч хор уршиг нь их (90-99 орчим хувь) байх төлөвтэй байна. Тухайлбал, цацраг, хими, компьютер, генетикийн технологийг ашиглан террористууд халдлага хийх юм бол анхдагч хор уршиг нь бага, цаг хугацаа өнгөрөх тутамд эдгээр технологийг ашигласан террорист ажиллагааны хор уршиг өсөн нэмэгдэж, эрсдэлийн хэмжээг нэмэгдүүлнэ. Энэ тухай зарим нэг судлаачдын бүтээл  анхаарал татаж байна. Технологийн террорист халдлага нь технологийн хөгжлийг ашиглахаас гадна эрсдэл өндөртэй технологи бүхий объектод халдлага үйлдэх гэсэн хоёр хэлбэртэй байна.  

Технологийн террорист халдлагын нэгэн адил оюун санааны террорист халдлага нь мөн хэд хэдэн үе шат дамжин хор уршиг нь илрэх бололтой болоод байна. Тухайлбал, анхдагч хор уршиг нь 0,1-ээс бага, хоёрдогч хор уршиг нь 10-аас бага, гуравдагч буюу дараа дараагийнх нь хор уршиг 90-ээс дээш хувийг эзэлсэн хор уршигтай, эрсдэлийн зайлбаргүй чанар нь өссөн байхаар төсөөлөгдөж байна. Жишээлбэл, энэ өндөр цэцтэй ганцхан пуужингаар стратегийн ач холбогдолтой өндөр технологийн нэг объект (атомын цахилгаан станц)-од халдлага үйлдсэн байхад эхэн үед уг объектод хохирол учруулах боловч, дараад нь улсын, хотын цахилгаан хангамжийн доголдуулж, томоохон хохирол учруулах бөгөөд улмаар цаг хугацаа өнгөрөх тутамд цацраг идэвхт хордолтыг үүсгэж, асар өргөн уудам нутаг дахь хүн амд хордох аюул нүүрлүүлнэ. Ийм өндөр технологийн хэрэгслийг ашиглах, өндөр технологийн объектыг сонгох асуудал нь террористууд нийгэмд аль болох их хохирол учруулах, нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулах, улмаар улс төр, ёс суртахуун, эдийн засгийн зорилгодоо хүрэх гэсэнтэй холбоотой. Энэ байдал нь улс төрийн стратегийн эрсдэл хаана ч, ямар ч улс оронд тохиолдож болохыг илтгэн харуулж байна.

11Вишняков Я.Д. Общая теория рисков. т.91;

12К. Кларка. Технологический терроризм. 

Гадаадын террорист бүлэглэлүүд нь Монгол Улсыг биш юмаа гэхэд хөрш зэргэлдээх улсуудыг үйл ажиллагааныхаа талбар болгохыг үгүйсгэх аргагүй байна. Террористуудын халдлагын объектууд нь тив, бүс нутагт Чернобылийн хэмжээний гамшиг учруулах аюултай тоног төхөөрөмжүүд байх болжээ. Ойрын болон алс хэтийн ирээдүйд террорист ажиллагаа дахин идэвхжихгүй, хэмжээ, цар хүрээ нь өргөжихгүй гэсэн баталгаа алга байна.Терроризм зөвхөн улс төрийн зорилгод хүрэх хэрэгсэл бус, гэмт хэргийн шинж чанартай аж ахуйн үйл ажиллагааны онцгой хэлбэр болжээ. Энэ хандлага цаашид улам бүр хүчээ авах бололтой байна.

Хөрш улсуудын маань өнөөгийн улс төрийн нөхцөл байдал нь тогтворгүй байна. Ийм байдал ялангуяа, өмнөд хөршид цаашид ээдрээтэй байдалд хүрч болохоор байна. Төвд, ӨМӨЗО, Шинжан-Уйгарын улс төрийн нөхцөл байдал, хүний эрхийн асуудал, үндэстэн хоорондын далд зөрчил, баян ядуугийн ялгаа, зөрүү энэ бүхэн бол тухайн улс төдийгүй манай улсын улс төрийн стратегийн эрсдлийг нэмэгдүүлэх нэг гол далд хүчин зүйл хэмээн үзэж байна.  

Улс төрийн салбар дахь стратегийн эрсдлийн үнэлгээ, таамаглал бол, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах гадаад, дотоод таатай нөхцөл байдлыг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Дүгнэлт

1. Монгол Улсад улс төрийн эрсдэл бодитой оршиж байна. Улс төрийн стратегийн эрсдлийг үнэлэх хэрэгцээ шаардлага бий болжээ,

2. Улс төрийн стратегийн эрсдлийг үнэлэх онол, арга зүйн судалгаа эхлэл төдий явагдаж байна. Үүнийг шинжлэн судалж, оновчлол өндөртэй улс төрийн стратегийн эрсдлийн үнэлгээ өгөхийг Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол шаардаж байна.

3. Улс төрийн эрсдлийн үнэлгээг улс төр судлалын эрдэм шинжилгээний байгууллага хийхээс гадна төр яам, агентлаг (Тагнуулын ерөнхий газар, зарим төрийн яамдын харъяа тагнуулын мэргэшсэн байгууллагууд)-ууд хийх бөгөөд тэдгээрийн ажилтнуудыг онол, арга зүйн шинэлэг сургалтад хамруулах хэрэгцээ шаардлага бий болсон байна. 

4. Улс төрийн стратегийн эрсдлийг үнэлэх ерөнхий арга зүйг практикт нэвтрүүлэхийн тулд үнэлгээний үзүүлэлт, хэмжүүр, шалгуурыг тогтоох талаар нэгдсэн ойлголтыг мэргэжилтнүүдэд өгөх нь чухал байна. 

5. Тагнуулын байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг өөрчилж, операцид, судалгаа шинжилгээний ажлыг эрх зүйн орчноос үйл ажиллагааны үнэлгээний чиглэлд тус тус шилжүүлэх цаг үетэй тулгараад байна.  

Эшлэл авсан, ашигласан сурвалж, судалгааны бүтээлийн жагсаалт:

1. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоол. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал;

2. Капитонов.К.А. Израилийн тагнуулын алба “Моссад”-ын нууц ажиллагаа.УБ., 2012 он. – 336х;

3. Аллен Даллес. Искусство ракведки. Москва. Издат. “Международные отношения”; 1992. ISBN 5-7133-0524-4;

4. Пит Эрли. Оросын тагнуулч. /ОХУ-ын Гадаад тагнуулын албанд ажиллаж байсан нөхөр “Жэйн” нууц нэртэй тагнуулчийн бодит дурсамж/. УБ., 2011 он. -302х; 

5. Олег Глазунов. Хятадын тагнуул. УБ., 2011 он. – 228х;

6. Юрий Модин. Тагнуулчдын хувь заяа. УБ., 2004 он. – 264х;

7. М.Цогтоо. Их Монгол улсын тагнуулын үйл ажиллагаа. УБ., 2008. – 134х;

8. Гамшгийн эрсдэлийг үнэлэх арга зүй. УБ., 2010 он. – 274х; 

9. Вишняков Я.Д. Общая теория рисков. т.91;

10. К.Кларка. Технологический терроризм.