Богдын жолоочоос тагнуулч болсон Д.Даваа

Богдод шадарлах болсон нь

 Олноо өргөгдсөний 11 дүгээр оны хаврын дунд сарын шинийн 4 /1921 оны 3 дугаар сарын 13/-нд Ардын нам ба цэргийн анги, Хиагт хавийн хошуу шавийн төлөөлөгчдийн хамтарсан чуулганаас эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхээр нэгдсэн Ардын намын цэргүүдийг ардын намын журамт цэрэг гэж нэрлэх шийдвэр гаргасан байдаг. Улмаар 1931 онд ардын хувьсгалын 10 жилийн ойг тохиолдуулан ардын журамт цэргийн тэргүүний дайчдын дурсгалыг мөнхжүүлэх ажлын хүрээнд үнэмлэх олгоход анх удаа “Партизан” гэдэг үгийг бичиж хэрэглэжээ. Үүнээс хойш 1921 оны ардын журамт цэргүүдийг “Партизан цэрэг” гэж нэрлэх болсон.

  1921 оны ардын журамт цэрэгт сайн дураар элсэн баруун хязгаарыг тохинуулахад оролцож явсан Доржийн Даваа хэмээх партизаны тагнуулын албанд амь биеэ хайргүй зүтгэсэн тухай товч өгүүлэхийг зорилоо.   

Доржийн Даваа1921 оны ардын журамт цэрэгт сайн дураар элсэн баруун хязгаарыг тохинуулахад оролцож явсан Доржийн Даваа хэмээх партизаны тагнуулын албанд амь биеэ хайргүй зүтгэсэн тухай товч өгүүлэхийг зорилоо.   1904 онд Засагтхан аймгийн Ахай бэйлийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг Хар ус хэмээх газар төржээ. Ахай бэйлийн албат Доржийн Даваа 1921 он хүртэл эх Цэрэндуламын гар дээр мал маллаж байгаад өөрийн саналаар Хатанбаатар вангийн цэрэгт элсэн оржээ. Д.Даваа цэрэгт элсэн орсон тухайгаа дурдахдаа: “1921 оны 5 дугаар сарын хуучдаар Засагтхан аймгийн Ахай бэйсийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутагт цэрэг дайчилж байна гэдгийг сонсоод өөрийн нутгийн зайсан Товчинд “Намайг цэрэгт оруулж өгнө үү” гэж гуйхад “Оруулж өгье, гэхдээ баян Бадамхандын оронд явах болно” гэв. Би бусад нөхөдтэйгээ нийлж хоёр морь, хоёр ямаа, нэг булан цай авч Ахай бэйс Цэдэнгийн гадна бүгд 500 шахам хүн цугларч хуарагнасан”[1] хэмээсэн байдаг.  

Д.Даваа Хатанбаатарын цэрэгт явж Намнан, Навчилтай, Их-Уул зэрэг газраар Их хүрээний чиглэлээс ирсэн бүлэг цагаантны цэргүүдийг устгах тулгаралтад оролцож, улмаар Хатанбаатар Магсаржавын удирдлагад Ховдын хязгаарыг төвхнүүлэх 500 гаруй цэргийн бүрэлдэхүүнд багтан Улиастай, Ховдын зүг мордож, Төгрөгийн гол, Алаг тэхийн эх, Машийн даваа, Бэрхийн даваа, Зэрэгийн /Захчины/ хүрээ, Төгрөгийн хүрээ, Дунд Цэнхэрийн гол зэрэг газарт цагаантны цэргийг дарахад оролцоод, 1922 оны хавар 50 цэрэг толгойлон Хатанбаатарын тушаалаар Нийслэл хүрээнд ирж, Цагаан хуаран дахь цэргийн ангид улиран үлджээ.  

Тэрээр Хатанбаатарын цэрэгт явсан тухайгаа “Монгол ардын журамт цэргийн дурдатгалууд” /1961он/ бүтээлд тодорхой өгүүлсэн байдаг.

Д.Даваа ДЯЯ-нд ажилласан нь

 Засгийн газрын 1922 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 28 дугаар хурлаар шинэ үеийн тагнуулын байгууллагыг Дотоодыг хамгаалах газар нэртэйгээр байгуулж, ДХГ-ыг “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хорлон сүйтгэх, эх орноосоо урвах, дүрвэх, төрийн нууц задруулахаас сэргийлэх, тэдгээрийг илрүүлэх, таслан зогсоох, төрийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай мэдээ, мэдээллээр нам, төрийн эрх барих байгууллагыг хангах” үүрэгтэй хэмээн тогтоож өгсөн байдаг. Дээрх үүргийн дагуу шинэ тутам байгуулагдсан ДХГ-ын зүгээс Богд хааны аюулгүй байдлыг хангах шаардлага тулгарав. ДХГ-аас Богд хааны аюулгүй байдлыг хангах арга замыг судалсны үндсэн дээр түүний шадар цэргийн дунд өөрийн хүнийг нэвтрүүлэн ажиллуулаар тогтож, тохирох хүнийг судлан үзээд цагаан хуарангийн цэрэгт алба хааж буй Д.Давааг сонгожээ.

Улмаар 1923 онд ДХГ-ын дарга Д.Балдандорж Д.Даваатай биечлэн уулзаж нууц ажиллагаанд оролцуулахаар тогтжээ. Энэ тухай Д.Даваа 1964 оны 4 дүгээр сарын 29-нд гаргасан дурдатгалдаа: “1923 оны намар цагт цагаан хуарангийн цэрэгт байхад ДХГ-ын дарга Балдандорж надтай уулзаж тус газрын их ажлыг танилцуулж ... Балдандоржоос чиний бие Богдын шадар цэрэгт орох боломжийг хийж өгнө хэмээсний дараахан удсангүй шадар цэрэгт шилжин очсон”[2] хэмээжээ. Үүнээс өмнө Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар Ардын намын шугамаар Богд хааны номын багш Ёнзон хамбын нярваар олон жил ажилласан Б.Жамбал гэгчийг Богд хааны дэргэд мөн суулгасан байдаг.

ДХГ-аас Богд хааны аюулгүй байдлыг хангах үүднээс илүү ойр харилцаатай байхыг зөвлөж, чиглүүлснээр Д.Даваа нөхцөл байдлыг судлан үзээд Богд хааны жолооч Бадам Васильев, Цэрэндондов нарыг дагалдан суралцаж, 1924 оны эхээр Богдын “Форд” машины жолоочоор томилогдон ажиллажээ. Төд удалгүй Богд хаан жанч халж, Д.Доржийг ДХГ-аас Тээх нэвтрүүлэх хоршоонд жинхэнэ жолоочоор шилжүүлж гадаад руу ачаа тээвэрлэж явахдаа тухайн орны нөхцөл байдал, зам харгуй, цэрэг техникийн байдлыг судлах үүрэгтэйгээр ажиллуулах болжээ. Тэрээр явж байсан чиглэлүүдийнхээ тухай: “Замын-Үүд, Бээжин, Тяньжин зэрэг Хятадын хотууд болон Манжуурт бараа хүргэж байсан” хэмээн тэмдэглэсэн байна.

ДХГ-аас 1923-1929 онд Жанчхүү, Хайлаар, Тяньжин, Мүгдэн хотууд дахь Монголын Харилцан Туслалцах Хоршоодын төв холбооны салбар хэлтсүүдэд мэдээ хураах нэгжийг байгуулан ажиллуулж байв. Мөн Хайлаар, Харбин, Манжуур зэрэг хотод тагнуулын нэгжийг байгуулан ажиллах төлөвлөгөөг ДЯЯ-ны хэлтсийн дарга Н.Чүлтэмсүрэн, сургагч Дубровский нар боловсруулсан байдаг. Н.Чүлтэмсүрэн илтгэлдээ: “Хилийн чанадад тагнуулын ажил явуулах хамгийн хямд тохиромжтой арга бол харилцан туслалцах хоршоо, монгол тээх зэрэг гадаадтай шууд харилцаатай байгууллагуудад туршлагатай нууц тагнуулчдаа суурьшуулж ажиллуулах явдал юм” гэж тэмдэглэсэн байдаг. ДХГ-аас гадаад дахь суурин тагнуулчидтайгаа холбоо барих явдлыг хоршооны бараа тээвэрлэх жолооч нарын дунд холбоочин тагнуулчийг оруулан ажиллуулж мэдээ, мэдээллээ авч, үүрэг чиглэлийг өгч ажилладаг байв. Д.Давааг энэ чиглэлээр ажиллуулж, Жанчхүү зэрэг газарт суулгасан суурин тагнуулчидтай холбоо бариулах, зам харгуй судлах ажлыг гүйцэтгүүлжээ. Д.Даваа Тяньжинд байсан машинуудыг нууцаар оруулж ирэх, Манжуур дахь цагаан орос, япончуудын байдлыг судлах ажиллагааг амжилттай биелүүлжээ. Улмаар Хятад улс Монголоос олон тооны адуу худалдан авах гэж байгаа нь ямар зорилготой болохыг мэдэх, Манжуур дахь Японы цэргийн байршлыг судлах үүрэгтэй яваад Манжуур хотод баривчлагдан хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэн хоригдож байхдаа оргон Монгол Улсдаа ирж байжээ. ДХГ-аас 1930 онд тагнуулч Д.Даваагийн ийнхүү оргон ирсэн, гадаадад нэр илэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж яамандаа татан ажиллуулах шаардлагатай болсон байна. 

Д.Даваа ДХГ-т ажиллах хугацаандаа 1932 оны эсэргүү хөдөлгөөнийг дарахад отрядын жолоочоор ажиллаж, мөн тулгаралтад оролцож явжээ. Тэрээр  эсэргүү хөдөлгөөний тухай: “Эсэргүү бослогыг дарахаар явж байхдаа Дархадын 13 овоотой давааг ганц ч машин даваагүй байхад 7, 8 машиныг тус тус жолоодон давж байсан. Гиваапилийн отрядод жолоочоор явсан бөгөөд Бор голын хамтралын тулгаралтад чухал үүрэг биелүүлсэн” хэмээн дурсан ярьсан байдаг. 

ДХГ-ын даргын 1932 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 418 дугаар тушаалаар, “Жолооч нөхөр Даваа болвоос ... Хөвсгөлийн эсэргүү хөдөлгөөнийг дарахаар явсан отрядын байлдаан, тагнуулын ажилд хэрэглэх машиныг жолоодон ямар ч бэрхшээлтэй ... байдалд ... даалгасан ажил бүхнийг ёсоор гүйцэтгэсний дээр Бор гол хэмээх газар эсэргүү нартай байлдаж, дайралтад туйлын их зоригтойгоор баатарлаг орсон ба Засгийн газрын бүрэн эрхтэй комиссын тагнуулын машиныг нэг адил жолоодон явсан ... тул түүний гавъяаг илэрхийлэн байлдааны буугаар сайшаан шагнасугай” хэмээжээ.

1933 оноос ДХГ хил хязгаарыг батлан хамгаалах үүргийг хүлээж, хилийн отрядуудыг байгуулж, хил хамгаалах үүргийг гүйцэтгэж эхэлсэн билээ. Тухайн үед хил хязгаарын байдал түгшүүртэй, Монгол Улсаас оргох, дүрвэн нүүх явдал ихээхэн гарч байсантай холбогдуулж тус газраас агаарын тагнуул үйлдэх, хил хязгаарыг хамгаалахад агаарын хүчнийг ашиглах зорилт тавьж онгоцны нисгэгч бэлтгэх, улмаар сургуулийг бий болгох ажлыг гүйцэтгэжээ. Онгоцны нисгэгч бэлтгэхэд техник сэтгэлгээтэй, дадлага туршлагатай ажилтнуудыг сонгон шалгаруулж авчээ. ДХГ-ын ажилтан Д.Даваа онгоцны нисгэгчээр бэлтгэгдэх боловсон хүчний нэгд багтаад ДХГ-ын даргын 1934 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 148 дугаар тушаалаар У-2 онгоцыг жолоодож сурахаар Хязгаарын цэргийн мэдэлд шилжсэн байдаг.

Д.Даваа ДХГ-ын даргын 126 дугаар тушаалаар баталсан хичээлийн хуваарийн дагуу нисгэгчийн сургалтад сууж, 1936 оны 12 дугаар сарын 12-нд дүүргэн У-2 онгоцны нисгэгч болсон төдийгүй, сайтар сурсан хэмээн ДЯЯ-ны сайдын тушаалаар зургийн аппаратаар шагнуулж байжээ. Тэрээр У-2 онгоцны нисгэгч болсон тухайгаа дурсахдаа: “Улаан-Үд хотод У-2 гэдэг сургуулийн онгоц ирсэн тул очиж авах болж Базар, Сүндэв, Аюуш бид хэд хоёр сургагчийнхаа хамт Пулу гэдэг хагас ачааны авто машинаар явсан. Улаанбаатарын зүүнтэйхэн “Ангаар” гэдэг буудалд онгоцоо байрлуулж суралцсан. Шалгалтыг ЗХУ-д суралцаад ирсэн Шагдарсүрэн авсан” хэмээн өгүүлжээ. ДЯЯ-ны ажилтан Д.Даваа төд удалгүй байлдааны Р-5 онгоцны жолоочоор томилогдон ажиллаж эхэлжээ.

ДЯЯ-ны зүгээс тусгай шуудан, харилцааг шуурхай хүргэх, тагнуулын ажиллагаа явуулах шаардлагатай Баянтүмэн, Замын-Үүд, Шиньжаан гэсэн гурван чиглэлд тагнуулын нислэгийг тогтмол үйлдүүлж байжээ. Д.Даваа энэхүү үүргийн дагуу тагнуулын нислэгийг маршрутын дагуу гүйцэтгэж, дүрвэж буй иргэд, оргодол босуулыг илрүүлэх, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч буй босогчид, цэргийн хүчний байршлыг тогтоох, няцаах үүргийг гарамгай гүйцэтгэв. Тухайлбал, Замын-Үүдийн чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч тагнуулын нислэг үйлдсэн Японы тагнуулын онгоцыг илрүүлж, тагнуулын үйл ажиллагааг нь таслан зогсоожээ.           

ДХГ-ын анхны дарга Д.Балдандоржийн судлан сонгосон Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Доржийн Даваа нь Монгол Улсын тусгаар тогтнол, язгуур эрх ашгийн төлөө амь бие хайрлахгүй гадаад, дотоодод үүрэг гүйцэтгэсэн тагнуулч байв.

Д.Даваагийн эх орныхоо төлөө тагнуулчаар ажилласан нөр их зүтгэлийг нь төр засгаас өндрөөр үнэлж “Алтангадас” одонгоор шагнасан байдаг. Эдүгээ ардын хувьсгалын партизан, тагнуулч Д.Даваагийн эх орныхоо төлөө зүтгэсэн үйл хэргийг бахархан дуурсах, ирээдүй хойчид таниулах нь зүйн хэрэг бизээ.

                                               ТЕГ-ын Тусгай архивын судлаач Н.Батболд

 

[1]“Монгол ардын журамт цэргийн дурдатгалууд” УБ.,1961 он

[2]ТЕГ.Тусгай архив, Д.Даваагийн дурдатгал. Хн-100