Анхны эмэгтэй Хүндэт чекист

Тагнуулын байгууллагын 95 жилийн ойд

Ажил үйлс нь архивын шарласан хуудаснаа түүх болон тэмдэглэгдэн үлдсэн энэ эмэгтэйг Равжихын Цэнджав гэдэг. Тэрээр тагнуулын байгууллагын үе үеийн эмэгтэй албан хаагчдын төлөөлөл, ахмад дайчин, анхны эмэгтэй Хүндэт чекист юм.  

 Р.Цэнджав нь 1915 онд Түшээт хан аймгийн Далай гүний хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Шар тээл хэмээх газарт төрж, улмаар 1924-1928 онд Богд хан уулын аймаг дахь бага сургуулийг төгсчээ.

1929 онд Дотоодыг хамгаалах газарт бичээчээр ажилд орсон тэрээр Улсыг аюулаас хамгаалах байгууллагад 40 шахам жил ажиллахдаа хэрэг хөтлөгч, шалгагч, нарийн бичгийн дарга, төлөөлөгч, тасгийн дарга хүртэл дэвшин ажилласан нэгэн. 1930-аад оны эхэн үед туслах төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тухайн үеийн зүүн Хүрээний томоохон мяндагт лам Дамбийнямын  шавь гэх нэрээр тусгай даалгавар гүйцэтгэж, гадаадын тусгай албатай холбоотой ажиллаж байсан Жидийг баривчлах ажиллагаанд биечлэн оролцож байжээ.

Хүндэт чекист Р.Цэнджав нь Улсыг аюулаас хамгаалах байгууллагад ажиллаж байсан үеэ дурсан өгүүлэхдээ: “...Дотоодыг хамгаалах газрын анхны дарга нар болох Гиваапил, Насантогтох нарын удирдлага дор ажиллаж, үүрэг тушаалыг нь сонсож, биелүүлж явснаараа бахархдаг. ...Дотоодыг хамгаалахынхан улсынхаа нууцыг хадгалсан шиг хадгалж, хамгаалж, хариуцсан ажилдаа жинхэнэ эзэд нь байлаа. Дайны үед гэртээ харихгүй контортоо шнелиэ дэвсэж унтчихаад л өглөө нь босож ажлаа хийнэ. Ээлжийн амралт гэдгийг огт мэддэггүй байлаа. Би 1945 оны чөлөөлөх дайн эхлэхэд тусгай группын бүрэлдэхүүнд оролцож явсан юм. Тэр үед нөхөр маань /Түүний нөхөр Нямбуугийн Санжаа генерал Б.Доржийн удирдлагад баруун хязгаарт Оспаны дээрэмчидтэй тулалдаж явжээ. Судлаач/ /баруун хязгаарт хасгийн дээрэмчидтэй тулалдаж явсан учир долоохон настай балчир хүүхдээ хөршийндөө захиж орхиод дайнд оролцохоор харийн нутгийг зорьж, өдөр шөнөгүй хээр гадаа, нойр хоолгүй, ар талын хангалтын баазаас хол нөхцөлд ажилласан. Миний бие энэ группын бүрэлдэхүүнд орж явахдаа орлогч сайд Дордогийн шуурхай албаны нууц баримт, бичгүүдийг хариуцаж, орлогч сайдтай хамт нууц аппараттай уулзах, зарим гүйцэтгэх ажиллагаанд оролцох, мөн Өвөр Монголын зарим ноёд, түшмэдтэй уулзах үед тэмдэглэл хөтлөх зэргээр өөрийн үүрэгт ажлыг биелүүлж явсан” хэмээжээ.

Дэлхийн II дайны төгсгөлийн шатанд Японы эсрэг дайнд орох асуудал нь БНМАУ-ын хувьд тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлэх түүхэн боломж байв. Ялтын Бага хурал дээр хэлэлцэж, тохиролцсон ёсоор ЗХУ 1945 оны 8 дугаар сарын 9-нд Японы эсрэг дайн зарлахад Зөвлөлт Засгийн газрын мэдэгдлийг дэмжиж байгаагаа БНМАУ илэрхийлж, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн мөн оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хамтарсан онц хурлаас БНМАУ-аас Японд дайн зарлах тухай тунхгийг баталжээ. Чөлөөлөх дайнд БНМАУ нь “Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах протокол гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх, нийтийн дайсныг устгах”, “...бүрэн эрх чөлөөтэй тусгаар тогтнож, монгол овогтон нэгэн гэр улс болох” зорилгын үүднээс оролцсон билээ. Ийнхүү Японы эсрэг дайнд Зөвлөлт-Монголын цэрэг, дайчид болон Улсыг аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд мөр зэрэгцэн оролцож, далд фронтод тулалдсан юм.

Чөлөөлөх дайны өдрүүдэд УАХБ-аас чөлөөлөгдсөн, нутгийн гүнд ажиллах тагнуулын дөрвөн группыг Өвөр монгол, Манжуурт ажиллуулсан байна. Үүний нэг групп нь ДЯЯ-ны тагнуулын хэрэг эрхэлсэн орлогч сайд бөгөөд IV газрын дарга Б.Дордог, яамны орлогч зөвлөх Н.С.Фридгут нарын удирдсан групп Өвөр монголын Улаанцавын чуулганы төв Батхаалгын хийдийн чиглэлд ажилласан байна. Тэнд япон тагнуулын хэлтэс, хорих газар байсны дээр Өвөр монголын нэг хороо цэрэг байрладаг байв.

Дайны ид үе буюу 8 дугаар сарын 10-наас дайн дуустал ажилласан тус группын бүрэлдэхүүнд Р.Цэнджав орж, хилийн 9 дүгээр отрядын чиглэлээр улсын хил давжээ. Тэд Зөвлөлт, Монголын хамтарсан цэргийн хүчний цохилтонд өртөөгүй фронтын шугамын ар талд нуугдан үлдсэн японы Квантуны армийн цэрэг, улс төрийн тагнуулын олон арван бүлэглэлийг илрүүлэх даалгавартай Өвөр монголын Улаанцавын чуулганы төв Батхаалганд хүрсэн байдаг. Тэр хавьд байсан японы армийн цэрэг, цагдаа, тагнуулын хорлон сүйтгэх төвүүд, халхын оргодлуудыг илрүүлэх, мөн нууц мэдээлэгч элсүүлэх, өвөрмонголын ард иргэд, лам нарын улс төрийн зан байдлыг судлах, Улаанцавын чуулганы Дөрвөд, Дархан бэйл, Ширээт, Муу мянган хошууны ноёдтой уулзаж, тэднээс япон, хятадын цэргээс нутаг орноо чөлөөлүүлэх саналыг сонсох зэргээр ажиллажээ.

Дээр дурдсан групп нь 1945 оны 9 дүгээр сарын 2-нд Японы зэвсэгт хүчний командлал ЗХУ, АНУ тэргүүтэй холбоотон гүрнүүдэд үг дуугүй бууж өгөх тухай актанд гарын үсэг зурсан тэрхүү өдрөөс ДЯЯ-ны сайдын шийдвэрээр эх орондоо буцаж ирсэн билээ. Чөлөөлөх дайны үеэр тагнуулын байгууллагын цуглуулсан мэдээлэл нь Квантуны армийг богино хугацаанд ялахад чухал хувь нэмрийг оруулжээ.

Тагнуулын байгууллагын Хүндэт чекист, 1945 оны чөлөөлөх дайны Ахмад дайчин Равжихын Цэнджавын улс, эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах далд үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг төр, засгаас өндрөөр үнэлж Алтан гадас одон, Байлдааны гавьяаны одон, Цэргийн гавьяаны одон, Байлдааны медаль, Бид ялав медаль, Ардын хувьсгалын 25, 40, 50 жилийн ойн медалиар тус тус шагнажээ.

Үйлс нь түүх болон үлдсэн далд тулааны дайчдын гүйцэтгэж байсан үүрэг, үйл ажиллагааны нэгээхэн хэсгээс бичиглэхийн учир нь “улс орныхоо аюулгүй байдлын манаанд эх орон, ард түмнийхээ тусын тулд хийж байгаа юм шүү” гэсэн итгэл, үнэмшлээр үнэнчээр зүтгэж явсан нь мөнхрөн үлдэх гавъяатай гэдгийг өгүүлэхийг зорилоо.       

Дэлхийн II дайны төгсгөл Азийг японы түрэмгийллээс чөлөөлөх дайнд БНМАУ оролцсоноор Зөвлөлтийн удирдагчдын хүчин чармайлтын үр дүнд олон үеийнхний турш чармайн зүтгэж ирсэн тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлэх хүсэл эрмэлзлээ бодит үйл хэрэг болгож чадсан юм.  

Судлаач Б.Эрдэнэбилэг