Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсад орчин цагийн тагнуулын байгууллага үүсч байгуулагдсаны 95 жилийн ой, “Тагнуулын байгууллагын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр мэндчилгээндээ “Тагнуулын байгууллага нь өнгөрсөн хугацаанд үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах чиг үүргээ төрийн өмнө чин шударгаар хуулийн хүрээнд бүрэн дүүрэн хэрэгжүүлж, эх орон, ард түмнийхээ өмнө хүндтэй гавьяа байгуулж, эгнээнээсээ олон алдартан төрүүлсэн бахархам түүхтэй болохыг тэмдэглээд, Тагнуулын ерөнхий газар 95 жилийнхээ ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан нь тус байгууллагын бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг Монгол Улсын төр засгаас өндрөөр үнэлсэн хэрэг бөгөөд цаашид хүрсэн ололт амжилтаа бататгана гэдэгт Монгол Улсын Засгийн газрын тэргүүн миний бие итгэлтэй байна.

Улс, эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах далд фронтод хүчин зүтгэж ирсэн тагнуулын байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчид Та бүхэн төр засаг, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулна гэдэгт Монгол Улсын Засгийн газар итгэл төгс байгаа” гэдгээ илэрхийлсэн болно.