Чөлөөлөх дайны үед ДЯЯ-наас Хайлаар, Манжуурын чиглэлд явуулсан тагнуулын групп

ЗХУ-аас 1945 оны 8 дугаар сарын 9-нд Япон Улсын эсрэг дайн зарласан тухай мэдэгдэхэд БНМАУ-ын Засгийн газраас ЗХУ-ын мэдэгдлийг дэмжиж байгаагаа илэрхийлж, “Зөвлөлт-Монголын харилцан туслалцах гэрээ”-гээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх, эх орныхоо аюулгүй байдлыг хангах зорилгын үүднээс 8 дугаар сарын 10-нд Япон Улсад дайн зарлаж буйгаа мэдэгдсэн байдаг. 

Чөлөөлөх дайн болохтой холбогдуулж маршал Х.Чойбалсан 1945 оны 8 дугаар сарын 10-нд Монголын ард түмэнд хандаж хэлсэн үгэндээ: “Бид ... Японы түрэмгийлэн эзлэгч нарыг бут цохисны эцэст бүх монголчуудыг эрх чөлөөтэй, тусгаар тогтносон, бүрэн эрхт нэгэн ах дүү улс гэр болгон нэгдүүлэх явдлыг хангах болно” гэж тэмдэглэсэн.  

Мөн БНМАУ-ын Засгийн газраас: “Алдар гавьяат улаан цэрэг нь Ази тивийн ард түмний амгалан тайван байдлыг тогтоон агуу их Монголын ард түмнийг нэгдүүлж, тэдэнд үндэсний эрх чөлөө олгох, тусгаар тогтносон гэр улс болгохын тулд Японы булаан эзлэгчдийн эсрэг шудрага дайны илд мэсийг өргөв ... Монголчуудаа та нар боолчлон дарлагч этгээдүүдтэй эсэргүүцэн тэмцэгтүн. Япончуудтай ар талаас нь тэмцэх байлдаанд явагтун” хэмээн уриалга гаргажээ. 

Монгол, Зөвлөлтийн цэрэг 1948 оны 8 дугаар сарын 9-нөөс эхэлж Өвөрмонголын зүүн, баруун хэсгийн хэд хэдэн чиглэлээр цөмрөн орж, чөлөөлөх дайныг явуулав. Чөлөөлөх дайны явцад чөлөөлөгдсөн нутгийг тохинуулах, ард иргэдийг БНМАУ-ын харьяанд нэгдэн орохыг ухуулах, сурталчлах ажлуудыг явуулах үүднээс МАХН-ын Төв Хорооноос 1945 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 60 дугаар хурлын тогтоолоор Намын Төв Хорооны Суртал Ухуулгын хэлтсийн дарга Нямтайширын Лхамсүрэнгээр толгойлуулсан Засгийн газрын комиссыг чөлөөлөгдсөн нутагт ажиллуулахаар томилжээ. Уг комиссоос чөлөөлөгдсөн нутгуудад ажиллаж, хошууг шинээр зохион байгуулах, хошуудын даргыг томилох, японтой харилцаатай иргэдийг нутгийн ардын тусламжтайгаар илрүүлэн баривчлах зэрэг ажлуудыг явуулж хэд хэдэн тушаал шийдвэрүүдийг гаргасан байна. 

Чөлөөлөх дайны үед чөлөөлөгдсөн нутагт тасарч үлдсэн японы цэрэг, тагнуулчид, хорлон сүйтгэгчдийг илрүүлэх, Монгол, Зөвлөлтийн цэргийн ар талыг хамгаалах, чөлөөлөгдсөн нутгийн ард иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Дотоод Явдлын Яамнаас тусгай хөдөлгөөнт группуудыг ажиллуулжээ. Тухайлбал, Д.Данзангийн удирдсан баруун Сөнөд, Б.Дордогийн удирдсан Улаанцав, Батхаалга, Б.Дүйнхоржавын удирдсан Шилийн гол, Долнуур, Ц.Даваажавын удирдсан Манжуур, Хайлаарын гэсэн дөрвөн чиглэл болно. 

Энэ удаад эдгээр 4 чиглэлүүдээс Ц.Даваажавын удирдсан Манжуур, Хайлаарын чиглэлд ажилласан тагнуулын группийн гүйцэтгэсэн үүргийн талаар цухас дурдъя.    

Манжуур, Хайлаарын чиглэлийн группийг тагнуулын байгууллагын түүхэнд “Дөл” групп хэмээн тэмдэглэжээ. Тус группийн илтгэлд дурдсанаар: “1945 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатараас гарч Чойбалсан хотноо 12-ны өдрийн оройн 8 цагт ирсэн ... Чойбалсан хотноо 5 хоногийн турш отрядын байлдагч 100 хүнийг аймгийн намын хороо, аймгийн яам, хэлтсийн дарга нартай харилцан ярилцаж авсан” гэжээ. 

Тус групп 1945 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 8 дугаар застав Баян-Уулын хойд талаар хил нэвтэрч, шинэ баргын төв хошуу байрлаж байсан Алтан-Эмээлийг чөлөөлж японы бага сургуулийн байранд байрлажээ. Хилийн 31 дүгээр отрядын дарга Ж.Эрэнцэн, 5 дугаар тасгийн дарга, ахмад Ц.Даваажав нарын удирдсан групп Манжуур, Хайлаарыг чөлөөлөх явцад нутгийн ард иргэд дүрвэн ууланд гарч, зарим үед хот айлд хүүхэд хөгшид үлдэж, цэргүүд ирж сургаар зугтаж байжээ. Энэ нь японы цэргийн хүч зугтах замдаа айл өрхийг тонон дээрэмдэж байснаас үүдэлтэй байжээ. 

Өвөрмонголын Алтан-Эмээлээс “Дөл” групп тагнуулын холбогдолтой чухал баримт материалыг олзолж авсан ба байрлалаа орхин зугтсан японы тагнуулчдыг илрүүлж, Б.Даваажав, сумангийн дарга Бат-Очир нарын морин групп Далай нуурын чиглэлд мөрдөн хөөж, Японы тагнуулын хэсгийг Хэрлэн голын эрэг дээр гүйцэн очиж устгажээ. Энэхүү тулгаралтын талаар “Монгол Улсын хил хамгаалалтын түүхэн тэмдэглэл” бүтээлд: “Япончууд голын эрэг, усан дотроос шууд гал нээсэн байна. Хилчид тэднийг бүслэн заримыг устгаж, үлдэгсдийг амьдаар барихыг оролдсон ч дайсны зарим нь амиа хорлож, цөөн хүн аргагүйн эрхэнд олзлогджээ. Манай талаас жолооч Дамчаа хөнгөн шархадснаас өөр хохиролгүй, харин ахмад Б.Даваажав, Лувсандагва, дэслэгч Жанцан, бага дэслэгч Гомбожав, байлдагч Гончигням, Данзандаржаа, Гэрэл нар онцгой авхаалж гарган байлдав” хэмээжээ. 

“Дөл” группийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг нь чөлөөлөгдсөн нутгийн ард иргэдийг тохинуулах, БНМАУ-тай нэгдэх тухай ухуулах, сурталчлах явдал байв. Тус групп нь: “Хөлөнбуйрын бүх Монголчуудыг Монгол Улс лугаа нэгтгэхийг биелүүлэхийн тулд ... ард олны дотор Монгол Ард Улс лугаа  нэгтгэх тухай зарлал, ятгалгыг явуулах бөгөөд үүндээ Халх монгол ба Хөлөнбуйрын монголчууд нь хэл бичиг, хэв заншил, аж амьдрал, нутаг бэлчээр эдгээр үндсээр нэг адил ... Баргын ба Халх монголын ард түмний ойрын ба ирээдүйн зорилго нэг тул бидний Баргын монголчууд нь Халх монгол ард улсаа түшиж, тэдний элбэрэл тусламжинд найдаж амьдрах хэмээн үнэн үгийг ард олны тархи, мэдрэлд шингэтэл ухуулан ойлгуулах явдлыг” зорилго болгон ихээхэн үр дүнтэй ажилласан байна. 

ДЯЯ-ны Манжуур, Хайлаарын чиглэлийн “Дөл” групп ухуулах, сурталчилах ажлын үр дүнг 1945-1946 онд БНМАУ-ын харьяат болохоор Дорнод аймагт нүүдэллэн ирсэн баргын ард иргэдээс харж болохоор байна. Тухайлбал, 1945 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр БНМАУ-д нүүж ирсэн 256 өрх айл, 471 эрэгтэй, 542 эмэгтэй, 109 лам нүүдлэн иржээ.   

ДЯЯ-наас явуулсан “Дөл” групп нь чөлөөлөх дайнд Манжуур, Хайлаарын чиглэлийн олон монголчуудыг японы дарлалаас чөлөөлж, энгийн ард иргэдийн эд хогшлыг тонон дээрэмдэж, амь насыг нь бүрэлгэж байсан японы үлдэгдэл цэрэг, японы цэргийнхэнтэй хамтран ажиллаж байсан иргэдийг илрүүлэн Япон улсын бодлого, үйл ажиллагаатай холбоотой олон чухал баримтуудыг олзолж авчээ. Тагнуулын групп 1945 оны 9 дүгээр сарын 2-нд Японы зэвсэгт хүчний командлал үг дуугүй бууж өгөх тухай актад гарын үсэг зурсан өдрөөс ДЯЯ-ны сайдын шийдвэрээр эх орондоо ирсэн байна.

ТЕГ-ын Тусгай архивын судлаач Н.Батболд