Зөвлөлт Холбоот Улсад шийтгэгдсэн Улсыг Аюулаас Хамгаалах байгууллагын ажилтнууд

Монгол Улсад өрнөсөн 1937-1939 оны их хэлмэгдүүлэлтийн үед Ерөнхий сайд агсан А.Амараас эхлээд томоохон улс төрийн зүтгэлтэн, сэхээтнүүдийг баривчлан Зөвлөлт Холбоот Улсад /ЗХУ/ аваачин хорьж, ЗХУ-ын шүүхээр ялын дээд хэмжээгээр шийтгэсэн байдаг. Тэдгээр хүмүүсийн дотор улс төрийн хилс хэргийг эсэргүүцэн тэмцэж байсан  Дотоод Явдлын Яамны сайдаас авахуулаад энгийн ажилтан хүртэл хэлмэгджээ. Хувьсгалын эсэргүү, японы тагнуул байгууллагын гишүүн гэх хилс хэргийг 1937 оны  8 дугаар сарын 28-ны өдөр ЗХУ-аас ирсэн сургагч нар орос хэл дээр машиндсан “Заговор буюу Хуйвалдаан” гэгч хэргийн нийт 214 хүний нэрсийг гарган авч ирсэний үндсэн дээр 1937 оны  9 дүгээр сарын 10-нд эхлэн явуулжээ. 

ЗХУ-аас явуулж байсан улс төрийн хилс хэргийг тухайн үеийн Монголын тагнуулын байгууллагын удирдлага, ажилтнуудаас эсэргүүцэж, сургагч нарын алдаатай үйл ажиллагааг шүүмжилснээр тагнуулын байгууллагын ажилтнууд өөрсдөө хэлмэгдэхэд хүрч байжээ. Тухайлбал: Дотоодыг Хамгаалах Газар /ДХГ/-ын орлогч дарга Ц.Гиваапил  Лхүмбийн хэрэг нь хилс ташаа болох, 1930 оны эхээр гарч байсан алдаа завхралыг шүүмжилж, хэлмэгдүүлэлтийг эсэргүүцэн төр, засгийн удирдлагуудад мэдэгдэж, ЗХУ-ын сургагч нартай зөрчилдөхөд сургагч нарын зүгээс 1934 оны 3 дугаар сард  эмнэлэгт нэг хонуулан гаргаж, гэрийн хорионд 10 хоног байлгаад ЗХУ-д амруулах нэрийдлээр Москва хотод аваачжээ. Ц.Гиваапил 1935 онд эх орондоо буцаж ирэн Гар үйлдвэрийн ерөнхий хорооны орлогч даргаар ажиллаж байхад нь дахин баривчилжээ. Энэ мэтчилэн ДХГ болон ДЯЯ-ны ажилтнууд тус улсад явагдсан залхаан цээрлүүлэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд гүйцэтгэгчийн үүргийг биелүүлж байсан хэдий ч нам төрөөс авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг хууль зүйн хувьд алдаатай болохыг илчилж байсан баримт олон байдаг.

Түүнчлэн ДХГ-ын орлогч дарга С.Гиваапил феодалын хөрөнгө хураах нэрийдлээр хууль ёсыг ноцтойгоор зөрчиж байгааг шүүмжлэн түүнийг засаж залруулах талаар Намын Төв Хороонд санал оруулж, ДХГ-ын дарга Д.Намсрай чинээлэг ардыг феодалд тооцон баривчилж хөрөнгийг хураасныг буруушааж, засаж залруулахыг харьяа хэлтэс, ангийн дарга нартаа үүрэг болгож төрийн эсрэг гэмт хэргийг шалгаж баримтжуулах ажлыг хууль зүйн дагуу явуулахыг ажилтнууддаа үүрэг болгож байв. Мөн ДХГ-ын орлогч дарга Б.Аюуш хэрэг бүртгэлийг сайжруулах, үндэслэлгүйгээр хорьж саатуулахыг таслан зогсоох, зөрчигчдөд хариуцлага тооцохоор 1932 онд 318 дугаар тушаал гаргаж байжээ. Гэвч  хүч тулган хийлгэсэн  “Лхүмбийн хэрэг”, “Гэндэн, Дэмидийн хэрэг”, “Ёнзон хамба буюу лам нарын хувьсгалын эсэргүү Япон тагнуулын хэрэг”-үүдийг  зохиомлоор үүсгэн түүндээ Монгол, Зөвлөлтийн харилцааг салгах гэсэн, Монгол ардын хувьсгалыг устгахын тулд японы дэмжлэг туслалцаанд тулгуурлаж хамтран ажилласан  зэргийг үндэслэн хууль ёсыг зөрчиж, улс төрийн хэлмэгдүүлэлт цаашид гүнзгийрчээ. 

Дээрхи нөхцөл байдалтай холбогдуулан ДЯЯ-ны удирдах ажилтнуудыг 1939 оны 3 дугаар сараас 9 дүгээр сарын  хооронд баривчилж, Чита мужийн Дотоодыг Хамгаалах Ардын Комиссарууд /ДХАК/-ын төв аппаратын мөрдөн байцаах групп байцаагаад, 7 дугаар сараас 8 дугаар сард Москвад аваачин мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж, байцаалтын мэдүүлгийг зохиомлоор үйлдэн, гарын үсгийг албадан зуруулж, шүүх хуралд хэрэг заавал хүлээхийг ятгасан байдаг. Ийнхүү мэдүүлэгт гарын үсэг зурахыг албадах явдал олонтаа гарч байсныг ЗХУ-ын  ДЯАК-ын ажилтан Васильев, Добротин, Морозов нар 1939 оны 11 нэгдүгээр сард ЗСБНХУ-ын ДЯАК-ын намын хороонд хандаж мөрдөн байцаалт обьектив биш явагдаж байгаа тухай өргөдөл гаргаж,  шалгалт хийхэд өргөдөлд бичигдсэн зүйл үнэн болох нь нотлогдсон ч энэ асуудлаар ямар ч арга хэмжээ аваагүй байна. 

 Ж.Баясгалан тасаг, хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хүнийг баривчлах, хорих зөвшөөрөл олгох, ялын зарим төлөвлөгөөтэй танилцаж засварлах, мөрдөн байцаах ажилд оролцож байсны хувьд хүмүүсийн хувь заяаг шийдвэрлэхэд шууд оролцож байв. Энэ тухай 1939 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн  ДЯЯ-ны ажилтны  зөвлөгөөн дээр “Би энэ алдаанд ихээхэн хутгалдаж оролцсон, нийтийн дайчилгаа эхэлснээс хойш лам нар феодалын талд ажиллаж ирэхдээ ангийн чанарыг алдаж том алдааг гаргасан. Би ихээхэн хариуцлагыг хүлээж байсан тул холбогдол нь эхлээд над дээр ирэх ёстой” гэж хэлж байжээ. Баясгалангийн хэргийн анкетийг 1939 оны 7 дугаар сарын 21-нд бичсэн ба хувьсгалын эсэргүү дайсан болгох гэж зориуд зохион байгуулсан нэгэн баримт гэвэл Ж.Дашзэвэгийн мэдүүлэг дотор нимгэн цаасан дээр олон хувь хордуулан машиндсан хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүн гээд онгорхой зайнд “Манай Дотоод Яамны Баясгалан нарын бие хэмээн” гараар оруулан бичсэн нь энэ хэрэгт хамаатуулах шалтгаан болсон байна.  Тэрээр 1939 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ямар хэргийн учир хэний зөвшөөрлөөр баривчилж, ЗХУ-ын ДХАК-ын газар яаж хүргүүлэн, ямар нөхцөл байдлын дунд юун тухай хичнээн удаа байцааж хэрэг хүлээлгэсэн тухай материал байхгүй байгаа юм.   

ЗХУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллеги Ж.Баясгаланд БНМАУ-ын Ардын хувьсгалт засгийг түлхэн унагааж, Япон улсын ивээл дор Монгол оронд хөрөнгөтөн, феодалын засгийг дахин тогтоох зорилготой зэвсэгт бослогод бэлтгэж байсан хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүн хэмээн хэрэг тулган таслаж ЗХУ-ын  Эрүүгийн хуулийн 58-1, 58-11 дүгээр зүйлүүдэд зааснаар цаазлах ял оногдуулан, бүх хөрөнгийг хураахаар тогтоол үйлджээ. ЗХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн №4н-022693/56 тоот магадлалд “БНМАУ-ын Дотоод Явдлын Яаманд удирдах албан тушаалд ажиллаж байхдаа гэм буруугүй иргэдийг үндэсгүйгээр өргөн баривчилгаа явуулж, тэдний ихэнх хэсэг нь хуурамч хэргийн учир шийтгэгджээ. Жамцын Баясгалан нь БНМАУ-ын иргэдийг  үндэсгүйгээр өргөнөөр баривчилж байсан явдалдаа гэм буруутай боловч түүний энэ үйл ажиллагаа “ЗХУ-ын ДХАК-ын газрын ажилтнууд удирдан чиглүүлж байсан ба үүнийхээ төлөө тэд шийтгэгджээ” гэж хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгажээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                           ДХГ-ын Тусгай хэлтсийн дарга байсан Ц.Лувсандонойг 1939 оны 7  дугаар сарын 1-ний өдөр Халх голын байлдааны фронт дээр цэргээ удирдан явж байгаад ЗХУ-ын 17 дугаар армийн тусгай хэлтэст баривчлагдан ЗХУ-д хүргэгдсэнээр ДХГ-ын удирдах ажилтнуудыг баривчилах ажил сүүлчийн шатандаа орсон байдаг.  Тэрээр Дээд шүүх Цэргийн коллегийн  ЭХ-ийн 58-1б, 58-8, 58-9, 58-11 дүгээр зүйлээр гэмт хэрэг үйлдсэн хэмээн мөрдөн байцаагдаж  байхдаа 1941 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Бутырийн шоронгийн эмнэлэгт сүрье өвчин нь хүндэрч, менингит өвчнөөр  нас баржээ. Түүний хэрэг доторхи  ЗХУ-ын ерөнхий прокурорын дүгнэлтэнд БНМАУ-ын удирдах бусад ажилтнуудын нэгэн адил гэмт хэрэг үйлдсэн гэх ямар нэг баримтгүйгээр баривчлагдсан байх ба тийм баримт нэмэлт мөрдөн байцаалтаар ч тогтоогдсонгүйгээс гадна хууль ёсыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэн ЗХУ-ын Дээд Шүүх Цэргийн коллегийн  1956 оны 12 дугаар дугаар сарын 8-ны өдрийн  №44/022695 дугаар магадлал болон БНМАУ-ын Дээд Шүүхийн бүгд хурлын 1962 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаар тогтоолоор тус тус  цагаатгасан байна. 

Дурдсан хугацаанд ДХГ, ДЯЯ-ны гүйцэтгэх ажилтан 13, тасгийн дарга 11 хэлтсийн дарга  13, газрын дарга 3, сайд 4 тус тус ЗХУ-д баривчлагдан хүргэгджээ. 

Ийнхүү дээрхи хүмүүсийн адил Дотоодыг Хамгаалах Газар, Дотоод Явдлын Яаманд гүйцэтгэх болон удирдах албан тушаал хашиж байсан хүмүүс Монголд улс төрийн хэлмэгдүүлэлтийг явуулахад зарим үед голлох үүрэгтэй ажиллаж байсан нь үнэн боловч өөрсдийн үйл ажиллагааны алдаа оноог ухааран ойлгож, түүнийгээ засахын төлөө хичээж байсан болон хожмын гэрч гэдэг утгаараа өөрсдөө мөн адил улс төрийн хилс хэрэгт  баривчилагдаж ЗХУ-д хүргэгдэн тус улсын хуулиар шийтгэгджээ. 

ТЕГ-ын Тусгай архивын судлаач Б.Дэлгэрзаяа