“Лхүмбийн хэрэг” ба Дотоодыг Хамгаалах газар

1930 оны эхэн үе гэхэд Япон Манжуурыг бүрэн эзэлж, БНМАУ, ЗХУ-тай шууд хиллэх болсноор БНМАУ гурав дахь улстай хил залгах болжээ. Японы тагнуулын байгууллага Манжуурт суурьшсан орос, буриад иргэдийг ЗХУ-ын эсрэг тагнан турших, хорлон сүйтгэх ажиллагаанд өргөнөөр ашиглах болов. Үүгээр шалтаглан 1932 оны хавраас эхлэн Зөвлөлтөөс Монголд дагаар орсон буриад нарыг “гэсгээх” И.В.Сталин, түүнийг тойрон хүрээлэгчдийн бодлого хэрэгжиж, үүндээ өөрсдийн “гар, хөл” болсон сургагч, зөвлөх, “дуулгавартай нөхөд”-ыг ашиглах болжээ.

Эл бодлогын эхлэл болгож, ЗХУ-ын Дотоодыг Хамгаалах Ардын Комиссариатын газраас “Цепочкин” нэрээр 1933 оны хавар урьдчилан боловсруулсан “Лхүмбийн толгойлсон япон тагнуулын байгууллага” гэгчийг зохиомлоор бий болгожээ.  

Нэгэн баримтаас сөхөхөд: 1936-1937 онд Зөвлөлтөөс Монгол улсад элчин сайдын яамны зөвлөх байсан А.С.Скрипко өөрийн мэдүүлэгтээ: “Монголд гэм зэмгүй олон хүнийг хууль бус аргаар мөрдөн байцааж, эрүүгийн гэмт хэргийг зохиомлоор буй болгох ажлыг монголын ДЯЯ-нд ажиллаж байсан ЗХУ-ын НКВД-ын зөвлөх, сургагч мэргэжилтнүүд удирдан энэ ажлыг монголын ДЯЯ-ны ажилтнуудын гараар үйлдүүлж, төр засгийн гол удирдлага Лувсаншарав, Амар, Чойбалсан нараар зөвшөөрүүлэн хийлгэсэн юм”  гэснээс хэлмэгдүүлэлт явагдсан бодит дүр зургийг харж болох юм.  

“Лхүмбийн хэрэг” нь өнгөн дээрээ япон тагнуулын хэрэг байгаа мэт сэтгэгдлийг нийтэд төрүүлэхийг оролдож байсан боловч цаад агуулга нь монгол үндэстнийг нэгдэн нийлэхийн эсрэг их гүрний зүгээс явуулж байсан бодлогын үр нөлөө юм. Уг хэрэг нь анхнаасаа л боловсруулсан нэрийн утга агуулгаас үзэхэд зохиомол хэргүүдийг олон нийтэд итгэл үнэмшилтэй болгохын тулд хоорондоо уялдаа холбоотой гинжин холбоо мэтээр сэтгэгдэл төрүүлж, цаашид их хэлмэгдүүлэлтийн эхлэл үндсийг тавих зорилгыг агуулж байсан нь ойлгомжтой юм.

Тухайн үед А.Амар, Г.Дэмид, Ж.Лхүмбэ нарын удирдагчид монгол үндэстнээ нэгтгэх, Манж-Го улстай дипломат харилцаа, Япон улстай хэвийн худалдааны харилцаа тогтоох, хилийн будлианыг хэлэлцээрийн замаар зохицуулах, И.В.Сталин зэрэг зөвлөлтийн удирдагчид хэрхэн хандахыг судлах, эдийн засгийн хувьд өр зээлгүй болох зэрэг бодлого баримталж байв.  Энэ нь их гүрний удирдагчдын таалалд үл нийцэн эдгээр удирдагчдыг хэлмэгдүүлэх гол шалтгаан болжээ.

Хэнтий аймгийн Онон-Дадал хошууны Дотоодыг Хамгаалахын төлөөлөгч Данзангаас: Дадал сумын хоршооны эрхлэгч Р.Цэвэгжав зэрэг олон хүнийг “Монголоос оргон зайлж, японы талд урвасан Ш.Дамдин гэгчтэй харилцаж, тагнуулын үйл ажиллагаа явуулж байна” гэж Хэнтийн Дотоодыг хамгаалах ангийн дарга Л.Рэнцэнд мэдээлснийг нягтлан шалгаж, баримтжуулалгүйгээр ДХГ-ын дарга Д.Намсрай, М.Ф.Чибисов нарт танилцуулж, урьдчилан төлөвлөсөн “Лхүмбийн толгойлсон япон тагнуулын байгууллага” хэмээх зохиомол хэрэг бүрдэх нөхцөл бүрэлджээ. Р.Цэвэгжавын бүлэг хэмээн баривчлагдсан 174 хүний дотроос С.Эрэнцэн, М.Цэвээн нарын мэдүүлгээр “Лхүмбэ нь тус байгууллагын удирдагч мөн” гэсэн мэдүүлгийг гаргуулж авчээ. С.Эрэнцэнгээс: “Лхүмбийг урьд нь огт харж байгаагүй. Худал нүүрэлдэж байсан”  хэмээн 1961 онд өөрийн гаргасан тодорхойлолтондоо мэдүүлсэн байдаг. Эдгээр 174 хүний 151 нь буриад байсан нь Зөвлөлтийн зүгээс буриад нарыг “гэсгээх” бодлогын нэгэн баримт юм.         

Ж.Лхүмбэ нь Үйлдвэрчний эвлэлийн ажлын шугамаар Дорнод, Хэнтийд нүүн суурьшсан ядуу буриад иргэдийг төвд шилжүүлэх, ажил эрхлүүлэх зорилгоор “Буриадын хурал”-тай гэрээ байгуулсан нь түүнийг “эсэргүү хэрэг”-т холбогдуулах бас нэгэн шалтаг болжээ.

ЗХУ-ын бүрэн эрхт төлөөлөгч А.Я.Охтины зөвлөснөөр ДХГ-ын орос зөвлөхөөс ДХГ-ын нэрийн өмнөөс МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн дарга Ж.Лхүмбийг баривчлах асуудал тавихыг тус газрын дарга Д.Намсрайд зааварласнаар МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Б.Элдэв-Очир, Ерөнхий сайд П.Гэндэн нараас зөвшөөрөл авч баривчилжээ .  
“Лхүмбийн хэрэг” хэмээх 3 группын хэргийг таслан шийтгэсэн байдлыг үзэхэд:   

1. Хэнтийн групп хэмээх Цэвэгжав тэргүүтэй 174 хүний хэргийг 1933 оны 11 дүгээр сарын 3-нд ДХГ-ын дарга Намсрай даргатай тусгай комисс нууцаар тасалж, 30 хүнийг ялын дээд хэмжээ, бусдыг нь 5-10 жил хорихоор зааж, 86 хүнийг гадаадад цөлсөн байна.   

2. Лхүмбэ толгойтой 33 хүний хэргийг 1934 оны 6 дугаар сарын 25-нд ДХГ-ын дарга Намсрай тэргүүтэй тусгай комисс нууцаар тасалж, 12 хүнийг буудан алахаар тасалсаны 7-г нь Улсын Бага Хурал өршөөж, 5 хүнийг ялын дээд хэмжээгээр шийтгэжээ.    

3. Дорнодын групп гэдэгт буриад 78-ыг оролцуулсан ажилчин, албан хаагчид, энгийн ард бүгд 110 хүнийг хамруулж, 1933 оны 11 дүгээр сард тусгай комисс нууцаар тасалж, 18 хүнийг ялын дээд хэмжээгээр шийтгэжээ .    

Монголд тагнуулын ажилтныг бэлтгэх ажил чухамдаа “Зүүнтний” үед хэрэгжиж, ДХЕГ-ын даргын 1933 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 207 тоот тушаалаар “ Төлөөлөгчдийг давтан боловсруулах түр сургууль”  байгуулсан нь системтэй мэдлэг, боловсрол олгох суурь баримжаа тавигдсан мэт боловч сургалтын зорилго нь их гүрний харгис бодлогыг хэрэгжүүлэх хүчнийг бэлтгэх явдал байсан бололтой. 1933 онд тагнуулын ажилтнуудад зориулсан эмнэлэг, 1934 онд тусгай дэлгүүр, 10 ортой амралтын газар байгуулж  байсан нь зориуд анхаарч байсан мэт. Тухайн үед ажиллаж байсан ажилтнуудын тодорхойлолтоос үзэхэд эсэргүү-тагнуулын хэрэг үнэхээр байсан гэдэгт итгэж, ажил үүргээ гүйцэтгэж байсан тухайгаа өгүүлсэн байдаг.      

Мөн Монгол улсад хууль эрхзүйн хөгжлийн доогуур шатанд байсан нь УАХБ ажлаа зөв голдрилын дагуу явуулахад бэрхшээл учруулж, орос сургагч, зөвлөхүүдийн заавраар явахаас аргагүй байдалд хүргэж байсан байна.

Гэхдээ хэлмэгдүүлэлтийг гардан гүйцэтгэсэн “ДХГ”, “До яам” түүний “Ногоон малгайтнууд” бүгдээрээ цагаан цаас байсангүй, уг хэргийн зохиомол болохыг илчилсэн эсэргүүцсэн тус байгууллагын мэдлэг, чадвартай ажилтнууд “Японы тагнуулын хамсаатан” нэрийг зүүх болж, олноор хэлмэгдсэн юм. Тухайлбал: 1930 онд Баянтүмэний Дотоодыг хамгаалах ангийн тэргүүлэгч Г.Гэндэнжав, төлөөлөгч Батсүх, Лувсанжамц, орчуулагч Д.Осор нарыг “Зөвлөлтөөс Монголд “Улаан империализм”-ын бодлого явуулж байна” гэж ярьсаных нь төлөө Лувсанжамцыг найман жилээр шийтгэж, бусад Г.Гэндэнжав, Батсүх, Д.Осор гурвыг буудан алсан, мөн ДХГ-ын дарга байсан Н.Хаянхирваа /шоронд нас барсан/, Дорнод хэлтсийн дарга Н.Төгсжаргал /Дорнодын эсэргүү байгууллагын удирдагч хэргээр/, Ховд хэлтсийн дарга Ц.Норовжамц, Алтанбулаг дахь дотоодыг хамгаалах ангийн дарга Д.Цэдэндаш, төвийн хэлтэст тасгийн дарга Ж.Ням /буриад/, хязгаарын хэргийг эрхлэх тусгай төлөөлөгч Л.Дорждэрэм, төлөөлөгч Ц.Нанзаддорж, Ш.Дашдорж, Б.Дорж, Я.Дашдовжил, А.Төмөрбат, Алтанбулаг дахь ангид жинхэнэ төлөөлөгч Л.Дамба /буриад/, орчуулагч Ж.Дашцэрэн /буриад/ нарын 27 ажилтан “Лхүмбийн хэрэг”-ийг хилс ташаа болохыг эсэргүүцэн тэмцээд цаазаар авагдан, Дорнод аймаг дахь ДХ ангийн жинхэнэ төлөөлөгч Ш.Лхагвадаш, төлөөлөгч Г.Жаамаа, Ч.Буяндэлгэр, бичээч эмэгтэй Т.Тогоохүү нар 1933-1934 онд хорих ялаар шийтгэгдсэн байна.

Мөн ДХГ-ын орлогч дарга С.Гиваапил зэрэг хүмүүс нам, төрийн удирдах хүмүүс, орос сургагч нарын хууль бус ажиллагааг эсэргүүцсэнийхээ төлөө ажлаасаа халагдан ЗХУ-д цөлөгдөж, “Лхүмбийн хэрэг”-т ДХГ-ын олон ажилтнууд баривчлагдан шийтгүүлсэн нь үлдсэн хүмүүсийг тушаал, шийдвэр үг дуугүй биелүүлэхэд хүргэв.

Уг хэргийг хууль бус аргаар мөрдөн байцааж, шүүн тасалж буйг эсэргүүцэн ДХГ-ын орлогч дарга байсан Гиваапилээс Намын Төв Хороонд 1935 оны 2 дугаар сарын 25-нд бичсэн өргөдөлдөө: “Ялтныг байцаахдаа зовоох, айлгаж сүрдүүлэх, нойр хоолгүй суулгах зэргийн хэдэн арван зүйлийн арга хэрэглэж байсан ба хэрэв Хэнтийд нэг ялтныг 72 цаг амралтгүй суулган зовоож байсан бол Улаанбаатарт 7 өдөр шөнийн 168 цаг буюу түүнээс дээш хугацаагаар амралтгүй суулган байцааж байсан. Хэрэгтнүүд айн бачимдахдаа амь завсарлахыг бодож худал ташаа зүйлийг мэдүүлдэг байсан. Асуусан бүгдийг ам дагуулан “мөн”, “тийм” гэх мэтээр зөвшөөрч өөрийгөө гүтгэдэг байсан” гэжээ.

Хэрэгтнүүдийг байцааж байсан байцаагч нарын дурдатгалаас үзэхэд: 1932 оны 9 дүгээр сараас эхлэн Архангай аймгийн Дотоодыг хамгаалах ангиас төвд шилжсэн улс төрийн хэлтэст улс төрийн байцаагчаар 1934 оны 1 дүгээр сар хүртэл ажилласан Гонгорын Аюурзана тодорхойлолтдоо: “..Хэрэгтнийг зоддог, касчерт хийдэг, жижүүрлэж удаан цагаар байцаадаг байсан. Хэргийг тулган байцаадаг байснаас хэрэгтнүүд хэргээ хүлээдэг байсан. Ийм аргуудыг хэрэглэж байв. Сургагч нар зоддог байсан. Үүнээс уламжлан орос монголгүй цөм зоддог болсон. Жишээ нь: ДХГ-ын Тусгай хэлтэст орчуулагч байсан Ж.Дашцэрэнг Аюурзана би байцааж хэргийг хүлээлгэж чадаагүй байсан. Гэтэл тусгай хэлтсийн сургагч Григорьев гэгч орж ирээд тархи руу нь шааж, өшиглөж, ам хамраас нь цус гаргаж зодож байсан. Үүнээс ч уламжлан би ч зоддог болсон. Энэ нь сүүл сүүлдээ ширүүсч, хүн бүр хэрэгтнийг байцаахдаа зодох аргад шилжсэн юм.”  гэжээ.

Мөн 1931-1935 онд ДХГ-ын туслах төлөөлөгчөөр ажиллаж байсан Жанчиваас 1961 оны 4 дүгээр сарын 10-нд гаргасан тодорхойлолтдоо: “Лхүмбийн хэрэгт Ононгийн буриадуудаас олон хүн баривчлагдсан. Хэрэгтнийг байцаахдаа удаан цагаар суулгаж жижүүрлэн байцаах гол аргыг хэрэглэж байсан. Хүнийг байцаахдаа тэр хүнд холбогдсон хэргийн материалыг өгч байгаагүй. Зөвхөн “Шодойев Дамдинтай хэдийд ямар харилцаатай яаж ажиллаж байсан бэ” гэдэг асуулт тавих хэрэгтэй гэдэг байсан. Миний санахад ДХГ-ын Дорнодын хэлтсийн дарга Төгсжаргал ДХГ-ын орлогч дарга Аюушийн тасалгаанд олон хоног сууж байцаагдсан шиг санагдаж байна”  гэжээ.                      

1932-1936 онд ДХГ-ын дарга байсан Д.Намсрай хожим ДХГ-ын даргаас халагдаж, Тува улсад элчин сайдаар сууж байх үедээ ЗХУ-ын аюулаас хамгаалах байгууллагын дарга Г.Г.Ягодад 1936 оны 6 дугаар сарын 20-нд бичсэн захидалдаа: “Таны их газрын хүндэт ажилчны үүрэг нэрийг хадгалан таны өмнө хүлээсэн чухал хүнд тусгай үүрэг тангаргаа хэрэг дээр биелүүлж яваад Ж.Лхүмбэ нарын гэмгүй хүмүүсийг санаатайгаар харгис эрүү шүүлтээр хавчиж, хилс хэрэг хүлээлгэсэн”  хэмээснээс харахад Намсрайгаас хойшхи ДЯЯ-ны сайдууд ч ийм “тусгай хүнд үүрэг” хүлээдэг байсан байж болох талтай.

“Лхүмбийн хэрэг”-ийн явцад уг хэрэг үнэн бодитой эсэхэд Ерөнхий сайд А.Амар, Улсын бага хурлын дарга Д.Догсом, Ерөнхий сайдын 1 дүгээр орлогч бөгөөд Бүх Цэргийн жанжин Г.Дэмид нар эргэлзэн эсэргүүцэж, уг хэрэгт ял эдэлж, хилсээр шийтгэгдэн хоригдож байсан хүмүүсийг Ардын хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан өршөөлөөр сулласныг 1936 оны 8 дугаар сарын 1-нд Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаас тогтоол гарган буруушааж, Д.Догсом, А.Амар нарыг зэмлэснээр хууль зүйг сахиулах гэсэн оролдлого эхлэл үедээ таслагджээ.

Мөн “Лхүмбийн хэрэг”-ээр эхлүүлсэн их хэлмэгдүүлэлт шууд үргэлжлэн явагдаагүй нь ард олны санал сэтгэл алдагдаж, эсэргүүцэл хөдөлгөөн гарч болзошгүйд хүрсэн, нөгөө талаар Лхүмбийн хэргийг үргэлжлүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдаагүйтэй холбоотой байжээ. Үүнийг нотлох нэг баримт нь 1934 оны 10 дугаар сарын 5-нд ЗХУ-ын элчин төлөөлөгч Сокольниковоос ДХГ-ын дарга Д.Намсрайд: “Сэжиглэж буй этгээдийг хариуцлагатай ажлаас нь тогтоолоор халж, тэд нарыг барьж байцаах нь одоо үед манайд улс төрийн талаар ашиггүй. Харин хоёр жил өнгөрсний дараа монголын нам, засгийн ерөнхий удирдагч нар японтой нууц гэрээ байгуулсан хэмээхийг нийтлэх аваас зүйтэй байна”  гэснээс харж болох юм. Мөн ДХГ-ын ерөнхий сургагч Чибисовоос Ерөнхий сайд П.Гэндэнд “Том эсэргүү нарын удирдагчид нэг буюу хоёр жилийн хойно гянданд сууж болох буй за”  гэж удаа дараа сануулж байжээ.   

Цаг үеийн шаардлагаар хэлмэгдүүлэлтийг гардан гүйцэтгэсэн УАХБ-ын ажилтнууд гэрчийг үлдээлгүй устгах их гүрний бодлогын золиос болж, зөвхөн гардан гүйцэтгэгчид биш бас алдаатай, буруу үйл ажиллагаа явагдаж байгааг эсэргүүцэж байсныхаа төлөө хэлмэгдсэн байдаг.

Судалгаанаас үзэхэд 1930-1940 онд ДХГ-ын дарга, ДЯЯ-ны сайд нарын 83,3%, орлогч сайд, орлогч дарга нарын 100%, ДЯЯ-ны газрын дарга нарын 75%, хэлтсийн дарга нарын 100%, тасгийн дарга нарын 91,6%, гүйцэтгэх ажилтнуудын 40%, төвийн бүх аппаратын ажилтнуудын 80,3% нь баривчлагдан шийтгэгджээ.

Тухайн үеийн нийгмийн тогтолцооноос хамаарч их гүрний шахалт, дарамт болон өөрийн улсын нам, төрийн удирдлагын тогтоол, шийдвэрийн дор олон мянган иргэдээ хэлмэгдүүлэхэд оролцсон нь УАХБ-ын түүхэнд хар толбо болон үлдсэн юм.  

Буриад олныг хэлмэгдүүлснийг хэлбэр талаас нь үзвэл ДХГ болон хууль хяналтын байгууллагын ажлын алдаа мэт боловч угтаа ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссариатын газраас өөрийн бие төлөөлөгч сургагч, зөвлөх, элчин төлөөлөгчдөө ашиглан тэднээр дамжуулж, МАХН-ын Төв Хороо, Улсын Бага Хурал, Ардын Сайд нарын Зөвлөлд нөлөөлөх замаар нэгд буриадуудад цохилт өгөх, хоёрт БНМАУ-ын нутаг дэвсгэрийг нийтэд нь хамарсан японы тагнуулын байгууллага байгаа, гуравт уг байгууллагыг нам, төрийн эрх баригчдаас удирдаж байсан, дөрөвт японы тагнуулын байгууллагын баруун хязгаарын хэсэг Шинжаантай, Дорнод хэсэг Баргатай, өмнөд буюу төвийн хэсэг Өвөрмонгол дахь эсэргүү нартай холбоотой мэтээр харуулах далд зорилгоо хэрэгжүүлсэн ажиллагаа болжээ. Энэ нь үнэн хэрэгтээ 1937 оноос эхэлсэн “нийтийн дайчилгаа” их хэлмэгдүүлэлтэд нийгмийн сэтгэлзүйг бэлдэх бэлтгэл ажил байв.

Эцэст нь тэмдэглэхэд тухайн үеийн нийгмийн аль сэхээрсэн, боловсорсон угсаа гарал бүхий ноёд, тайж, хутагт, лам, сэхээтэн нарыг сорчлон устгаж, цагаан цаасан дээр юу хүссэнээ бичиж болдгийн тод жишээг бодит байдал дээр харуулахын тулд их гүрний зүгээс явуулсан бодлого, үйл ажиллагаа нь түүхээс суралцах, хэзээ ч үл давтаж болох гашуун сургамж юм.

* НКВД /Дотоод хэргийн Ардын Комиссариатын газар/
1 ТЕГ. Тусгай архив. Сан 1, хн 531 , тал 19-20
2 С.Баттогтох “Нууц хуйвалдаанаас нугалаа завхралд” Улиастай хот. 2010 он. Тал 150
3 Д.Өлзийбаатар “Яагаад 1937 он?..” УБ.2004 он, тал 57
* “Буриадын хурал” нь Зөвлөлтөөс дүрвэн нүүж ирсэн буриад нарын нэр тоог бүртгэн байцааж, монголын харъяат болгоход бэлтгэх зорилгоор 1922 онд байгуулагдсан.  
4 “Улс төрийн хэлмэгдэгсдийн намтрын товчоон” УБ.2008 он, тал 257
5 ТЕГ.Тусгай архив. сан 4, хн ц-7652, тал 150-151
6 А.Алтанхуяг, Я.Батсуурь “Аюулгүй байдлын манаанд-80 жил” УБ. 2002 он, тал 34
7 А.Алтанхуяг, Я.Батсуурь “Аюулгүй байдлын манаанд-80 жил” УБ. 2002 он, тал 39
8 ТЕГ.Тусгай архив. сан 4, хн ц-7652, тал 153
9 ТЕГ.Тусгай архив. сан 4, хн ц-7652, тал 158
10 С.Баттогтох “Нууц хуйвалдаанаас нугалаа завхралд” Улиастай хот. 2010 он, тал 140
11 ТЕГ. Тусгай архив. Сан 1, хн 531 , тал 12
12 ТЕГ: Тусгай архив. Сан 1, хн 531 , тал 12


"Үндэсний шуудан" сонин 2013.08.23 №191 (1830)
ТЕГ-ын Тусгай архивын судлаач
Б.Эрдэнэбилэг